| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 195/2026/1028/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/1121 |
| Огноо | 2026-04-23 |
| Зүйл хэсэг | 20.14.2., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2026/ШЦТ/1121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,
улсын яллагч Б.Ариунтөр,
шүүгдэгч Ө.О***** нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2505045670143 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б***** овогт Ө*****ийн О*****, Монгол Улсын иргэн, *****төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш орчуулагч мэргэжилтэй, *****ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт ***** оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар *****.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.О***** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч Ө.О***** нь төрийн захиргааны байгууллагаас зохих зөвшөөрөл авалгүйгээр 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 3х2 гэсэн бичиглэлтэй жижиг зиплок уутанд хийсэн ногоон өнгийн олон тооны эм (7 ширхэг улаан канттай зиплок ууттай), 1х3, 2х3, 3х3 гэж бичиж тэмдэглэсэн цагаан өнгийн жижиг эм (12 ширхэг улаан канттай зиплок ууттай)-ийг Монгол Улсын хилээр импортолсон, улмаар мөн өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд *****гэх нэртэй хүнсний дэлгүүрт дээрх эмийг худалдах үйл ажиллагаа явуулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),
- 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 8-12 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 6118 дугаартай дүгнэлтээр “...Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн эд мөрийн баримтууд нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн "3х2” гэсэн хаягтай 7 ширхэг жижиг өнгөгүй зиплок ууттай ногоон өнгийн эм мэт зүйл болон "1х3у"; "2х3у" гэсэн хаягтай 12 ширхэг жижиг өнгөгүй зиплок ууттай цагаан өнгийн эм мэт зүйлээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн "3х2” гэсэн хаягтай 7 ширхэг жижиг өнгөгүй зиплок ууттай ногоон өнгийн эм мэт зүйлээс Chlorpheniramine илэрсэн. "1х3у” гэсэн хаягтай 6 ширхэг жижиг өнгөгүй зиплок ууттай цагаан өнгийн эм мэт зүйлээс Chlorpheniramine илэрсэн. "2х3у” гэсэн хаягтай 6 ширхэг жижиг өнгөгүй зиплок ууттай цагаан өнгийн эм мэт зүйлээс Dexamethasone, Betamethasone, Chlorpheniramine илэрсэн. 3. Шинжилгээгээр илэрсэн Dexamethasone, Betamethasone, Chlorpheniramine бодисууд нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны "Мансууруулах эмийн тухай", 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенц, Монгол улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтаагүй байна....” гэх (хавтаст хэргийн 41-50 дахь тал),
- Дансны мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 90-91 дэх тал),
- Гэрч Ө.Г*****“... Ө*****ийн О***** нь миний төрсөн эгч байгаа юм. О***** эгч одоо хоёр хүүхдийн хамт амьдарч байгаа ба, Хятад хэлний орчуулагч мэргэжилтэй. О***** эгч өөрөө амьдралын төлөө хичээж яваа өрх толгойлсон эх ба том хүүхэд нь ахлах ангид сурдаг, бага хүүхэд нь цэцэрлэгт явдаг. О***** эгч худлаа ярьж, хулгай хийж мэдэхгүй, зөв бодолтой, хүмүүжил сайтай, өөрийн энэ хүмүүжлээрээ өөрийн хүүхэд болон бид нарыг өсгөсөн хүн байгаа юм. О***** эгчээс үлгэр жишээ авч амьдардаг. О***** эгч өөрөө маш хүнд хэлбэрийн харшилтай, харшлахгүй юм гэж байдаггүй. Шөнө ч унтаж чаддаггүй, өөрт нь маш хүндрэлтэй байгаа нь анзаарагддаг. Би хаан банкны тоот Ө***** Ган-Эрдэнэ нэртэй данс ашигладаг. Өөр надад ашигладаг данс байхгүй. Манай хадам аав ээж хоёр 70 гарсан хөгшин настай ба, сахарын өвчтэй, усанд хүргэхээр биед нь юм туураад байдаг юмаа. О***** эгч харшилд сайн эм ууж байгаа гэхээр нь хадам аав ээжид уг эмнээс аваад уулгаж үзтэл, нээрээ л сайн, уг эм нь нөлөөлж байсан. Монгол Улсад энэ төрлийн эм цөөхөн байдаг тул, О***** эгчээс хаанаас энэ эмийг авсан талаар нь асуутал, "би өөрийн хэрэглээндээ Хятад Улсад явж байхдаа уг харшлын эмүүдийг авсан” талаар хэлсэн. Тэгэхээр нь эгчээс надад зарах эм байгаа юу гэж асуутал, чамд хэрэгтэй байгаа бол миний авсан үнээр аваарай гээд уг эмийг зарсан. Өдөрт 15 ширхэг эмийг уудаг ба, 1 set гэдэг нь харшилтай хүний 10 хонгийн л хэрэглээ байгаа юмаа. Би уг эмийг О***** эгчээс аваад хадам аав ээж хоёрт уулгадаг байсан. Дээрх гүйлгээ нь эм худалдан авсан гүйлгээ байна. Уг эмийг ууснаар ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй. Харин ч сайн нөлөөлдөг байсан. Эмчилгээ, тангийн журмаар уудаг байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 98-99 дэх тал) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол…” гэж гэмт хэргийн шинжийг заасан.
Тус гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэг “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаардаг болно.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад "эм" гэж өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх зориулалттай, хүний физиологийн үйл ажиллагаанд нөлөөлөх үйлдэл нь эм судлал, эмнэлзүйн туршилтаар нотлогдсон, зохих тун, хэмжээгээр хэрэглэдэг, тодорхой хэлбэртэй бүтээгдэхүүнийг ойлгоно гэж заасан.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон, цагаан өнгийн зиплок ууттай эд зүйлс нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй эсэх нь тодорхойгүй боловч БНХАУ-д үйлдвэрлэгдсэн эм болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 6118 дугаартай дүгнэлтээр дээрх эмүүдээс Dexamethasone, Betamethasone, Chlorpheniramine илэрсэн ба уг бодисууд нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны "Мансууруулах эмийн тухай", 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенц, Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтаагүй болох нь тогтоогдсон.
Шүүгдэгч Ө.О***** нь өөрөө харшилтай, харшлын өвчиндөө зориулж дээрх эмүүдийг БНХАУ-аас оруулж ирсэн болох нь түүний Монгол Улсын хилээр орсон, гарсан лавлагаа, гэрч Ө.Г*****мэдүүлэг, БНХАУ-аас оруулж ирсэн гэх эмийн зураг, эмийн заавар /баталгаат орчуулга/ зэрэг баримтуудаар эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл нь “эм” болох нь эргэлзээгүйгээр тогтоогдож байна.
Гэмт хэрэг гарах үед дагаж мөрдөж байсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /2010/ болон одоо дагаж мөрд***** байгаа Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /2024/-иудын аль алинд хүний эм, эмнэлгийн хэрэгсэл болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, тэдгээрийн угтвар бодис үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах, ханган нийлүүлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлэхээр заасан.
Түүнчлэн гэмт хэрэг гарах үед дагаж мөрдөж байсан Зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд "Эрүүл мэндийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээдэд олгоно" гэж, мөн хуулийн 13.19 дүгээр зүйлд “эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах эм худалдах" зөвшөөрлийг Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар олгохоор, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.34 дэх заалтад эмийн сан гэж жижиглэнгийн үнээр эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд байхаар тус тус хуульчилсан байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ө.О***** нь төрийн захиргааны байгууллагаас зохих зөвшөөрөл авалгүйгээр 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 3х2 гэсэн бичиглэлтэй жижиг зиплок уутанд хийсэн ногоон өнгийн олон тооны эм (7 ширхэг улаан канттай зиплок ууттай), 1х3, 2х3, 3х3 гэж бичиж тэмдэглэсэн цагаан өнгийн жижиг эм (12 ширхэг улаан канттай зиплок ууттай)-ийг Монгол Улсын хилээр импортолсон, улмаар мөн өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 27-ны хүртэлх хугацаанд *****гэх нэртэй хүнсний дэлгүүрт дээрх эмийг худалдах үйл ажиллагаа явуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар " Эмийг импортлох-ханган нийлүүлэх, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Ө.О*****ын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаас дүгнэвэл шүүгдэгч Ө.О***** нь БНХАУ-аас оруулж ирсэн эмүүдийг нэг удаагийн хэрэглээний хэлбэрээр зиплок уутанд хийж савласан, “Од” гэх нэртэй хүнсний дэлгүүрт байршуулсан, түүний дансны хуулгаар “set” гэх утгаар гүйлгээ хийгдэж байсан эмийг худалдах үйл ажиллагаа явуулсан гэж үзэх хангалттай үндэслэл болно.
Шүүгдэгч Ө.О***** нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргаагүй, улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ө.О*****ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас бусдад шууд учирсан хохирол, хор уршиг байхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагч: “...Эрүүгийн хариуцлагын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна...” гэв.
Хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 106 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 107 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 108 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 109 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 110 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 115 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Ө.О*****д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ө.О***** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт амьдардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүхээс торгох ял оногдуулж шийдвэрлэсэн ба торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг 07 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг …гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж заасан.
Шүүгдэгч Ө.О***** нь зохих зөвшөөрөлгүйгээр эм худалдах үйл ажиллагаа эрхэлж 1,890,000 төгрөгийн орлого олсон болох нь түүний дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ө.О*****аас 1,890,000 (нэг сая найман зуун ерэн мянга) төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа гэх “3х2” гэсэн хаягтай 7 ширхэг өнгөгүй зиплок ууттай ногоон өнгийн эм мэт зүйл нийт 235.7 грамм, мөн "1х3у” гэж хаягласан 6 ширхэг өнгөгүй зиплок ууттай цагаан өнгийн эм мэт зүйл нийт 22.4 грамм, мөн "2х3у" гэж хаягласан 6 ширхэг өнгөгүй зиплок ууттай цагаан өнгийн эм мэт зүйл нийт 37.2 грамм зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албанд, Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад тус тус даалгаж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.О***** нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б***** овогт Ө*****ийн О*****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эмийг импортлох-ханган нийлүүлэх, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.О*****д 5500 (таван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.О*****д оногдуулсан торгох ялыг 07 (долоо) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.О***** нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа гэх “3х2” гэсэн хаягтай 7 ширхэг өнгөгүй зиплок ууттай ногоон өнгийн эм мэт зүйл нийт 235.7 грамм, мөн "1х3у” гэж хаягласан 6 ширхэг өнгөгүй зиплок ууттай цагаан өнгийн эм мэт зүйл нийт 22.4 грамм, мөн "2х3у" гэж хаягласан 6 ширхэг өнгөгүй зиплок ууттай цагаан өнгийн эм мэт зүйл нийт 37.2 грамм зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албанд, Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.О***** нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ө.О*****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАР