| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2022/01376/И |
| Дугаар | 151/2023/00076 |
| Огноо | 2023-01-04 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 151/2023/00076
2023 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 151/ШШ2023/00076
Төв аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнх....... даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймгийн ....... сумын 3 дугаар баг, Монгол гэх газар оршин суух Боржигон овогт Л.Эийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн ....... сумын хүүхдийн цэцэрлэг /эрхлэгч Б.С/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай.
Нэхэмжлэлд 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Л.Э,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.М /Дугаар 2471/,
Хариуцагчийн төлөөлөгч: Б.С,
Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Бат-Өлзий /Дугаар 0294/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхцэцэг.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Л.Э нь Төв аймгийн ....... сумын цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Төв аймгийн ....... сумын цэцэрлэгт 2008 онд туслах багшаар ажилд орж, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл тасралтгүй 15 жил ажилласан. Би ажиллах байх хугацаандаа өөрийн үүрэгт ажлаа чин шударгаар биелүүлж, ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй. Мөн сахилгын шийтгэл огт авч байгаагүй
2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн ....... сумын хөдөөнөөс өөрийн ажилдаа явж байхад замд автомашин бензин дуусаад ажилдаа хоцорч очих нь гээд ангийн үндсэн багш Д руу утсаар ярьж байдлаа хэлсэн
Удалгүй эрхлэгч Б.С ярьж ажил дээрээ яваад ир гэхээр яваад очсон.
Очоод ангийн үндсэн багш Дтай багш нарын өрөөнд маргаан гарсан. Ингээд Төв аймгийн ....... сумын цэцэрлэгийн эрхлэгч 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Б/20 дугаартай тушаал гарган, намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн.
Чөлөөлсөн үндэслэл нь үдээс өмнө ажилдаа ирээгүй, ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн, бусдыг хэл амаар доромжилсон, зодсон, танхайрсан, бага насны хүүхдийн дэргэд зүй бус үйлдэл гаргасан гэсэн.
Багш Ч.Дыг зодсон зөрчилдөө зөрчлийн хуулиар 100 нэгжээр торгуулсан. Ёс зүйн алдаа гаргаснаа ухамсарлаж, уучлалт гуйж байна.
Э бид хоёрыг Засаг дарга болон аймгаас ажлаас хал гэсэн гэж хэлсэн. Би ажлаас халагдах тушаалаа аваагүй. Тушаалыг нь Засаг даргад танилцуулна гэсэн. Маргааш нь Б.Стай уулзаад намайг ажилд аваач гэж гуйхад авах боломжгүй Засаг даргад тушаалыг нь өгчихсөн гэж хэлсэн. Дараа нь уулзах гэтэл ажилтай байна гээд ярилцаагүй. Сонгон шалгаруулалт зарласныг нь мэдээд асуухад түр ажилтан авсан гэж хэлсэн.
Сумын маргаан таслах комисс байгуулагдаагүй учир шүүхэд хандсан.
Нэхэмжлэлийн шаардлагаа ....... дэмжиж байна гэжээ.
2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх эвлэрэх санал хүчинтэй байгаа. Ажилдаа эргэн орчихвол бусад шаардлага хамааралгүй. Л.Э нь 2008 оноос тус цэцэрлэгт туслах багшаар 14-15 орчим жил ажилласан. Энэ хугацаанд хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж арга хэмжээ авагдаж байгаагүй. Тухайн асуудлаас болоод хөдөлмөрийн харилцааг цуцлах буюу халах шийдвэрийг цэцэрлэгийн эрхлэгч гаргасан. Мөн Зөрчлийн тухай хуулиар 100 нэгжээр давхар торгуулсан. Цаг хугацааны хувьд 9 дүгээр сарын 23-ны өдөр болсон процессыг зөрчлийн арга хэмжээ авсан шийтгэлийн хуудас нь 10 дугаар сарын 28-ны өдөр байсан. Х.Б цагдаа 11 дүгээр сарын 25-ны өдөр буюу үйл явдал болсноос хойш 2 сарын дараа ой тогтоолоороо илтгэх хуудас бичиж өгсөн байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар ажил олгогч нь ажилтнаас эхлээд тайлбар авч, гарах шийдвэрийн үр дагаврыг танилцуулах ёстой байсан. Ёс зүйн зөвлөлийн хуралд оролцуулан тайлбар гаргах боломжийг олгох ёстой байсан. Хуулийн шаардлагыг хангаагүй учир нэхэмжлэгчийг ажлаас халсан 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Эийг ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 69 хоногийн цалин болох 2,496,282 төгрөгийг гаргуулан, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
3.Хариуцагч цэцэрлэгийн эрхлэгч Б.С нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, түүний үндэслэлийг тайлбарлахдаа:
Нэхэмжлэгч Л.Э нь Төв аймгийн ....... сумын хүүхдийн цэцэрлэгт 2008 онд туслах багшаар ажилд орсон. ....... сумын цэцэрлэгт 14 жил ажилласан. Би 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр сонгон шалгаруулалтад ороод 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр цэцэрлэгийн эрхлэгчээр жинхлэн томилогдон ажилласан. Өмнө нь олон удаа зүй бус үйлдэл гаргаж байсан. Удаан жил ажилласан болохоор нь арга хэмжээ авдаггүй байсны үр дүнд даварсан үйлдэл гаргасан.
2022 оны 9 дүгээр сарын 23-ны баасан гаригт Засаг даргын Тамгын газарт хуралд суучихаад 12 цагийн үед ажил дээр ирээд... Л.Э багшийн ангид ороход бүлгийн багш Ч.Д ганцаараа байсан Миний бие 12 цаг 22 минутанд залгаад ажилдаа ир гэсэн шаардлагыг тавьсан. 13 цаг болж байхад туслах тогоочийн хамт Л.Э багш гаднаас орж ирээд шууд анги руугаа орсон. Ороод Ч.Д багшид эгч нь согтуу харагдаж байна уу? Муухай харагдаж байгаа байх явлаа гэж хэлээд 13 цаг 15 минутын үед туслах тогооч А.Эгийн хамт буцаад гараад явсан. Гарахдаа туслах тогооч А.Э Ч.Дыг хоолны хувингууд угаачихаарай гэхэд Ч.Д багш би ангидаа ганцаараа байна чадахгүй гэх хэлэхэд сүртэй юм гэж уурлаад гарсан. Дуудуулж дөнгөж ирчихээд эргээд гараад явахад нь цайны цаг дуусахаар ирэх байх гээд ямар нэгэн юм хэлээгүй. Гэтэл 14 цагт бүлгийн багш Ч.Д нь надруу уйлж залгаад Л.Э багшийг утсаар элдэв янзаар хэлээд доромжлоод загнаад байна гэж хэлсэн. Тэгээд 14 цаг 07 минутанд Л.Э багштай утсаар ярьж, яагаад багшийгаа хэл амаар доромжлоод байгаа юм, яг одоо ажилдаа ир гэж хэлэхэд би хэл амаар доромжлоогүй одоо очлоо гэж хэлсэн. 14 цаг 15 минут орчимд туслах тогооч А.Эгийн хамт орж ирсэн. Багш хөгжлийн төв рүү бид 2 хамт ороод нөхцөл байдлын талаар ярилцсан. Гэтэл Ч.Д багшийг гаднаас орж ирэхэд худлаа ярьлаа новш, хулгайч гэх мэтээр хэл амаар доромжилж шууд толгой руу нь цохиж зодсон. Хорьж дийлэхгүй жижүүрийг дуудахад юм шидэж жижүүрийн толгойг хагалсан. Багш хөгжлийн төвд байсан цүнх, машины түлхүүр, тоглоом гэх зэрэг зүйлсийг авч шидлэн, цэцэрлэгээр дүүрэн орилж хашгирахад бүх ажилчид цугларсан. Ч.Д багш цагдаад дуудлага өгөхөд сумын цагдаа Төв аймагт ажилтай байсан тул сумын олон нийтийн байцаагч Д.М ирсэн. Д.Мгийн өөдөөс эсэргүүцэл үзүүлж, хэл амаар доромжилж, биед нь халдаж хувцсыг нь урсан тул гарыг нь өчиж хамгаалсан. Гэтэл 15 цагийн үед Д.Мгаас зугтааж ангид байсан Ч.Д багш руу дахин дайрч биед нь гар хүрч, хүүхдийн дэргэд чанга дуугаар хэл амаар доромжилсон. Энэ үед унтаж байсан хүүхдүүд орилолдон босч ирсэн. Сумын Засаг дарга, Нийгмийн Бодлогын мэргэжилтэн болон ...... багийн засаг дарга ирж нөхцөл байдалтай танилцсан. Дэлгэрхааны цагдаа Бд дуудлага өгөхөд үйл явдал болсноос хойш 4 цагийн дараа 18 цагийн үед ирж Л.Э, туслах тогооч А.Э нарыг үлээлгэхэд Л.Э багшийн согтуурлын зэрэг нь 0.093 гарсан. Цагдаа Ч.Д, Б.Саас мэдүүлэг авсан. Ч.Д гомдлоо цагдаад өгсөн.
Тухайн өдрийн үйл явцын камерын бичлэг, утасны ярианы бичлэг, цагдаагийн төхөөрөмжөөр үлээлгэсэн баримт, гэрчийн мэдүүлгийг үндэслэн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байгууллагын Ёс зүйн зөвлөлөөр хэлэлцсэн. Засаг дарга болон боловсролын газраас ажлаас хал гэсэн шийдвэрийг хэлээгүй. Зөвлөгөө авахад хууль дүрмээ судлаад шийдвэрээ гарга, хүүхдийн байгууллагад ийм үйлдэл гаргаж болохгүй гэж зөвлөсөн.
Төв аймгийн Засаг даргын А/155 тоот захирамжаар Архигүй үлгэрлэе аяныг зарласан, Боловсрол шинжлах ухааны яамнаас 2022 оныг Ёс зүйн жил болгон зарласан байтал Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм, Төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн тул хуулийн дагуу хариуцлага тооцож ажлаас нь халсан. Дүрэм, журмынхаа дагуу ажилласан учир эвлэрэх боломжгүй гэв.
4.Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Төв аймгийн ....... сумын цэцэрлэг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулсан нь талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн, эрх эдэлж үүрэг хүлээх эрх зүйн үр дагаврын илтгэж байгаа гол баримт юм. Үүнд талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурсан. Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасан зөрчлийг гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан. Үүнд, ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн бол. Байгууллагын дотоод журамд ажлын байранд архидан согтуурах, ажлын байранд согтуу ирвэл ажлаас халах үндэслэл болохоор заасан. Л.Э нь 9 дүгээр сарын 23-ны өдөр ажлын цагаар согтууран, ажлын байранд хэрүүл маргаан үүсгэн, бага насны хүүхдүүдийн дэргэд зохисгүй байдал гаргаж, Ч.Дын эрх чөлөөнд халдсан ноцтой зөрчил гаргасан нь өөрийнх нь тайлбар, хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, цагдаагийн ажилтан Х.Бын илтгэх хуудас зэргээр нотлогдож байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ажлаас халах тушаалыг мэдэгдээгүй, тайлбар аваагүй, байгууллагын ёс зүйн хуралд биечлэн оролцуулаагүй гэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоно, мөн хуулийн 80.4-т хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалбал ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ гэж заасан. Энэ заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 ороогүй. Ажлаас халах, сахилгын шийтгэл оногдуулах талаар нэхэмжлэгчид 9 дүгээр сарын 23-ны өдөр утсаар мэдэгдсэн. Энэ асуудлыг байгууллагын ёс зүйн зөвлөлөөр хэлэлцэн зохих журмын дагуу Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлд заасны дагуу тушаалаа гаргасан. Засгийн газрын тушаал, боловсролын сайдын холбогдох заалтыг үндэслэл болгосон тушаал нь хуульд нийцсэн. Мөн Х.Бын илтгэх хуудас нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д хэргийн оролцогчоос өөрийн шаардлага, татгалзлаа үндэслэж байгаа хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсныг нотлох баримт гэнэ. Тухайн албан хаагч нь хэргийн газарт очиж шалгахад согтолтын зэрэгтэй гарсан. Үүний дагуу зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авсан. Тиймээс нотлох баримтын хэмжээнд үнэлэх хэрэгтэй гэж үзэж байна. Иймд ажлаас халсан нь үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж болох байсан. Тушаалыг хүчингүй болгуулах үндэслэлгүй. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Төв аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 308 дугаартай тодорхойлолт, Төв аймгийн ....... сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/20 дугаар тушаалын хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ (хх-3-8, 111-112);
6.Хариуцагчаас Төв аймгийн ....... сумын хүүхдийн цэцэрлэгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Төв аймгийн ....... сумын цэцэрлэгийн эрхлэгчээр томилсон тушаалууд, Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь Салбар зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Төсвийн шууд захирагчийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх тухай 09 дүгээр тушаал, мөн өдрийн Тогтоол хүргүүлэх тухай 29 дүгээр тушаал, Төв аймгийн ....... сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б.Сыг Цэцэрлэгийн эрхлэгчээр томилох тухай Б/05 дугаар тушаал, Төв аймгийн ....... сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Ёс зүйн зөвлөл байгуулах тухай А/01 дугаар тушаал, Н цэцэрлэгийн ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл, Хөдөлмөрийн гэрээ, ....... сумын Н цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журам, Төв аймгийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Аян зарлах тухай А/155 дугаар захирамж, Архигүй үлгэрлэе сэдэвт аяны удирдамж, ажилчдын фото зураг, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн үйл явдлыг гэрчлэх цэцэрлэгийн багш, ажилчдын гарын үсэг, утасны зурагнууд, Төв аймгийн Дэлгэрхаан сум дахь Цагдаагийн ахлагч Х.Бын илтгэх хуудас, Төв аймаг ....... сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Л.Эийг үүрэгт ажлаас нь халах тухай Б/20 дугаар тушаал, 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 0275983 дугаартай Шийтгэлийн хуудас, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ (хх-15-24, 31-57, 60, 85-96, 102-103, 107-108);
7.Шүүх хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр хэрэгт авагдсан 1 ширхэг СиДи-д хуулбарласан бичлэгт үзлэг хийж (хх-113-117) тэмдэглэлийг хэрэгт хавсаргав.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх Л.Эийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 2,496,282 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Л.Э, түүний өмгөөлөгч Л.М нь дараах байдлаар шаардах эрх, түүний хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон. Үүнд:
Төв аймгийн ....... сумын цэцэрлэгт 2008 онд туслах багшаар ажилд орж, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл тасралтгүй 15 жил ажилласан. Төв аймгийн ....... сумын эрхлэгч 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Б/20 дугаартай тушаал гарган, үүрэгт ажлаас чөлөөлсөн. ...Ажлаас чөлөөлсөн тушаалыг эх хувиар гардаж авахыг хүсэхэд эх хувиар өгөх боломжгүй, Засаг даргад танилцуулна гэх хариу өгсөн. Өмнө нь сахилгын зөрчил гаргаж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Энэ удаа ёс зүйн зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа. Ажлын байран дээр гаргасан зөрчилд шийтгэлийн хуудсаар 100,000 төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авагдсан. Ажлаас халагдсан шийдвэрт гомдолтой байгаа бөгөөд өөр сахилгын шийтгэл ногдуулах боломжтой байсан гэж үзэж байна. Сумын хөдөлмөр халамжийн ажилтан сумын маргаан таслах комисст хандах гэсэн боловч өнөөдрийг хүртэл маргаан таслах комисс байгуулагдаагүй байсан учир шүүхэд хандсан. Ажлаас халах тухай тушаалыг гаргахаас өмнө ажилтнаас тайлбар авах, ёс зүйн хурлаар хэлэлцүүлэхэд өөрийг нь оролцуулах ёстой байсан. Иймд ажил олгогч нь хуульд заасан журмыг зөрчиж тушаал гаргасан учир тушаалыг хүчингүй болгож, Л.Эийг туслах багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 2,496,282 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
3.Хариуцагчийн төлөөлөгч Б.С, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын эрх зүйн үндэслэлийг
тайлбарлахдаа:
2022 оны 9 дүгээр сарын 23-ны тухайн үйл явцын камерын бичлэг, утасны ярианы бичлэг, цагдаагийн төхөөрөмжөөр үлээлгэсэн баримт, гэрчийн мэдүүлгийг үндэслэн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байгууллагын Ёс зүйн зөвлөлөөр хэлэлцсэн. Боловсролын байгууллага тэр тусмаа бага насны хүүхдийн байгууллагад ажиллаж байгаа багш хүн ёс суртахуунтай, бусдад үлгэр жишээ байх ёстой байтал Л.Э багш нь удаа дараа ажлын байран дээр архи, согтууруулах ундаа хэрэглэж, бусдыг хэл амаар доромжилж байсан. Төв аймгийн Засаг даргын А/155 тоот захирамжаар Архигүй үлгэрлэе аяныг зарласан, Боловсрол шинжлэх ухааны яамнаас 2022 оныг Ёс зүйн жил болгон зарласан байтал Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм, Төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн тул хариуцлага тооцож ажлаас нь халсан нь үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь ёс зүйн зөрчил гаргасан нь цагдаагийн шийтгэлийн хуудас, цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас, ёс зүйн зөвлөлийн хурлын шийдвэрээр нотлогдсон. Хөдөлмөрийн хуулийн 80.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах шийдвэр гаргахад 80.4-т зааснаар ажил олгогчоос ажилтанд мэдэгдэх, тайлбар авах үүрэг хүлээхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь нягтлан үзэж, хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор үнэлсэн болно.
5.Ажил олгогч болох Төв аймгийн ....... сумын цэцэрлэг, түүнийг төлөөлөн эрхлэгч Б.С нь ажилтан Л.Эийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хамт олны хурлаар хэлэлцэн баталсан байгууллагын дотоод журмын 9.1.4.2, 9.1.4.8 дахь заалтыг тус тус үндэслэн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. (хх-15, 20-22, 107)
6.Нэхэмжлэгч Л.Э нь дээрх хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон албан тушаалтны шийдвэртэй холбоотой гомдлоо шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх боломжгүй болох нь Төв аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 308 дугаартай ...сумдаас хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулах, хорооны гишүүн, орлох гишүүнийг томилох нэрсийг ирүүлээгүй байна. Иймд суманд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй болно гэсэн албан бичгээр нотлогдож байна. (хх-7)
7.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т зааснаар эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээхийг хүссэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар албан тушаалтны шийдвэртэй холбоотой гомдлыг нэхэмжлэгч Л.Э нь хуулийн хугацаанд шүүхэд гаргажээ. (хх-1-2)
8.Нэхэмжлэгч Л.Э нь:
8.1.Л.Э, Төв аймгийн ....... сумын Н цэцэрлэгийг төлөөлөн эрхлэгч Б.С нар харилцан тохиролцож 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан 07 дугаартай хөдөлмөрийн гэрээ (хугацаагүй) (хх-31-34),
8.2.Төв аймгийн ....... сумын Н цэцэрлэгийн дотоод журам, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр журмыг танилцуулсан баримт (хх-35-53),
8.3. 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтаар Л.Эийн ....... цэцэрлэгт ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020-2022 оны тодорхойлолт (хх-5-6)
8.4.Ахлах бүлгийн туслах багш Л овогтой Э нь... хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосугай гэсэн Төв аймгийн ....... сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны Б/20 дугаартай тушаал (хх-107)
8.5.зохигч талуудын туслах багшаар 2008 оноос ажиллаж байгаа гэх тайлбараар Төв аймгийн ....... сумын хүүхдийн цэцэрлэгт туслах багшийн албан тушаалд ажиллаж байсан, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн болох нь нотлогдон тогтоогдож байна.
9.Нэхэмжлэгч Л.Э нь 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ёс зүйн зөрчил гаргасан, Ч.Дын эрх чөлөөнд халдсан болох нь:
-Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0275983 дугаартай Шийтгэлийн хуудас, (хх-108)
-2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сиди (CD)-д хуулбарласан бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх-113-114/
-нэхэмжлэгч Л.Эийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ёс зүйн зөрчил гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэх тайлбар,
-хариуцагчийн төлөөлөгчийн Л.Э багш хүүхдийн байгууллагад ажилладаг хүний хувьд ёс зүйн зөрчил гаргасан, бусдыг зодож танхайрсан, эрх чөлөөнд халдсан гэх тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.
10.Төв аймгийн ....... сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/20 дугаартай Л.Эийг үүрэгт ажлаас нь халах тухай тушаалаар: Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 3.1.4, 4.4 дэх заалт, БСШУСайдын 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн А/243 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт (Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм)-ийн 3.1.4, 4.3.1, 4.3.4, 5.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.4.2, 9.1.4.8 дахь заалтыг үндэслэн:
-Ахлах бүлгийн туслах багш Л овогтой Э нь 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр үдээс өмнө ажилдаа ирэхгүй, архи согтууруулах ундаа хэрэглэж ирээд бусдыг хэл амаар доромжилж, зодож танхайрсан, Бага насны хүүхдүүдийн дэргэд зүй бус үйлдэл гаргасан нь утасны бичлэг, камерын бичлэг, согтуурлын зэрэг нь цагдаагийн албан хаагчийн төхөөрөмжөөр илэрсэн зэрэг нотлох баримтыг үндэслэн Цэцэрлэгийн ёс зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, Л.Этэй холбогдох эд хөрөнгө болон санхүүгийн тооцоог хийж дуусгахыг нягтлан, нярав нарт даалгаж шийдвэрлэжээ. (хх-107)
11.Нэхэмжлэгч нь ажил тасалсан, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн ирсэн, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан зэрэг ёс зүйн зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй.
12. Харин дээрх гаргасан зөрчилд сахилгын өөр шийтгэл ногдуулж болох байхад хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэлийг ногдуулсанд гомдолтой, тушаалыг хуульд заасан журмыг зөрчиж гаргасан гэж, хариуцагч нь гаргасан зөрчилд тохирсон буюу ажлаас халах шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гаргасан, тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж тус тус маргаж байна.
13.Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд:
Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрт маргаж буй тул Л.Эийг ажлаас халах тухай тушаалд заасан хууль зүйн үндэслэл тус бүрийг авч үзвэл:
13.1. Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 3.1.4, 4.4 дэх заалтын тухайд:
13.1.1.Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийг баталсан. Тус журмын 3.1.4.а. албан тушаалын ....... эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгчтэй эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээг чирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх; 4.4. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь сахилгын болон захиргааны зөрчил, гэмт хэргийн шинжтэй бол холбогдох хуулийн дагуу хариуцлага ногдуулна гэсэн заалтыг ажил олгогч тушаалын үндэслэл болгожээ.
13.1.2. Уг дүрмийн 6.1-д Төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлаар эцэслэн дүгнэж, шийдвэр гаргах эрх бүхий Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөл төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын дэргэд ажиллана гэж зааснаар Төв аймгийн ....... сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/01 дугаартай тушаалаар Ёс зүйн зөвлөл-ийг 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан, бүрэлдэхүүнд Л.Э өөрөө орсон байна. Иймд ёс зүйн зөвлөлийн хуралдаанд нэхэмжлэгчийг биечлэн оролцуулахгүй хуралдсаныг буруутгах үндэслэлгүй юм.
13.1.3. Дүрмийн 6.3-т Ёс зүйн зөвлөл нь төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан тухай гомдол, мэдээллийг энэ дүрмийн 5 дахь хэсэгт заасны дагуу шалгаж ирүүлсэн танилцуулга, материалыг гишүүдийн ердийн олонхийн ирцтэй хуралдан хэлэлцэж, шалгалтын дүнг үндэслэлтэй гэж үзвэл зөрчлийн шинж байдлыг харгалзан, зөрчил гаргагчид энэ дүрмийн 4.2-т заасан хариуцлагыг хүлээлгэх тогтоол гаргана гэж, дүрмийн 4.2-т төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн төрийн албан хаагчид зөрчлийн шинж байдлыг харгалзан уучлал гуйхыг үүрэг болгох; сануулах ёс зүйн хариуцлага ногдуулах эрхтэй гэж заасан.
13.1.4. Хэрэгт авагдсан тэмдэглэлийг үзэхэд, цэцэрлэгийн эрхлэгчийн саналаар Л.Эийн гаргасан зөрчлийг ёс зүйн зөвлөлөөр хэлэлцсэн байх ба ёс зүйн зөрчилд холбогдогч Л.Э, зодуулсан этгээд Ч.Д нараас тайлбар аваагүй байх ба зөвлөлийн эрх хэмжээг хэтрүүлэн ажлаас халах шийдвэр гаргалаа гэсэн шийдвэрийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ажил олгогчийн буюу цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаас өмнө тэмдэглэл хэлбэрээр урьдчилан гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. (хх-24)
13.2. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмийн 3.1.4, 4.3.1, 4.3.4, 5.1 дэх заалтын тухайд:
13.2.1. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн А/243 дугаар тушаалаар "Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм" , "Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам"-ыг хоёрдугаар, "Гомдол, хүсэлт гаргах маягт"-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсан байна.
13.2.2.Энэ ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүйн зөрчил гаргасан талаарх асуудлыг шалгаж, хариуцлага хүлээлгэх үндэстэй эсэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг 7-9 хүний бүрэлдэхүүнтэй Засаг даргын дэргэдэх Ёс зүйн зөвлөл ажиллах ба түүний бүрэлдэхүүн, гомдол шийдвэрлэх журмыг сайдын тушаалаар нарийвчлан зохицуулсан байна.
13.2.3.Л.Эийг ажлаас халах тушаалын үндэслэлийн нэг болгосон энэ ёс зүйн дүрэмд зааснаар дүгнэлт гаргах үүрэг бүхий аймгийн Засаг даргын дэргэдэх Ёс зүйн зөвлөлд ажил олгогч, эсхүл ажилтан гомдол гаргасан, ёс зүйн зөрчлийг хэлэлцүүлсэн тухай баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар талууд мэтгэлцээгүй болно.
13.3.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.4.2, 9.1.4.8 дахь заалтын тухайд:
13.3.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч өөрийн санаачлагчаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар зохицуулсан ба мөн хуулийн 123.2-т Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна, мөн зүйлийн 123.2.5-д ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах гэж заасан.
13.3.2.Хөдөлмөрийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэлийг талууд харилцан тохиролцохоор заасан. Зохигчдын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан 07 дугаартай хөдөлмөрийн гэрээний 5.3-т Ажлын цагаар архи, согтууруулах ундаа хэрэглэх, танхайрах, шалтгаангүй 3 хоног ажил таслах гэх ноцтой зөрчлийг ажилтан гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэл болох ноцтой зөрчил-д тооцохоор талууд урьдчилан тохиролцсон болох нь ажил олгогчийн шүүхэд ирүүлсэн хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байна. (хх-34)
13.3.3.Цэцэрлэг нь хөдөлмөрийн дотоод журмыг багш ажиллагсдын хурлаар хэлэлцэн баталж, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Л.Эт танилцуулсан байна (хх-53). Уг дотоод журмын 9.1.4.2-т Ажлын байран дээр архи уусан, ажилдаа согтуу ирсэн, ажлын бус цагаар ажлын байранд согтуу ирж, ажил үймүүлсэн архидалт зохион байгуулсан, архи үнэртүүлсэн...бол; 9.1.4.8. Ажлын байранд зүй буй үйлдэл гаргасан, танхайрч хүн зодсон, хүний биед зүй бусаар хүрсэн, бусдад гэмтэл учруулсан, хулгай хийсэн, багшийн ёс зүйн дүрэм зөрчсөн нь эрх бүхий байгууллагаас албан шаардлага мэдэгдэл авсан, тогтоогдсон зэрэг зөрчил нь Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчилд тооцогдож, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д /ажлаас халах/ заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно гэж тус тус нарийвчлан зохицуулсан байх бөгөөд Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлд эд хөрөнгийн ....... хариуцлагын талаар зохицуулсан заалт байна.
13.3.4.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5.4-т Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ногдуулахдаа ажилтнаас тайлбар авч, ажилтны ажил хэргийн байдал, ур чадвар, туршлага, гаргасан зөрчлийн хор уршиг, гэм буруугийн санаатай ба болгоомжгүй хэлбэр, учруулсан хохирлын хэр хэмжээ, гарцаагүй байдал зэрэг сахилгын зөрчил үйлдсэн үйл баримт, шалтгаан нөхцөл байдлыг тал бүрээс нь ....... тогтоох зарчмыг баримтлах бөгөөд сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргахдаа харгалзан үзнэ гэж ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ногдуулахдаа ажилтнаас тайлбар авсан байх буюу сонсох ажиллагааг явуулсан байх хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
13.3.5.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд Б.С нь 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Л.Эийг ажлаас халах тухай утсаар мэдэгдсэн гэж тайлбарласан боловч тухайн үйл баримтыг нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргах үүргээ биелүүлээгүй болно.
13.4. 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Л.Эт зодуулсан, эрх чөлөөнд халдсан гэх Ч.Дын гомдлыг цагдаагийн байгууллагаас шалган тогтоож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0275983 дугаартай Шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгч Л.Эийн үйлдсэн зөрчилд торгох шийтгэл оногдуулсан байна. (хх-108)
Өөрөөр хэлбэл, Л.Эийг бусдын эрх чөлөөнд халдсан үйлдэлд Зөрчлийн тухай хуульд заасан журмаар торгуулийн арга хэмжээ авагдсан буюу тухайн зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тул уг зөрчилд давхар хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй юм.
13.5. Нэхэмжлэгчийн согтуурлын зэргийг тогтоосон тухай Төв аймгийн Дэлгэрхаан сум дахь цагдаа, цагдаагийн ахлагч Х.Бын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн илтгэх хуудсыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан шаардлага хангаагүй тул шүүх эргэлзээгүй, үнэн зөв баримт гэж үнэлэх боломжгүй байна. (хх-74)
13.6.Захиргааны санаачлагаар Л.Эийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох, ажлаас халах хүртэл сахилгын шийтгэл хүлээлгэх эрх ажил олгогчид хууль болон хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаар олгогдсон хэдий ч уг эрхээ хэрэгжүүлж, шийдвэр гаргахын өмнө ажилтантай уулзаж тайлбар авах, мэдэгдэх ажиллагааг хуульд зааснаар гүйцэтгээгүй тул хуульд нийцээгүй захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
13.7.Дээрх нөхцөлөөс дүгнэвэл ажил олгогчоос гаргасан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байж хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болно.
13.8.Иймд Төв аймгийн ....... сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/20 дугаартай тушаал нь илт хууль бус тул гарсан өдрөөсөө үйлчлэлгүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156.1.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй тул Л.Эийг Төв аймгийн ....... сумын хүүхдийн цэцэрлэгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
14.Ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах шаардлагын тухайд:
14.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж хуульд заасан.
14.2.Хөдөлмөрийн хуульд заасны дагуу ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлоход Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлана.
Тус журмын 1.7-д дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь ажилтны цалин хөлсний цэс, нягтлан бодох бүртгэлийн болон бусад данс, тооцоо байхаар зохицуулсан боловч ажил олгогчид хадгалагдах эдгээр баримтыг хариуцагч талаас шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.
14.3.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар Л.Эийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг шүүхэд гаргасан байх ба нийгмийн даатгалын шимтгэл төлж буй хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дүнд цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулан тооцохгүй байхаар зохицуулсан бүх төрлийн олговор, тэтгэмж, нөхөн төлбөр, хөнгөлөлтүүд тооцогдсон боловч шүүх санаачлагаараа тооцож хасах үндэслэлгүй байна.
Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар Л.Эийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого гэж тодорхойлон нийгмийн даатгалын шимтгэл ногдуулсан лавлагааг үндэслэн ажилтны цалин хөлсийг тооцсон болно.
14.4.Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно. 2.3.5-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор гэж журамласан.
14.5.Нэхэмжлэгч Л.Эийн шаардсан хугацаагаар буюу 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны олговрыг энэ шийдвэрт тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх журмын 2.3-т зааснаар нэг өдрийн дундаж цалинг ажилтны бүтэн ажилласан сүүлийн 3 сар буюу 6, 7, 8 дугаар сарын цалингаар тооцоход нийт 2,451,518.93 төгрөгийг цалин хөлсөд авчээ. Тухайн саруудад нийт ажлын 60 хоног байна. 2,451,519 төгрөгийг 60 хоногт хуваахад нэг өдрийн цалин 40,859 төгрөг болно.
Нэхэмжлэгч нь 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд буюу шийдвэр гаргах өдрийн байдлаар ажлын 69 өдөр ажилгүй байсан тул 40,858 х 69 = 2,819,271 төгрөг олгогдохоор байна.
14.6. Гэвч нэхэмжлэгч шүүх хуралдааны үеэр ажилгүй байсан 69 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 2,496,282 төгрөг гаргуулахаар шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэж 2,496,282 төгрөгийг хариуцагч Төв аймгийн ....... сумын хүүхдийн цэцэрлэгээс гаргуулж шийдвэрлэсэн болно.
15. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагын тухайд:
15.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах-ыг ажил олгогчид үүрэгт болгон заасан.
15.2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч ....... хариуцаж төлнө гэж заасан тул нэхэмжлэгч Л.Эийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй юм.
15.3. Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч хоёр тэнцүү хувь хэмжээгээр сар бүр төлөхөөр заасан тул нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлбэл зохино.
15.4.Иймд Л.Эийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох тайланг гаргаж, хуульд заасан журмын дагуу баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
16. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн 54,890 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Төв аймгийн ....... сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/20 дугаартай Л.Эийг үүрэгт ажлаас нь халах тухай тушаалыг хүчингүй болгож, Л.Эийг туслах багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч Төв аймгийн ....... сумын хүүхдийн цэцэрлэгээс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 2,496,282 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Эт олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Эийн ажилгүй байсан бүх хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу нөхөн төлж, тайлагнаж, баталгаажуулахыг хариуцагч Төв аймгийн ....... сумын хүүхдийн цэцэрлэгт даалгасугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Төв аймгийн ....... сумын хүүхдийн цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 54,890 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХ.......