Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2023/04356

 

2023 оны 12 сарын 20 өдөр Дугаар 183/ШШ2023/04356 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ** дүгээр хороо, Хос өргөө ** хотхон ** байрны *** тоотод оршин суух Ш овогт Н-ын Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул** дүүргийн ** дугаар хороо М гудамж, MSN буйлдинг 3 давхар 305 тоотод байрлах Т ХХК-д холбогдох,

Дундаж цалин хөлсөнд дутуу олгосон 9,352,748 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Г.Ангармаа нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б миний бие нь 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Т ХХК-д хүний нөөцийн менежер, ерөнхий менежер, дэд захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэсэн. Энэхүү хугацаанд ажиллахдаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ирсэн. Гэтэл 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ээлжийн амралтаа биеэр эдэлж дууссаны дараа ажилдаа ороход захирал н.Н болон түүний нөхөр н.Б, хуулийн зөвлөх н.М нар дэд захирлын албан тушаалыг ерөнхий менежер болгож н.Б гэх хүнийг томилно. Таныг ажиллуулахгүй, хамтарч ажиллахгүй та хүмүүст ээлжийн амралт, илүү цаг ажилласны цалин хөлс гэж хуулийн дагуу гэж олгуулснаас болж манай байгууллагын зардал өссөн ингэж ажиллах чинь таалагдахгүй байна гэж хэлээд ажлаас хална, та шүүхэдвэл шүүхэд, ялаад ирвэл хуулийн дагуу цалинг өгнө, эсхүл цалин хөлс, ажлаас халсны тэтгэмжийг тохиролцоод ажлаас халагдах хүсэлтээ өгөөд тохиролцое гэхээр нь би сүүлийн 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авъя гэхэд 3 сарын өгье гэхээр нь тохиролцон ажил олгогчийн шаардсаны дагуу өргөдлөө бичиж өгсөн. Ингээд тус компанийн зүгээс 2023 оны Б-229 дугаар тушаал гаргаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлан, иргэн надад сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсний тэтгэмж 20,100,000 төгрөгийг олгосон. Гэтэл дээрх тушаалын дагуу миний тэтгэмжийг ажил олгогч нь тооцож олгохдоо ажилтан миний 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ажилласан ээлжийн амралтын цалинг тооцож оруулахгүйгээр дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нийт тэтгэмж 29,452,748 төгрөг олгогдох байснаас 9,352,748 төгрөгийг өгөөгүй байна. Ингээд миний зүгээс ажил олгогчдоо 2023 оны 8 дугаар сарын 09-ны өдөр тус асуудлыг шийдвэрлүүлэхээр өргөдөл гаргаж өгсөн боловч шийдвэрлээгүй тул энэ талаарх гомдлыг Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан боловч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэсний дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Т ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б-229 тоот тушаалаар олгогдох ёстой байсан 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжээс дутуу олгогдсон 9,352,748 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Өмнө шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан талаарх байр сууриа дэмжинэ, Н.Б нь манай байгууллагын хөдөлмөрийн маргаан таслах комиссыг дуудахад ирэхгүй байсан. Ер нь бол нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 г бариад байгаа нь буруу бөгөөд энэ нь манай тохиолдолд хамаарахгүй. Учир нь Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.1.1 т дундаж цалин хөлсийг тооцохдоо нийт сарын тоонд хувааж тооцохоор заасан байх тул 12 сарын хугацаанд авч байсан 80,942,108 төгрөгийг ажилласан сард хуваахаар 6,745,175 төгрөг гарч байгаа ба үүнийг 3 сараар үржүүлэхээр шилжүүлсэн 20,100,000 төгрөгийг шилжүүлсэн тул одоо дахин мөнгө шилжүүлэх учиргүй. Энэ тушаалыг Н.Б өөрөө төлөвлөөд гаргасан уг нь бол хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 т зааснаар 1 сарыг ч өгч болох байсан ч 3 сарыг өгөхөөр тохиролцсон бүрэн өгсөн гэв.

3. Нэхэмжлэгчээс Т ХХК-ийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/224 дүгээр Н.Б-ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажилд авах тушаалын хуулбар, 2023 оны 08 дугаар сарын 09 ний өдрийн Н.Б-ийн тэтгэмж хүссэн өргөдөл, Т ХХК-ийн захирлын 2023 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн Б-229 дүгээр Н.Б-ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын хуулбар, 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Н.Б-ийн тэтгэмж хүссэн өргөдөл, 2023 оны 09 дүгээр сарын 11 ний өдрийн байгууллагын маргаан таслах комисст гаргасан гомдлын хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 23 ний өдрийн Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргасан гомдлын хуулбар, 2023 оны 11 дүгээр сарын 09ний өдрийн 113 дугаартай Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл зэргийг тус тус гаргаж өгсөн.

Хариуцагчаас 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 232 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахыг хүссэн хүсэлт , 2023 оны 11 дүгээр сарын 24 ний өдрийн 68 дугаартай Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн улсын байцаагчийн албан шаардлага, 2022 оны 08 дугаар сарын 15 ний өдрийн А/14 дугаартай Т ХХК-ийн захирлын комисс томилох тухай тушаалын хуулбар зэргийг тус тус гаргаж өгсөн.

Шүүх хариуцагчаас нэхэмжлэгчийн хүсэлтээр ээлжийн амралтын тооцооны хүснэгт, цалингийн цэс, 2023 оны 05 дугаар сарын 29 ний өдрийн Б/183 дугаартай ээлжийн амралт олгох тухай захирлын тушаал зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

                                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

5. Нэхэмжлэгч Н.Б нь ажил олгогч нь ажлаас гарах үеийн тэтгэмжийг дутуу олгосон тул 9,352,748 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие хөдөлмөрийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байсан ба ажил олгогч шаардсаны дагуу ажлаа өгөхөөр болж, харилцан тохиролцож 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авахаар болсон ч тэтгэмжийг тооцохдоо ээлжийн амралтын цалинг тооцохгүй алдаатай бодсон байсантай холбоотой зөрүү гарсан гэж тайлбарлажээ. 

Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: Байгууллагын хөдөлмөрийн маргаан таслах комисст урьдчилан шийдвэрлэх журмаар хандаагүй учраас шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дах заалт хамааралгүй, харин 82 дугаар зүйлийн 82.1.1 т зааснаар 1 сар ба түүнээс дээш тэтгэмж гэж зааснаар нэг сарыг олгох байсан ч 3 сарыг олгохоор шийдвэрлэсэн, 3 сарын дундаж цалин хөлсийг тооцохдоо нэхэмжлэгчийн ажилд ороод нийт авсан 80,942,108 төгрөгийн цалинг 12 сард хуваахаар 6,745,175 төгрөг болж байгаа, үүнийг 3 сараар бодохоор манайх бүтэн шилжүүлсэн, нэхэмжлэгчид бүрэн буюу 20,100,000 төгрөг шилжүүлсэн гэж маргажээ.

    6. Зохигчдын тайлбар, хэргээс шинжлэн судалсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

Нэхэмжлэгч Н.Б нь Т ХХК-ийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/224 дүгээр Н.Б-ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажилд авах тушаалаар дэд захирлаар ажиллаж байгаад Т ХХК-ийн захирлын 2023 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн Б-229 дүгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, ажилд томилсон тушаал, ажлаас чөлөөлсөн тушаалаар тогтоогдож байна. Талууд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон, ажлаас чөлөөлөх тушаалын 2 дах хэсэгт Н.Б-д дундаж цалин хөлснөөс тооцсон 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгохоор заасантай маргаагүй бөгөөд гагцхүү түүнийг хэрхэн тооцож олгох арга, аргачлал дээр маргадаг.

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэжээ. Хэдийгээр 2022 оны 08 дугаар сарын 15 ний өдрийн А/14 дугаартай Т ХХК-ийн захирлын комисс томилох тухай тушаалаар тухайн байгууллагад хөдөлмөрийн маргаан таслах комисс ажилладаг нь тогтоогдож байх боловч 2022 оны 02 дугаар сарын 10 ний өдрийн 05 дугаартай Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3.4 т аж ахуйн нэгж, байгууллагад комисстой боловч уг комиссоор хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх боломжгүй гэж гомдол гаргагч үзэж хороонд шууд гаргасан гомдлыг Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо авч хэлэлцээд тэмдэглэл гарсан байх тул шүүх урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн тэмдэглэлийг хүлээн авч шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 20 ний өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор гомдлоо гаргахаар заасантай нийцжээ.

8. Т ХХК-ийн захирлын 2023 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн Б-229 дүгээр Н.Б-ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.5,82 дугаар зүйлийн 82.1, 83 дугаар зүйлийн 83.1,83.3, Т ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 3.1, ажилтны өргөдөл хүсэлтийг тус тус үндэслэл болгожээ.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлд хөдөлмөрийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргаж болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд зохицуулжээ.

Хөдөлмөрийн тухай 80 дугаар зүйлийн 80.1.1-т аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн бол ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор зохицуулжээ. Талууд ажлаас халагдсан үйл явдал дээр маргаагүй бөгөөд тус тушаалын 2 дах хэсэгт Н.Б-д дундаж цалин хөлснөөс тооцсон 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгохоор талууд тохиролцсонтой маргадаггүй. Энэхүү цалин хөлсний тохиролцоо нь ч Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно, 82.1.1 -т  тухайн аж ахуйн нэгж, байгууллагад зургаан сараас хоёр жил хүртэл ажилласан бол нэг ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгох хуулийн заалттай зөрчилдөхгүй байна. Өөрөөр хэлбэл талууд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг авахаар тохиролцсоныг шүүх буруутгахгүй, энэ тохиролцоо ч дээрх хуулийн заалтуудын хүрээ хязгаарыг зөрчөөгүй байна.

Хариуцагч нь Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.1.1 т нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж гэх заалтыг татгалзлын үндэслэлээ болгож байх боловч тус журмын илүү нарийвчилсан  2.3 -т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно , 2.3.2 т Хөдөлмөрийн тухай хуулийн 80.5-д заасны дагуу ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаанд олгох олговор гэж тус тус зааснаар шүүх маргааныг шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иймээс Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т зааснаар шүүх нэхэмжлэгч Н.Б-ийн цалингийн дунджийг түүний хэрэгт авагдсан цалин хөлсний цэсийг үндэслэн гурван сарын дундаж болох нэг сарын цалингийн дундаж 9,817,570 төгрөг болох нь тогтоогдож байна. Улмаар 3 сартай тэнцэх хэмжээний цалин хөлс нь 29,452,710 төгрөг байх бөгөөд нэхэмжлэгч урьд 20,100,000 төгрөгийг шилжүүлэн авсныг хасаад үлдэх 9,352,710 төгрөгийг нэмж гаргуулах нь зүйтэй байна. Шүүх үлдэх 38 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 т Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан байх тул ажилтны цалингийн цэсийг үндэслэн 2023 оны 05 сард олгосон 6,382,643 төгрөг, 2023 оны 06 сард олгосон 5,855,701 төгрөг, 2023 оны 07 сард олгогдсон ээлжийн амралтын 9,209,966 төгрөгийг нэмж нэгтгээд гуравт хувааж гаргасан болно.

Иймд дутуу олгогдсон 9,352,710 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг шүүх хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 165,593 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 82 дугаар зүйлийн 82.1.1 т заасныг тус тус баримтлан хариуцагч Т ХХК-аас 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт дутуу олгогдсон 9,352,710  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Б-д олгож, үлдэх 38 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 165,593 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс төлөгдсөн 164,598 төгрөгийг улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             О.ЧУЛУУНЧИМЭГ