| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 320/2026/0115/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/159 |
| Огноо | 2026-04-07 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Даваахүү |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2026/ШЦТ/159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж, шүүгч Г.Даваахүү, шүүгч А.Дөлгөөн нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо,
Иргэдийн төлөөлөгч Х.М-,
Улсын яллагч Б.Даваахүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2638000000014 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Б-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б- нь нь 2025 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 6 дугаар баг, ... тоотод байх өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.М-ын цээжин тус газарт зэвсэг буюу хутгаар хутгалж, улмаар эрүүл мэндэд нь цээжний зүүн талд далны шугамаар 7, 8 хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол учруулж “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2638000000014 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.Б- нь нь 2025 оны 12 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн ... сумын 6 дугаар баг ... тоотод байх өөрийн гэртээ хохирогч Г.М-ын цээжин тус газарт хутгалж, улмаар эрүүл мэндэд нь цээжний зүүн талд далны шугамаар 7, 8 дугаар хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий хүнд гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-ийн өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, их харамсч байна...” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9 тал/,
Хохирогч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 12 дугаар сарын 21-ний орой ... суманд миний хуурай дүү нар болох Д.М- эхнэртэйгээ, М-, Б.Б-, түүний эхнэр Б.Н- нар ... сумын ... дугаар багийн нутагт байрлах “... " ирж хоол ид гэхээр нь би эхнэрийн хамт очиж хоол идээд ганц шил архи хувааж ууцгаагаад дээр нь нэмж хэдэн пиво уусан. Тэгээд тухайн газраас гараад Б.Б-ийг эхнэртэй нь хамт гэрт нь хүргэж өгөхөөр үүдэнд нь очсон. Манай гэрт нэг том пиво байгаа түүнийг ууцгаая гэхээр нь би эхнэрийн хамт гэрт нь ороод тухайн пиво ууж байсан. Б.Б- эхнэр рүүгээ уурлаад хагалсан түлээ нүүлгээд ...би Б.Б-ийг боль гээд орон дээр дараад унасан. Тэгээд байж байтал миний зүүн гар талын далан тус газар гартаа хоёр хутга барьж байгаад Б.Б- миний дороос хутгалсан. Тухайн үед би Б.Б-ийг хутга гартаа авсан эсэхийг мэдээгүй байсан. ...Б.Б- бид хоёрын дунд ямар нэгэн хэрүүл маргаан болсон асуудал байхгүй. ...Би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,
Иргэний нэхэмжлэгч Ж.Т-ийн: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Г.М- нь 2025 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойш нийт 1,337,664 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тус тус авсан нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ... дугаартай дансанд ...нөхөн төлүүлж өгнө үү...” гэх нэхэмжлэл /хх-ийн 15-16, 113-114 тал/,
Гэрч Д.М-ын өгсөн: “...Би 2025 оны 12 дугаар сарын 21-ний орой 18:00 цагийн үед Б.Б-, М-, М- ахын гэр бүл гээд 4 гэр бүлээрээ шинэ жилийг тэмдэглэе гээд ... сумын төвд байрлах. “... " хоол идээд 1 шил 0,75 л архи хувааж уугаад нэг сагс 0,5 л лаазтай касс нэртэй пиво хувааж ууцгаасан ...Тэгээд ...би эхнэртэйгээ түрүүлээд гэртээ харихаар явсан. Тухайн үед намайг байхад ямар нэгэн хэрэлдэж маргалдсан асуудал гараагүй. Гэртээ хариад унтаж байсан. Б.Н- манайд ирсэн Б.Б- М- ахыг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд би Б.Н-тай хамт яваад эмнэлэг дээр М- ахыг сахиж хоносон. Өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,
Гэрч Б.Н-ын өгсөн: “... 2025 оны 12 дугаар сарын 21-ний орой ...Б.Б- бид хоёрыг М- ах эхнэртэйгээ гэрт хүргэж өгөөд манайд нэг том пиво байгаа түүнийг ууцгаая гэж хэлээд манай гэрт орцгоосон. ...Б.Б- над руу түлээ, хүүхдийн гутал зэрэг шидээд байсан. Тэгсэн М- Б.Б-ийг боль гээд зууралдаад байсан. Нэг мэдсэн миний толгой руу ногоон өнгийн халуун тогоогоор цохисон. Би газар унасан М- ах М- нар Б.Б-ийг манай зүүн талын орон дээр дарсан байсан. Тэгээд би 1 нас 5 сартай хүүхдээ аваад мөн манайд унтаж байсан Г- гэдэг хүүхдийн хамт машиндаа суугаад гараад явсан. Том хүүхдээ урдаас нь очиж аваад эргээд тойроод эмнэлгийн хажуугаар явсан. М- ахын машин эмнэлэг дээр ирж байхаар нь очсон чинь М- ах Б.Б-д хутгалуулсан гээд ирсэн байсан. Тэгээд би орой нь хамт ууж байсан Д.М- гэдэг айлд очиж Б.Б- М- ахыг хутгалсан гэж хэлээд эмнэлэг дээр авч ирж бид нар эмнэлэг дээр хоноцгоосон. Тэгээд Б.Б- гараад явсан олдохгүй хайж байгаад маргааш нь айлын эзэнгүй хашаанаас олдсон. ...Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгох шаардлага байхгүй надад гэмтэж бэртсэн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,
Гэрч Б.М-ын өгсөн: “... 2025 оны 12 дугаар сарын 21-ний орой ...Тэгээд ахынд пиво ууцгаагаад явцгаахаар гарч Д.М- түрүүлээд эхнэртэйгээ гэртээ харихаар явсан. Би эхнэртэйгээ гэртээ харьж галаа түлчихээд Б.Б-ийн гэрт очиход М- ах эхнэртэйгээ, Б.Б-, Б.Н- нар 1 том пиво уугаад сууж байсан тухайн пивоноос нь уулцаж байсан. Б.Б- эхнэр рүүгээ уурлаад эхнэрийгээ цохих гээд байхаар нь боль гээд зууралдаж байсан. Тэгж байсан Б.Б- халуун тогоогоор эхнэрийнхээ толгой руу нэг удаа цохисон. Эхнэр нь газар унасан М- ах Б.Б-ийг зүүн талын орон дээр дарж байсан. Тэгээд М- ах босож ирээд намайг хутгалчихлаа гэсэн. Тэгэхээр нь хувцсыг нь тайлаад харсан зүүн талын дал орчим хоёр газраас цус гарч байсан. Тэгээд М- ахыг аваад ... сумын эрүүл мэндийн төвд хүргэсэн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир сайн тод санахгүй байна. М- ахыг Б.Б- хутгалсан нь бол үнэн. Тэр хоёр Б.Б-ийн зүүн талын орон дээр ноцолдоод байсан. Хутга хаанаас гаргаж ирсэн талаар надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/,
Гэрч Д.П-гийн өгсөн: “...Юу болсон талаар Б.Н- руу залгаж асуухад М- ахын бие муудаад эмнэлэгт ирсэн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,
Гэрч Д.Б-ын өгсөн: “...2025 оны 12 дугаар сарын 21-ний орой ...Манай нөхөр М- над руу залгаад Б.Б- намайг хутгалчихлаа хурдан хүрээд ир гэсэн. Тэгээд очиж М-ыг М- бид хоёр аваад эмнэлэг дээр очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн дэслэгч Х.Ө-гийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 23 дугаартай: “...1. Г.М-ын биед цээжний зүүн талд далны шугамаар 7,8 хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 3. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр тал/,
Хохирогч Г.М-ын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 68-86 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,
Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би 2025 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Д.М-, М-, М- ахын гэр бүл гээд 4 гэр бүлээрээ шинэ жилийг тэмдэглэе гээд ... сумын төвд байрлах "... " хоол идээд 1 шил 0,75 л архи хувааж уугаад нэг сагс 0,5 л лаазтай пиво хувааж ууцгаасан. Тэгээд байж байтал М- ах дүү нартаа баярлалаа гээд нэг "Домч бор" гэдэг нэртэй архи авч өгөөд түүнийгээ бүгдээрээ хувааж ууцгаасан. Тэгээд дахин хэдэн пиво уусан. Тэгээд ... зоогийн газраас гараад М- ах эхнэртэйгээ намайг эхнэрийн хамт гэрт хүргэж өгсөн гэсэн. Надад мэдэх зүйл байхгүй би согтсон байсан. Нэг мэдсэн манай хашааны үүдэнд П- гэдэг найз маань намайг тэвэрсэн уйлаад байхаар нь би яасан юм гэж асуусан чи М- ахыг хутгалсан гэж хэлэхээр нь гараа харсан миний гар цус болсон байсан. Хамт байсан хүмүүс эмнэлэг явсан гэж байсан. Тэгээд би айгаад гэрээсээ гараад төвийн дээд тал руу явж байгаад эзэнгүй хашаанд хоноод маргааш өглөө нь эмнэлэг дээр очсон. Би энэ үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 56 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бариул хэсэг 11 сантиметр, ажлын хэсэг 13 сантиметр хэмжээтэй бор модон иштэй ахуйн хэрэглээний 2 ширхэг хутга зэрэг биет нотлох баримтуудыг шинжлэн судалснаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Х.М- гаргасан саналдаа: “....Б.Б- нь хүний биед ноцтой гэмтэл учруулсан гэм буруутай байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Ганчимэг нарын зүгээс гэм буруугийн асуудлаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9 тал/, хохирогч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/, иргэний нэхэмжлэгч Ж.Т-ийн нэхэмжлэл /хх-ийн 15-16, 113-114 тал/, гэрч Д.М-ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/, гэрч Б.Н-ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/, гэрч Б.М-ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/, гэрч Д.П-гийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/, гэрч Д.Б-ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн дэслэгч Х.Ө-гийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 23 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр тал/, хохирогч Г.М-ын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 68-86 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/, шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 56 тал/ зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Б.Б- нь нь 2025 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... дугаар баг, ... тоотод байх өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.М-ын цээжин тус газарт хутгалж, улмаар эрүүл мэндэд нь цээжний зүүн талд далны шугамаар 7, 8 хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий хүнд гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан тайлбарт: “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөнд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, зэвсэг, эд зүйл, хэрэгслийг” ойлгох бөгөөд хутга нь тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлд хамаарч байх тул шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл зөв байна.
Шүүгдэгч Б.Б- нь хохирогч Г.М-ын цээж рүү зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу хутгаар хутгалж, биед нь цээжний хөндийн нэвтэрсэн шарх бүхий хүнд гэмтэл учруулж, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндэд халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Б- нь хохирогч Г.М-ын цээж рүү зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу хутгаар хутгалж, биед нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчийн үйлдэл, гэмт хэргийн сэдэл шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоо зэргийг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл зөв, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.М-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь нотлогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Г.М- нь шүүгдэгч Б.Б-эс эмчилгээний зардалд 3,100,000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч нөхөн төлсөн болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогч Г.М-ын нотариатаар гэрчлүүлсэн гар бичвэр, Хаан банкны 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байна.
Иргэний нэхэмжлэгч Ж.Т- нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Г.М-ын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 1,337,664 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Б- нөхөн төлсөн болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б-ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-ийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйл хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.4-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.Б-ийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйл, хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэргийн 62-66 талд авагдсан ... зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б-ийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Эрүүгийн 2638000000014 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бариул хэсэг 11 сантиметр, ажлын хэсэг 13 сантиметр хэмжээтэй бор модон иштэй ахуйн хэрэглээний 2 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР
ШҮҮГЧИД Г.ДАВААХҮҮ
А.ДӨЛГӨӨН