Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2023/05663

 

 

 

 

 

 

 

                               2023        12          20

                   101/ШШ2023/05663

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин байрлах “******* ******* ББСБ” ХХК /рд:6027288/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод оршин суудаг гэх ******* овогт ******* ******* /рд:*******/-д холбогдох

 

36,639,017 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.*******, хариуцагч Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: овогтой *******тай байгуулсан тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 2023.09.05-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 77,289,269₮, үндсэн хүү 33,426,677₮, нэмэгдүүлсэн хүү 5,923,071₮ нийт 116,639,017₮ зээлийн үлдэгдэлтэй байна. Барьцааны гэрээнд тохиролцсон үнэлгээ болон шаардах хуудсаар харилцан тохиролцсоны үндсэн дээр барьцаа хөрөнгийг 80,000,000₮ /наян сая/ төгрөгөөр зарж борлуулсан. Зээлийн үлдэгдлээс барьцаа хөрөнгө борлуулсан орлогыг хассаны дараа зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 36,639,017 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн үндэслэл: Иргэн Х.******* нь манай “******* ******* ББСБ” ХХК-д 2021 оны 12-р дугаар сарын 10-ний өдөр хандан зээл хүссэн хүсэлтийн дагуу манай байгууллага судалж үзээд 2021 оны 12-р сарын 10-ний өдөр тоот зээлийн гэрээг бичгээр байгуулан 80,000,000 /наян сая/ төгрөгийг 24 сарын хугацаатай, нэг сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээл хүссэн өргөдлийг үндэслэн зээл олгосон. Хариуцагч зээл хүсэх үед барьцаа хөрөнгө нь “ ” ХХК-ийн нэр дээр барьцаанд байсан. Зээл олголтоос Х.*******ын ХХК-тай байгуулсан тоот зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгон манай байгууллага барьцаанд авсан. Манай байгууллагын зүгээс дээрх зээлийг гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь хэсэгт зааснаар манай байгууллагын тоот харилцах данснаас зээлдэгч болох овогтой *******ын нэр дээрх ХААН банкны тоот дансанд 23,575,400 /хорин гурван сая таван зуун далан таван мянга дөрвөн зуун/ төгрөгийг, “ ” ХХК-ийн ХААН банкны тоот дансанд 56,424,600 /тавин зургаан сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга зургаан зуун/ төгрөг нийт 80,000,000 төгрөг олгож /Хаан банкны харилцах дансны хуулга хавсаргав/ бидний хооронд зээлийн гэрээ бодитой байгуулагдсан болно.

Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3 дэх хэсэгт зааснаар: “...нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн (20) хувь байна. Үндсэн зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэнд тооцож үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдлээс нэмэгдүүлсэн хуу тооцно... ”, Монгол улсын Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дэх хэсэгт: “....Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно... ”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт: “...Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө... ” гэж заасны дагуу зээлдүүлэгчийн зүгээс нэмэгдүүлсэн хүүг тооцон шаардах эрхтэй. “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан мөнгөн хадгаламж, зээлийн хүү болон үнэт цаасны өгөөж, хямдруулалтын хувь хэмжээг бодох ерөнхий аргачлалд заасны дагуу нэмэгдүүлсэн хүүг тооцож доорх байдлаар эргэн төлөлтийг тооцсон болно. Зээл авснаас хойших 20 сарын хугацаанд нийт 7 удаагийн эргэн төлөлт хийсэн. Үүнээс нэг ч төлөлт хуваарийн дагуу төлөгдөөгүй байна. Үүнд:

1.         2022 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр зээлийн төлөлт хийх байсан боловч 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зээлээ 4 хоног хугацаа хэтрүүлэн 3,535,000.00 төгрөг төлсөн үүнээс 3,313,980 төгрөг зээлийн хүүд, 73,664.00 төгрөг нэмэгдүүлсэн хүүд, 147,376.00 төгрөг үндсэн зээлээс төлсөн.

2.         2022 оны 2 дугаар сарын 14ний өдөр 2,853,705.00 төгрөг төлснөөс 2,849,115.00 төгрөг зээлийн хүүд, 4,590.00 төгрөг үндсэн зээлээс төлөгдсөн.

3.         2022 оны 03 дугаар сарын 15-ний зээлээ 7 хоног хугацаа хэтрүүлж төлсөн 2022 оны 03 сарын 22-ний өдөр 5,903,192.00 төгрөг төлсөн бөгөөд үүнээс 3,215,975.00 төгрөг зээлийн хүүд, 128,632.00 төгрөг зээлийн хүүд, 2,558,762.00 төгрөг үндсэн зээлд төлөгдсөн.

4.         2022 оны 05 сарын 20-ний өдөр зээлийн төлөлт хийхдээ 3 сая төгрөг төлсөн бөгөөд уг өдөр зээлийн төлөлт хийх дүн 11,108,605.00 төгрөг. Уг төлөлт нь зээлийн хүүгийн төлбөрт төлөгдсөн. Нийт төлөх ёстой өрийн дүн 8,108,605.00 төгрөг.

5.         2022 оны 06 сарын 07-ний өдөр зээлийн төлөлт хийхдээ 3 сая төгрөг төлсөн бөгөөд уг өдөр зээлийн төлөх хийх дүн 10,790,532.00 төгрөг. Уг төлөлт нь зээлийн хүүгийн төлбөрт төлөгдсөн.

6.         2022 оны 09 сарын 05-ний өдөр зээлийн төлөлт 1 сая төгрөг төлсөн уг өдөр зээлийн төлөлт хийх дүн 25,166,066.00 төгрөг. Уг төлөлт нь зээлийн хүүгийн төлбөрт төлөгдсөн.

7.         2022 оны 10 сарын 07-ний өдөр зээлийн төлөлт 10 сая төгрөг төлсөн уг өдөр зээлийн төлөлт хийх дүн 30,603,683.00 төгрөг. Уг төлөлт нь зээлийн хүүгийн төлбөрт суутгагдсан байна. /Зээлийн дансны хуулга хавсаргав/

Нэхэмжлэгч нь хариуцагчид удаа дараа утсаар холбогдож, шуудангаар мэдэгдэх, шаардах хуудас хүргүүлсэн цаашид зээлээ хэрхэн төлөх талаар ярилцаж хариуцагчийн өөрийнх нь хүсэлт, боломжид тааруулан амлалт баталгаа бичүүлэн авч хугацаа өгч боломж олгосон боловч тэр бүх ярилцлага, уулзалт, баталгаа зэргээс нэг нь ч ажил хэрэг болохгүй худлаа яриад өнгөрсөөр өнөөдрийг хүрч байна. Зээл төлүүлэх талаар холбогдсон байдал 2023.01.01-с хойш:

1.         2023.02.06-ний № “Шаардах хуудас”-г танилцуулан хариуцагчийн ажлын байран дээр очиж уулзсан. Барьцаа хөрөнгийг худалдан борлуулах нөхцөл үүссэнийг танилцуулан зээлийн дансны хуулгатай танилцаж 2023.03.30 дотор 2 удаагийн 20 сая төгрөг төлөх баталгаа бичиж өгсөн. Биелээгүй

2.         2023.03.01 болон 2023.03.30 Шаардах хуудас ажлын байр болон гэрийн хаягаар шуудангаар хүргүүлсэн хүлээж аваагүй.

3.         2023.06.05-ний № “Шаардах хуудас”-г хүлээлгэн өгч зээлийн дансны хуулгыг танилцуулан зээлийг хэвийн төлөхөд хугацаа шаардлагатай байгаа, 2023.07.05 өдөр хүртэл хүлээж хуримтлагдсан хүүг төлүүлэн гэрээний хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлтэй байгааг хүлээн авч. Шаардах хуудсанд барьцаа хөрөнгийг барьцааны гэрээний үнэлгээний дагуу борлуулах талаар тусгасан бөгөөд хариуцагчид сүүлийн удаа харилцан тохиролцож боломж олгож байгааг сануулан биелээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулан зөрүү төлбөрийг нэхэмжлэх талаар удаа дараа тайлбарлаж хүсэлтийг хүлээн авсан. Биелээгүй /Мэдэгдэл, шаардах хуудас, гар хүсэлт зээлийн дансны хуулга хавсаргав/

“******* ******* ББСБ” ХХК-ийн ашигт ажиллагаанд эрсдэл учруулж, алдагдалд оруулж 2022.10.07 өдрөөс хойш төлөлт хийлгүй 1 жил болсон тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд хариуцагч Х.*******аас тоот зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох үндсэн зээлийн 36,639,017 /гучин зургаан сая зургаан зуун гучин есөн мянга арван долоо/ төгрөгийг гаргуулж манай байгууллагын хохирлыг барагдуулж өгнө үү.

1а. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтээр 2021.12.10-ны өдөр гаргасан хүсэлтээр 80,000,000 төгрөг зээлсэн. Ингэхдээ бусдад барьцаалсан гар утасны дугаарыг чөлөөлөх зээл олгосон. Ингээд зээлийн гэрээ байгуулаад өмнөх барьцааг чөлөөлсөн. Мөн барьцааны гэрээ байгуулаад гар утасны дугаарыг барьцаалсан. Хариуцагч нь зээл төлөх үүрэгт 29,291,897 төгрөг төлсөн байдаг. Энэхүү төлбөр нь хугацаандаа төлөгдөөгүй. 2022.10.7-с хойш төлбөр төлөөгүй тул боломж олгосон. 4 удаа шаардлага хүргүүлсэн. Мөн өөрөө хүсэлт гаргаж өгч байсан. Энэ хүсэлтийг хүлээж аваад хүлээсэн боловч төлбөр төлөгдөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дугаар нь зарагдаагүй бөгөөд нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэлтэй байгаа бөгөөд зээлээ төлбөл дугаараа авч болно. Үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн нийт 116,639,015 болсноос барьцаа 80,000,000 суутгаад 36,639,015 гаргуулна. Хариуцагч нь 36 саяын шаардлагыг ойлгохгүй байна. Хүү, нэмэгдүүлсэн хүү нэмэгдсэн юм. Гэрээнд зааснаар төлбөр 10 хоног хэтэрвэл дугаарыг хаахаар заасан юм. Зээлээ төлөхгүй байгаа хүн утасны төлбөрөө төлөхгүй бол нэхэмжлэгчид дахиад зардал гарах юм. Уг дугаар нь нэхэмжлэгчийн нэр дээр байгаа юм. Анх гэрээ байгуулахдаа 80 саяар л үнэлсэн юм. Шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хүүгээ авах ёстой юм гэв.

 

2.         “******* *******” ББСБ нь миний дугаар болох /99115538/-ыг 80,000,000 /наян сая төгрөг/-ний барьцаанд авсан. Өнөөдрийн байдлаар нийт 29,000,000 /хорин есөн сая/ төгрөгийг тус байгууллагад төлсөн. Гэвч 2022 оны 01-р сард миний дугаарыг орох, гарах эрхийг хязгаарлан, бусдад ашиглуулсан.

Тус байгууллага нь миний дугаарыг зах зээлийн ханшаар 150.000.000 /зуун тавин сая/ төгрөгийн үнэтэй дугаарыг 80.000.000 /наян сая/ төгрөгөөр үнэлж авсан. Барьцааны мөнгө болох 80.000.000 төгрөгөөр борлуулсан гэж мэдэгдсэнийг миний бие хүлээн зөвшөөрөөгүй. Гэрээгээ шинэчилж дугаараа буцаан авах эсвэл зах зээлийн миний үнэлж буй бодитой үнээр борлуулахыг шаардсан.

Мөн тус байгууллага нь миний дугаарыг 2022 оны 05-р сараас хойш өөр хүнд ашиглуулан, зарагдсан банкны өрөнд хураагдсан, ажлын дотоод утас руу залгаж шүүхээс ярьж байна, албадан авчирна гэх зэргээр удаа дараа ажлын газрын хамт олон руу ярьж байсан нь нэр хүнд болон сэтгэл санааны хохирол учруулсан гэж үзэж байна.

80.000.000 төгрөгөөр миний дугаарыг зарсан гэж хүчээр тулгасан. Бусдад миний дугаарыг ашиглуулсан хугацааны хүүг надаас нэхэмжилж буй нь шударга бус гэж үзэж байна.

Иймд миний тайлбарыг харгалзан үзэж хуулийн дагуу зөв шийдвэрлэж өгнө үү.

2а. 2022 оны 10 сараас төлбөр төлөөгүй гэдэг нь 3 сар хэтрээд дугаарыг хаасан байсан. Улмаар удаа дараа мэдэгдэл өгсөн бөгөөд дугаарыг нээж өгөхийг хүсэж байсан юм. 2022 оны 4 сараас хойш миний дугаарыг өөр хүнд зарчихсан гэсэн мэдээлэл өгсөн юм. Тухайн үед барьцаанд авах үед зах зээлийн үнэ 150 сая төгрөг байсан. Зээл өгөхдөө барьцааны зүйлийг 80 саяар авчхаад бага үнээр хурааж авч байгаа бол би төлөхгүй гэсэн юм. Надад их үнэ цэнтэй дугаар тул хүүг чинь төлөхгүй гэсэн. 5 сард надад мэдэгдэхдээ дугаар зарагдсан гээд шүүхээр шийдүүлнэ гэсэн юм. Ажлын газар уруу албадан ирүүлэх захирамж гарсан гээд нэр хүндэд халдсан. Дугаарыг зарчихсан гэж надад худлаа хэлсэн тул шүүхээр явъя гэсэн юм. Барьцаанд авсан үнээрээ тооцсон нь хохиролтой байгаа юм. Дугаар хадгалах үйлчилгээ байдаг. Дугаарыг ашиглаж байгаа хүнийх нь баримт байгаа юм гэв.

 

3.         Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх5/, зээл хүссэн өргөдөл /хх6/, гэрээ шилжүүлэх гэрээ /хх7/, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 21/1205 дугаар албан тоот /хх8/, “ ” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 21/3-1803 дугаар албан тоот /хх9/, зээлийн гэрээ /хх10-11/, барьцааны гэрээ /хх12-13/, зээл төлөлтийн дансны хуулга 3 ширхэг /хх14, 21, 26/, шаардах хуудас 3 ширхэг /хх19, 22, 25/, гараар бичсэн баримт 2 ширхэг /хх20, 24/, мэдэгдэл /хх23/,

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

        ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 36,639,017 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч Х.******* нь барьцааны зүйлийг хэт багаар үнэлж бусдад худалдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

4.         Зохигчид 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 80,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцааны гэрээ тус тус байгуулсан. /хх10-11, 12-13/

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 77,289,269 төгрөг, хүүд 33,426,677 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5,923,071 төгрөг, нийт 116,639,017 төгрөг төлөгдөөгүйгээс барьцааны зүйлийн үнэ болох 80,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 36,639,017 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн тооцоололд маргаагүй. Харин барьцааны зүйлийг хэт бага үнээр тооцсон гэж маргаж байна.

Барьцааны гэрээний зүйл нь 99115538 гэсэн гар утасны дугаар байсан бөгөөд уг дугаар өмнө нь “ ББСБ” ХХК-д зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан байсныг нэхэмжлэгчээс олгосон зээлийн зарим хэсгээр үүргийг дуусгавар болгож үлдэх 23,575,400 төгрөгийг хариуцагч хүлээн авсан.

Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчдын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй.

 

5.         Нэхэмжлэгч нь дээрх гар утасны дугаарыг өөрийн нэр дээр бүртгэлтэй байгаа бөгөөд бусдад ашиглуулж байгаа гэж, харин хариуцагч нь уг дугаарыг бусдад худалдсан байсан гэж тайлбарлаж байна. Улмаар энэхүү дугаар нь нэхэмжлэгчийн нэр дээр шилжсэн болох нь нэхэмжлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 21/1205 дугаар албан тоот, “ ББСБ” ХХК-ийн мөн өдрийн 21/3-1803 дугаар албан тоот,  “ ” ХХК-ийн 2 дугаар гэрээ шилжүүлэх гэрээгээр тус тус тогтоогдож байна. /хх8, 9, 7/ Ийнхүү гар утасны дугаар нь өмнөх зээлийн гэрээний үүргийн барьцаанаас чөлөөлөгдөж, нэхэмжлэгчээс олгосон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор нэхэмжлэгчийн нэр дээр шилжсэн үйл баримтын талаар хариуцагч маргаагүй.

 

6.         Дээрх үйл баримтыг харьцуулан үзвэл энэхүү барьцааны гэрээ нь агуулгын хувьд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах зориулалттай фидуцийн гэрээ байна.

Фидуцийн гэрээний зүйл нь дугаар ашиглах эрх байх тул энэ нь үүргийн гүйцэтгэлийг хангах буюу гэрээний зүйл болох боломжтой. Тодруулбал, гар утасны дугаар нь Харилцаа холбооны зохицуулалтын газрын өмч бөгөөд гар утасны үйлчилгээ эрхлэгч нь эзэмших, харин хэрэглэгч нь ашиглах эрхтэй байдаг.

Улмаар фидуцийн гэрээний зүйлийн ашиглах эрх нэхэмжлэгчид шилжсэн, тэрээр бодитоор ашиглах эрхээ хэрэгжүүлж байх тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар уг ашиглах эрхээр зээлийн гэрээний үүргийг хангуулах зээлийн гэрээний үндсэн үүрэг дуусгавар болжээ. Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

7.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

          ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар хариуцагч Х.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 36,639,017 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 341,146 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД