Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 125/2017/0001/з |
Дугаар | 221/MA2017/0423 |
Огноо | 2017-06-14 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 221/MA2017/0423
2017 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 221/МА2017/0423 | Улаанбаатар хот |
Б.Бурмаагийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Б.Бурмаа, хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, нарыг оролцуулан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Б.Бурмаагийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр: ”Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бурмаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалын 2 дахь хэсэг буюу Б.Бурмаад холбогдох хэсгийн биелэлтийг хангахыг Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргад даалгаж, нэхэмжлэлээс Орон нутгийн өмчийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажилд томилохыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ТЗ-5 шатлалаар тооцон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гомбосүрэн, хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нар давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхээс шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулахдаа нэхэмжлэлийн шаардлагаас Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажилд томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.
Харин Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газарт өмчийн харилцаа хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгаж шийдвэрлэсэн хэмээн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулсан атлаа шийдвэрийг бичиж гаргахдаа “Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газарт өмчийн харилцаа хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгаж” шийдвэрлэснээ бичилгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг ноцтой зөрчлөө.
... Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль зөрчиж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад байхгүй, талуудын маргаагүй асуудлаар шийдвэр гаргаад үүнийгээ бичиж гаргахдаа хасаж гаргасан нь хуулийг ноцтой зөрчиж анхан шатны шүүхийн шийдвэр хууль бус, хүчин төгөлдөр бус шийдвэр байх нөхцөлийг бүрдүүлжээ.
2. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалын 2 дахь хэсгийн Бурмааг Орон нутгийн өмчийн газрын мэдэлд шилжүүлсэн нь өөрийн эрх хэмжээнээс хэтэрсэн асуудлыг шийдвэрлэсэн.
... Түүнчлэн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан 2016 оны 09 сарын 30-ны өдрийн А/50 дугаар тушаалын хавсралтад Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн 4 орон тоо хэвээр хадгалагдаж, 41 орон тоо дотроо багтааж гаргасан байгаа бөгөөд энд ямар нэгэн албан тушаалтны нэр байхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Бурмаа нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн үндсэн ажилтан бөгөөд уг орон тоо нь хэвээр хадгалагдсаар байхад өөр чиг үүрэг бүхий байгууллагад шилжүүлсэн нь хууль бус юм.
Анхан шатны шүүхээс талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж хуулийг зөрчсөн бөгөөд шийдвэрийн агуулгыг танилцуулснаас ноцтой өөрчлөлт орж бичигдсэн зэрэг хуулийг ноцтой зөрчсөн тул Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 17-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож Б.Бурмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс давж заалдах шатны шүүх гомдлын агуулгад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч Б.Бурмаагаас анх Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулж “2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалын 2 дахь хэсэг буюу Б.Бурмаад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст мэргэжилтнээр томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнийгээ өөрчилж Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдуулж “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалын 2 дахь хэсэг буюу Б.Бурмаад холбогдох хэсгийн биелэлтийг хангуулж, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилохыг Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах”-аар өөрчилснийг[1] хянан шийдвэрлэжээ.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасны дагуу тодруулах, өөрөөр хэлбэл, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь төрийн захиргааны байгууллагын үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хэрхэн зөрчигдсөн, түүнийгээ захиргааны хэргийн шүүхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан аль шийдвэрийг гаргуулж, хэрхэн сэргээхийг хүсч байгааг тодруулах ажиллагааг гүйцэтгэх үүрэгтэй.
Гэтэл анхан шатны шүүх хуульд заасан дээрх ажиллагааг бүрэн гүйцэтгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Хэдийгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Орон нутгийн өмчийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгах” гэж тодорхойлсон боловч түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбараас үзвэл тэрээр Орон нутгийн өмчийн газрын тухайн нэрлэсэн албан тушаалд биш Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалын биелэлтийг хангуулж албан тушаалын чиг үүрэг нь шилжин очсон тухайн байгууллагын холбогдох албан тушаалд томилуулах хүсэл сонирхолтой байгааг шүүх анхаараагүй, хариуцагч байгууллагад нэхэмжлэлд дурдсан орон тоо байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь дээр дурдсан үүргээ биелүүлээгүйтэй холбоотой байна.
Үүнээс гадна анхан шатны шүүх шийдвэрийн Удиртгал хэсэгт Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргыг хариуцагч мэтээр, нэхэмжлэлийн шаардлагыг “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалын 2 дахь хэсэг буюу Б.Бурмаад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст мэргэжилтнээр томилуулах” гэх байдлаар тусгасан зэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлд нийцэхгүй байгааг анхааруулах нь зүйтэй.
Анхан шатны шүүх эдгээр зөрчлийг арилгаагүй тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
[1] Хэргийн 58 дахь тал