| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2110013050936 |
| Дугаар | 2022/ДШМ/154 |
| Огноо | 2022-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн, |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2022/ДШМ/154
2022 2 10 2022/ДШМ/154
Ч.Мд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Отгонсүрэн,
хохирогч Ц.Аийн өмгөөлөгч Ж.Оюунболд,
шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Ш.Мөнхцацрал,
нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЗ/2207 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Отгонсүрэнгийн бичсэн 2022 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 03 дугаартай прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Ч.Мд холбогдох 2110013050936 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ч.М нь 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зэд вилла хотхоны 605 тоотод Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ц.Атай “ажлын хөлс өгөөгүй” гэх шалтгаанаар маргалдан толгойн ар хэсэг рүү цохиж “тархи доргилт, сарвуунд зулгаралт, цус хуралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ч.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Мд холбогдох эрүүгийн хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэлээ. Үндэслэл нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заажээ.
Хавтас хэрэгт авагдсан гэрч Т.Н-н мэдүүлэгт: “гэрийн хаалга онгорхой байсан бөгөөд гэрт Эрдэнэсайхан орж ирээд Ч.Жг араас нь татаад, Ч.Мос манай нөхрийн өмсөж байсан хар өнгийн цамц нь тайлагдаад салсан. ...Энэ хооронд нөхрийн ах болон нөхөр хоёр Эрдэнэсайхан, Ч.М хоёрыг хаалгаар түлхээд гаргасан” гэх мэдүүлэг /хх 23/,
Гэрч Ч.Ж мөрдөн байцаалтад өгсөн: “...нэг танихгүй хүн дүү Ангангийг доош нь дарчихсан газар унагаагаад толгой хэсэг рүү нь гараараа цохиж байхаар нь дундуур нь орж салгасан. Гэрийн хаалга онгорхой байсан бөгөөд гаднаас нэг эрэгтэй хүн орж ирээд намайг түлхсэн. Тэр хоёрыг салгаад, танихгүй хоёр хүн гараад явсан” гэх мэдүүлэг /хх 28/ тус тус авагджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ. Гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргийн газар байсан гэх Эрдэнэсайханаас болсон үйл явдлын талаар мэдүүлэг авч хавтас хэрэгт тусгалгүй орхигдуулсан нь мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн шалгаагүй, хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүхий л арга хэмжээг аваагүй гэж үзэхээр байна. Иймд гэрч Эрдэнэсайханаас хэргийн талаар мэдүүлэг авах нь хэргийн бодит үнэнийг тогтооход чухал ач холбогдолтой.
Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөх гүйцэтгэх боломжгүй тул шүүгдэгч Ч.Мд холбогдох 2110013050936 дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв.
Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ч.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Отгонсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамж хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Хэрэгт авагдсан хохирогч Ц.А /Cui Angang/ “...Би эхнэр Т.Ннгийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Зэд вилла хотхоны 605 тоотод амьдардаг. Тухайн өдөр буюу 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр ажлаас тараад эхнэр бид хоёр 18 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн юм. Манай гэрт үеэл ах Цэн жи хуй нь байсан. ...18 цаг өнгөрч байхад хаалга нүдэхээр нь би очоод хаалгаа онгойлгосон чинь манай компанид ажиллаж байсан Ч.М ганцаараа орж ирээд “чи надад 50.000.000 төгрөг өг, өгөхгүй бол 5.000 төгрөгөөр чамайг алуулна шүү” гэж хэлсэн юм. ...Ч.М нь миний өмсөж байсан хар өнгийн поло загварын цамцнаас хоёр гараараа татаад доош нь дараад газар унагаасан тэгээд миний толгойн ар хэсэг рүү гараараа цохиод байсан.” гэсэн мэдүүлэг /хх 19-20/,
Гэрч Т.Нгийн “...2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр ...шатаар уруудаад явж байхад манай нөхрийг Ч.М нь толгойг нь доош нь дарсан байдалтай зүүн гараараа хүзүүн дээр нь дарсан, баруун гараараа толгойн ар хэсэгт цохиод байсан.” гэсэн мэдүүлэг /хх 23-24/ болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.М нь 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зэд вилла хотхоны 605 тоотод Ц.Атай “ажлын хөлс өгөөгүй” гэх шалтгаанаар маргалдан толгойн ар хэсэг рүү цохиж “тархи доргилт, сарвуунд зулгаралт, цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдох бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасан.
Эрдэнэсайхан гэгч нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэргийн үйл баримтын талаар тодорхой мэдэхгүй. Өөрөөр хэлбэл, гэрч Т.Н, Ч.Ж нарын мэдүүлгээр шүүгдэгч Ч.М, хохирог Ц.А нарыг салгах явцад гаднаас Эрдэнэсайхан нь орж ирж салгалцан шүүгдэгч Мөнхсоёмбыг авч явсан үйл баримт тогтоогддог тул түүнийг гэрчээр заавал байцаах шаардлагагүй юм.
Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Мд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЗ/2207 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Хохирогч Ц.Аийн өмгөөлөгч Ж.Оюунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ...” гэв.
Шүүгдэгч Ч.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын дүгнэлтийг эсэргүүцэж байна. Эрдэнэсайхан надтай хамт орсон. Хувийн орон сууц учраас үүднээс нь 3 метрийн зайтай автомашинаа тавиад дотогшоо орсон. Ороод шууд маргалдаагүй, хоорондоо ярилцаж байгаад маргаан үүссэн. Цохиж, зодсон зүйл байхгүй. Эрдэнэсайхан хамт байсан. Иймд энэ хүнээс мэдүүлэг авах ёстой гэдгийг цагдаад хэлж, утасны дугаарыг нь өгсөн. ...” гэв.
Шүүгдэгч Ч.Мын өмгөөлөгч Ш.Мөнхцацрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэрч Т.Н, Цэн Жи Хуй нар “хаалга онгорхой байсан, гаднаас Эрдэнэсайхан орж ирээд салгасан” гэж мэдүүлсэн. Эрдэнэсайханаас гэрчийн мэдүүлэг аваагүй учраас хаалга онгорхой байхад хэр хугацаанд харж зогссон бэ гэдэг нь тодорхойгүй байдаг. Гэрчийг зайлшгүй асуух шаардлагатай. Мөн дуудлагын лавлагааны хуудаснаас харахад “2 эрэгтэй хүн орж ирээд 1 нь манай нөхрийг зодоод байна” гэсэн дуудлага өгсөн байдаг. Тухайн үйл явдалд Эрдэнэсайхан нь зайлшгүй хамааралтай. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг Эрдэнэсайхан мэдэж байгаа. Эрдэнэсайхан нь мөн хохирогчоос мөнгөний авлагатай байсан учраас хамт явсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад Ч.Мд холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Ч.Мд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба шүүгчийн захирамжид дурдсан асуудлаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийн хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Түүнчлэн, шүүх хуралдаанд гэрч, хохирогч зэрэг хэргийн оролцогч нарыг оролцуулж хэргийг цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг тогтоох ажиллагаа хийх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх...”-ээр бичсэн прокурорын 2022 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 03 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Ч.Мд холбогдох хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Ч.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЗ/2207 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ч.Мд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Ч.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ