Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 216/МА2019/00012

 

   Б.П нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 157/ШШ2019/00095 дугаар шийдвэртэй, Б.П нэхэмжлэлтэй “М” ТӨҮГ-ын харъяа У б “Б-Ө” үйлдвэрт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 6.736.448 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.П, түүний өмгөөлөгч Л.Н-Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.П нь тус үйлдвэрт 1994 оноос Илчит тэрэгний машинчаар ажиллаж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/549 тоот захирлын тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан бөгөөд дээрх тушаалыг эс зөвшөөрч дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасны дагуу ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцалдаг байх бөгөөд миний бие нь урьд нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж ямар нэгэн тушаалаар сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй болно.

Мөн ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан байх ёстой бөгөөд дээрх гаргасан гэх зөрчил нь надтай 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан BU-13-ХГ-21 тоот хөдөлмөрийн гэрээнд тухайлан тусгагдаагүй болно. 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/549 тоот захирлын тушаалын үндэслэх хэсэгт дурдсан 2 дахь заалтад Хөдөлмөрийн гэрээний 10.1.в.1 дэх заалтыг үндэслэсэн байх бөгөөд мөн дээрх заалт хөдөлмөрийн гэрээнд огт байхгүй байна. Харин Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10-р бүлгийн 10.4 дэх заалтад дурдсан хэсэг нь миний ажил үүргийн хуваарьт байхгүй ба тус заалт Б-Ө УБҮ-н Төмөр замын цехийн зүтгүүрийн машинч, туслах машинчийн аюулгүй ажиллагааны зааврын 4-р зүйлийн 1-т заасны дагуу туслах машинчийн дохиогоор хөдөлсөн болно.

Иймд миний гаргасан нэхэмжлэлийг хангаж ажилд минь эгүүлэн тогтоож өгнө үү. Анх нэхэмжлэл гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

Иймд 2019.04.01-ний өдрөөс 2019.06.10-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 5.473.364 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ажилгүй байсан хугацаагаа өнөөдрийг хүртэл буюу 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар тооцож нийт 6.736.448 төгрөгийн цалинг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.П нэхэмжлэлдээ хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн, техникийн ноцтой зөрчилд өөрийгөө буруугүй гэж үзээд байна. Түүний буруутай үйлдэл нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, хөдөлмөр хамгааллын инженерийн мэдүүлэг, цехийн даргын мэдүүлэг, мөн хөдөлгөөний бүрэлдэхүүнд ажиллаж, хөдөлгөөний удирдах чиг үүргийг хууль дүрмээр хүлээлцсэн цехийн мастерын мэдүүлэг зэргээр нотлогддог. Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журамд түшиглэсэн, Б-Ө үйлдвэрийн төмөр замын цехэд ажиллах сэлгээний ажилтны журам, өгөгдсөн заавар зэргийг авч үзвэл тухайн ажил үүргийг бүрэлдэхүүнээр гүйцэтгэнэ гэж зохицуулсан байдаг. Ажил олгогчийн зүгээс галт тэрэг замаас гарсан ноцтой зөрчилд нэхэмжлэгч Б.П дараах үндэслэлээр буруутгадаг.

Үүнд хөдөлгөөний удирдагч болсон найруулагч ажлын байрыг орхин явсан нөхцөлийг дүрэм, журам, аюулгүй ажиллагааны зааварчилгаагаар өгсөн үүрэг чиглэлийн дагуу цехийн мастерт албан ёсоор мэдэгдэж, хөдөлгөөнийг үргэлжлүүлэх ёстой. Энэ үүргийг хэрэгжүүлээгүй. Ажлын байраа орхиж явсан О хөдөлмөрийн зөрчлийг нуун дарагдуулсан. Өгөгдсөн дүрэм журмаар аваад үзэхээр Монголын төмөр замын өртөөнөөс илчит тэргийг гаргаад Б-Ө сэлгээний замд тэргийг оруулснаар дараагийн ажлыг эхлүүлэх аюултай нөхцөл байдал үүсчихсэн байсан. Энэ нөхцөл байдлын талаар холбогдох цехийн дарга буюу мастерт албан ёсоор мэдэгдээд туслах машинист, сэлгээний найруулагчийн үүргийг гүйцэтгэх зааварчилгааг шинэчлэн аваад, зааварчлагч уг үүргийг авсны дараа үүргийг гүйцэтгэх зохицуулалтыг хэрэгжүүлж ажиллах ёстой. Гэтэл уг ажиллагааг огт мэдэгдээгүй.

Нэхэмжлэгч Б.П нь дур мэдэн шийдвэр гаргаж, хөдөлгөөнийг цааш үргэлжлүүлснээс болж тухайн осол гарсан. Мөн хяналт тавих үүрэг нь машинистад байдаг. Уг үүргийг галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.34 дүгээр зүйлд заасан байдаг. Энэ журмыг зөрчин ажилласан. Машинист найруулагчийн хөдөлгөөнөөр ажиллах боловч найруулагчаас өгч байгаа дохиог бүрэн байна уу эсэхийг давхар хянаж, зөв ойлгосон эсэхээ дуут дохиогоор хариу өгнө гэж зохицуулсан байдаг. Төмөр замын өөрийнх нь галт тэрэгний хөдөлгөөний онцлог гэдэг бол байнга давтсан, нарийвчилсан, урд өмнө өгөгдсөн тохируулгаар явагдаж байдаг өвөрмөц тээврийн хэрэгсэл гэдгийг шүүх анхаарч үзэх ёстой. Мөн суман шилжүүлэг хийсэн нөхцөлд цоожлогчийг хийсэн эсэхийг хянана гэсэн журмаар зохицуулсан үүрэг байдаг.

Гэтэл Б.П миний үүрэгт хамаарахгүй. Галт тэргийг хөдөлгөөнд оруулах нь зөвхөн өөрийнх нь үүрэг мэтээр яриад байдаг. Энэ журам, дүрэмтэй зөрчилдөөд байна. Өглөө ажилд гарахдаа авсан зааварчилгаагаа зөрчсөн төдийгүй Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 18.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан ажилтны эрх, үүргийг зөрчсөн гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч Б.П хөдөлгөөний удирдагчгүйгээр найруулагч ажлаа орхин явсан тохиолдолд төв зам чөлөөлөөд уг газарт зогсож байх ёстой үүрэгтэй хүн. Уг үүргээ хэрэгжүүлээгүй. Өөрөө дур мэдэн хөдөлгөөнийг үргэлжлүүлсэн байдаг. Үүнийг эрхээ хэтрүүлэн ажилласан гэж үзэж байгаа.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч уг зөрчлийг ноцтой зөрчил гэж гэрээнд тусгаагүй байна гэж үзээд байна. Нэхэмжлэгч Б.П гэрээг 2013 онд байгуулсан байдаг. Уг гэрээний 3.3-т дараах зөрчил гаргасан тохиолдолд ноцтой зөрчилд тооцож, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан байдаг. Уг ноцтой зөрчилд ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, ажлын байрны тодорхойлолтод заагдсан гүйцэтгэх ёстой ажил үүргээс өөр ажил үүргийг дур мэдэн гүйцэтгэх зэрэг зөрчлийг хамааруулан үздэг. Тухайн нөхцөлд аюултай нөхцөл байдал үүссэн буюу дохио өгч ажиллуулах ёстой хүн нь ажлын байраа орхин явсан тохиолдолд түүнийг мэдэгдэж, дараагийн хүнийг томилуулж, уг гацааг дүрэм журмаар арилгуулж байж, ажил хэвийн явагдах талаар өглөө зааварчилгаа авсан байтал уг үүргийг хэрэгжүүлээгүй. Зааварчилга аваагүй туслахаар найруулагчийн ажлыг гүйцэтгүүлсэн байдаг. Уг ажлыг хийж гүйцэтгэхийн тулд өглөө заавал зааварчилгаа авдаг. Уул уурхай, төмөр замын аюултай нөхцөлөөр ажилладаг салбарууд хөдөлмөрийн аюулгүй байдал, зааварчилгааг хамгийн түрүүнд дагаж мөрдөж ажиллах ёстой байдаг. Аюулгүй ажиллагааны инженер Б.Ч мэдүүлгээр вагон замаас гарах асуудал хөдөлмөрийн ноцтой зөрчилд хамааран гэж мэдүүлдэг. Хөдөлмөрийн гэрээнд ноцтойгоор заасан ажил олгогчид хохирол учруулсан, ажлын байрны тодорхойлолтод заагдсан гүйцэтгэх ёстой ажил үүргээс өөр ажил үүргийг дур мэдэн гүйцэтгэсэн буюу эрх хэтрүүлсэн гэж үзэж байгаа. Мөн хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хохирол учруулсан, үйлдвэрийн хэвийн ажиллагааг алдагдуулсан гэж үзэж байгаа. Вагон замаас гарсан нь үйлдвэрийн хэвийн ажиллагаа алдагдсан гэж үзнэ. Уг ажиллагааг зогсоох, сумыг шилжүүлгэнд оруулах гэж бүтэн 12 цаг замчид зам дээр ажилласан байдаг.

Нэхэмжлэгч Б.П гаргасан ноцтой зөрчлийг уулын баяжуулах үйлдвэрт тусгай зөвшөөрлийг олгосон газарт мэдэгдсэн тохиолдолд уг зөвшөөрөл цуцлагдах аюултай нөхцөл байдлыг бий болох болзошгүй. Нийт 4 сая гаруй төгрөгийн хохирол учирсан байдаг. Уг хохирлыг зөрчил гаргасан баг бүрэлдэхүүн нөхөн төлсөн. Ажлын хөлс, засварын хөлсийг төлөөгүй байдаг.Тиймээс нэхэмжлэгч Б.П гаргасан зөрчил хангалттай нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа. Ажил олгогчийн зүгээс уг ажил бүрэлдэхүүнээр ажилладаг учраас уг бүрэлдэхүүнд ажиллаж байсан ажилтнуудыг бүгдийг нь үүрэгт ажлаас чөлөөлсөн байгаа. Ганц нэхэмжлэгч Б.П уг ажлаас чөлөөлөгдөөгүй. Найруулагч, туслах машинист, машинист зэрэг үүргээр ажиллаж байсан хүмүүсийг ажлаас халсан байдаг гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б овогт Б П  “М” ТӨҮГ-ын харъяа У б “Б-Ө” үйлдвэрийн Төмөр замын цехийн илчит тэрэгний машинчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 6.699.968 төгрөгийг “М” ТӨҮГ-ын х У баяжуулах “Б Ө үйлдвэрээс гаргуулан нэхэмжлэгч Б.П олгож, 36.480 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Б.П ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг “М” ТӨҮГ-ын х У б “Б-Ө үйлдвэрт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар “М” ТӨҮГ-ын х У б “Б-Ө үйлдвэрээс 6.699.968 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 122.149 төгрөгийг гаргуулан төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгохоор тус тус шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э давж заалдах гомдолдоо: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 157/ШШ2019/00095 дугаар шийдвэрийг 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гардан авч, шүүхийн шийдвэр  ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2 –д заасан заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр  дараах гомдлыг гаргаж байна.

1. “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаарх ” УДШүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжийн 3.1-д “Ажилтныг ажилд авсан болон ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх” талаар зөвлөмжилсөн байна.

Б.П байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан “Б-Ө” УБҮ-ийн захирлын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/739 дүгээр тушаал нь хууль зүйн үр дагавар бүхий бусад эрх зүйн актад тавигдах нийтлэг шаардлагын дагуу хуульд үндэслэгдсэн байдаг.Тухайлбал: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил” гаргасан, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан “Ажлаас халах” сахилгын шийтгэл ногдуулах зэргээр Хөдөлмөрийн тухай хуулийг удирдлага болгон шийдвэрлэсэн байдаг.

Мөн “Б-Ө” У б ү, ажилтан Б.П нарын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн BU-13-XГ-21 тоот гэрээний 3.3 дахь заалтад хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох “Ноцтой” зөрчлийг нэрлэн зааж тусгасан нь Хөдөлмөрийн хууль болон хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдож гарсан бусад журам, УДШ-ийн 2006 оны 07дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар зөвлөмжийн үзэл баримтлалд нийцсэн байна.

Ажил олгогчийн зүгээс Б.П BU-13-XГ-21 тоот хөдөлмөрийн гэрээний 3.3-т заасан “Ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан”, “Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан гүйцэтгэх ёстой ажил үүргээс өөр ажил үүргийг дур мэдэн гүйцэтгэсэн” зэрэг хөдөлмөрийн ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн байдаг.

Илчит тэрэг замаас гарсан техникийн ноцтой осолд Б.П нь аюулгүй ажиллагааны заавар, холбогдох дүрэм журмыг зөрчин, сэлгээний ажлыг дур мэдэн гүйцэтгэсэн буруутай болохоо шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн байдаг. /Шүүх хуралдааны бичлэгт байгаа/

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, дээрх хуулиудын хэрэгжилтийг хангах үүднээс УБҮ-ийн хэмжээнд мөрдөгдөж ирсэн аюулгүй ажиллагааны заавар зэргийг үндэслэлгүйгээр зөвхөн “Хөдөлмөрийн гэрээний 10.1в.1 гэх заалт Б.П байгуулсан хөдөлмөрийн гэрээнд байхгүй”, “Ажил олгогчийн тушаал эрх зүйн хувьд алдаатай” гэх мэтчилэн хэлбэрийн дүгнэлт хийж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хуульд үндэслэгдсэн байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

Хоёр. Б.П нар нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг зохицуулсан хууль, дүрэм, тэдгээрт үндэслэсэн аюулгүй ажиллагааны зааврыг зөрчсөнөөс УБҮ-ийн төмөр замын цехийн ТЭМ2-1272 илчит тэргийг замаас гаргасан техникийн ноцтой осол гарган УБҮ-т хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлгүүд, өөрсдийнх нь тайлбараар нотлогдон тогтоогдсон ба ажил олгогчийн зүгээс тухайн ээлжинд гарсан сэлгээний бие бүрэлдэхүүнд бүхэлд нь сахилгын хариуцлага тооцож, тэдгээртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн байдаг.

Үүнээс Б.П нь: 1-рт 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр УБҮ-ийн төмөр замын цехийн ТЭМ2-1272 зүтгүүрээр сэлгээний ажил гүйцэтгэх явцад найруулагч О.О ажлын байраа орхин явж сэлгээний ажлыг цааш нь найруулагчгүйгээр хэрэгжүүлэхэд эрсдэл бүхий нөхцөл байдал үүссэнийг аюулгүй ажиллагааны зааврын дагуу цехийн дарга, ээлжийн мастерт мэдэгдэлгүй нуун дарагдуулж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-т заасан “Ажил үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь сөрөг, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх”, 18.2.8-д заасан “Ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах” үүргээ зөрчсөн, мөн “Б-Ө” УБҮ-ийн Төмөр замын цехийн нийт ажилтан нарын дагаж мөрдөх аюулгүй ажиллагааны зааврын 2-т заасан Ажиллах үеийн аюулгүй ажиллагааны дүрмийн 4-т “Ажиллагааны явцад ...аюултай нөхцөл үүсэх тохиолдолд ажлыг нэн даруй зогсоож цехийн удирдлагад мэдэгдэн саатлыг арилгуулах арга хэмжээ авах” гэснийг тус тус зөрчсөн байдаг.

2-рт Ажилтан ажилд гарахын өмнө гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбогдуулан аюулгүй ажиллагааны зааварчлага зайлшгүй авсан байх шаардлагатай бөгөөд зааварчлага аваагүй ажилтыг ажилд гаргахыг холбогдох хууль, дүрмээр хатуу хориглосон байдаг.

Гэтэл Б.П нь аюулгүй ажиллагааны зааварчлага аваагүй этгээд болох туслах машинч Н.Б сэлгээний найруулагчийн ажлыг гүйцэтгүүлж, сэлгээг цааш нь дур мэдэн, заавар журам зөрчин хэрэгжүүлсэн нь “Б-Ө УБҮ-ийн нийт ажилтнуудын мөрдөх аюулгүй ажиллагааны заавар”-ын 2-р бүлгийн 3 дахь хэсэгт заасан “Ээлжинд ажиллахын өмнө ээлжийн мастер болон хариуцах удирдах ажилтнаас наряд даалгавар болон аюулгүй ажиллагааны зааварчилгааг амаар болон бичгэн хэлбэрээр авч үүрэг даалгаврыг бүрэн ойлгосон тохиолдолд гарын үсэг зурж баталгаажуулна”, “Б-Ө УБҮ-ийн төмөр замын цехийн салбар замуудад хийх сэлгээний ажлын журам”-ын 3-р бүлгийн 3.9-д “... Сэлгээний бригад бүрэн бус бүрэлдэхүүнтэй үед сэлгээний зүтгүүрийг хөдөлгөөнд оруулахыг хориглоно” гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн байдаг. Ажил олгогч Б.П гаргасан дээрх зөрчлийг хөдөлмөрийн гэрээний 3.3-т заасан “Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан гүйцэтгэх ёстой ажил үүргээс өөр ажил үүргийг дур мэдэн гүйцэтгэсэн” хөдөлмөрийн ноцтой зөрчилд хамааруулан авч үзсэн болно.

3-рт Б.П нь “Б-”-ийн УБҮ-ийн төмөр замын цехийн салбар замуудад хийх сэлгээний ажлын журам”-ын 4-р бүлгийн 4.3-т заасан “Хөдлөх бүрэлдэхүүний ачааны байдал, зам сумын байрлалд хяналт тавих”, 5-р бүлгийн 5.3-т заасан “ Найруулагчаас өөрийн аюулгүй ажиллах зааврыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих” зэргээр туслах машинч шугам замд ажиллах үед машинчаас тавих хяналтыг хэрэгжүүлж ажиллаагүй байдаг.

Шүүх Б.П гаргасан сахилгын зөрчил, ажлаас халагдсан үндэслэлийн талаар үнэлээгүй, тэдгээр нь УБҮ-ийн захирлын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/739 дүгээр тушаалд баримталсан хөдөлмөрийн хуулийн зүйл хэсгийн зохицуулалтад нийцэж буй эсэх талаар дүгнэлгүй орхигдуулсан.

Гурав. Зам тээврийн хөгжлийн яамны сайдын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 264 дүгээр тушаалаар Монголын Төмөр замд хэрэгжиж буй нийтлэг 16 багц журмыг нэгтгэн “Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм”-ийг баталсан байдаг ба тушаалын 3 дахь заалтаар “Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам”-ыг баталсан Зам, тээвэр, аялал зуучлалын сайдын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 63 дугаар тушаалыг хүчингүй болгосон байна. Гэтэл шүүх дээрх журмыг Зам, тээврийн хөгжлийн яамны сайдын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 264 дүгээр тушаалаар хүчингүй болсон гэж ташаа дүгнэсэн.

Мөн шүүх хуралдааны явцад эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем “Legalimfo.mn” веб сайтад үзлэг хийсэнтэй холбогдуулж маргааны талуудаас хүсэлт гараагүй, “Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам” хүчингүй болсон гэх асуудлаар талууд тайлбар гаргаж мэтгэлцээгүй байхад шүүх санаачлагаараа “...Хүчингүй болсон журмыг баримтлан гаргасан “М” ТӨҮГ-ын х У б “Б-Ө үйлдвэрийн Төмөр замын цехэд гарсан техникийн ослыг судалсан акт үндэслэл бүхий байх боломжгүй” гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна.    

Иймд ИХШХШТХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 157/ШШ2019/00095 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Б.П нь “М” ТӨҮГ-ын х У б “БӨ” үйлдвэрт холбогдуулан тус үйлдвэрийн захирлын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/549  дугаартай “сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг эс зөвшөөрч урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн  тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан байх боловч хэрэг хянан шийдвэрлэх шатанд нэхэмжлэлийн шаардлагаа  ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6.736.448 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх гэж нэмэгдүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “сахилгын шийтгэл ногдуулах тухай “М” ТӨҮГ-ын хУ б Б Ө үйлдвэрийн захирлын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/549  дугаар тушаал /хх-4/, 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан  № ВU-13-ХГ-21 дугаартай “хөдөлмөрийн гэрээ” /хх-3,16/ зэрэгт үндэслэжээ.

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.П ...илчит тэрэгний машинчийн ажилд эгүүлэн  тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 6.699.968 төгрөгийг ажил олгогч буюу хариуцагчаас  гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, 36.480 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч тал  нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч  давж заалдах гомдол гаргасны дагуу ИХШХШТХуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар  хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүх ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шийдвэр нь ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь  зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Учир нь хэргийн материалаас үзэхэд: Нэхэмжлэгч Б.П нь “М” ТӨҮГ-ын х У б  Б -Ө  үйлдвэрт  1994 оноос илчит тэрэгний машинчаар ажиллаж байсан байх бөгөөд тус үйлдвэрийн захирлын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/549 тоот тушаал/хх-4/-аар  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 10.1.в.1 дэх заалтыг үндэслэн “Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам”-ын 10-р бүлгийн 10.4 ”сэлгээний үед гар сумыг зохих байранд шилжүүлж цүүгээр түгжинэ” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн нь зүтгүүрийн тэргэнцэрийн дугуй замаас гарсан техникийн осолд хүргэж УБҮ-т хохирол учруулсан гэж зүтгүүрийн машинч Б.П байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас чөлөөлсөн байна.

 

Гэтэл хариуцагч буюу ажил олгогч нь  2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр  Б/739 тоот  “Б.П хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал/хх-15/ гаргаж, уг тушаалаар  “2019 оны 03 дугаар сарын 29-ны өдөр зүтгүүрийн дугуй замаас гарсан техникийн ноцтой осол гарган УБҮ-т хохирол учруулсан зүтгүүрийн машинч Б.П байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 04-р сарын 15-ны өдрөөр цуцалж, ажлаас чөлөөлсөн байх ба мөн тушаалын 2 дахь заалтаар өмнөх 2019.04.01-ний өдрийн Б/549 тоот тушаалыг хүчингүйд тооцжээ. 

 

Хэрэгт авагдсан нэхэмжлэлийн шаардлага/хх-1/, шүүх хуралдааны тэмдэглэл/хх-123/-н нотлох баримтыг шинжлэн судласан хэсэг, нэхэмжлэгч талын тайлбар зэргээс үзэхэд  нэхэмжлэгч тал нь ажил олгогч буюу хариуцагч байгууллагын удирдлагын  2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/549 тоот тушаалд  гомдол гаргасан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Б/549 тоот тушаалыг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгож, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсаргаж  өгсөн байх боловч  энэ нь эх хувиар бус хуулбарсан, нотариатчаар гэрчлүүлээгүй байдлаар хэрэгт авагдсан байна.  

 

Анхан шатны шүүх нь  нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагынхаа  үндэслэл болгон гаргаж өгсөн Б/549 тоот тушаал нь хуульд заасан журмын дагуу авагдсан эсэх, улмаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дээр дурдсан хоёр тушаалын алинд нь үндэслэж байгаа зэргийн талаар тодруулалгүй хариуцагч талаас тайлбартаа хавсаргаж өгсөн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/739 тоот тушаал/хх-15/-д дүгнэлт хийж  хэргийг шийдвэрлэжээ.

 

Энэ нь ИХШХШТХуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “ бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй” гэсэн хуульд заасан журмыг баримтлаагүй зөрчсөн гэж  үзэх үндэслэл болно.

 

Түүнчлэн ИХШХШТХуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж, 

 

Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ” гэж тус тус заасан.

 

Үүнээс үзэхэд хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж буй өөрийн шаардлага, татгалзлаа үндэслэж байгаа аливаа бичгийн баримт нь хуульд заасан арга хэрэгслээр авагдсан эсэх, хуульд заасан шаардлагыг хангасан  эсэхийг шүүх анхаарч байх нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэхэд ач холбогдолтой юм.

 

Мөн нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж ИХШХШТХуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт хуульчлан зохицуулсан зэргийг анхаарч үзээгүй нь буруу байна.

 

           Анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн  үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй байна.

 

         Мөн хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

ИХШХШТХуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь  Сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн 157/ШШ2019/00095 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа  хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ТЭГШСУУРЬ

 

                                           ШҮҮГЧИД                            О.ОДНЯМАА

 

                                           Х.БАЙГАЛМАА