Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2023/0623

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х*******” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.А*******, Т.Б*******

Хариуцагч: *******,******* хэлтсийн дарга Б.О*******,

Маргааны төрөл: “*******,******* хэлтсийн дарга Б.О*******гийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 40-2020-00*******, 40-2020-00*******дугаартай Улаанбаатар хотын банк, нэр, лого бүхий барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан эцсийн шийдвэр хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А*******, Т.Б*******, хариуцагч Б.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Булгантамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

          1.1.“Х*******” ХХК-иас *******,******* хэлтсийн дарга Б.О*******д холбогдуулан “*******,******* хэлтсийн дарга Б.О*******ий 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан 40-2020-00*******, 40-2020-00*******дугаартай Улаанбаатар хотын банк, нэр, лого бүхий барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

          Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:

          2.1.“Х*******” ХХК-иас Оюуны өмчийн газрын *******,******* хэлтсийн дарга Б.О*******ээс “2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 40-2020-00*******, 40-2020-00*******дугаартай Улаанбаатар хотын банк, нэр, лого бүхий барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг “Улаанбаатар хот” үг нь дангаараа биш ч гэсэн тухай үйлчилгээгээ тодорхойлсон, бүртгэгдэх боломжгүй “банк” гэдэг үгтэй хамт хэрэглэсэн нь ялгагдах шинж чанар агуулаагүй, нийтээр хэрэглэдэг нэр томьёо гэж үзнэ, Улаанбаатар хот, эсхүл банк гэж тусад нь авч үзсэн эсэхээс үл шалтгаалан тухайн нэр томьёонууд нь хувь хүн, хуулийн этгээд дангаараа өмчлөх боломжгүй, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2-д заасан барааны тэмдгээр тооцохгүй ялгагдах шинж чанаргүй нэр томьёонд хамаарч байна” гэсэн үндэслэлээр Барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах тухай эцсийн шийдвэр гаргасан байна.

          2.2.Уг шийдвэрийг “Х*******” ХХК эс зөвшөөрч Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан таслах комисст 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 5/1715 дугаар албан бичгээр “... “Улаанбаатар хотын банк” гэх нэр томьёо нь нийтээр хэрэглэдэг нэр томьёог дангаараа агуулахгүй, “Улаанбаатар”, эсхүл “банк” гэсэн нийтэд илэрхий нэр томьёогоор барааны тэмдэг авахаар хандсан бол нийтээр хэрэглэдэг нэр томьёо гэж үзэж татгалзах шийдвэр гаргавал үндэслэлтэй, Улаанбаатар хотын банк гэх нэр томьёогоор******* гэрчилгээ гаргуулахаар хандсан Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалттай харшлахгүй, мөн хуулийн 5.1.2 дахь заалтад зааснаар “Улаанбаатар хотын банк” гэх нэр томьёог бараа, үйлчилгээг тодорхойлж тайлбарласан гэж бүртгүүлэхээр гаргаагүй” гэх агуулгаар гомдол гаргасан байна.

          2.3.Тус гомдолд Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 06 дугаартай “Гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор “Оюуны өмчийн газрын *******,******* хэлтсийн дарга Б.О*******ээс “2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 40-2020-00*******, 40-2020-00*******дугаартай Улаанбаатар хотын банк, нэр, лого бүхий барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан шийдвэр”-ийг үндэслэлтэй гэж үзэж гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

          2.4.Иймд дээрх шийдвэрийг нэхэмжлэгч “Х*******” ХХК эс зөвшөөрч *******,******* хэлтсийн дарга Б.О*******ээс “2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 40-2020-00*******, 40-2020-00*******дугаартай Улаанбаатар хотын банк, нэр, лого бүхий барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар тус шүүхэд 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-54.1.5-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй тогтоогдохгүй байна гэж үзэж захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн болно.

          2.5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Х*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон хариуцагч Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газрын Патент,******* хэлтсийн даргад холбогдуулж захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд маргаан бүхий захиргааны актыг хариуцагч Б.О******* нь Оюуны өмчийн газрын шинжээчээр ажиллаж байх хугацаанд гаргасан шийдвэр тул хариуцагчийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино” гэж заасны дагуу тус хэргийн жинхэнэ хариуцагчаар Оюуны өмчийн газрын шинжээч болгон сольсон болно.

          Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

          3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ ...“Х*******” ХХК нь Улаанбаатар хотын банкийг 2020 оны 07 дугаар сарын 29-нд албан ёсоор нэгтгэж авсан.Үүнээс хойш Улаанбаатар хотын банкны эрх, үүрэг, хариуцлагыг Компанийн тухай хууль болон Банкны тухай хуулиар эрх үүрэг, хариуцлагыг нь хүлээж авсан. Улаанбаатар хотын банкны явуулж байсан үйл ажиллагааг “Х*******” ХХК эрх залгамжлан харилцагч үйлчлүүлэгч нарт үзүүлж байгаа тул Улаанбаатар хотын банк гэдэг нэр томьёо, логог хамгаалуулах шаардлага үүссэн байгаа.

          Уг үндэслэлээр “Х*******” ХХК-иас 2020 оны 09 дүгээр сард барааны тэмдгийг мэдүүлэхээр Оюуны өмчийн газрын, Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газар патент,******* хэлтэст Оюуны өмчийн газраас гаргасан маягтын дагуу хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийг Оюуны өмчийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрээр татгалзсан.

“Х******* “ХХК-иас, Оюуны өмчийн газрын дэргэдэх маргаан  таслах зөвлөлд гомдол гаргаж маргаан таслах зөвлөлөөс шийдвэр гарсан.Оюуны өмчийн газрын, Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газар патент,******* хэлтсээс гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Оюуны өмчийн газрын, Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газар патент,******* хэлтсийн татгалзсан нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.2.1 дэх хэсэгт заасан заалтыг тус тус үндэслэл болгосон байдаг.       

 Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “үсэг, тоо, геометрийн энгийн дүрс, нийтээр хэрэглэдэг тэмдэглэгээ, нэр томьёо дангаараа байвал” гэж зааснаар нийтээр хэрэглэдэг энгийн дүрс, нэр томьёо учраас барааны тэмдэг гэж үзэх боломжгүй гэдэг үндэслэл дурддаг. Тухайн бараа үйлчилгээг тодорхойлсон нэр, барааны үйлчилгээ дүрсийг агуулахгүй, ялгагдах шинж чанар байхгүй гэдэг үндэслэлээр татгалздаг. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-т “Монгол Улсын болон Парисын конвенц, Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улсын нэр, товчилсон нэр, сүлд, далбаа, төрийн бэлгэдэл, Монгол Улсын төрийн байгууллага, төрийн чиг үүргийг хууль, эсхүл гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг хуулийн этгээд, эсхүл Засгийн газар хоорондын олон улсын байгууллагын бүтэн ба товчилсон нэр, албан ёсны тэмдгээс бүрдсэн, эсхүл тэдгээртэй ижил, төсөөтэй илэрхийллийг тухайн улс, байгууллага, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ашигласан” гэж зааснаар барааны тэмдгийг бүртгэхгүй гэж нэг ёсондоо Улаанбаатар хотын банкны сүлд, тэмдэг байгаа учраас барааны тэмдгийг бүртгэхгүй гэдэг үндэслэлүүдийг давхар дурдаж татгалзсан байдаг. “Х*******” ХХК-ийн хувьд энэ татгалзсан үндэслэлүүд нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

Улаанбаатар хотын банк гэдгийг Оюуны өмчийн газрын барааны тэмдгээс үзэхдээ Улаанбаатар хот гэдэг үг агуулагдаж байна эсхүл банк гэдэг үг байна гэх учраас Улаанбаатар хотын гэхээр нийтээр нийслэлийг ойлгож байгаа учраас бүртгэхгүй гэсэн.

Банкны тухай хуулиар Банк гэдэг нэрийг Монгол банкнаас албан ёсны зөвшөөрөл авсан этгээд ашиглах эрхтэй байдаг. Энэ үндэслэлээр Улаанбаатар хотын банк гэдэгт юу хамаарч байна гэхээр арилжааны банкны үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд гэдгийг ойлгож байгаа. Хуулийн этгээдийн хувьд анх 1998 онд Нийслэлийн дэргэдэх Улаанбаатар сан гэдэг нэртэй үүсгэн байгуулагдаж сүүлд банк болсон, энэ нь бүгдэд нээлттэй мэдээлэл байгаа. Улаанбаатар хотын банк гэдэг нэршил нь Улаанбаатар хот гэдэг нэртэй давхацсан эсхүл хууль зөрчиж Оюуны өмчийн зөрчил байгаа талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ямар нэгэн асуудал үүсгээгүй. Шинээр гаргаж өгсөн баримт дээр ч байж байгаа. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргын тамгын газраас ч сүлд, тэмдгийг ашиглуулах зөвшөөрлийг олгож байсан.

Улаанбаатар хотын банк үүсгэн байгуулагдсанаасаа хойш хувьцаа эзэмшил нь Нийслэлийн өмч байсан бөгөөд сүүлдээ хувь эзэмшилд шилжсэн үйл баримт хавтаст хэрэгт  авагдсан байгаа. Улаанбаатар хотын банк нь Улаанбаатар хотод арилжааны банкны үйл ажиллагаа явуулж харилцагч үйлчлүүлэгчдийн мөнгөн хөрөнгийг хадгалах, зээлийн үйлчилгээ үзүүлэх, мөн төлбөр тооцоо гүйцэтгэх зэрэг хууль ёсны үйл ажиллагаа явуулж байсан өөрийнх барааны лого, тэмдгийг өөрийнх нь бичиг цаас, хэвлэмэл хуудас, зар сурталчилгаа явуулдаг маркетингийн цахим сувгуудаар олон нийтэд сурталчилж цацдаг байсан, үүн дээр ямар нэгэн зөрчил, маргаан, асуудал гарч байгаагүй.

Оюуны өмчийн газрын барааны тэмдэг газар зүйн хэлтсээс, тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон, тайлбарласан үг үсгийн шинжийг хангахгүй гэж байгаа. Энэхүү агуулга нь “Х*******” ХХК-ийн зүгээс харвал бие даасан Улаанбаатар хотын банкны нэр, логог агуулж байгаа учраас хамгаалах ёстой гэж үзэж байгаа. Мөн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-т “Монгол Улсын болон Парисын конвенц, Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улсын нэр, товчилсон нэр, сүлд, далбаа, төрийн бэлгэдэл, Монгол Улсын төрийн байгууллага, төрийн чиг үүргийг хууль, эсхүл гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг хуулийн этгээд, эсхүл Засгийн газар хоорондын олон улсын байгууллагын бүтэн ба товчилсон нэр, албан ёсны тэмдгээс бүрдсэн, эсхүл тэдгээртэй ижил, төсөөтэй илэрхийллийг тухайн улс, байгууллага, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ашигласан” гэж заасан үндэслэлийг дурдсан байгаа, энэ үндэслэлийг “Х*******” ХХК-аас  өгсөн баримтаар няцаагдсан.

 “Х*******” ХХК-аас, Улаанбаатар хотын банкийг өөртөө нэгтгэснээс хойш Улаанбаатар хотын банкны ямар бүтээгдэхүүн үйлчилгээ дамжуулаад харилцагч, үйлчлүүлэгч нарт хүрч байгаа гэдгийг баримтаар хангалттай нотолсон байгаа.

Тухайлбал Улаанбаатар хотын банкны “банк” гэдэг нэрийг яагаад хамгаалах гээд байна гэхээр Улаанбаатар хотын банк гэдэг хуулийн этгээд байхад, зээл авч байсан, харилцах данс нээлгэсэн, карт нээлгэсэн, цахим банкны үйлчилгээнд хамрагдсан, хадгаламж болон пос машин ашигласан харилцагч нар одоо хүртэл байгаа. Тухайлбал депозит данстай хуулийн этгээдийн хувьд 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 1061 харилцах данс, хугацаатай хадгаламж 12, нийт 1076 байгууллагын харилцах болон хадгаламжийн данс идэвхтэй ашиглагдаад явж байна. Нийт дүн нь 77.711.306.000 төгрөгийн үлдэгдэлтэй, иргэний хувьд 39031 харилцах данс хугацаагүй хадгаламж, хугацаатай хадгаламжтайгаа нийлээд 69.733 харилцах данс идэвхтэй ашиглагдаад харилцаад явж байна. Улаанбаатар хотын банкны нэр, лого байршсан Улаанбаатар хотын банкны карт 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 288 карт идэвхтэй ашиглагдаад явж байна. Улаанбаатар хотын банкнаас, Х******* руу шилжиж ирсэн бүтээгдэхүүн үйлчилгээнүүд байгаа. Жишээлбэл пос барьцаалсан зээл, үйлчилгээ үзүүлж байгаа, бараа бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа этгээд банкны пос машин ашиглаад зээл авах үйлчилгээ идэвхтэй ашиглагдаж байгаа. Мөн хялбар хуримтлал гэж байгааг “Х*******” ХХК мөн адил аян зарлаад Улаанбаатар хотын банкны үйлчилгээг ашиглаад явж байгаа нь өдөр бүр хуримтлуулъя, хариултаа хадгалъя, орлого бүрээс хуримтлуулъя, тогтмол хуримтлуулъя гэх мэт үйлчилгээнүүд одоо хүртэл ашиглагдаад явж байна. Өөрөөр хэлбэл “Х*******” ХХК эрх залгамжлагчийн хувьд Улаанбаатар хотын банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагч нарт хүргэж байгаа бөгөөд цаашид үргэлжлүүлээд явах боломжтой байгаа. Мөн  “Х*******” ХХК-ны зүгээс  Улаанбаатар хотын банканд хэрэгжиж байсан журам, заавруудыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгсөн. Үүнээс үзэхэд, Улаанбаатар хотын банк гэдэг хуулийн этгээд маань өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, болон өөрийнхөө нэр, логогоор дамжуулж харилцагч нарт хүргэж тэдгээрийг татаж ямар нөхцөл, шаардлагууд тавигддаг байсан нөхцөлүүдийг журам заавраар нотолж өгсөн. Ерөнхийдөө Улаанбаатар хотын банк гэдэг нэр, зөвхөн нэрийг хамгаалах бус Улаанбаатар хотын банк нь хуулийн этгээд байхдаа харилцагч нарт үзүүлж байсан бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагч, үйлчлүүлэгч нарт ямар нэгэн хуулийн зөрчилгүй, оюуны өмчийн зөрчилгүй хүргэх үүднээс Улаанбаатар хотын банк гэдэг нэр зайлшгүй хамгаалагдах ёстой учраас барааны тэмдгийг бүртгүүлэхээр хандсан. “Х*******” ХХК болон Улаанбаатар хотын банкны харилцагч болон тухайн хуулийн этгээдийн цаашид хэн нэгэн этгээд нэр, логог ашиглахаас урьдчилсан сэргийлэх, хамгаалах харилцагч, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах зорилготой байсан.

 Гэтэл Оюуны өмчийн газраас эдгээр нөхцөл байдлуудыг анхаарч авч үзээгүй шууд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.2.1-т заасны дагуу нийтээр хэрэглэх нэр томьёо байна, тайлбарласан үг утгыг илэрхийлэхгүй байна, нийслэлээс зөвшөөрөл аваагүй тийм болохоор барааны тэмдгийг бүртгэхгүй шууд нэг ёсондоо холбогдох баримтуудыг шаардаж аваагүй дутуу бүрдүүлчхээд татгалзсан шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй  байна.

Тодруулбал “Х*******” ХХК-аас барааны тэмдгийг, Оюуны өмчийн газраас гаргасан маягтын дагуу тайлбар гаргасан. Нийслэлээс зөвшөөрөл авч байсан баримтууд ч байгаа, гэх мэт баримтуудыг хараагүй байж татгалзаж байгаа нь хуулийн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд энэхүү хоёр захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Оюуны өмчийн газрын, Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газар патент,******* хэлтсийн дарга Б.О*******ий 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан 40-2020-00*******40-2020-00*******дугаартай Улаанбаатар хотын банкны нэр, лого бүхий барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

          3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Анх Нийслэлийн хуулийн этгээд байж байгаад нийслэлийн өмчтэй байсан учраас өмнө үйл ажиллагаа явуулж байгаа 15, 16, 17 жилийн хугацаанд хэвлэж байсан нэр, логог эрх залгамжлагчийнхаа хувьд “Х*******” ХХК нь өөрөө зайлшгүй ашиглах шаардлагатай.

          Учир нь нэр, логоны хүрээнд үүссэн эрх, үүрэг Иргэний хуульд заасны дагуу Улаанбаатар хотын банкны эрх, үүрэг нь өвлөгдөөд явж байгаа учраас барааны тэмдгийг авах шаардлагатай гэж маргаж байгаа. Оюуны өмчийн газраас Барааны тэмдэг, газар зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1 дэх хэсэгт  Монгол Улсын болон Парисын конвенц, Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улсын нэр, товчилсон нэр, сүлд, далбаа, төрийн бэлгэдэл, Монгол Улсын төрийн байгууллага, төрийн чиг үүргийг хууль, эсхүл гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг хуулийн этгээд, эсхүл Засгийн газар хоорондын олон улсын байгууллагын бүтэн ба товчилсон нэр, албан ёсны тэмдгээс бүрдсэн, эсхүл тэдгээртэй ижил, төсөөтэй илэрхийллийг тухайн улс, байгууллага, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ашигласан” гэж заасан үндэслэлээр татгалзаж байгаа.

          Монгол Улсын Парисын конвенцэд дэлхийн худалдааны гишүүн улсын нэр, товчилсон нэр, төрийн бэлгэдэл, Монгол улсын төрийн байгууллага төрийн чиг үүргийг хууль эсхүл гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг хуулийн этгээд, Засгийн газрын хоорондын олон улсын бүтэн нэр, эсхүл товчилсон нэр, албан ёсны тэмдгээс бүрдсэн эсхүл тэдгээртэй ижил төсөөтэй хэллэг тухайн улс, байгууллага, эрх бүхий байгууллага зөвшөөрөлгүй ашигласан энэ тохиолдолд барааны тэмдэг олгохгүй гэж заасан заалтыг үндэслэж байгаа.

           Энэ дээр ямар нэгэн байдлаар хотыг оруулаагүй зөвхөн төр, төрийн байгууллага, улс, төрийн сүлд, далбаа, бэлгэдэл, нэр гэсэн агуулгыг оруулсан болохоос хотыг оруулаагүй. Хотыг төрийн байгууллага гэж тооцоход хүндрэлтэй, засаг захиргаа, эрх зүйн орчин, нийгэм эдийн засгийн цогцолбор гэж нэр томьёоллын дор явдаг бөгөөд хот өөрөө төрийн байгууллага биш. Бид нар хотын нэр барааны тэмдэг авдаг процесст практик ийм зүйл байдаг юм уу гэж Оюуны өмчийн сайтад ороод үзсэн, ингээд үзэхэд одоо олон улсын барааны тэмдгээр бүртгэгдчихсэн байгаа барааны тэмдэгт нь Бээжин хотын банк, Оросын холбооны улсын Москва хотын банк, Парис хотын банк, Лондон хотын банк,  Хонгконг хотын банк, Берлин хотын банк гэх мэтчилэн барааны тэмдэг бүртгэгдсэн байгаа. Үйл ажиллагаа явуулахаа болчихсон хуулийн этгээдүүдийн барааны тэмдгүүд хэрхэн хадгалагдаж үлддэг гэдгийг энэ системээс ороод хайсан нийтэд харьцангуй мэдэж магадгүй гэдэг үйл баримтыг үзвэл Леман Бростерс холдинг /Lehman Brothers Holdings Inc/ банк 2008 онд эдийн засгийн уналтын үеэр Америк улсын хамгийн том хоёрдох хөрөнгө оруулалтын банк байсан бөгөөд дампуурсан. Энэ банк дампуурсны дараа Англи улсын Барклайс / Barclays/ банк худалдаж авсан. Барааны тэмдгүүдийг ороод үзэхээр Барклайс / Barclays/ банкны нэр дээр бүртгэлтэй байдаг юм байлаа. Барклайс / Barclays/ банкны өөрийнх нь барааны тэмдэг, лого, үүнтэй адил Америк улсын тухайн үедээ 20 том банкны нэгд тооцогдож байсан Вашингтон неочар гэдэг банк бас 2008 онд татан буугдаж Америк улсын ЖиПи Морган чайсе /JPMorgan Chase/ банк худалдаж авсан Вашингтон неочар гэдэг банк ЖиПи Морган чайсе /JPMorgan Chase/ гэдэг эзэмшигч дээрээ явдаг юм байлаа. Оюуны өмчийн газар банк гэдэг нэр орсон байна гэж дурдсан Монгол улсад бүртгэгдсэн байгаа барааны тэмдгийг үзвэл Хас банк ХХК, Хаан Банк ХХК-ийн барааны тэмдэг нь хаан, хас өгөгдөөгүй Хас банк, Хаан банк гэж бүтэн нэрээрээ өгөгдсөн, бүртгэгдсэн байлаа.

          “Х*******” ХХК-ийн Х******* гэдэг нэр бол бүтэн нэрээрээ бүртгэгдсэн байлаа. Оюуны өмчийн газар хуульд заасан үндэслэлээр биш дотор нь Хангарьд байгаа учир энийг өгч болохгүй байна гэдэг. Улаанбаатар хотын гэдэг нэрийг ямар нэгэн байдлаар ашиглаж магадгүй гэж хийсвэрээр хуульд заагаагүй үндэслэлээр татгалзаж байна ингэж таамаглаж болохгүй. Лого тухайн үедээ бүртгэгдээгүй байсан барааны тэмдгийг ашиглаад олж авсан байсан бизнесийн эрх, үүргийг авсан, хүмүүстэй байгуулсан гэрээ, хэлцэл, карт дээрээ лого байж байдаг. Тэгэхээр бид энэ эрх, үүргийг бүгдийг нь өөртэй шилжүүлж авсан болохоор цаашдаа барааны тэмдгийг бас авах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тухайн үед Улаанбаатар хотын банкны өөрийнх нь өмч байх ёстой байсан. Тийм учраас үүнийг эрх залгамжилж авч байгаа хуулийн этгээддээ шилжих ёстой энэ агуулгын хүрээнд бүртгүүлье гэдэг хүсэлтийг Оюуны өмчийн газарт гаргасан” гэв.

          3.3. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Барааны тэмдэг тэр тусмаа Оюуны өмчийн эрхээ бүртгүүлснээр тухайн аж ахуйн нэгж өмчлөх онцгой эрхээ олж авдаг. Тийм учраас өмчлөх онцгой эрхийг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.2.1 дэх заалтад нийтийн эрх ашгийг хамгаалсан, нийтээр хэрэглэдэг нэр томьёо тухайн салбарт, бараа, үйлчилгээг тайлбарласан оноосон нэр байвал барааны тэмдэг бүртгэхээс татгалзсан хязгаарлалтын буюу шударга бус давуу эрх олгохгүй гэсэн хязгаарлах заалтууд байгаа. Улаанбаатар хотын банкны барааны тэмдгийг хуулийн дээрх заалтын дагуу бүртгэхээс татгалзсан.

          ...Барааны тэмдгийг бүртгүүлээд урьдчилсан татгалзлыг гаргасан, урьдчилсан татгалзлыг гаргаснаас хойш мэдүүлэг гаргагчид татгалзлын эсрэг няцаалт хийх 3 сарын хугацаа өгдөг. Гурван сарын хугацаанд “Х*******” ХХК мэдүүлэг буюу тайлбараа өгсөн, уг тайлбартаа өөрийн яриад байгаа ямар нэгэн байдлаар нийслэлтэй байгуулсан гэрээ байгаагүй. Зөвхөн Улаанбаатар хот гэдэг нэр маань дангаараа биш банк гэсэн үгтэй байна гэж тайлбарладаг.

          ...Шинжээч юу гэж үздэг гэхээр хуулиас гаргаж ирсэн Барааны тэмдэг бүртгэлийн бүртгүүлэх тухай журам байгаа. Энэ журамд тэмдгийн дийлэнх хэсгийг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт ч юм уу тооцогдохгүй заалтад хамаарч байгаа. Гэтэл Улаанбаатар хотын банк гэдэг үгийн Улаанбаатар хот гэдэг үг бүртгэгдэхгүй “Банк” гэдэг нь өөрөө дангаараа бүртгэгдэнэ. Нийслэлийн сүлд, тэмдгийг оруулаад ирсэн банк бүртгэгдэхгүй. Банк гэдэг үг бид нарын нийтээр хэрэглэдэг бараа, үйлчилгээ дээр тайлбарласан үг. Жишээ нь бид нар талх гэдэг үгийг хувь хүн, хуулийн этгээд өмчлөх боломжгүй. Яагаад гэвэл талхыг үйлдвэрлэж байгаа бүх хүн “Мишээл”, “Атар” гээд өөрсдийн оноосон нэр өгч байгаа юм. Гэтэл манай бизнес эрхэлдэг, бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдүүд уг нэршлээ ойлгодоггүй. Гэтэл яагаад Хас банк, Голомт банк, Хаан банк өөрсдийн гэсэн нэртэй байна гэхээр тус компаниуд нь өөрсдөдөө оноосон нэр өгсөн байгаа. Өөрийн онцлогийг харуулсан ялгагдах шинж чанараа илэрхийлэхээр банкныхаа нэрийг өгсөн. Гэтэл хуульд заагаад өгсөн нийтэд хэрэглэдэг нэр томьёо буюу томоохон улс, хот, суурин газрын нэр орсон барааны тэмдгийг бүртгэхгүй гэж зааснаар бүртгэхээс татгалзсан.

          Бүртгэхээс татгалзсан эцсийн шийдвэрээ дангаар биш гэж үзсэн. Яагаад гэхээр бүхэлд нь авч үзэхээр энэ маань өөрөө ялгагдах шинж чанаргүй Улаанбаатар хотын банкны сүлд тэмдэгтэй. Ялгагдах шинж чанарыг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт  зааснаар бүгдийг заагаад өгсөн байгаа. Гэтэл “Х*******” ХХК нь Улаанбаатар хот гэдэг тэмдэгтийн ялгагдах шинж чанарыг хэрэглэхээр оруулаад ирсэн. Үүний дагуу эцсийн шийдвэрээ гаргасан. Эцсийн шийдвэр гарснаас хойш маргаан шийдвэрлэх комисс бидний шийдвэрийг эсэргүүцэн “Х*******” ХХК зөвлөлд гомдол гаргасан. Маргаан шийдвэрлэх зөвлөл Улаанбаатар хотын банк барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хэлэлцээд Улаанбаатар хот дангаараа биш ч гэсэн тухайн үйлчилгээгээр тодорхойлсон мөрдөх боломжгүй. “Банк” гэдэг үгтэй, ялгагдах шинж чанар агуулаагүй нийтээр хэрэглэдэг нэр томьёо гэж үзнэ. Улаанбаатар хот, эсхүл банк гэж тусад нь авч үзсэн эсэхээс үл шалтгаалан тухайн нэр томьёонууд нь хувь хүн, хуулийн этгээд дангаараа өмчлөх боломжгүй нэр томьёо байна гэж үзсэн.

          Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1 дэх хэсэгт “Монгол Улсын болон Парисын конвенц, Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улсын нэр, товчилсон нэр, сүлд, далбаа, төрийн бэлгэдэл, Монгол Улсын төрийн байгууллага, төрийн чиг үүргийг хууль, эсхүл гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг хуулийн этгээд, эсхүл Засгийн газар хоорондын олон улсын байгууллагын бүтэн ба товчилсон нэр, албан ёсны тэмдгээс бүрдсэн, эсхүл тэдгээртэй ижил, төсөөтэй илэрхийллийг тухайн улс, байгууллага, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ашигласан гэж зааснаар Улаанбаатар хотын бэлгэдлийг эрх бүхий байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр ашиглана.

          Сүлд, тэмдгийг ашиглах гэрээ байгуулсан гэж энэхүү гэрээнээс харахаар виза карт ашиглуулах гэсэн байгаа. Гэтэл барааны тэмдэг нь өөрөө өмчлөх эрх үүсэж байгаа, гэтэл тухайн бараа үйлчилгээ нь дээр буюу банкны бүх салбартаа энэхүү сүлд, тэмдгийг өмчлөх эрхийг авах гээд байна гэж шинжээч үзсэн. Өмчлөх эрх, ашиглах эрх хоёр ялгаатай. Өмчлөх онцгой эрх Оюуны өмчийн бүх эрхүүд дотор өмчлөх болон онцгой эрхүүд байдаг. Маргаан шийдвэрлэх комисс шинжээчийн шийдвэр, дүгнэлтийг хэвээр үлдээж, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байдаг. Маргаан шийдвэрлэх зөвлөлийн тогтоолд юу гэж дурдсан гэхээр маргаан шийдвэрлэх журмын 2 дугаар зүйлийн 2.10-т зааснаар тогтоолыг танилцуулмагц хүчин төгөлдөр болох бөгөөд гомдол гаргагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Маргаан шийдвэрлэх зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргах эрхтэй, гэж тогтоосон байгаа. “Х*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар дээрх шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргана.

          ...Оюуны өмчийн тухай хуулиар хуулийн дээрх заалтын дагуу Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газар патент,******* хэлтсийн дарга Б.О******* миний татгалзаж гаргасан шийдвэр гэж ойлгож шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байна. Эцэст нь дүгнээд хэлэхэд, Улаанбаатар хот, банк гэж дангаараа биш хосолмол гэж үзсэн мэдүүлэг бүхэлдээ Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар ялгагдах шинж чанаргүй илэрхийллээс бүрдсэн байх тул дангаараа гэсэн заалтад хамааруулан авч үзсэн. Харин ялгагдах шинж чанартай бүртгэгдэх боломжтой аливаа нэг хуулийн этгээдийг ойлгоно.

          Жишээ нь Голомт банк, Хас банк мэдүүлсэн бол Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасны дагуу тухайн******* дийлэнх хэсгийг бүрдүүлээгүй байвал тухайлан хамгаалалтад авахгүйгээр барааны тэмдгийг бүртгэж болно гэсэн заалтыг баримтлан банк гэсэн үгийг хамгаалалтад авахгүй бүртгүүлэх боломжтой. Барааны тэмдэг маань өөрөө бизнесийн зорилгоор ашиглагддаг. Бизнесийн зорилгоор ашигладаг хувь хүн, хуулийн этгээдүүд яг “Х*******” ХХК шиг мэдүүлэг их гаргадаг. Үүний дагуу бид маш их сургалт, сурталчилгаа явуулдаг. Бизнесийн үйл ажиллагаа бүтээж байгаа хүн банкны салбарт нэр хамгийн чухал. Өөрийнх нь өмч болохоор Голомт банк, Хас банк манайд бүртгүүлснээр тухайн барааны тэмдэг нь тухайн банкны үл хөдлөх хөрөнгө болдог.

          Гэтэл энэхүү үл хөдлөх хөрөнгө буюу гол брэнд болгож байгаа нэрээ хуульд заасан шаардлагыг нийцүүлээгүй гаргаж бүртгүүлэхээр удаа дараа гомдол гаргаж байгаа гэж үзэж байна. Тийм учраас Нийслэлийн нэрийг банк өмчлөх нь нийтийн эрх, ашгийг зөрчсөн үйлдэл гэж үзсэн. Мөн Улаанбаатар хотын банк нь барааны тэмдгээ хувийн компанийн банкны нэр дээр бүртгүүлэх нь хэрэглэгч үүнийг улсын банк гэж андуурах бөгөөд хэрэглэгч, үйлчлүүлэгчдийг төөрөгдөлд оруулах шударга бусаар давуу эрх эдлэх зорилготой гэж үзэж болно. Барааны тэмдэг нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2-д зааснаар нийтийн эрх ашгийг хамгаалах, давуу эрхийг хязгаарлахтай холбоотой заалтууд бөгөөд шинжээч хуулийн дагуу төрийн албан хаагчийнхаа үүргийг сахин биелүүлж хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл гаргаж ажиллаагүй болно. “Х*******” ХХК-ийн хувьд Улаанбаатар хотын банкийг бүртгэлгүйгээр ашиглах боломжтой, харин бүртгэнэ гэдэг нь өөрөө онцгой эрх болчхоод байгаа болохоор бүртгэлгүй ашиглах боломжтой заавал бүртгүүлж, онцгой эрх, давуу эрх эдлэх шаардлагагүй.

          Барааны тэмдэг нь бараа, үйлчилгээтэй салшгүй холбоотой байдаг. “Х*******” ХХК-ийн мэдүүлсэн Улаанбаатар хотын банк бол бараа үйлчилгээний 35, 36 ангилал 35-н бизнесийн үнэлгээ, зар сурталчилгаа, телевизийн сурталчилгаа, үгэн сурталчилгаа, хэвлэн нийтлэх гээд үйлчилгээ байгаа. Харин 36-н болохоор банкны барьцаат баталгаат зээл олгох, валют солих, зээл, санхүүгийн мэдээлэл, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, санхүүгийн үйлчилгээ, санхүүгийн үнэлгээ, даатгал, банк, үл хөдлөх гээд ийм үйлчилгээ бүртгүүлэхээр мэдүүлсэн. Сүлд тэмдэг ашиглах журамд зөвхөн карт дээр л ашиглана. Хэрвээ нийслэлээс Улаанбаатар хотын тэмдгийг******* бүрэлдэхүүн хэсэгт бүртгүүлж бараа авсан зөвшөөрөл байвал бүртгэгдэх боломжтой. Маргаан шийдвэрлэх комиссын шийдвэрийг хэлэлцэж байх үед маргаан шийдвэрлэх комисс уг журмыг асууж байсан журмын дагуу танайх ямар нэгэн ашиглах зүйл байна уу гэхэд байхгүй гэж нэхэмжлэгч талын өмгөөлөгч тайлбарлаж хэлж байсан.

          Нийслэлийн сүлд тэмдгийг ашиглах журам нь тодорхой төлбөрийн үндсэн дээр тодорхой хугацаанд ашиглах болохоос биш барааны тэмдэг маань өөрөө 10 жилийн хугацаанд хүчинтэй байдаг бөгөөд онцгой эрх өгөөд ашиглуулна гэж үзэхгүй байна. “Х*******” ХХК үнэхээр Улаанбаатар хотын сүлд тэмдгийг ашиглах гээд байвал нийслэлээс тусдаа барааны тэмдгээ бүртгүүлэх боломжтой гэсэн зөвшөөрлийг авах ёстой. Түрүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Бээжин хотын банк өөр улсуудын банкийг бүртгэсэн” гэж тайлбарлаж байна. Энэхүү банкнууд тухайн улс орны хууль тогтоомжоороо шийдэгдэнэ. Тэрнээс биш Монгол улсын хууль тогтоомжид бусад улс орнууд Хятад улсын оюуны өмч******* хуульд юу гэж заасан байна түүгээр нь бүртгэх боломжтой байдаг. Ихэнх тохиолдолд улсынхаа нэрээр бүртгэгдсэн банк тухайн улсынхаа нэр дээр л хамгаалагдсан байгаа. Мөн Хаан банк, Хас банк, Голомт банк, банк гэдэг үг ороод бүртгэгдсэн гэж байна. Ихэнхдээ шинжээч бүрэлдэхүүний дийлэнх хэсэг нь банк гэдэг үг орсон байвал мэдээж тэрийг бүртгэхгүй Хаан банк, Хас банк, Голомт банкнуудын логог, манай сангаас банк гэдэг үгийг хамгаалалтад авахгүй бүртгэсэн байгаа. Ганц хоёр банк гэдэг үг нь жижгээр бичигдсэн бүрэлдэхүүн хэсгийн дийлэнхийг эзлээгүй бол тухайн тэмдэг бүртгэгдэх боломжтой байдаг. Улаанбаатар хотын банкийг “Х*******” ХХК авахаас өмнө Улаанбаатар хотын банк маань өөрөө Оюуны өмчийн газар мэдүүлсэн мэдүүлэг нь байгаа. Оюуны өмчийн газар хуульд зааснаар бүртгэхээс татгалзсан шийдвэрлэсэн” гэв.

 

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэгчээс 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 40-2020-00*******, 40-2020-00*******дугаар мэдүүлгүүдээр хүсэлт гаргасныг *******,******* хэлтсийн дарга Б.О******* 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.2.1-д заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзах тухай эцсийн шийдвэрийг гаргажээ.

2.Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасныг Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 26 дугаар тогтоолоор бүртгэхээс татгалзсан эцсийн шийдвэр, шинжээчийн дүгнэлтийг хэвээр үлдээжээ.

3.Нэхэмжлэгчээс “Улаанбаатар хотын банкны эрх залгамжлагчийн хувьд “Улаанбаатар хотын банкны нэр, логог******* эрхийн баталгаажуулалт хийлгэхээр хандсан нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.2.1-д заасан заалтуудыг зөрчөөгүй” гэж, Хариуцагчаас “... Улаанбаатар хот, эсхүл банк гэж тусад нь авч үзсэн эсэхээс үл шалтгаалан тухайн нэр томьёонууд нь хувь хүн, хуулийн этгээд дангаараа өмчлөх боломжгүй, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.2.1-д заасан барааны тэмдгээр тооцохгүй ялгагдах шинж чанаргүй нэр томьёонд хамаарч байна” гэж тус тус маргажээ.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д  “Ялгагдах шинж чанар агуулаагүй дараахь зүйлийг барааны тэмдэгт тооцохгүй” гээд 5.1.1-д “үсэг, тоо, геометрийн энгийн дүрс, нийтээр хэрэглэдэг тэмдэглэгээ, нэр томьёо дангаараа байвал”, 5.1.2-т “тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр, барааны тоо, хэмжээ, жин, чанар, зориулалт, үнэ, үйлдвэрлэсэн газрын нэр, газар зүйн нэр, түүний товчлол, газрын зураг дээрх байршил, арга, хугацаа зэргийг тайлбарласан үг, дүрс” мөн хуулийн 5.2-т “Дараахь барааны тэмдгийг бүртгэхгүй” гээд 5.2.1-д “Монгол Улсын болон Парисын конвенц, Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улсын нэр, товчилсон нэр, сүлд, далбаа, төрийн бэлгэдэл, Монгол Улсын төрийн байгууллага, төрийн чиг үүргийг хууль, эсхүл гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг хуулийн этгээд, эсхүл Засгийн газар хоорондын олон улсын байгууллагын бүтэн ба товчилсон нэр, албан ёсны тэмдгээс бүрдсэн, эсхүл тэдгээртэй ижил, төсөөтэй илэрхийллийг тухайн улс, байгууллага, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ашигласан” гэж тус тус заажээ.

4.Хариуцагчийн 40-2020-00*******дугаартай Барааны тэмдэг бүртгэхээс татгалзах тухай эцсийн шийдвэрт:

-“Улаанбаатар хот” үг нь дангаараа биш ч гэсэн тухайн үйлчилгээгээ тодорхойлсон, бүртгэгдэх боломжгүй “банк” гэдэг үгтэй хамт хэрэглэсэн нь ялгагдах шинж чанар агуулаагүй, нийтээр хэрэглэдэг нэр томьёо гэж үзнэ.

- Улаанбаатар хот, эсхүл банк гэж тусад нь авч үзсэн эсэхээс үл шалтгаалан тухайн нэр томьёонууд нь хувь хүн, хуулийн этгээд дангаараа өмчлөх боломжгүй, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2-д заасан барааны тэмдгээр тооцохгүй ялгагдах шинж чанаргүй нэр томьёонд хамаарч  байна гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй байна.

Учир нь Улаанбаатар хот гэдэг үг нь Монгол улсын нийслэлд оноосон нэр бөгөөд түүний ард банк хэмээх тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг тодотгосон агуулгатай үгийг залгасан хэдий ч энэ нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан “нийтээр хэрэглэдэг нэр томьёо”, 5.1.2-т заасан “тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр, газар зүйн нэр, түүний товчлол, газрын зураг дээрх байршил зэргийг тайлбарласан үг” заалтуудад хамаарч байх тул хариуцагчийн татгалзал хуульд нийцжээ.

5.Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын банк хэмээх нэр нь барааны тэмдэгтийн хувьд тухайн бүтээгдэхүүний онцлог, ялгагдах шинж чанарыг агуулаагүй, харин хуулиар тухайлан хориглосон дээрх хуулийн заалтуудад хамаарах үгсээс бүтсэн нэр байна.

6.Хариуцагчийн 40-2020-00******* дугаар Барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах тухай эцсийн шийдвэрт:

-“Улаанбаатар хот” үг нь дангаараа биш ч гэсэн тухайн үйлчилгээгээ тодорхойлсон, бүртгэгдэх боломжгүй “банк” гэдэг үгтэй хамт хэрэглэсэн нь ялгагдах шинж чанар агуулаагүй, нийтээр хэрэглэдэг нэр томьёо гэж үзнэ.

- Улаанбаатар хот, эсхүл банк гэж тусад нь авч үзсэн эсэхээс үл шалтгаалан тухайн нэр томьёонууд нь хувь хүн, хуулийн этгээд дангаараа өмчлөх боломжгүй, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2-д заасан барааны тэмдгээр тооцохгүй ялгагдах шинж чанаргүй нэр томьёонд хамаарч  байна.

- Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д “Монгол Улсын болон Парисын конвенц, Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улсын нэр, товчилсон нэр, сүлд, далбаа, төрийн бэлгэдэл, Монгол Улсын төрийн байгууллага, төрийн чиг үүргийг хууль, эсхүл гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг хуулийн этгээд, эсхүл Засгийн газар хоорондын олон улсын байгууллагын бүтэн ба товчилсон нэр, албан ёсны тэмдгээс бүрдсэн, эсхүл тэдгээртэй ижил, төсөөтэй илэрхийллийг тухайн улс, байгууллага, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ашигласан” гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Учир нь Улаанбаатар хотын гэдэг нэрийн хувьд нэгэн төрлийн олон юмны дотроос бусдаас ялгаж тусгайлан өгсөн нэр: “хүний нэр, газар усны нэр тусгай нэр[1]” гэх агуулгаар тайлбарлагдах тул хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

7.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2004 оны 17 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн сүлд, тэмдэг, тус түүнийг үйлдэх, хэрэглэх журам”-ын 7.3 дахь хэсэгт “Нийслэлийн сүлд, тэмдгийг ашиглах аж ахуйн нэгж, байгууллага нэг удаагийн зөвшөөрөл авахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн төлбөр төлнө”, 17 дугаар тогтоолын 7.4 дэх хэсэгт заасан “Нийслэлийн сүлд тэмдгийг бараа, ажил, үйлчилгээний орлогын дүнгийнхээ 0,3 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн төлбөр төлнө” гэжээ.

8.“Улаанбаатар хотын банк” ХХК нь “Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2005 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 3/201 тоот “Нийслэлийн сүлд”-ийг ашиглуулах тухай зөвшөөрөл авч, уг зөвшөөрлийг үндэслэн “Нийслэлийн сүлд тэмдгийг ашиглуулах тухай гэрээ”-г 2005 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн С/01 дугаар байгуулж, гэрээний хэрэгжих хүчинтэй хугацааг 2 жилээр тогтоож, гэрээний үргэлжлэх хугацааг хоёр тал харилцан тохиролцоно гэж гэрээнд тусгажээ.

9.Маргаан бүхий мэдүүлгийг гаргах үед тухайн гэрээний хугацаа дууссан, уг гэрээг үргэлжлүүлсэн, эсхүл сунгасан талаарх баримтыг хавсаргаагүй байх тул хариуцагчийн татгалзал хуульд нийцжээ.

Өөрөөр хэлбэл нийслэлийн Хангарьд дүрслэл бүхий логог ашиглахын тулд эрх бүхий байгууллагаас зөвшөөрлийг заавал авсан байх шаардлагатай байх бөгөөд уг үндэслэлээр татгалзсан хариуцагчийн татгалзал хуульд нийцжээ.

 Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.2.1-д тус тус заасныг баримтлан “Х*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй *******,******* хэлтсийн дарга Б.О*******д холбогдох *******,******* хэлтсийн дарга Б.О*******гийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 40-2020-00*******, 40-2020-00*******дугаартай Улаанбаатар хотын банк, нэр, лого бүхий барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан эцсийн шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

[1] Я.Цэвэл “Монгол хэлний товч тайлбар толь” 584 дэх тал