| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2026/0030/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/35 |
| Огноо | 2026-04-01 |
| Зүйл хэсэг | 20.15.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2026/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Ч,
Хохирогч Б.Ц,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г,
Шүүгдэгч Б,
Нарийн бичгийн дарга Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Д-д холбогдох эрүүгийн 2524001480007 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ...........оны ......... дугаар сарын ..........-ны өдөр ..........аймгийн Т........... суманд төрсөн, ........ настай, э...........эгтэй, ............. боловсролтой, б....... мэргэжилтэй, м......., ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт ...........аймгийн Т........ сумын О........ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ..........регистрийн дугаартай, Т........ овогт Б.....гийн Д......
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Д нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас тэжээж байсан 3 тооны нохой нь 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр З..... аймгийн Т..... сумын О..... багийн нутаг А гэх газарт хохирогч Б.Ц...... руу дайрч эрүүл мэндэд нь 2 бугалга, зүүн гуя, баруун өвдөг, баруун шилбэ, баруун шуу, зүүн хацарт хазагдсан шарх, баруун өвдөгний дотор жийргэвч мөгөөрс, урд чагтан холбоосны урагдал, баруун тахимны арын булчин, шөрмөсний урагдал, баруун шилбэний тахимны ар хэсгийн язарч урагдсан том шарх цэгцэлж гэмтсэн булчин шөрмөс эдийг цэгцэлж залган оёх, урсгуур тавих мэс засал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.Д-гийн холбогдсон гэмт хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20 дугаар бүлэгт заасан олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох:
1.1. Шүүгдэгч Б.Д нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас тэжээж байсан 3 тооны нохой нь 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр З..... аймгийн Т..... сумын О..... багийн нутаг А гэх газарт хохирогч Б.Ц...... руу дайрч эрүүл мэндэд нь 2 бугалга, зүүн гуя, баруун өвдөг, баруун шилбэ, баруун шуу, зүүн хацарт хазагдсан шарх, баруун өвдөгний дотор жийргэвч мөгөөрс, урд чагтан холбоосны урагдал, баруун тахимны арын булчин, шөрмөсний урагдал, баруун шилбэний тахимны ар хэсгийн язарч урагдсан том шарх цэгцэлж гэмтсэн булчин шөрмөс эдийг цэгцэлж залган оёх, урсгуур тавих мэс засал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:
Хохирогч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн “...2025 оны 08 дугаар сард ......... аймгийн Т........ сумын О.......... багийн А.......... гэх газарт манай өвөөгийнх зусаж байсан. 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Ё........ гэх айл гэр бүлээрээ хадландаа явсан. Тэгээд өдөр нь охин Э........ гэр рүүгээ гүү саалгахаар явуулсан. Би тухайн үед гэртээ унтаж байсан. Тэгэхэд Эмүжин манай гэрт ирээд манай эмээтэй уулзаад Ц............ эгчээр гүү саалгах гэсэн юмаа гэхээр нь манай эмээ танай гүүнүүд номхон биз дээ, нохойгоо хорьж чадах уу? гэхэд тэр охин манай нохой гайгүй ээ. Би нохойгоо хорьж чадна гэхээр нь эмээ намайг сэрээгээд Ё........... ахынхаа гүүг нь саагаад өг гэсэн. Тухайн үед .......... мотоциклтой ирсэн бөгөөд Э-ийн араар суугаад гэрийнхэн гадаа очсон. Би мотоциклоос буухаасаа өмнө Э-*гээс танай нохойнууд гайгүй юу гэхэд гайгүй, гайгүй гэхээр нь би мотоциклоос буусан. Тухайн үед тэр айлын нохойнууд нь бүгдээрээ сул гэрийнхээ ойролцоо байсан. Би мотоциклоос буугаад гэр рүү нь орох гээд гэрийн хаалганы хажууд очиход 3 нохой нь хүрээд ирсэн. Тэр үед Э миний хойноос ирээд миний хажууд зогссон. Тэгтэл гэнэтхэн 3 нохой нь зэрэг дайраад нэг нохой нь миний баруун талын хөлөөс хазаад татахаар нь би газарт унасан. Намайг газарт унасан байхад 3 нохой нь зэрэг дайраад миний биеийн энд тэндээс олон газраас хазаад тавиад хазаад зулгаагаад, чирээд байсан. Би нохойнд хазуулаад айсандаа зарим зүйлийг сайн санахгүй байна. Э намайг хориглоод нохойгоо болиулах гэсэн боловч нохойнууд нь мөн түүний гараас нь хазсан. Тухайн үед цаг 15 цаг өнгөрч байсан. Нохойнууд намайг хэсэг хазаж байгаад болихоор нь гэр рүү нь орсон. Э намайг хүргээд өгье гэхээр нь би нохойноос нь айгаад чадахгүй гэж хэлсэн. Тэгээд Э гэрийнхээ гадаа байсан машинаар намайг хүргэж өгсөн. Тухайн үед миний нохойнд хазуулсан бүх газраас цус их гарч байсан. Миний 2 гарын булчин, зүүн гуя, баруун өвдөгний тахим урд, хойноо, эрүү, шанаа хэсэгт нохойн шүд орсон. Тухайн үед сумын эрүүл мэндийн төв рүү дуудлага өгөөд Ц гэх эмч ирж үзээд анхан шатны тусламж үзүүлсэн. Энэ үед Ё ахын эхнэр Д, М-ын ахын эхнэр У нар ирчихсэн байх шиг байсан. Би сумын эрүүл мэндийн төв дээр очоод тэндээсээ аймгийн нэгдсэн эмнэлэг рүү хүргүүлээд аймгийн нэгдсэн эмнэлэгт 7 хоног хэвтэж хагалгаанд орсон. Дараа нь гэмтэл согог судлалын үндэсний төвд 8 хоног, Мөнгөн гүүр эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Намайг нохойнд хазуулж байхад Э-гээс өөр хүн байгаагүй. Нохойн эзэн буюу Ё, Д нараас өнөөдрийн байдлаар 3,000,000 гаруй төгрөг өгсөн байгаа. Би яг хэдэг төгрөг өгснийг мэдэхгүй байна. Манай ээж бүгдийн мэдэж байгаа. Намайг хазсан 3 нохой бол Ё гэх айлын нохойнууд байгаа. Миний мэдэхийн сүүлийн 2 жил ямар ч байсан тэр айлд байгаа. Тэдний нохойнуудыг хүн болон амьтан, машин техник рүү дайрдаг гэдгийг ойр хавийн айлууд бүгд мэддэг. Нохойгоо ер нь уядаг гэсэн. Гэхдээ би уясан байсныг нь хараагүй. Тэр 3 нохой нь нэг нь эм нөгөө хоёр нь эр нохой буюу хар үгээр хэлбэл ээж, аав, хүүхэд гурав гэсэн үг. Үүнийг Э надад эмнэлэгт хэвтэж байхдаа хэлж байсан. Ё ахынх 2 том нохойгоо бол олон жил тэжээж байгаа. Эмчилгээтэй холбоотой яг хэдэн төгрөг гарсныг би сайн мэдэхгүй байна. Бие биеэ таньдаг болохоор тухайн үед цагдаад өгөөгүй. Хоорондоо ярилцаж тохиролцохоор болсон. Тэгтэл тэр хүмүүс сүүлдээ тохиролцохгүй, цагдаа шүүхээрээ явъя гэхээр нь гомдол гаргасан. Миний зүгээс сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байна. Мөн тухайн үед С гэх компанид сарын 2,000,000 төгрөгийн цалинтай ажилдаг байсан. Би гэрээгээр 4-5 сар орчим ажиллаж байсан. Нохойнд хазуулж биедээ гэмтэл аваад ажлаасаа гарсан. Тухайн үед гэрээ дуусаад үндсэн ажилтнаар ажиллах гэж байсан. Тэгээд амралтаараа хөдөө амарч байсан. Би 8 сараас 11 сар хүртэл ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулж авна. Манай ээж намайг эмнэлэгт байхад 1 сар гаруй хугацаанд сахисан. Манай ээж Өмнөговь аймагт уурхайд ажилладаг байсан. Ээжийнхээ ажилгүй байсан 1 сарын цалинг гаргуулж авна...” гэсэн мэдүүлэг /хх 10-12/,
Насанд хүрээгүй гэрч Ё.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх өнгөрсөн намар буюу 2025 оны 08 дугаар сард З.... аймгийн Т...... сумын О..... багийн нутгийн толгойтын эх гэх газарт намаржиж байсан юм. Тухайн өдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр санагдаж байна өдрийг нь сайн санахгүй байна. Манай аав эрт босоод хадлан хадахаар явсан. Би ээжтэйгээ араас нь мориор явахдаа ээж уяатай байсан нохойгоо тавьсан. Хэсэг хугацаанд хадлан дээр байж байгаад би гүүгээ саахаар гэр лүүгээ явсан. Манай ээж хэлэхдээ саахалт айлын Ц эгчийгээ гуйгаад гүүгээ саалгачих гэхээр нь хажуу айлд очиж Ц эгчийг аваад гүүгээ саалгахаар гэртээ иртэл манай 3 нохой гэрийнхээ гадаа хэвтэж байсан. Бид хоёрыг очиход манай нохой над руу эрхлэх гээд иртэл Ц эгч манай нохойноос айгаад хошуу руу нь цохитол манай нохой Ц эгчийн хөл, гараас нь хазсан. Манай нохой Ц эгчийг хазаад намайг салгах гэж байхад баруун гар, баруун хөлөөс хазсан байсан. Манайх нохойгоо байнга уядаг. Манай нохой хүн хазах үед манай аав хадлан дээрээ байсан. Намайг хазсан нохой манай өөрийн нохой тул шинжээчид үзүүлэх шаардлага байхгүй. Нохойнд хазуулсны дараа шархалсан болон ямар нэг сорвигүй эдгэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх 32-33/,
Гэрч Д.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр манай хажуу талын айл болох Г.М, С.У нар нь хөдөө хадландаа явсан. Би охин Ц-тай хамт гэртээ үлдсэн. Манай охиныг унтаж байхад 15 цагийн үед саахалт айлын охин Э мотоциклтой ирээд аав, ээж хоёр хадлан дээр байгаа Ц эгчээр гүүгээ саалгах гэсэн юмаа гээд орж ирсэн. Тухайн үед манай охин унтаж байсан. Би Э-д танайх олон нохойтой нохойгоо хорьж чадах юм уу? чи гүүгээ татаж чадах юм уу? гэхэд чадна гээд манай охиныг дагуулаад явсан. Тэгээд 30 орчим минутын дараа Ё-гийн гэрийн гаднаас цагаан өнгийн машин манайх руу чиглээд ирж байсан. Би тухайн үед анзаараагүй гэртээ ороод байж байхад гадаа машин ирж зогсоод машинаас эмээ гээд манай охин сонин дуугарахаар нь гэрээс гарахад Э, Ц хоёр уйлчихсан, нүүр, гар нь цус болсон байхаар нь яасан юу болсон бэ? гэхэд Ё-гийн нохойнд хазуулсан гэсэн. Би охиныгоо машинаас арай гэж буулгаад Э-тэй хамт гэр рүүгээ оруулаад эрүүл мэндийн төв рүү дуудлага өгсөн. Манай охин шоконд ороод ухаан алдсан. Би мөн охин А руу залгаад охин чинь нохойд идүүлсэн, аймар болсон байна хурдан түргэн дуудаарай гэж хэлсэн. Тухайн үед манай охин цээж хэсгээрээ хар өнгийн малгайтай цамцтай, доогуypaa 2 давхар ноосон өмдтэй, хөлдөө усны гуталтай явсан. Би одоо цамц, өмд, фудволкийг нь авчирсан байгаа. Үүнийг нь хүлээлгэж өгье. Манай охиныг Ё гэх айлын 3 нохойн зэрэг дайрч хазсан гэсэн. Өмнөх жилүүдэд тэднийд 2 нохой л байдаг байсан. Энэ жил л гурван нохойтой болсон байсан. Нэг нь тэр хоёр том нохойноосоо гарсан гөлөг нь юм шиг байна лээ. Тэдний хажуугаар машинтай явж байхад л тэдний гурван нохой дайраад байдаг. Нохойгоо уядаг үгүйг нь бол мэдэхгүй. Манай охиныг хазуулснаас хойш 2 нохойгоо уядаг болсон байсан. Би тэр айлаар нээх ордоггүй болохоор мэдэхгүй. Е-гийн 3 нохой нь бас тэдний охиныг мөн хазсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 26-27/,
Гэрч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн үед манай ээж Ц над руу утсаар залгаад Б.Ц нохойд хазуулсан эмч дуудаарай, хурдан дуудаарай гээд манай ээж нэлээн айж сандарсан байдалтай хэлэхээр би тухайн үед сумын төв дээр байсан болохоороо сумын эрүүл мэндийн төв рүү дуудлага өгсөн. Миний өгсөн дуудлагын дагуу 103-ын эмч сумын төвөөс 20 орчим км зайтай байх манай ээжийн гэрт очоод манай охиныг авчирсан. Би эмнэлгийн гадаа хүлээж байгаад охиныгоо харахад манай охин ямар ч хөдөлгөөнгүй өмссөн хувцас нь цус болсон байдалтай юм ярьж чадахгүй өвдөлтийн шокийн байдалтай байсан. Ээж тухайн үед манай охинтой хамт хөдөөнөөс ирсэн. Би юу болсон талаар асуухад Ё-гийн охин нь гүү саагаад өгөөд гээд гуйгаад дагуулаад явсан. Тэгтэл Ё-гийн гэрийн гадаа очоод жижиг гэрээс нь юм авах гэж байхдаа тэдний 3 нохойнд хазуулсан гэж хэлсэн. Ё гэх айл 3 нохойтой, нохойнууд нь хүн мал руу дайрдаг аймар нохойтой гэдгийг ойр хавийн хүмүүс бол бүгд мэддэг. Тэдний нохой ер нь уяатай харагдаж дайраад байдаг. Тэр өдөр хадлангаа хийх гээд явсан болохоор гэрээ эзэнгүй гээд сулласан гэдэг. Миний мэдэхийн 2021 оны зун Ё-гийн гэрт очиход том үсэрхэг халтар нохой нь бол байсан нөгөө хоёр нь жижигхэн нохой байсан. Би тэдний нохой хүн рүү дайрдаг гэдгийг мэддэг болохоор гэрийн эзэнтэй орж гардаг байсан. Манай хүүхдийг хазсан нохой бол Ё-гийн өөрийнхөн нохойнууд байгаа юм. Ё-ийн хүүхэд Э нь хэлэхдээ манай охиныг хазсан нохой бол тэдний өөрийнхөн нохой бага нохой нь 2 том нохойныхоо дундаас нь гарсан гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр тэр нохой бол Ё-гийн өөрийнхөн хэдэн жил тэжээсэн нохойнууд байгаа юмаа. Манай охиныг нохойнд хазуулсны дараа Ё-гийн эхнэр Д бидний хариуцлагагүйгээс болоод ийм юм боллоо гэж хэлж байсан. Ё-гийн эхнэр л надтай харьцдаг байсан. Би охиныгоо хагалгаанд орсныд дараа Д*-тэй уулзаад энэ асуудлыг цагдаад мэдэгдэхгүй бол болохгүй юм байна. Одоо нэлээн зардал гарах юм шиг байна, гарсан хохирлоо шударгаар нь хуулийн дагуу шийдүүлээд явах уу? танайх ямар санаа бодолтой байна гэхэд мэдэхгүй байна, ямар ч байсан танай хүүхдийг эрүүл саруул болтол гарсан зардлыг нь бүрэн хариуцъя, цагдаад өгөөд дэмий байхаа гэсэн утгатай зүйл ярихаар нь таньдаг хүмүүс болохоор цагдаад мэдэгдээд яах вэ гэж бодсон. Тухайн үед нь тэдний зүгээс гарсан зардлыг аль болох ойлголцоод төлүүлсэн. Би өчигдөр тооцож үзэхэд 3,300,000 орчим төгрөгийн зардлыг тэдний талаас төлсөн байсан. Д нөхөр Ё-тайгаа хамт манай гэрт ирж уулзсан. Манай охиныг үзсэн эмч нар нь айдас ихтэй байгаа болохоор сэтгэл зүйчтэй уулзаж сэтгэл зүйн эмчилгээ хийлгэх шаардлагатай гээд бид нар тохиролцоод манай охиныг бие нь бүрэн эдгээд ажилд орох хүртэл сарын 2,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг, миний 1 сарын цалин 3,000,000 төгрөг гээд нийт 10.000.000 төгрөг дээр нь нэмээд гарах шарх сорви арилгахтай холбоотой зардлыг төлөхөөр болоод тохиролцоод цаас нь дээр гарын үсэг зураад 2025 оны 10 дугаар сард багтааж хохирлоо төлөхөөр болсон. Ингээд гарын үсэг зурсан цаасаа аваад нотариат орж баталгаажуулна гээд явсан. Ингээд 3 хоногийн дараа бид нар энэ мөнгийг төлөх шаардлага байхгүй юм байна. Төлөх үндэслэлгүй юм байна, ажил хийдэг нь үнэн ч юм уу? цагдаа хуулийн байгууллагаар явж шалгуулъя гэсэн. Тэгээд би охинтойгоо хамт цагдаа дээр очоод өргөдөл өгөөд шалгуулах болсон. Д миний хаан банкны ._...... гэсэн данс руу нийт 3.300.000 төгрөг шилжүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх 29-30/,
Гэрч М.Ё-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх З.... аймгийн Т...... сумын О..... багийнхаа нутаг дэвсгэрт өвөлжиж зусдаг. 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр манайх З..... аймгийн Т..... сумын О..... багийн А...... гэх газарт ганц гэрээрээ зусаж байсан. Манайхтай хамгийн ойрхон айл гэвэл Б....... гэх айл зусаж байсан. Манайх 3 нохойтой нэг нохойн нь гөлгөн нохой. Том 2 нохойгоо тэжээгээд 3-4 жил болж байна. Би 2025 оны 08 дугаар сарын 27-ны өглөө 09 цагийн үед хадлангаа хийх гээд Т-тэй сумын О..... багийн Ш...... гэх газар руу яваад манай эхнэр хүүхэд гэртээ үлдсэн. Манай 2 том нохой ер нь хүн рүү дайрах гээд байхаар нь би нохойнуудаа байнга уячихдаг. Тэр өглөө хадландаа явахдаа хоёр том нохойгоо уячхаад явсан. Намайг хадлангаа хийж байхад араас эхнэр хүүхэд ирсэн. Тэгээд 14-15 цагийн үед байх гүү саах цаг болоод эхнэр охин Э-ийг гэр рүү нь явуулаад Б ахынхаа гэрт очоод Ц..... эгчээрээ гүүгээ саалгачих гээд явуулсан. Би хадлангаа хийгээд эхнэр миний хадсан өвсийг бухалдаад байж байсан. Тэгтэл манай эхнэр рүү охин залгаад би өөрийнхөө нохойнд хазуулчихлаа гэж хэлэхээр нь би “өглөө нохойгоо уяад ирсэн ш дээ” гэхэд манай эхнэр Д би сая ирэхдээ гэр эзэнгүй болохоор нохойгоо тавиад ирсэн гэж хэлсэн. Удалгүй эхнэр яваад би орой нь хадлангаа хийж дуусаад гэртээ ирэхэд манай хүү Т байсан бөгөөд Ц эгчийг манай нохой хазсан байна. Тэгээд сумын төвийн эмнэлэг рүү аваад явсан байна. Мөн Э эгчийг бас нохойнууд хазсан байна гэж хэлсэн. Ерөнхийдөө ийм л зүйл болсон. Би тэр өдөр гэрээсээ гарахдаа нохойгоо уг нь уяад явсан. Харин манай эхнэр миний араас ирэхдээ нохойнуудаа сул тавьсан байсан. Ц*-йг хазсан гэх гурван нохой бол манай өөрийн тэжээвэр нохойнууд байгаа юмаа. Жил бүрийн мал тооллогын үеэр малаа бүртгүүлдэг боловч нохойг маань бүртгэж байгаагүй. Ц-ийг хазсан гэх гурван нохой өнөөдрийг хүртэл манайх тэжээж байгаа. Манай гэр бүлийн зүгээс Ц гэх эмэгтэйн эмчилгээний зардалд 4.000.000 гаруй төгрөгийг өгч тусалж дэмжсэн байгаа... Миний албан ёсны нэр бол М.Ё. Нутгийн хүмүүс янз бүрээр дуудаад байдаг. Ихэвчлэн Ё, Ё. гээд дуудаад байдаг. Бидний зүгээс бол манай 3 нохой бусдыг гэмтээсэн үйлдэлд ямар нэгэн маргаан бол байхгүй. Гарсан зардлыг нь барагдуулсан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 37-38/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ЕГ0725/13263 дугаартай “...Б.Ц-ийн биед 2 бугалга, зүүн гуя, баруун өвдөг, баруун шилбэ, баруун шуу, зүүн хацарт хазагдсан шарх, баруун өвдөгний дотор жийргэвч мөгөөрс, урд чагтан холбоосын урагдал, баруун тахимны арын булчин, шөрмөсний урагдал, баруун шилбэний тахимны ар хэсгийн язарч урагдсан том шархыг цэгцэлж гэмтсэн булчин шөрмөс эдийг цэгцэлж залган оёх, урсгуур тавих мэс засал /2025.08.28/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн хазагдах үйлчлэлээр, гэмтэл учирсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /хх 59-62/,
Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ЗАВ/0125/046 дугаартай “...Б.Ц*аас гаргаж өгсөн хар өнгийн малгайтай ноосон цамц, хар өнгийн ноосон өмд, ягаан өнгийн ноосон дотуур өмдөнд үүссэн гэмтлүүд нь шинэ урагдалт, цооролтууд байна. Б.Ц*аас гаргаж өгсөн хар өнгийн малгайтай ноосон цамц, хар өнгийн ноосон өмд, ягаан өнгийн ноосон дотуур өмд шинээр үүссэн урагдалт татах чангаах, цооролт нь хурц үзүүртэй зүйлээр хатгаж гогдож татах зүйлийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн цооролтууд байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх 68-71/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 4/ тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
1.2. Мөн шүүгдэгч Б.Д*гийн: “...2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр манай гэр эзэнгүй болохоор нь би уяатай байсан 3 нохойгоор уяанаас нь тавиад хадлан хийх газар руу явсан. Тэгээд хадлан дээр бухал хийж байгаад 14 цаг өнгөрч байхад манай Э-г урд айлын хүүхдийг гуйгаад гүүнүүдээ саалгачих гээд явуулсан. Тэгтэл 15 цагийн үед манай охин уйлчих хадлан буцаад ирэхээр нь яасан юу болсон бэ гэхэд Ц эгчийг манай нохойнууд хазчихлаа, намайг бас хазсан гэсэн. Тэгсэн манай охин очоод мотоциклтой урд байдаг айлын Ц*ийг аваад гэртээ очсон чинь манай 3 нохой дайраад урсан байсан. Тэгээд Ц-ийн гэрт очиход Ц шоконд орсон байдалтай 2 хөл, 2 гарын шуу, нүүрийг нь самардсан байдалтай байсан....” гэсэн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж байх бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Б.Д-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.
Мөн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт ”Иргэн бүр ...аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж баталгаажуулжээ.
Орчиндоо аюул учруулж болох амьтан гэдэгт зохих хамгаалалтгүй орхисон нөхцөлд хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах аюултай гэрийн тэжээвэр амьтан болох нохой, муур болон гаршуулсан зэрлэг амьтадыг хамааруулан ойлгодог.
Зохих хамгаалалт гэдэгт тор, хүзүүвч, уяа, хашаа, хороо, хошуувч зэрэг эд зүйлсийг хэрэглэх шаардлагыг ойлгох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объектив тал нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан гэм буруутай эс үйлдэхүй байдаг ба энэ эс үйлдэхүйн улмаас амьтан нь бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байхыг шаарддаг байна.
Шүүгдэгч Б.Д нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас тэжээж байсан 3 тооны нохой нь 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр З..... аймгийн Т..... сумын О..... багийн нутаг А гэх газарт хохирогч Б.Ц...... руу дайрч эрүүл мэндэд нь 2 бугалга, зүүн гуя, баруун өвдөг, баруун шилбэ, баруун шуу, зүүн хацарт хазагдсан шарх, баруун өвдөгний дотор жийргэвч мөгөөрс, урд чагтан холбоосны урагдал, баруун тахимны арын булчин, шөрмөсний урагдал, баруун шилбэний тахимны ар хэсгийн язарч урагдсан том шарх цэгцэлж гэмтсэн булчин шөрмөс эдийг цэгцэлж залган оёх, урсгуур тавих мэс засал бүхий хүндэвтэр хохирол учруулсан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Д-гийн орчиндоо аюултай амьтан болох 3 тооны нохойг зохих хамгаалалтгүй буюу уяагүй орхисон эс үйлдэхүйн улмаас тэдгээр нохойнууд нь хохирогч Б.Ц-ийг хазаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Б.Д-*гийн эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Д-гийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч М.Г нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Д-гийн орчиндоо аюултай амьтан болох 3 тооны нохойг уяагүй эс үйлдэхүйн улмаас тэдгээр нохойнууд нь хохирогч Б.Ц*-ийг хазаж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн “Б.Ц-ийн биед 2 бугалга, зүүн гуя, баруун өвдөг, баруун шилбэ, баруун шуу, зүүн хацарт хазагдсан шарх, баруун өвдөгний дотор жийргэвч мөгөөрс, урд чагтан холбоосын урагдал, баруун тахимны арын булчин, шөрмөсний урагдал, баруун шилбэний тахимны ар хэсгийн язарч урагдсан том шархыг цэгцэлж гэмтсэн булчин шөрмөс эдийг цэгцэлж залган оёх, урсгуур тавих мэс засал /2025.08.28/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн хазагдах үйлчлэлээр, гэмтэл учирсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон байна.
4.1. Шүүгдэгч Б.Д нь хохирогчид эмчилгээний зардалд 3,892,000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч энэ талаар маргаагүй болно.
4.2. Хохирогч Б.Ц нь “...нохойд хазуулснаас болж ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан тул ажилгүй байсан 3 сарын хугацаанд сарын 2,000,000 төгрөгөөр тооцож 6,000,000 төгрөг, ээж намайг эмнэлэгт хэвтэхэд сахиж, эмнэлгээр авч явсан учраас ажлаасаа чөлөөл авсан тул ээжийн цалин 4,000,000 төгрөг гаргуулмаар байна...” гэсэн хүсэлтийг гаргажээ.
Хохирогч хүсэлтийн хамт “С.....” ХХК-тай 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр арга хэмжээний менежерийн албан тушаалд 2 сая төгрөгийн цалинтай туршилтын 3 сарын хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг тус тус ирүүлсэн байх боловч хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан талаарх цагийн бүртгэл, хэдэн төгрөгийн цалин авдаг байсан эсэх, нийгмийн даатгал төлсөн эсэх, мөн 2025 оны 08 дугаар сарын 27-нд чөлөөтэй эсхүл ажлаас гарсан эсэх, туршилтын хугацаа дууссан эсэх талаарх баримтуудыг ирүүлээгүй байх тул хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин 6,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэх боломжгүй байна.
Мөн хохирогч Б.Ц нь Б.А нь намайг эмнэлэгт хэвтэхэд сахиж, эмнэлгээр авч явсан учраас ажлаасаа чөлөө авсан тул ээжийн цалин 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж. М...........ХХК-ний 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 6/25 дугаартай цалингүй чөлөө олгох тухай тушаал, тодорхойлолтыг тус тус ирүүлсэн байх боловч ажлын цагийн бүртгэл, хэдэн төгрөгийн цалин авдаг байсан эсэх, нийгмийн даатгал төлдөг эсэх талаарх баримтуудыг ирүүлээгүй байх тул хохирогчийн ээж Б.А-гийн ажилгүй байсан хугацааны цалин 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэх боломжгүй байна
Түүнчлэн хохирогч Б.Ц нь сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа боловч энэ талаарх баримтыг ирүүлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, ...болно” гэж заажээ.
Иймд хохирогч Б.Ц-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийт 10,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүйгээр орхиж, мөн цаашид гаргах эмчилгээний зардлын хамт нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч *******холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
4.3. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, мөн хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гаргуулна” гэж заажээ.
Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгч Д.Ц..... нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ц-......ийн Эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгэгдсэнээр нийт 1,624,115 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсныг нэхэмжилсэн боловч энэ талаарх баримтуудыг нотлох баримтаар ирүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл хохирогч Б.Ц*-ийн эмнэлэгт хандсан байдал нь шүүгдэгч Б.Д*гийн үйлдэлтэй холбоотой эсэх нь тодорхойгүй буюу энэ талаарх нотлох баримтуудыг ирүүлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, ...болно” гэж заасны дагуу иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч Б.Д-д холбогдуулан иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Д бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдав.
5. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д- оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор төлөхөөр тогтоож, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.
6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т....... овогт Б-гийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Ц-ийн ажилгүй байсан хугацааны цалин нийт 10,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүйгээр орхиж, цаашид гаргах эмчилгээний зардлын хамт нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Д*-д холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн 1,624,115 төгрөг гаргуулах хүсэлтийг хэлэлцүүлэхгүйгээр орхиж иргэний журмаар шүүгдэгч Б.Д-д холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ