Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 138/ШШ2023/00230

 

 

 

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 138/ШШ2023/00230

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Хэрлэн сумын  10-р баг ******* ******* тоотод оршин суух, ажилгүй, 88587087 утасны дугаартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******

Хариуцагч: Дорнод аймаг, Хэрлэн сумын ******* багт байрлах, “ шинь” Хязгаарлагдмал хариуцлагатай компани

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүй халсан тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 6 250 032 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:  

Нэхэмжлэгч Б.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа /ү-0738/

            Хариуцагч байгууллагын төлөөлөгч

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар

                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч “ шинь” ХХКомпанид холбогдуулан үндэслэлгүй халсан тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 6 250 032 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Би уурхайд 2011 оны 4 сарын 15-наас бага эмчээр орж 11 жил 5 сар ажиллаад 2022 оны 10 сарын 01-ны өдрийн тоот тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 80-р зүйлийн 80.1.1, 80.5-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Бидний хийж гүйцэтгэж байсан ажлыг 2022 оны 9 сарын 1-ны өдрөөс Дорнод БОЭТөвөөр гүйцэтгүүлэх болсон эмч нарын орон тоо хасагдсан гэж ойлгуулсан. Удирдлага өөрчлөгдсөн ч уурхайд бид хоёрын ажиллаж байсан эмнэлэг нь татан буугдаагүй, орон тоо хасагдаагүй, харин ч 14/14 хоног 2/2 эмч ээлжээр үйлчилгээ үзүүлэх болсон. Үндсэн нэгж дээрээ ажиллаж байсан биднийг БОЭТ-н мэдэлд шилжүүлэн гэрээнд нь тусган оруулсан бол бид нэг ээлжинд орох боломжтой байсан. Миний хувьд нэг удаа цөөн хэдэн төгрөг авснаас сар бүр байнгын орлоготой байх, ЭМД, НД-аа ажиллаж байх хугацаандаа өндөр төлж байж тасралдуулахгүй байх, тэтгэвэртээ гарахдаа тэтгэвэрээ өндөр тогтоолгох гэх мэт алсын зорилго байсан юм. Намайг анх 2011 онд энэ компанид орж байхад хоног хугацаа урт, цалин хөлс муу байсан. Гэвч би шантраагүй өнөөдрийг хүртэл үр хүүхэд, ар гэрээ орхин байж хөдөө ажилласаар ирсэн. Одоо байдал сайжирч цалин хөлс нэмэгдээд ирэхээр БОТ авч байна. БОТ очоод миний хийдэг ажлыг л хийж байгаа. Иймд намайг үндэслэлгүй ажлаас халсан тул ажилд эгүүлэн тогтоож 2022 оны 10 сарын 1-нээс 2022 оны 12 сарын 16-ний өдрийг хүртэл хугацаанд ажилгүй байсан цалин 6 250 032 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсны дараа хуульд заасан үндэслэл журмын дагуу тэтгэвэр, тэтгэмжийг өгсөн. Хамгийн гол маргах зүйл юу вэ гэхээр, тухайн аж ахуйн нэгжид орон тоо хасах зайлшгүй нөхцөл байдал  байсан уу, энэ хоёр хүний ажлын байрны ажил үйлчилгээ байна уу гэхээр байгаа.... Эмнэлгүүдэд хандсан БОЭТ- зөвшөөрсөн. 11 жилийн турш  эрүүл мэндийн салбарт ажиллахад алдаа дутагдал гарахгүй байх асуудал байдаггүй. Манай байгууллагын хоёр эмчийг авч ажиллуулах эсэх нь танай асуудал гээд санал тавьсан, гэрээ хэлэлцээрт хэрхэн шийдсэн талаарх баримт байхгүй. Хүсэл зоригоо аль нэг гэрээ байгуулах гэж байгаа тал илэрхийлдэг. Тэр хүсэлтийг хүлээж авах асуудлыг харилцан тэгш эрхтэйгээр гэрээ, хэлэлцээр явагддаг. Ялангуяа, хүний эрхийн тухай асуудал, ажилтны мэргэжил, боловсролын тухай асуудал яригдаж байх үед хатуу анхаарах ёстой байхад энэ асуудлыг хөндөөгүй байдаг. Иймээс ажилтныхаа эрх, ашгийг хохироосон асуудал байна. Өөрөөр хэлбэл, орон тоо хасагдсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож БОЭТ-д мэдэлд шилжүүлсэн бол болох байсан. Ийм үндэслэлээр тушаал гаргах ёстой байсан. Байгууллагад олон жил ажилласан хүний эрх, ашиг хөндөгдөж байна. ....  Мэдээж уг компанид ажиллаад нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа төлсөн иргэнд улсын эмнэлэг үнэгүй үйлчилгээ үзүүлдэг. Очер, дугаар харгалздаггүй болсон гэж хэлээд байсан.. Эмнэлгийн нөхцөл байдлын хувьд илүү сайжруулсан гэрээ хэлэлцээр хийсэн гэдэг....Үйлдвэрчний эвлэлийн байгууллага оролцосн үед ажилтны эрх, ашгийг хамгаалахаар санал тавьсан, тавиагүй нь мэдэгдэхгүй байна. Хоёр ажилтан ээлжээр ажиллаж байх үед ажлын чанар муу байсан гэж яриад байсан. Ажлын чанар муу байсан гэж яриад байгаа боловч нотлогдсон зүйл байхүй. Мэргэжлийн байгууллага, хяналт шалгалтаар баталгаажсан акт, дүгнэлт байхгүй... Гэрээ хүчин төгөлдөр болоогүй байхад орон тоог хасаад гэрээ хүчин төгөлдөр болох үед ажилчдад халагдах мэдэгдлийг 08 сарын 31-ний өдөр өгсөн....Ийм асуудал байж болох ч ажилтныхаа эрх, ашгийг хуулиар хамгаалах үүрэгтэй. Ийм нөхцөл байдал үүсэж ажилчдын эрх, ашиг хохирсон. Нэгэнт шийдвэрээ гаргаад гэрээ, хэлэлцээр шийдвэрлэгдсэний дараагаар энэ хоёр хүн хохирсон. Иймээс ажилтны эрх ашгийг хохироосон нь үндэслэл бүхий байна. Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох явцдаа БОЭТ руу шилжүүлэх бүрэн боломжтой байсан. Иймээс ажилд нь эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна.... Энэ хугацаанд тэтгэвэр, тэтгэмж авсан учраас 50 хувиар багасгах саналтай байна гэв. 

Хариуцагчийн төлөөлөгч: Нэгт: Уурхайн бүс дэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний ажлыг БОЭТ-д шилжүүлэх болсон шалтгаан ба давуу талууд: Манай компанийн Уурхайн бүсэд туслан гүйцэтгэгч компаниудыг оролцуулаад 1000 орчим хүн тогтмол ажиллаж амьдардаг. Гэнэтийн цочмог өвчин эмгэг, осол гэмтлийн үед эдгээр хүмүүсийг дараагийн шатны эмнэлэгт хүргэх хүртэл эрүүл мэндийн яаралтай, түргэн тусламжийг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх зайлшгүй шаардлага байдаг. Өмнө нь компанийн бүтцэд буюу аж ахуйн хэлтэст 1 их эмч, 1 бага эмчийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж ирсэн боловч энэ нь зарим талаар учир дутагдалтай байсан. Үүнд:

- Их эмч, бага эмч хоёр 14/14 хоногоор ээлжээр ажиллаж байсан. Бага эмчийн ээлжтэй үед ноцтой осол аваарь гарах, гэнэтийн цочмог амь насанд аюултай өвчин эмгэг тохиолдоход эмнэлгийн яаралтай тусламжийг мэргэжлийн өндөр түвшинд оновчтой үзүүлж чадахгүй байх эрсдэлтэй болох нь харагдсан. Их эмч нэмж авъя гэхээр байнга хөдөө ажиллах, өндөр мэргэжил боловсролтой, хариуцлагатай боловсон хүчин олддоггүй.

- Мөн компани нь уул уурхайн чиглэлээр бизнес эрхэлдэг. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ажлын менежментийг хийх хангалттай хүний нөөц, туршлага, менежментийн боловсронгуй тогтолцоо мaнaй кoмпaнид байхгүй. Эмч нарын ажлыг удирдах, зохион байгуулах, шалгаж хянахад хүндрэлтэй. Иймээс компани нь 2019 оноос ажилчдын эрүүл мэнд, амь насанд учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх найдвартай тогтолцоог бүрдүүлэхийн тулд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа томоохон байгууллагатай хамтран ажиллах боломжийг хайж БОЭТ, Итгэлт Ивээлт, Вандансүрэн эмчийн эмнэлэг зэрэг байгууллагуудад хандаж байсан. Гэвч Ковидын нөхцөл байдлаас болоод бодитой ажил хэрэг болж чадахгүй байсаар 2022 он хүрсэн. Ингээд 2022 оны 07 дугаар сард дахин БОЭТ-д хандахад "Боломжтой" гэсэн хариу өгснөөр хэлэлцээр хийгдэж, 2022 оны 8 дугаар сарын 31-нд гэрээ байгуулагдаж, 9-р сарын 1-нээс БОЭТ уурхайн бүсэд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Уурхайн бүсэд БОЭТ үйл ажиллагаа явуулснаар дараах давуу талууд гарсан. Үүнд: 1. Мэргэжлийн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг Зүүн бүсийн хамгийн том эмнэлэг уурхайн бүсэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хариуцан ажиллах болсноор ажилчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах найдвартай, сайн тогтолцоо бүрдсэн гэж үзэж байна. 2. Амилуулах суурь тусламжийн сургалт, яаралтай тусламжийн сургалтанд хамрагдсан 1 их эмч, 1 сувилагч 24 цагаар уурхайн бүсэд байнгын бэлэн байдалд ажиллаж байна. 3. Ажлын зохион байгуулалт, эм тарианы хадгалалт, нөөцлөлт, багаж хэрэгсэл, ариутгал халдваргүйжүүлэлт зэрэг бүх зүйл хууль дүрэм журам стандартын дагуу болсон. 4. Нарийн мэргэжлийн эмч нар ээлжлэн ажиллах үед тухайн чиглэлээр ажилчид үзлэг, оношилгоо, эмчилгээнд очер дугааргүй, хүндрэлгүй, төлбөргүй хамрагдах боломжтой болсон нь ажилчдын хувьд том давуу тал юм. 5. БОЭТ-ийн эмч үзлэг хийснээр гадуур стори нээлгэж, эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлэх, хөнгөлөлттэй эмийн жор бичүүлэх боломжтой болсон. 6. Компанийн ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан картжуулж, эрүүл мэндийн тогтмол хяналтанд оруулаад байна. 7. Уурхайн бүсэд үзлэг хийлгэсэн хүнийг шаардлагатай тохиолдолд төв эмнэлэг рүү шилжүүлж, хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай тусламж үйлчилгээ авдаг болсон гэх мэт.

Хоёрт: Нэхэмжлэгч Б.*******ийн “Удирдлага өөрчлөгдсөн ч уурхайд бид хоёрын ажиллаж байсан эмнэлэг нь татан буугдаагүй, орон тоо нь хасагдаагүй” гэх дүгнэлтийн тухайд: Нэхэмжлэгч Б.******* нь энэ үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3 дахь хэсгийн "Хуульд өөрөөр заагаагүй бол аж ахуйн нэгж, байгууллагын харъяалал, өмчийн төрөл, хуулийн этгээдийн хэлбэр, удирдлага өөрчлөгдсөн нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болохгүй" гэх заалттай холбон тайлбарладаг юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.3 дахь хэсэг нь " " ХХК-ний харъяалал, өмчийн төрөл, хуулийн этгээдийн хэлбэр, удирдлага өөрчлөгдсөн гэдэг шалтгаанаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахыг хориглосон утгатай. Харин энэ хэрэг дээр " " ХХК-ний харъяалал, өмчийн төрөл, хуулийн этгээдийн хэлбэр, удирдлага өөрчлөгдсөн үйл явдал болоогүй. Зөвхөн “ ” ХХК нь уурхайн бүс дэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх цэгийг өөрөө ажиллуулахаа больж, холбогдох санхүүжилтийг нь шилжүүлэх замаар мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр болсонтой холбоотойгоор эмчийн ажлын байрыг байгууллагынхаа бүтцээс хассан. Иймд нэхэмжлэгч Б.*******ийн "Удирдлага өөрчлөгдсөн ч уурхайд бид хоёрын ажиллаж байсан эмнэлэг нь татан буугдаагүй, орон тоо нь хасагдаагүй" гэх дүгнэлт нь буруу бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3 дахь заалт энэ хэрэгт хамааралгүй байна. Харин ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, хөдөлмөрийн гэрээний 10.2.1.3-ын "Ажилтны ажлын байр хасагдсан" гэх заалтын дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан болно. Ажилгүй болох нь хэцүү гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ ажлын байраа хасах, орон тоог цомхотгох нь ямар ч байгууллагад байдаг. Бизнесийн байгууллага байтугай төрийн, төсвийн байгууллага ч орон тоогоо цомхотгох явдал гардаг. Тухайн байгууллагад хэрэгтэй ажлын байр шинээр бий болж, хэрэггуй ажлын байр нь хасагдаж байдаг. Компанийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-т заасны дагуу 30-аас доошгуй хоногийн өмнө урьдчилан мэдэгдэж, 80.5-д заасан олговор, 82 дугаар зүйлд заасан тэтгэмжийг олгосон болно.

Гуравт. Б.*******ийн гаргаж буй "Бид хоёрыг БОЭТ руу шилжүүлж ажиллуулах асуудлыг БОЭТ-тэй байгуулсан гэрээгээр шийдвэрлээгүй" гэх гомдлын тухайд: Бидний хувьд хэлэлцээрийн явцад одоо ажиллаж байгаа хоёр эмчийг шилжүүлэн ажиллуулах саналыг БОЭТ-ийн талд тавьсан. БОЭТ-ийн талаас “Бид 100 гаруй их эмч, 250 гаруй сувилагч болон тусгай мэргэжилтэн, нийтдээ 500 гаруй ажилтантай. Иймд өөрсдийн боловсон хүчний нөөцөөр ажиллана" гэсэн хариу өгч байсан. " " ХХК-ний хувьд 1000 орчим хүний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, найдвартай болгохын тулд БОЭТ-тэй хамтран ажиллах боломжийг алдаж болохгүй байсан учраас БОЭТ-ийн талаас тавьж буй дээрх нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Мөн гэрээ байгуулагдсанаар уурхайн бүсийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, үр дүнгийн бүхий л хариуцлагыг БОЭТ хариуцах тул еерийн ажлын байрны шаардлагад нийцсэн боловсон хүчнээ ажиллуулах нь зүй ёсны хэрэг бөгөөд манай зүгээс үүнд хөндлөнгөөс оролцох нь гэрээний агуулга зарчимд нийцэхгүй юм. Нэхэмжлэгч Б.******* нь нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байна: “Нэгэнт уурхайн бүсэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өөр байгууллага хариуцахаар болсон тул манай компанийн бүтцээс эмчийн ажлын байр хасагдах нь тодорхой. Ажлын байр хасагдаж байгаа учир тухайн ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох нь ойлгомжтой. Тухайн ажилтны ХХК-тай үүссэн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсны дараа БОЭТ-д орж ажиллах эсэх нь БОЭТ-ийн мэдлийн асуудал. ХХК энэ асуудлаар шийдвэр гаргах боломжгүй юм. Б.*******ийн нэхэмжлэлийг уншвал компанийг чухам ямар хууль зөрчсөн гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, дипломын хуулбар, 2022 оны 10 сарын 01-ны өдрийн тоот “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” “ ” ХХКомпанийн захирлын тушаалын хуулбар,  2022 оны 8 сарын 31-ны өдрийн мэдэгдэл, 2011 оны 8 сарын 01-ны өдрийн “Ажилд авсан тухай” тушаалын хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн  талаарх тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам шинэчилэн батлах тухай,  орон тоо, ажил мэргэжлийн жагсаалт шинэчлэн батлах тухай, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэлүүд, өргөдөл зэргийг шүүхэд ирүүлсэн.

Хариуцагчаас: ажлын байрны тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, гэрээний хуулбар, байгууллагын бүтэц, орон тоо, ажил мэргэжлийн жагсаалт шинэчлэн батлах тухай тушаалын хуулбар  зэргийг шүүхэд ирүүлсэн.

                                          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч “ шинь” Хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан үндэслэлгүй ажлаас халсан тул ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 16-ныг хүртэл хугацааны цалин 6 250 032 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “2011 оноос хойш тус компанийн уурхайд бага эмчээр ажиллаж байсан  2022 оны 10 сарын 01-ны өдрөөс орон тоо хасагдсан гэж ажлаас чөлөөлсөн. Компани миний ажиллаж байсан эмчийн орон тоо хасагдсан гэх үндэслэл тушаалдаа заасан. Гэтэл БОЭТ-д эмнэлгийн хэсэг шилжсэн ч миний хийж байсан ажил хэвээрээ орон тоо нэмэгдэж 2/2 ажиллаж байна. Миний хувьд хөдөө орон нутагт олон жил ажилласан, 50 гаруй настай энэ ажлаа хийж байгаад тэтгэвэртээ гарах бодолтой байсан. Гэтэл ажлын нөхцөл сайжирч цалин хөлс нэмэгдсэн үед ажиллах боломжгүй болсонд гомдолтой байна. Намайг үндэслэлгүй ажлаас халсан учир ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингаа авах хүсэлтэй байна. ...Компанид намайг ажилд авбал цалингийн 50 хувиар нэхэмжилж болно. Компанийн хувьд БОЭТ-д давуу байдал үзүүлж ажиллаж байсан хүмүүсийг нь авахгүй гэсэн санлыг хүлээн авсан, бусад нэгжийг хүмүүстэй цуг шилжүүлэн өгсөн байсан” гэж тодорхойлсон.

Хариуцагчийн төлөөлөгч дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “Манай компаний хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээг мэргэжлийн байгууллагад шилжүүлэх талаар 2019 оноос хөөцөлдөж ирсэн. Ковидын улмаас боломжгүй байж байгаад 2022 оны 8 сараас БОЭТ-тэй гэрээ байгууллахаар тохиролцон 2022 оны 8 сарын  31-ны өдөр уурхайн бүсэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээ байгууласны дагуу өмнө нь ажиллаж байсан бага эмч Б.*******ийг орон тоо хасагдсан гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдэл өгч 2022 оны 10 сарын 01-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Манай компани нь олон жил хөөцөлдсний эцэст мэргэжлийн байгууллагаар эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр болсон. Энэ нь нийт ажилчдын эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг анхаарч хийсэн ажил юм. Тухайн үед гурван талт хэлэлцээр үед *******т тэтгэмж олгох талаар компаний зүгээс санал тавьж байсныг зөвшөөрөөгүй. Одоо манай компанид орон тоо хасагдаж эмнэлгийн үйлчилгээг БОЭТөвд шилжсэн. Гэрээ хийх үед өөрийн ажиллаж байсан ажилтны шилжүүлэх талаар санал гаргасан боловч БОЭТөв нь өөрсдөө боловсон хүчнээр хангана гэсэн учир тэдний санлын дагуу явуулсан. Бусад алба нэгжийн хувьд бид санлаа тавьж байсан болно....” гэж тайлбарлан маргаж байна.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.******* нь 2011 оны 8 сарын 01-ны өдрөөс эхлэн “ ” ХХКомпанийн захирлын 292 тоот тушаалаар тус компанийн уурхайн бага эмчээр авч ажиллаж байжээ.  

шинь” ХХКомпани нь Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвтэй 2022 оны 8 сарын 31-ний өдөр “Уурхайн бүсэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тухай” хоёр тал гэрээ байгуулагдснаар тус компанийн аж ахуйн хэлтэст харъяалагдан компанийн ажилтан, ажилчдын эрүүл аюулгүй байдлыг ханган ажиллаж байсан  бага эмчийн орон тоог  хасагдсан болох нь хэрэгт авагдсан тус компанийн захирлын 2022 оны 8 сарын 22-ны өдрийн 550 тоот “Байгууллагын бүтэц, орон тоо, ажил мэргэжлийн жагсаалт шинэчлэн батлах тухай” тушаалаар батлагдаж байна.

Өөрөөр хэлбэл БОЭТөв нь тус компанийн уурхайн ажилтан, ажилчдын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, өдрийн эмчилгээ гэх мэт эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж улмаар эрүүл аюулгүй орчинд ажиллах боломжоор ханган ажиллах гэрээ байгуулсан учир тус компанийн орон тоо бүтцэд өөрчлөлт орж уурхайн аж ахуйн хэлтсээс бага эмчийн орон тоо хасагдсан байна.

Үүний дагуу компанийн зүгээс нэхэмжлэгч Б.*******т 2022 оны 8 дугаар сарын 31-ны өдөр “Орон тоо хасагдсаны улмаас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдэл”-ийг гардуулсан байна.

Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасны “... дагуу ...үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэгдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй” гэж заажээ.

Ажил олгогчийн хувьд хуульд заасан дээрх шаардлагыг ханган нэхэмжлэгч Б.*******т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдлийг хуульд заасан хугацаанд гаргуулсан байх бөгөөд тус компани нь нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан ажил үүргийг гэрээний дагуу өөр этгээдээр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

Түүнчлэн  “ ” ХХ компани нь нэхэмжлэгч Б.*******ийг 2022 оны 10 сарын 01-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.5, 82 дугаар зүйлийн 82.1, Хөдөлмөрийн гэрээний 10.2 дугаар заалтын 10.2.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар хавсралтын 43 дахь хэсэг, Хамтын гэрээний 2.4, Гүйцэтгэх захирлын 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 550 тоот тушаалыг тус тус үндэслэн аж ахуйн хэлтсийн бага эмчийн орон тоо хасагдсан тул  хөдөлмөр эрхлэлтийн харилцааг  цуцалж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Мөн “ ” ХХКомпани нь нийт ажилчдын эрх ашиг, аюулгүй ажиллагаа болон ажилчдын эрүүл мэндийн асуудлыг мэргэжлийн байгууллага болох БОЭТөвд гэрээгээр шилжүүлж тус компанийн бүтэц орон тооноос хасагдсаны дагуу бага эмчээр ажиллаж байсан Б.*******ийг үүрэг ажлаас нь чөлөөлсөн байдаг.

Хэдийгээр нэхэмжлэгч “...бусад нэгж, салбарыг орон тоот, ажиллаж байгаа хүмүүстэй нь хамт шилжүүлсэн” гэсэн тайлбар байгаа боловч тус компаниас орон тоо, бүтэцэд өөрчлөлт орж ажлын байр буюу эмчийн орон тоо хасагдаж компанид уг ажлын байр байхгүй талаар талуудын хэн алин нь тайлбараар батлагдаж байна.

Иймээс хариуцагч “ ” ХХКомпани нь нэхэмжлэгч Б.*******тэй байгуулласан хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгож орон тоо хасагдсан гэх үндэслэлээр 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг тасалбар болгон цуцалсан нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй  гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч Б.******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байх тул мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 116 920 төгрөгийг улсын орлогоос буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох “Ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 16-ныг хүртэл хугацааны цалин 6 250 032 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 116 920 төгрөгийг  төсвийн орлогоос буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд хуульд заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

  

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Т.БАЙГАЛМАА