Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2024/01617

 

2024 оны 04 сарын 16-ны өдөр

Дугаар 183/ШШ2024/01617

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн **-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, **-р байр, ** тоотод оршин суух Ж-ын С /РД:*****/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн **-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Х ХХК, Х 259/1 тоотод байрлах /РД:****/-д холбогдох,

 

80,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.С,

Хариуцагчийн өмгөөлөгч А.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Сайхан нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ж.С миний бие эхнэр Д. Б-ийн хамтаар 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Х ХХК-ны Гүйцэтгэх захирал Д.Б-тай бартераар орон сууц захиалах гэрээг байгуулсан. Х ХХК-ны менежер гэгч А-ын зуучлалаар БЗД-н **-р хороо, Офицер хороолол, **-р блок, **-р орц, **-р давхар, 53.75м2 2өрөө орон сууцыг 112.250.000 төгрөгөөр авахаар тохиролцож урьдчилгаа төлбөрт эхнэр Д.Б-ийн өмчлөлийн ** УНХ улсын дугаартай Pexton маркийн суудлын машиныг 80.000.000 төгрөгөөр тооцож 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Х ХХК-ны өмчлөлд шилжүүлж өгсөн. Энэ өдрөөс хойш Офицер хорооллын барилгын явцыг өвлийн улиралд явахгүй байна, хавар лифт ирэхгүй байна, зуны улиралд бага зэрэг ажил явлаа, намрын улиралд дахиад л ажил явагдаагүй гээд 2023 оны 11 дүгээр сарын 01-нд Офицер хороолол борлуулалтын албанд очоод уулзахад Х компанитай байгуулсан цахилгаан шат нийлүүлэх, угсарч суурилуулах гэрээг цуцалсан байгаа, танай нэр дээр гэрээ байгуулсан орон сууц өөр хүнд зарагдсан байгаа гэж Т ХХК-ны захирал П.М бид 2-т хэлсэн. Ингээд анх зуучилсан А-тай холбоо барихад би ажлаасаа гарсан, гэрээ хийсэн Д.Б-ас асуу гэсэн хариу өгсөн. Гүйцэтгэх захирал гэсэн Д.Б-тай утсаар ярихад /***/ мөн адил ажлаас гарсан. Танай машин Х компанийн өмчид хэвээрээ байгаа гэсэн. Орон сууцны захиалгын гэрээ баталж өгсөн нотариатчин А.З дээр очиж уулзахад би гэрээ батлах үүрэгтэй бусад зүйлийг би мэдэхгүй гэсэн. Эндээс Х компани хаяг, утас аваад Хан- Уул дүүрэг байрлах компанийн байранд удаа дараа очиход хунгүй байсан. Х компанийн хувьцаа эзэмшигч Хонгорзултай ***, **** дугаарын утсаар 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн холбогдоход Замын-Үүд дээр лифт бууж байна, гаалийн бүрдүүлэлт хийж байна, хот ороод залган гэсээр хэсэг хугацаа өнгөрсөн. 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр биеэр уулзсан. Х-тай уулзаад машинаа буцааж авья гэхэд танай машин шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар битүүмжлэгдсэн байгаа гэсэн. Би төлнө. Хууль шүүхээр явахад татгалзахгүй гэсэн. Иймд бидний зүгээс машин ч үгүй, мөнгө ч үгүй, орон сууц ч үгүй хохирч үлдэхгүйн тулд Хонрайн компанид шилжүүлж өгсөн **** УНХ машиныг буцааж авах хүсэлтэй байгаа тул Шүүхийн барьцаанд байгааг царцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022-12-08 ний өдөр нотариатаар орон сууц худалдах худалдан авах гэрээгээ батлуулсан. Тайм констракшн гэдэг газарт лифт нийлүүлээд тэгээд энэ орон сууцыг хариуцагч авсан гэж тайлбарлаад энэ байраа 112500,000 төгрөгт авсан ба 80,000,000 төгрөгт өөрийн автомашинаа шилжүүлэн өгсөн , яг тэр гэрээ байгуулсан өдрөө шилжүүлсэн. 2023-12-31 нд төлбөрөө төлж дуусгаад орон сууцаа авах байтал 2023-06 сард барилга дээр очиход лифтээ нийлүүлээгүй манайх байраа өгөхгүй цагдаа дээр оч гэж Т нь хэлсэн. Тэгээд араас нь хөөцөлдөөд явахад анх машинаа авна гээд манай эхнэр очиж уулзсан ч Х тухайн машиныг шийдвэр гүйцэтгэл дээр бусдын өрөнд барьцаалчихсан байснаас шилжүүлж авч чадаагүй, одоо гэрээ байгуулснаас хойш 1,6 жил өнгөрчхөөд байхад тэр машин ямар ч болсон юм хүний хөрөнгийг ийм их цаг хугацаанд ашиглачхаад буцааж авна гэж байхгүй, мөнгөө авна, би тэр Т гэдэг компанийг огт мэдэхгүй, хоёр байгууллага хоорондоо яасныг мэдэхгүй, одоо бол машинаа авах боломжгүй. Мөнгөө л авна гэв.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч Б.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус дүүргийн шүүхэд нэхэмжлэгч Ж.С- манай компанид холбогдуулан орон сууц захиалгын гэрээ захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ биелэгдээгүй тул 80,000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно. Тус компани нэхэмжлэлийг гардан авч, дор дурдсан тайлбарыг гаргаж байна. Тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Б нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ-г иргэн Ж-ын С, иргэн Д-ын Б нартай байгуулсан байдаг. Тус гэрээний 1.1-д талууд ... эрх шилжүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан, эсхүл захиалагчийн эрх, үүргээ эрх шилжүүлэн авагчийн өмчлөлд шилжүүлж. эрх шилжүүлэн авагч нь тал эрх шилжүүлэгч талд хэлэлцэн тохирсон үнийг төлөхтэй холбоотой талуудын эдлэх эрх. хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулахаар гэрээг байгуулсан. Мөн гэрээний 2.2-т гэрээний зүйлийг тодорхойлсон бөгөөд Х ХХК болон Т ХХК-ийн хооронд 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээ, №0-14011407 гэрээг үндэслэн Т ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 135 дугаартай албан бичгээр зөвшөөрсөн Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, О хороолол, **-р блок, **-р орц, 14 дүгээр давхрын С загварын 53.75мкв. 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг улсын комисс орон сууцны барилгыг хүлээж авсан даруйд гэрээг шинэчлэн байгуулах эсхүл орон сууцны гэрчилгээг эрх шилжүүлэн авагч талын нэр дээр гарган авах гэж тохиролцсон. Мөн гэрээний 3.1-д Эрх шилжүүлэгч тал нь 2.1-д заасан анхны гэрээгээр төлбөр төлж олж авсан захиалагчийн эрхээ эрх хүлээн авагч талд 118,250,000 төгрөгөөр шилжүүлэхээр тохиролцов. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчтэй байгуулах гэрээг шинэчлэн байгуулахаар худалдагч буюу ажил гүйцэтгэгч тал шаардах тохиолдолд эрх шилжүүлэн авагч гэрээг шинэчлэн байгуулахаар тохиролцож болно, 3.2-т Төлбөр төлөх нөхцөл: Урьдчилгаа төлбөрт Д.Б-н өмчлөлийн **** УНХ улсын дугаартай, РЕХТОN маркийн суудлын автомашиныг 80,000,000 төгрөгт тооцож. 2022.12.08-ны өдөр Х" ХХК ийн өмчлөлд шилжүүлнэ. Үлдэгдэл 38,250,000 төгрөгийг 2023.06.20, 2023.09.20,2023.12.20-ны өдрүүдэд тус тус 9 562 500 төгрөг төлнө гэж тус тус тохиролцсон. Манай компани энэхүү Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ-г 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэн Ж.С иргэн Д. Б нартай байгуулахдаа: 1. Х ХХК болон Т ХХК-ийн хооронд 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан НМРI20220817 дугаартай "Цахилгаан шат нийлүүлэх гэрээ-ний дагуу Баянзүрх дүүрэг, ** дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Офицер хороолол-ын орон сууцны зориулалттай 16 давхар барилгын 7-3, 14 блок буюу нийт 2 блок барилгад 6 ширхэг цахилгаан шат нийлүүлэх 724,070,880 төгрөгийн гэрээний нийт үнийн дүнтэй, 100 хувийн бартераар авсан 6 орон сууцны нэг нь юм. 2.Х ХХК болон Т" ХХК-ийн хооронд байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №0-14011407 дугаартай Бартераар орон сууц захиалан бариулах гэрээ-ний дагуу хийгдсэн гэрээ юм. 3.Т ХХК-иас 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 135 дугаартай албан бичиг зэргийг тус тус үндэслэсэн. Иймд манай компанийн нэхэмжлэгчтэй байгуулсан орон сууцны захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээний хэрэгжилт нь Т ХХК-тай байгуулсан дээрх гэрээнүүдтэй салшгүй холбоотой төдийгүй манай Х ХХК болон Т ХХК-ийн хоорондын №0-14011407 дугаартай Бартераар орон сууц захиалан бариулах гэрээ-ний захиалагчийн эрхээ нэхэмжлэгчид шилжүүлэхээр, орон сууцны захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээний зүйл нь ч Т ХХК-тай салшгүй холбоотой. Х ХХК нь Т ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байгуулсан НМРI20220817 дугаартай Цахилгаан шат нийлүүлэх гэрээ. №0-1401 1407 дугаартай Бартераар орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулснаас хойш манай компани Т ХХК-д гэрээнд заасан хугацаанд цахилгаан шатаа нийлүүлэхэд тус цахилгаан шатны төлбөрийг бартерын орон сууц байхаар тохиролцсон нь хүндрэл учруулж хөрөнгө, мөнгөний хүрэлцээгүй байдлаас шалтгаалан хугацаа алдсан боловч, тус гэрээнүүдийн үүргээ биелүүлэхээр Т ХХК-ийн Гүйцэтгэх захирал М, эрх бүхий ажилтан Б нартай удаа дараа уулзаж, цахилгаан шатаа нийлэх талаар ярилцаж, байсан боловч, амжилтанд хүрээгүй ба манай компанийг, гүйцэтгэх захирал Х намайг эрүүгийн журмаар гомдол гарган шалгуулсаар 2023 оны 11 дүгээр сарыг хүргэсэн болно. Манай компани БНХАУ-аас оруулж ирсэн цахилгаан шатаа өгөх гэсэн боловч "Т" ХХК авахаас татгалзаж, гэрээгээ цуцлах мэдэгдэл өгсөн. Өнөөдрийн байдлаар Т ХХК -ийн Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Офицер хороолол, ** дүгээр блокын барилга нь баригдаагүй, зөвхөн суурь нэгдүгээр давхрын өрөлттэй. газрын маргаантай гээд бүрэн зогссон байгаа болно. Т ХХК-тай байгуулсан гэрээг манай компанид түр томилогдон ажиллаж байсан Д.Б Гүйцэтгэх захирал гэж гарын үсэг зурж байгуулахдаа маш хариуцлагагүй хандсан байдаг. Иймд дээрх нөхцөл шалтгааны улмаас орон сууцны захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ хэрэгжих боломжгүй байдалд хүрсэн. Өнөөдрийн байдлаар Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ-ний урьдчилгаа төлбөрт тооцон авсан Д.Б-н өмчлөлийн ****УНХ улсын дугаартай. РЕХТОN маркийн суудлын автомашин манай компанийн өмчлөлд бүртгэлтэй байгаа гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч А.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бичгээр гаргасан тайлбараа бүхэлд нь дэмжинэ, Нэгдүгээрт: 2022-120-8 ний 11.46 минутад гэрээг байгуулдаг. Гэрээний гол зүйл нь 2022-10-06 ний үндэслэл яригдаж байгаа, улсын комисс барилгыг хүлээж аваагүй, албан бичгийг үндэслэж байгуулсан. Гэрээний 1.1 т эрх үүргийг, нийт 118,200,000 төгрөг байна, 3.2 т 80,0 саяд тооцоод Баярмагнайн өмчлөлийн автомашиныг Х ХХК-д шилжүүлнэ, үлдэгдлийг 3 хуваан төлөхөөр тохиролцсон, 2023-12-31 ний өдөр бүрэн гүйцэтгэхээр , мөн алдангийг тохирсон. Гэвч хэрэгжих эрхийн хүрээнд Т болоод Х байгуулсан гэрээний асуудал хөндөгдөнө. Энэ гэрээ бол цахилгаан шат нийлүүлэх гэрээг үндэслээд бартераар гэрээ байгуулагддаг. Энэ эрхээ иргэн С, Б нарын өмчлөлд шилжүүлэхээр , орон сууц захиалгын эрхээ шилжүүлж байгаа учраас дээрх хоёр байгууллагын хооронд маргаан үүснэ. Гэрээний үүргээ зохих хэмжээгээр биелүүлсэн ч цагдаагаар явдаг, энэ маргаж байгаа гэрээний үүрэг хэрэгжих боломжгүй. Урьдчилгаа 80 сая төгрөг авч өгөлцөх ажил яригдсан, машинаа өгч болно гэж С хэлж байсан тухайн үед нь ШШГБ д битүүмжлэгдчихсэн байсан, одоо бол чөлөөлөгдсөн. Тухайн үед машин 80 саяд хүрэхээргүй байсан юм бна лээ, захирал Б гэж хүний хариуцлагагүйгээс ийм байдал үүссэн. Гэрээний 5.1 д үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй гэсний дагуу энэ хөрөнгө нь бартерынх шүү гэдгийг тодорхой бичсэн. Хоёрдугаарт: Гэрээний зүйлийн мэдээлэлд /2022-06-01/ Т болоод Х байгуулсан гэрээг үндэслэсэн гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн тодорхойлолт, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1080 дугаартай Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ, Т ХХК-ийн 2022.10.06-ны өдрийн 135 дугаартай албан бичиг, 2022.10.06-ны өдрийн №0-14011407 дугаартай Бартераар орон сууц захиалах гэрээ, Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ****УНХ дугаартай Ssangyong rexton машины гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.04-ний өдрийн 183/ШЗ2023/22486 дугаартай шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

 

4. Хариуцагч талаас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024.01.31-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, 2022.10.06-ны өдрийн №0-14011407 дугаартай Бартераар орон сууц захиалах гэрээ,Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022.10.06-ны өдрийн НМРI20220817 дугаартай цахилгаан шат нийлүүлэх гэрээ, хавсралт 1 зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс иргэний үнэмлэхийн хуулбарыг шүүхэд ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Ж.С миний бие эхнэр Д. Б хамтаар 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Х ХХК-ны Гүйцэтгэх захирал Д.Б-тай бартераар орон сууц захиалах гэрээг байгуулсан. Х ХХК-ны менежер гэгч А-ын зуучлалаар БЗД-н **-р хороо, Офицер хороолол, **-р блок, **-р орц, **-р давхар, 53.75м2 2 өрөө орон сууцыг 112.250.000 төгрөгөөр авахаар тохиролцож урьдчилгаа төлбөрт эхнэр Д.Б-ийн өмчлөлийн **** УНХ улсын дугаартай Pexton маркийн суудлын машиныг 80.000.000 төгрөгөөр тооцож 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Х ХХК-ны өмчлөлд шилжүүлж өгсөн. Энэ өдрөөс хойш Офицер хорооллын барилгын явцыг өвлийн улиралд явахгүй байна, хавар лифт ирэхгүй байна, зуны улиралд бага зэрэг ажил явлаа, намрын улиралд дахиад л ажил явагдаагүй гээд 2023 оны 11 дүгээр сарын 01-нд Офицер хороолол борлуулалтын албанд очоод уулзахад Х компанитай байгуулсан цахилгаан шат нийлүүлэх, угсарч суурилуулах гэрээг цуцалсан байгаа, танай нэр дээр гэрээ байгуулсан орон сууц өөр хүнд зарагдсан байгаа гэж Т ХХК-ны захирал П.М бид 2-т хэлсэн. Тэгээд араас нь хөөцөлдөөд явахад анх машинаа авна гээд манай эхнэр очиж уулзсан ч Х тухайн машиныг шийдвэр гүйцэтгэл дээр бусдын өрөнд барьцаалчихсан байснаас шилжүүлж авч чадаагүй, одоо гэрээ байгуулснаас хойш 1,6 жил өнгөрчхөөд байхад тэр машин ямар ч болсон юм хүний хөрөнгийг ийм их цаг хугацаанд ашиглачхаад буцааж авна гэж байхгүй, мөнгөө авна гэв.

 

3.Хариуцагчийн төлөөлөгч Б.Х болон түүний өмгөөлөгч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 1. Х ХХК болон Т" ХХК-ийн хооронд байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №0-14011407 дугаартай Бартераар орон сууц захиалан бариулах гэрээ-ний дагуу хийгдсэн гэрээ юм. Т ХХК-иас 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 135 дугаартай албан бичиг зэргийг тус тус үндэслэсэн. Иймд манай компанийн нэхэмжлэгчтэй байгуулсан орон сууцны захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээний хэрэгжилт нь Т ХХК-тай байгуулсан дээрх гэрээнүүдтэй салшгүй холбоотой төдийгүй манай Х ХХК болон Т ХХК-ийн хоорондын №0-14011407 дугаартай Бартераар орон сууц захиалан бариулах гэрээ-ний захиалагчийн эрхээ нэхэмжлэгчид шилжүүлэхээр, орон сууцны захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээний зүйл нь ч Т ХХК-тай салшгүй холбоотой. Х ХХК нь Т ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байгуулсан НМРI20220817 дугаартай Цахилгаан шат нийлүүлэх гэрээ. №0-1401 1407 дугаартай Бартераар орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулснаас хойш манай компани Т ХХК-д гэрээнд заасан хугацаанд цахилгаан шатаа нийлүүлэхэд тус цахилгаан шатны төлбөрийг бартерын орон сууц байхаар тохиролцсон нь хүндрэл учруулж хөрөнгө, мөнгөний хүрэлцээгүй байдлаас шалтгаалан хугацаа алдсан боловч, тус гэрээнүүдийн үүргээ биелүүлэхээр Т ХХК-ийн Гүйцэтгэх захирал М, эрх бүхий ажилтан Б нартай удаа дараа уулзаж, цахилгаан шатаа нийлэх талаар ярилцаж, байсан боловч, амжилтад хүрээгүй ба манай компанийг, гүйцэтгэх захирал Х намайг эрүүгийн журмаар гомдол гарган шалгуулсаар 2023 оны 11 дүгээр сарыг хүргэсэн болно. Манай компани БНХАУ-аас оруулж ирсэн цахилгаан шатаа өгөх гэсэн боловч "Т" ХХК авахаас татгалзаж, гэрээгээ цуцлах мэдэгдэл өгсөн. Өнөөдрийн байдлаар Т ХХК -ийн Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Офицер хороолол, ** дүгээр блокын барилга нь баригдаагүй, зөвхөн суурь нэгдүгээр давхрын өрөлттэй. газрын маргаантай гээд бүрэн зогссон байгаа болно. Т ХХК-тай байгуулсан гэрээг манай компанид түр томилогдон ажиллаж байсан Д.Б гүйцэтгэх захирал гэж гарын үсэг зурж байгуулахдаа маш хариуцлагагүй хандсан байдаг. Иймд дээрх нөхцөл шалтгааны улмаас орон сууцны захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ хэрэгжих боломжгүй байдалд хүрсэн, машиныг нь өгөхөд татгалзах зүйлгүй, мөнгийг өгөхгүй гэжээ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

2022 оны 10 дугаар сарын 06 ний өдөр HMPI20220817 дугаартай цахилгаан шат нийлүүлэх гэрээ, мөн O-14011407 дугаартай бартераар орон сууц захиалах гэрээг Т ХХК, Х ХХК нар байгуулж, цахилгаан шат нийлүүлсний хөлсөнд Х ХХК-д Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Офицер хороолол ** р блок ** р орц G загварын 2 өрөө 53,75 м кв талбай бүхий орон сууцыг шилжүүлэхээр тохиролцжээ. /хх 35-37, 39-41 хуу/

Улмаар 2022 оны 12 сарын 08 ний өдөр Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Офицер хороолол ** р блок ** р орц G загварын 2 өрөө 53,75 м кв талбай бүхий орон сууцны захиалагчийн эрхээ шилжүүлэх хэлцлийг Х ХХК, Ж.С, Д.Б нар байгуулж, тухайн хэлцлээр байрны нийт үнийг 118,250,000 төгрөгөөр тохирчээ. Энэхүү хэлцлээр Ж.С, Д.Б нар нь байрны урьдчилгаа болох 80,000,000 төгрөгт Д.Б-н өмчлөлийн **** УНХ улсын дугаартай, KPBGA2AE1JP030414 арлын дугаартай Rexton маркын суудлын автомашиныг гэрээ байгуулсан өдөр Х ХХК-д шилжүүлэхээр , үлдэгдэл 38,250,000 төгрөгийг 2023-12-20 ний өдөр гэхэд төлж дуусгахаар харилцан тохиролцжээ. /хх 5-6 хуу/

Талууд гэрээ байгуулагдсан, автомашиныг эрх шилжүүлэгч талд 2022-12-08 ний өдөр хүлээлгэн өгснийг, Т ХХК, Х ХХК нарын хооронд гэрээний үүргийн зөрчлийн маргаан гарснаас Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Офицер хороолол ** р блок ** р орц G загварын 2 өрөө 53,75 м кв талбай бүхий орон сууцыг Ж.С-д шилжүүлэх боломжгүй болсон талаар тус тус маргахгүй байна.

 

5. Нэхэмжлэгч тал гэрээ биелэгдэх боломжгүй болсон тул урьдчилгаанд автомашинаа 80,000,000 төгрөгт тооцон шилжүүлсэн тул 80,000,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр авна гэж, хариуцагч автомашин нь одоо барьцаанаас чөлөөлөгдсөн тул биет байдлаар нь буцааж өгнө, тухайн үедээ ийм үнэд хүрэхээргүй байсан гэж маргадаг.

 

6. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. мөн зүйлийн 189.5-д энэ хуулиар зохицуулагдаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэж заасан тул маргааны хэлцэл болох 2022 оны 12 сарын 08-ны өдрийн орон сууц захиалагчийн эрхээ шилжүүлэх  гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэж дүгнэв. Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан  дээрх гэрээ нь гэрээний үүрэг мөн тул нэрлэгдээгүй гэрээнд Иргэний хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна.

Улмаар 2022 оны 12 сарын 08-ны өдрийн орон сууц захиалагчийн эрхээ шилжүүлэх   гэрээ хэрэгжих боломжгүй талаар хариуцагч тал хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 т зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй. Хуулийн энэхүү зохицуулалтаар аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй  бөгөөд хариуцагч гэрээ цуцалсан талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийн зохицуулалт нь гэрээ биелэгдээгүй байгаа нөхцөлд шилжүүлсэн зүйлүүдийг биет байдлаар нь буцаах, биелсэн тохиолдолд харилцан ашгийг буцаахтай холбоотой зохицуулалт юм. Хэрэгт авагдсан талуудын тайлбараар орон сууцны өмчлөгч болох нөхцөл биелэгдээгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний дагуу 80 000 000 төгрөгт шилжүүлэн тооцсон авто машиныг буцаан авах биш, мөнгөн хөрөнгөөр буцаан гаргуулах тухай гэж тодорхойлсон байна. 

Мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй, үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа буюу бусдын өмчлөлд шилжүүлсэн, эсхүл бусдын эрхээр хязгаарласан, түүнчлэн түүнийг боловсруулах, дахин боловсруулах замаар өөрчилсөн бол гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй болох юм. Иргэний хуульд заасан  дээрх нөхцөл тогтоогдсон буюу автомашиныг хариуцагч тал гэрээ байгуулснаас хойш 1,6 жилийн турш эзэмшилдээ байлгаж байгаа нь ашиглаж байгаа гэх үндэслэлд хамаарна. Түүнчлэн автомашиныг хариуцагчийн эзэмшилд шилжүүлснээс хойш 1,6 жил өнгөрсөн, автомашин нь шилжүүлэх үеийн үнэлгээндээ хүрч байгаа эсэх талаарх баримтыг хариуцагч тал шүүхэд гаргаж өгөөгүй тул автомашины үнэ 80,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талд гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 557,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.С-д олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.2 т зааснаар хариуцагч Х ХХК-аас 80,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.С-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 557,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.С-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ