Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/155

 

 

 

 

     2022           2           10                                       2022/ДШМ/155

 

Б.Мад холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг,  

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Д.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/1229 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М болон түүний өмгөөлөгч Д.Батбаяр, Н.Намжилцогт нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Б.Мад холбогдох 2008021980291 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.М нь 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын буурь булаг 34-19-1 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдарч байсан Л.Агийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн,

2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын буурь булаг 34-19-1 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдарч байсан Л.Аг хүч хэрэглэн хүчиндэх явцдаа нүүр, толгойн тус газар цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун бугалга, шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 19-47-01 тоотод байх аав Н.Бгийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Л.Аг “аав, ээжтэй хамт нэг дор амьдарсангүй” гэх шалтгаанаар нүүр рүү нь гараараа цохиж газарт унаган толгой, цээж, гар, гуя, хонго хэсэгт нь хөлөөрөө өшиглөн дэвсэж, хөлнөөс нь чирч үүдний амбаарт оруулан “зүүн бугалга, ташаа, гуя, баруун шилбэ, хонгонд зулгаралт, цус хуралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Буурал овогт Н.Бгийн Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар хүчиндэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Б.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсгүүдэд зааснаар өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Маас 680.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Ад олгож, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Миний бие хохирогч гэх Л.Атай 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүч хэрэглэн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн гэх хэргийг эрс эсэргүүцэж байгаа ба тухайн үед Л.А нь орой 20 цагийн үед ирж уулзаж, уучлалт гуйн харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсны дараа хэрүүл үүсгэж улмаар би Л.Аг алгадаад түлхэж унагаад гараад явсан.

Тухайн үед Л.А нь намайг өөртэй нь амьдрахгүй бол “шоронд хийнэ, зайлуулна” гэж байнга сүрдүүлдэг байсан ба байнгын дарамт сүрдүүлгийн улмаар надаас автомашины урьдчилгаа болох 4.000.000 төгрөг төлж машиныг нь банк бус санхүүгийн байгууллагын гэрээг Л.Агийн нэр дээр хийж өгсөн. Мөн “айфоне-6, айфоне-8 плас, Рэд ми” гэх утас авч өгсөн. Цаашилбал хохирогч гэх Л.А нь шинээр авсан 42 инчийн смарт ЛСД телевиз гэрээс хулгай хийж авч явсан ба аваад гарч байсныг хажууд айлын хүн харсан байдаг. Сүүлд надаас 1.080.000 төгрөг нэхсэн ба 400.000 төгрөг дутуу өгснөөс болж худал мэдүүлэг өгч яллаж байна.

Мөн прокурор нь 1 талыг баримтлан яллаж, хэргийг бүрэн гүйцэт тодорхой шалгахгүй, миний талаас энэ нэхсэн, авахуулсан болгонд нь нотлох баримт байгаа ба хавтас хэрэгт оруулж өгч сайтар нягтлан шалгаж өгнө үү.

2. Мөн хохирогч гэх Л.А нь байнга худлаа ярьдаг, архи хэтрүүлэн хэрэглэдэг, хэрэг гардаг өдөр өөрөө ирж уучлалт гуйн бэлгийн харьцаанд орсон.

3. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны хамтарсан багийн хурлаар Б.М намайг хохирогч Л.Аг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлддэг гэх дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Учир нь, тус хорооны нэг ч ажилтан миний талаар мэдэхгүй, танихгүй, царайг маань харж байгаагүй хүмүүс ийм дүгнэлт гаргасан тул үнэхээр гомдолтой байна.

4. Хавтас хэргийн 166 буюу өмнөх шүүх хурал дээр Л.А нь өөрийн хүслээр харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон гэх шүүх хурлын тэмдэглэл.

5. Мөн одоогийн найз эмэгтэй болох Б.Одмаа нь бие давхар төрөх дөхсөн ба залуу гэр бүл болж амьдралаа эхлүүлэх гэж байгааг минь харгалзан үзэж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.

Миний бие хэрэгт холбогдон хоригдож байх хугацаандаа маш их харамсаж, гэм буруугаа ухаарч байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Д.Батбаяр, Н.Намжилцогт нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1229 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар хүчиндэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Л.А нь архийг хэтрүүлэн уудаг, агсам согтуу тавьж зоддог. Б.Мын аав, ээж, хамаатан саданг үл хүндлэн хэл амаар доромжилж, дээрэлхүү ханддаг, хуурамч дуудлага хуулийн байгууллагад өгдөг зэрэг ёс зүйгүй үйлдэл гаргадаг нь нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заажээ.

Б.Мад холбогдох хэргийг анхан шатны шүүх зөвхөн хохирогч Л.Агийн мэдүүлэгт үндэслэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заажээ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1229 дугаартай шийтгэх тогтоолын Б.Мыг хүчиндэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулсан заалтуудыг хүчингүй болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд Б.М нь хохирогчтой хамт амьдраад 3-4 жил болсон, бэлгийн байнгын харилцаатай байсан. Б.Мын хувьд Л.Аг хүчиндэх ямар ч шаардлага байгаагүй. Хэрэг гарсан гэх 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Л.А нь Б.Мынд хонох гэж очоод хамт амбаарт орж, бэлгийн харьцаанд орсон байдаг. Түүний дараа асуудал гарч, хоорондоо маргалдан улмаар Б.М цохиж зодсоноос болж асуудал хүчиндэх гэмт хэрэг болж хувирсан. Анх Б.М цагдаагийн байгууллагад “амиа хорлох гээд байна” гэсэн дуудлага өгсөн бөгөөд түүний хариуд Л.А “намайг зодсон” дараа нь “хүчиндсэн” гэх шалтгаанаар дуудлага өгсөн. Хохирогч шүүх хуралдаанд “намайг хүчиндээгүй, бид тохиролцож бэлгийн харьцаанд орсон, харин дараа нь намайг зодсон учраас би гомдол гаргаж хүчиндсэн гэж дуудлага өгсөн” гэж мэдүүлсэн. Шүүх хохирогчийн “машинаар мөргөсөн” зэрэг асуудлыг тогтоох шаардлагатай үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан. Хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөх ёстой бөгөөд гомдсон үедээ хүчиндсэн болгож, хэвийн үедээ хүчиндээгүй гэж ярьж болохгүй. Хүчиндсэн гэдэг нь эргэлзээтэй, тогтоогдоогүй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн заалтыг баримтлах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдоогүй тул Б.Мад холбогдох хүчингийн гэмт хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатган шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Бидний зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгтээ анхнаасаа маргаагүй. ...” гэв.

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Мын өмгөөлөгч Д.Батбаяр хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн талаар бүрэн нотлоогүй гэж байна. Хүчиндэх гэмт хэрэг болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа хангалттай хийгдсэн. Хэрэгт авагдсан баримтуудаар эдгээр хүмүүсийн хоорондын харилцаа, хэдий хугацаанд хамтран амьдарч байсан, энэ хугацаанд цагдаагийн байгууллагад хэн, ямар байдлаар, яаж хандаж байсан нөхцөл байдлыг шалгаж тогтоосон. Хоорондын таарамжгүй харилцаа болон хамтран амьдарч байсан хугацаа нь тодорхой байдаг бөгөөд энэ нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болохыг тогтоосон. Хүчиндэх гэмт хэрэг үйлдэгдсэн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн. Гэмт хэрэг гарсан буюу 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Л.Агаас 102 дугаарт “манай нөхөр зодоод байна” гэсэн дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагч нар очсон. Мөн өмгөөлөгчөөс н.Хосбаяр гэх цагдаагийн албан хаагчид Л.А нь хүчиндүүлсэн талаар огт мэдүүлээгүй гэж байна. Гэтэл уг эргүүлийн офицер нь 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дуудлага өгөхөд очсон офицер бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хүчиндэх гэмт хэргийн дуудлагад очоогүй. Энэ нь хэрэгт авагдсан хэргийн утга дээр бичсэн нөхцөл байдлаас харагддаг. Хүчиндүүлсэн эсэх талаараа Л.А Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст бичгээр гаргаж өгсөн болон гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд хүчиндүүлсэн, зодуулсан, хүч хэрэглүүлсэн талаар бичгээр гомдол гаргаж өгсөн. Үүний дагуу хохирогчид хууль сануулж 3 удаагийн мэдүүлэг авсан. Уг мэдүүлгүүдэд Л.А “бид хоорондын таарамжгүй харилцаанаас үүдэлтэй эрүүл мэндэд учирсан асуудлаа ярихаар очсон” гэдэг ба “2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Л.А гаднаас орж ирэхдээ маргалдах шинжтэй ууртай орж ирсэн” гэж Б.Мын төрсөн эцэг болох Н.Б гэх хүн мэдүүлдэг. Мөн тэрээр “Л.А орж ирээд маргалдах шинжтэй байхад Б.М аваад гарсан. 20-25 минутын турш арын амбаараас эрэгтэй, эмэгтэй хоёр хүний дуу маргалдаж байгаа байдалтай үргэлжилж байсан. Өөрсдөө учраа олчих байлгүй гээд би оролцоогүй” гэх мэдүүлэг байдаг. иймээс давж заалдах гомдолд дурдагдсан шиг “эвлэрэх гэж ирсэн, хонох гэж ирсэн” гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. Харин эсрэгээрээ хохирогчийн маргаантай асуудлаа шийдвэрлэхээр ууртай очсон гэх нөхцөл байдал нь гэрч Н.Бгийн мэдүүлгээр давхар нотлогддог. Хүч хэрэглэсэн байдалтайгаар хүчиндэх гэмт хэрэг үйлдэгдсэн нь зөвхөн хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон гэж үзээгүй. Бусад нотлох баримтууд болох гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, “миний нүүр рүү цохиод баруун гарын шуунаас барьж байгаад надад хүч хэрэглэсэн байдалтайгаар бэлгийн харьцаанд орсон” гэх хохирогчийн мэдүүлэг, үүний дагуу баруун гарын шуу, бугалга, нүүрэнд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Тухайн хүний эсэргүүцсэн үйлдлийг хүч хэрэглэн дарсан ул мөр нь эрүүл мэндийн хохирол болж хэрэгт шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Энэ нь хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогддог. Үүнээс гадна үтрээнээс авсан эр бэлгийн эсээр ДНХ буюу хувь хүний онцлогоороо Б.Мын эр бэлгийн эс болохыг нотолсон. Гэмт хэргийн улмаас хоорондын яаж харилцаж байсан талаар мессежний хуулбарууд авагдсан бөгөөд үүнд “чи яах нь уу, намайг дуудаж бас  хүчиндэх нь үү, хүчиндэгч минь” гэсэн агуулга бүхий харилцаагаар Б.Мтай харилцаж байсан нь хохирогчийн Б.Мад хүчиндүүлсэн үйл баримтыг давхар нотолж байна. Хэргийг прокурорт буцаасан шүүхийн хэлэлцүүлгийн өмнө өмгөөлөгч Н.Намжилцогт хохирогчийг заавал оролцуулах хүсэлт гаргасан тул шүүх хуралдаан хойшилж, хохирогчийг оролцуулсан. Гэтэл шүүх хуралдаанд хохирогч Л.А нь “би хүчиндүүлээгүй, бэлгийн харьцаанд орсны дараа миний нүүр рүү цохисон” гэх зүйл ярьсан. Дараа нь шийтгэх тогтоол гарсны дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр урьд шүүхийн хэлэлцүүлэгт өгснөөсөө өөр мэдүүлэг өгсөн. Ингэхдээ “Б.Мын зүгээс дарамтад орсон” гэдэг бөгөөд энэ нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Б.М нь 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын буурь булаг 34-19-1 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдарч байсан Л.Агийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн,

2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын буурь булаг 34-19-1 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдарч байсан Л.Аг хүч хэрэглэн хүчиндэх явцдаа нүүр, толгойн тус газар цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун бугалга, шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 19-47-01 тоотод байх аав Н.Бгийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Л.Аг “аав, ээжтэй хамт нэг дор амьдарсангүй” гэх шалтгаанаар нүүр рүү нь гараараа цохиж газарт унаган толгой, цээж, гар, гуя, хонго хэсэгт нь хөлөөрөө өшиглөн дэвсэж, хөлнөөс нь чирч үүдний амбаарт оруулан “зүүн бугалга, ташаа, гуя, баруун шилбэ, хонгонд зулгаралт, цус хуралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /2хх 15-16/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /2хх 17-21/, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /2хх 22-23/, дуудлага лавлагааны хуудас /2хх 25-28/, хохирлын баримт /2хх 39-40/ зэрэг нотлох баримтууд болон,

хохирогч Л.Агийн “...Би олон удаагийн зулбалтаас болж савны хавдартай болсон юм. Тэгээд би 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өөрийн хамтран амьдардаг байсан Б.М гэх залуутай өөрийн эрүүл мэндийн талаарх асуудлаар ярилцахаар Б.Мын аавынх нь гэр болох Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын булаг гэх газарт очсон юм. Тэгээд “би савны хавдартай болсон байна. Энэ хавдар нь хортой, хоргүй эсэхийг би мэдэхгүй байна. Гэхдээ энэ хавдар нь олон удаагийн зулбалтаас болсон гэж эмч хэлсэн. Энэ талаар нарийн шинжилгээ хийлгэхэд их хэмжээний мөнгө хэрэгтэй байна” гэж хэлтэл Б.М надад “чи угаасаа үхэх гэж байгаа юм биш үү, тэгээд үхээч” гэж хэлсэн. Тэгээд Б.М гэрээсээ авч ирсэн дээлээ нөмрөөд өмсөж байсан цамц болон өмд, дотуур хувцасаа тайлаад дараа нь миний өмсөж байсан цагаан өнгийн цамц болон хар өнгийн өмд, дотуур хувцасыг маань хүч хэрэглэж тайлсан. Б.М миний хувцасыг хүчээр тайлж байхдаа надад “яасан энгүүлэх гэж ирсэн юм уу, энэ чинь жаргал байдаг байхгүй юу” гэх зэрэг намайг доромжилсон утгатай үгнүүдийг хэлж байсан. Тухайн үед би “хоёулаа сар гаруй хугацаанд тусдаа байсан учир би чамтай бэлгийн харьцаанд орохгүй, чи өвчтэй байж магадгүй” гээд эсэргүүцсэн. Тухайн үед Б.Мын бэлэг эрхтэнээс муухай үнэр үнэртээд байсан юм. Тэгээд Б.Мыг над руу дайраад байхаар нь би “чи одоо болиоч ээ” гэж орилсон боловч Б.М намайг “чимээгүй байгаач” гээд миний зүүн талын хацар руу гараараа 2-3 удаа цохисон. Мөн Б.М миний баруун гарын шуу хэсгээс базаж, баруун мөрний дээд хэсэгт мөн гараараа цохьсон. Тухайн үед би маш их эсэргүүцсэн боловч Б.Мыг дийлээгүй. Тэгээд Б.М намайг хүсээгүй байхад хүч хэрэглэж өөрийн бэлэг эрхтэнийг миний бэлэг эрхтэн рүү хийж 10-15 минут орчим болоод миний саван дотор дур тавьсан. ...Миний толгой, нуруу болон аарцгаар өвдөж байна. ...2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 22 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 19-47-1 тоотод Б.М ямар ч үг хэлэлгүйгээр миний толгой руу гараараа цохиод намайг газар унагааж байгаад миний дээрээс олон удаа өшиглөсөн. Би тэгээд 102 дугаарын утсанд дуудлага өгсөн чинь зугтаагаад яваад өгсөн. ...Би 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн орчим Баянгол дүүргийн 10 дугаар хороололд явж байхад Б.М над руу залгаад хоёулаа уулзах хэрэгтэй байна. Ярих зүйл байна гэж хэлсэн. Б.М орноосоо босч ирээд үгийн зөрүүгүй “янхан, гичий минь, чамайг ална” гээд баруун гараараа нүүр рүү нэг удаа цохиж газар унагаагаад толгой руу баруун хөлөөрөө 5-6 удаа өшиглөж “чамайг ална” гээд хоёр хөлөөрөө ээлжлээд гэдэс, хэвлий, нуруу, хөл хэсэг рүү маш олон удаа өшиглөж зодсон. ...шууд босч ирээд учир зүггүй намайг гараараа цохиж газар унагаад, хөлөөрөө өшиглөн дэвсэж зодсон. Намайг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хамгийн сүүлд зодсон бөгөөд урьд аавынхаа гэрт нэг удаа зодсон. ...Би гомдолтой байгаа учир шүүхээр эцэслэн шийдвэрлүүлмээр байна. ...” /1хх 109-111, 117-120, 225-226, 227-229, 236-237, 2хх 70-71, 86, 184-186, 190-191/,

гэрч Н.Бгийн “...Тухайн өдөр Л.А манай гэрт манай хүү Б.Мтай уулзахаар ирсан юм. Л.А манай гэрт орж ирээд Л.А, Б.М хоёр хоорондоо маргалдах гээд байх шиг болохоор нь би Л.А, Б.М хоёрыг “гарч учраа ол” гээд гаргасан юм. Тэгээд Л.А, Б.М хоёр манай гэрээс гараад манай гэрийн ард байдаг амбаарт ороод хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгээд манай хүү Б.М удалгүй буцаж ганцаараа орж ирээд өөрийнхөө өмсдөг монгол дээлийг аваад буцаад гэрээс гарсан. Тэгээд мөн манай гэрийн ард байх амбаараас эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн маргалдаж байгаа чимээ сонсогдоод байсан. Тэгэхээр нь би Б.М, Л.А хоёрыг хоорондоо учраа ололцох гэж байна гэж бодоод тэр хоёрын асуудалд оролцоогүй. Б.М, Л.А нар нь ойролцоогоор 20-25 минут болсон. ...Тухайн өдөр Л.А, Б.М нар нь ямар шалтгааны улмаас болж хэрэлдэж, маргалдсан талаар мэдэхгүй байна. ...” /1хх 139-141, 2хх 203-204/,

гэрч Л.Хын “...Би 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгсэн орой 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт 19-47-1 тоотод “нөхөр зодоод байна” гэсэн дуудлага ирсэн. Тэгээд би эргүүлийн офицер ахлах дэслэгч С.Бямбаагийн хамт тухайн дуудлага мэдээлэл өгсөн иргэн Л.А гэх хүнтэй гар утсаар холбогдоод хаягийг нь тодруулаад очих гээд гудманд явж байсан чинь урдаас цүнхтэй хувцас бариад гудам уруудаад гарч ирсэн. Тэгээд машиндаа суулгасан чинь иргэн Л.Агаас архи, согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Тэгээд зодсон гэх Б.Мыг олох зорилгоор гэрийн хаягийг нь заалгасан чинь Л.А нь гэрээ зааж өгч чадахгүй байсан. Тэгээд Л.Агаас гомдол, мэдээллийг нь хүлээж аваад түүний ах гэх Чинбатад нь хүлээлгэж өгсөн. Тухайн өдөр гадаа харанхуй байсан болохоор иргэн Л.Агийн биед гэмтэл шарх байсан талаар мэдэхгүй байна. Л.А гэгч нь уйлаад байсан. Л.А нь “манай нөхөр Б.М намайг цохиж, зодсон. Тэгэхээр нь би цагдаа дуудсан чинь гэрээсээ гараад явсан” гэж хэлж байсан. ...” /2хх 9/,

гэрч Х.Нгийн “...Би Б.Мын хойд ээж нь байгаа юм. 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 1-нд шилжих шөнө өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт 19-47-1 тоотод нөхрийн хүү Б.Мын хамт гэртээ унтаж байсан. Тэгтэл шөнө 00 цаг өнгөрч байхад манай хашааны хаалгыг хүн цохиод байсан. Тэгэхээр нь би гэрээсээ гараад хашааны хаалга онгойлгосон чинь Л.А байсан. Л.А манай гэрт орж ирээд цүнхтэй хувцасаараа Б.Мыг цохиод авсан. Тэгсэн Б.М босож ирээд “чи яагаад намайг цохидог юм” гээд Л.Аг түлхээд гэрээс гараад явсан. ...” /2хх 6, 199-200/,

гэрч М.Цын “...Би 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Б.Мягмардоржийн ирүүлсэн албан бичгийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Мандалын 3-61 тоотод оршин суух бүртгэлтэй боловч уг хаяг дээр амьдардаггүй хохирогч Л.Агийн гэрийн хаягаар, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.М нь Л.Агийн биед нь халдаж зодсон гэх асуудалд, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ хийж Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны хамтарсан багийн хурлаар хэлэлцэж, хурлийн тэмдэглэлийг гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хүргүүлсэн. ...” /2хх 221-222/,

шинжээч Г.Хгийн “...Л.Агийн биед учирсан гэмтлүүд нь нэг удаа түлхэгдээд унах үед үүсэх боломжгүй гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Л.Агийн биед учирсан гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. ...” /1хх 243-244/,

яллагдагч Б.Мын “...Бид хоёр маргалдаад, би уурандаа Л.Агийн хацар руу нэг удаа цохиод өөрөөсөө Л.Аг түлхсэн. Гэтэл Л.А манай гэрийн ард байх амбаарны хаалганд тээглээд хойшоо унасан. ...Амбаар руу орсон байхад Л.А надаас уучлалт гуйгаад “буцаад нийлье” гээд байсан. Би гэр рүүгээ ороод өөрийн өмсдөг саарал өнгөтэй дээлийг авч ирээд Л.А бид хоёр амбаар дотор байх орон дээр хамт хэвтсэн. Тэгээд бид хоёр хэсэг хэвтэж байгаад харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед Л.А өөрөө хүсэж надтай бэлгийн харьцаанд орсон. ...Би Л.Аг хүчиндээгүй бөгөөд тухайн өдөр бид хоёр харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон. ...Би хөнгөн гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...Би гэрээс хөнжил гудас аваад Л.Агийн хамт хонохдоо шөнө дунд бэлгийн харилцаанд орсон. ...Би гараараа түлхэж үүдний амбаарт газар унагаад гуя, өгзөг хэсэг рүү нь 1-2 удаа өшиглөсөн. Тухайн үед Л.А биеийнхээ зүүн талаар газар унасан. ...” /1хх 210-214, 2хх 76-80, 125-126, 195-197/ гэсэн мэдүүлгүүд,  

“...Л.Агийн биед зүүн бугалга, ташаа, гуя, баруун шилбэ, хонгонд зулгаралт, цус хуралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 7694 дугаартай /1хх 238-240/,

“...Л.Агийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Л.Агийн үтрээний арчдас, наалдац болон дотоож, ариун цэврийн хэрэгсэлд эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн. Л.А  нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. ...” гэсэн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 6959 дугаартай /1хх 153-155/,

“...Б.М нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. Хурьцал үйлдэх чадвартай байна. ...” гэсэн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 7067 дугаартай /1хх 160-163/

“...Л.Агийн үтрээнээс авсан гэх арчдас дээр илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь Б.Мын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...” 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 3822 дугаартай /1хх 168-171/ гэсэн шинжээчийн дүгнэлтүүд,

“...Л.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Л.А нь сэтгэцийн хувьд үйл явдлыг бодитоор тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна. Л.А нь өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадвартай байна. Л.А нь сэтгэцийн хувьд өөрийн үйлдлийг хариуцах чадвартай байна. ...” гэсэн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 880 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1хх 173-175/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан, хүчиндэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж үйлдсэн гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй төдийгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсгүүдэд зааснаар өршөөн хэлтрүүлж хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Маас “...Л.Атай тохиролцож бэлгийн харьцаанд орсон. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэх, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Д.Батбаяр нарын хамтран гаргасан “...Б.Мыг хүчиндэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулсан заалтуудыг хүчингүй болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий тус тус давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд хохирогч Л.А мөрдөн шалгах ажиллагааны явцад  шүүгдэгч Б.Мын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар тогтвортой мэдүүлгүүд өгч байсан, эдгээр нь гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр давхар нотлогдсон байна.

Иймд шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Д.Батбаяр нарын хамтран гаргасан гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/1229 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 65 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/1229 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Д.Батбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь нь 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 65 хоног /жаран тав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.ПҮРЭВСҮРЭН

 

                                  ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ