Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 0009

 

 

 

 

 

 

 

 

Ц.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

  Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

    Прокурор                                                     Ц.И

 Нарийн бичгийн дарга                            Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 275 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлээр шүүгдэгч Ц.Мд холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А овогт Ц-ны М,

Ц.М нь 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр          аймгийн          сумын           тоот гэртээ эхнэр Ц.Ө-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Ц.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А овогт Ц-ны М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 сарын хугацаанд шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж,

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 

   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:

“ ... Хохирогч Ц.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... ” гэсэн мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан нотлох баримтын хуулийн шаардлагад нийцэж байгаа ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх гэх нөхцөл байдлыг хангасан, яллагдагч Ц.М нь бусдад төлөх төлбөргүйг нотолж байгаа хэлбэр юм. Гэтэл шүүх “...Эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө яллагдагч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргасан тохиолдолд хүсэлтдээ хохирлоо нөхөн төлсөн баримт, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баталгааг хавсаргасан байх ёстой байтал талууд эвлэрэх тухай хүсэлт гаргаагүй, яллагдагч хохирогч нар нь эвлэрсэн гэх боловч энэ тухай баримт хэрэгт авагдаагүй зэргээр эргэлзээ бүхий нөхцөл байдлууд байсан тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх, улмаар ялаас чөлөөлөх боломжгүй, мөн хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзээд хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно ... ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Мөн шийтгэх тогтоолд хохирогч Ц.Өн мэдүүлгийг шинжлэн судалж хэргийг шийдвэрлэх үндэслэл болгосон атлаа “... надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэснийг анхаарч үзэлгүй Эрүүгийн хуульд заасан торгох ял шийтгэсэн нь үндэслэлгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.И дүгнэлтдээ: “... Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос А овогт Ц-ны М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Мд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэж, түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсныг эс зөвшөөрч дээд шатны прокурор Л.Б эсэргүүцэл гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

 Гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.4 дүгээр зүйлийн 2, 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан, мөн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон гэж үзсэн тохиолдолд прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагааг хийж хэргийг даруй шилжүүлнэ.

 

Шүүх тухайн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хуульд заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулах бөгөөд анхан шатны шүүх энэхүү журмын дагуу Ц.Мд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хийхээр тогтоож, уг өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн атлаа шүүгч хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх тухай захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасныг зөрчсөн байна.

 

Тодруулбал: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан шүүгдэгч уг хүсэлтээсээ татгалзсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргах юм.

 

Гэтэл анхан шатны шүүх “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчмыг баримтлан Ц.Мд холбогдох хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэж хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр тогтоож, яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дахин хийхээр товлон зарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

 

Түүнээс гадна анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ц.Ө нь “Миний бие нөхөр Ц.Мтэй учир зүйгээ олж одоо хамт амьдарч байна. Миний зүгээс цаашид ямар нэг гомдол санал, хүсэлт байхгүй учраас гаргасан гомдлыг зохих журмын дагуу хялбаршуулж, ялаас чөлөөлж өгч шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан /хх 133, 123/, шүүгдэгч Ц.М нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ... хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг өгсөн /хх 136/ байхад анхан шатны шүүх “...талууд эвлэрэх тухай хүсэлт гаргаагүй, яллагдагч, хохирогч нар эвлэрсэн гэх боловч энэ тухай баримт хэрэгт авагдаагүй зэргээр эргэлзээ бүхий нөхцөл байдлууд байсан ...” гэж дүгнэж, шүүгдэгч Ц.Мд эрүүгийн хариуцлага оногдуулсан  нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Мөн шүүх 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хийсэн шүүх хуралдаанаар “ ... Шударга ёсны зарчмыг баримтлан Ц.Мд холбогдох хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэж хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр тогтоосон атлаа 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хийсэн шүүх хуралдаанаар “... эргэлзээ бүхий дээрх нөхцөл байдал үүссэн...” гэж өөр өөрөөр дүгнэсэн нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзлээ.

 

Иймд энэ талаар гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

               ШҮҮГЧИД                                                     М.ХҮРЭЛБААТАР

                                                                                                С.УРАНЧИМЭГ