| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00502/И |
| Дугаар | 155/ШШ2024/00063 |
| Огноо | 2024-01-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 155/ШШ2024/00063
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 155/2023/00811/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ................. нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...........................,
Хариуцагч: .............................. нарт холбогдох 4 толгой үхэр, нэг бүрийн үнэ 1,300,000 төгрөг, нийт 5,200,000 төгрөг, эр хонь 21 толгой, нэг бүрийн үнэ 180,000 төгрөг, нийт 3,780,000 төгрөг, эм хонь 21 толгой, нэг бүрийн үнэ 150,000 төгрөг, нийт 3,150,000 төгрөг, борлон 1 толгой, нэг бүрийн үнэ 40,000 төгрөг, нийт 12,170,000 төгрөгийн үнэлгээ бүхий 47 толгой мал, өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг гаргуулах тухай тодруулсан үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,
хариуцагч ...........................нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч ............................. холбогдох 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд мал малласны хөлс нэг сарын хөлс 200,000 (хоёр зуун мянга) төгрөгөөр тооцож, нийт 9,600,000 (есөн сая зургаан зуун мянга) төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч:.........................,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Ууганбаяр,
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: .........................,
Хариуцагч .....................өмгөөлөгч: Б.Ганчимэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: .......................
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч .............................. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчийнд малаа авахаар очиж хоносон. Хариуцагчаас малаа авахад манай мал дутсан байсан учир 81 толгой малын зарга үүсгэсэн. Манай эвэртэй улаан монголын үнээг алга болгочихсон байсан учраас би малаа авах болсон. Гэтэл надад 30 толгой мал өгсөн, тэгээд би яагаад 81 толгой малаас 30 толгой малыг надад хүлээлгэж өгч байгаа юм бэ гээд хариуцагч бид нарын хооронд маргаан үүссэн. Хариуцагч нар нь мал маллаж байх хугацаандаа манай малыг тэмдэглүүлдэггүй, манай малыг малын А дансанд бүртгүүлдэггүй байсан. Би хариуцагчаар малаа маллуулсныхаа хөлсөнд зохих хэмжээний төлбөрийг төлж барагдуулдаг байсан гэж бодож байна. Хариуцагч бид хоёр өмнө сайн найзууд байсан, салахдаа муудалцаж салсан асуудал байхгүй. Би тухайн хэрэгтэй холбоотойгоор 2021 оны 7 дугаар сард Хөвсгөл аймгийн .....................сумын хэсгийн төлөөлөгчид хандсан боловч уг хэсгийн төлөөлөгч шийдэж өгч чадалгүй одоог хүртэл маргалдаад явж байна. Би хариуцагчтай тохиролцъё гэж бодсон боловч хариуцагчийн зүгээс надтай огт уулзаагүй учраас бид хоёр эвлэрч чадаагүй. Энэ асуудал нь прокурорын газар очсон боловч хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан. Тэгээд Б.Тогтох прокурор нь хариуцагчаас 23 тооны мал очиж аваарай гэсэн учир би 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчийн гэрт очиж 23 тооны мал авч, хариуцагчаас нийт 53 тооны малыг хүлээн авсан. Үүнд 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 7 үхэр, 13 хонь, 10 ямаа, нийт 30 тооны мал, 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 11 толгой хонь, 12 толгой ямаа, нийт 23 тооны мал авсан. Хариуцагч тал намайг анхнаасаа 65 тооны мал хүлээлгэж өгсөн гэж маргаж байгаа шалтгаан нь би хариуцагч нарт итгэсэн учир малаа хүлээлгэж өгөхдөө малаа тоолоод хүлээлцсэн цаасан дээрээ гарын үсэг зураагүй явдал юм. Хэрэв хариуцагч нар нь тухайн үед надаас уучлалт гуйгаад зохих хэмжээний мал өгчихсөн бол өнөөдрийн энэ асуудал үүсэхгүй байсан гэж бодож байна. Хариуцагч нар намайг малаа маллуулах хугацаандаа огт мөнгө төлж байгаагүй гэж байх боловч үгүй юм. Би гурил, будаа Түвшин-Ундраа дэлгүүрээс хөнжил, гудасны ком зэргийг авч өгч байсан. Мөн 4 ширхэг эсгий авч өгсөн. Одоо олон жил өнгөрчихсөн учраас л мартсан байх. Тухайн зүйлсийг тооцоод үзэх юм бол 6,000,000 төгрөг болно. Гэтэл хариуцагч нар нь намайг малаа маллуулчихаад огт хөлс төлөөгүй гэж байгаад би гомдолтой байна. Би хүнтэй маргалдаж, хэл ам хийхдээ тааруухан, болж өгвөл хэрүүл үүсгэе гэж боддоггүй хүн боловч өөрөө хохирчихсон байгаа учир ингээд явж байна. Өмнө нь хариуцагч бид нар сайхан ах дүү нар шиг л харилцаатай байдаг байсан атлаа өнөөдөр ингээд явж байгаа нь хэцүү л санагдаж байна. Хариуцагч нар нь надаас ганц удаа уучлалт гуйгаад яах вэ гээд ирсэн бол би уучлах байсан. Одоо ч гэсэн уучлалт гуйх юм бол уучлахад бэлэн байна. Хүнийг уучлах нь хамгийн том ухаарал юм гэж боддог. Хариуцагч нь намайг малаа маллуулахдаа сарын 200,000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон гэж байх боловч үгүй юм. Тухайн үед хэн хэндээ тус дэм болоод хэрэгцээтэй зүйлийг авч өгөхөөр болж тохиролцож байсан.
Би анх үхэр 6 толгой, эр хонь 10 толгой, эм хонь 19 толгой,шүдлэн хонь 9 толгой, төлөг 7 толгой, шүдлэн ямаа 3 толгой, борлон 4 толгой нийт 58 толгой малыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн. Одоо шүүх хуралдаан дээр 4 толгой үхэр, нэг бүрийн үнэ 1,300,000 төгрөг, нийт 5,200,000 төгрөг, эр хонь 21 толгой, нэг бүрийн үнэ 180,000 төгрөг, нийт 3,780,000 төгрөг, эм хонь 21 толгой, нэг бүрийн үнэ 150,000 төгрөг, нийт 3,150,000 төгрөг, борлон 1 толгой, нэг бүрийн үнэ 40,000 төгрөг, нийт 12,170,000 төгрөгийн үнэлгээ бүхий 47 толгой мал, өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна...Бид өмнө нь муухан ах дүүгээс сайн найзууд явсан. Дахин хүнийг ингэж битгий хохироогоорой. Эр нөхөр нь нас бараад ядарч л яваа. Тийм болохоор би хариуцагчтай харилцан ярилцаж, бие биенээ хүндлээд нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэв.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........................ шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь анх манайд 65 тооны малыг хүлээлгэн өгсөн. Малаа маллуулж байх хугацаандаа 4 үхэр, 38 бог мал, нийт 42 тооны малыг хүнсэндээ хэрэглэсэн. Ингээд 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр манайх 7 толгой үхэр, 23 толгой бог мал, нийт 30 тооны малыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч нь манайхыг мал дутаасан хэргээр сум болон аймгийн цагдаагийн газарт өргөдөл гаргасан ба прокурорын газраас намайг нэхэмжлэгчид 23 тооны мал өгөөрэй гэсэн учир би 11 толгой хонь, 12 толгой ямаа, нийт 23 тооны бог малыг 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч нь нийт 95 тооны малыг надаас авсан. Нэхэмжлэгч нь анх 7 үхэр хүлээлгэж өгсөн атлаа малын А данс дээрээ 15 толгой үхэр гэж бүртгүүлсэн. Мөн нэхэмжлэгч нь хариуцагч нар малын А данс тэмдэглүүлдэггүй байсан гэж байна. Энэ худлаа, нэхэмжлэгч нь өөрөө очиж малын А дансаа бүртгүүлдэг байсан. Мөн манайхаар 4 жилийн хугацаанд малаа харуулахдаа 4 эсгий, 100,000 төгрөг л өгч байсан атлаа одоо 6,000,000 төгрөг өгсөн гэж хэлж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч надаас өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөгийг нэхэмжилж байх боловч өөрийнхөө эрх ашгийг хамгуулахаар өмгөөлөгч авсан тул тухайн өмгөөлөгчийн хөлсийг би төлөх үндэслэлгүй гэж бодож байна. Нэхэмжлэгч нь намайг нэг бүдүүн монголын үнээг нь идсэн гэж байх боловч нэхэмжлэгчид 5 бүдүүн үхэр байгаагүй. Манайх тэгж малаа маллуулж байгаа айлынхаа малыг алж иддэг айл биш, нутаг орондоо нэр хүндтэй айл юм. Нэхэмжлэгч нь малаа аваад явахдаа эхнэртэйгээ манайд ирээд явсан, буцахдаа тэр хавийн айлуудад манайхыг малыг нь идсэн гэж хэлсэн байсан ч би энэ асуудлыг ярьж нэхэмжлэгч болон түүний эхнэртэй хэрүүл хийж байсан удаа нэг ч байхгүй. 2019 оны 6 дугаар сард манай дүү авто тээврийн осолд ороод би Улаанбаатар хот руу явсан хойгуур нэг бяруу нь алга болчихсон байхаар нь би энэ талаар нэхэмжлэгчид айлын мал дагаад явсан юм шиг байна та шүүгээрэй гэж хэлсэн чинь нэхэмжлэгч зүгээрээ мал үхэж л байдаг, алга болж л байдаг гэж хэлсэн атлаа одоо хаанаасаа 4-5 том үхэр гаргаж ирээд намайг алж идсэн гээд байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч нь манайхаар 4 жилийн хугацаанд малаа маллуулахдаа 15 литр бензин, хашааны өвс, сургуулийн хүүхдийн хураалгасан хогтой өвс зэргийг л өгсөн. Мөн манай хүүхдийг хуримаа хийхэд 1 ширхэгийг нь 70,000 төгрөгөөр бодож, нийт 280,000 төгрөгийн 4 ширхэг эсгий, 100,000 төгрөг манай охины данс руу хийсэн байсан. Өөр юм өгч байгаагүй. Нэхэмжлэгчийн малыг маллаж байх хугацаандаа өвлийн хүйтэн, хаврын хавсарганд ч гэсэн малыг нь онд оруулах гээд явдаг л байсан. Ингэхдээ дан өөрсдөөсөө бензинээ гаргадаг байсан. Нэхэмжлэгч нь нэг ч удаа бензин өгч байгаагүй атлаа одоо 6,000,000 төгрөгийн хөлс өгсөн гэж тайлбарлаад байгаад гомдолтой байна. Хэрэв нэхэмжлэгч нь надад өгч байсан зүйлээ нэг бүрчлэн тооцох юм бол би ч гэсэн нэхэмжлэгчийн ар гэрт нь сүү, цагаан идээ зөндөө өгдөг байсан. Би нэхэмжлэгчийн малыг маллаж байх хугацаандаа нэг ч удаа ийм зүйлийг аваад өгөөч гэж түүнээс гуйж байгаагүй. Энэ хүмүүс өмнө малаа маллуулж байсан хүмүүстээ ч гэсэн ийм зан гаргасан байсан. Нэхэмжлэгч нар нь манай хүргэн, бэрийн хамаатны хүмүүст бид нарыг муулсан байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь анх 65 тооны мал хүлээлгэж өгөөд, малаа маллуулах хугацаандаа 42 тооны мал хүнсэндээ авсан, 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр манайх 7 толгой үхэр, 23 толгой бог мал, нийт 30 тооны мал хүлээж авсан, 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 11 толгой хонь, 12 толгой ямаа, нийт 23 тооны бог мал, нийт 53 тооны малыг мөн авсан. Би нэхэмжлэгчийн анх хүлээлгэж өгсөн малаас үхсэн, алга болсныг тооцохгүйгээр нийт 95 тооны малыг түүнд хүлээлгэж өгсөн байхад надаас нэмж дутсан малын хөлс гэж нэхэмжилж байгаа мөнгөн дүнг төлж чадахгүй...Бид харилцан ярилцаж, бие биенээ хүндлээд .................ах нэхэмжлэлээсээ татгалзсан болохоор би ч гэсэн мал малласны хөлс 9,600,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч .......... нь хариуцагч ..................нарт холбогдуулан нас нийлсэн үхэр 5 толгой, нэг бүрийн үнэ 1,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөг, шүдлэн үхэр 1 толгой, нэг бүрийн үнэ 700,000 төгрөг, нийт 700,000 төгрөг, эр хонь 10 толгой, нэг бүрийн үнэ 140,000 төгрөг, нийт 1,400,000 төгрөг, эм хонь 19 толгой, нэг бүрийн үнэ 130,000 төгрөг, нийт 2,470,000 төгрөг, шүдлэн хонь 9 толгой, нэг бүрийн үнэ 130,000 төгрөг, нийт 1,170,000 төгрөг, төлөг 7 толгой, нэг бүрийн үнэ 110,000 төгрөг, нийт 770,000 төгрөг, шүдлэн ямаа 3 толгой, нэг бүрийн үнэ 100,000 төгрөг, нийт 300,000 төгрөг, борлон 4 толгой, нэг бүрийн үнэ 90,000 төгрөг, нийт 360,000 төгрөг, бүгд 12,170,000 төгрөгийн үнэлгээ бүхий мал, хууль зүйн туслалцаа авсны хөлс 2,000,000 төгрөг, нийт 14,170,000 (арван дөрвөн сая нэг зуун далан мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 4 толгой үхэр, нэг бүрийн үнэ 1,300,000 төгрөг, нийт 5,200,000 төгрөг, эр хонь 21 толгой, нэг бүрийн үнэ 180,000 төгрөг, нийт 3,780,000 төгрөг, эм хонь 21 толгой, нэг бүрийн үнэ 150,000 төгрөг, нийт 3,150,000 төгрөг, борлон 1 толгой, нэг бүрийн үнэ 40,000 төгрөг, нийт 12,170,000 төгрөгийн үнэлгээ бүхий 47 толгой мал, өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөгийг гаргуулна гэж тодруулж,
Хариуцагч................ нь нэхэмжлэгч .................... холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд мал малласны хөлс 1 сарын хөлсийг 200,000 төгрөгөөр тооцож, нийт 9,600,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус тус шүүхэд гаргажээ.
Дээрх иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд нэхэмжлэгч .................нь 4 толгой үхэр, нэг бүрийн үнэ 1,300,000 төгрөг, нийт 5,200,000 төгрөг, эр хонь 21 толгой, нэг бүрийн үнэ 180,000 төгрөг, нийт 3,780,000 төгрөг, эм хонь 21 толгой, нэг бүрийн үнэ 150,000 төгрөг, нийт 3,150,000 төгрөг, борлон 1 толгой, нэг бүрийн үнэ 40,000 төгрөг, бүгд 12,170,000 төгрөгийн үнэлгээ бүхий 47 толгой мал, өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ................ нь мал малласны хөлс 9,600,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д: Энэ хуулийн...106.3-т зааснаар...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ...нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх...нэхэмжлэгчийн татгалзал,...-ыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж,...гаргана. Эдгээр...захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэж заасан байх ба нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д: ...улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч,...хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана. гэж заасан тул нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 228,800 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 168,550 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч .................. нэхэмжлэлтэй, .............. нарт холбогдох 4 толгой үхэр, нэг бүрийн үнэ 1,300,000 төгрөг, нийт 5,200,000 төгрөг, эр хонь 21 толгой, нэг бүрийн үнэ 180,000 төгрөг, нийт 3,780,000 төгрөг, эм хонь 21 толгой, нэг бүрийн үнэ 150,000 төгрөг, нийт 3,150,000 төгрөг, борлон 1 толгой, нэг бүрийн үнэ 40,000 төгрөг, бүгд 12,170,000 төгрөгийн үнэлгээ бүхий 47 толгой мал, өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг гаргуулах тухай тодруулсан үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,
хариуцагч .............. нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч ................ холбогдох мал малласны хөлс 9,600,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч ...............нь тодруулсан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа, хариуцагч .................нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 228,800 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 168,550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА