Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 0006

 

Д.Б-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Ё.Бямбацэрэн, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Э Шүүгдэгч Д.Б /цахимаар/ Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А /цахимаар/ Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж Хохирогчийн өмгөөлөгч Р.Ц Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 244 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж-н гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.Б-т холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

А овогт Д-н Б, 

Д.Б нь  аймгийн сумын  багийн нутаг дэвсгэрт байрлах    дугаартай хэрэглээний цэвэр усны худгийн урд буюу замын зэргэлдээх нутаг дэвсгэрт 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр    улсын дугаартай Сангёонг муссо загварын тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөний улмаас Б.О-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: Д.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дүгээр зүйлийн 1,36.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дугаар зүйлд зааснаар хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 8.665.614 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч 13.901.222 төгрөгийн хэсэг болон цаашид гарах эмчилгээ сувилгааны зайлшгүй зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, улаан өнгийн хуванцар мэт зүйлсийг устгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн   улсын дугаартай “Ssangyong” загварын тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж давж заалдах гомдолдоо: ... Шүүх хурал болсноос хойш 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын Гэмтэлд 7 хоног хэвтсэн, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дахиж хагалуулаад маш их идээ гарсан тул дахин эмнэлэгт хэвт гэсэн. Өдөр болгон эмнэлгээр явж байгаа. Цаашид ч удаан хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Сэргээн засагдахгүй. Өдөрт 2 удаа өвчин намдаах хэрэглэж шарх их гарч байгаа болохоор шарх цэвэрлэх хэрэгсэл их орж байгаа. Хөл мэдээгүй чигээрээ, эмч нь дархлааг нь дэмжээд хэвтрийн хүнд ойр ойрхон чанартай хоол хийж өгөх, уураг алдсан, дархлаа нь байхгүй, цус их алдсан эмнэлэгт сахиурт хоол байхгүй, Корона гээд хүнд нөхцөлд байсан улмаас 13.901.222 нэхэмжилж байна. Шүүх хуралд ирэхдээ манай нөхрийг дайрсан машинаа унаж ирсэн. Шүүх хурал дээр бэлэн мөнгө тоолж өгсөн. Шүүх хурал дээр гэмших шинжгүй цаасан дээр бичсэн юм уншаад гэмшиж байна гэсэн. Б нь огт утсаа авдаггүй. Утсаа сольсон. Б нь тусдаа амьдарч байсан эхнэртээ ус авч өгөх гэж байсан. Ач хүү 15 настай 3-уулаа явж байсан. Гэрч Ч.Э гэдэг залуу танай нөхрийг дайрсан хүн зугтах гээд байсан гэж хэлсэн. Намайг очиход хагарсан гэрлээ нуучихсан байсан. Эхнэр А нь худал мэдүүлэг өгсөн. Б нь бэлэн мөнгө эм тариа 6.036.195 төгрөг өгсөн гэж зарим нь худал баримт байсан. Эмнэлэгт хэвтсэн зарим карт, истори нь ирээгүй байсан. Сэтгэл санааны хохирол эрүүл мэндээр хохирч байна. Энэ хүн Өршөөлөөр гарсанд 3 эсэргүүцэж байна. Хариуцлага үүрүүлмээр байна. Цаашид эмчилгээнд явах монголд эмчилгээгүй тул Хөх хот явж эмчлүүлэх хүсэлтэй байна. Амь насанд аюултай байгаа тул миний гомдлыг шийдвэрлэж өгнө үү ... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж тайлбартаа: ... Хохирлоо бүрэн авч эмчилгээндээ зарцуулмаар байна ... гэв. \

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Б тайлбартаа: ... Шүүхээс тогтоосон хохирлыг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулна ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.А тайлбартаа: ... Баримтаа бүрдүүлээд өгчих юм бол эмчилгээний зардал төлөх бүрэн боломж байгаа гэдгийг Д.Б хэлж байгаа. ... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Р.Ц тайлбартаа: ... шүүгдэгчээс юу хүсээд байдаг бэ гэхээр эмчилгээ юу болж байна, хэдэн төгрөгийн зардал гарч байна гэж анхаарч, бодит байдлыг анхаарч харахыг хүсэж байгаа ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Э дүгнэлтдээ: ... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ... гэв. ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр  аймгийн  сумын багийн нутагт байрлах дугаартай хэрэглээний цэвэр усны худгийн урд  улсын дугаартай Сангёонг муссо загварын автомашиныг жолоодож ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн Б.О-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б-н гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Б.О-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан 4 шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж нь ... Энэ хүн өршөөлөөр гарсанд эсэргүүцэж байна. Цаашид эмчилгээнд явах монголд эмчилгээгүй тул Хөх Хот явж эмчлүүлэх хүсэлтэй байна ... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг гаргасан байх боловч шүүгдэгч Д.Б нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, хэргийн зүйлчлэл, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны хувьд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байгаа талаар дүгнэлт хийж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүх хохирлын талаарх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан тухайн хэрэгт хамааралтай гэж дүгнэж шүүгдэгч Д.Б-с 11.358.044 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгдэгч нь дээрх хохирлыг шүүх хуралдааны явцад төлж барагдуулжээ. Мөн шүүх зарим баримтуудыг уг гэмт хэргийн зайлшгүй зардалд хамаарахгүй, тодорхой бус гэж дүгнэн 8.665.614 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 13.901.222 төгрөгийн нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл эрүүл мэндэд учруулсан хүнд хохирлын улмаас эмчилгээ сувилгаа хийлгэх зэрэг бусад зайлшгүй зардал нь гэмт хэргийн хор уршигт тооцогддог ба Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-т зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй бөгөөд цаашид гарах эмчилгээ үйлчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 244 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны 5 тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР