Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
Хэргийн индекс | 155/2024/00030/И |
Дугаар | 155/ШШ2024/00068 |
Огноо | 2024-01-12 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 155/ШШ2024/00068
2024 оны 01 сарын 12 өдөр | Дугаар 155/ШШ2024/00068 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
155/2024/00030/И
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хариуцсан хяналтын прокурор Э.Батзолбоо,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 5 дугаар багт оршин суух, ................. холбогдох, ойн дагалт баялаг болох 50 кг хуш модны самрыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж байгаль орчинд учруулсан шууд хохирлын хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр буюу 1 кг хуш модны самрыг 7,000 төгрөгөөр тооцож, 350,000 төгрөгийн хохирлыг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батзолбоо шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ......................... нь 2023 оны 4 дүгээр сарын 07, 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны ар багийн нутаг дэвсгэр Баруун асга гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 50 кг хуш модны самар түүж, байгаль орчинд хохирол учруулсан гэх зөрчилд тус аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ..................нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогч Т.Майбаярт 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 0614824 дугаартай шийтгэлийн хуудсаар Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Гэтэл Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: Зөвшөөрөлгүй ойн дагалт баялаг бэлтгэсэн бол зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хурааж учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж хуульчилсан байхад эрх бүхий албан тушаалтан зөрчлийн холбогдогчоос байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлээгүй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: Иргэн, аж ахуй, нэгж байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. гэж заасан.
Иргэн .....................хууль бус үйлдлийн улмаас Байгаль орчин, уур амьсгалын санд хохирол учирсан байх бөгөөд уг хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах эрх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт: Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно. гэж заасны дагуу прокурор өөрийн санаачлагчаар төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар 497.1 дэх хэсэгт зааснаар ..................нь хууль бус санаатай үйлдлээр төрд учруулсан гэм хорын хохирлоо хариуцан арилгах үүрэгтэй болно.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэн Т.Майбаяраас ойн дагалт баялаг болох 50 кг хуш модны самрыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж байгаль орчинд учруулсан шууд хохирлын хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр буюу 1 кг хуш модны самрыг 7,000 төгрөгөөр тооцож, 350,000 төгрөгийн хохирлыг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Прокурорын газар нь хариуцагч ..................холбогдуулан ойн дагалт баялаг болох 50 кг хуш модны самрыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж байгаль орчинд учруулсан шууд хохирлын хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр буюу 1 кг хуш модны самрыг 7,000 төгрөгөөр тооцож, 350,000 төгрөгийн хохирлыг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэл гардуулж, эрх, үүрэг тайлбарлаж, нөлөөлийн мэдүүлэг танилцуулахаар шүүхэд дуудсан боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд нэхэмжлэлийн шаардлага болох 350,000 төгрөгийг төлсөн баримтаа шүүхэд ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан ба нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Прокурорын газрыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн байх тул хариуцагч ........................ нэхэмжлэлийн шаардлага болох 350,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 11,150 төгрөгийн тал хувь 5,575 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч ................... холбогдох ойн дагалт баялаг болох 50 кг хуш модны самрыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж байгаль орчинд учруулсан шууд хохирлын хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр буюу 1 кг хуш модны самрыг 7,000 төгрөгөөр тооцож, 350,000 төгрөгийн хохирлыг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ................. 5,575 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА