Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 134/ШШ2024/00094

 

           Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ***, 

Хариуцагч: ***,

Нэхэмжлэлийн шаардлага: Ү1902000349, Ү1902000041, Ү1902000038 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, ....... орон сууцнуудын хууль ёсны өмчлөгчөөр тус компанийг тогтоолгох тухай иргэний хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянаад

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,*******

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд прокурор А.Б

Гэрч И.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Д

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “БЗӨ”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1. Б газрын Говьсүмбэр аймаг дахь салбарын даргын 1999 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Гэрээ түрээсээр ажиллуулах тухай” 21 дүгээр тушаалаар Хонхорын 0.4 к.вт-ын хуваарилах сүлжээг түрээсийн гэрээгээр******* шилжүүлэхээр шийдвэрлэж, улмаар мөн газрын даргын 2000 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 27 дугаар тушаалаар түрээсийг татан буулгасантай холбогдуулан түрээсийн гэрээгээр ажиллуулж байсан ........ орон сууцнуудыг доторх эд хогшлын хамт актаар манай салбарт 2000 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Хонхорын 0.4 к.вт-ын хуваарилах сүлжээний ашиглалт, засвар, борлуулалтын үйлчилгээг Хонхорын түрээсийн эзэн Ё.П нь акт үйлдэж хүлээлгэн өгч, тус салбараас 2001 оны 08 дугаар сард зохих төлбөрийг******* шилжүүлсэн. Дээрх орон сууцыг манай салбарт шилжүүлэх үед мөрдөгдөж байсан Улсын бүртгэлийн хуулиар төрийн байгууллагын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргадаггүй зохицуулалттай байсан тул Ё.П-ийн “АИ” ХХК-ийн нэр дээр гарсан 00065666, 0006569, 0006567 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний эх хувийг нь манай салбарт шилжүүлсэн бөгөөд 2001 оноос одоог хүртэл дээрх 3 орон сууц нь манай салбарын санхүүгийн тайлан баланс, үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байгаа. Манай салбараас үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй ................... орон сууцнуудыг одоо ажиллаж байгаа ажилчдадаа хувьчлуулахаар зохих дээд шатны байгууллагад холбогдох материалыг бүрдүүлэхээр 2023 оны 08 дугаар сард Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст албан хүсэлт гаргахад дээрх орон сууцнуудын өмчлөгчөөр “АИ” ХХК бүртгэлтэй байсан ба үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг шинээр дахин гаргуулан авсан болохыг олж мэдсэн. Хууль бусаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгогдсон гэж үзээд нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гаргасан.

Улсын хэмжээнд Эрчим хүчний удирдах газраас гэрээгээр хувь хүнийг байгууллагатай хамтран ажиллуулж үзсэн ба ашиг орлого нь болохгүй байсан учраас цуцалсан.******* манайх уг байруудыг өгөөгүй. Энэ нь Ё.П-ийн өөрийнх нь өмч байсан. Өмч хувьчлалаар орон сууцыг хувьчилж өгсөн үед ....өөрийнхөө “АИ” ХХК-ийн нэр дээр тухайн 3 байрыг гаргасан. Өөрийнх нь байр, манай байгууллага доторх эд хөрөнгө, нэгтгэлийн үйл ажиллагаа явуулж байсан хөрөнгөтэй нь цуг шилжүүлж өгч нэг ёсондоо худалдсан. Энэ 20 гаруй жилийн хугацаанд манай салбарт ажилладаг хүмүүс түрээсэлж, амьдарч байсан хүмүүс нь тог, цахилгааныхаа мөнгийг өөрсдөө төлдөг байсан. 2022 оны 12 дугаар сараас манай дээр аудитын шалгалт явагдаж энэ хүмүүстэй гэрээ хийх ёстой гээд 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлээд амьдарч байсан хүмүүстэй гэрээ байгуулж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар очиж гэрээг хянуулж батлуулсан. Процесс нь худалдсан мөртлөө худалдсан эд хөрөнгөө эргүүлээд өөрт байх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг төрийн өмчит компанийн нэр дээр гараагүйг мэдээд хуулийн тодорхой заалт, нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар ашиглаж гэрчилгээ гаргасан нь буруу байна. Тухайн үедээ төлбөр тооцоог бүрэн хийгээд өмчлөл, эзэмшилдээ шилжүүлж аваад 2000 оноос хойш 2024 он хүртэл байгууллагын үндсэн хөрөнгөнд бүртгээд, эзэмшиж, ашиглах түүнтэй холбоотой татварын албанд болон эд хөрөнгөтэй холбоотой үйлчилгээ, төлбөр тооцоотой асуудлыг хариуцаад явж байсан болохоор тухайн орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Гол нотлох баримт нь худалдах, худалдан авах гэрээг орлож байгаа эд хөрөнгө шилжүүлсэн 2000 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн акт, шүүхэд Ё.П-аас хариу тайлбар гаргахдаа энэ хөрөнгүүдийг 2000 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн актаар Цахилгаан шугам сүлжээний газар шилжүүлсэн гэдгээ илэрхийлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байгаа. Эд хөрөнгийн гэрчилгээ байгууллагын нэр дээр гараагүй ч гэсэн хөрөнгийг “АИ” ХХК нь ЦШСГ-т шилжүүлсэн гэдгийг нотолж байгаа баримт гэж үзэж байна.

Иймд, “АИ” ХХК-ийн өмчлөлд байгаа Ү1902000349, Ү1902000041, Ү1902000038 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, ....... орон сууцнуудын хууль ёсны өмчлөгчөөр тус компанийг тогтоож өгнө үү гэв.

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд прокурор А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. Прокурорын зүгээс Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар оролцож байна. 2000 оны 06 дугаар сарын 26-ны өдөр үйлдсэн акт мөн Ё.П-ийн шүүхэд гаргасан маргаан бүхий байрыг тухайн салбар нь хүлээж авсан болно гэх өөрийнх бичгийн тайлбар байдаг. Мөн 2005 оноос хойш тухайн байгууллага хөрөнгийн жагсаалтад бүртгээд явж байсан. Ажилчид амьдарч байсан гэж ярьж байна. Байгууллагын дотоод журмаараа амьдардаг боловч гэрээ байгуулаагүй гэж дурдаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад 2000 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс хойш бодит байдал дээр бүртгэлийн гэрчилгээ гаргачихсан байгаа нь хууль бусаар ашиглаад өөрт давуу байдлыг үүсгэсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Улсын бүртгэлийн байцаагчийн гаргасан эрх зүйн акт нь захиргааны шүүхийн харьяаллынх байгаа хэдий ч 2 нэхэмжлэлийн шаардлага байгаа. Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хууль ёсны өмчлөгчөөр тогтоох боломжтой гэж харж байна. Эрх зүйн үндэслэл нь харилцан тохиролцож хэлцэл хийгдээд хэлцлийн үндсэн дээр эд хөрөнгө шилжсэн. Худалдах, худалдан авах гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаагүй боловч хэлцэл хийгдээд хэлцлийн дагуу үйл ажиллагаа явагдаад өнгөрсөн гэж үзэж байна гэв.

3. Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, “БЗӨ” -ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Говьсүмбэр аймаг дахь салбарын даргын 1999 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 21 дүгээр тушаал, Говьсүмбэр аймаг дахь Цахилгаан шугам сүлжээний салбарын даргын 2000 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 27 дугаар тушаал, ажил хүлээн авсан акт, “АИ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, журнал ваучер, 2001 оны сүүлийн 5 сарын нэмэгдсэн, хорогдсон үндсэн хөрөнгийн бүртгэл, тооллогын бүртгэл, үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл, 0006566, 0006567, 0006569 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, үндсэн хөрөнгийн бүртгэлийн жагсаалтууд, “БЗӨ”-ийн даргын 01/533 дугаар албан бичиг, Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 411 дүгээр албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн мэдээлэл, “БЗӨ”-ийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01/227 дугаар албан бичиг, Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 02/102 дугаар албан бичиг, “БЗӨ” ТӨХК-ийн Зарим үл хөдлөх хөрөнгийн албан татварын судалгаа, “БЗӨ”-ийн Говьсүмбэр салбарын үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл /2005-2020 он/-ийг,

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1/179 дүгээр албан бичиг, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр прокурорын тогтоол зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр: Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 41 дүгээр албан бичиг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, орлогын мэдүүлэг, “АИ” ХХК-ийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 24/1 дүгээр албан бичиг, “АИ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, сонинд өгсөн зарууд, Улсын бүтгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 3230 дугаар дүгнэлт, 001078474 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, орлогын мэдүүлэг, “АИ” ХХК-ийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 23/1 дүгээр албан бичиг, Улсын бүтгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 3201 дүгээр дүгнэлт, 001078473 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Улсын бүтгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 3192 дугаар дүгнэлт, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 03/192, 03/180 дугаар албан бичиг, Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 38 дугаар албан бичиг, гэрч Г.Ш, И.С нарын мэдүүлэг зэргийг шүүх бүрдүүлсэн.

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “БЗӨ”-ийн Говьсүмбэр аймгийн салбар нь хариуцагч “АИ” ХХК-д холбогдуулан Ү1902000349, Ү1902000041, Ү1902000038 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, ........ орон сууцнуудын хууль ёсны өмчлөгчөөр тус компанийг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Б газрын Говьсүмбэр аймаг дахь салбарын даргын 1999.04.26-ны өдрийн 21 тоот тушаалаар цахилгаан эрчим хүчний борлуулалтын үйл ажиллагааг түрээсийн гэрээгээр хувь иргэнд түрээслүүлэхтэй холбоотой тушаал гарсан ба хариуцагч******* Говьсүмбэр аймгийн Хонхорын 0.4 к.вт-ын сүлжээг түрээсээр шилжүүлж өгсөн. Энэ үйл ажиллагаа үргэлжилж байгаад Багануур цахилгаан шугам сүлжээний газрын Говьсүмбэр аймаг дахь дахь ЦШСГ-ын даргын 2000.06.15-ны өдрийн 27 дугаар тушаал гарч энэ тушаалаар уг түрээсийн гэрээг цуцалж, түрээсээр ажиллаж байсан ажилчдыг орон тооны зохион байгуулалт хийж, орон тоог нь нэгтгээд түрээсийн эзэн  Ё.П-ийн түрээсэлж байсан эд хөрөнгө болох ................ орон сууцнуудыг доторх эд хогшлын хамт акт үйлдээд 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Говьсүмбэр ЦШС газарт хүлээлгэж өгсөн байгаа. Хүлээлгэж өгөхдөө дээрх 3 орон сууцыг тодорхой төлбөртэйгээр шилжүүлж өгсөн. Бидэнд байгаа баримтаар .............. орон сууцыг гэрчилгээнд заагдсан үнээр 813,500 төгрөг байсныг 406,750 төгрөгөөр, ................ орон сууцны гэрчилгээний үнэ 292,500 төгрөгийг 146,250 төгрөгөөр, ....................... орон сууцыг 445,500 төгрөгийн гэрчилгээнд заагдсан 222,750 төгрөгөөр тооцож, акт үйлдээд манай салбарт шилжүүлж өгсөн. 2001 оны 08 дугаар сард******* хүлээлгэж өгсөн эд хогшил, төлбөрийг Говьсүмбэр цахилгаан шугам сүлжээ газраас шилжүүлсэн байдаг. Говьсүмбэр цахилгаан түгээх газарт шилжүүлэх үед Улсын бүртгэлийн холбогдох хуулиараа төрийн байгууллагын нэр дээр гэрчилгээ гардаггүй зохицуулалттай байсан учраас Ё.П-аас буюу “АИ” ХХК-ийн нэр дээр гарсан 000065666, 00006569, 00006577 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний эх хувийг Говьсүмбэр ЦШС-т шилжүүлж өгсөн. Эдгээр 3 орон сууц нь тус компанийн 2001 оноос хойш үндсэн хөрөнгө болон санхүүгийн тайланд одоог хүртэл бүртгэлтэй байгаа. Тус салбараас 2023 онд дээрх 3 орон сууцыг одоо ажиллаж байгаа ажилчдад хувьчлах асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад холбогдох материалыг бүрдүүлсэн. “ И” ХХК нь 2023 оны 05 дугаар сард дээрх 3 орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хаяж үрэгдүүлсэнтэй холбогдуулан шинээр Ү1902000349, Ү1902000041, Ү1902000038 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг гаргуулж авсныг нэхэмжлэгч байгууллага олж мэдсэн. Хууль бусаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгогдсон гэж үзээд нэхэмжлэлийг иргэний хэргийн анхан шүүхэд гаргасан. Нэхэмжлэлийн агуулга АИ” ХХК-ийн нэр дээр гарсан дээрх дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгох, “БЗӨ”-ийн Говьсүмбэр аймгийн салбар нь дээрх 3 орон сууцнуудын хууль ёсны өмчлөгч учраас хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгоно гэжээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

Б-ын Говьсүмбэр аймаг дахь салбарын даргын 1999.04.26-ны өдрийн “Гэрээ түрээсээр ажиллуулах тухай” 21 тоот тушаалаар цахилгааны инженер Ё.П Хонхорын 0.4 к.вт-ын хуваарилах сүлжээний хэсгийн эзнээр 1999.04.21-ний өдрөөс эхлэн томилж, 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулжээ.

Б-ын Говьсүмбэр аймаг дахь дахь ЦШС салбарын даргын 2000.06.15-ны өдрийн “Салбарын орон тоо, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, хөдөлмөрийн гэрээ, түрээсийн гэрээг цуцлах” тухай 27 дугаар тушаал гарч, 1999.04.26-ны өдрийн 21 тоот тушаалын дагуу ажиллаж байсан түрээсийн гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр гэрээг цуцалжээ.

Улмаар 2000.06.26-ны өдөр Хонхорын түрээсийн эзэн Ё.П-ийн түрээсэлж байсан эд хөрөнгө болох .............. орон сууцнуудыг доторх эд хогшлын хамт акт үйлдэж, Багануур цахилгаан шугам сүлжээний газрын Говьсүмбэр аймаг дахь ЦШС-д хүлээлгэн өгсөн байна.

2001.05.21-ний өдөр “АИ” ХХК-ийг маргаан бүхий ...... орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул бүртгэж, 0006566, 0006567, 0006569 дугаарын гэрчилгээг,

2023.05.10-ны өдөр “АИ” ХХК нь үл хөдлөх хөрөнгийн 0006566, 0006567, 0006569 тоот гэрчилгээг үрэгдүүлсэн тул хүчингүй болгуулах тухай хүсэлтийг Улсын бүртгэлийн хэлтэст гаргаснаар 2023.05.12-ны өдөр дээрх маргаан бүхий ...... орон сууцнуудын хууль ёсны өмчлөгч тул улсын бүртгэлийн Ү-1902000349, Ү-1902000041, Ү-1902000038 дугаарт бүртгэж, 001078474, 001078473, 001078472 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус олгожээ.

4. Нэхэмжлэгчээс, 2000.06.26-ны өдөр .................... орон сууцнуудыг, доторх эд хогшлын хамт акт үйлдэж, хүлээлгэн өгсөн үйл баримтад маргаж байгаа тул 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Иргэний хууль, 1997 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийг хэрэглэж, дүгнэлт өгч шийдвэрлэнэ. 

Иргэний хуулийн /1994 он/ 122 дугаар зүйлийн 2-д “Хуульд эд хөрөнгө шилжүүлэх гэрээг зохих байгууллагаар гэрчлүүлэх буюу бүртгүүлэхээр заасан бол ийнхүү гэрчлүүлсэн буюу бүртгүүлсэн үеэс уг эд хөрөнгийг өмчлөх эрх үүснэ.”,

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн /1997 он/ 3 дугаар зүйлийн 1-д “Өмчлөгч хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүлснээр түүний өмчлөх эрх баталгаажна”,

мөн хуулийн 13 дугаар зүйлийн 1-д “Үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж, тухайн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг өмчлөгчид олгоно” хэмээн заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, түүнийг баталгаажуулан гэрчилгээ олгосноор өмчлөх эрх үүсэх ба  хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч “АИ” ХХК-д энэхүү эрх үүссэн болох нь тогтоогдож байна.

Тодруулбал, 2001-2023 он хүртэл хугацаанд дээрх орон сууцнуудын бүртгэлд ямар нэг өөрчлөлт ороогүй байна.

5. Хэдийгээр “БЗӨ”-ийн Говьсүмбэр аймгийн салбар нь “... худалдах, худалдан авах гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаагүй боловч харилцан тохиролцож, хэлцэл хийгдээд хэлцлийн үндсэн дээр эд хөрөнгө шилжсэн ...”  гэх боловч маргаан бүхий .......... орон сууц нь хүчин төгөлдөр хэлцлийн үр дүнд шилжээгүй байх тул нэхэмжлэгчийг орон сууцнуудын өмчлөгч гэж үзэх боломжгүй байна.

Тодруулбал, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн /1997 он/ 3 дугаар зүйлийн 2-д “Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэх гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүснэ.” гэж заасны дагуу хэлцлийг бичгээр байгуулаагүй тул Иргэний хуулийн /1994 он/ 39 дүгээр зүйлийн 39.1.-д “Хуульд бичгээр хийхээр зааснаас бусад хэлцлийг амаар хийж болно.”, 39.7.-д “Бичгээр хийх хуулийн шаардлагыг биелүүлээгүй хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар хуульд заасан бол уг хэлцэл хүчин төгөлдөр бус байна.” гэжээ.

  Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэхдээ бичгээр гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэнээр өмчлөх эрх үүсэх энэхүү хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. 

6. Мөн уг орон сууцнуудад манай байгууллагын ажилчид 2011 оноос хойш  амьдарч байгаа, эзэмших, ашиглахтай холбоотой төлбөрийг татварын албанд төлдөг гэх боловч нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-д заасан үүргээ биелүүлээгүй.

7. Нэхэмжлэгчээс, маргаан бүхий орон сууцнуудад хууль бусаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгогдсон гэж маргаж, 2023.05.12-ны өдөр улсын бүртгэлийн Ү-1902000349, Ү-1902000041, Ү-1902000038 дугаарт бүртгэсэн, 001078474, 001078473, 001078472 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан тул бүртгэлийг бүртгэх үед үйлчилж байсан Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.-д “Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно.”,

5.4.-д “Энэ хуулийн 5.3.-т заасан эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний загвар, гэрчилгээнд тусгах мэдээлэл, гэрчилгээ олгох журмыг Засгийн газар батална.”,

Засгийн газрын 2028 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 394 дүгээр тогтоолоор баталсан Эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох журмын 1.1.-д “Иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгө өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоход энэ журмыг баримтална.” гэснээс үзэхэд гэрчилгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаатай холбоотой байх тул иргэний шүүх харьяалан шийдвэрлэхгүй.

8. Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

9. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 452,694 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

10. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-д заасан хүсэлтийг удаа дараа гаргаж байсан, шүүгчийн захирамжаар хариуцагчийг албадан ирүүлэх арга хэмжээ авсан боловч Хууль зүй, дотоод хэргийн  сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021.05.20-ны өдрийн А/110, 65 дугаар хамтарсан тушаалын хавсралт болох “...Шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа ...гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх журам”-ын 4.3.-д “Албадан ирүүлэх ...шүүгчийн захирамжид дурдагдсан иргэн тухайн хаягтаа оршин суудаггүй болох нь тогтоогдвол ажлын 3 өдөрт багтаан холбогдох материал, тайлбар, тодорхойлолт, илтгэх хуудсыг шүүгчийн захирамжийн хамт харьяалах шүүхэд буцаан хүргүүлнэ” гэснээр албадан ирүүлэх ажиллагааг дуусгавар болгосон илтгэх хуудсыг цагдаагийн байгууллагаас ирүүлсэн тул хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн /1994 он/ 39 дүгээр зүйлийн 39.1., 39.7., 122 дугаар зүйлийн 2, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн /1997 он/ 3 дугаар зүйлийн 1, 2, 13 дугаар зүйлийн 1, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3., 5.4.-д заасныг тус тус баримтлан Ү1902000349, Ү1902000041, Ү1902000038 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, ........................... орон сууцнуудын хууль ёсны өмчлөгчөөр тус компанийг тогтоолгох тухай  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 452,694 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хариуцагч “АИ” ХХК-ийн Ү1902000349 дугаартай ........................ орон сууцнуудын өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, бэлэглэх, худалдах зэргээр захиран зарцуулахгүй байхыг шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан арга хэмжээ дуусгавар болохыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.ЦОГЗОЛМАА