Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 465

 

С.М-, В.Б- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, шүүгдэгч С.М-, түүний өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 47 дугаар магадлалтай, С.М-, В.Б- нарт холбогдох 201515000277 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.М-гийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1965 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суух, Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнуулсан, БНМАУ-ын Спортын мастер цолтой, ял шийтгүүлж байгаагүй Ж овогт С-н М,

2. Монгол Улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суух, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цолтой, ял шийтгүүлж байгаагүй Х овогт В-н Б.

В.Б- нь *** ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр экскаватор худалдан авах тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа, уг шалгаруулалтыг хууль бусаар зохион байгуулж, материалыг хуурамчаар бүрдүүлж, өөрийн хамаатан буюу нэгдмэл ашиг сонирхолтой Ё.Д-н эзэмшлийн "***" ХХК-г тендерт шалгаруулан, улмаар тус компанийн нийлүүлсэн техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй 9,000,000 төгрөгийн үнэ бүхий экскаваторыг албан ёсоор хүлээн авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлж улсад 66,000,000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

С.М- нь *** ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр экскаватор худалдан авах тендер зохион байгуулах ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй байхад сумын засаг даргын орлогч В.Б-ы хамаатан буюу түүнтэй нэгдмэл ашиг сонирхол бүхий Ё.Д-н эзэмшлийн "***" ХХК-тай экскаватор нийлүүлэх гэрээ байгуулсан, түүнчлэн гэрээ байгуулахаас өмнө "***" ХХК-д экскаваторын үнийг шилжүүлж, улмаар техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй, 9,000,000 төгрөгийн үнэ бүхий трактор нийлүүлснийг албан ёсоор хүлээн авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлэн улсад 66,000,000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  С.М-, В.Б- нарт холбогдох хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч С.М-, В.Б- нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-, В.Б- нарыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.М-, В.Б- нарт тус тус оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тооцож, шүүгдэгч С.М-г 6 хоног, шүүгдэгч В.Б-ыг 5 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч В.Б-ы эзэмшлийн “...Sку маркийн цагаан өнгийн гар утас...”ыг битүүмжилсэн, Ё.Довчинсүрэн, В.Б- нарын эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарласан, МТЗ маркийн ЮМЗ-6 маркийн бага оврын тракторыг битүүмжилсэн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, МТЗ маркийн ЮМЗ-6 маркийн бага оврын тракторыг Өвөрхангай аймгийн Богд сумын засаг даргын тамгын газарт буцаан олгож, шүүгдэгч С.М-, В.Б- нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.М-, шүүгдэгч В.Б-ы өмгөөлөгч Н.Шүрхүү нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтад “Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, С.М-д оногдуулсан торгох ялаас 90,000 төгрөгийг, В.Б-д оногдуулсан торгох ялаас 75,000 төгрөгийг тус тус хассугай” гэж нэмэлт оруулж, 7, 8, 9, 10, 11, 12, 13 дугаарын заалтыг 8, 9, 10, 11, 12, 13, 14 гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.М- гаргасан гомдолдоо “... Албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг хэлдэг.

Тэгвэл үнэлгээний хорооноос тендер шалгаруулж “хамгийн сайн” гэх үнэлгээ авсан компанийг ялуулахад нөлөөлсөн гэдгийг баримтаар тогтоогоогүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар захиалагчийн зүгээс үнэлгээний хороог байгуулах, үнэлгээний хорооноос шалгаруулсан этгээдтэй гэрээ байгуулах эрхийг олгосон байдаг. Дээрх ажил, үйлчилгээг хуульд заасан эрхийн хүрээнд худалдан авснаараа миний бие гэм буруутан болох үндэслэлгүй гэж үзэж байна.

Миний зүгээс үнэлгээний хороог байгуулж, тэндээс шалгарсан ажил үйлчилгээ авах гэрээг байгуулснаар эрх хэмжээ дуусгавар болох ба хуулийн дагуу Засаг дарга үнэлгээний хороон дээр явагдаж буй ажиллагаанд оролцох, тэнд хуурамч материал бүрдүүлж ирсэн компани орсон гэдгийг мэдэх боломжгүй бөгөөд үнэлгээний хороонд хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй ба хэргийн материалд ч хуурамч бичиг баримт надад ирсэн, мэдэгдсэн тухай гэрчүүд мэдүүлдэггүй.

Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар олгогдсон “үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах” үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэл болохгүй.

Шүүхээс В.Б-ы хамаатан Ё.Д-н эзэмшлийн “***” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон гэж дүгнэсэн байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” талаар зохицуулж өгсөн.

Манай тохиолдолд үнэлгээний хорооноос зөвлөмж гаргасан бөгөөд түүний дагуу засаг дарга а/72 дугаартай захирамж гаргаснаар бусдад давуу байдал олгосон, үнэлгээний хороонд нөлөөлж тухайн компанийг тендерт ялуулсан тухай баримтаар тогтоогдсон зүйл байдаггүй ба өөрт буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлж, ашиг хонжоо олсон болох нь баримтаар тогтоогдоогүй байна.

Мөн албаны эрх ашигт хортойгоор ашигласан идэвхтэй үйлдэл хийгдсэн байх ёстой гэвч миний үйлдэл нь тэрхүү шинжийг агуулаагүй төдийгүй хог хаягдлыг зайлуулах, булшлах хэрэгцээ шаардлага нэгэнт бий болсон байсан гэдгийг хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүд хангалттай илэрхийлдэг. Миний хувьд төсвийн еренхийлөн захирагчийн хувиар үнэлгээний хороо байгуулсан, үнэлгээний хороо хуулийн дагуу худалдан авах ажиллагаа зохион байгуулсан, харин хүлээлгэн өгсөн бараа, ажил, үйлчилгээ үнэлгээний хорооноос баталсан техникийн шаардлага хангаагүй. Үүнээс үзэхэд албаны эрх ашигт хортойгоор ашигласан үйлдэл харагдахгүй байна.

Төсвийн тухай хуулийн “14.1.17 аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга” төсвийн ерөнхийлөн захирагч байхаар заасан. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тухайн хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, зохион байгуулах үүрэгтэй этгээд болохоос аливаа орон нутгийн өмчийг ашиглах, захиран зарцуулах эрхтэй этгээд биш юм.

Дээрх нөхцөл байдлыг хянан үзэж холбогдох хуулийн дагуу гэм буруугүй болохыг тогтоож цагаатгуулах тухай хяналтын гомдол гаргаж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч С.М-гийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Өмгөөлөгч би үйлчлүүлэгчийнхээ гомдлыг дэмжиж байна. Шүүх хэргийн үйл баримтыг шалгаж тогтоогоогүй.  Засаг дарга өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө бусдад давуу эрх олгосон байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Засаг даргын захирамжийн дагуу үнэлгээний хороо байгуулагдсан бөгөөд тухайн үнэлгээний хороонд ирж буй асуудал болон тендерт ямар байгууллагууд оролцсон талаар тус хороо нь хараат бус байдлаар үйл ажиллагаагаа явуулсан. Засаг дарга хэрхэн яаж нөлөөлсөн бэ гэдгийг тогтоогоогүй.

Шүүх техникийн шаардлагад нийцээгүй бараа материалыг хүлээлгэн өгсөн гэж дүгнэсэн. Эхний экскаваторыг хүлээж авсан болох нь баримтаар тогтоогддог. Тухайн тоног төхөөрөмж нь техникийн шаардлага хангахгүй байсан тул гэрээнд заасан баталгаат хугацаандаа тоног төхөөрөмжийг буцаан шилжүүлж, өөр техник тоног төхөөрөмжөөр солихоор болсон. Тендерт заасан тэрхүү техник ирээгүй бол гэрээнд заасны дагуу буцаан, өөр техникээр солих боломж байсан. 9.000.000 төгрөгийн тракторыг хүлээн авч, өөр техникээр сольсон гэж дүгнэсэн. Шүүгдэгч С.М- нь тракторыг хүлээж аваагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдож байхад шүүх үүнд үнэлэлт, дүгнэлт хийгээгүй. Техникийг хүлээн авсан комисс нь өмнөх экскаваторыг хүлээж авснаар комиссын үйл ажиллагаа дуусгавар болсон.  Дараагийн комиссыг томилсон ямар нэгэн шийдвэр гараагүй.

Шүүгдэгч С.М-гийн буруутай үйлдлийн улмаас улсад хэдэн төгрөгийн хохирол учирсан нь тодорхойгүй байдаг. Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруутай байдал эргэлзээтэй байвал тухайн этгээдэд ашигтай байдлаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн заалтыг хэрэглээгүй. Шүүх нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Насанбат хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч С.М-гийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын тухайд Төрийн болон орон нутгийн өмчийг захиран зарцуулах эрхгүй этгээдэд хариуцлага оногдуулсан нь хууль бус байна гэсэн агуулга бүхий гомдол гаргасан. С.М-гийн идэвхтэй үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Тодруулбал, гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй, комисст ажиллаж байсан хүмүүс рүү утсаар ярьж үүрэг, даалгавар өгч, техникийн шаардлагад нийцээгүй тоног төхөөрөмж хүлээж авах үүрэг болгосон гэх мэт үйлдлүүд нь гэрч Должинсүрэн, Ганбаатар, Ичинхорлоо, Чулуундорж, шүүгдэгч В.Б-ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр нотлогддог. Энэ нотлох баримтуудыг үгүйсгэх, цагаатгах нотлох баримт байхгүй. Тийм учраас Мягмарсүрэнгийн гэм буруутай үйлдэл нь батлагдсан, шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын тухайд Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн албан бичгийн дагуу хохирол төлөгдсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт болж чадаагүй байна.

Тодруулбал, ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн ЮМЗ-6 тракторыг сумын Засаг даргын Тамгын газар бүртгэж авсан гэсэн албан бичгийн дагуу хохирол төлөгдсөн гэж дүгнэсэн нь  учир дутагдалтай болсон. Шийдвэр хууль зүйн үндэслэлтэй юу үгүй юу гэдгийг энэ хэргээс тусад нь иргэний журмаар шийдвэрлэж, ашиглалтын шаардлага хангахгүй гэж үзвэл энэ хохирлыг тусад нь нэхэмжлэх хууль зүйн үр дагавар үүсэж болзошгүй. Тийм учраас энэ нөхцөл байдлыг харгалзан хохирол төлөгдсөн гэдэг байдлаар бус нээлттэй орхивол хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болно.

Хавтаст хэрэгт техникийн шаардлага хангахгүй ЮМЗ-6 тракторыг нийлүүлсэн нь үйл баримтаар нотлогдсон байгаа. Энэ талаар шүүх шийтгэх тогтоол болон магадлалдаа нотлох баримтын хэмжээнд дурдаж өгсөн болохоос биш техникийн шаардлагын 10 заалтын хэдийг нь хангаж байгаа, хэдийг нь хангахгүй байгаа талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Тийм учраас хяналтын шатны шүүх шийдвэр гаргахдаа энэ дүгнэлт хийгдээгүйг тэмдэглэх байдлаар тусгаж өгөх санал гаргаж байна.

Шийтгэх тогтоолын 1, 3 дугаар заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан зүйлчилж байгаа талаар үг, өгүүлбэр байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг баримталж 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг нь өөрчилж  байгаа талаар шийтгэх тогтоолд дурдсан боловч 1.9 дүгээр заалтыг журамлаж гэж дурдаагүй байна. Үүнийг зөвтгөх арга хэмжээ авах хэрэгтэй.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд торгох ялын хэмжээнд цагдан хоригдсон хоногийг тооцож С.М-гээс 90,000 төгрөг, В.Б-аас 75,000 төгрөгийг хасаж тооцох тухай заалт оруулсан боловч одоо оногдуулах торгох ялын хэмжээ хэд байх талаар тусгаагүй. Торгох ялын хэмжээг тогтоосон өөрчлөлт оруулах шаардлагатай.

Мөн шийтгэх тогтоолын 4 дүгээр заалтад нь шүүгдэгч С.М-гийн нэрийг С.Мягсарсүрэн гэж бичсэн техникийн чанартай алдаа нь хэнд холбогдож гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх гэж байгаа агуулгыг өөрчлөх шинжтэй байгаа тул үүнд өөрчлөлт оруулах хэрэгтэй.

Иймд шийтгэх тогтоол магадлалд дээр дурдсан өөрчлөлтүүдийг оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.М-гийн хяналтын шатны шүүхэд хандаж гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.М-гийн гаргасан гомдлыг үндэслэн С.М-, В.Б- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

В.Б- нь *** ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр экскаватор худалдан авах тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа, уг шалгаруулалтыг хууль бусаар зохион байгуулж, материалыг хуурамчаар бүрдүүлж, өөрийн хамаатан буюу нэгдмэл ашиг сонирхолтой Ё.Д-н эзэмшлийн "***" ХХК-г тендерт шалгаруулан, улмаар тус компанийн нийлүүлсэн, техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй, илтэд хямд үнэ бүхий техникийг албан ёсоор хүлээн авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлж улсад 66,000,000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан,

С.М- нь *** ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр экскаватор худалдан авах тендер зохион байгуулах ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй байхад сумын засаг даргын орлогч В.Б-ы хамаатан буюу түүнтэй нэгдмэл ашиг сонирхол бүхий Ё.Д-н эзэмшлийн "***" ХХК-тай экскаватор нийлүүлэх гэрээ байгуулсан, түүнчлэн гэрээ байгуулахаас өмнө "***" ХХК-д экскаваторын үнийг шилжүүлж, улмаар техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй, илтэд хямд үнэ бүхий техникийг нийлүүлснийг албан ёсоор хүлээн авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлэн улсад 66,000,000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.М-, В.Б- нарын гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой.

С.М- болон В.Б- нар нь албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендер шалгаруулалтыг хууль бусаар зохион байгуулж, гэрээ байгуулагдаагүй байхад үнийг шилжүүлсэн, мөн техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй техникийг албан ёсоор хүлээн авсан баримт бүрдүүлэхийг эрх олгогдсон этгээдээс шаардаж, тэдэнд хууль бусаар нөлөөлж их хэмжээний хохирол учруулснаас гадна хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалтад оролцож ажил, бараа, үйлчилгээг нийлүүлэх эрхийг шударгаар олж авбал зохих аж ахуйн нэгж, байгууллагуудын эрх ашиг, түүнчлэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдалд хор уршиг учруулсан байх тул тэдний үйлдэл эрх мэдэл, албан тушаалын гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Анхан шатны шүүх нь прокуророос С.М-, В.Б- нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Учир нь 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтахаар ойлгоно.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтаар шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэж, хоёр шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтыг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг няцаах эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас учирсан хохирол 57,000,000 төгрөг төлөгдсөн. *** Засаг даргын Тамгын газар ЮМЗ-6 маркийн тракторыг авч ашиглах боломжтой гэдгээ илэрхийлсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 болон 4 дэх заалтад шүүгдэгч С.М-гийн нэрийг С.Мягсарсүрэн гэж буруу бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг үүгээр залруулан тэмдэглэх нь зүйтэй байна.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоол, магадлалд хууль буцаан хэрэглэх талаарх зохицуулалтыг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “баримтлан” гэж дурдсан нь үндэслэлгүй байх тул  Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “журамлан” гэсэн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтад “Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, С.М-д оногдуулсан торгох ялаас 90,000 төгрөгийг, В.Б-д оногдуулсан торгох ялаас 75,000 төгрөгийг тус тус хассугай” гэсэн нэмэлт оруулсан магадлалын заалтад “С.М-д оногдуулсан торгох ялын хэмжээг 5,310,000 төгрөг, В.Б-д оногдуулсан торгох ялын хэмжээг 5,325,000 төгрөгөөр тогтоосугай” гэж нэмэлт оруулан бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.М-гийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.7-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 47 дугаар магадлалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “журамлан” гэсэн өөрчлөлт оруулж,  шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 болон 4 дэх заалтад “...С.Мягсарсүрэн” гэснийг “...С.М-” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, С.М-д оногдуулсан торгох ялаас 90,000 төгрөгийг, В.Б-д оногдуулсан торгох ялаас 75,000 төгрөгийг тус тус хассугай” гэсэн нэмэлт оруулсан магадлалын заалтад “С.М-д оногдуулсан торгох ялын хэмжээг 5,310,000 төгрөг, В.Б-д оногдуулсан торгох ялын хэмжээг 5,325,000 төгрөгөөр тогтоосугай” гэж нэмэлт оруулан, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.М-гийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй  болгосугай.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

        ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН