Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2023/0309/3 |
Дугаар | 128/ШШ2023/0613 |
Огноо | 2023-08-09 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2023/0613
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Т*******,
Нэхэмжлэгч: Д.Х*******,
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Г.Н*******,
Хариуцагч: Ц дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б*******, Х.Н*******
Маргааны төрөл: “Ц даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Албанаас халах, цагдаагийн цол хураах тухай” Б/ дугаар тушаал хуульд нийцсэн эсэх талаарх төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Т*******, Д.Х*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*******, Х.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч нар нь Ц даргын даргад холбогдуулан “Ц даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Албанаас халах, цагдаагийн цол хураах тухай” Б/ дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, цол болон ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгохыг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд,
2.1.Ц даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Албанаас халах, цагдаагийн цол хураах тухай” Б/ дугаар тушаалаар Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, хошууч Д.Х*******, Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Т нарыг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь халж, цагдаагийн цол тэмдгийг хураажээ.
2.2.Улмаар дээрх тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Д.Х******* нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр, нэхэмжлэгч Г.Т******* нь 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.
2.3.Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШЗ2023/5743 дугаар захирамжаар Д.Х*******ын нэхэмжлэлтэй, Ц даргад холбогдох захиргааны хэргийг Г.Тийн нэхэмжлэлтэй Ц даргад холбогдох захиргааны хэрэгт нэгтгэж шийдвэрлэсэн.
Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч Г.Т******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Зөрчлийн тухайд тус аймгийн Дарви сумын “Хавцгайн амны дунд хамар” гэх газарт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байх үедээ удирдлагаас өгсөн хууль бус тушаал шийдвэрийг биелүүлэн иргэдийг хамгаалалтын бүсэд нэвтрүүлэн, олборлолт хийж байх үед нь Дарви сумын тамгын газрын ажилчид, сумын хэсгийн төлөөлөгч нарын бүрэлдэхүүнтэй эргүүл ирэхэд иргэдийг өөрсдөө барьж саатуулсан мэтээр хууль бус үйлдлээ нуун дарагдуулсан үйлдлийн тухайд 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн Говь-Алтай аймгийн Дарив сум хавцгайн амны дунд хамар гэх нэртэй алтны постод мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Т******* миний бие ахлах ахлагч М.З*******ын хамт үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Үүрэг гүйцэтгэж эхлэх үед ямар нэгэн зааварчилгаа өгч гарын үсэг зуруулаагүй, тушаал шийдвэр гаргаагүй. 2023 оны 01 дүгээр 18-ны 15 цагийн орчимд тухайн алт гарч байгаа цэгийг М.З*******ын хамт мотоциклоор явж шалгахад хэвийн байсан. Тухайн өдрийн 21 цагийн орчимд постын гэрийн ойролцоо толгодын цаана машины гэрлүүд гарсан тул М.З*******ын хамт мотоциклоор явж машинуудыг шалгах гэтэл зугтаж гүйцэгдээгүй тул буцаад постын гэр дээрээ ирэхэд 2 хүн алхаж байсан ба шалгахад “танай дарга нартай чинь ярьсан хүмүүс байна, нүх рүүгээ оруулчих” гэдэг байдлаар хандахад зөвшөөрөөгүй. Тухайн үйл явдалтай зэрэгцэн сумын Засаг даргын тамгын газрын ажилчид, хэсгийн төлөөлөгчийн хамт постын гэр дээр УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслээр ирсэн ба нүх рүү очихоор явсан. Барьсан 2 хүнээ хараад гэр дээрээ байж байтал тэд буцаж ирээд нүх ухагдсан талаар надад хэлсэн. Би аймгийн цагдаа руу болон цагдаагийн газрын дарга хурандаа Мт энэ талаар утсаар мэдэгдсэн. Сумаас ирсэн хүмүүс тэгсгээд буцаад явсан. Баригдсан 2 хүн буюу М*******, Г******* нарын хамт явсан хүмүүс гэр дээр ирэхэд нь хүмүүсээ авч явахыг шаардсан. Ланд-80 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүнийг саатуулах зорилгоор машины түлхүүрийг авах гэхэд машин руугаа гүйж, суугаад зугтаасан ба түүнээс өмнө мотоциклын сэвчээг тасалсан байсан тул араас нь хөөж чадаагүй. Сумаас нэмэлтээр хэсгийн төлөөлөгч Быг дуудуулж, нүхийг хамгаалж хоносон. Гэрэл зургаар бэхжүүлсэн.
Тэгээд миний бие ирсэн бүрэлдэхүүний хамт аймгийн төв рүү явсан. Надтай хэв журмын тасгийн дарга, хошууч Д.Х******* болон дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Л нар аль аль нь утсаар холбогдоогүй. Хүмүүс ирэх болон хүмүүсийг оруулах талаар яриа өгүүлэл гаргаагүй. Миний бие захирагч даргын хууль бус шийдвэрийг хүлээн авч биелүүлсэн асуудал байхгүй. Тухайн барьсан гэх Г*******, М******* гэх хүмүүсийг огт танихгүй ба мөнгө төгрөг авсан асуудал бас байхгүй. Ц дотоод хяналтаас алба хаагчид ирж албаны шалгалт хийж "болсон үйл явдал"-ын талаар надаас илтгэх хуудас бичүүлж авсан. Тухайн хамгаалалтад байгаа газар руу иргэдийг оруулсан, алт олборлуулсан ямар ч үйл баримт тогтоогдоогүй ба тухайн асуудалд хамааралгүй болохоо тайлбарлаж, баримтыг гаргаж өгсөн. Иймд зөрчил гаргаагүй тул уг зөрчил гэх зүйлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй.
Б/ дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн-ийг эш татсан байна. Ноцтой гэдгийг ямар ч байдлаар шалгаж тогтоогоогүй ба харин ч тухайн өргөсөн тохиолдолд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хууль зөрчигчийг саатуулсан болно. Цагдаагийн албаны тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 Цагдаагийн албаны тухай хууль, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл оногдуулна/-ийг эш татсан байна. Төрийн албаны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.-т Төрийн албаны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ" хэмээн заасан ба мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1.-т “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” хэмээн нэмэгдэл баталгааг тогтоож өгсөн. Тэгэхээр хуулийг буруу хэрэглэсэн байна. 2.3. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх-ийг зөрчсөн гэжээ. Гэвч аль хуулиар хүлээсэн ямар үүргээ хэрхэн биелүүлээгүй талаар тушаалд заагаагүй байна. 2.4. Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.3, 2.1.4, 2.1.5, 2.1.10, 2.3.6, 2.3.8, 2.3.10, 2.3.12, 2.4.5-ыг зөрчсөн гэжээ. Дээрх заалтуудыг хэрхэн зөрчсөн талаар тушаалд нэг бүрчлэн тайлбарлаагүй тул зөрчлийг үгүйсгэсэн тайлбар гаргах боломж байхгүй байна. Харин Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм нь эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан https://legalinfo.mn/mn-д байхгүй ба Ц албан ёсны сайт https://police.gov.mn/p/29692-д байгаа ч ЗХХА-ын бүртгэлд бүртгэгдсэн мэдээлэл байхгүй байх тул уг дүрмийн заалтыг зөрчсөн хэмээн шийтгэл ногдуулах нь Захиргааны ерөнхий хуульд нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл захиргааны акт нь хуульд үндэслээгүй бөгөөд бодит байдалтай нийцээгүй гарсан.
Сахилгын зөрчил шалгах ажиллагааг Засгийн газар, ТАЗ-өөс хамтран баталсан журмын дагуу явуулаагүйгээс гадна сахилгын шийтгэл ногдуулахдаа сонсох ажиллагаа хийгээгүй, холбогдох баримттай танилцуулаагүйгээс тушаал хууль ёсны болж чадаагүй. Иймд үндэслэлгүйгээр ногдуулсан сахилгын шийтгэл нь ажлаа чөлөөтэй сонгох, цалин хөлс авах Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж байгаа тул түүнийг сэргээлгэхээр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.
3.2.Нэхэмжлэгч Д.Х******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Дарви сумын Хавцгайн амны дунд хамар гэх газарт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдад хууль бус үүрэг, чиглэл өгч хамгаалалтын бус руу иргэдийг оруулж, хууль бусаар газрын хэвлийд халдаж, гар аргаар газрын ховор элемент алт олборлуулсан гэх зөрчлийн тухайд, Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаар ажиллаж байхад буюу 2023 оны 01 дүгээр 17-ны өдөр, дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа М.Л 88 дугаарын утаснаас миний өөрийн 80090761 дугаарын утсанд залгаж “эрүүгийн цагдаагийн албанаас тэтгэвэртээ гарсан ахмад ажилтнууд Дарив сумын Хавцгай амны алтны хамгаалалт руу орж үзэх юм байна, постод үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч руугаа яриад хэлчих гэсний дагуу постод үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн цагдаа, ахлах ахлагч М.З*******т “2 ахмад ажилтан очно, та хоёртой уулзах байх” гэж 89 дугаарт залгаж хэлсэн. Маргааш өглөө нь 6 цагийн үед постод үүрэг гүйцэтгэж байсан М.З******* залгаад “хэсэг алтны нинжа нар хамгаалалтад авсан газар руу алт ухах гээд ирсэн” талаар хэлсэн. Үүний дараа Ц дотоод хяналтаас алба хаагчид ирж албаны шалгалт хийж “болсон үйл явдал”-ын талаар надаас илтгэх хуудас бичүүлж авсан. Тухайн хамгаалалтад байгаа газар руу иргэдийг оруулсан, алт олборлуулсан ямар ч үйл баримт тогтоогдоогүй ба тухайн асуудалд хамааралгүй болохоо тайлбарлаж, баримтыг гаргаж өгсөн. Ташрамд дурдахад эргүүлийн цагдаа, ахлах ахлагч М.З******* албаны шалгалт хийсэн алба хаагчдад “тасгийн дарга, хошууч Д.Х******* над руу яриад чи наад хүмүүсээ оруулж алт ухуулаад гарсан алтнаас нь хувь хүртээрэй” гэж ор үндэслэлгүй зүйл ярьсан байсныг сүүлд мэдсэн ба тэрээр мөн албаны шалгалтаар халагдсан.
Б/ дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн/-ийг эш татсан байна. Ноцтой гэдгийг ямар ч байдлаар шалгаж тогтоогоогүй ба харин ч тухайн тохиолдолд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хууль зөрчигчийг саатуулсан болно. Цагдаагийн албаны тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 Цагдаагийн албаны тухай хууль, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл оногдуулна-ийг эш татсан байна. Төрийн албаны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.-т “Төрийн албаны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” хэмээн заасан ба мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1.-т “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” хэмээн нэмэгдэл баталгааг тогтоож өгсөн. Тэгэхээр хуулийг буруу хэрэглэсэн байна.
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх-ийг зөрчсөн гэжээ. Гэвч аль хуулиар хүлээсэн ямар үүргээ хэрхэн биелүүлээгүй талаар тушаалд заагаагүй байна. Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.3, 2.1.4, 2.1.5, 2.1.10, 2.3.6, 2.3.8, 2.3.10, 2.3.12, 2.4.5-ыг зөрчсөн гэжээ. Дээрх заалтуудыг хэрхэн зөрчсөн талаар тушаалд нэг бүрчлэн тайлбарлаагүй тул зөрчлийг үгүйсгэсэн тайлбар гаргах боломж байхгүй байна. Харин Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм нь эрх зүйн мэдээллийн нэгдсэн https://legalinfo.mn/mn-д байхгүй ба Ц албан ёсны сайт сан https://police.gov.mn/p/29692-д байгаа ч захиргааны хэм хэмжээний актад бүртгэлд бүртгэгдсэн мэдээлэл байхгүй байх тул уг дүрмийн заалтыг зөрчсөн хэмээн шийтгэл ногдуулах нь Захиргааны ерөнхий хуульд нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл захиргааны акт нь хуульд үндэслээгүй бөгөөд бодит байдалтай нийцээгүй гарсан. Сахилгын зөрчил шалгах ажиллагааг Засгийн газар, ТАЗ-өөс хамтран баталсан журмын дагуу явуулаагүйгээс гадна сахилгын шийтгэл ногдуулахдаа сонсох ажиллагаа хийгээгүй, холбогдох баримттай танилцуулаагүйгээс тушаал хууль ёсны болж чадаагүй. Иймд үндэслэлгүйгээр ногдуулсан сахилгын шийтгэл нь ажлаа чөлөөтэй сонгох, цалин хөлс авах Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж байгаа тул түүнийг сэргээлгэхээр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.
3.3.Нэхэмжлэгч Д.Х******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Миний бие Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын нийтийн хэв журмын даргаар ажиллаж байх хугацаанд буюу 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тухайн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн дарга “н.Л гэдэг хүн цагдаагийн байгууллагаас ажлаар дайрч яваан байна. Дарви сумын алтны илэрц бүхий газрыг очиж үзэх юм байна гээд постод гарч байгаа 2 цагдаа руугаа утасдаад яриад хэлчих гээд над руу 88 дугаараас залгаж ярьсан Н.Лгээс энэ хоёр хүн ямар учиртай хүмүүс юм алт ухах гэж байгаа юм уу ямар зорилгоор явж байгаа юм гэж асуухад алт ухах зорилго байхгүй тэр газрыг үзэх юм гэсэн” гэж хэлсэн. Тухайн постод үүрэг гүйцэтгэж байсан н.З******* гэдэг албан хаагч руу яриад цагдаагийн байгууллагаас тэтгэвэртэй гарсан хоёр хүн ерөнхий газрыг нь очиж үзэх юм байна очоод үзүүлчхээд гаргачхаарай гээд н.З*******т хэлсэн. н.З*******т хэлсэн тухайн өдөр над руу таны хэлсэн хүн ирэх юм уу гэж хэлээгүй маргааш өглөө нь 6 цагт алтны нинжа нар ирж хамгаалалт авсан пост руу ирчихсэн байхаар нь саатуулсан байна гэдэг байдлаар над руу ярьсан. Цагдаагийн дарга удирдлагууд руу танилцуул гэж ярьж хэлсэн. Болсон үйл явдал бол ерөнхийдөө ийм. Нэхэмжлэлийн тухайд энэ асуудал дээр сүүлд нь Ц дотоод хяналтаас албаны шалгалт хийгээд албаны шалгалтаар тухайн хамгаалалтад байгаа газар руу намайг иргэдийг оруулж алт ухуулсан олборлуулсан гэдэг байдлаар Ц даргын тушаал гарч ажлаас халагдсан байгаа. Миний н.З*******т хэлсэн зүйл бол наад хүмүүсээ оруулаад ерөнхий газрын нөхцөл байдлыг харуулаад явуулчих гэдэг зүйл ярьсан. Гэтэл тухайн албаны шалгалтаар н.З******* нь юу гэж мэдүүлэг өгсөн гэхээр хэв журмын тасгийн дарга Д.Х******* над руу яриад наад хүмүүсээ оруулаад, алт ухуулаад, ухсан алтнаас нь чи хувь аваарай гэж над руу үүрэг өгч ярьсан гэж ор үндэслэлгүй ярьсныг нь би сүүлд нь ажлаасаа халагдсаны дараа мэдсэн. Тухайн үед албаны шалгалт хийгээд ажил албанаас халах гэж байна гэсэн би албаны шалгалттайгаа танилцъя ямар үндэслэлээр ажлаас халах гэж байгаа юм гэж хэлсэн. Тухайн үед би Говь-Алтай аймагт ажилтай байсан учраас цахимаар, албаны шалгалттайгаа танилцъя гэх мэдэгдлийг гараар бичээд явуулсан. 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Ц даргын Б/ тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөөд 03 дугаар сарын 20-ны үед ирсэн цагдаагийн ерөнхий газар дээр очоод би албаны шалгалттайгаа танилцъя ямар үндэслэлээр ажлаас халагдчихав гэж хэлсэн гэрч Г.Г гэдэг хүн чи одоо ажлаасаа халагдчихаад юутайгаа танилцдаг юм, юу үзэх гээд байгаа юм гэдэг байдлаар надад хэлсэн. Ажлаа зүгээр хийж байсан хүн ажлаасаа халагдсан яагаад халагдсаныг мэдэх гээд үзсэн тэгтэл н.З******* гэдэг хүн намайг хоёр хүн оруулаад, алт ухуулаад ухсан алтнаас нь хувь хүртээрэй гэж мэдээлэл өгсөн байсан. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл, Монгол улсын Үндсэн хуульд зааснаар үүргээ биелүүлээгүй гэж албанаас халсан байгаа. Тэгэхээр энэ тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэдэг хүсэлтэй байна” гэв.
3.4.Нэхэмжлэгч Г.Т******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Миний бие нь н.З*******ын хамт 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Дарви сумын, Онцгой ам гэх газарт постод ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хөл хөдөлгөөнгүй хэвийн үйл ажиллагаагаа явуулж байсан. 01 дүгээр сарын 18-ны орой 22 цагийн орчимд постын гэрийн урдуур машины гэрэл тусаад эхэлсэн гэрэл гарсантай холбоотойгоор н.З*******ын хамт албаны мотоциклоо унаад нөхцөл байдлыг шалгахаар урд талын талбай руу гарсан алтны илэрцтэй толгодын урд талд 5,6 машины гэрэл холхилдож байсан. Тухайн алтны пост руу явах боломж нь тухайн постынхоо гэрийн урд талын замаар очих боломжтой. Ард тал хойгуураа машин явах, очих боломжгүй машины хөдөлгөөнийг саатуулъя тухайн хүмүүсийг ямар зорилгоор явж байгааг нь зогсоож шалгая гэдэг байдлаар мотоциклтой явсан. Гадаа цас орсон нөхцөл байдал хүнд байсан.
Тухайн машинтай хөөцөлдөөд 2 цагийг авсан буцаж яваад гэрийн постын ойролцоо ирэхэд, гэрийн постын ойролцоо хоёр хүн алхаж явсан тухайн хүмүүсийг ямар зорилготой явж байсныг тодруулсан. Тус үйл явдалтай давхцаад гэрийн постын гадаа У машинтай сумын тамгын газрын хүмүүс болон хэсгийн төлөөлөгчид ирсэн байсан. Тухайн хүмүүс ямар зорилгоор яах гэж ирснийг нь мэдэхгүй. Сумын тамгын газрын хүмүүс болон хэсгийн төлөөлөгчид ирэхэд тухайн газар дээр болсон процесс, үйл явдлын талаар тус явж байсан хоёр хүнийг саатууллаа гэж хэлсэн. Тэр хоёр хүнийг саатуулаад биеийн байцаалтыг нь шалгаад цагдаагийн газрын дарга н.Мт утсаар эхэлж хэлж танилцуулаад дараа нь вайбераар зураг, мэдээллийг нь явуулаад танилцуулан мэдэгдсэн, мөн цагдаагийн газрын 102 дугаарт, би өөрийн дугаараас ярьсан зүйл хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Хамт үүрэг гүйцэтгэж байсан н.З*******ын албаны шалгалт хийх үеийн мэдүүлэг дээр Г.Т*******т, Д.Х******* даргатай ярьсан талаар хэлсэн Г.Т******* тухайн үеийн процессыг мэдэж байсан гэдэг байдлаар мэдүүлсэн. Миний тухайд ямар нэгэн захирагч даргатай гар утсаар болон бусад холбоо, мэдээллээр ярьсан зүйл байхгүй, яриагүй гэдгээ баталсан өөрийнхөө утасны дугаарын билл буюу жагсаалтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. н.З******* нь өмнөх гэрчээр асуусан асуултад тодорхой хариулсан байгаа түүнийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад шинжлэн судлуулъя. Мөн тухайн барьсан гээд байгаа хүмүүстэй ямар нэгэн холбоогүй бөгөөд мөнгө аваагүй гэдэг байдлаар дансны хуулгаа гаргаж өгсөн. Миний дуудлагын дагуу маргааш 16 цагийн үед тухайн газарт ирсэн тухайн хүмүүс хэргийн газрыг үзлэгт хамт байсан. Хэргийн газрын үзлэгээр тус газар нүхийг дээрээс нь бөглөсөн асуудал байна тэгэхээр алт олборлоод ухаад шинээр нүх үүссэн, ухсан нүх, багаж хэрэгслийн зүйл алга байна гэж хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгч хэлдэг. Миний хувьд тус газарт үүрэг гүйцэтгэж байхдаа ямар нэгэн байдлаар алт олборлуулсан зүйл байхгүй. Мотоциклтой хөөцөлдөөд явж байхад хойгуур нь гарч ирээд тухайн нүхний хойно машинаа тавьж нүхийг хөндсөн асуудал байгаа, би мотоциклтой хөөцөлдөөд явж байсан болохоор тэрийг мэдэх бололцоо гараагүй, тэгэхээс би гэртээ сууж байгаад тэр хүмүүсийг оруулсан зүйл байхгүй. Явсан зам маршрутын талаар ч маргааш ирсэн бүрэлдэхүүнд мөрдөгч н.Мгийн хамт явж, ингэж энэ замаар явсан гэдгээ ярьсан зүйлээ болон явсан маршрутаа шалгуулсан, дуу, дүрсний бичлэг хийгдсэн баримтууд устсан, алга болсон талаар н.Мгийн өөрийн тайлбар хавтаст хэрэгт авагдсан байгаа. Албаны шалгалт хийсэнтэй холбоотой Г.Г хошууч намайг гурван удаа дуудаж асуусан. Би болсон процесс, үйл явдлынхаа талаар ярьсан Д.Х******* даргатай болон захирагч даргатай ярьсан уу гэж асуухад, яриагүй гэж үнэнээ хэлдэг мөнгө төгрөг авсан уу гэж асуухад тийм асуудал байхгүй гэж үнэнээ хэлдэг тэгтэл чамаас мэдээлэл тайлбар авах шаардлагагүй гэдэг. Мөн 3 удаа дуудаж асуухад яагаад нэг байдлаар тайлбараа гаргаад байгаа юм, хулгайч шигээ болчихсон новш байна гэж намайг харааж өрөөнөөсөө гаргасан. Хамгийн сүүлд илтгэх хуудас бичиж өгдөг илтгэх хуудсан дээр бичсэн зүйлээ эх сурвалжаар нотлохын тулд дээрх нотлох баримтыг гаргаж өгсөн. Халсан тушаалын тухайд гэвэл даргын хууль бус тушаалыг биелүүлсэн, хамгаалалтын бүс рүү нэвтрүүлсэн, хуйвалдаж тохиролцсон хүмүүсээ барьсан мэтээр хууль бус үйлдлээ нуун далдалсан гэсэн байгаа. Тэгэхээр миний тухайд эдгээр хүмүүстэй ямар нэгэн холбоо байхгүй, цаг алдалгүй цагдаагийн газрын даргад мэдэгдсэн, цагдаагийн байгууллагын 102 дугаарт мэдэгдсэн талаар баримтууд байгаа. Тийм учраас албан тушаалыг халсан шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Тэгэхээр ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цагдаагийн цол, нийгмийн даатгалын төлөлтийг нөхөн гаргуулах, мөн эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
3.5.Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Н******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Г.Т*******ийн тухайд Д.Х*******тай яриагүй гэдэг нь ярианы хуулгаар нотлогдож байна. Тэгэхээр яриагүй гэдэг нь юу гэхээр хууль бус шийдвэр биелүүлсэн гэж энэ хүнийг буруутгах боломжгүй. Алт олборлуулсан гэдэг олборлуулсан алт нь нотлох баримтаар хэрэг дотор байхгүй. Өөрөөр хэлбэл зөрчлийн гарцаагүй шалгаж тогтоосон зүйл байхгүй. Д.Х*******ын тухайд тэр хоёр тэтгэвэрт гарсан хүн нөхөн сэргээлт хийе гэсэн юм байна. Тэгэхээр н.Л гэдэг хүн нөхөн сэргээлт хийх гэсэн юм гээд хэлчхэж Д.Х******* сэндийччихсэн газар дээр нөхөн сэргээлт хийнэ гэж ойлгоод тэр хүмүүсийг оруулчихсан юм байна. Оруулсныхаа төлөө, тэтгэврийн хүмүүс бие биеэ ойлгоод компани байгуулаад л гэж ойлгоод тэр хүмүүсийг оруул гэсэн болохоос биш алт ухах гэж байна оруулчих гэсэн бол хууль бус шийдвэр болох байсан. Тэгэхээр аль аль нь дээр зөрчлийг гарцаагүй шалгаж тогтоож чадаагүй учраас тушаал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
4.Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Алтай аймгийн Дарви сумын Жавхлант багийн Хавцгайн амны дунд хамар гэх газарт иргэд гар аргаар газрын ховор элемент ашигт малтмал хууль бусаар олборлосон асуудалд тус аймгийн цагдаагийн алба хаагчид холбогдсон байж болзошгүй гэх алба хаагчийн буруутай үйлдэл байгаа эсэхийг шалгаж тогтоох Зорилгоор цагдаагийн байгууллагаас албаны шалгалт явуулсан. Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Л, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Х******* нар 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус аймгийн Дарви сумын Хавцгайн амны дунд хамар гэх газарт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Т*******, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М.З******* нарт хууль бус үүрэг, чиглэл өгч хамгаалалтын бүс рүү иргэн Г.Г*******, Т.М*******, Н.Э болон бусад иргэдийг оруулж, хууль бусаар газрын хэвлийд халдаж гар аргаар газрын ховор элемент алт олборлуулсан. Мөн тухайн үед хамгаалалтын постод үүрэг гүйцэтгэж байсан Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Т*******, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М.З******* нар удирдлагаас өгсөн хууль бус тушаал, шийдвэрийг биелүүлэн дээрх этгээдүүдийг хамгаалалтын бүсэд нэвтрүүлэн, олборлолт хийж байх үед нь Дарви сумын засаг даргын тамгын газрын ажилчид, сумын хэсгийн төлөөлөгч нарын бүрэлдэхүүнтэй эргүүл ирэхэд Г.Г*******, Д.М******* нарыг өөрсдөө барьж, саатуулсан мэтээр хууль бус үйлдлээ нуун дарагдуулсан үйлдэл гаргажээ. Түүний гаргасан дээрх үйлдэл нь буюу Дарви сумын Хавцгайн амны дунд хамар гэх газарт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байх үедээ удирдлагаас өгсөн хууль бус тушаал шийдвэрийг биелүүлж, иргэдийг хамгаалалтын бүсэд нэвтрүүлэн, олборлолт хийж байх үед нь Дарви сумын тамгын газрын ажилчид, сумын хэсгийн төлөөлөгч нарын бүрэлдэхүүнтэй эргүүлийн хэсэг ирэхэд иргэдийг өөрсдөө барьж саатуулсан мэтээр хууль бус үйлдлээ нуун дарагдуулсан үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.3, 2.1.10, 2.3.6, 2.3.8, 2.3.10, 2.3.12, 2.4.5, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2.1.4, 2.1.5 дахь заалтад заасныг тус тус зөрчсөн тул цагдаагийн төв байгууллагын даргаас өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд цагдаагийн албанаас халсан шийдвэрийг буруутгах үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч Д.Х*******ын Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. Говь-Алтай аймгийн Дарви сумын Жавхлант багийн “Хавцгайн амны дунд хамар” гэх газарт иргэд гар аргаар газрын ховор элемент ашигт малтмал хууль бусаар олборлосон асуудалд тус аймгийн цагдаагийн алба хаагчид холбогдсон байж болзошгүй” гэх алба хаагчийн буруутай үйлдэл байгаа эсэхийг шалгаж тогтоох зорилгоор цагдаагийн байгууллагаас албаны шалгалт явуулсан. Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Л, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Д Х******* нар 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус аймгийн Дарви сумын “Хавцгайн амны дунд хамар” гэх газарт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Т*******, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М.З******* нарт хууль бус үүрэг, чиглэл өгч хамгаалалтын бүс рүү иргэн Г.Г*******, Т.М*******, Н.Э болон бусад иргэдийг оруулж, хууль бусаар газрын хэвлийд халдаж гар аргаар газрын ховор элемент алт олборлуулсан.
Нэхэмжлэгч Д.Х******* нь “Хавцгайн амны дунд хамар” гэх газарт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдад хууль бус үүрэг, чиглэл өгч хамгаалалтын бүс рүү иргэдийг оруулж, хууль бусаар газрын хэвлийд халдаж гар аргаар газрын ховор элемент алт олборлуулсан буруутай үйлдэл гаргажээ. Мөн тухайн үед хамгаалалтын постод үүрэг гүйцэтгэж байсан Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Т*******, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М.З******* нар удирдлагаас өгсөн хууль бус тушаал, шийдвэрийг биелүүлэн дээрх этгээдүүдийг хамгаалалтын бүсэд нэвтрүүлэн, олборлолт хийж байх үед нь Дарви сумын засаг даргын тамгын газрын ажилчид, сумын хэсгийн төлөөлөгч нарын бүрэлдэхүүнтэй эргүүл ирэхэд Г.Г*******, Д.М******* нарыг өөрсдөө барьж, саатуулсан мэтээр хууль бус үйлдлээ нуун дарагдуулсан үйлдэл гаргажээ. Түүний гаргасан дээрх үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.3, 2.1.10, 2.3.6, 2.3.8, 2.3.10, 2.3.12, 2.4.5, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.4, 2.1.5 дахь заалтад заасныг тус тус зөрчсөн тул цагдаагийн төв байгууллагын даргаас өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд цагдаагийн албанаас халсан шийдвэрийг буруутгах үндэслэлгүй юм. Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт Цагдаагийн алба хаагч дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтны гаргасан хууль бус шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж, үндэслэлээ тайлбарлах эрхтэй гэж зохицуулсан байдаг. Иймд нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Монгол улсын нутаг дэвсгэрт алтны илэрц их байгаатай, алттай холбоотой асуудал сүүлийн үед хамгаалалтад ажиллаж байгаа цагдаа нар, ганцхан нэхэмжлэгчид биш өөр бусад аймагт алттай холбоотой асуудал их гарч байгаа. Ер нь бол Ц дарга шийдвэр гаргахдаа Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар Ц даргад өөрт нь эрх олгосон байдаг, цагдаагийн эргүүл харуулын үнэлгээний дүн болох, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам зэргийг батлах эрхтэй гэж зааж өгсөн байдаг. Энэ эрхийнхээ дагуу 2017 онд Цагдаагийн албаны тухай хууль шинээр батлагдаж, мөрдөгдсөнөөс хойш цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам буюу код журам гэдгийг Ц дарга өөрөө баталдаг, нэмэлт өөрчлөлт оруулдаг, хүчингүй болгодог шинэчилж, өөрчлөлт оруулдаг эрхийг одоо ч эдэлж байгаа. Тэр код журам буюу тэр журмын 112-т заасны дагуу байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт болон албаны шалгалт зохион байгуулах гэсэн код журам байдаг. Тэр код журмын дагуу энэ албан хаагч нарт Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын дарга өөрөө дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, дотоод хяналт аюулгүй байдал хариуцсан Ц дэд даргад хандсаны үүднээс явж энэ албан хаагчдын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.
Эрх зүйн үндэс эх сурвалж нь тэндээс эхлэлтэй. Яагаад н.М хурандаа өөрөө тэндээ албаны шалгалт хийгээгүй заавал Ц дотоод хяналт шалгалтаас, албаны шалгалт хийлгэе гэсэн болохоор дотоодын албан хаагч нар холбоотой манай удирдах албан тушаалтнууд бас холбоотой юм шиг байна тийм учраас бид нар дотроосоо албаны шалгалт хийлгэхээр үнэн зөв, байх магадлал байхгүй учраас яаралтай албан хаагч нарт албаны шалгалт хийлгэж өгнө үү гэж хүсэлт гаргасны дагуу энэ албаны шалгалт хийгээд явж байгаа. Г.Т******* өөрөө хэлж байна шууд удирдах дарга нараас болон тухайн аймгийн цагдаагийн газрын удирдах албан тушаалтнуудаас өгсөн хууль бус тушаал, шийдвэрийг биелүүлж, дээрх этгээдүүдийг хамгаалалтын бүсэд нэвтрүүлсэн, тэгээд нэвтрүүлсэн иргэд болох н.Г*******, н.М******* нарыг өөрсдөө барьж саатуулсан мэтээр хууль бус үйлдлээ нуун далдалсан гэдэг үндэслэлээр Төрийн албаны тухай хууль болон Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэд хэдэн заалтуудыг зөрчсөн гэдэг үндэслэлээр ажлаас халсан байгаа. Яагаад заавал н.З******* гэдэг хүнийг дурдаад, яагаад 112 гэдэг код журмыг яриад байна гэхээр энэ нь өөрөө 112 гэдэг код журмынхан зорилго нь Ц дарга офицеруудыг томилох эрх бүхий албан тушаалтан нь өөрөө шийдвэр гаргахдаа, мэдээ мэдээлэл авах болсон нөхцөл байдлыг үнэн зөвөөр тогтоолгох үүднээс хяналт шалгалтыг зохион байгуулаад хяналт шалгалт дээр цугларсан баримт дээр үндэслээд албан хаагч нартай ямар сахилгын шийтгэл оногдуулах уу, ажлаас чөлөөлөх, эсхүл цол бууруулах, албан тушаал бууруулах уу гэдэг асуудлыг шийдвэрлэх зорилгоор хийсэн албаны шалгалт. Тэр албаны шалгалт дээр Г.Т*******ийн тухайд н.З******* өөрөө хэлсэн байдаг надтай Д.Х******* дарга ярьсан үүнийг н.З******* өөрөө мэдэж байсан, харин Г.Т*******тэй, Д.Х******* дарга яриагүй н.З*******ын ярьж байсан утсыг өгөөд өөрөө ч энэ утсаар ярьсан гэдэг тайлбар албаны шалгалтын материалд авагдсан энэ тайлбарыг нь үндэслээд албанаас халж шийдвэрлэсэн байгаа. Д.Х******* мөн адил өөрөө хууль бус шийдвэр өгсөн одоо болохоор ерөнхий байдлыг үзүүл гэдэг зүйл яриад байна.
Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авсан объект байгаа тохиолдолд ямар нэгэн байдлаар хүнд үзүүлэх нь байтугай нэвтрүүлэхгүй байх чиг үүрэгтэй хамгаалж байгаа л объект, үзүүлчих гэдэг үг хэлснээрээ энэ хүн өөрөө зөрчил үйлдсэн нь хангалттай нотлогдож байна. Мөн өөрийнхөө тасгийн албан хаагч нартай ч үүнийг оруулсан байх ёстой гэдэг байдлаар хандаж байгаа. Тэр хүн бас энэ хүний талаар юу гэж мэдүүлэг өгсөн яасан талаар асуудлууд нь яг тэр н.З******* гэдэг хүний албаны шалгалтын материалд өгсөн тайлбар дээр тодорхой тусгагдсан байдаг бөгөөд үүнийг үндэслэж Ц дарга шийдвэр гаргасан. н.З******* гэдэг хүн Г.Т*******ийн нэхэмжлэл дээр гэрчээр асуугдсан байдаг. Тэр үед худлаа ярьсан юм уу, худлаа яриагүй юм уу гэдэг гэрчийн мэдүүлэг Г.Т******* өөрөө өгөөгүй Г.Т******* ч байсан би ч байсан, гэрч асуухад нэхэмжлэгчийн өмгөөлөгч байгаагүй.
Юу гэж асуусан гэхээр таны энэ өгсөн тайлбараас болоод тэнд Ц дарга албаны шалгалтын материалтай танилцахаар ийм үйл явдал болсон байна, эд нар утсаар яриад тохиролцсон байна гэдэг санаа өгөгдсөн болохоор ингээд энэ хүмүүсийн асуудал албанаас халах асуудал үүсээд энэ чинь ийм нөхцөл байдал байна гэхээр өөрөө болохоор би тэр үед сандраад тийм мэдүүлэг өгсөн болохоос, худлаа ярьсан, Г.Т*******тэй, Д.Х******* даргыг огт яриулаагүй гэж гэрчийн мэдүүлэг дээр н.З******* гэрч яриагүй байдаг, бөгөөд 2 цаг гаруй гэрчээс нэхэмжлэгч тэр, хариуцагч талаас ч асуулт асуусан. Тийм учраас хоёр нэхэмжлэгчид холбогдон гарсан Ц даргын акт нь өөрөө хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан баримтууд, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, нэхэмжлэгч Г.Т*******, Д.Х******* нарын Ц даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Ц даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/ дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.3, 2.1.10, 2.3.6, 2.3.8, 2.3.10, 2.3.12, 2.4.5, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.4, 2.1.5 дахь заалтад заасныг тус тус зөрчсөн тул гэж үзэж 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон Г.Т*******, Д.Х******* нарыг албанаас халах шийтгэл оногдуулжээ.
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Цагдаагийн алба хаагчийг дараахь тохиолдолд цагдаагийн албанаас хална” гээд 82.1.1-д “өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн” гэж, мөн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д “Цагдаагийн албаны тухай хууль, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл оногдуулна”, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.10-д “цагдаагийн албан хаагч дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтны гаргасан хууль бус шийдвэрийг биелүүлэхээс татгалзах”, 2.3.8-д “албан тушаал, хуулиар олгосон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, далайлган сүрдүүлэх, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албан ажилд ашиглахгүй байх”, 2.3.10-д “цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа үйлдэл, эс үлдэл гаргахгүй байх” гэж тус тус заажээ.
3.Нэхэмжлэгч Г.Т*******ээс “...Говь-Алтай аймгийн Дарви сумын Хавцгайн амны дунд хамар нэртэй газар албанаас өгсөн үүргийн дагуу эргүүл хийж, үүрэг даалгавар гүйцэтгэсэн, зөрчил гаргасан иргэдийг саатуулсан, маргаан бүхий тушаалын үндэслэл болсон хуулийн зохицуулалтуудын алийг нь зөрчсөн болохыг тайлбарлаагүй, захиргааны хэм хэмжээний нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй хуулийн заалтыг үндэслэж ажлаас халсан” гэж, нэхэмжлэгч Д.Х*******аас “...Говь-Алтай аймаг, Дарви сумын Жавхлант багийн “Хавцгайн амны дунд хамар нэртэй газарт гаднын ямар ч иргэдийн нэвтрүүлээгүй ба тухайн асуудалд ямар ч хамааралгүй, хүчингүй болгуулахаар маргаж буй Ц даргын Б/ дугаар тушаал үндэслэлгүй” гэж, хариуцагчаас “...Г.Т*******ийг удирдлагаас өгсөн хууль бус үүрэг чиглэлийн дагуу хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй нэвтрүүлсэн үйлдээ нуун дарагдуулах зорилгоор өөрсдөө барьж, саатуулсан мэтээр хууль бус үйлдлээ нуун дарагдуулсан, Д.Х*******ыг тус маргаан бүхий газарт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчдад хууль бус үүрэг, чиглэл өгсөн, хууль бусаар газрын хэвлийд халдаж гар аргаар газрын ховор элемент болох алт олборлуулсан” гэж тус тус маргажээ.
4.Нэхэмжлэгч Д.Х******* Говь-Алтай аймгийн Дарви сумын Хавцгайн амны дунд хамар нэртэй газар луу явсан цагдаагийн байгууллагын ахмад ажилтан 2 хүнийг огт танихгүй, уулзаж байгаагүй гэж тайлбарлаж, Ц даргын Б/ дугаар тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх боловч дараах баримтаар нэхэмжлэгч Д.Х*******ын гаргасан зөрчил тогтоогдож байна. Үүнд:
-Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, Цагдаагийн ахлах ахлагч М.З*******ын 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “тасгийн дарга Д.Х******* 2023 оын 01 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн утаснаас аймгийн төвөөс 2 хүн явууллаа, нүхрүү оруулаарай гэж хэлсэн” гэх тайлбар,
-Нэхэмжлэгч Д.Х*******ын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “...Тухайн өдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Цагдаагийн дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Лгээс цагдаагаас тэтгэвэртэй гарсан 2 ажилтан Дарив сумын алт руу орж үзэх юм гэнэ, чи постонд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид руугаа хэлээрэй гэж хэлсэн” гэх илтгэх хуудас,
-Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын дэд дарга бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа М.Лгийн 2023 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн “Д.Х*******тай уулзаад чи өөрийн хариуцсан алба хаагчид хэлээд хамгаалалтын бүс рүү оруулаад өгчих гэж хэлсэн, энэ дагуу Т, З******* нар луу эндээс ярьсан” гэх тайлбар,
4.Нэхэмжлэгч Г.Т******* нь “зөрчил гаргасан иргэдийг саатуулсан, маргаан бүхий тушаалын үндэслэл болсон хуулийн зохицуулалтуудын алийг нь зөрчсөн болохыг тайлбарлаагүй, захиргааны хэм хэмжээний нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй хуулийн заалтыг үндэслэж ажлаас халсан” гэж гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж буй дараах баримт, гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Үүнд:
-Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, Цагдаагийн ахлах ахлагч М.З*******ын 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Д.Х******* эхлээд надтай утсаар ярьсныхаа дараа миний гар утсаар Г.Т*******тэй ярьж халсан, Г.Т******* ч өөрөө болж байгаа асуудлыг мэдэж байсан” гэх тайлбар,
-Нэхэмжлэгч Д.Х*******ын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “...Тухайн өдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Цагдаагийн дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Лгээс цагдаагаас тэтгэвэртэй гарсан 2 ажилтан Дарив сумын алт руу орж үзэх юм гэнэ, чи постонд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид руугаа хэлээрэй гэж хэлсэн” гэх илтгэх хуудас,
-Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын дэд дарга бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа М.Лгийн 2023 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн “Д.Х*******тай уулзаад чи өөрийн хариуцсан алба хаагчид хэлээд хамгаалалтын бүс рүү оруулаад өгчих гэж хэлсэн, энэ дагуу Т, З******* нар луу эндээс ярьсан” гэх тайлбар зэрэг болно.
5.Дээрхээс нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нарт оногдуулсан сахилгын шийтгэл хуульд нийцсэн, нэхэмжлэгч нар нь Төрийн албаны тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд заасан зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
6.Мөн нэхэмжлэгч нараас маргаан бүхий захиргааны актыг танилцуулаагүй, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй гэж маргаж буй боловч нэхэмжлэгч Г.Т*******т 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдөр сонсох ажиллагааны тэмдэглэл хөтөлсөн, харин Д.Х*******т маргаан бүхий захиргааны актыг танилцуулсан, мэдэгдсэн талаар тэмдэглэл хөтлөөгүй хэдий ч энэ нь дээрх зөрчлийг үгүйсгэх, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болох үндэслэл болохгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж заасан бөгөөд Ц даргын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/201 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм нь зөвхөн тухайн байгууллагын албан хаагч нарт чиглэсэн, нийтээр заавал дагаж мөрдөх шинжийг агуулаагүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д заасан бүртгэл хийлгэсэн байхыг шаардахгүй.
Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 97 дугаар зүйлийн 97.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Т*******, Д.Х******* нарын нэхэмжлэлтэй Ц даргад холбогдох, Ц даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Албанаас халах, цагдаагийн цол хураах тухай” Б/ дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, цол болон ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгохыг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч
нарын тус бүр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ