Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 152/ШШ2024/00191

 

         Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

            Нэхэмжлэгч:  Ш.Н-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Увс аймгийн А хороонд холбогдох,

          2021 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны цалин 13,637,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд оролцогчид:

            Нэхэмжлэгч: Ш.Н,

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.У,

            Хариуцагч: Я.Ч,

            Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Л,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           1. Нэхэмжлэгч Ш.Н нь хариуцагч Увс аймгийн А хороонд холбогдуулан 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны цалин 13,637,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

          1.1. Ш.Н миний бие нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй. 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс Увс аймгийн А хорооны даргын тушаалаар тус хорооны нягтлан бодогчоор ажилд орсон. Одоо ч нягтлан бодогчоор ажиллаж байна. А хороо нь орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллага бөгөөд 2021-2023 оны хооронд санхүүжилт орж ирээгүй гэх үндэслэлээр миний 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарын хоорондох хугацааны цалинг огт өгөөгүй бөгөөд би энэ хороонд 2 жил гаруй хугацаанд цалингүй ажиллаад байна. Цалингаа авах гэхээр дарга нар санхүүжилт орж ирээгүй тул түр хүлээж бай, санхүүжилт орж ирэхээр өгнө гэсээр өдийг хүрсэн. Миний хувьд тухайн хороонд одоо ч ажилладаг тул дарга нарын үгэнд итгэж ажлаа хийсээр байгааг харсаар байж намайг хохироохгүй байх, санхүүжилт орохоор өгөх байх гэж хүлээсээр байсан боловч өгнө гээд явуулаад байгаа тул арга буюу шүүхэд хандаж байна. Миний бие 2021, 2022 онуудад сарын 447,500 төгрөгийн цалинтай ажилладаг байсан. 2023 оны 3 дугаар сараас хорооны даргын тушаалаар намайг тус хорооны зохион байгуулагчийн ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр болж би сард 550,000төгрөгийн цалин авахаар болсон. Иймд Увс аймгийн А хорооноос миний 2021 оны 3 дугаар сараас 2023 оноос 9 дүгээр сар хүртэл хугацааны цалинд 13,637,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

           2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс Увс аймгийн А хороо гэдэг байгууллагын нягтлан бодогч, тогоочоор сарын үндсэн цалин 475,000 төгрөгийн цалинтай байхаар томилогдсон. 2023 оны 02 дугаар сарын сүүл хүртэл тухайн байгууллагын нягтлан бодогч, тогоочийн ажлыг хамт хийж байсан. Түүнээс цааш тогоочийн ажлаа болиод нягтлан бодогч, зохион байгуулагчийн ажлыг хийж 550,000 төгрөгийн үндсэн цалингаар цалинжихаар тогтоосон тушаал гарсан. Үе үеийн дарга нартай байгуулж байсан хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулснаар ажилтан тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан ажлыг хийгээд цалин хөлс авах эрхтэй болж байна гэсэн үг. Увс аймгийн А хорооны тухайн үеийн дарга Ё.Б-тай хамтарч ажиллах боломжгүй гэх шаардлагыг аймгийн Засаг даргаас гаргасны улмаас 2021-2023 оны 10 дугаар сард хүртэл хуульд заасан санхүүжилтээ авч чадаагүй нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсон. Ё.Б даргын тухайн үед эрх бүхий байгууллагуудад хандаж явуулж байсан албан тоотууд бүгд байгаа. Ё.Б дарга надтай хамтарч ажиллах боломжгүй бол тохирсон хүнийг томилоод өгөөч, яагаад гэвэл надаас олж энэ байгууллагад ажиллаж байгаа ажилчдын эрх зөрчигдөөд байна гэх асуудлаар аймгийн Засаг дарга Ч.Ч-д албан тоот явуулж байсан, тэр хүсэлт хэрэгт авагдсан. Хариуцагч талаас өдрийн үйлчилгээний зардлаас Ш.Н-ыг өөртөө авч хэрэглэсэн гэх тайлбарыг гаргаад байна. Нэхэмжлэгч өдрийн үйлчилгээний зардлаас илүү гаргаж өөртөө авсан тухай нотлогдож тогтоогдсон зүйл байхгүй байхад ингэж хамаагүй ярьж болохгүй. Хэргийн оролцогч нар нь шүүхэд үнэн зөв мэдүүлэг тайлбар гаргах үүрэгтэй. Хэрэгт авагдаагүй, хуульд заасан баримтаар буруутай гэдэг нь тогтоогдоогүй байхад гүтгэлгийн шинж чанартай тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргаад байж болохгүй байх гэж харж байна. Дотоод аудитын дүгнэлтээр Ш.Н-ыг давхардуулаад цалин авчихсан гэх баримт тогтоогдоогүй. Яагаад гэвэл уг дүгнэлтээр 2021 онд 1,453,000 төгрөгийн цалин авсан гэж гарсан. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сарын хоорондох цалингаа авъя гэж нэхэмжилсэн. Аудитын дүгнэлт дэх нэхэмжлэгчийн авсан гэх цалин 2021 оны 1-2 дугаар сарын цалин бөгөөд нэхэмжлэлийн үнийн дүнд багтаагүй, хугацааны хувьд ч давхцахгүй байгаа. 2023 онд цалин аваагүй, 2022 онд нийт 486,000 төгрөгийн цалин авсан. Дотоод аудитын дүгнэлтээр ч энэ бүх зүйл тодорхой болсон. Өдрийн үйлчилгээний зардал 2500 төгрөг, хоол өгч байгаагүй, печень аваад өгчихдөг байсан гэх зүйлийг хариуцагч тал баримтгүйгээр амаар хэлээд байна. Өдрийн үйлчилгээний зардлын Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/91 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2018 оны тушаалыг үндэслэл болгоод нэг хүний 2500 төгрөгийн үнэ тариф тогтоосон. Энэ ханшаар А хороо ахмадууддаа үйлчилж үйлчилгээ үзүүлж байсан. Хөдөлмөрийн гэрээний 1.1 болон 3.3-дахь хэсэгт заасны дагуу, Хөдөлмөрийн тухай хуулийн 41.2, 42.1.3, 43.2.1, 43.2.2-т зааснаар ажил олгогч ажилтныг ажиллуулж байгаа тохиолдолд хийсэн ажилд нь тохирсон цалин хөлсийг олгох үүрэгтэй. Тухайн байгууллагын санхүүжилт зогссон нь тусдаа шийдвэрлэх асуудал бөгөөд ажилтандаа цалин хөлс олгох үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Нийт цалинд 13,637,000 төгрөг нэхэмжилсэн, 2021 оны 3 дугаар сараас 2022 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны буюу 21 сарын цалинг үндсэн цалингаа 475,000 төгрөгөөс бодсон. ХАОАТ-аа хасуулаад нийт сард 447,500 төгрөгийг авч байсан гэж тооцоод энэ дүнг 21 сараар үржүүлбэл 2021 оны 3 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг дуустал 9,317,000 төгрөгийн цалин болж байна. 2023 оны 1- 2 дугаар сарын хооронд татварын хувь хэмжээ нэмэгдэж 10 хувь болсон тул 47,500 төгрөгийн суутгалаа хасаад 427,500 төгрөг байгааг 855,000 төгрөг болсон. 2023 оны 3 дугаар сараас 550,000 төгрөгөөр цалинжиж эхэлсэн ба үүнээс 55,000 төгрөгийн суутгалаа хасаад нэг сард 495,000 төгрөгийн цалин гар дээр авах ёстой учраас 2023 оны 3-9 дүгээр сарын хоорондох 7 сарын хугацааг 495,000 төгрөгөөр үржүүлж нийт 3,465,000 төгрөгийн цалин болж байгаа ба энэ 3 хугацааны цалинг хооронд нэмээд нийт аваагүй цалин 13,637,000 төгрөг болж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэжээ.

          3. Хариуцагч Увс аймгийн А хорооны дарга Я.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Увс аймгийн А хорооны дарга миний бие нь 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн аймгийн А хорооны Бага хурлаас аймгийн А хорооны тэргүүлэгчээр, даргаар сонгогдон ажиллаж байна.

        НэгУвс аймгийн А хорооны тухайд, - Монгол Улсын Ахмад настны тухай хууль, Монголын А холбооны дүрэм, аймгийн А хорооны дүрмийг даган мөрдөж, үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг олон нийтийн байгууллага буюу нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Аймгийн А хорооны санхүүжилтийг Монгол Улсын Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтаар аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар нэгж нь орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ гэж заасан боловч аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ажил хариуцсан холбогдох албан тушаалтны тайлбарласнаар, - аймгийн А хороо нь төрийн болоод төсвийн үндсэн байгууллага биш гэдгийг тодорхой хэлж танилцуулсан. Иймд аймгийн тухайн төсвийн жилд сум, байгууллагын төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хуваарьт Ахмад настны хөгжил хамгаалал гэсэн ерөнхий зүйл ангийн зардалд тусгагдаж хуваарилагдсан байдаг. Энэ нь үндсэн төсвийн байгууллага биш гэдгийг тодорхойлж байгаа юм гэж тайлбарласан. Үндсэн төсвийн байгууллага бол Аймгийн А хороо гэсэн нэршлээр нэр зааж ирдэг юм байна. Энэ байдлаас авч үзвэл, аймгийн А хороо нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай /2021.07.02/ хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д зааснаар санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх гэсэн заалттай уялдаж үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Дээрх заалттай уялдуулж хөдөлмөрийн гэрээ байгуулах асуудал яригдана. Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтаар бол манай байгууллагын ажилтан, ажилчид нь хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах ямар ч үндэслэл байхгүй юм. Дахиад бас хугацаагүй гэрээ байгуулж болохгүй байх шалтгаан бий. Энд аймгийн Засаг дарга нь аймгийн А хорооны үйл ажиллагааны тухайн жилийн төлөвлөгөөг баталж, төрийн зарим чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэх хамтран ажиллах гэрээ байгуулж байж, Монгол Улсын Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь заалтаар үйл ажиллагааг нь төсөл, арга хэмжээний зардлаар санхүүжүүлнэ гэсэн заалтыг дагаж мөрдөн хэрэгжүүлдэг. Аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулж, санхүүжилт авсны үндсэн дээр аймгийн А хорооны даргын үйл ажиллагаа явуулах эрх нь нээгдэж, дараа нь ажилтан, ажилчид нартайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах эрх үүснэ. Тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулаагүй, хамтран ажиллах гэрээ байгуулаагүй бол санхүүжилт олгогдохгүй, үүний улмаас ажилтан ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулах үндэслэлгүй болж, гэрээт ажлын хөлс олгох эрх үүсэхгүй болно. 2021 оны 3 дугаар сард аймгийн Засаг дарга, аймгийн А хорооны урьд жилүүдийн ажлын тайлан, шинэ оны ажлын үйл ажиллагааны төлөвлөгөө, хамтран ажиллах гэрээг шаардсан. Энэ бүгдийг хангаж ажиллаагүй тул танай урьд ажиллаж байсан даргатай хамтран ажиллах боломжгүй болж гэрээ байгуулаагүй, санхүүжилт олгоогүй. Танай байгууллагын дулаан халаалт, гэрэл цахилгаан, цэвэр бохир усны төлбөр тооцоог аймгийн засаг даргын тамгын газрын зүгээс дээрх зардлын сангаас төлж барагдуулж байсан гэж тайлбарлаж танилцуулсан. Нэгэнт аймгийн Засаг дарга нь аймгийн А хорооны даргатай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, санхүүжилт олгогдохгүй болсон тул аймгийн А хорооны дарга Ё.Б нь ажилтан, ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаагүй гэдгийг тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан Ш.Н, сувилагч-үйлчлэгч Д.О, сахиул-жолооч Б.А нар нь зохион байгуулагч М.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулж тайлбараа өөрсдөө өөрсдийн гараар бичиж өгсөн байгаа. Зохион байгуулагч М.Б-ын гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулж тухайн үед нөхцөл байдал ямар байсан, хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан эсэх талаар та нар надад үнэн зөв мэдээлэл, тайлбар бичиж өгөхийг хүссэн. Тэд тайлбараа бичиж өгсөн. Тэдний бичиж өгсөн тайлбараар бол, аймгийн А хорооны дарга нь албан ёсоор хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаагүй, өөрсдөө ч энэ тухайгаа бичиж өгсөн тул аймгийн А хороо нь дээрх нэхэмжлэлийн хариуцагч болох үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэн Ш.Н нь 2023.3 дугаар сараас хойш тус А хорооны зохион байгуулагчаар ажиллаж байгаа. Нягтлан бодогчийн ажлын байранд тушаал гарч ажиллаагүй, давхар түр хавсарч ажиллаж байгаа. Нягтлан бодогчийн ажил нь тийм их ачаалал байхгүй тул хавсарч байгаа. Өнөөдөр ч гэсэн аймгийн Засаг дарга аймгийн А хороотой хамтран ажиллах гэрээ байгуулах нь тодорхойгүй, 2024 оны санхүүжилт ирээгүй, мэдэгдээгүй тул ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй, гэрээ байгуулаагүй, санхүүжилт орсон үед хөдөлмөрийн гэрээ хийж ажилладаг. Миний бие нь 2023.10 дугаар сараас эхлэн аймгийн А хорооны тухайн жилийн сүүлийн 3 сарын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, аймгийн А хорооны тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн, дээрх хамтран ажиллах гэрээний төслийг боловсруулан танилцуулж, баталгаажуулан хамтран ажиллаж эхэлсэн. Иргэн Ш.Н-тай байгуулсан гэх хөдөлмөрийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Тухайлбал, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай /2021.07.02/ хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Хөдөлмөрийн гэрээг доор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна гэж заасан байгаа. Уг хуулийн 50.1.6-д санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх"-ээс бусад тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар заасан байна. Аймгийн А хорооны үйл ажиллагаа нь төсөл, арга хэмжээний хүрээнд санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг тул хөдөлмөрийн гэрээг Хугацаагүй байгуулах үндэслэлгүй болохыг хуульд тодорхой заасан байна. Тухайлбал, аймгийн Засаг дарга нь аймгийн А хорооны даргатай хамтран ажиллах гэрээ байгуулахгүй байгаа бол А хорооны дарга ажилтан, ажилчдын хооронд байгуулж байсан хөдөлмөрийн гэрээ автоматаар цуцлагдах учиртай. Яагаад гэвэл, аймгийн Засаг дарга нь зохих хэмжээний төсөл, арга хэмжээний хамтран ажиллах гэрээ байгуулж байж санхүүжилт хийгдээд, аймгийн А хороо санхүүжилтээ авч гүйцэтгэлийг нь хангаад, шаардагдах зардал, гэрээт ажлын хөлс гээд тус бүрд нь тооцоогоо хийж зарцуулалтаа тайлагнах ёстой. Аймгийн Засаг дарга, түүний Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс нь энэ хуулийн 15.2 дахь заалтыг баримталж хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлж байгаа гэдгээ танилцуулсан. Иймд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай /2021.07.02/ хуулийг уншиж судалсны үндсэн дээр хугацаагүй гэх хөдөлмөрийн гэрээ нь хуулийн үндэслэлгүй хүчингүй, зөрчилтэй гэрээ гэж үзэж эсэргүүцэж байна. Дээрх хөдөлмөрийн гэрээ гэх бичгийг үйлдэж байсан аймгийн А хорооны зохион байгуулагч М.Б гэгч эмэгтэй нь хууль эрх зүйн мэдлэг сул, тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөөгүй, байгууллагын чиг үүргээ ойлгоогүй, ерөнхийдөө хуулийн, төрийн захиргааны эрх зүйн мэдлэг боловсрол хомс учраас хугацаагүй гэж хийсэн, аль эсвэл арга заль агуулсан байх магадлалтай гэж байна. Өөрийнхөө хөдөлмөрийн гэрээг хийхдээ 12 сар, хугацаагүй гэж давхардуулж бичсэн байдаг. Энэ нь хууль эрх зүйн зохих мэдлэг боловсрол хомс байгааг илтгэж байна. Нэг бол маш их зальтай хүн гэж харагдаж байна. Тухайн үед ажиллаж байсан аймгийн А хорооны дарга нь ажилтнуудынхаа хөдөлмөрийн гэрээ гэх бичиг баримтыг нарийвчлан уншиж танилцахгүйгээр гарын үсэг зурдаг байсныг ажилтнууд ярьж байсныг дахин тодотгож хэлэхийг хүсэж байна. Энэ тухай нягтлан бодогчоор ажиллаж байсан иргэн Ш.Н, сувилагч-үйлчлэгч Д.О, сахиул-жолооч Б.А-аас тайлбар авч байсан. Аймгийн А хорооны үйл ажиллагаа нь төсөл, арга хэмжээний хүрээнд санхүүждэг хязгаарлалттай, тогтмол байнгын тогтоосон санхүүгийн эрх мэдэлгүй байж хариуцагчаар татаж байгааг үндэслэлгүй гэдгээ дахин дахин илэрхийлж байна. Хамгийн гол нь аймгийн А хороо нь тогтмол санхүүжилт авдаг төрийн байгууллага биш, банк санхүүгийн эх үүсвэртэй ажилладаг төсвийн байгууллага биш, төрийн өмчит компани нь ч биш гэдгийг хатуу ойлгохыг учирлаж байна. 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны цалин нэхэмжилсэн. А байгууллагын дүрэм дээр аймгаас өгч байгаа дэмжлэгт ахмад настны хөгжил хамгааллын сангаас өгсөн мөнгө, Халамж үйлчилгээний газартай гэрээ байгуулж авсан санхүүжилт зэрэг нь манай байгууллагын үндсэн эх үүсвэр бөгөөд энэ санхүүжилтээс ажилтнуудынхаа цалин хөлсийг олгож байсан. Аймгаас санхүүжилтээ зогсоосон хэдий ч манай байгууллага тухайн үедээ үйл ажиллагаагаа тасалдуулахгүй явуулсан. Харин Халамж үйлчилгээний газартай гэрээ байгуулж авсан санхүүжилтээр ажил үйлчилгээ явуулж, ажилтнуудынхаа цалинг өгч байсан. Аймгийн А хороо нь ажилтнуудынхаа цалинг тухайн үед нь олгосон учраас хариуцагчаар татагдах үндэслэлгүй. Ш.Н нягтлан бодогч тогоочийн ажлыг хамт хийж байсан. Аймгийг Засаг даргаас олгох санхүүжилт зогсоосон асуудал бол тухайн үеийн А хорооны дарга болон Аймгийн Засаг дарга нарын хоорондын асуудал. Тайлангаа өгөөгүй, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй гарсан зэрэг шалтгааныг тоочиж аймгийн Засаг дарга санхүүжилтээ зогсоосон үүнийг одоогийн нягтланч хамт хариуцах ёстой. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, тухайн үеийн нөхцөл байдалдаа тохируулаад цалингаа өгсөн. Иймд тухайн үед ажиллаж байсан болоод одоогийн ажиллаж байгаа аймгийн А хороо, түүний дарга удирдлагууд энэ хариуцлагыг хүлээх ёсгүй гэж үзэж тайлбараа гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

      4. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл хариуцагч байгууллага нь төрийн бус, төсвийн бус олон нийтийн байгууллага. Санхүүжилтийн хувьд аймгийн Засаг даргаас ахмад настны хөгжлийн сангаас дэмжлэг авдаг байсан. Ингэхдээ тухайн жилийнхээ аймгийн Засаг даргын төсөвт тусгагдаад санхүүжилтийг нь хийж байсан. Мөн Увс аймаг дахь Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас, Чандмань-Уул СӨХ-д байр түрээслүүлж түрээсийн орлого зэрэг эх үүсвэрүүдээс санхүүжиж байсан. Тухайн байгууллага тогтмол үйл ажиллагаа явуулж цалин авдаг 5 ажилтандаа тухай бүр цалингаа олгож байсан. Увс аймгийн Засаг даргаас 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 1/545 дугаартай тайлангаа өгөөгүй, нийгмийн даатгалын өртэй зэрэг зөрчилтэй тул үйл ажиллагааны зардал болон санхүүжилт олгох боломжгүй гэх агуулга бүхий албан тоотоор явуулсан. 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс ахмад настны хөгжлийн сангаас олгож байсан санхүүжилтийн мөнгийг олгохоо больсон. Хариуцагчийн зүгээс 2024 оны 4 дүгээр сард байгууллагынхаа санхүүгийн дотоод үйл ажиллагаанд аудитын шалгалт хийж дүгнэлт гаргуулсан. Тухайн дүгнэлтээр Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын өдрийн үйлчилгээний санхүүжилт болон байраа түрээсэлсэн түрээсийн мөнгөнөөс Ш.Н-д цалин олгож байсан гэх дүгнэлт хийсэн. 2021 оны 1-2 дугаар сард гарсан 475,000 төгрөгөөр 2 сарын цалинд 950,000 төгрөг хийсэн. Үүнээс гадна 2021 оны 11 дүгээр сарын 19-нд Хөдөлмөр халамж үйлчилгээний санхүүжилт орж ирснээс Ш.Н-д 875,000 төгрөг цайны зардал гээд тусгайлан заасан, харин Ш.Н нь өдрийн үйлчилгээ ахмад тус бүрд өдөр бүр 2500 төгрөгийн зардал гаргасан гэдгээ нотлоогүй. Энэ 875,000 төгрөг дотор 5 өдрийн цалин 230,000 төгрөг бас байгаа. Хариуцагч өдрийн үйлчилгээнд өдрийн 120,000 төгрөгийн зардалтай үйлчилгээ үзүүлсэн байна гэж үзэж байгаа нь үндэслэлтэй. Санхүүгийн дотоод аудитын шалгалтаар 2021 оноос 2022 оны 10 дугаар сарыг дуустал Ш.Н цалингаа авч байсан гэдэг нь тогтоогдсон. Хариуцагч байгууллагын тухайн үеийн дарга Ё.Б 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор санхүүжилтээ өдрийн үйлчилгээнээс цалин, нэмэгдэл, зөрүүг олгоно гэж тушаал гаргасан. Даргын тушаалын дагуу нэхэмжлэгч буюу нягтлан бодогч өөрөө бодож тооцож байсан. Тогоочийн цалингаа гаргаад авчихсан. Аймгийн Засаг даргын зүгээс А хөгжлийн сангаас олгож байгаа санхүүжилт бол үйл ажиллагааны зардал юм. Гэтэл санхүүгийн дэмжлэг авч байгаа байгууллага үйл ажиллагааны зардлаа тайлагнаагүй, хувийн ашиг сонирхлын талаар орлогын мэдүүлгээ өгөөгүй гэх үндэслэлээр санхүүгийн дэмжлэгийг зогсоосон. Ахмад тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар анх санхүүжиж байгаад Ё.Б даргын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаартай тогтоол гарснаас хойш тус хуулийн 15.2-оор бодож үйл ажиллагаа явуулж байсан. А хороо ажилтнууддаа өдрийн үйлчилгээний санхүүжилтээр орж ирсэн дэмжлэгээс олгож байсан гэдгийг 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын Санхүүгийн дотоод хяналтын албаны 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн тэмдэглэлээр тогтоогдсон. Санхүүжилт байхгүй байсан тул хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу цалин олгох боломжгүй байсан. Өмнөх дарга В.Т-ийн хувьд дарга цалингийн сан байхгүй байсан ч тушаал гаргаад, өөрчлөөд яваад байсан юм байна лээ. Цаашид энэ байгууллагыг хариуцаж байгаа хүн нь санхүүжилт байхгүй учраас цалин олгох боломжгүй. Нэхэмжлэгч огт цалин аваагүй гэж нэхэмжлэл гаргасан. Аудитын дүгнэлтээс харахад Ш.Н цалингаа тодорхой хэмжээнд төлөөд яваад байсан нь харагддаг. Ш.Н өөрөө нягтлан бодогчоор ажиллаж байсан атлаа тухайн үеийн санхүүжилтийн талаар огт бичээгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           5. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн А хорооны даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар Ажилд томилох тухай тушаал, Увс аймгийн А хорооны даргын 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 03 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Увс аймгийн А хорооны даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 дүгээр Ажилд томилох тухай тушаал, Увс аймгийн А хорооны даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар Ажил хавсран ажиллуулах тухай тушаал, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар хөдөлмөрийн гэрээ, ажилчдын 2020 оны 12-р сарын цалингийн хүснэгт, 2021 оны 1-р сарын цалингийн хүснэгт, 2021 оны 2-р сарын цалингийн хүснэгт, Увс аймгийн А хорооны ня-бо тогооч Ш.Н-д олгогдоогүй цалингийн тооцоо, Увс аймгийн А хорооны ня-бо зохион байгуулагч Ш.Н-д олгогдоогүй цалингийн тооцоо /2021-2023 он/, 2021 оны 3-7-р сарын цалингийн хүснэгт, 2021 оны 8-12-р сарын цалингийн хүснэгт, 2023 оны 1-2-р сарын гэрээт ажлын хөлс, 2023 оны 3-9-р сарын гэрээт ажлын хөлс, 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

           6. Хариуцагчаас Увс аймгийн А хороон улсын бүртгэлийн гэрчилгээ, Я.Ч-ын иргэний үнэмлэхийн хуулбар, Б.А-ын шүүхэд гаргасан гэх тайлбар, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн гарын үсэг гэрчилсэн үйлдэл, бүртгэлийн хуудас, Д.О-ийн шүүхэд гаргасан гэх тодорхойлолт, Д.О-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Засаг даргаас Увс аймгийн А хорооны дарга Ё.Б танаа гэх албан бичиг, Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/2551 дугаар Хуулийн хэрэгжилт хангах тухай албан бичиг, Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02/367 дугаар Дэмжлэг үзүүлж хамтран ажиллах тухай албан бичиг, Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 05/1294 дүгээр Гомдол шилжүүлэх тухай албан бичиг, Монголын ахмадын холбооны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 132 дугаар А хорооны санхүүжилтийн тухай албан бичиг, Монголын ахмадын холбооны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 132 дугаар Аймгийн А хорооны санхүүжилтийн тухай албан бичиг, Увс аймгийн А хорооны 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаар Санал хүргүүлэх тухай албан бичиг, Увс аймгийн А хорооны 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 5 дугаар аймгийн Засаг дарга Ч.Ч танаа гэх албан бичиг, Увс аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/11 дүгээр Аймгийн жилийн төсвийн сар, улирлын хуваарь батлах тухай захирамж, уг захирамжийн хавсралт, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаар Увс аймгийн Засаг дарга болон А хороонд төрийн зарим чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэх хамтран ажиллах гэрээ, Увс аймгийн А хорооны 2023 оны 4 дүгээр улирлын үйл ажиллагааны төлөвлөгөө, Увс аймгийн А хорооны харилцах дансны харилцагчийн хуулга, 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг иргэн, аж ахуй нэгж, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх гэрээ, 2022 оны олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг иргэн, аж ахуй нэгж, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх гэрээ, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг иргэн, аж ахуй нэгж, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх гэрээ, Увс аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 13 дугаар Аймгийн А хороонд гэх албан бичиг, аймгийн А хорооны2021-2023 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тэмдэглэл, Увс аймгийн А хорооны даргын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар Ажилтнуудын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн хэмжээ тогтоох тухай тушаал, 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

          1. Нэхэмжлэгч Ш.Н-ын хариуцагч Увс аймгийн А хороонд холбогдох 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны цалин 13,637,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

            2. Нэхэмжлэгч доорх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

         Ш.Н миний бие нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй. 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс Увс аймгийн А хорооны даргын тушаалаар тус хорооны нягтлан бодогчоор ажилд орсон. Одоо ч нягтлан бодогчоор ажиллаж байна. А хороо нь орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллага бөгөөд 2021-2023 оны хооронд санхүүжилт орж ирээгүй гэх үндэслэлээр миний 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарын хоорондох хугацааны цалинг огт өгөөгүй бөгөөд би энэ хороонд 2 жил гаруй хугацаанд цалингүй ажиллаад байна. Цалингаа авах гэхээр дарга нар санхүүжилт орж ирээгүй тул түр хүлээж бай, санхүүжилт орж ирэхээр өгнө гэсээр өдийг хүрсэн. Миний хувьд тухайн хороонд одоо ч ажилладаг тул дарга нарын үгэнд итгэж ажлаа хийсээр байгааг харсаар байж намайг хохироохгүй байх, санхүүжилт орохоор өгөх байх гэж хүлээсээр байсан боловч өгнө гээд явуулаад байгаа тул арга буюу шүүхэд хандаж байна. Миний бие 2021, 2022 онуудад сарын 447,500 төгрөгийн цалинтай ажилладаг байсан. 2023 оны 3 дугаар сараас хорооны даргын тушаалаар намайг тус хорооны зохион байгуулагчийн ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр болж би сард 550,000төгрөгийн цалин авахаар болсон. Иймд Увс аймгийн А хорооноос миний 2021 оны 3 дугаар сараас 2023 оноос 9 дүгээр сар хүртэл хугацааны цалинд 13,637,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэжээ.

            3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

          Ахмадын байгууллагын дүрэм дээр аймгаас өгч байгаа дэмжлэгт ахмад настны хөгжил хамгааллын сангаас өгсөн мөнгө, Халамж үйлчилгээний газартай гэрээ байгуулж авсан санхүүжилт зэрэг нь манай байгууллагын үндсэн эх үүсвэр бөгөөд энэ санхүүжилтээс ажилтнуудынхаа цалин хөлсийг олгож байсан. Аймгаас санхүүжилтээ зогсоосон хэдий ч манай байгууллага тухайн үедээ үйл ажиллагаагаа тасалдуулахгүй явуулсан. Харин Халамж үйлчилгээний газартай гэрээ байгуулж авсан санхүүжилтээр ажил үйлчилгээ явуулж, ажилтнуудынхаа цалинг өгч байсан. Аймгийн А хороо нь ажилтнуудынхаа цалинг тухайн үед нь олгосон учраас хариуцагчаар татагдах үндэслэлгүй. Ш.Н нягтлан бодогч тогоочийн ажлыг хамт хийж байсан. Аймгийг Засаг даргаас олгох санхүүжилт зогсоосон асуудал бол тухайн үеийн А хорооны дарга болон Аймгийн Засаг дарга нарын хоорондын асуудал. Тайлангаа өгөөгүй, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй гарсан зэрэг шалтгааныг тоочиж аймгийн Засаг дарга санхүүжилтээ зогсоосон үүнийг одоогийн нягтланч хамт хариуцах ёстой. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, тухайн үеийн нөхцөл байдалдаа тохируулаад цалингаа өгсөн. Иймд тухайн үед ажиллаж байсан болоод одоогийн ажиллаж байгаа аймгийн А хороо, түүний дарга удирдлагууд энэ хариуцлагыг хүлээх ёсгүй гэж үзэж тайлбараа гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

     4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

       5. Нэхэмжлэгч Ш.Н нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн А хороонд нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаад 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр тэтгэврийн насанд хүрч тэтгэвэр тогтоолгох болсон үндэслэлээр ажлаас нь чөлөөлжээ.

        Увс аймгийн А хорооны даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар Ш.Н нь тус хороонд 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс нягтлан бодогч, тогоочоор хавсран ажиллахаар томилсон ба 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс нягтлан бодогч, зохион байгуулагчаар хавсран ажиллаж эхэлжээ.

        5.1. Нэхэмжлэгч Ш.Н нь Увс аймгийн А хороонд ажиллаж байхдаа буюу аваагүй буюу 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны цалин 13,637,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

         5.2. Нэхэмжлэгч нь шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлжээ.

         Сүүлийн буюу 2022 оны 05 дугаар сарыг дуустал авсан цалинд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан байна.

       Нэхэмжлэгч нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн эсэх, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

        6. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар Ш.Н-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн А хороонд холбогдох 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны цалин 13,637,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

         7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Н улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдав.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Н-ын хариуцагч Увс аймгийн А хороонд холбогдох 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны цалин 13,637,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Н улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                          ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  П.БОЛОР