Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2016/00817

 

“Халиун тариа” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 86 дугаар шийдвэр,

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 71 дүгээр магадлалтай,

“Халиун тариа” ХХК-ийн нэхэмжлэлтэй

С.Батхуяг, В.Мөнхбаяр, Х.Дэмбэрэл нарт холбогдох

Гэм хорын хохирол 35 604 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч С.Батхуягийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Сарангэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат, хариуцагч С.Батхуяг, В.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Халиун тариа” ХХК нь Булган аймгийн Орхон сумын нутагт газар тариалангийн үйл ажиллагаа эрхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Тус компани нь 2014 онд Орхон сумын 4 дүгээр багийн нутаг Лонхот гэх газар 45 га, Хэц-д 68 га, Атар-т 134 га талбайд тариа тарьж ургац сайн ургасан. Тариалангийн ид болцын үеэс эхлэн тус багийн айл өрхийн мал удаа дараа орж ихээхэн хэмжээний хохирол учруулж байсан ба бид малыг нь талбайгаас хөөж гаргах, хашиж малаа авахаар ирсэн малчдад учирлан хуульд зааснаар тариа тарьсан газарт мал оруулбал хохирлыг төлөх талаар ярьж, малаа дахин оруулахгүй байхыг сануулах, хохирол төлбөрт ганц нэг хонь, ямаа тооцон авах зэргээр ажиллаж ирсэн ч бидний хуч мөхөсдөн талбайн ургацыг хураах боломжгүй болж 250 000 000 орчим төгрөгийн хохирол учирсан байдлаа аймаг, сумын удирдлагуудад танилцуулж сумаас комисс томилуулан газар дээр нь хохирлын акт тогтоолгоход 123 га газрын 193.5 центр ургац алдаж 89 010 000 төгрөгийн хохирол учирсан гэдгийг тогтоосон. Бид сумын комиссын энэ дүгнэлтийг хүндэтгэн Тариалалт эрхлэлтийг дэмжих сан 1 тонн будааг 550 000 төгрөгөөр авч байгаа үүн дээрээ тонн тутамд урамшуулал олгодог, мөн манай ургац урьдчилсан балансаар 1 га-с 22-25 цн хураах байсан зэргийг үл харгалзан малчдын малаа оруулсан давтамж, орсон малын олон цөөнийг нь үндэслэн хохирлыг тооцон нэхэмжилж байна. Тариалангийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан “тариалалт бүхий газарт тариаг ургаж дуустал мал оруулахгүй байх тухай заалт, Газрын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-т “Тариалангийн газрыг өмчлөгч эзэмшигч, ашиглагчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр тухайн газарт мал амьтан оруулах, бэлчээхийг хориглоно” гэсэн заалт, Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2009 оны 84 дүгээр тогтоолоор батлагдсан журам, сумын Засаг даргын захирамж зэрэг хууль тогтоомжуудыг зөрчин сумын Засаг даргын жил жилийн захирамжид нэр заагдсан дээрх тариалангийн талбай бүхий газарт малаа оруулсан тус багийн малчин В.Мөнхбаяр нь 2014 оны 08 дугаар сарын 10-ны орчим тус компанийн тариалангийн талбай бүхий Хэц-ийн 68 га талбайтай 400 орчим метр ойрхон бууж нүү гэсэн шаардлага тавихад малаа тариалангийн талбайд оруулахгүй гээд нүүгээгүй. 08 дугаар сарын 15-ны үеэс нүүх хүртэл нь буюу 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 60 орчим тооны үхэр, 300 гаруй бог мал нь тариалангийн талбайд олон удаа орж байсан. С.Батхуяг 2014 оны 05 дугаар сарын 20-ны үеэр нүүж ирээд 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл байсан. Тарилангийн талбайтай 700-800 метрийн зайтай буусан. С.Батхуяг нь олон адуутай, цэргийн ангийн 60 гаруй үхрийг маллаж байсан. Эдгээр үхэр, адуу тариалангийн талбайд олон удаа орж хашигдаж байсан. Энэ хугацаанд Лонхот-ын 68 га талбайд мал орж гишгэлж сүйтгэснээс ургац авах боломжгүй болсон, Хэц-ийн 45 га-д бороотой үед бог малаар туучуулснаас болж ургац налж хураах боломжгүй болсон. Бид яг хэний, хэдэн тооны мал, тариан талбайд орж, хэдий хэмжээний тариа идэж сүйтгэсэн болохыг нарийн тооцох боломжгүй. Тэнд олон айл зусаж байсан учраас тэр айл болгоны мал өдөр шөнөгүй л ордог байсан. Тийм учраас сумын комиссын гаргасан 89 010 000 төгрөгийн хохирлыг малын тоо, малаа оруулж байсан давтамж зэргийг харгалзан айл тус бүр дээр хохирлыг өөрөөр тооцож нэхэмжилсэн. 10 гаруй айл малаа оруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч бид шүүх дээр эвлэрлийн гэрээ байгуулж тэд хохирлоо төлсөн. Хариуцагч В.Мөнхбаяр, С.Батхуяг нарын хувьд тарилангийн талбайтай ойрхон бууж олон тооны мал нь олон удаа орж байсан зэргийг харгалзан тус бүрээс нь 16 911 900 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн хариуцагч Х.Дэмбэрэл нь 2014 оны 09 дүгээр сарын 20-дын үеэр нүүж ирж Талын толгой гэх газар тарилангийн талбайтай 20 орчим метрийн зайтай буусан. Дэмбэрэлийнх нүүж ирэхэд 2 талбайг хураасан, яг тэдний буусан Талын толгой гэх газрын тариаг хураагүй байсан учраас тэдний адуу талбайд өдөр болгон ордог байсан. 50-иад тооны адуу нь хашигдсан байсантай таарч өөрийн биеэр уулзаж ярилцаж байсан. Иймд 1 бус удаа олон тооны адуугаа тариалангийн талбайд оруулж тариаг устгаж гэмтээн хураах боломжгүй болгосны хохиролд 1 780 200 төгрөг тус тус нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч В.Мөнхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манайх 2014 оны намар Орхон сумын 4 дүгээр багийн Лонхот гэх газарт байгаагүй Даваат гэх газарт намаржсан. 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нүүж очсон. Тариан талбайгаас 400 биш 700-800 метрийн зайтай буусан. Мал хаших задгай хашаатай, үхрээ хашиж хонодог байсан. Манайх 60-аад үхэргүй, 20 гаруй үхэртэй. Талбай руу мал оруулж болохгүй гэдгийг мэдэж байсан учраас малаа байнга хариулдаг байсан. Иймд тариан талбай руу мал орж 16911900 төгрөгийн хохирол учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч С.Батхуяг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манайх 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нүүж очин тариан талбайгаас 1 500-2 000 метрийн зайтай буухад, тэнд 10 гаруй айл буусан байсан. Б.Сарангэрэл захирал 2014 оны 06 дугаар сараас хойш тариан талбайдаа байгаагүй. Манайх тариан талбайн ойролцоо зуссан хугацаанд манай мал таргалж байсан тохиолдол байхгүй. Хэрвээ тариан талбай руу орж тариа идсэн бол мал таргалах байсан. Тариан талбайн ойролцоо буух хугацааг тогтоосон байсан. Би тариан талбайн ойролцоо буу гэж багийн айлууддаа хэлж байгаагүй. Айлуудыг тариан талбайн ойролцоо буухад би байгаагүй. Манайх 450-аад тооны малтай. Манай адууг 2 өдөр хашсан байсан. Мөн бусад айлуудын адууг ч хашсан байсан. Надад 500 000 төгрөг өгөөд адуугаа ав гэж хэлснийг зөвшөөрч адуугаа авсан. Манай адуу тариан талбай руу 1 удаа л орсон. Түүнээс 16 911 900 төгрөгийн хохирол учруулах хэмжээний олон удаа орж байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Х.Дэмбэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манайх 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Бугат сумаас нүүж Орхон сумын 4 дүгээр багийн нутаг Талын толгой гэх газар ирж буухад тэр газраас урагш талбайн будааг хурааж авсан байсан. Хураасан талбайн орчимд 4-5 айл намаржаандаа буусан байсан. 2014 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүрэн азаргатай 18 тооны адуу хураасан талбайд бэлчиж байхад нь бидний нүдэн дээр цаанаас нь тууж ирсэн адуутайгаа цуг хашсан. Тариагаа хурааж авсны дараа ирж буусан учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 86 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хариуцагч В.Мөнхбаяр, С.Батхуяг нараас тус бүр 5 000 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөг гаргуулж, “Халиун тариа” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 23 823 800 төгрөг гаргуулах хэсэг, Х.Дэмбэрэлээс 1 780 200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 528 460 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж хариуцагч В.Мөнхбаяр, С.Батхуяг нараас тус бүр 87 475 төгрөг, нийт 174 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 71 дүгээр магадлалаар Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 86 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг ₮Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хариуцагч В.Мөнхбаяраас 2 887 500 хариуцагч С.Батхуягаас 3 865 950 төгрөг, хариуцагч Х.Дэмбэрэлээс 890 100 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Халиун тариа” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27 960 450 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “...хариуцагч В.Мөнхбаяр, С.Батхуяг нараас тус тус 87 475 төгрөг...” гэснийг “...хариуцагч С.Батхуягаас 76 805 төгрөг, хариуцагч В.Мөнхбаяраас 61 150 төгрөг, хариуцагч Х.Дэмбэрэлээс 25 912 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Халиун тариа ХХК-д олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Батхуяг хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд миний хичнээн тооны мал ямар тариан талбайд хэдэн удаа орж хичнээн га газрын талбайг гишгэсэн, хэдэн тонн тариаг идэж сүйтгэсэн нь хангалттай тогтоогдохгүй байхад хохирлыг тооцохдоо нотлох баримтанд тулгуурлахгүйгээр Булган аймгийн Үйлдвэр, газар тариалангийн хэлтсийн дарга Б.Энхбаярын “Үр тарианы талбайд мал болон тэжээвэр амьтад орж сүйтгэсэн тохиолдолд агрономын аргаар хураан авахаар төлөвлөсөн биологийн ургацыг тооцох’’ аргачлалыг баримтлан манай малын дансны баримтанд авагдсан малын тоогоор тооцон хохирлыг гаргаж 3 865 950 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэхдээ малын нэг өдөрт идэх тэжээлийн тооцоогоор тооцсон нь үндэслэлгүй. Учир нь намайг малаа “Халиун тариа” ХХК-ийн тариалангийн талбайд оруулж өдөр, шөнөгүй тэжээж байсан мэтээр тооцоолж төлбөрийг ногдуулж байгаа нь хууль эрх зүйн үндэслэлгүй бөгөөд Б.Сарангэрэлээс шүүхэд өгсөн тайлбартаа “Бид яг хэний хэдэн тооны мал, тариан талбайд орж, хэдий хэмжээний тариа идэж сүйтгэсэн болохыг нарийн тооцох боломжгүй. Тэнд олон айл зусаж байсан” гэж ямар ч баримт, хараа хяналт тавиагүй болохыгоо хүлээн зөвшөөрч манай хичнээн тооны ямар зүсний мал хэдэн удаа тариан талбайд орсныг нэхэмжлэгч хангалттай нотолж чадахгүй байхад 1 удаагийн тохиолдлыг нотлох баримт болгон олон удаа орсон мэтээр гэрчийн мэдүүлгийг хуурамчаар танил талаасаа авсныг нягталж үзэлгүйгээр магадлал гаргасан нь шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг хуульд заасны дагуу хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Нэхэмжлэгч нь Тариалангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.6-д зааснаар “өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах.” үүрэгтэй гэж заасан үүргээ биелүүлээгүй. Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2009 оны 84-р тогтоолын 3.1.6-д зааснаар “тариалан эрхлэгч аж ахуйн нэгж иргэдийг тариалсан талбайн ойролцоо нутагладаг мал бүхий иргэн, айл өрх, аж ахуйн нэгжтэй тарианд мал оруулахгүй байх нөхцлийг хангаж, оруулсан нөхцөлд хохирлыг хэрхэн тооцох талаар тохиролцсон гэрээ байгуулах” гэсэн заалтын дагуу малчидтай гэрээ байгуулаагүй. 4-р тогтоолоор батлагдсан Тариалан эрхлэгч, малчдын харилцааг зохицуулах журмын 3.2.1-д “Таримал ургамал эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага таримлаа мал тэжээвэр амьтдаас хамгаалах ажлыг зохион байгуулж байнгын хамгаалалтанд байлгана.” 3.2.2-т “Тариалсан талбайг тэмдэгжүүлж, 500 хүртэл га тутамд нэг манаач, сахиул байхаар тооцон унаа холбооны хэрэгслээр хангаж ажиллуулж, байнгын манаа эргүүл хамгаалалттай байлгана”, 3.2.3-д “Таримал ургамал тариалсан хашиж болох боломжтой талбайг тухайн аж ахуйн нэгж, иргэн, байгууллага хашаажуулсан байх” гэсэн заалтуудыг огт хэрэгжүүлээгүй ор нэрийн төдий хашааны тор татаж, тарианы сахиул ганцхан хүн нь тариа бригад дээрээ амьдардаг байсан зэргээр хууль тогтоомжоор заасан үүргээ огт биелүүлээгүй болохыг шүүх хэргийг шийдвэрлэхдээ харгалзан үзэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т заасны дагуу намайг хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Хариуцагч С.Батхуяг, В.Мөнхбаяр, Х.Дэмбэрэл нар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаагаа болон нэхэмжлэгчид дээрх хэмжээний хохирлыг учруулаагүй гэдгээ нотолж чадаагүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар хариуцлагаас чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлгүй болно гэж заасныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь манайх 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Лонхот-Од тариан талбайгаас 2 км зайтай газарт зусландаа буусан. Энэ үед тэнд 10 гаруй айл буусан байсан. Манай адуу тариан талбайд 1 удаа орж хашигдаж байсныг тухайн үед нь зохих ёсны төлбөрийг өгөөд адуугаа авч байсан. Дахин орж хашигдаж байсан удаагүй. Хэц болон Лонхотын тариаг идсэн, сүйтгэсэн гэж үзэж байгаа бол тэр хавийн бүх айлуудад адилхан хохирол учруулсан төлбөр яригдах учиртай. Манайхаас ч олон адуу, малтай айлууд өчнөөн л байсан. Бүх айлуудтай адилхан хохирлын талаар ярилцалгүй онцгойлон В.Мөнхбаяр, Дэмбэрэл бид гурваас өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр үндэслэлгүйгээр нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчхэний буруутай үйлдлээс болсноо бодитой нотолж чадахгүй байгаа тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар хариуцлагаас чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлтэй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч “Халиун тариа” ХХК нь хариуцагч С.Батхуяг, В.Мөнхбаяр нараас тус бүр 16 911 900 төгрөг, хариуцагч Х.Дэмбэрэлээс 1 780 200 төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “тариан талбайд ойрхон бууж, малаа оруулсан хариуцагч нарын хууль бус үйлдэл“-ээс учирсан гэж тодорхойлжээ.  

“Халиун тариа” ХХК нь 2014 оны хавар Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн нутаг Хэц, Атар, Лонхот хэмээх газарт бүгд 247 га талбайд үр тариа тарьсан, тариан талбайд мал орж гишгэж, идсэний улмаас 123 га талбайгаас 193,5 центер ургац алдаж, 89 010 000 төгрөгийн хохирол учирсан гэж Орхон сумын Засаг даргын Тамгын газрын “Хохирол тооцох тухай комисс”-ын 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн акт, хохирол тооцож акт тавьсан тухай илтгэх хуудас, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтуудыг шүүхэд өгчээ. 

Хариуцагч нарын өмчлөлийн мал нэхэмжлэгч байгууллагын эзэмшлийн тариан талбайд орж ургацыг гишгэх, идэх зэргээр тодорхой хэмжээний үр тариаг сүйтгэсэн болох нь гэрч Т.Тунгалагтамир, М.Ганболд, Б.Ганбаатар нарын мэдүүлэг, зохигчдын тайлбараар нотлогдсоноос гадна тариалангийн талбайд 100 метр-400 метрийн зайд бууж Тариалангийн тухай хуулийн 54 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 54.3, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан 2009 оны 84 дүгээр тогтоол, холбогдох журам, сумын Засаг даргын захирамжийг зөрчсөн гэм буруутай нь тогтоогдсон байна. /хх -52, 73, 92, 93, 136-137, 138/

Хариуцагч С.Батхуяг, В.Мөнхбаяр, Х.Дэмбэрэл нарын гэм буруутай үйлдлээс болж нэхэмжлэгчийн хураах байсан ургац зарим хэсгээр устаж, үгүй болсон тул “Халиун тариа” ХХК нь Иргэний хуулийн 497 дугаар зүйл 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирлоо шаардах эрхтэй.

Давж заалдах шатны шүүх үр тарианы талбайд мал болон тэжээвэр амьтад орж сүйтгэсэн тохиолдолд агрономын аргаар хураан авахаар төлөвлөсөн биологийн ургацыг тооцох аргачлалыг гаргасан мэргэжлийн этгээд Булган аймгийн Үйлдвэр, газар тариалангийн хэлтсийн дарга Б.Энхбаяр, хариуцагч нарын малын дансны баримтуудыг үндэслэж, хариуцагч С.Батхуягаас 3 865 950 төгрөг, В.Мөнхбаяраас 2 887 500 төгрөг, Х.Дэмбэрэлээс 890 100 төгрөгийг тус тус гаргуулж, хууль хэрэглээний алдааг зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуулийн үндэслэлтэй болжээ. /хх-23, 61/

С.Батхуяг, В.Мөнхбаяр, Дэмбэрэл нар гэм буруугүй болохоо нотолж чадаагүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

Шүүх хохирлын хэмжээг тогтоохдоо хариуцагч нарын өмчлөлийн малын тоо, тариан талбайд мал орсон тоо, малын нэг өдөрт идэх тэжээлийн хэмжээг харгалзан тооцооны аргачлалын дагуу гаргасан байх тул хохирлыг бодитой гаргаагүй гэх хариуцагч С.Батхуягийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.1, 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Булган, Орхон, Хөвсгөл амйгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016  оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 71 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч С.Батхуягийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4-т зааснаар хариуцагч С.Батхуягийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            П.ЗОЛЗАЯА