Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 147/ШШ2024/00110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн  сумын 9-р *******, 69-40 тоотод оршин суух, ******* *******

 

            Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р *******, ******* 9-21 тоотод оршин суух, ******* *******, ******* ******* нарт холбогдох

 

            Гэрээний дагуу төлсөн 35,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгч Э.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч: (цахимаар)

            Хариуцагч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Д.******* (цахимаар)

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Б.*******, Д.******* нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний дагуу төлсөн 35,000,000 төгрөг гаруулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: 1.1.Нэхэмжлэгч овогтой нь хариуцагч Б.*******, түүний нөхөр Д.******* нартай 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зориулалттай байр худалдан авах зорилгоор гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Уг гэрээний нөхцөл нь гүйцэтгэгч тал болох Б.*******, Д.******* нар нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р *******ийн нутаг дэвсгэрт 1 гудамж, тоотын өргөтгөлийн барилгаас 2 давхарын, зүүн урд хэсгийн 39 мкв бүхий 1 өрөө байрыг 1мкв-ыг 1,000,000 төгрөгийн үнэлгээтэй нийт 39,000,000 төгрөгийн үнэтэй байрыг захиалагч тал болох Э.т барилгыг ашиглалтанд оруулаад хүлээлгэж өгөх байв. Захиалагч тал болох Э. нь тус худалдан авч буй байрны нийт үнийн дүнгийн 90% болох 35,000,000 төгрөгийг 2021 оны 11 сарын 22-ны өдөр төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 4,000,000 төгрөгийг барилгыг ашиглалтанд оруулаад хүлээлгэж өгөх цаг хугацаа буюу 2022 оны 6 дугаар сард төлж барагдуулж, тооцоо дуусгахаар гэрээгээр тохирсон.

Гүйцэтгэгч тал тус Эмнэлгийн байрыг тусгай зөвшөөрөлтэй ” ХХК-аар гүйцэтгүүлж байгаагаа гэрээнд тусгаж өгсөн. Мөн 2022 оны 6 дугаар сард бүрэн ашиглалтанд оруулж улсын комисст хүлээлгэн өгөх нөхцөлтэй байсан. Захиалагч Э. нь тус эмнэлгийн барилгыг дээрх хугацаандаа бүрэн ашиглалтанд орсны дараа үлдэгдэл 4,000,000 төгрөгийн үнийг бүрэн төлж эцсийн тооцоог хийж дуусгасны дараа 39 мкв 1 өрөө байрныхаа түлхүүрийг хүлээн авч үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлсэнээр өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулж авах байсан.

Гэтэл тус эмнэлгийн барилгыг гүйцэтгэгч талын зүгээс гэрээнд заасан хугацаа буюу 2022 оны 6 дугаар сард *******тааж бүрэн гүйцэт ашиглалтанд оруулаагүй бөгөөд үүнээс хойш өнөөдрийг хүртэл бүтэн нэг жил гаруй хугацаанд ч бүрэн гүйцэт ашиглалтанд оруулаагүй. Гэрээний хугацаа дуусаж, хоёр талаас гэрээний хугацааг сунгаагүй. Улсын комисс ч хүлээн авах боломжгүй нөхцөл байдал үүссэн байдалтай болоод байна. Учир нь тухайн эмнэлгийн баригдаж буй барилгын газрын асуудал нь маргаантай болсон юм байна. Захиалагчийн зүгээс бол гэрээний хугацаа дуусах өдөр болох 2022 оны 6 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл хүлээцтэй хандсан ч цаашид захиалгын дагуу дээрх 39 мкв бүхий 1 өрөө байраа хүлээж авах, бүрэн дүүрэн өмчлөлдөө шилжүүлэх тухай асуудал шийдэгдэнэ гэж хүлээх боломжгүй болсон гэдгээ гүйцэтгэгч тал болох Б.******* Д.******* нарт мэдэгдэж, байрны төлбөрт төлсөн 35,000,000 төгрөгөө буцаан авья гэдгээ илэрхийлэхэд уг мөнгийг буцаан олгохоор болж Э.******* дансыг аваад тун удахгүй шилжүүллээ гэдэг боловч өнөөдрийг болтол шилжүүлж өгөхгүй хохироогоод байна.

Шүүхэд хандахаас өмнө хариуцагч нараас эвийн журмаар мөнгөө авах гэсэн боловч хэзээ өгөх нь тодорхойгүй байсан. Хариуцагч талаас бид нараас шалтгаалаагүй учир 10 хувь болох 3,500,000 төгрөгийг суутган 31,500,000 төгрөгийг өгөхөд татгалзах зүйлгүй гэдэг. 10 хувийг суутгах ямар ч үндэслэл байхгүй. Бид хүү, алданги тооцоогүй. Иймд Б.*******, Д.******* нараас 35,000,000 төгрөгийг гаргуулж Э.т олгож, хохиролгүй болгож өгнө үү гэв. 

 

          2. Хариуцагч Д.******* нар нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.******* нэхэмжлэлтэй танилцлаа. 2021 оны 11 сарын 22-ны өдөр Б.*******тай  нь эмнэлгийн зориулалтай 39 мкв талбай бүхий байрыг худалдан авахаар гэрээ байгуулсан нь үнэн. Тухайн үед нэг мкв талбайн үнэ 1,000,000 төгрөг гэж тохиролцсон.

Гэвч ковидын дараах нөхцөл байдал арилаагүй, барилгын материалын үнэ нэмэгдэх, хилээр бараа оруулах зэргээр маш их хугацааг хил гааль дээр зарцуулдаг байснаас болж хугацаа алдсан. Мөн шатахууны үнэ нэмэгдэх олдоц *******асхад дагаад барааны үнэд нөлөөлөх зэргээр нөхцөл байдал өөрчлөгдсөн.

Түүнчлэн манай барилга барьж буй газрын хойд талд хаалга онгойх зайгүй аймгийн ИТХ-ын төлөөлөгч хашаа хатган барилга барьж эхэлсэн. Ингээд бид газрын маргаантай нэг хэсэг ажлаа зогсоож асуудлаа шийдэхээр зүтгэсэн. Арай гэж дээрх олон бэрхшээлийг даван туулж байшингаа барьж дуусгатал улсын комисс газрын маргаанаас болж манай барилгыг хүлээн авахгүй байна.

            Иргэн Э. 35,000,000 төгрөг өгсөн нь үнэн. Гэрээгээ цуцлах шаардлага тавьж 35,000,000 төгрөгөө гаргуулахаар нэхэмжилсэн байна. Гэхдээ би энэ мөнгийг ашиглалаа гээд өсгөж, үр өгөөж олоогүй. Тэгэхээр би дангаараа эрсдэлийг үүрэхгүй гэж үзэж байна. Гэрээний хугацаа сунгаагүй, гэрээг цуцлах саналаа 30 хоногийн өмнө мэдэгдэх ба энэ талаар бидэнд урьдчилан мэдэгдээгүй. Хэдийгээр улсын комисс хүлээж аваагүй ч бид 2 давхар барилгаа бариад дууссан. Учир нь бид барилгаа барихын тулд ашигласан материалын үнэ анх захиалсан үнээс өртөг нь нэмэгдсэн юм. Энэ тал дээр бид ойлголцохгүй зөвхөн өөрийгөө бодож захиалсан үнээ буцаан авна гэж маргадаг. Гэрээнээс татгалзсан асуудалтай маргах зүйлгүй. Уг байрыг улсын комисс хэзээ хүлээн авах нь тодорхойгүй байгаа тул миний хувьд энэ хүмүүсийг удаан хугацаагаар хохироохгүй гээд зөвшөөрч байгаа.

Гэрээний 2.6, 2.7 дахь хэсэгт заасан тохиолдол үүссэн. Тэгэхээр би дангаараа эрсдэл үүрэхгүй гэж үзэж байна. Надад хохиролтой байгаа учир 10 хувийн эрсдэлээ өөрсдөө үүрчих гэж хэлсэн. Хажууд нь миний том газар байгаа. Уг газраа зараад үлдсэн мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Ганц нэг хүмүүс тухайн байранд амьдарч байгаа. Би ус, дулааны мөнгө төлөх, банк, санхүүгийн эрсдэлд орсон. Би барилга барьдаг хүн биш, би хувийн шүдний эмнэлэгтэй, өөрийн түрээсийн байраа өргөтгөөд хүмүүсийг байртай болгоё гэж бодсон. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нар давуу эрхээрээ миний газар руу орсон. Миний хувьд өргөдөл өгөөгүй газар гэж байхгүй.

Иймд бид нэхэмжлэгч Э.ыг гэрээнээс татгалзсантай, цуцлахтай холбоотой үнийн дүнгийн 10 хувь 3,500,000 төгрөгийг суутган 31,500,000 төгрөгийг өгөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

            3. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 0037 дугаартай  итгэмжлэлийн хуулбар, 2021 оны 11 сарын 22-ны өдөр эмнэлгийн байр худалдан авах тухай гүйцэтгэгч тал хариуцагч Б.*******, Д.*******, захиалагч тал Э. нарын хооронд байгуулдсан гэрээ, хавсралтын хуулбар, нэхэмжлэгч  Э., хариуцагч Б.*******, Д.******* нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

 

Хариуцагч талаас 0167 дугаартай итгэмжлэлийн хуулбар, хариуцагчийн хариу тайлбар зэрэг нотлох баримтыг ирүүлсэн байна.

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Э. нь хариуцагч Д.*******, Б.******* нарт холбогдуулан гэрээний үүрэгт 35,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

2.1. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: Үүнд: Нэхэмжлэгч Э. нь хариуцагч  Д.*******, Б.******* нартай 2021 оны 11 сарын 22-ны өдөр байгуулсан эмнэлгийн байр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн 35,000,000 төгрөгийг гаргуулна гэж,

 

3. Хариуцагч Д.*******, Б.******* нар нь бидний хооронд байгуулсан гэрээний 2.6, 2.7-т заасны дагуу хариуцагчийн төлсөн 35,000,000 төгрөгийн 10 хувь болох 3,500,000 төгрөгийг суутгаж, үлдэгдэл 31,500,000 төгрөгийг л төлнө гэж, маргажээ.

 

4. Хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан зохигчийн тайлбар, бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Хариуцагч Д.*******, Б.******* нар нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р *******ийн нутаг дэвсгэрт баригдах Өргөтгөлийн барилгаас 2 давхарын зүүн урд хэсгийн 1 өрөө 39 мкв талбай бүхий байрыг барьж, хүлээлгэн өгөхөөр, нэхэмжлэгч нь мкв-ыг нь 1,000,000 төгрөгөөр тооцож, урьдчилгаанд 35,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 4,000,000 төгрөгийг байрыг хүлээн авсаны дараа төлж, худалдан авахаар тохиролцож, гэрээ байгуулсан байна.(хх-5-8х)

 

5. Гэрээний 2.6-т “ байрыг барьж байх явцад Монгол улсын хэмжээнд эрчим хүч, түлш, шатахуун 10 хувиар дээш огцом өссөн нөхцөлд 1мкв талбайн үнийн дүнг харилцан тохиролцож өөрчилж болно” гэж, 2.7-т “Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр тухайлбал усны үер, гал түймэр, газар хөдлөлт, нийтийг хамарсан дайчилгаа дээд газрын шийдвэрээр гэрээг хэсэгчилсэн хүчингүй болгосон тохиолдолд захиалагч хариуцлага хүлээхгүй” гэж, гэрээний 2.10-т захиалагч нь эмнэлгийн барилгыг 2022 оны 06 сард бүрэн ашиглалтанд оруулж улсын комисст хүлээлгэн өгөхөөр талуудын хооронд тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.

 

6. 2021 оны 11 сарын 22-ны өдөр байгуулагдсан эмнэлгийн байр худалдах, худалдан авах гэрээний агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

            7. Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тохиролцсон үнийг төлөх үүрэг хүлээнэ.

 

            8. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу урьдчилгаанд төлөх 35,000,000 төгрөгийг  төлсөн, дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй, харин гэрээнээс татгалзсантай холбогдуулан уг 35,000,000 төгрөгийн 10 хувь 3,500,000 төгрөгийг суутган 31,5000,000 төгрөгийг хариуцагч төлнө гэснийг эс зөвшөөрч маргаж байгаа.

 

  9. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д “аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэсний дагуу нэхэмжлэгч Э. энэ талаар хариуцагч нарт ашиглалтад орох хугацаа өнгөрснөөс хойш мэдэгдсэн талаар тайлбартаа хэлсэн ба гэрээнээс татгалзах саналыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч “уг байрыг биднээс шалтгаалахгүй шалтгаанаар комисс хүлээн авахгүй байгаа, уг байр хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй тул урьдчилгаанд төлсөн 35,000,000 төгрөгнөөс гэрээний 2.6, 2.7-д заасан үндэслэлээр 10 хувийг суутган авч, 31.500.000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэдгээ нэхэмжлэгчид хэлсэн боловч 10 хувь дээрээ тохиролцохгүй байгаа гэж тайлбарласан тайлбараар талуудын хооронд 2021.11.22ы өдөр байгуулсан “эмнэлгийн байр худалдах худалдан авах гэрээ” -ээс татгалзаж, энэ талаар нэхэмжлэгч мэдэгдсэн гэж үзэхээр байна.

 

          10. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж  заасан тул нэхэмжлэгч Э. нь худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн  35,000,000 төгрөгийг хариуцагч Д.*******, Б.******* нараас шаардах эрхтэй байна.

 

    11. Хариуцагч Д.*******, Б.******* нар нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн эмнэлгийн байр худалдан авах тухай гэрээний  2.6, 2.7 дахь хэсэгт зааснаар 10 хувийг суутган 31,500,000 төгрөгийг төлнө гэж нэхэмжлэлийг татгалзах боловч татгалзлаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Хариуцагч нар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-д заасны дагуу нотлоогүй байна.

 

12. Иймээс нэхэмжлэгчийн хариуцагч нартай байгуулсан 2021.11.22ы өдрийн байр худалдан авах гэрээ”-ний дагуу хариуцагч нараас 35,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

13. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,950  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******, Б.******* нараас 332,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

 1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1,  дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******, Б.******* нараас 35,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.т олгосугай.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,950  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******, Б.******* нараас 332,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.БОЛОРМАА