Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 218

 

Э.Ч, Д.М нарын нэхэмжлэлтэй,

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч :      Х.Батсүрэн

Шүүгчид:                     Г.Банзрагч

                                     Б.Мөнхтуяа

                                     П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн Y-220303...., Y-2203032.... дугаар бүхий бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгуулах тухай,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Улсын бүртгэлийн Ү-220302..., Ү-2203025.... дугаар бүхий бүртгэл болон гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0938 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0171 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Э.Ч,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч В.Э,

Гуравдагч этгээд Э.Б,

Гуравдагч этгээд Н.А-гын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У,

Гуравдагч этгээд Н.А-гын өмгөөлөгч П.Ц нар,

Нэхэмжлэгч Э.Ч, Д.М, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч В.Э нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0938 дугаар шийдвэрээр: 1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Ч, Д.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт 3 дугаар хэсэг гудамж, 385 А/1 тоот хаягт байршилтай 183 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Н.А-гын нэр дээр улсын бүртгэлийн Ү-220303.... дугаарт бүртгэсэн бүртгэл болон үүний үндсэн дээр олгогдсон дугаар 0004591... тоот улсын бүртгэлийн гэрчилгээ”, “Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт 3 дугаар хэсэг гудамж, 385 А/2 тоот хаягт байршилтай 183 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Н.А-гын нэр дээр улсын бүртгэлийн Ү-2203032.... дугаарт бүртгэсэн бүртгэл болон үүний үндсэн дээр олгогдсон дугаар 000459163 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ”-г тус тус хүчингүй болгож. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан “Э.Ч, Д.М нарын нэр дээр улсын бүртгэлийн Ү-220302...., Ү-2203025.... дугаарт бүртгэсэн бүртгэлүүд болон үүний үндсэн дээр олгогдсон гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гуравдагч этгээд Н.А-гын бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тус бие даасан шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, гуравдагч этгээд Н.А-гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Н.А-д буцаан олгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0171 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0938 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.6, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 15 дугаар зүйлийн 15.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлага болох “Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт 3 дугаар хэсэг гудамж, 385 А/1 тоот хаягт байрлах иргэн Н.А-гын нэр дээр 183 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-220303.... дугаарт бүртгэсэн бүртгэл, мөн дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт 3 дугаар хэсэг гудамж, 385 А/2 тоот хаягт байрлах иргэн Н.А-гын нэр дээр 183 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-2203032... дугаарт бүртгэсэн бүртгэл”, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага болох “Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт 3 дугаар хэсэг гудамж, 98-1 тоот хаягт байрлах иргэн Д.М-ийн нэр дээр 183 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-2203025.... дугаарт бүртгэсэн бүртгэл, мөн дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт /14092/ 3 дугаар хэсэг гудамж, 98-2 тоот хаягт байрлах иргэн Э.Ч-гийн нэр дээр 183 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-220302.... дугаарт бүртгэсэн бүртгэлийг хэргийн нөхцөл байдлыг тодруулж, хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий бүртгэл түүнд үндэслэн олгосон гэрчилгээнүүд хүчингүй болсонд тооцохыг хариуцагчид мэдэгдсүгэй” гэж, “Тогтоох” хэсгийн 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж өөрчилж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

          Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч Э.Ч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх чухал нотлох баримтуудыг дүгнэлгүй шийдвэрээ гаргасан. Үүнд, Н.А нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мэдсээр байж дахин Ү-220302...., Ү-2203025.... тоот гэрчилгээнүүдийг гарган авсан ба үүнийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У нотолдог. Хяналтын шатны шүүхээс давхцаагүй болохыг нотолдог гэж гуравдагч этгээдийн тайлбараар дүгнэлт хийсэн нь буруу юм. Харин ч хэрэгт давхацсан болохыг нотолсон байдаг. Н.А-гын газар эзэмших хувийн хэргийн кадастрын зурагт 98-1, 98-2 тоот байрнуудын дугаарыг оруулсан. Энэ нь Н.А нь мэдсээр байж шинэ дугаар авч, шинэ байшингийн гэрчилгээ авсан. Гуравдагч этгээдийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус Ү-220302..., Ү-2203025... тоот үл хөдлөх хөрөнгүүдийн өгсөн тэмдэглэгээ хийлгэх хүсэлтэд энэхүү дугааруудыг гарган өгсөн байдаг. Э.Ч-гийн өгсөн зурагтай яг адилхан зургийг Н.А шинээр гэрчилгээ авахдаа ашигласан.

4. Н.А нь Д.Г, Б.П-гын шүүхийн шийдвэрийг миний эрх ашгийг хамгаалахгүйгээр надад тусгасан нь буруу гэж тайлбарлажээ. Мөн тэрээр Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “би энэхүү байшинд зарцуулсан мөнгийг гаргаагүй” гэж мэдүүлсэн. Тэгэхээр анх энэхүү Ү-220302...., Ү-2203025.... тоот гэрчилгээ авахдаа гаргаж байсан мэдүүлэгтэй өөрийн хөрөнгөөр барьсан гэж худал мэдүүлэг өгсөн байна. Гуравдагч этгээд нь мэдсээр байж дахин гэрчилгээ гарган авсан. Алдаатай кадастрын зураг гэж байнга яригддаг боловч энэхүү алдаатай зургийг Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас засаж, шинэчлэгдсэн бүртгэл хийж Э.Ч, Н.А нарын хоорондын тохиролцоог нотариатаар баталгаажуулсны үндсэн дээр тэдэнд газрын гэрчилгээг олгосон. Н.А нь энэхүү үйлдлийг зальжин ашиглаж шинээр дугаар авч, шинэ үл хөдлөхийн гэрчилгээ гарган авсан.

5. Захиргааны байгууллагын давхардуулан олгосон гэрчилгээний талаар маргасан байхад захиргааны хэргийн давж заалдах шүүх нь ...6 сарын дотор шийдвэр гарахгүй бол гэрчилгээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар магадлал гаргасан. Гэвч энэхүү гэрчилгээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар Д.Г, Б.П нарын нэхэмжлэлтэй хэрэг 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн ба “нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээдүүд биш байна” гэж шийдвэр гарсан нь анх гарсан үл хөдлөх хөрөнгийн 98-1-98-6 тоот хаягийн гэрчилгээнүүд нь хүчин төгөлдөр гэж шийдвэр гарсан. Гэтэл 3 шатны шүүх хүчингүйд тооцохгүй шийдвэр гаргасан байхад давж заалдах шатны шүүхээс шууд хугацаа зааж гэрчилгээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж байгааг ойлгохгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгч Д.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.Үүнд, Н.А нь миний өмчлөлийн байшингийн /98-1 тоот/ фото зургийг ашиглан шинээр үл хөдлөхийн гэрчилгээ гарган авсан, мөн Н.А нь мэдсээр байж дахин гэрчилгээ гарган авсан. Н.А, Э.Ч нар нь хамтран амьдрагч нар байсан бөгөөд намайг энэхүү гэр бүлийн маргаанаар далимдуулан миний байшинг авахыг огт зөвшөөрөхгүй бөгөөд далд санаа агуулан өөрсдийн болгох магадлалтай байна гэж үзэж байна. Би Н.А-тай ямарваа нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй бөгөөд иргэний журмаар өмчлөх эрхээ тогтоолгох үндэс байхгүй. Би энэхүү байшинг аваад нийт 45 сая төгрөгийн засварын ажил хийсэн бөгөөд Н.А гэгч тэрхүү байшинд орж ч үзээгүй хүн одоо ингэж маргах нь утгагүй.

7. Давж заалдах шатны шүүхээс энэхүү маргаан нь Э.Ч, Н.А, Д.Г нарын хоорондын маргаан мэтээр хэргийг шийдвэрлэж бие даасан өмчлөгч болох миний өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын улмаас миний бие өөрийн өмчлөх эрхээ хамгаалах боломжгүйд хүрэх нөхцөл байдал үүсээд байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Санзайн зам, Хандгайт зуслангийн 98-1 тоотын өмчлөгч миний үндсэн хуулиар олгогдсон эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.

8. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч В.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаж, маргааныг зөв шийдвэрлэсэн. Учир нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хариуцагчийн зүгээс нэг үл хөдлөх эд хөрөнгөд дахин давхар гэрчилгээг олгосон нь үнэн бөгөөд үүнийгээ ч хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрдөг. Гэтэл захиргааны уг хууль бус үйлдэл болон захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн үндэслэл муутай шийдвэрийн улмаас Н.А-тай ямар нэг өмчийн маргаангүй, хуульд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй болсон иргэн Д.М, түүний улсын бүртгэлийн Ү-220302.... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ 6 сарын дараа шууд хүчингүйд тооцогдохоор байгаа нь үндэслэл муутай шийдвэр болсон төдийгүй давж заалдах шатны шүүхээс энэхүү шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг тодорхой тайлбарласангүй.

9. Давж заалдах шатны шүүхээс хэрэглэсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэг болон энэ хэсэгт хамаарах харилцан үйлчлэл бүхий мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтын агуулга нь “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэснээс үзэхэд хууль хэрэглээний алдаа гарсан гэж үзэхэд хүргэж байна. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлаас үзэхэд бүртгэлийн байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгөд 2 гэрчилгээ давхардуулан олгосон нь үнэн буюу тодорхой бөгөөд Н.А, Д.Г болон Э.Ч нар хоорондын өмчийн маргаанаа иргэний шүүхээр шийдвэрлүүлж байгаа нь үнэн юм. Иргэний шүүхийн шийдвэрээр Н.А, Д.Г нарын аль нэг нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогдлоо гэж бодоход нэхэмжлэгч Д.М-ээс өөрт учирсан хохирлоо буруутай этгээд болох Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас нэхэмжлэх боломжтой юм.

10. Гэтэл захиргааны байгууллагын хууль бус актыг түдгэлзүүлж, хугацаа тогтоож, улмаар шинэ акт 6 сарын дотор гаргахыг даалгаад уг хугацаанд акт гаргаагүй бол Д.М, Э.Ч, Н.А нарын нэр дээрх 4 ширхэг өмчлөх эрхийн гэрчилгээ нэг зэрэг хүчингүй болохоор давж заалдах шатны шүүхээс шийдсэн. Энэхүү шийдвэрийнх нь үндэслэл нь “..нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэж байгаа нь ойлгомжгүй төдийгүй шударга бус, цаашлаад хууль хэрэглээний алдаа гэж үзэхээр байна. Учир нь энд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн нөхцөл байдал огт байхгүй буюу “нэг үл хөдлөх хөрөнгөд 2 гэрчилгээ давхардуулан бичиж өгсөн” захиргааны байгууллагын үйлдэл хууль бус болохыг тогтоож өгөхийг шүүхээс хүсэхэд “шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэсэн үндэслэлээр маргаан бүхий 2 үл хөдлөх хөрөнгөд олгогдсон 4 гэрчилгээ нэгэн зэрэг 6 сарын дараа хүчингүй болохоор шийдсэн нь ойлгомжгүй байна. Эдгээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа нөхцөлд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын зүгээс шинээр ямар нэг захиргааны акт гаргах боломж, нөхцөл, үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл бүртгэлийн байгууллага хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр эсхүл үндэслэл бүхий мэдүүлгийн үндсэн дээр л улсын бүртгэлд өөрчлөлт оруулах учиртай.

11. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой, хуулийн этгээд эсхүл нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар бол” захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж үл болох заалттай холбогдох иргэн Д.М болон хэргийн бусад оролцогч болох н.Б нарын хууль ёсны эрх, ашиг зөрчигдөх эсэхийг шалгах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, хуульд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээр баталгаажсан барьцааны гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлсэн бусад барьцаалагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол энэхүү магадлалын улмаас зөрчигдөхөд хүрэх нөхцөл байдал үүсэхээр байгааг тэмдэглэх нь зүйтэй.

12. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Анхан шатны шүүх гуравдагч этгээд Н.А-гын бие даасан шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байна” гэж дүгнэсэн бөгөөд энэхүү дүгнэлтийнхээ хууль зүйн үндэслэлийг тайлбарлахдаа “иргэн Д.Г маргаан бүхий 6 үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдуулан Э.Ч-тэй хамтран хөрөнгө оруулалт хийж, дундын хөрөнгөөр барьж бий болгосон гэсэн үндэслэлээр бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Харин Н.А “өөрийн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бусдын нэр дээр бүртгэсэн, өөрийн эзэмшлийн газар дээр баригдаагүй үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн газар дээр баригдаж байгаа мэтээр Э.Ч бүртгүүлсэн нь миний эрхийг зөрчиж байна” хэмээн бие даасан шаардлага гарган маргаж байхад эдгээрт хамаарах захиргааны байгууллагын үйл ажиллагаа болон үйл баримтыг үнэлж дүгнэсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй байна” гэжээ. Иргэн Д.Г, Н.А нарын нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, тодруулж байгаа үндэслэл нь ижил буюу “хуурамч, худал, алдаатай” кадастрын зургийг үндэслэн бүртгэл хийсэн гэж тайлбарладаг. Өмнө нь энэ үйл баримтыг дүгнэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байдаг. Харин өмгөөлөгчийн зүгээс энэхүү кадастрын зургийг “хуурамч” гэж үздэггүй бөгөөд мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй этгээдийн үйлдсэн “алдаатай” кадастрын зураг болно. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд Н.А-гын үндэслэл болгож байгаа энэхүү “алдаатай” зургийн талаарх үйл баримтыг дүгнэсэн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 187 дугаартай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул түүний гаргасан бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

13. Нэхэмжлэгч Э.Ч, Д.М нарын хүсэлтээр Н.А-гын нэр дээрх Ү-220303..., Ү-2203032... дугаар бүртгэгдсэн улсын бүртгэлийг маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх тухай шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШЗ2017/3268 дугаартай захирамж байсаар байтал давж заалдах шатны шүүхээс дахин давхар түдгэлзүүлж шийдвэрлэж байгаа нь хууль ёсны эсэхийг мөн хянуулах хүсэлтэй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасны дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Ч, Д.М нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, маргааныг эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

14. Давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

15. Эрхийн улсын бүртгэлийн байгууллага нь иргэн Н.А-гын “үл хөдлөх өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлэх тухай” 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2 хүсэлт холбогдох бусад баримтуудыг үндэслэн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт 3 хэсэг гудамж, 385 А/1, 385 А/2 тоот хаяг дахь тус бүр 183 м.кв талбайтай хувийн сууц, гараж /2 барилга/-ыг эрхийн улсын бүртгэлийн Y-220303...., Ү-2203032.... дугаарт бүртгэж, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000459..., 0004591.... дугаар бүхий гэрчилгээг тус тус олгосон, нэхэмжлэгч Э.Ч, Д.М нар нь “...давхардуулан бүртгэж хууль зөрчсөн” гэх үндэслэлээр дээрх бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

16. Мөн гуравдагч этгээд Н.А-гаас “...хуурамч баримт бичигт үндэслэн бүртгэсэн” гэх үндэслэлээр Э.Ч, Д.М нарын нэр дээрх Ү-220302...., Ү-2203025.... дугаар улсын бүртгэл, гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах бие даасан шаардлага гаргасан байна.

17. Эрхийн улсын бүртгэлийн байгууллага иргэн Э.Ч-гийн 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хүсэлт, хүсэлтэд хавсаргасан баримтуудыг үндэслэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт /14092/, 3 дугаар хэсэг гудамжны /98-1/, /98-2/ тоот хаяг дахь хувийн сууцны зориулалттай тус бүр 183 м.кв талбай бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр тус тус 80%-ийн гүйцэтгэлтэйгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-220302...., Ү-2203025... дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000242..., 0002426... дугаартай гэрчилгээг нэхэмжлэгч Э.Ч-д олгосон, /98-1/ тоот хаяг дахь барилгыг “Худалдах, худалдан авах гэрээ”-ний үндсэн дээр нэхэмжлэгч Д.М-д шилжүүлсэнийг 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр бүртгэж, түүнд 000323.... дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон, мөн 100%-ийн гүйцэтгэлтэйгээр эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах тухай Э.Ч-гийн хүсэлтийг үндэслэн /98-2/ тоотын барилгын өмчлөх эрхийн 000465.... дугаартай гэрчилгээг 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Э.Ч-д олгосон байх бөгөөд маргаан бүхий 2 үл хөдлөх хөрөнгө нь 3 өөр хүний нэр дээр бүртгэлтэй байгаа үйл баримт тогтоогдсон, хариуцагчаас тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн байршлын газрын кадастрын зураг, байрлах хаяг өөр өөр байсан учир Н.А-гын нэр дээр бүртгэл хийсэн гэж маргажээ.

18. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Н.А нь дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтдээ, нэгж талбарын 1864133266..... дугаартай газартаа 2012 оноос эхлэн бариулсан гэж дурдан, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, газрын кадастрын зураг, хаяг байршлын зураг, барилгуудын фото зураг, хаягийн тодорхойлолт зэрэг баримтуудыг хавсаргаж өгсөн байна.

19. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тэрээр шинээр бий болсныг нотлох баримт бичгийг үндэслэн бүртгэх”-ээр заасан, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.10-т “улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх баримт бичгийн загвар, маягт, холбогдох заавар, журмыг хуульд заасан журмын дагуу баталж мөрдүүлэх” гэж Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлсны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 1 дүгээр 17-ны өдрийн “Журам, заавар, маягт батлах тухай” 38 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ыг батлан мөрдүүлсэн байна.

20. Уг журмын 4.4-т “Шинээр баригдсан барилга байгууламж.../-ын/ өмчлөх эрхийг анхны удаа улсын бүртгэлд бүртгэхэд дараах шаардлагыг хангасан байвал зохино; 4.4.1-д энэхүү журмын 4.3-т заасан шаардлагыг хангасан байх” гэж заасны дагуу уг бүртгэлийг хийхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт бичиг бүрдсэн байхыг шаарджээ.

21. Гэтэл, Н.А-гын бүртгэл хийлгэх тухай хүсэлтэд уг маргаан бүхий 2 барилга нь шинээр бий болсонтой холбогдох баримт байгаагүйн зэрэгцээ Н.А, Б.П нар нь 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад “...маргаан бүхий барилгуудыг бүртгүүлэхээр бүрдүүлсэн Э.Ч-гийн материалд байгаа нэгж талбарын 1864133260..... дугаар бүхий газар дээр уг барилгууд баригдаагүй”-г дурдаж, Э.Ч-гийн нэр дээр хийгдсэн уг Ү-220302....., Ү-2203025..... бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах хүсэлт гаргаж байсан зэргээс үзвэл, тухайн 2 үл хөдлөх эд хөрөнгийг Н.А-гын нэр дээр 2015 онд бүртгэсэн бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.12-т “өөрийн гүйцэтгэсэн улсын бүртгэлийн хувийн хэргийн нотлох баримтын бүрдэл болон түүний үнэн зөвийг хуулийн өмнө хариуцах”, 11.5.14-т “шаардлагатай гэж үзвэл үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар биечлэн очиж, түүний хэмжээ, байршилтай танилцах” гэж заасан үүргээ биелүүлэлгүйгээс “давхар” бүртгэл хийж, хууль зөрчсөн байна.

22. Анхан шатны шүүх, маргааны үйл баримтуудад холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг /хориглох/” гэснийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Н.А-гын нэр дээрх уг бүртгэлийг хүчингүй болгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасантай нийцжээ.

23. Түүнчлэн, иргэн Б.П, Д.Г /гуравдагч этгээд Н.А-гын ээж/ нарын нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох “...Э.Ч-гийн нэр дээрх өмчлөх эрхийн Ү-220302..., Ү-2203025... /нийт 6 барилын бүртгэл/ дугаар улсын бүртгэл, холбогдох гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй хэргийн талаар гарсан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 187 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0402 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 312 дугаар тогтоолд... Э.Ч нь ...газрын байршлыг буруу тодорхойлсон кадастрын зургийг бүртгэлийн байгууллагад гаргасан, ...Н.А-гын эзэмшлийн газарт үл хөдлөх хөрөнгө барьсан үйлдлийн үр дагаврыг мэдүүлэг гаргагч /Э.Ч/ хүлээх талаар тодорхой дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

24. Үүнээс үзвэл, энэ хэрэгт гуравдагч этгээдээр татагдан оролцсон Н.А-гын гаргасан бие даасан шаардлага, үндэслэл, холбогдох хариуцагч, гэм буруугийн талаар дээрх шийдвэрээр нэгэнт тогтоосон учир түүний уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасанд нийцжээ.

25. Давж заалдах шатны шүүх, тухайн маргаанд хэрэглэх ёсгүй Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь зүйл, заалтыг хэрэглэсэн нь буруу, анхан шатны шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байхад маргаан бүхий 2 үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гуравдагч этгээд Н.А-гын нэр дээрх 2015 оны Ү-220303...., Ү-2203032... дугаар бүртгэл, нэхэмжлэгч Д.М-гийн нэр дээрх 2014 оны Ү-2203025.... дугаар, Э.Ч-гийн нэр дээрх 2013 оны Ү-220302..... дугаар бүртгэлүүдийг хариуцагчаас шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр анхан шатны шүүхийн шийдвэрт уг өөрчлөлтийг оруулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцэхгүй байна.

26. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д “эрхийн улсын бүртгэлийг давхардуулж, эсхүл хуурамч баримт бичигт үндэслэн хийсэн, түүнчлэн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн бол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр тухайн бүртгэлийн хөдөлгөөнийг түдгэлзүүлж, эрх бүхий байгууллагад шилжүүлж шалгуулна” гэж зааснаар тухайн тохиолдол үүссэн гэж үзсэн бол ерөнхий бүртгэгч нь хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэх үүрэгтэй, хэрэгт авагдсан нийслэлийн Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1/882 дугаар албан бичгээр “бүртгэлүүдийг хийлгэхдээ хуурамч бичиг баримт гаргасан” гэх асуудлыг гэмт хэргийн шинжтэй санаатай үйлдэл байж болзошгүй гэж эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдсоноос үзвэл давж заалдах шатны шүүх уг маргааныг шийдвэрлэхэд хэрэглэгдэхгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасныг хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй.

27. Иймд, дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Э.Ч, Д.М, тэдгээрийн өмгөөлөгч В.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0171 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0938 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ