Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 0007

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.П, Э.М,

Г.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

   Прокурор                                                      С.Б

Шүүгдэгч                                                       Н.П, Э.М, Г.Д /онлайн/

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            В.Э, А.У, Б.М, Д.М /онлайн/

Хохирогчийн өмгөөлөгч                           М.Г, М.М, Б.Б /онлайн/

Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 260 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.П, Э.М, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.М, Б.М, хохирогчийн өмгөөлөгч М.М нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Н.П, Э.М, Г.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

О овгийн Н-н П,

Ж овгийн Э-н М,

Т овгийн Г-н Д,

Н.П нь 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр  аймгийн  сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа сумын засаг даргын захирамж шийдвэргүйгээр  дугаартай тушаал гарган өөртөө сарын цалингийн 40 хувь болох 293.500 төгрөгийн урамшуулал, улсын бүртгэгч Д.Д-д сарын цалингийн 30 хувийн буюу 164.000 төгрөгийн цалингийн урамшуулал олгож өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,

2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн  дугаартай “Аж ахуйн бараа материал нийлүүлэх” гэрээг өөрийн төрсөн дүү Н.Б-н нөхөр болох “Т” хоршооны захирал хүргэн Б.Б-тэй байгуулж, 3.630.900 төгрөгийн бараа материал худалдан авахаар тохиролцож бусдад давуу байдал бий болгосон,

2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн   дугаартай тушаалаар 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд  аймгийн  сумын улсын бүртгэгч Д.Д-д Засаг даргын тамгын газрын даргын тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэх буюу тээвэр шатахууныг захиран зарцуулах эрхийг олгож Монгол улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ алба хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн,

 аймгийн  сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаартай тогтоолын 10 дугаар хавсралтад заагдсан Засаг даргын тамгын газрын хуучин зочид буудлын засвар үйлчилгээ хийх ажлыг 9.900.000 төгрөгөөр төлөвлөгдсөн байсныг нэршлийг өөрчилж шинээр 6x4 хэмжээ бүхий 2 ширхэг шовгор байшинг “Дунд халбан” хоршооны тамга, тэмдгийг ашиглан өөрийн хамаарал бүхий төрсөн дүү Н.Б-н нөхөр болох Б.Б-р бариулж бусдад давуу байдал бий болгосон,

2018 оны 07 дугаар сард сумын Засаг даргын захирамжгүйгээр 1.431.032 төгрөгийг өөртөө урамшуулал болгон авч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт,

2018 оны 02 дугаар сард  аймгийн  сумын Засаг даргын тамгын газрын мал үржлийн тасгийн улсын байцаагчийн сул орон тоон дээр шалгалт өгсөн Г-н Д-г төрийн албаны шалгалтад тэнцүүлэхээр аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлага хэлтсийн ахлах мэргэжилтэн, төрийн албаны шалгалтын нарийн бичгийн дарга Э.Мд 1.500.000 төгрөг өгөхийг шаардаж хахууль авах гэмт хэрэгт,

Э.М нь  аймгийн Засаг даргын тамгын газрын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, төрийн албаны шалгалтын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр  аймгийн сумын засаг даргын тамгын газрын мал үржлийн тасгийн улсын байцаагчийн сул орон тоон дээр шалгалт өгсөн Г-н Д-г төрийн албаны шалгалтад тэнцүүлнэ гэж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд 1.500.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт,

Г.Д нь  аймгийн  сумын Засаг даргын тамгын газрын мал үржлийн тасгийн улсын байцаагчийн сул орон тоон дээр шалгалт өгөхдөө өөртөө давуу байдал бий болгох зорилгоор  аймгийн Засаг даргын тамгын газрын төрийн захиргаа удирдлага хэлтсийн ахлах мэргэжилтэн, төрийн албаны шалгалтын нарийн бичгийн дарга Э.Мд 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

аймгийн Прокурорын газраас: Н.Пгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар, Э.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Г.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч О овогт Н-н П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийг ашиг сонирхлын үүднээс хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ж овогт Э-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Т овогт Г-н Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар  аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Пд Засгийн газрын 2019 оны 62 дугаар тушаал зөрчиж бусдад тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэх эрх олгож давуу байдал бий болгосон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Н.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

шүүгдэгч Э.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар 1.500.000 төгрөг гаргуулж улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

шүүгдэгч Г.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасч, 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пд оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М, Г.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пгээс 1.888.532 төгрөг гаргуулж аймгийн сумын засаг даргын тамгын газарт олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцож сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч Э.Мгаас шүүхийн шатанд гаргаж өгсөн 1 ширхэг хуурцаг, 1 ширхэг зөөврийн санах ой зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Э.М, Г.Д нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч, нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.Пгийн өмгөөлөгч Д.М давж заалдах гомдолдоо:

“...Шүүхээс эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзсэнийг хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын үйлдэл нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэл байдаг. Гэвч П-н хувьд хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлээгүй гэж үзнэ.

...  аймгийн Засаг дарга гэрч Ц-н мэдүүлгээр "Т" хоршооны дарга Б-тэй гэрээ хийх байтал түүний хүү болох Б.Б-тэй гэрээ хийж ... ” гэж мэдүүлснээс "Т" хоршооноос 3.630.900 төгрөгийн бараа материал худалдан авахыг зөвшөөрч байсан гэдэг нь харагдана. Мөн гэрч Б.Б-н "...  аймгийн  сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Н.П нь миний эхнэр Н-н Б-н төрсөн эгч нь болох хүн юм аа ... манай хоршоо ямар нэгэн ашиг байхгүй байсан учраас 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр татан буугдаж би 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хоршооны ажлаас чөлөөлөгдсөн, Засаг даргын тамгын газраас дэлгүүрүүд рүү аж ахуйн бараа материал авахаар үнийн саналаа явуулдаг аль бага үнийн санал өгсөнтэй нь гэрээ байгуулсан, тэгэхэд манай дэлгүүр хамгийн бага үнийн санал хүргүүлсэн учраас 2017, 2018 онуудад гэрээ байгуулсан" гэх /2 дугаар хавтас 111-113-р хуудас/ мэдүүлгээс хамгийн бага үнийн дүн санал болгодог нь харагдана. Нөгөө талаас зорилго албаны ашиг сонирхлын эсрэг биш гэдэг нь харагдана.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектив талын хувьд эрх мэдэл, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглах үйлдэл нь заавал санаатай байх учиртай. Өөрөөр хэлбэл, албан тушаалтан албаны ашиг сонирхлын эсрэг, иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт харш үр дагавар бий болгож байна гэдгээ мэдсэн байх учиртай байдаг.

... Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын үйлдэл нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэл байдаг. Гэвч Н.Пгийн хувьд Д.Д-д цалин урамшуулал олгох эрхтэй боловч Д.Д-д оны шилдэг ажилтны урамшуулал 100.000 төгрөгийг / сумын хөдөлмөрийн дотоод журмын 4.3.3, 5.6.1, 5.6.2 (хавтаст хэргийн 2-р хавтасны 23 талд) олгох ёстой нөхцөл байдал байсан. Мөн өөртөө цалин урамшуулал олгох албан үүрэг, бүрэн эрх, албан тушаал ч байхгүй. Цалин урамшуулал олгох эрхийг  аймгийн сумын Засаг дарга эдлэх бөгөөд Засаг даргын тушаалгүйгээр цалин олгож байгаа нь нягтлан бодогчийн буруутай үйлдэл бас харагддаг. Гэхдээ Н.П нь өөртөө урамшуулал олгох тушаал гаргасан буруутай үйлдэл байдаг боловч энэ гэмт хэрэг нягтлан бодогчийн үйлдлээр дуусгавар болдог. Өөрөөр хэлбэл төгсөөгүй гэмт хэрэг байдаг. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тохирсон ял шийтгэлээ хүлээхэд бэлэн байдаг.

... Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектив талын хувьд эрх мэдэл, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглах үйлдэл нь заавал санаатай байх учиртай. Өөрөөр хэлбэл албан тушаалтан албаны ашиг сонирхлын эсрэг, иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт харш үр дагавар бий болгож байна гэдгээ мэдсэн байх учиртай байдаг. Гэтэл  аймгийн сумын Засаг даргын тамгын газрын амралтад 6 x 4 хэмжээ бүхий 2 ширхэг шовгор байшин бариулсан нь албаны эрх ашгийн эсрэг үйлдэл биш бөгөөд тус суманд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан шаардлагыг хангах хуулийн этгээд байдаггүйгээс санаатай байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзсэнийг хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэргийн объектив талын шинж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөхийг шаардсан, авсан үйлдлээр илэрнэ. Гэтэл Н.Пд Г.Дг төрийн албаны шалгалтад тэнцүүлэх, эсхүл төрийн албаны шалгалт авах чиг үүрэг байхгүй. Өөрөөр хэлбэл  аймгийн  сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод зааснаас харахад төрийн албаны шалгалттай холбоотой үүрэг байхгүй байна. Нөгөөтэйгүүр Г.Дд туслах гэсэн зорилгоос харахад гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдээгүй гэж үзэж байна

Н.П нь төрийн албаны шалгалтын нарийн бичгийн дарга Э.Мтай утсаар ярихад төрийн албанд тэнцүүлэхэд 1.500.000 төгрөг байдаг гэж хэлснийг Д-д дамжуулан хэлснээс биш өөртөө ашиг орлого олох зорилго байгаагүй. Мөн тус гэмт хэргийн объект тал нь төрийн болон хувийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа, нэр хүнд байна. Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан идэвхтэй үйлдэл байна. Энэ гэмт хэргийн хувьд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс тодорхой үйлдэл хийдэг, хийхийг амлаж хахууль авдаг. Н.Пгийн хувьд энэхүү гэмт хэргийн шинжийг бүрэн агуулаагүй байна. Иймд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 260 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Н.П давж заалдах гомдолдоо:

 

“... Миний бие хууль тогтоомжид заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ илт санаатайгаар өөртөө болон бусдад давуу тал олгож, байгууллагад хохирол учруулсан зүйл огт байхгүй. Би ажил албан тушаалынхаа чиг үүрэг, үүрэг хариуцлагыг ухамсарлаж байсан учраас тухайн үед шат шатны байгууллага, албан тушаалтнуудад албан бичгээр хандаж байсан. Эдгээр нотлох баримтууд хэргийн материалд авагдсан. Аливаа хүнд ямар нэг хэлбэрээр алдаа дутагдал байдаг. Үүний адил би алдаа гаргасан бол тухайн үед миний ажил төрөлдөө хийж хандсан үйлдэл юм.

 

Би зориуд санаатайгаар ашиг хонжооны төлөө өөртөө болон бусдад давуу тал олгож, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж  сумын Засаг даргын тамгын газарт хор хохирол учруулж, тухайн үед өөр сонголт хийх ёстой байсан хамгийн бага үнэтэй өртөг зардлаар худалдан авалт хийх боломж нөхцөлийг хааж боосон зүйл огт байхгүй. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар зүйлчилж ялласныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн тухайн үед төрийн албаны мэргэжлийн шалгалт явагдаж байх үед миний бие  суманд ажлаа хийгээд явж байсан. Г.Д, Э.М нарыг 1.5 сая төгрөг авалцаж өгөлцөхөд гар бие оролцож, дамжуулж аваачиж өгөөгүй. Өөрийнхөө дансаар Г.Дгээс 1.5 сая төгрөг авч, дундаас нь хувь ашиг аваагүй байхад яагаад заавал авилга өгөгчийн байр сууринаас харш  хахууль өгөхийг шаардсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллаад байгаа ч ойлгохгүй бас хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Түүнчлэн шүүх хуралдааны явцад хуралдаан даргалж буй шүүгчийн зүгээс надаас ямар ч асуулт асуугаагүй. Нотлох баримт шинжлэн судлуулах хүсэлтэй байгаагаа удаа дараа хэлсэн боловч энэ талаар надаас асуугаагүй. Өөрөөр хэлбэл намайг яриулаагүй. Э.М, Г.Д бидний холбогдсон хэрэгт  сумын Засаг даргын тамгын газар хохирогч биш байтал өмгөөлөгч М.Г, М.М, Б.Б нараар дүгнэлт хийлгэсэн. Хэт нэг талыг барьж яллах нүдээр харж хэргийг шүүж дэнсэлсэнд гомдолтой байна. Тиймээс миний бие шүүх хуралд өөрийн биеэр оролцож холбогдох тайлбарыг гаргах хүсэлтэй байгаа тул намайг шүүх хуралд биечлэн оролцуулж өгнө үү. Надад үндэслэлгүйгээр ял шийтгэл оногдуулж байгаад гомдолтой байна. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 260 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 2 дахь заалтаас бусад надад хамаарах хэсгийг хэрэгсэхгүй болгож намайг цагаатгаж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Э.М давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“... Шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “Шүүгдэгч Э.М нь  аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, төрийн албаны шалгалтын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр  аймгийн  сумын Засаг даргын тамгын газрын мал үржлийн тасгийн улсын байцаагчийн сул орон тоон дээр шалгалт өгсөн Г-н Д-с төрийн албаны шалгалтад тэнцүүлнэ гэж 1.500.000 төгрөг авсан” гэж дүгнэснийг үнэнд нийцэхгүй гэж үзэж байна.

Миний бие иргэн Г.Дд “төрийн албаны шалгалтад тэнцүүлнэ шүү, мөнгө авна” гэж санал тавиагүй, өөрийн гараар түүнээс мөнгө аваагүй, тэр хүн данснаасаа авсан мөнгөө хэнд өгсөн нь нотлох баримтаар тогтоогдоогүй, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн магадлалаар “гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн болох нь тогтоогдоогүй” гэж үзсэн, нэмэлт мөрдөн байцаалтаар гэмт хэргийг хэзээ, хаана үйлдсэн болохыг тогтоож чадаагүй байхад хүний халдашгүй байдал буюу захидал харилцааны нууцад халдаж, хууль бус аргаар олж авч бусдад дамжуулсан мэдээлэлд тулгуурлан, өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэн өөрийгөө хамгаалах чадваргүй байдлыг ашиглан хуульд заасан хүний халдашгүй байх эрхийг хангалгүйгээр авсан мэдүүлэгт үндэслэн анхан шатны шүүхээс гэмт хэргийн гарсан байдлыг тогтоож чадалгүй үндэслэлгүй дүгнэлт гаргасанд гомдолтой байна.

Мөн тогтоолын үндэслэх хэсэгт “ аймгийн  сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Н.П, мал эмнэлэг, үржлийн тасгийн байцаагчаар ажиллаж байсан Г.Д нарын фейсбүүк цахим захидлаар “Төрийн албаны шалгалтад тэнцэхийн тулд бусдад хахууль өгөх” талаар бичсэн мессежний гэрэл зураг, 2018 оны төрийн албаны шалгалтын материал, шалгалтад орсон хүмүүсийн судалгаа болон төрийн албаны шалгалтыг зохион явуулсан талаар илтгэх хуудас, Г.Дгийн эзэмшлийн ХААН банкны  дугаартай дансны хуулга” зэрэг нотлох баримтуудыг дурджээ.

Дээрх баримтуудын зарим хэсэг нь захидал харилцааны нууцын халдашгүй байдалд хамаарна. Яагаад захидал харилцааны нууцад хамаарах баримт бусдын гарт орж улмаар гэмгүй хүнийг яллах баримт болов гэдэг нь ойлгомжгүй байна. Тухайн хүмүүсийн хоорондоо бичсэн эсэх нь тодорхойгүй зүйл нь намайг яллах үндэслэл болох ёсгүй ба бичсэн зүйлийг нь шинжээчийн дүгнэлтээр Н.П, Г.Д нар бичжээ гэдгийг нотолсон нотлох баримт хэрэгт байхгүй байна.

Тэгээд ч Н.П, Г.Д нарын хоорондоо бичсэн гэх ор үндэслэлгүй зүйлээр буюу эх сурвалж нь тодорхойгүй, баталгаажаагүй баримтаар миний эрхийг хязгаарлах боломжгүй юм. Тогтоолын үндэслэх хэсэгт тусгасан нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдолтой нотлох баримтад тооцох боломжгүй гэж үзэж байна. Төрийн албаны шалгалтад орсон хүнийг тэнцүүлдэг, шийдвэр гаргадаг эрх бүхий албан тушаалтан биш байхад, тухайн шалгалтыг зохион байгуулах нарийн бичгийн чиг үүргийн хүрээнд буюу шалгалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөөгөөр баталсан ажил үүргийг гүйцэтгэдэг байтал Г.Д төрийн албаны шалгалтад тэнцсэн нь миний буруу мэт үзэж, миний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг нотолж чадалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол үндэслэлгүй болсныг харуулж байна.

2021 оны 03 дугаар сараас эхлэн “Х ө”, “Х зар мэдээ” гэх мэт 6 цахим хуудсаар дамжуулан хавтаст хэрэгт байх Н.П бид хоёрын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, фейсбүүк чат гэх зүйлсийг шүүхээс эцэслэн шийдвэрлээгүй байхад  аймгийн Шүүхийн тамгын газрын хуулбар үнэн тэмдэгтэйгээр олон нийтийн сүлжээнд байршуулан санаатайгаар тарааж, шүүхээс хэнийг ч гэм буруутайд тооцоогүй байхад гэмт хэрэгтэн хэмээн зарлаж, хүний нэр төр, алдар хүнд, Үндсэн хуульд заасан ажиллаж хөдөлмөрлөх эрхэнд санаатай халдаж байгаад гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 260 дугаар тогтоолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч М.М давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“... Шүүхээс Н.Пг “ аймгийн  сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр  дугаартай тушаал гарган  аймгийн сумын улсын бүртгэгч Д.Д-д 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд Засаг даргын тамгын газрын даргын тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэх буюу тээвэр шатахууныг захиран зарцуулах эрхийг олгосон” үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Энэ талаар шүүх “Төрийн албан хаагчийн ажил үүргийг түр орлон гүйцэтгүүлэхдээ хууль, эсхүл тушаалаар батлагдсан журам зөрчсөнөөс хохирол хор уршиг учирсан эсэх /хэлбэрийн/, өөрт нь болон бусдад давуу байдал бий болгосон эсэх нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн ажил үүргийг түр орлон гүйцэтгүүлсний улмаас төрийн албаны хэвийн үйл ажиллагаа доголдсон эсэх, Н.П, Д.Д нарт ашигтай давуу байдал бий болсон эсэх нь тогтоогдохгүй байна...” гэж дүгнэжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаартай тогтоолоор “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг баталсан. Энэхүү журмын зорилго нь Төрийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулахад орших бөгөөд тус журмын 4.2. “Энэхүү журмын 3.2-т заасан эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг дараах журмаар түр орлон гүйцэтгүүлнэ”, 4.2.1. “Байгууллагын даргын эзгүй байх хугацаанд албан үүргийг нь түүний дэд дарга, орлогч түр орлон гүйцэтгэх бөгөөд энэ тохиолдолд тусгайлан шийдвэр гаргахгүй байж болно. Дэд дарга, орлогчгүй, эсхүл тэд орлох боломжгүй бол чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлнэ. Энэ тохиолдолд эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргана”,

4.2.2. “Энэхүү журмын 4.2.1-д зааснаас бусад эзгүй байгаа удирдах, гүйцэтгэх албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлнэ”, 5.4. “Эзгүй байгаа албан хаагчийн болон сул орон тоо гарсан албан тушаалын албан үүргийг энэ журамд зааснаас бусад этгээдээр түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно” гэж тус тус заасан.

Дээрх журам нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 9 дугаартай “Журам батлах тухай” тогтоол гарах хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Тодруулбал шүүгдэгч Н.Пг  аймгийн сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр  дугаартай тушаалаар улсын бүртгэгч Д.Д-д тээвэр шатахууныг захиран зарцуулах эрх олгож байх үед дээрх журам хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан.

Гэтэл дээрх журмыг Н.П нь зөрчиж, босоо удирдлагатай буюу  аймгийн  сумын Засаг даргын тамгын газарт харьяалагддаггүй, Засаг Даргын тамгын газрын даргын албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамаарал бүхий албан хаагч биш улсын бүртгэлийн байгууллагын улсын бүртгэгч Д.Д-д Засаг даргын тамгын газрын хөрөнгө болох тээвэр шатахууныг захиран зарцуулах эрхийг олгосон. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах хэргийн хувьд хууль тогтоогч хор уршиг заавал учирсан байхыг шууд хуульчлан тодорхойлоогүй тул хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт хамаарах юм.

Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг болохын хувьд нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэнээр үйлдэгдэж улмаар гэмт хэрэг төгссөнд тооцогддог ба хохирол хор уршиг учирсан байхыг шаарддаггүй. Харин Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж болох өөрт болон бусдад давуу байдал бий болгосон байх хуулийн шаардлагын тухайд улсын бүртгэгч Д.Д-д  сумын Засаг даргын тамгын газрын хөрөнгө /шатахуун/ захиран зарцуулах эрхийг бий болгосон тул Д.Д-д давуу байдал буюу бусдаас илүү эрх мэдэл бий болгосон байдаг.

Дээрх үндэслэлээр Н.Пгийн “ аймгийн  сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр    дугаартай тушаал гарган  аймгийн  сумын улсын бүртгэгч Д.Д-д 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд Засаг даргын тамгын газрын даргын тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэх буюу тээвэр шатахууныг захиран зарцуулах эрхийг олгосон” үйлдэл  дугаартай тушаалыг гаргаж хэрэгжүүлснээр төгссөн.

Улмаар дээрх Н.Пгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан эсэх талаар давж заалдах шатны шүүхээр дүгнэлт хийлгэх зорилгоор гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Н.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.

Энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялын хамгийн бага хугацааг сонгосон. Гэтэл шүүгдэгч Н.П нь холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд учруулсан хохирлоо огт төлөлгүйгээр эрүүгийн хариуцлагын хурлыг хийлгэсэн. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших ба тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх талаар хуульд заасан.

Н.Пгийн холбогдсон хэрэг нь олон удаагийн үйлдэлтэй ба хохирол, хор уршиг нь арилаагүй буюу төлөгдөөгүй байгаа байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдал, төрийн үйл ажиллагааны хэвийн явагдах зарчим алдагдсан зэргээс үзвэл түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарчимд нийцэхгүй гэж хохирогч талаас үзэж байна. Иймд Н.Пд анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь хэт хөнгөдсөн эсэх эсхүл гэмт бурууд нь тохирсон эсэх талаар дүгнэлт хийлгэх зорилгоор энэхүү гомдлыг гаргаж байгааг хянаж өгөхийг хүсье” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.М давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүгдэгч Э.Мгийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх шийдвэр болсон байна. Үүнд: Нэг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ... шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв ... гэсэн нь учир дутагдалтай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ” гэж заажээ. Гэтэл тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх журмыг ноцтой зөрчсөн буюу тухайлсан баримтуудыг нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэл бий болсон байтал эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тодруулбал Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч С.Б дүгнэлтдээ: “...Э.М нь ... Г.Дг төрийн албаны шалгалтад тэнцүүлнэ” гэж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд 1.500.000 төгрөгийг авч хахууль авах гэмт хэргийг үйлдсэн болох нь ... Г.Дгийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, Э.М, Г.П нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хоорондоо харилцсан фейсбүүк чатын талаарх гэрэл зургаар бэхжүүлж авсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж,

анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “ ... 16. Яллагдагч Г.Дгийн мэдүүлэг, 17. Яллагдагч Э.Мгийн мэдүүлэг, 18.  аймгийн сумын Засаг Даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Г.П, мал эмнэлэг үржлийн тасгийн байцаагчаар ажиллаж байсан Г.Д нарын фейсбүүк цахим захидлаар “Төрийн албаны шалгалтад тэнцэхийн тулд бусдад хахууль өгөх” талаар бичсэн мессежний гэрэл зураг, 19. Н.П, Г.Д нарын хоорондын фейсбүүкийн цахим захидлаар бусдад хахууль өгөх талаар бичсэн мессежний гэрэл зураг... 24. П.Д-н эзэмшлийн Хаан банкны  дугаартай дансны хуулга...” зэрэг нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болно.

Үүнд: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд “...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх ... тухайн нотлох баримтыг нотлох баримтад тооцохгүй байх эсэхийг шийдвэрлэнэ:” гэж заасан. 1.1.энэ хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан;  аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 88 дугаартай шүүгчийн захирамжаар уг хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Прокурорт буцаасан байдаг. Тус захирамжийн үндэслэл нь: “ ... яллагдагч Э.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхдөө жирэмсэн байсан. Мөрдөгч “хэрвээ чи хэргээ хүлээхгүй бол хүүхдээ шоронд төрүүлж өсгөнө” гэж айлган сүрдүүлж, тулгаж мэдүүлэг авсан ... шалгаж өгнө үү” гэх өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байдаг.

Дээрх шүүгчийн захирамжийн биелэлтийг хангах зорилгоор “Авилгатай тэмцэх газрын мөрдөгч, комиссар Ц.М нь эрүү шүүлт тулгах гэмт хэргийг үйлдсэн...” гэх Г-111 дугаартай гомдол мэдээллийг Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Б, хэрэг бүртгэлтийн хэргийг Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч В.Э нар тус тус мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг.

Харин тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан Авилгатай тэмцэх газрын мөрдөгч, комиссар Ц.М нь нас барсан шалтгааны улмаас тус эрүүдэн шүүсэн гэх хэргийн бодит байдлыг тогтоох боломжгүй болсон. Хэдий тийм боловч Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой.

Гэтэл мөрдөгч, прокурор нь дээрх “эрүү шүүлт тулгасан” гэх хэрэг бүртгэлтийн хэргийн холбогдох нотлох баримтуудыг хавтаст хэрэгт зориуд хавсаргахаас зайлсхийж, шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий уг нотлох баримтыг шүүхээс шаардах эрхтэй буюу нотолбол зохих байдал тогтоогдоогүй үндэслэлээр хэргийг прокурорт буцаах бүрэн эрхээ шүүх хэрэгжүүлсэнгүй. Өөрөөр хэлбэл, хэт нэг талыг барьж, дан ганц яллах байр суурийг барьж дүгнэлт хийсэн нь тус шийтгэх тогтоол хууль ёсны байх шинжийг алдагдуулжээ.

2.Энэ хуулийн 5.3 дугаар зүйлд заасныг зөрчсөн; Миний үйлчлүүлэгч Э.Мгийн тухайд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэд, хэдэн удаа мэдүүлэг өгсөн боловч түүний өгсөн зарим мэдүүлгийг хавтаст хэрэгт хавсаргаагүй зөрчил байдаг бөгөөд түүнчлэн түүний өгсөн мэдүүлэгт “ ... өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй ... ” гэх тэмдэглэл байдаг боловч түүний “өөрийгөө өмгөөлөх тухай” бичгээр гаргасан албан ёсны хүсэлт хавтаст хэрэгт байдаггүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ ... сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно ... ” гэх заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл байна.

3.Өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг зөрчиж мэдүүлэг авсан: Мөн дээр дурдсан мэдүүлгүүдийг авах үед Э.М нь “... өмгөөлөгч сонгон авсны дараа мэдүүлэг өгөх хүсэлтэй ... ” байгаа талаар хүсэл зоригоо илэрхийлэхэд тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан мөрдөгч, комиссар, талийгаач Ц.М нь “ ... нэгэнт тодорхой хэрэг дээр өмгөөлөгчийн хэрэггүй ... ” гэж хэлээд, хэрэг хүлээлгэх зорилгоор миний үйлчлүүлэгчийн сэтгэл санааг шаналган зовоох байдлаар “өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх” эрхийг нь ноцтойгоор нь зөрчиж мэдүүлэг авсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа.

Мөн миний үйлчлүүлэгч Э.Мгийн гэм буруу нотлогдсон гэх шүүхийн шийдвэрийг гаргахдаа анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасан “... яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг яллагдагч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй ...” гэх заалтыг зөрчсөн.

Тус хэргийн шүүгдэгч болох  аймгийн  сумын Засаг Даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Н.П болон мал эмнэлэг үржлийн тасгийн байцаагчаар ажиллаж байсан Г.Д нарын фейсбүүк цахим зурвас нь нотлох баримтыг цуглуулах эрхгүй этгээд буюу тус хэргийн гэрч Ш.П, нотлох баримтыг бэхжүүлэх эрхгүй этгээд буюу гэрч А.С нарын идэвхтэй үйлдлээр баталгаажиж, хавтаст хэрэгт авагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно” гэж, 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй”гэж тус тус хуульчилсан.

Гэтэл Ш.П-н өөрийн ажлын компьютер дээр нээлттэй орхисон Г.Дгийн фейсбүүк цахим хаяг руу нэвтрэн орж, цахим зурвасаас холбогдох мэдээллийг олж авсан гэх үйлдэл нь хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцад халдаж буй, гэмт хэргийн шинжтэй, хууль бус үйлдэл болохыг анхан шатны шүүх анхаарахыг хүссэнгүй. Түүнчлэн нэгэнт хууль бус арга, хэрэгслээр цугларсан нотлох баримтыг бэхжүүлэх шаардлагагүй боловч гэрч А.С-н өөрийн Самсунг маркийн 2018 оны Жи-7 загварын гар утсаар 30-40 орчим зураг дарсан үйлдэл нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ ... нотлох баримт бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдэх ... ” журмыг зөрчсөн шинжийг агуулж байгаа бөгөөд тус баримтуудад “ аймгийн  сумын ЗДТГ-ын архивын хуулбар” тэмдэг дарсан нь ойлгомжгүй.

Харин нэгэнт хууль бус арга, хэрэгслээр цугларсан дээрх үйл баримтын талаар мэдүүлж байгаа гэрч Х.Г, Ш.П, Н.А, Б.Б, А.С нарын мэдүүлэг нь хэрэгт ач холбогдолгүй болно. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар “Энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй” гэх заалтыг анхан шатны шүүх хэрэгссэнгүй. Шүүгдэгч Г.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд харилцан адилгүй, зөрүүтэй мэдүүлгүүдийг өгдөг.

Тодруулбал: 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрөө сайн бэлдсэн байсан учраас өөртөө итгэлтэй байсан. Ингээд Төрийн албаны шалгалтандаа орж ... 100 оноо авахаас 73 оноо авч ... хамгийн өндөр оноо авч, 1 дүгээр байранд орсон ... надад бусдад өгөхөөр 1.500.000 төгрөг байгаагүй. Би шалгалтад тэнцүүлж өгөөч, 1.500.000 төгрөг өгье гэж Н.П даргад хэлээгүй ... гэж, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ ... өмнө нь нь энэ хэргийг шалгаж байсан байцаагч надаас мэдүүлэг авахдаа “н.М чинь мөнгө авсан талаараа хэлсэн. Чи одоо үнэнээ хэлэхгүй бол хорих ял сонсоно” гээд байхаар нь би айсандаа мөнгө өгсөн гэж мэдүүлэг өгсөн ... гэж тус тус өөр өөр байдлаар мэдүүлгээсээ буцсан, эргэлзээ бүхий мэдүүлгийг өгсөн байдаг.

Анхан шатны шүүх Г.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шат болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “хэргээ хүлээсэн” мэдүүлгийг “үнэн зөв” гэж үнэлж, дүгнэн бусад баримтаар нотлогдсон гэж тайлбарлаж байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэх заалтаар дээрх дүгнэлт няцаагдана.

Дээрх мэдүүлгийн эх сурвалжийг тал бүрээс нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзээгүйгээс мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн эсэх талаар нотлогдохгүй байгаад ач холбогдол өгсөнгүй. Тодруулбал Г.Д нь огт болоогүй үйл явдлын талаар зохиож ярьж байгаа учраас хэрэг болсон гэх цаг хугацааг тодорхой санахгүй байна гэж ойлгомжгүй зүйл ярьдаг. Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан Г.Дгийн эзэмшлийн Хаан банкны  дугаартай дансны хуулга \1 дүгээр хавтас 159-160-р тал\-аас “...Э.Мд хахууль өгсөн..." гэх мөнгөн шилжүүлгийн утга огт харагддаггүй бөгөөд түүний дансны зарлагын хөдөлгөөн буюу АТМ-аар авсан мөнгөн дүнд тулгуурлан, “уг мөнгийг л хахууль болгож өгсөн байж болзошгүй” гэх хоосон таамаглалд үндэслэн нотлох баримтаар тооцсон нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10.т “Шүүгдэгч Э.Мгаас гаргаж шүүхийн шатанд гаргаж өгсөн 1 ширхэг хуурцаг, 1 ширхэг зөөврийн санах ой зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж...” гэж заажээ. Дээрх нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гаргаж өгнө, “...урьд мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгөх боломжгүй байсан, уг хэргийн гол үйл баримт болох  аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан төрийн албаны мэргэшлийн шалгалтын бүх үйл явцыг харуулсан камерын бичлэг бүхий СD болон флаш диск зэргийг гаргаж байгаа тул хуульд нийцүүлэн үзлэг, тэмдэглэл хийх замаар бэхжүүлэх, эд мөрийн баримтаар тооцуулах, эх сурвалжийг магадлах зэрэг зайлшгүй шаардлагын улмаас шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа хийлгэх хүсэлт гаргаж, улмаар хэргийг прокурорт буцаалгах хүсэлт”-ийг гаргасан.

Харин анхан шатны шүүхээс хүсэлтийг хянаж үзээд, “... нэгэнт урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгөөгүй үйл баримт тул хүлээн авах боломжгүй ...” гээд шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... шинэ нотлох баримтыг цуглуулах ... аргаар нотлох баримтыг шалгана” гэх зохицуулалтад үл нийцэх, мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “ ... хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авах ... ” гэх заалтыг тус тус зөрчсөн шийдвэр болсон.Түүний дараа шүүх хуралдаан даргалагчийн зүгээс мөн хуулийн 35.7 дугаар зүйлд заасанчлан өмгөөлөгчийн зүгээс “... шүүх хуралдаанд цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлуулах хүсэлт гаргаж ... шүүх хуралдаанд гаргаж өгсөн Төрийн албаны шалгалтын явц бүхий СD болон флаш дискийг шинжлэн судлуулах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хэрэг хэлэлцэх дарааллыг тогтоосон байдаг. Гэвч өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд мөн хуулийн 35.19 дүгээр зүйлд зааснаар “Эд мөрийн баримт, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлах” шатанд дээрх бичлэг бүхий CD-н шинжлэн судлах боломжгүй. Өөрөөр хэлбэл, дээрх нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад албан ёсоор эд мөрийн баримтаар тооцож тогтоол үйлдээгүй, түүнчлэн бичмэл баримтад хамаарахгүй байх тул “холбогдох асуудлыг тодруулах хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэх хуулийн зохицуулалтад нийцүүлэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан боловч, хэрхэх талаар ямар нэг шийдвэр гаргалгүйгээр шүүхийн хэлэлцүүлэг дууссаныг зарласан нь ойлгомжгүй болсон.

Иймд Г.Дгийн хахууль болгож өгсөн гэх 1.500.000 төгрөгийг хэзээ, хаана, яаж Э.М нь хүлээж авсан эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаар дээрх нөхцөл байдал тогтоогддоггүй.  Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг нотолбол зохих нөхцөл байдал буюу гэмт хэрэг гарсан байдлыг нотлоогүй байж, миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.

Дээрх үндэслэл бүхий нөхцөл байдлуудыг бодитоор үнэлж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх зохицуулалтад нийцүүлэн мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2021\ШЦТ\260 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Э.Мд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгөхийг хүсэж энэхүү гомдлыг гаргаж байна” гэв.

 Хохирогчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ ... Шүүгдэгч Н.П нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.4, 16.4.15-д тус тус зааснаар төсвийн шууд захирагч юм. Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3. Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ, 40.4. Үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь дараах арга хэмжээ авна, 40.4.2. хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох гэж тус тус заасан.

Энэ нь Н.Пгийн өөрөө өөрийгөө болон Д.Д-г урамшуулал шийдвэр гаргасан үйлдэлд хууль зүйн дүгнэлт өгөхөд ач холбогдол бүхий эрх зүйн хэм хэмжээ юм. Төсвийн тухай хуульд заасан дээрх хэм хэмжээг Н.П дагаж мөрдөж биелүүлэх учиртай бөгөөд Н.Пд урамшуулал олгох эсэх асуудлыг Сумын Засаг даргын бүрэн эрх байхаар заажээ. Гэтэл сумын Засаг даргын бүрэн эрхийн хүрээд хуулиар харьяалуулсан асуудлыг өөртөө давуу байдал бий болгох буюу урамшуулал авах зорилгоор төсвийн шууд захирагчийн ажил албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө 293.500 төгрөгийг урамшуулал авсан.

Мөн ... Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 “хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг; 3.1.5.“хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг; 3.1.3.“ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгохоор тус тус заасан.

Гэрээний нэг тал болох Б.Б нь нийтийн албан тушаалтан болох Н.Пгийн хамаарал бүхий этгээд болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Нийтийн албан тушаалтанд нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж хориглох зохицуулалтыг ойлгомжтой заасан. Гэтэл Н.П нь энэхүү хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчиж өөрийн хамаарал бүхий Б.Б-тэй “Аж ахуйн бараа материал нийлүүлэх” гэрээ байгуулж түүнд давуу байдал бий болгосон.

...Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 64.1.2. тухайн жилийн төсөв, түүний тодотголын төслийг хэлэлцэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих, нийтэд мэдээлэх гэж заасан. Энэхүү эрхийнхээ хүрээнд  аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаартай тогтоолын 10 дугаар хавсралтаар Засаг даргын тамгын газрын хуучин зочид буудлын засвар үйлчилгээ хийх ажлын 9.900.000 төгрөгөөр хийхээр баталсан. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5. Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 16.5.5. Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэж заасан.

Гэтэл Н.П нь төсвийн шууд захирагчийн хувьд батлагдсан дээрх төсвийг зориулалтын дагуу зарцуулах хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлж 6x4 хэмжээ бүхий 2 ширхэг шовгор байшин бариулахаар “Д” хоршооны тамга, тэмдгийг ашиглан өөрийн төрсөн дүү Н.Б-н нөхөр болох Б.Б-тэй хэлцэл хийж төрсөн дүүгийнхээ нөхрөөр 6x4 хэмжээ бүхий 2 ширхэг шовгор байшин бариулж өөрийн хамаарал бүхий Б.Б-д давуу байдал бий болгосон. Дээрх Н.Пд үүрэг болгосон, хориглосон, эрх бий болгосон эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн, урвуулан ашигласан үйлдлүүдийг прокуророос үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1. /Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон/-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж гэм буруутайд тооцсон хууль зүйн дүгнэлт нь үндэслэл бүхий болсон.

... Шүүгдэгч Г.Дгийн тухайд мөрдөн байцаалтын болон шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тус тус хэргээ хүлээн мэдүүлэхдээ Н.Пгийн үйлдлийн талаар, хоорондоо харилцсан цахим захидал үнэн болох талаар тууштай мэдүүлдэг. Үүнээс гадна 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаан дээр Г.Д “Н.П даргатай шалгалтын урьд өдөр харилцах үед 1.500.000 төгрөгийг шалгалтын нарийн бичгийн дарга Э.Мд өгөхгүй бол тэнцдэггүй мэт ойлголт төрүүлсэн гэх агуулга бүхий мэдүүлэг өгдөг.

Үүнээс үзэхэд Э.Мд хахууль өгөхийг Н.П нь Г.Дгээс шаардсан үйлдэл нотлогдсон. Харин Г.Д буюу хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс шаардсан талаар Н.Пгийн өмгөөлөгч Д.М-н давж заалдах гомдолд “... Нөгөөтэйгүүр Г.Дд туслах гэсэн зорилгоос харахад гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдээгүй гэж үзэж байна....” гэж дурдсан байдаг. Мөн Н.П нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд энэ үйлдлийнхээ талаар мэдүүлэхдээ Г.Дг төрийн албаны шалгалтад тэнцүүлж сумынхаа мал үржлийн тасгийн улсын байцаагчийн сул орон тоон дээр ажилд жинхлүүлэн авах хүсэл сонирхол байсан талаараа тус тус мэдүүлсэн байдаг.

Н.П нь Г.Дг төрийн албаны шалгалтад тэнцүүлсний үндсэн дээр  аймгийн  сумын мал үржлийн тасгийн улсын байцаагчийн ажилд жинхлүүлэн авах тушаал гаргах чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдад буюу Э.Мд хахууль өгөхийг шаардсан нь дээр дурдсан баримтуудаас гадна өөр бусад гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт нь үндэслэл бүхий болсон. Ийнхүү Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 260 дугаартай шийтгэх тогтоолыг гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй бөгөөд Н.Пгийн гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт нь үндэслэл бүхий болсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.П, түүний өмгөөлөгч Д.М нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

 

“... Анхан шатны шүүхийн шийдвэрт “...Н.П нь “... 2 ширхэг шовгор бариулахаар дунд халбан хоршооны тамга, тэмдгийг ашиглан өөрийн төрсөн дүү Н.Б-н нөхөр болох Б.Б-тэй гэрээ байгуулсан” гэсэн нь үндэслэлгүй. Н.П нь дээрх гэрээг өөрийн дүүгийн нөхөр буюу хүргэн Б.Б-тэй байгуулаагүй, “Д" дарга Ц.У-тай байгуулсан болох нь гэрч Ц.У-н Засаг даргын тамгын газрын дарга Н.Птэй уулзсан, гэрээ байгуулах саналыг хүлээн авч 2018 оны 09 дүгээр 25-нд 2 ширхэг шовгорыг барих гэрээ байгуулсан болон гэрээн дээрх гарын үсэг, тамга тэмдэг нь өөрийнх нь мөн бөгөөд тамга тэмдгийг өөрөө дарсан тухай мэдүүлэг, Н.П, Ц.У нарын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан 2018 оны 09 дүгээр 13-ны  дугаартай гэрээ зэргээр үгүйсгэгдэж байна.

Дурдагдаж буй 2 ширхэг шовгорыг ганц Н.Пгийн шийдвэрээр бус сумын удирдлагын хүрээнд хэлэлцэгдэж, зөвшөөрөгдөж гүйцэтгэгдсэн ажил болох нь тус сумын Засаг дарга Д.Ц-н “Ажлын хэсэг байгуулах тухай” 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/93 дугаар захирамж, “Орон нутаг хөгжүүлэх сангийн /ОНХС/ хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилт явцын талаар хуралдсан хуралдааны тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 141-р тал/, гэрч М.Р-н мэдүүлэг, гэрч Ч.А-н мэдүүлэг, гэрч М.О, Г.О, Д.Ө нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогддог. Дээрх 2 ширхэг шовгор барьсан асуудлаар улсын яллагч шүүгдэгч Н.Пг яллаагүй байхад шүүх санаачилгаараа ялласан.

Н.П нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 3.630.900 төгрөгийн үнийн дүн бүхий “Аж ахуйн бараа материал нийлүүлэх тухай" гэрээг “Т” хоршооны дарга өөрийн дүү Н.Б-н нөхөр Б.Б-тэй байгуулсан нь тухайн тохиолдолд  сумын Засаг даргын тамгын газартай /захиалагч болох/ гэрээ байгуулж хамтран ажиллах буюу бараа бүтээгдэхүүн нийлүүлэх аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн байгаагүй, 3 тендерийн үр дүнд ч нийлүүлэгч гараагүй учир Үнэлгээний хорооны 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай дүгнэлтээр /10.000.000 төгрөгөөс доош үнийн дүнтэй худалдан авах ажиллагаанд шууд гэрээ байгуулах эрхийг төсвийн шууд захирагч Н.Пд олгосон эрхийн хүрээнд, байгууллагын эрх ашгийн үүднээс, байгууллагад хохиролгүйгээр явуулсан байхад нэг талаас нь буюу “ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн” гэх яллах талыг барьж шийдвэрлэсэн.

Н.П нь 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр сумын Засаг даргын шийдвэргүйгээр  дугаартай тушаал гарган өөртөө цалингийн 40 хувь буюу 293.500 төгрөгийн урамшуулал, улсын бүртгэгч Д.Д-д 30 хувь буюу 164.000 төгрөгийн урамшууллыг олгож өөртөө болон бусдад давуу байдал үүсгэсэн гэж дүгнэсэн.

Засаг дарга нь энэ үйлдлийг дээр дурдсан бусад үйлдэлтэй нэгтгэн ёс зүйн зөрчилд” тооцож ажлаас нь халах шийтгэл хүлээлгэсэн байдаг ба үүнийг Монгол улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх бүрэлдэхүүн хянаад 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 114 дүгээр тогтоолдоо “Н.П өөртөө урамшуулал олгох шийдвэр гаргасантай холбоотой зөрчил нь Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т ”Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу хариуцлага хүлээлгэх хангалттай үндэслэл юм” гэж дүгнэж шийдвэрлэсэн байна.

Засаг дарга Д.Ц нь “Н.Пг өөртөө болон Д.Д-д урамшуулал олгосныг мэдээгүй 2018 оны 10 дугаар сард аймгийн Засаг дарга Л.Г-р ахлуулсан бүрэлдэхүүн манай суманд ажиллах үед Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны тавьсан актаас мэдсэн гэсэн мэдүүлэг өгсөн байдаг.

Тэгвэл дээрх акт буюу Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч В.Н-н 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн     дугаартай актыг Монгол Улсын Сангийн сайд буюу Монгол улсын Ерөнхий аудитор Ч.Х нь УИХ-ын Байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах хадгалах журам”-ын 3.1-д “ Нийтийн албаны удирдлага нь тухайн байгууллагын захиргаа, хуулийн асуудал эрхэлсэн албаны эрх бүхий албан тушаалтанд мэдүүлгийг бүртгэх, хяналт тавих, тайлагнах ажлыг тушаал, шийдвэрээр хариуцуулан томилж, түүнд албан тушаалынх нь цалингийн 40 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл урамшуулал олгох бөгөөд шаардлагатай тохиолдолд уг асуудлыг эрхлэх орон тооны ажилтантай байж болно" гэж заасны дагуу авч байсан урамшууллыг цалингийн нэмэгдэлд оруулж тооцсон тул санхүүгийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 36-01/10 тоот актыг хүчингүйд тооцов” гэжээ.

 аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн   дугаар захирамжаар анхан шатны шүүх хуралдаанд гэрч Д.Ц, Н.Г нарыг оролцуулах тухай оролцогчийн /өмгөөлөгч В.Э/ хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн ба уг шийдвэр хүчин төгөлдөр байхад оролцогчийн энэ талаар гаргасан хүсэлтийг анхаарч үзэлгүй орхигдуулж тухайн гэрчүүдийг оролцуулалгүйгээр хэлэлцүүлэг явуулсан нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлөхүйц нөхцөл байдал үүсгэсэн.

Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Тухайлбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэглэх ёсгүй хуулийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг буруу ойлгож, хэрэглэсэн.

Шүүгдэгч Г.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хоорондоо илт зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн байхад “хэргээ хүлээсэн” гэж дүгнэн, уг мэдүүлгүүдийн алийг нь шүүхийн шийдвэрийн үндэс болгосон, алийг нь ямар үндэслэлээр үгүйсгэж байгаагаа тодорхойлолгүйгээр бусад шүүгдэгч нарын эсрэг яллах нотлох баримт болгон ашигласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг зөрчсөн.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй байна. Дээр дурдсан нөхцөл байдлууд нь хэргийн бодит байдал боловч мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1, 2, 3 мөн хуулийн 34.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй, эдгээр нөхцөл байдлуудыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан учир шийдвэр нь зөвхөн дан ганц яллах талын баримтад үндэслэсэн болно. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 20217ШЦТ/260 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүйд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Пг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.П тайлбартаа:

“Миний бие цагдан хоригдсон хугацаандаа их зүйл ойлголоо...өөрийн  гэм буруутай үйлдлээ ойлгож ухаарч гэмшиж байна. Иймд надад оногдуулсан хорих ялыг өөрчилж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Д тайлбартаа: “Миний хувьд хэлэх зүйл байхгүй...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Пгийн өмгөөлөгч В.Э тайлбартаа:

 

“Өөрийн үйлчлүүлэгч Н.Пгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байр суурийг дэмжиж байна...Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн ар гэрийн байдал, хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өөрчилж торгох ялаар шийтгэж, торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү... ” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Пгийн өмгөөлөгч Д.М тайлбартаа:

“Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан Н.Пгийн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа байр суурийг хүндэтгэж байна ... миний бие давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээ өөрчилж, давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс хүсэхэд хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж торгох ялаар сольж өгнө үү...” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.У тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч М.Г тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Б дүгнэлтдээ: “....Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг зөрчсөний улмаас тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдаг онцлогтой гэмт хэрэг юм.

Нийтийн албан тушаалтан албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс аливаа хэлбэрээр хууль бус хангамж эдлэхийг Төрийн албаны хуулиар хориглосон бөгөөд эрх, мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал олгох нь Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэргийн нэг төрөлд хамаарахаар хуульчилсан байна.

Шүүгдэгч Н.П нь  аймгийн  сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа сумын засаг даргын захирамж шийдвэргүйгээр 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр  дугаартай тушаал гарган өөртөө нэг сарын цалингийн 40 хувь болох 293.500 төгрөгийн урамшуулал, улсын бүртгэгч Д.Д-д нэг сарын цалингийн 30 хувийн буюу 164.000 төгрөгийн цалингийн урамшуулал олгож өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,

 

2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 04 дугаартай “Аж ахуйн бараа материал нийлүүлэх” гэрээг өөрийн төрсөн дүү Н.Б-н нөхөр болох “Т” хоршооны захирал хүргэн Б.Б-тэй байгуулж, 3.630.900 төгрөгийн бараа материал худалдан авахаар тохиролцож, түүнд давуу байдал бий болгосон,

 

 аймгийн  сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаартай тогтоолын 10 дугаар хавсралтад заагдсан Засаг даргын тамгын газрын хуучин зочид буудлын засвар үйлчилгээ хийх ажлыг 9.900.000 төгрөгөөр төлөвлөгдсөн атал 6 x 4 метр хэмжээтэй 2 шовгор байшинг “Д” хоршооны тамга, тэмдгийг ашиглан өөрийн хамаарал бүхий төрсөн дүү Н.Бн нөхөр болох Б.Б-р бариулж түүнд давуу байдал бий болгосон,

 

2018 оны 07 дугаар сард албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,  аймгийн  сумын Засаг даргын захирамжгүйгээр 1.431.032 төгрөгийг өөртөө урамшуулал болгон авч өөртөө давуу байдал бий болгосон,

 

2018 оны 02 дугаар сард  аймгийн  сумын Засаг даргын тамгын газрын мал үржлийн тасгийн улсын байцаагчийн сул орон тоон дээр шалгалт өгсөн Г-н Д-г төрийн албаны шалгалтад тэнцүүлэхээр  аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлага хэлтсийн ахлах мэргэжилтэн, төрийн албаны шалгалтын нарийн бичгийн дарга Э.Мд 1.500.000 төгрөг өгөхийг шаардсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн,  

шүүгдэгч Э.М нь  аймгийн Засаг даргын тамгын газрын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, төрийн албаны шалгалтын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа  аймгийн  сумын засаг даргын тамгын газрын мал үржлийн тасгийн улсын байцаагчийн сул орон тоон дээр шалгалт өгөх Г-н Д-г төрийн албаны шалгалтад тэнцүүлнэ гэж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1.500.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг,

шүүгдэгч Г.Д нь  аймгийн  сумын Засаг даргын тамгын газрын мал үржлийн тасгийн улсын байцаагчийн сул орон тоон дээр шалгалт өгөхдөө өөртөө давуу байдал бий болгох зорилгоор  аймгийн Засаг даргын тамгын газрын төрийн захиргаа удирдлага хэлтсийн ахлах мэргэжилтэн, төрийн албаны шалгалтын нарийн бичгийн дарга Э.Мд 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг  тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрч Х.Г, Ш.П, Х.А, Б.Б, А.С, Д.Ц, Б.Б, Н.Г, Ц.У, Д.Д, Ч.Б, хохирогч М.О, шүүгдэгч Г.Д нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.П, Э.М, Г.Д нарын гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч нарын үйлдлүүдийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгаа талаар зөв тайлбарлан зүйлчилсэн байна.

Мөн анхан шатны шүүх “... төрийн албан хаагчийн ажил үүргийг түр орлон гүйцэтгүүлэхдээ хууль, эсхүл тушаалаар батлагдсан журам зөрчсөнөөс хохирол хор уршиг учирсан эсэх /хэлбэрийн/, өөрт нь болон бусдад давуу байдал бий болгосон эсэх нь тогтоогдохгүй байна ... ” гэж дүгнэж шүүгдэгч Н.Пд холбогдох 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр   дугаартай тушаал гарган  аймгийн  сумын улсын бүртгэгч Д.Д-д 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд Засаг даргын тамгын газрын даргын тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэх буюу тээвэр шатахууныг захиран зарцуулах эрхийг олгосон үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

 Хуульд заасан “Өөртөө болон бусдад давуу байдал олгосон” гэдэг нэр томьёог тухайн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөрт нь болон хувь хүн, хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосныг хамааруулан ойлгох юм.

Хэдийгээр Н.П нь 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр  дугаартай тушаалаар тус сумын улсын бүртгэгч Д.Д-д Засаг даргын тамгын газрын даргын чиг үүрэг буюу тээвэр шатахууныг захиран зарцуулах эрхийг олгож, Монгол улсын Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаартай тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын зохих заалтуудыг зөрчсөн байх боловч дээрх үйлдлийн улмаас өөрт нь болон Д.Д-д эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хохирогчийн өмгөөлөгч М.М-н гаргасан давж заалдах гомдлын энэ хэсгийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Э.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.М нар нь   шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргасан байх боловч тэдгээрийн гомдол нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар няцаан үгүйсгэгдэж байна. Тухайлбал:

Шүүгдэгч Г.Дгийн “ ... Н.П над руу утсаар яриад “чи чатан дээр бичсэн 1.500.000 төгрөг аваад Э.Мтай яг одоо очиж уулз, ажил дээрээ орой 9-10 цаг болтол байна гэж байна” гэж хэлсэн ... шалгалтын өмнөх өдөр аав Ү.Г руу утсаар яриад “төрийн албаны шалгалт маргааш гэнээ, 1.500.000 төгрөг хэрэг болох юм шиг байна” гэж хэлээд өөрийн ХААН банкны дугаарыг өгсөн чинь нэг их удаагүй миний дансанд 1.500.000 төгрөг цугларсан ... Би 1.500.000 төгрөгийг аваад аймгийн захиргааны 2 давхарт Э.М гэдэг эгчийн өрөөнд ороход тэр эгч өрөөндөө ганцаараа байсан, надаас “мөнгөө авчирсан уу” гэж асуухаар нь авчирсан гээд 1.500.000 төгрөгөө өгсөн чинь шалгалтанд ороод суух сандлыг зааж өгснөө “ямар нэгэн зүйл болбол би чамайг танихгүй шүү” гэж хэлсэн ... ” гэсэн мэдүүлэг /1 хх 71-72/,

шүүгдэгч Н.Пгийн “...Төрийн албаны шалгалтын өмнөх өдөр байсан би Г.Дг Э.Мтай очиж уулз гэж тэр өдрөө хэлсэн. Г.Д очиж уулзсан байсан ... Д-г тэнцэхгүй бол түүний оронд Н.А гэдэг хүн ажилд орох гээд байсан юм. Тэрээр хувийн мал эмнэлэгтэй хувийн ажлаа хийчихээд улсын ажлыг хийдэггүй, хувийн ашиг сонирхлрын зөрчилтэй хүн байсан. үүнээс гадна Хөвсгөл аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажилладаг, эдгээр шалтгааны улмаас түүний би ажилд томилдоггүй байсан” гэсэн мэдүүлэг /1 хх 75-76/,

шүүгдэгч Э.Мгийн “ ... би эхний мэдүүлэгтээ тулгамдаад худал мэдүүлэг өгчихсөн, одоо үнэн зөвөөр мэдүүлье ... шалгалтын өмнөх өдөр Н.П миний гар утас болох  дугаарын утас руу олон удаа залгасан би ажилтай байсан учраас утсаа аваагүй, орой нь ажил гайгүй болоод ажлын өрөөнийхөө дугаарын утаснаас Н.Пгийн  дугаарын утас руу залгаад “яасан бэ, юу болоод олон удаа залгасан бэ” гэж асуухад ”манай нэг хүн шалгалтанд маргааш орно, чи уулзаад дэмжээд өгөөч” гэсэн тэгэхээр нь би “ажил дээрээ орой болтол сууж байгаа нөгөө хүнээ ажил руу явуулчих” гэсэн ... нэг жижигхэн биетэй шар залуу орж ирэхээр нь би тэр залуугаас “чи шалгалтандаа хэр зэрэг бэлдсэн бэ” гэж асуусан чинь “би уг нь уншсан л даа, гэхдээ өөртөө итгэлгүй байна” гэж хэлснээ ширээн дээр мөнгө гаргаж тавьсан, би тэр залуугаас “хэдэн төгрөг вэ” гэж асуухад “1.500.000 төгрөг” гэж хэлэхээр нь “би чамд тусалж чадахгүй бол яах юм бэ, наад мөнгөө ав” гэж хэлсэн чинь “та надад туслаарай” гэж хэлээд ширээн дээр мөнгөө орхиод гарсан. Би Д-н өгсөн 1.500.000 төгрөгийг аваад ширээний шургуулгандаа хийсэн ...  ” гэсэн мэдүүлэг /1 хх 66/,

түүний дахин өгсөн “ ... би өөрөө ургамлын харшилтай юм. Харшлын дархлаа дэмждэг тариа 5 ширхэгийг авч тариулсан түүний 500.000 төгрөгийг Г.Дгээс авсан мөнгөнөөс төлсөн, мөн 500.000 төгрөгийг нөхөр Н.Ц-н ХААН банкны дугаарын данс руу шилжүүлсэн, үлдсэн 500.000 төгрөгийг хоол хүнсэндээ зарцуулсан ... гэсэн мэдүүлэг /1 хх 228/ зэргээр няцаан үгүйсгэгдэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж тус тус тодорхойлсон байна.

Дээр дурьдсан шүүгдэгч Г.Д, Э.М нарын мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт авагдсан Г.Дгийн  дугаартай ХААН банкны дансны хуулга: “2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 20 цаг 50 минутанд 800.000 төгрөгийн зарлага, 20 цаг 51 минутанд 700.000 төгрөгийн зарлага гарсан” талаарх баримт /1 хх 159-160/,

мөн Э.Мгийн  дугаартай ХААН банкны дансны хуулга: “2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 11 цаг 05 минутанд 500.000 төгрөгийн орлого хийгдэж, 11 цаг 16 минутанд дугаартай данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн” талаарх баримт /1 хх 174/ зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдсоноос гадна шүүгдэгч Г.Д нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж, тухайн үйл баримтын талаар удаа дараа тодорхой мэдүүлсэн, анхан шатны шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтанд тооцож хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Өөрөөр хэлбэл “Гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд” гэдгийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хууль тогтоомжоор өөрт нь үүрэг болгоогүй, хийх ёсгүй үйлдлийг хийсэн, ирээдүйд хийхээр амласныг хамааруулан ойлгох бөгөөд шүүгдэгч Э.М нь гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд буюу шүүгдэгч Г.Дг “төрийн албаны шалгалтад тэнцүүлнэ” гэж түүнээс 1.500.000 төгрөгийн хахууль авч, төрийн албаны шалгалт өгөх үед асуултын хариуг цаасан дээр бичиж түүнд өгсөн үйл баримт нь шүүгдэгч Э.Мгийн “ ...  би гар утсаараа зургийг нь дарж аваад хариуг нь номноос хараад бөглөөд Г.Дд жижиг цаасан дээр бичээд өгсөн...  ” гэсэн мэдүүлэг /1 хх 66/, шүүгдэгч Г.Дгийн “... надад хариултыг нь цаасан дээр бичиж өгсөн ... суудал зааж өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 хх 128/ зэргээр нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч нарын өгсөн дээрх мэдүүлгүүд болон Г.Д, Э.М нарын дансны хуулга зэрэг нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, бие биенийгээ давхар нотолсон шинжтэй нотлох баримтууд байна.

Түүнээс гадна эрүү шүүлт тулгаж, бусад хэлбэрээр хүнлэг бус, хэрцгий харьцаж мэдүүлэг авсан нь тогтоогдвол авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан журмаар нотлох баримтаар тооцохгүй бөгөөд шүүгдэгч Э.М нь “мөрдөгч айлган сүрдүүлж, тулгаж мэдүүлэг авсан” гэсэн байх боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байхын зэрэгцээ шүүгдэгч нь тухайн үед өөрийн дансанд орсон 500.000 төгрөгийн талаар дээрх мэдүүлгээс өөрөөр мэдүүлээгүй, уг орлогын эх үүсвэрийг шалгуулах тухай хүсэлтийг мөрдөгч, прокурорын хэн алинд гаргаж байгаагүй байна.

Мөн шүүгдэгч Г.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өмнө өгсөн мэдүүлгээ үгүйсгэсэн мэдүүлэг өгсөн боловч энэ талаар анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “ ... Анхны өгсөн мэдүүлэгтээ үнэнч байгаа. Сүүлд мэдүүлгээ нэг өөрчилсөн. Учир нь Э.М эгч чамаас авсан мөнгөө буцаагаад өгье гэж гуйдаг байсан тул мэдүүлгээ өөрчилсөн, мэдүүлгээ өөрчилсөндөө маш их харамсаж байгаа, Үнэн юм үнэнээрээ байх нь зөв гэж бодож байгаа ...” гэж /6 хх 39/ мэдүүлснийг шүүх нотлох баримтанд тооцож хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.М нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “ ... миний данс руу мөнгө ороогүй, надаас мэдүүлэг авахдаа чи нөхрийнхөө данс руу 500.000 төгрөг хийсэн байна гэсэн. 500.000 төгрөгийг эмчилгээнд зарцуулсан байна, 500.000 төгрөгөө юунд зарцуулсан юм, хоол ундандаа зарцуулсан юм уу гэхээр нь “хоол ундандаа зарцуулсан юм байлгүй” гэж хэлэхэд тэгвэл үүн дээр гарын үсгээ зур гэж хэлсэн ... Д-д буцааж мөнгийг шилжүүлээгүй” гэж /6 хх 43-44/ гэж мэдүүлжээ.

Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, яллах, цагаатгах талын бүхий л баримтуудыг харьцуулан, шинжлэн судалж дүгнэн үзвэл шүүгдэгч Э.Мг гэм буруугүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан тэдгээрт хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Харин шүүгдэгч Н.П нь “... шийтгэх тогтоолыг зөвшөөрөхгүй байна ... надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол, түүний өмгөөлөгч Д.М нь “... Н.Пд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулгатай давж заалдах гомдол тус тус гаргасан боловч давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.П нь “ ... өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул давж заалдах гомдлын үндэслэлээ өөрчилж байна, ... оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү ... ” гэсэн тайлбар, мөн түүний өмгөөлөгч Д.М, В.Э нар нь “... Н.Пд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ялаар шийтгэж өгнө үү ...” гэсэн тайлбар тус тус гаргасныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед хүсэлт гомдол гаргах, гаргасан хүсэлт, гомдлын үндэслэлийг өөрчлөх эрхтэй юм.

Шүүгдэгч Н.Пгийн өмгөөлөгч В.Э нь шүүгдэгчийн хувийн байдал буюу ар гэрийн байдлын талаарх баримтуудыг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан бөгөөд уг баримтуудаар шүүгдэгч Н.П нь ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, түүний эцэг Д.Н нь 68 настай, “тархинд цус харвалтын үлдэц, зүүн гар хөлийн саажилт өвчтэй”, түүний эх Ж.Л нь 65 настай, “ходоодны хавдрын урьтал хэлбэр өвчин”-ний улмаас тус тус Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвийн хяналтанд байдаг болох нь нотлогдож байна.

Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх “онцгой нөхцөл байдал”-д хамааруулан үзэх үндэслэлтэй гэж үзэж мөн шүүгдэгч Н.П нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1.888.532 төгрөгийг хохирогч  аймгийн сумын Засаг даргын тамгын газарт бүрэн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг тухайн зүйл, хэсэгт заасан хэмжээгээр торгох ялаар шийтгэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш 69 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар эдлэх ялд нь оруулан тооцож, оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Б.М, хохирогчийн өмгөөлөгч М.М нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.П, түүний өмгөөлөгч Д.М нарын “давж заалдах гомдлын үндэслэлийг өөрчилж, хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж торгох ял оногдуулж өгнө үү” гэснийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 260 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Шүүгдэгч Н.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар ...” гэснийг

“Шүүгдэгч Н.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар...” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “ ...1 жилийн хорих ... ” гэснийг “ ... 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ... ” гэж, “ ... 2 жилийн хугацаагаар хорих ялыг ...” гэснийг “ ... 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг... ” гэж, “... 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэснийг “...12.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.400.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Пд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Пгийн цагдан хоригдсон 69 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 1.035.000 төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялаас хасаж, эдлэх ялыг 11.365.000 /арван нэгэн сая гурван зуун жаран таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Пд оногдуулсан 11.365.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Пд анхааруулсугай.

4. Шүүгдэгч Н.П нь  аймгийн  сумын Засаг даргын тамгын газарт хохирол 1.888.532 төгрөгийг төлсөн болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч Н.П, түүний өмгөөлөгч Д.М нарын “давж заалдах гомдлын үндэслэлийг өөрчилж хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж торгох ял оногдуулж өгнө үү” гэснийг хүлээн авч, шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Б.М, хохирогчийн өмгөөлөгч М.М нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пг сулласугай.

7. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧ                                                           С.УРАНЧИМЭГ