Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2024/01868

 

2024 оны 4 сарын 29-ний өдөр

Дугаар 183/ШШ2024/01868

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн **-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, ** тоотод байрлах Х ХК /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, **-р хороо, Буянт-Ухаа ** хороолол, ***-р байр, ** тоотод оршин суух З-н М /РД:******/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 6,916,065.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б овогт Х-ийн Э, хамтран зээлдэгч Б овогт З-н М нар Х Банктай 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дугаар № ЦЗГ0301/200109 тоот Цалингийн зээлийн гэрээ байгуулан 4,500,000 төгрөгийг сарын 1.7 %-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн болно. Зээлдэгч X.Э, 3. М нар Дугаар № **** тоот Цалингийн зээлийн гэрээний Хавсралт № 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банкыг хохироож байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон зэргийг үндэслэн зээлдэгч Х овогтой Э /РД: ****/, хамтран зээлдэгч З овогтой М /РД: ****/ нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгчийн Дугаар № **** тоот Цалингийн зээлийн гэрээний 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэлд: Үндсэн зээл 4,001,653.85 төгрөг, үндсэн хүү 2,580,325.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 320,086.07 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг, нийг: 6,916,065.80 төгрөг. Талуудын хооронд байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 09-иий өдөр Дугаар № **** тоот Цалингийн зээлийн гэрээ-ний гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон тул Зээлдэгч Х овогтой Э, хамтран зээлдэгч З овогтой М нараас үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүүгийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болон шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гарсан зардалд нийт 6,916,065.80 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт Х-д олгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч нар нь 2020-01-09 нд зээлийн гэрээ байгуулсан ба гэрээ З.Э нь нас барсан тул хамтран хариуцагч М-с үүргийг бүхэлд нь шаардана. Үндсэн зээл 4,001,653.85 төгрөг, үндсэн хүү 2,580,325.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 320,086.07 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг, нийг: 6,916,065.80 төгрөг гаргуулж өгнө үү, задалж хэлбэл гэрээний хугацаан дах хүүгийн үлдэгдэл 1,593,153 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 987,172 төгрөг, хариуцагч тал нийт 5 удаагийн төлөлт хийснийг хүлээн зөвшөөрч тооцоонд оруулсан гэв.

 

2. Хариуцагч З.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: З овогтой М миний бие 2024.02.09-ний өдөр ирэ хэрэгтэй танилцаж хариу тайлбар бичгээр өгөв. Манай нөхөр болох Х овогтой Э нь хүнд өвчний улмаас 2023.12.22-ны өдөр бурхан болсон юм. Энэ банкнаас авсан зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлөөгүй бид нарын буруу бөгөөд төлж боломжгүй олон нөхцөл байдал үүссэн юмаа. Би одоогоор 5 хүүхдийн хамт зорилтот бүлгийн энгийн түрээсийн байранд амьдардаг бөгөөд одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа бөгөөд миний энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж өгнө үү. Зээлийн цаг хугацаанд нь төлөөгүй шалтгаан гэвэл цар тахлын хүнд байдал, элэгний хорт хавдрын сүүлийн шатанд орсон онош тогтоогдож энэ өвчинтэйгөө 1 жил 9 сар тэмцээд таалал төгссөн. Иймд хүнд өвчин туссан хүний ар гэр бүл маш их санхүүгийн хүнд нөхцөлд ордог юм билээ. Энэ байдлыг минь харгалзан үзэж надад цалингийн зээлийг надад боломжит нөхцөлөөр хаах хугацаа олгож өгнө үү. Мөн энэхүү зээлийн хүүг зогсоож өгнө, зээлийн даатгалын сангаас төлөх боломж юу байдгийг судалж өгнө үү хэмээн хүсэж хариу тайлбар бичлээ.гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ байгуулагдсан, 4,500,000 төгрөгийг 30 сарын хугацаанд хүү 1250,000 төгрөгийн хамт эргүүлэн төлөх байснаас 138,866, 120,996, 118,217, 120,266 , 448,646 төгрөгийн төлөлтийг хийсэн. Үндсэн зээлийн үлдэгдэл 4,001,653 төгрөг дутуу, хүү 1250,000 аас 450,000 төгрөгийг хасахаар 800,000 төгрөг , үүний 20 хувь 250,000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харагдаж байна. Зээлийг 2024-01-15 хүртэл бодох үндэслэлгүй бөгөөд 30 сарын л хүү төлөхөөс хэтэрсэн хугацааны хүү гэж төлөх ёсгүй. 2 хариуцагчтай гэсэн утгаар дээрх мөнгөний тал хувь буюу 2,525,827 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, 5 хүүхэдтэй учраас төрийн банкнаас хугацаа хүсэж байна гэж дамжуулсан. Нотариатын зардал гэж баримт нь байхгүй , өвлөгч биш болохоор бас төлөх үүрэггүй гэж үзэж байна, Шүүх даанч өвлөх эрхийн гэрчилгээ гарсан эсэхийг тодруулаагүй гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №**** дугаартай цалингийн зээлийн гэрээ, зээлийн гүйлгээ хийх шийдвэр, Цалингийн барьцаат зээлийн өргөдөл, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, А.Э-д олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023.12.18-ны өдрийн албан бичиг, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.16-ны өдрийн 181/ШШ2023/00824 дугаартай шийдвэр, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.30-ны өдрийн 101/ШЗ2023/00642 дугаартай захирамж, нотариатын төлбөр төлсөн баримт, Х.Э, З.М нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020.09.09-ний өдрийн 6/8053 дугаартай албан бичиг, Х.Э-ын зээлийн дансны хуулга, зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

4. Хариуцагч талаас иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, Х.Э-ын нас барсан гэрчилгээний хуулбар, Э.Г, Э.Э, Э.Ч, Э.Г, М.Ү нарын төрсний бүртгэлийн лавлагаа, З.М-ын Хасбанк дахь дансны хуулга зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Шүүх хариуцагчийн хүсэлтийн дагуу Х ХК-иас Х.Э-ын **** тоот дансны 2021.01.01-ний өдрөөс 2024.03.31-ний өдөр хүртэлх орлого, зарлагын дэлгэрэнгүй хуулга, шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан эсэх лавлагаа зэрэг баримтыг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Зээлдэгч Б овогт Х-ийн Э, хамтран зээлдэгч Б овогт З-н М нар Х Банктай 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дугаар № **** тоот Цалингийн зээлийн гэрээ байгуулан 4,500,000 төгрөгийг сарын 1.7 %-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн болно. Зээлдэгч X.Э, 3. М нар Дугаар № **** тоот Цалингийн зээлийн гэрээний Хавсралт № 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. З.Э нь нас барсан тул хамтран хариуцагч М-с үүргийг бүхэлд нь шаардана. Үндсэн зээл 4,001,653.85 төгрөг, үндсэн хүү 2,580,325.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 320,086.07 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг, нийг: 6,916,065.80 төгрөг гаргуулж өгнө үү, задалж хэлбэл гэрээний хугацаан дах хүүгийн үлдэгдэл 1,593,153 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 987,172 төгрөг, хариуцагч тал нийт 5 удаагийн төлөлт хийснийг хүлээн зөвшөөрч тооцоонд оруулсан гэв.

 

3.Хариуцагч С.М нь нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг өгсөн. Үүнд: Х овогтой Э нь хүнд өвчний улмаас 2023.12.22-ны өдөр бурхан болсон юм. Зээлийн гэрээ байгуулагдсан, 4,500,000 төгрөгийг 30 сарын хугацаанд хүү 1250,000 төгрөгийн хамт эргүүлэн төлөх байснаас 138,866, 120,996, 118,217, 120,266 , 448,646 төгрөгийн төлөлтийг хийсэн. Үндсэн зээлийн үлдэгдэл 4,001,653 төгрөг дутуу, хүү 1250,000 аас 450,000 төгрөгийг хасахаар 800,000 төгрөг , үүний 20 хувь 250,000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харагдаж байна. Зээлийг 2024-01-15 хүртэл бодох үндэслэлгүй бөгөөд 30 сарын л хүү төлөхөөс хэтэрсэн хугацааны хүү гэж төлөх ёсгүй. 2 хариуцагчтай гэсэн утгаар дээрх мөнгөний тал хувь буюу 2,525,827 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, 5 хүүхэдтэй учраас төрийн банкнаас хугацаа хүсэж байна гэж дамжуулсан. Нотариатын зардал гэж баримт нь байхгүй , өвлөгч биш болохоор бас төлөх үүрэггүй гэж үзэж байна гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Х.Э, З.М нар нь Х ХК-тай 2020 оны 1 дүгээр сарын 09 ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулж , 4.500,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 1,70 хувийн хүүтэй зээлсэн болох нь **** дугаартай гэрээ, зээлийн гүйлгээ хийх шийдвэр зэргээр тус тус тогтоогдож байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, хуульд нийцүүлж хийсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Улмаар талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 4,500,000 төгрөгийн гэрээний хугацаа 2022-06-30 ний өдөр дууссан мөн үндсэн зээлд 498,435 төгрөг, хүүд 448,646 төгрөг тус тус төлөгдсөнтэй талууд маргадаггүй. Тодруулбал 2020-01-30 нд 138,866 төгрөг, 2020-02-28 нд 120,996 төгрөг, 2020-03-30 нд 118,217 төгрөг, 2020-04-30 нд 120,266 төгрөг, 2021-12-16 нд 448,646 төгрөг төлөгдсөн талаар талууд маргадаггүй. Зээлдэгч Х.Э нь өвчний учир 2023-12-21 ний өдөр нас барсан учир Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.3 т зааснаар үүрэг дуусгавар болжээ. Харин З.М нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч тул зээлдэгч Х ХК нь мөн хуулийн 242.3 т зааснаар гэрээний үүргийг түүнээс бүхэлд нь шаардах эрхтэй юм. Иймд үндсэн зээлийн үлдэгдэлд 4,001,653 төгрөгийг, хүүгийн үлдэгдэлд 802,475 төгрөгийг, хэтэрсэн хугацааны хүүд 987,172 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 160,495 төгрөгийг, нийт 5,951,795 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 964,270 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тооцооллын хувьд тайлбарлавал, үндсэн зээлийн үлдэгдлийн талаар маргаангүй буюу 4,500,000-498,435 хасахаар 4,001,653 төгрөг, 30 сарын хугацаанд төлбөл зохих хүү / зээлийн гэрээний хуваариар/ 1,250,000 төгрөгөөс 2021-12-16 нд төлөгдсөн 448,646 төгрөгийг хасахаар 802,475 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг энэ хүүгийн 20 хувиар тооцохоор 160,495 төгрөг болно. Хэтэрсэн хугацааны хүүд нэхэмжлэгч тал 987,172 төгрөгийг нэхэмжилдэг бөгөөд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т ...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх... гэж заасны дагуу нэхэмжлэгч тал төлөөгүй хугацааны хүү тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,607 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 110,178 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 т зааснаар хариуцагч З.М-с 5,951,795 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 964,270 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,607 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 110,178 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.

 

3. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ