| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 320/2026/0113/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/168 |
| Огноо | 2026-04-13 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Даваахүү |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2026/ШЦТ/168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хулан,
Улсын яллагч Б.Даваахүү,
Хохирогч Б.М ,түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр,
Шүүгдэгч Д.П, түүний өмгөөлөгч Э.Ууганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-ийн П-д холбогдох эрүүгийн 2438000110574 дугаартай хэргийг 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овогтой Д-ийн П , 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Галт сумын …………… дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РЕ........................дугаартай.
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Д.П нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Үхэр чулууны бэл” гэх газар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Б.М ын унаж явсан Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж зам тээврийн осол гарган улмаар хохирогч Б.М ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд.
Улсын яллагч хавтаст хэргээс: 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 443 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтыг шинжлэн судлав.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр хавтаст хэргээс: Судлах баримт улсын яллагчийн судалсан баримтуудад давхцаж байна гээд насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан гэмтлийн зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ууганбаяр хавтаст хэргээс: Хэргийн 34-38-р тал, 43-р тал, 45-р тал, 124-126-р тал, 131-132-р талд авагдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.М хавтаст хэргээс: Судлах баримтгүй гэв.
Шүүгдэгч Д.П хавтаст хэргээс: Судлах баримт байхгүй гэв.
Хоёр. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтууд.
2.1.Шүүгдэгч Д.П шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:
“…Осол болох тухайн өдөр би дүүтэйгээ хамт явж байсан. Урдах зам харагдаад, харанхуй болоогүй байсан. Би хэдий өөдөөс мотоцикль явж байгааг мэдсэн ч зогсож чадаагүй. Гэм буруу дээр маргахгүй, хохирогч нь 30,000,000 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа. Үүнээс арай багасгаж өгмөөр байна…” гэв (шүүх хуралдааны тэмдэглэл),
2.2.Хохирогч Б.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын “Мухар” гэх газраас сумын төв орох гээд явж байтал урдаас гэнэт мотоцикль орж ирээд зогсолгүй зүүн гар талаас ирж мөргөсөн. Үүнээс хойш 3 хоногийн дараа аймагт ухаан орж, сэрсэн.
Онгоцоор Улаанбаатар хотын эмнэлэгт хүргэгдсэн. Энэ ослоос болж миний зүүн нүд хараагүй болсон. Би спортоор хичээллэдэг байсан боловч одоо дасгал хөдөлгөөн, хүнд хүчир ажил хийх боломжгүй болсон, гомдолтой байна. Хэрэг гарснаас хойш 3 жил болох гэж байхад шүүгдэгч талаас нэг ч төгрөгний хохирол төлөөгүй. Эмчилгээний зардалд 30,000,000 төгрөг орсон. Баримтаа нэг бүрчлэн цуглуулж чадаагүй, байгаа баримтаа сая гаргаж өглөө. Сэтгэл санааны хохиролд 15,180,000 төгрөг, эмчилгээний зардалд 5,249,000 төгрөг нэхэмжилж байна. Мөн цаашид нүдний хараа салгах, болор суулгах эмчилгээ хийлгэнэ. Үүнд гаргах зардлыг Д.П-оос нэхэмжилнэ. Цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
Гурав.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт авагдсан нотлох баримтууд.
3.1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 29-31 дүгээр тал),
3.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 32-35 дугаар тал)
3.3. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 36-38 дугаар тал),
3.4. Эрх бүхий албан тушаалтны “Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай” тэмдэглэл (хх-ийн 39-40 дүгээр тал)
3.5. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 42-45 дугаар тал),
3.6. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх- ийн 46-50 дугаар тал),
3.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.М ын хохирогчоор өгсөн:
“…Би 2023 оны 10 дугаар сарын 13-ны орой гэрээсээ мотоцикльтой гараад 1 км орчим газар явж байхад урдаас ирж явсан мотоцикльтой хүүхэд миний зүүн талаас давхиж ирээд мөргөсөн. Тэгээд би нэг мэдсэн аймгийн нэгдсэн эмнэлэгт сэрсэн. Энэ асуудлаас болоод миний зүүн нүд юм харахгүй, сохорсон. Би хэн нь буруутайг шалгуулах гэж цагдаагийн байгууллагад хандах болсон. Би гэрээсээ гараад сумын төв орох гээд явж байсан чинь сумын төвөөс гарч явсан гэрэлгүй мотоцикльтой хүүхэд миний зүүн талаас ирээд мөргөчихсөн. Уг нь би тэр мотоцикльтой хүнд зам тавьж өгөөд бараг замаас гарчихсан явж байсан чинь аймар хурдан давхиж ирээд намайг мөргөчихсөн. Тэгээд би тэрнээс цааш юу болсон талаар сайн мэдэхгүй санахгүй байна, дараа нь хүн амьтнаас сонсоход унаж явсан мотоциклийнх нь дугуй нь хагараад хий нь гарч дуусахаас өмнө гэртээ харих гээд хурдан давхиж явсан гэж сонссон. Тэгээд ч тэр хүүхэд ямар ч тоормосгүй мотоцикль унаж явсан, ямар ч хурдаа сааруулах үйлдэл хийгээгүй, миний зүүн хажуу талаас ирээд мөргөчихсөн. Эрүүл мэндэд учирсан хохирол болон сэтгэл санаанд учирсан хохирлоо нэхэмжилж байна. Өнөөдрийн байдлаар эмчилгээний зардалд 30,000,000 төгрөг зарцуулсан байгаа. Ослын улмаас зүүн нүд бүрэн хараагүй болсон. Гэмтэл авснаас болж хөдөлмөрийн чадвар алдаж өмнө хийж чаддаг байсан ажлаа одоо хийж чадахгүй байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 51-57, 74-77 дугаар тал),
3.8.Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.М-ийн иргэний хариуцагчаар өгсөн: "...2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр манай хүү Д.П мотоцикль унаж явж байгаад айлын хүүхэд болох М-тай, хоорондоо мөргөлдөж хоёр хүүхэд хоёулаа биедээ гэмтэл авсан, хүлээн зөвшөөрдөг, би гэртээ бага хүүхдээ хардаг байсан болохоор дүүгээ тосоод ир гээд мотоцикль унуулаад явуулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 78-81 дүгээр тал),
3.9.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Т-ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б овогтой М /РД:……………/ нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс хойш нийт 420,256 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авсан нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009000200800 дугаартай дансанд нөхөн төлүүлж өгнө үү...” гэх нэхэмжлэл (хх-ийн 82-87 дугаар тал),
3.10.Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 19 дугаартай: “...Б.М-ын биед чамархай яс, зүүн нүдний ухархай, нүүрний зүүн хэсэг, эрүүний ясны хугарал, хатуу хальс дээрх цус хуралт, тархи доргилт, нүүр зулайн хуйханд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Б.М-ын биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1 3-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 88-99 дүгээр тал),
3.11.Шинжээч Т.Түвшинбаатар, С.Бямбасүрэн, Я.Соронзонболд нарын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 46-159/398 дугаартай: "...Жолооч Д.П, Б.М нарын жолоодож явсан Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн эзэмшигч нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д 'Жолоочид дараах зүйлийг хориглоно: 6/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...хүнд жолоогоо шилжүүлэх..." гэснийг, Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Д.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А, В, 11.1 дэх заалтыг, Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А, В дэх заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газарт хэмжилт хийсэн бүдүүвч зураг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, хэрэг гарсан гэх "А" цэг болон 2,3,5-ын тоогоор тэмдэглэсэн эд зүйлийн байрлал, тээврийн хэрэгслүүдийн явсан чиглэл /улаан болон хөх өнгөөр тэмдэглэсэн сум/, замын өргөн, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, нас тоолсон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудтай танилцахад Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Д.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй,...тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох", мөн дүрмийн 11.1-д "Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.6, 5.11 а, 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно" гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудтай танилцахад Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй,...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй,...тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох" гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Д.П Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А, 11.1 дэх заалтыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” гэх дүгнэлт (хх-ийн 115-131 дүгээр тал),
12. Нас тоолсон тухай тэмдэглэл (хх-ийн 132-133 дугаар тал),
13.Дархан-уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ДАР086/65 дугаартай: “...хохирогч Б.М-ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинж илэрснийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна...” гэх дүгнэлт (хх-ийн 132-133 дугаар тал),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, мөрдөгчийн нас тоолсон тухай тэмдэглэл (хх-ийн 133, 144, 145-р хуудас) зэрэг болно.
Дөрөв. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.
4.1.Талуудын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Даваахүү би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйл, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Д-ийн П-д холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Д.П нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр мотоцикль жолоодож замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хохирогчийн унаж явсан мотоцикльтой мөргөлдөн осол гаргаж хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдлоо. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа тул гэм буруутайд тооцуулах саналтай байна.
Хохирогч Б.М нь эмчилгээний зардалд 20,429,000 төгрөг нэхэмжилж, нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгч байх тул шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хохирлыг тооцон тогтоож шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Хохирогч нь цаашид гарах хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчдийн ДАР/0826/65 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.М-ын сэтгэцэд учирсан хор уршиг “гуравдугаар зэрэглэл” тогтоогдсон тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 18 дахин нэмэгдүүлж буюу 9,900,000 төгрөгийг шүүгдэгч Д.Поос гаргуулан олгуулах гэсэн дүгнэлт гаргаж байна...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх саналдаа: “...Хохирогч нь бие махбодь болон сэтгэл санаагаар маш их хохирсон. Энэ хэрэг маргаан удааширч шийдвэрлэгдэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримт, шинжээчийн дүгнэлтээс харахад энэ хэргээс болж 18 настай хүүхэд хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан, нэг нүд хараагүй болсон байгаа нь харамсалтай. Улсын яллагч хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг дундажлан шүүгдэгчээс гаргуулах санал хэлж байна.
Хохирогчийн хувьд 18 настай хүүхэд, хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдаж, нэг нүд хараагүй болсон, үүнээс үүдэлтэй сэтгэлзүйн байдал маш хүнд байгаа. Үүнийг мөнгөн дүнгээр хэмжих, ярих боломжгүй. Иймд сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэлийн дээд хэмжээгээр тооцож шүүгдэгчээс гаргуулж өгнө үү. Мөн цаашид нүдэндээ эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул гарсан зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгөхийг хүсэж байна. Уг хэрэг гарснаас хойш 3 жилийн хугацаанд шүүгдэгч талаас хохирогчтой уулзаж, уучлалт гуйсан, хохирлоос тодорхой хэмжээний хохирол нөхөн төлсөн зүйл огт байхгүй. Миний үйлчүүлэгч нь энэ хугацаанд гарсан эмчилгээний зардлын баримтуудаа бүгдийг нь цуглуулж чадаагүй, байгаа баримтаа сая хурал дээр гаргаж өгсөн. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх байх. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой асуудал нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах нөхцөл байдал болохоос биш хохирол төлбөр төлөхөд хамаарахгүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх саналдаа: “...Шүүгдэгч талаас гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй. Д.П нь өөрийгөө илэрхийлэх байдал муу байгаа нь хурал дээр харагдаж байгаа. Тэрээр үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаагаа надад хэлсэн. Үүнийг дамжуулмаар байна. Хохирол төлөөгүй удсан асуудлын тухайд шинжээчийн гаргасан эхний дүгнэлт хоёр талын хоёулангийнх нь буруу гэж гарсан. Үүнийг тодруулж, шалгуулах гэж хугацаа нилээн орсон. Шүүгдэгчийн аав хорт хавдар туссан, эмнэлэгээр явсаар хохирлын асуудлыг шийдэж чадаагүй. Сэтгэцэд учирсан хохиролд хохирогч тал 15,180,000 төгрөг нэхэмжилнэ гэж байгаа боловч 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг байсан. Хэдийгээр 2023 оны 10 сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоож, 660,000 төгрөг болсон боловч хэрэгжиж эхлэх хугацаа 2024 оны 01 дүгээр сар байгаа. Шинжээч хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 3 дугаар зэрэглэл гэж дүгнэсэн. Хэрэг болох үед миний үйлчлүүлэгч 18 насанд хүрээгүй байсан бөгөөд уг гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдэгдсэн байдаг.
Насанд хүрээгүй байсан нөхцөл байдал, ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэргийг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг 3 дугаар зэрэглэлийн хамгийн багаар тооцож өгнө үү. Мөн эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болон хохирогчийн эмчилгээний зардлыг шүүхийн тогтоосон хэмжээгээр төлнө...” гэв.
Шүүгдэгч Д.П болон түүний өмгөөлөгч нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.
4.2. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал:
Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн хуульд заасан зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Д.П нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Үхэр чулууны бэл” гэх газар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Б.М-ын унаж явсан Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж зам тээврийн осол гарган улмаар хохирогч Б.М ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Тодруулбал шүүгдэгч Д.П нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Үхэр чулууны бэл” гэх газар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй,...тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох", мөн дүрмийн 11.1-д заасан "Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.6, 5.11.а, 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно" гэснийг тус тус зөрчин хохирогч Б.М ын унаж явсан Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж зам тээврийн осол гарган улмаар хохирогч Б.М ын эрүүл мэндэд чамархай яс, зүүн нүдний ухархай, нүүрний зүүн хэсэг, эрүүний ясны хугарал, хатуу хальс дээрх цус хуралт, тархи доргилт, нүүр зулайн хуйханд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Пийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хх-ийн 151-154 дүгээр тал, шүүх хуралдааны тэмдэглэл), хохирогч Б.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хх-ийн 51-57, 74-77 дугаар тал, шүүх хуралдааны тэмдэглэл), иргэний хариуцагч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 78-81 дүгээр тал), иргэний нэхэмжлэгч Ж.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргасан нэхэмжлэл (хх-ийн 82-87 дугаар тал), Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 19 дугаартай дүгнэлт (хх-ийн 88-99 дүгээр тал), техникийн шинжээчдийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 46-159/398 дугаартай дүгнэлт (хх-ийн 115-131 дүгээр тал), нас тоолсон тухай тэмдэглэл (хх-ийн 132-133 дугаар тал), Дархан-уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ДАР086/65 дугаартай дүгнэлт (хх-ийн 132-133 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нэг мөр, эргэлзээгүй нотлогдож байх ба шүүгдэгч Д.П-ийн гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, дээрх үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт, нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
4.3.Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчилсан.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6-д “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг” ойлгоно гэжээ.
Хуулийн дээрх заалтуудаас дүгнэвэл шүүгдэгч Д.П-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөн Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн осол гарсан, улмаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.
Тодруулбал дээрх хэм хэмжээний диспозици нь бланкетны буюу иш татсан хэм хэмжээг зөрчсөний улмаас бусдын биед хүндэвтэр гэмтэл учирсан тохиолдолд гэмт хэрэг болохоор хуульчилжээ.
Мөн дээрх гэмт хэргийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн” бол хүндрүүлэх шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан.
Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Д.П нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцсон, мөн Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 19 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.М ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь тогтоогдож байх ба энэ нь шүүгдэгч Д.Пийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь хэрэгт хийгдсэн техникийн шинжээчдийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 46-159/398 дугаартай дүгнэлтээр нотлогдлоо. (хх-ийн 88-99, 115-131 дүгээр тал),
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.П-ийн замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас хохирогч Б.М-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирчээ.
Иймээс шүүгдэгч Д.Пийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” хэмээн зохицуулсан.
Шүүгдэгч Д.П-ийн замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл нь хууль бус ба тэрээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлах, хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдын биед хүнд учруулсан байх тул дээрх гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, замын хөдөлгөөний дүрэм болон холбогдох журам, стандартаар мотоцикль жолоодох эрхийг 18 насанд хүрсэн, "А" ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүнд олгодог байхад эцэг, эхийн зүгээс 18 насанд хүрээгүй хүнд мотоцикль жолоодохийг зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
4.4.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор, уршиг:
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад зааснаар хэргийн хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй /-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Шүүгдэгч Д.П-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.М ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 19 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.М нь “...Сэтгэл санааны хохиролд 15,180,000 төгрөг, эмчилгээний зардалд 5,249,000 төгрөг нэхэмжилж байна. Мөн цаашид нүдний хараа салгах, болор суулгах эмчилгээ хийлгэнэ. Үүнд гаргах зардлыг Д.П-оос нэхэмжилнэ. Цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэх мэдүүлэг тайлбар өгч, нотлох баримтыг гаргасан.
Шүүх дээрх нотлох баримтын тухайн хэрэгт хамааралтай байх, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийснээр нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээ оношлогоотойгоор гарсан нийт 1,612,800 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлэв.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас 56,093 төгрөгний баримт нь цэнэглэгч, бохь, гондом, ундаа, белизна, тамхи зэрэг нь хэрэгт хамааралгүй зардал байна.
Мөн 3,580,944 төгрөгний баримтууд нь юу худалдан авахад зарцуулсан баримт эсэх нь ойлгомжгүй, түүнчлэн зарим баримтын мөнгөн дүн бүдгэрч, гаргагдахгүй болж нотлох баримтын шаардлага хангахгүй болсон байх тул нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж,
Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Д.П-ийн хохирогч Б.М-ын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйл баримт нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болсон буюу хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах хууль хэрэгжиж эхэлсэн цаг хугацаанд хамаарч байна.
Хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээчдийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ДАР0826/65 дугаартай дүгнэлтэд ...Б ийн М-ын сэтгэцэд хэргээс шалтгаалан эрүүл мэндийн хувьд хүнд гэмтэл авч өвдөлт зовуурь мэдэрч, нэг нүдний хараагаа бүрэн алдсан. Нойргүйдэх, ичиж санаа зовох, өөртөө итгэх итгэл буурах, болсон хэргийн талаар бодож харамсах, ижил төст нөхцөл байдлаас сэрэмжлэх, өдөр тутмын сөрөг стресст өртөх зэргээр гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр илэрч байна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай. Иймд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна... гэжээ.
Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хохирогч Б.М-ын эрүүл мэндэд чамархай яс, зүүн нүдний ухархай, нүүрний зүүн хэсэг, эрүүний ясны хугарал, хатуу хальс дээрх цус хуралт, тархи доргилт, нүүр зулайн хуйханд цус хуралт бүхий хүнд гэмтэл учирсан ба уг гэмтлийн улмаас нэг нүдний хараагаа бүрэн алдсан, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол 3 дугаар зэрэглэлд үнэлэгдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцож, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзлээ. 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөг ба 22.99 дахин нэмэгдүүлэн үржүүлэн тооцоход 12.644.500 төгрөг болж байна. (550.000*22.99=12.644.500),
Иймд шүүгдэгчээс эмчилгээ оношлогоотойгоор гарсан зардалд 1,612,800 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 12.644.500 төгрөг, нийт 14,257,300 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М т олгож, цаашид гарах зардлаа баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан.
Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Б.М нь гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 420,256 төгрөгийн үйлчилгээ авсан болох нь хохирогч Б овогтой М (РД...................) нь …2024 оны 01 сард амбулаторийн үзлэг 15,000 төгрөг, өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ 120,000 төгрөг, амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багц 71,500 төгрөг, 2024 оны 5 сард амбулаторийн үзлэг 29,700 төгрөг, 2024 оны 8 сард 29,700 төгрөг, 2024 оны 9 сард 29,700 төгрөг, 2025 оны 2 сард 62,400 төгрөг, 2025 оны 7 сард 20,000 төгрөг, 2025 оны 10 сард 28,000 төгрөг, 2025 оны 12 сард 14,256 төгрөг, нийт 420,256 төгрөг... гэх нэхэмжлэх (хх-ийн 84-р хуудас)-р тогтоогдож байх тул шүүгдэгч Д.П-оос 420,256 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгов.
Тав. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
5.1.Талуудын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “…Шүүгдэгч Д.Пийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “...Хэрэг гарснаас хойш тодорхой цаг хугацаа өнгөрсөн байхад яагаад хохирол төлөөгүй байгаа юм бэ. Үүнийг шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх байх…” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагын тухайд миний үйлчлүүлэгч Д.П гэмт хэрэг гарах цаг үед 18 насанд хүрээгүй байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт зааснаар ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдлыг харгалзан тэнсэж хянан харгалзаж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч нь Д.П нь гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 8 сар 11 хоногтой буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайлан заасан гэмт хэрэгт тооцогдох гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийснийхээ төлөө хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн субъект мөн гэж үзэх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.П нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Пид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч нь ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ (хохирогчийн эрүүл мэндийн байдал, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх), зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 7 (долоо) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, оршин суугаа газар зэргийг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Галт сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Д.Пийг Хөвсгөл аймгийн Галт сумаас гадагш зорчих эрхийг 1 (нэг) жил 7 (долоо) сарын хугацаагаар хязгаарлах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Д.Пид тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Зургаа. Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан журмын дагуу оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогтой Д-ийн П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, 1 (нэг) жил 7 (долоо) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Галт сумын хилийн дээсээр тогтоож, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар шүүгдэгч Д.Поос эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хохиролд нийт 14,257,300 (арван дөрвөн сая хоёр зуун тавин долоон мянга гурван зуу) төгрөгийг гаргуулан хохирогч Б.М-т олгож, хохирогч Б.М нь эмчилгээ оношлогоотойгоор гарсан болон цаашид гаргах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Поос нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дахь хэсгийн 12.1.1-д зааснаар 420,256 (дөрвөн зуун хорин мянга хоёр зуун тавин зургаа) төгрөгийг шүүгдэгч Д.Поос гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Пийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ