Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 152/ШШ2024/00203

 

        Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: С.С-ийн,

          Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд оролцогчид:

          Нэхэмжлэгч: С.С,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

        1. Нэхэмжлэгч С.С нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

         1.1. Миний бие С.С нь 1970 онд төрсөн, 54 настай, 1986 онд 8 дугаар анги төгсөөд 1986 оны 6 дугаар сараас эхлэн илгээлтийн эзэн болж Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1989 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл барилгын туслах ажилтнаар ажиллаж байгаад 1989 оны 10 дугаар сарын 18-ны өдөр цэргийн албанд явж 1991 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр цэргээс халагдаж ирсэн. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох ажилд орсон, гарсан тушаалыг Увс аймаг дахь Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас шүүлгэхэд олдохгүй байгаа учраас шүүхэд хандсан. Иймд миний Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1986 оны 6 дугаар сараас 1989 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл барилгын туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

       2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Увс аймгийн архивын тасгаас 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 63 дугаар тодорхойлолт, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан С.С-ийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1986 оны 1, 3, 5-6, 8-9, 1987 оны 1, 3-4, 6, 9-10, 1988 оны 1-4, 6, 1989 оны 1, 3-11 дүгээр саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өгсөн зөвлөмжийн хуудас, Г.Б-ийн иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ч.Н-ийн иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, С.С-ийн цэргийн батлахын хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

        3. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 243 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1 маягтын хуулбар, гэрч Г.Б, Ч.Н нараас мэдүүлэг зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

         1. Нэхэмжлэгч С.С-ийн Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1986 оны 6 дугаар сараас 1989 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл барилгын туслах ажилтнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

          2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч С.С-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

         Нэхэмжлэгч С.С нь хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

          3. Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан С.С-ийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1986 оны 1, 3, 5-6, 8-9, 1987 оны 1, 3-4, 6, 9-10, 1988 оны 1-4, 6, 1989 оны 1, 3-11 дүгээр саруудад ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.

         Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан, С.С-ийн БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбарт С.С, Наранбулаг сум Пионер нэгдэлд барилгачин, 1987 оноос ажиллаж эхэлсэн гэж тэмдэглэжээ.

         4. Шүүхээс гэрч Г.Б, Ч.Н нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Г.Б Би 1982 онд Наранбулаг сумын Пионер нэгдэлд трактарчинаар ажилд орж байсан, Наранбулаг сумын Пионер нэгдэлд хашаа, мод, чулуу, шавар, цемент, тоосго зөөдөг байсан тул С.С-ийг мэднэ. С.С 1986 онд Наранбулаг сумын Пионер нэгдлийн хашаа, барилгын бригадад туслах ажилтнаар ажилд орж байсан. Тэрээр 1989 онд цэргийн албанд татагдаад явсан, 1990 онд Наранбулаг сумын Пионер нэгдэл хувьчлагдаж тарсан тул бид 1990 он хүртэл ажилласан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрч Ч.Н Би 1977 онд Наранбулаг суманд 8 жилийн сургууль төгсөөд Баян-Өлгий аймгийн барилгын техник мэргэжлийн сургуульд 2 жил сураад, 1979 оны 7 сард төгсөж ирээд Наранбулаг сумын Пионер нэгдлийн нэгдүгээр дүгээр бригадад шаварчин, засалчнаар ажиллаж эхэлсэн. С.С 1986 онд Наранбулаг сумын Пионер нэгдлийн хашаа бригадад туслах ажилчнаар ажилд орж байсан. С.С-тэй нэг нэгдэлд ажилладаг байсан тул мэднэ. С.С 1989 онд цэргийн албанд татагдсан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

          5. Нэхэмжлэгч С.С нь Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1986 оны 6 дугаар сараас 1989 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл барилгын туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан С.С-ийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1986 оны 1, 3, 5-6, 8-9, 1987 оны 1, 3-4, 6, 9-10, 1988 оны 1-4, 6, 1989 оны 1, 3-11 дүгээр саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Наранбулаг сум Пионер нэгдэлд барилгачин, 1987 онд ажилд орсон гэж бичигдсэн ХААТР-1 маягт, гэрч Г.Б, Ч.Н нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.

        6. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч С.С-ийн Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1986 оны 6 дугаар сараас 1989 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл барилгын туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

         7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  С.С-ийн Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1986 оны 6 дугаар сараас 1989 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл барилгын туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                          ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  П.БОЛОР