Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 152/ШШ2024/00202

 

         Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч:  Б.А-ийн,

           Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд оролцогчид:

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Б,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        1. Нэхэмжлэгч Б.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

         1.1. Миний бие 1973 онд төрсөн. 1981 оны оноос сургуульд элсэн ороод 1988 онд 8 жилийн сургууль төгсөөд 1989 оноос Завхан сумын Сандалай нэгдэлд малчнаар томилогдон очиж мал малласан юм. Одоо миний тэтгэврийн нас гүйцэж малчнаар орсон гарсан тушаал байхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний Завхан сумын Сандалай нэгдэлд 1989 оны 03 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Б.Б, М.У нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.

          2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А нь 1989 оны 3 дугаар сараас эхлэн Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. 1989 оныг дуустал ажилласан. Тэгтэл түүнийг ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалууд байхгүй тул ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Б.А-ийн Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд 1989 оны 3 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

        3. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Б.Б-ын иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, Увс аймгийн архивын тасгаас 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан 117 дугаар тодорхойлолт, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гаргасан Б.А-ийн Завхан сумын Сандалай нэгдэлд 1989 оны 3-12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн зөвлөмжийн хуудас, Б.А-ийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М.У-ийн иргэний үнэмлэхийн хуулбар болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 73 дугаар шийдвэр, Б.Б-ны иргэний үнэмлэхийн хуулбар, П.Н-ийн иргэний үнэмлэхийн хуулбар болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

           3. Шүүхээс гэрч М.У, П.Н нараас мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

          1. Нэхэмжлэгч Б.А-ийн Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд 1989 оны 3 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

           2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Б.А-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

       Нэхэмжлэгч Б.А нь ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

          3. Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Б.А-ийн Завхан сумын Сандалай нэгдэлд 1989 оны 3 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.

        4. Шүүхээс гэрч М.У, П.Н нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч М.У Би 1983 онд Увс аймгийн Өмнөговь сумын 8 жилийн дунд сургууль төгсөөд 1985 онд 10 дугаар анги төгсөж, Завхан сумын Сандалай нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Б.А-ийн аав ээжтэй нэг бригадад мал малладаг байсан тул Б.А-г мэднэ. Б.А Завхан сумын 8 жилийн дунд сургууль төгсөөд 1988 оноос эхэлж Завхан сумын сандалай нэгдлийн 1 дүгээр бригадад аав ээж дээрээ мал маллаж голдуу тэмээ малладаг байсан. Б.А одоог хүртэл Завхан суманд мал маллаж байгаа гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 73 дугаар шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрч П.Н Би 1978 онд Завхан аймгийн Худалдааны техникумыг нягтлан бодогч мэргэжлээр төгсөж ирээд Увс аймгийн Завхан суманд Худалдаа бэлтгэл ангийн эдийн засагчаар ажилд орсон. Давхар барааны мэргэжилтэн хийж малчдын ноос, түүхий эдийн төлөвлөгөөг нь хянаад гүйцэтгэлийн шалгадаг байсан тул Б.А-г сайн танина. Б.А 1989 онд сургууль төгсөж ирээд аав ээж нь мал малладаг хүмүүс байсан тул Завхан сумын Сандалай нэгдлийн харьяа 1 дүгээр бригадад мал маллаж эхэлсэн. Миний мэдэхээр Б.А Завхан сумын Сандалай нэгдлийн харьяа 1 дүгээр бригадад 2011 он хүртэл мал маллаж байсан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Завхан сумын Худалдаа бэлтгэл ангид ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байх тул хэдийгээр нэг байгууллагад хамт ажиллагаагүй ч нэг суманд ажиллаж байсан тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

          5. Нэхэмжлэгч Б.А нь Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд 1989 оны 3 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гаргасан Б.А-ийн Завхан сумын Сандалай нэгдэлд 1989 оны 3 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, гэрч М.У, П.Н нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.

           6. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Б.А-ийн Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд 1989 оны 3 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

          7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

         8. Нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн хөдөлмөрийн дэвтэр нь хэзээ, хэн хаанаас нээсэн нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлээгүй болно.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хатагин овогт Б.А-ийн Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд 1989 оны 3 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                              ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    П.БОЛОР