Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2023/0641

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.*******,

Хариуцагч: ******* Засаг дарга,

Гуравдагч этгээд: Б.Б*******,

Маргааны төрөл: ******* Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамж хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч С.*******аас ******* Засаг даргад холбогдуулан “иргэн С.*******ы гэр бүлийн зориулалтаар газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, холбогдох арга хэмжээ авахыг даалгахтухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 07 дугаар сарын 21-ны өдөр “******* Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмшич иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” ******* дугаар захирамжийн Б.Б*******д холбогдох хэсэг., Б.Б*******н газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

3.Нэхэмжлэгчээс 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр, мөн оны 11 дүгээр сарын 16-ны өдөр  “...Сүхбаатар  дүүргийн 20 дугаар хороо Хадатын 5-р гудамжны 18 тоотод байршилтай 475 м.кв газрыг гэр бүлийн зориулалтаар эзэмших хүсэлт..."-ийг ******* Засаг даргад гаргасан.

4.******* газар зохион байгуулалтын албаны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17/1284 дүгээр албан бичгээр  “...хүсэлтэд дурдсан байршил нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг (Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.)-т заасныг зөрчиж байгаа бөгөөд дүүргийн Засаг даргын захирамжаар иргэнд эзэмшүүлсэн газартай давхцаж байх тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй...” гэх хариуг нэхэмжлэгчид өгчээ.

5.******* Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжаар ******* 18 дугаар хороо, Бэлх гудамжинд зуслангийн зориулалтаар 700 м.кв газрыг иргэн Б.Б*******д эзэмшүүлжээ.

6.Нэхэмжлэгч С.*******ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/******* Засаг даргын 2009 оны ******* дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2., 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг үндэслэж гарсан. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах харилцааг., 38 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх харилцааг тус тус зохицуулдаг. Бодит байдал дээр иргэн Б.Б******* нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулаагүй, хэн нэгнээс газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлж аваагүй. Өөрөөр хэлбэл Б.Б*******н газар эзэмших эрх олж авсан гэх хуулийг үндэслэл, бодит байдал хоёр зөрүүтэй байгаа болно.

2/Маргаж буй газар эзэмших эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ хээрийн судалгаа хийгээгүй. Өөрөөр хэлбэл Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг ноцтой зөрчсөн. Энэхүү журмын

Долоо. Хээрийн судалгаа хийх

7.1 Эрх бүхий байгууллага энэхүү журмын 5.1.2.2, 5.1.3.1-5.1.3.4-т заасан хүсэлтийг суурин судалгаагаар шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хээрийн судалгааг хийж гүйцэтгэнэ.

7.2 Хээрийн судалгаагаар дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ. Үүнд:

7.2.1. Нэгж талбарын эргэлтийн цэгийн солбилцлын утгыг тогтоож, тухайн газрыг шийдвэрийн дагуу эзэмшиж, ашиглаж байгаа эсэхийг тодорхойлох;

7.2.2. Хүсэлтэд дурдсан газрын хил заагийг урьдчилсан байдлаар тогтоох;

7.2.3. Бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгосон газартай давхцаж буй эсэхийг нягталж үзэх;

7.2.4. Инженерийн шугам сүлжээ, үер, усны ам, далан, ундны усны эрүүл ахуй, ариун цэврийн хамгаалалтын болон хязгаарлалтын бүстэй давхцаж буй эсэхийг нягталж үзэх;

7.2.5. Хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тодорхойлох;

7.2.6. Эзэмших, ашиглах эрхийн хязгаарлалт /сервитут/ тогтоох болон хууль, тогтоомжид заасан бусад үндэслэлээр шаардлагатай тохиолдолд хөршүүдтэй энэхүү журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан загварын дагуу тэмдэглэл үйлдэх;

7.3. Хээрийн судалгаагаар хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй нь тогтоогдсон бол “Хариу өгөх мэдэгдэл”-ийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад цахим системээр илгээн, хүсэлтийн бүртгэлийг хаана. гэсэн байдаг.

Иргэн Б.Б******* нь 2009 оноос 2022 оны 10 дугаар сар хүртэл С.*******ы эзэмшиж ашиглаж байгаа газартай холбоотой маргаан гомдол гаргаж байгаагүй, газраа хашаалаагүй, нэг ч өдөр газраа эзэмшиж ашиглаж байгаагүй зэрэг нь тухайн үед хээрийн судалгаа хийгээгүй болохыг нотолдог.

3/“Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын

Арван дөрөв. Гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх

14.1.Эрх бүхий байгууллага гэрээний үүргийн биелэлтийг жил бүр дүгнэнэ.

14.2.Энэхүү журмын 5.1.2, 5.1.3.1-5.1.3.9-д заасан хүсэлт гаргасан тохиолдолд шийдвэрийн төсөл боловсруулах үйл ажиллагааны өмнө гэрээг дүгнэсэн байна.

14.3.Гэрээний үүргийн биелэлтийг дүгнэхэд дараах байдлаар нягталж шалгана. Үүнд:

14.3.1. Эргэлтийн цэг тэмдэгтээр баталгаажуулсан талбайгаар хашаа барьсан эсэхийг тогтоох;           

14.3.2. Газрыг гэрээнд заасан газар ашиглалтын зориулалтын дагуу эзэмшиж/ашиглаж буй эсэх;

14.3.3. Газрын төлбөрөө төлсөн эсэх;

14.3.4. Нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг чөлөөтэй байлгаж буй эсэх;

14.3.5. Бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй эсэх;

14.3.6. Өөрийн эзэмшлийн газар 10 хувь болон орчны 50 хүртэлх метр нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг хамгаалж, тохижилт хийсэн эсэх;

14.4. Энэхүү журмын 14.3.1-т заасан гэрээний үүргийн биелэлтийг дүгнэхэд үйлдвэр болон уурхайн зориулалтаар олгогдсон газарт мэргэжлийн байгууллагаар хэмжилт, зураглал, тодруулалтын ажлыг хийж гүйцэтгүүлсэн байна.

14.5. Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал, Чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба энэхүү журмын гуравдугаар хавсралтаар батлагдсан "Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсэн акт"-ын дагуу дүгнэнэ.

14.6 Гэрээний үүргийн биелэлтээр хоёр удаа “Биелүүлээгүй” гэж дүгнэгдсэн тохиолдолд эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу хийж гүйцэтгэнэ. гэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл иргэн Б.Б******* нь газраа эргэлтийн цэг тэмдэгтээр баталгаажуулаагүй, хашаа бариагүй, 2009 оноос өнөөдрийг хүртэл газраа гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшээгүй ашиглаагүй. Энэ нь газар эзэмших эрх олгосон захирамж, гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болно гэж үзэж байна.

4/Иргэн Б.Б******* нь ******* газрын албатай Иргэний хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй.

5/Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т: эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан байдаг. Иргэн Б.Б******* нь 2009 оноос өнөөдрийг хүртэл гэрээний нөхцөлийн дагуу газрыг эзэмшиж ашиглаагүй, энэ нь түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болно.

6/Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д: хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан байдаг.

Дээрх бүгдээс нэгтгэн үзэхэд “******* Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” ******* дугаар захирамжийн Б.Б*******д холбогдох хэсэг, Б.Б*******н газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Нэхэмжлэлийн шаардлагын тухайд ******* Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмшигч иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” ******* тоот захирамжийн Б.Б*******д холбогдох хэсэг, Б.Б*******н газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох.

С.******* нь гэр бүлийн хамт 2011 оноос хойш маргаж буй газар дээр амьдарсан. 2014 онд 10:6 харьцаатай байшин бариад, өвөл зунгүй өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Гуравдагч этгээдийн зүгээс ямар нэгэн байдлаар газартай холбоотой маргаж байгаагүй. Нийслэлийн Газрын албанаас ч гэсэн ямар нэгэн албан бичиг, мэдэгдэл ирүүлээгүй. 2022 оны 11 сараас Б.Б*******н хүүхэд нь гэнэт гарч ирээд манай өөрийн газар учраас нүүгээрэй гэх зүйлийг ярьж, хэлсэн байдаг. С.*******ы амьдарч байгаа хаяг нь ******* 20 дугаар хороо Арцатын 5 дугаар гудамжны 18 тоот. С.*******ы зүгээс тухайн газраа эзэмшихээр ******* Засаг даргад хүсэлт өгсөн. Зөвшөөрөгдөх боломжгүй гэсэн. Үүний дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны дагуу Засаг даргад хандсан. Нийслэлийн Засаг дарга боломжгүй гээд шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Б.Б******* хууль бусаар эзэмшиж байгаа гэсэн агуулга бүхий баримтууд гарч ирсэн учраас Б.Б*******д газар эзэмших эрх олгосон Засаг даргын захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар хэд хэдэн үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. ******* Засаг даргын 2009 оны ******* дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг үндэслэж гарсан байдаг. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйл нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах харилцааг зохицуулдаг. 38 дугаар зүйл нь газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх харилцааг тус тус зохицуулдаг. Бодит байдал дээр иргэн Б.Б*******н газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулаагүй, хэн нэгнээс газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж аваагүй. Б.Б*******н газар эзэмших эрх олж авсан гээд байгаа хуулийн зүйл заалт, бодит байдал хоёр зөрүүтэй байна гэж харж байна.

Газар эзэмших эрхийн асуудлыг шийдвэрлэхдээ хээрийн судалгаа хийдэг. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох” тухай журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Энэ журмын 7 дугаар зүйлд  хээрийн судалгаа хийх асуудал яригддаг. Тухайн үед ямар нэгэн хашаа байхгүй, тэмдэг тэмдэглэгээ байхгүй байхад хээрийн судалгаа хийгээд, хээрийн судалгаа хийхдээ эхний байдлаар газар дээр тэмдэг тэмдэглэгээ хийгээд, газрын зааж өгөөд хашаа хороо байвал түүнийг судлаад энэ асуудлыг шийдэх ёстой байсан.  Гэтэл Б.Б******* 2009 оноос 2020 оны 10 дугаар сар хүртэл С.*******ы эзэмшиж ашиглаж байгаа газартай холбоотой нэг ч маргаан гаргаж байгаагүй. Өөрөө газраа хашаалаагүй, нэг ч өдөр тухайн газраа эзэмшиж байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа юм.

Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журамд гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх гэж заасан. Тухайн газрыг иргэн зориулалтын дагуу ашиглаж байна уу, эзэмшиж байна уу, бусдын газар эзэмших эрхийг зөрчиж байна уу, үгүй юу, газар эзэмшихтэй холбоотой ямар нэгэн зүйл тулгарах, өөр бусдад ноцтой хохирол учруулах зүйл хийж байна уу гэдгийг журмаар зохицуулаад жил бүр дүгнэдэг ийм асуудал байх ёстой. Б.Б******* нь газрын эргэлтийн цэгээр баталгаажуулаагүй, хашаа бариагүй, 2009 оноос өнөөдрийг хүртэл газраа гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй нь газар эзэмших эрхийн гэрчилгээ болон захирамжийг хүчингүй болгох үндэслэл гэж үзэж байна.

******* Газрын албатай Б.Б******* нь иргэн хуулийн этгээдтэй газар эзэмших гэрээ байгуулсан эсэх нь эргэлзээтэй. Газрын хувийн хэрэгт нь гэрчилгээ байдаггүй. Гэтэл гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж өгсөн гэрээ дээр гэрээний нэг хувийг хувийн хэрэгт хавсаргалаа гэсэн үг өгүүлбэр байна. Гэтэл хувийн хэрэгт нь гэрээ байхгүй асуудал байгаа юм. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;” энэ тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Иргэн Б.Б******* нь тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй, түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болно. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Үүнийг ч Б.Б******* зөрчсөн учраас газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах үндэслэл болно гэж үзэж байгаа юм. ******* Газрын албаны даргын үүргийг орлон гүйцэтгэгч Э.З******* нь шүүхэд нотлох баримт гаргаж өгсөн. 2009 оны 12 сарын захирамжаар Б.Б*******д олгосон газраас өөр газар н.Б*******д байхгүй байна гэсэн агуулга бүхий тодорхойлолт гаргаж өгсөн. Үүний эсрэг баримтууд байсан учраас шүүхээс тодорхой нотлох баримтуудыг шаардсан. Б.Б******* нь Гоодойн аманд 2008 онд дүүргийн Засаг даргын захирамжаар 793 м.кв газартай болох нь тогтоогдсон. Хуурамч нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж Э.З******* нь шүүхэд гаргаж өгсөн гэж үзэж байна. Э.З******* гэдэг хүнтэй холбоотой асуудлыг ******* Цагдаагийн 1-р хэлтэст өргөдөл гаргасан. Энэ тусдаа шийдэгдэх асуудал байх. Иймд нэхэмжлэлээ дэмжиж байна” гэв.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Дүүргийн Засаг даргын 2008 оны захирамж нь шинээр газар эзэмших эрх олгох захирамж байгаа юм. Газар эзэмших эрх олгох захирамж нь заавал эргэлтийн цэг тогтоож, хашаа барьсан хойно шинэ эрх олгож байгаа учраас юм. Агентлагийн гаргасан даргын тушаалаар хээрийн судалгааг хийх ёстой гэж үзээд байна. Хээрийн судалгааг заавал хийх шаардлагагүй, хээрийн судалгааг ямар нэгэн байдлаар эргэлтийн цэг давхцахгүй, орц гарц зураг дээр чөлөөтэй, инженерийн шугам, сүлжээ дэд бүтэц байхгүй бол  заавал очиж хээрийн судалгаа хийх шаардлагагүй. Хээрийн судалгааг ажлын ачааллын улмаас хүн болгон дээр очиж хийгээд байдаггүй. Боломжтой учраас суурин судалгааг хийж олгосон гэж үзэж байна. 2008 онд олгоход газар хоосон байсан уу, байсан. 2008 онд газар олгоод хүн эзэмшээгүй байхад нь С.******* гэдэг хүн хүний олгосон газар дээр зохих шатны зөвшөөрөлгүйгээр байшин барьсан байгаа юм. Манайд тухайн газар байшин барихаас өмнө өргөдөл, хүсэлтээ өгөөд давхцалтай байна уу гэдгийг шалгуулж байж, байшин барих ёстой байсан. Гэтэл өөрсдөө очиж байшин бариад, барьснаасаа хойш манайд 2022 онд анх газар эзэмших хүсэлт тавьсан. Үүний дагуу 2022 онд мэдээллийн сангаас шүүгээд н.Б*******н эзэмшил газартай давхцалтай байсан учраас давхцуулж олгох боломжгүй гэх хариуг 2 удаа өгсөн. Нийслэлийн Засаг даргад гаргасан өргөдөл, дүүргийн Засаг даргад гаргасан өргөдөлд тус тус албан бичгээр боломжгүй гэсэн хариу өгсөн. Хувийн хэрэгт төлбөрийн гэрээг хавсрагдаагүй тухайд гэрээг гурван хувь үйлддэг. Нэг хувь иргэн, нэг нь архив, нэг нь төлбөрийн мэргэжилтэнд хадгалагдана. Төлбөрийн мэргэжилтэн нь жил бүр иргэдээс газрын төлбөр хураамжийг авах ёстой. Гэхдээ энэ хүний хувийн хэрэгт гэрээ хадгалагдаагүй байсан. Тухайн үеийн архиваас болоод гэрээг олоогүй. Гэхдээ энэ хуурамч гэрээ биш, манайхаас гарсан тамга тэмдэгтэй. Тухайн үед захирамж гараад гэрээгээ авахгүй хэдэн сар, жилээр уддаг. Иргэн ирээд хүсэлтээ гаргасан он сараар газрын гэрчилгээг үйлдэж хэвлэж өгдөг. Гоодойн аманд газар эзэмшиж байгаа гэж хуурамч мэдээлэл өгсөн гэж хэлж байна. Гоодойн аманд  н.Б******* нь 2015 онд өөр иргэнд шилжүүлсэн байсан. Манай бүртгэл мэдээллийн системд н.Б*******н нэг л газар гарч ирж байгаа юм. Шилжүүлэхээр урьд эзэмшиж байсан иргэний мэдээлэл мэдээллийн сангаас устаад дараагийн эзэмшигчийн мэдээлэл бүртгэгддэг учраас мэдээллийн сангаас шүүгээд 1 хүний нэр дээр байгаа гэсэн хариу тайлбар өгсөн байх гэж үзэж байна” гэв.

8.Гуравдагч этгээд итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай холбогдуулан гаргасан  тайлбартаа:

1/Нэхэмжлэгч С.******* нь ******* Засаг даргын иргэн С.*******ы гэр бүлийн зориулалтаар газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, холбогдох арга хэмжээг авахыг даалгах шаардлага гаргасан байх боловч хэрэгт авагдсан ******* Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17/1284 дугаартай албан бичиг, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 17/1483 дугаартай албан бичгүүдээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар хариуг хүргүүлсэн байна.

Хариуцагч ******* Засаг дарга нь нэхэмжлэгч С.*******ы гаргасан хүсэлтийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10-т заасны дагуу харьяалах чиг үүргийнх нь дагуу дүүргийн Газар зохион байгуулалтын албанд шилжүүлж, улмаар ******* Газар зохион байгуулалтын алба нь хүсэлтийн хариуг хууль тогтоомжид заасан хугацаанд хүргүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

2/Иргэн Б.Б******* нь ******* Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийдвэр, 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0290397 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлх зусланд байрлалтай, 14******* нэгж талбарын дугаартай /18*******-хуучин нэгж талбарын дугаар/, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг эзэмшдэг.

 Б.Б******* нь 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дугаар зүйлээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсээр ирсэн. Гэтэл нэхэмжлэгч С.******* нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дүгээр зүйл, мөн тус хуулийн 27.4 дүгээр зүйлд заасныг тус тус зөрчиж, Б.Б*******н эзэмшдэг газарт зөшөөрөлгүй байшин барьж, хашаалан Б.Б*******н газар эзэмших, ашиглах эрхийг ноцтой зөрчөөд байна.

3/Гуравдагч этгээд Б.Б******* нь хууль тогтоомжид заасны дагуу Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн болно. Б.Б******* нь эзэмшлийн газраа хашаалсан байсан боловч тус хашааг буулгаж, нэхэмжлэгч С.******* нь тухайн газар дээр хашаа, байшин барьсан байсан бөгөөд нэхэмжлэгчийн энэхүү хууль бус үйл ажиллагаанаас үүдэн Б.Б******* нь газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах боломжгүй болсон байдаг.

4/Мөн ******* Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай ******* тоот захирамж, Газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байгаа төдийгүй нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хугацааг хэтрүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.*******аас ******* Засаг даргад холбогдуулан “иргэн С.*******ы гэр бүлийн зориулалтаар газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, холбогдох арга хэмжээ авахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******* Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжийн Б.Б*******д холбогдох хэсгийг, түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” гэж өөрчилжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” 32.2-д “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана”, 32.2.1-д “овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний бүртгэлийн дугаар” 32.2.2-д эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг” гэж заасан.

1.Анх иргэн Б.Б*******гаас ******* 18 дугаар хороо, Бэлх зусланд 700 м.кв газрыг эзэмших хүсэлтийг ******* Газрын албанд /хуучнаар/ гаргажээ.

 Улмаар маргаан бүхий газрыг ******* Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар захирамжаар тус дүүргийн Бэлх зусланд 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн байна.

2.Харин нэхэмжлэгч нь маргаан бүхий газар дээр 2012 оноос эхлэн амьдарч байгаа гэх боловч тухайн газрыг эзэмшихээр 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр, мөн оны 11 дүгээр сарын 16-ны өдөр  “...Сүхбаатар  дүүргийн 20 дугаар хороо Хадатын 5 дугаар гудамжны 18 тоотод байршилтай 475 м.кв газрыг гэр бүлийн зориулалтаар эзэмших хүсэлт..."-ийг ******* Засаг даргад гаргажээ.

3.******* газар зохион байгуулалтын албаны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17/1284 дүгээр албан бичгээр  “...хүсэлтэд дурдсан байршил нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг (Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.)-т заасныг зөрчиж байгаа бөгөөд дүүргийн Засаг даргын захирамжаар иргэнд эзэмшүүлсэн газартай давхцаж байх тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй...” гэх хариуг нэхэмжлэгчид өгсөн байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж тус тус хуульчилсан.

          4.Нэхэмжлэгч нь маргаан бүхий газар дээр байшин барин амьдарч байгаа нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон бөгөөд тухайн газар дээр нэхэмжлэгч амьдарч байгаатай хэргийн оролцогчдоос маргаагүй.

          5.Хэдийгээр нэхэмжлэгч нь маргаан бүхий газар дээр амьдарч байгаа хэдий ч тухайн газрыг Газрын тухайд хуульд заасан үндэслэл журмын дагуу эзэмшээгүй байх тул уг газрыг эзэмших эрх хуульд заасны дагуу үүсээгүй гэж үзэхээр байна.

6.Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3-д газар эзэмших, ашиглах талаар хүсэлт гаргах, газар эзэмших, ашиглах эрх үүсэх харилцааг нарийвчлан зохицуулсан бөгөөд  нэхэмжлэгч нь дээрх хуульд заасан үндэслэлээр газрыг эзэмшиж, ашиглаагүй  байх тул  түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй.

7.Түүнчлэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл, 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1/842 дугаар албан бичигт “...Газрын кадастрын мэдээллийн сангийн 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн архивын мэдээлэлд нэгж талбарын 1864324336244 дугаар бүхий 700 м.кв газар нь Б.Б*******н нэр дээр анх бүртгэгдсэн бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт ороогүй байна...” гэжээ.

8.Дээрхээс дүгнэвэл гуравдагч этгээд нь анх хүн амьдарч эхлээгүй буюу зэлүүд газарт газар эзэмших хүсэлтийг гаргаж, маргаан бүхий захиргааны актаар түүнд газар эзэмшүүлсэн нь хуульд нийцжээ.

9.Хэдийгээр ******* Засаг даргын ******* дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4 дэх заалтууд үндэслэн гаргасан, уг захирамжийн хуулийн зүйл заалт зөрүүтэй, мөн гуравдагч этгээд нь Газрын тухай хуульд зааснаар газрын төлбөрийг хугацаанд төлөөгүй /2015 он хүртэл/, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байгаа хэдий ч энэ үндэслэлээр гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

10.Учир нь тус шүүх өөрийн санаачилгаар аливаа иргэн хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг цуцлах эрхгүй бөгөөд гагцхүү эрх бүхий этгээдээс гаргасан захиргааны акт хуульд нийцсэн эсэхийг хянах үүрэгтэй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.    

ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх  хэсэгт заасныг тус тус баримтлан С.*******аас, ******* Засаг дарга холбогдуулан гаргасан “******* Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжийн Б.Б*******д холбогдох хэсэг, Б.Б*******н газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.           

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ