Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 0010

 

Э.Т-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Э Шүүгдэгч Э.Т Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Г Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 297 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Т болон түүний өмгөөлөгч Б.Г нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Э.Т-д холбогдох  эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б цагаан овогт Э-н Т,

 Э.Т нь 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр          аймгийн          сумын                багийн нутаг дэвсгэрт байрлах           дугаар сургуулийн баруун талаас НҮБ-н 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,          аймгийн       сумын                тоот гэртээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: Э.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Б цагаан овогт Э-н Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисын 2 түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.Т-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 гэж дугаарласан саарал өнгийн ууттай ургамал мэт зүйл 898.2 грамм, 2 гэж дугаарласан цагаан өнгийн ууттай ургамал ургамал мэт зүйл 92 грамм, 2 гэж дугаарласан хар өнгийн ууттай ургамал мэт зүйл 128.7 грамм, 3 гэж дугаарласан хар өнгийн ууттай ургамал мэт зүйл 54.1 грамм, 4 гэж дугаарласан хар өнгийн ууттай ургамал мэт зүйл 58.6 грамм, 5 гэж дугаарласан цаасанд боосон ургамал мэт зүйл 57.5 грамм, хар өнгийн ууттай ургамал мэт 2021.09.22 гэсэн тэмдэглэгээтэй хар өнгийн ууттай ургамал мэт зүйл 83.7 грамм, нийт 7 ширхэг ууттай ургамал гэх зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Т давж заалдах гомдолдоо: “Би өөрийн холбогдсон хэрэгт маш харамсаж байгаа бөгөөд гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байна. Би тухайн төрлийн ургамлыг хэрэглэх ашиглах нь Эрүүгийн хуульд гэмт болдог гэдгийг маш сайн ойлгож мэдэж авлаа. Би урьд нь энэ төрлийн ургамлыг хэрэглэж байгаагүй бөгөөд цаашид энэ төрлийн ургамлыг хэрэглэхгүй. Би аавтайгаа хоёулаа амьдардаг бөгөөд манайх амьжиргааны түвшингөөс доогуур орлоготой өрхөд хамаардаг, би өөрийн авга ах М-н оронд Э-д ажилд орохоор Технологийн Их Сургуулийн тоног төхөөрөмжийн засварчны 3 сарын курст сурч байсан боловч өөрийн буруугаас хорих ял эдлэхээр болоод байна. Би уг нь одоо дээрх сургалтаа амжилттай төгсөж цаашид ажилд орох зорилготой хөөцөлдөж байсан юм. Энэ нь миний болоод аав бид хоёрын амьдралд маш их нэмэр тустай зүйл болох байсан тул намайг үргэлжлүүлэн сурч мэргэжилтэй болох боломжийг олгож нийгмээс тусгаарлахгүйгээр ял хариуцлага эдлэх боломжийг нэг удаа олгож өгнө үү ... мөрдөн байцаалтын шатнаас одоог хүртэл сайн дураараа гэм буруугаа хүлээж мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөөр ирсэн. Миний бие урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй мөн миний хувийн байдлын талаар хэрэгт мөрдөн байцаалтын үед нотлох баримтаар өгсөн болно” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Г давж заалдах гомдолдоо: “Э.Т нь урьд өмнө Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг хууль бус болох талаар огт мэдлэг 3 мэдээлэлгүй байсан. Энэ нь уг ургамал нь    аймгийн гэр хорооллын гудамж талбайд ил задгай ургаж байгаа нөхцөл байдлаас харж болохоор байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлж зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. Мөн түүнчлэн Э.Т нь сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байгаагаас үзэхэд сэтгэц тогтоолгох шаардлагатай байсан гэж үзэж байна” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.Т тайлбартаа: “...Миний бие өөрийн гэм буруугаа хүлээж, маш ихээр гэмшиж байна. Би урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож, зөрчлийн арга хэмжээ авхуулж байгаагүй. Одоогийн байдлаар аавтайгаа амьдардаг, ээж маань нас барсан. Дүү маань хотод байдаг. Аав ажил хийдэггүй, ямар нэгэн цалин тэтгэвэр авдаггүй, орлогогүй. Тийм учраас би ажил хийж өрхийн амьжиргаагаа залгуулдаг байсан. Би цагдан хоригдохоосоо өмнө Технологийн их сургуулийн сургалтанд сурч байсан. Хэрвээ энэ сургалтаа төгсөөд мэргэжлийн үнэмлэхээ авчихвал мэргэжлээрээ ажиллах боломжтой. Ийм учраас миний ялыг нийгмээс тусгаарлахгүйгээр эдлэх боломж олгоно уу” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Г тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Э.Тэмүүгээ нь анхан шатны шүүх хуралдаан болон өнөөдрийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээж хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн байдаг. Э.Т нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, зөрчлийн арга хэмжээ авагдаж байгаагүй, анх удаа тохиолдлын чанартай хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилго гэж байгаа. Эрүүгийн хариуцлагын зорилгод энэ хүүхдэд заавал хорих ял оногдуулж шийдвэрлэх нь энэ хүүхдийг нийгэмшүүлэх тал дээр, ялын төрөл зорилгод нийцэхгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хавтаст хэргийн хамгийн сүүлийн хуудсанд авагдсан “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн тодорхойлолт байгаа. Энэ хүүхдийг нийгэмшүүлэхийн тулд заавал хорихгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Э дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заасныг журамлан зорчих эрхийг хязгаарлаж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан байна.

Энэ заалт нь өөрөө зорчих эрхийг хязгаарлах ялаар солино гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Тэгэхээр гаргаж байгаа хүсэлт нь хуулийн зүйл заалттай тохирохгүй байна. Хоёрдугаарт Э.Т-н сэтгэцийг тогтоолгох шаардлагатай гэсэн хүсэлт гаргасан байна. Э.Т нь өмнө нь хэрэглэж байгаагүй, тухайн үед хэрэглэсэн гэсэн мэдүүлэг, өмнө нь хэрэглэж байсан гэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул сэтгэцэд нөлөөлсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоогүй учраас дээрх хүсэлтийг шаардлагагүй гэж үзсэн. Шүүгдэгчийн хувьд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгөөч гэсэн хүсэлт гаргаж байгаа юм байна. Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь өөрөө зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялын санкцтай. Шүүх шүүгдэгчид түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй 4 хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ нь үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь өөрөө нийгмийн хор аюулын хувьд маш ноцтой аюултай. ..нийгэмдээ хор аюултай байдаг учраас хор аюулын шинж чанарыг харгалзаж хорих ял оногдуулсан нь ялын бодлого, зорилготой нийцэж байна. Ийм учраас шүүхийн шийдвэр үндэслэлтэй, шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсэн, ноцтой зөрчсөн гэсэн зүйл байхгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв

 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. Шүүгдэгч Э.Т нь 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр            аймгийн             сумын           багийн нутаг дэвсгэрт байрлах         дугаар сургуулийн баруун талын газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, уг ургамлыг         аймгийн           сумын            тоотод байрлах өөрийн гэртээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн гэмт хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны конвенцын I, II, III, IV жагсаалтад орсон байгалийн буюу нийлэг аливаа бодис эсхүл байгалийн аливаа материал нь “Сэтгэцэд нөлөөт бодис”-т хамаарах ба шүүгдэгч Э.Т-н хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэх ургамал нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд буюу делта-9-тетрагидроканнабинол агуулсан бөгөөд дээрх конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч Э.Т-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгох ба Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд юм.

Анхан шатны шүүх дээр дурдсан зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон шүүгдэгч Э.Т-н гэм буруу, хувийн байдал болон түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /1-5 жил хүртэл/- т заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 5 нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх бөгөөд шүүгдэгч Э.Т-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял нь Эрүүгийн хуульд заасан “Шударга ёсны” зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Г нарын гаргасан “ ... хорих ялыг хөнгөрүүлж ...өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 297 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Б.Г нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР С.УРАНЧИМЭГ