Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2023/05509

 

 

 

 

 

 

 

 

 

2023 12 08 101/ШШ2023/05509

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, ******* овогт ******* *******/ РД:ЧН *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/-д холбогдох,

 

Орон сууц чөлөөлүүлэх, түрээсийн төлбөрт 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ш.*******,

Хариуцагч Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Халдвартын эмнэлгийн зүүн хойд талд байрлах Баянзүрх дүүргийн  тоот буюу шатны дор байрлах өөрийн өмчийн 7,76 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай, байраа Д.******* түрээслүүлье гэхээр нь ам гэрээ хийж түрээслүүлэхээр тохиролцсон. Учир нь түүний 8 тоот байрыг Г. нь өөр хүн оруулчихсан байна гэсэн юм.

Тэгээд сарын 200,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцоод эхний 10 сарын хөлс болох 200,000 төгрөгийг шууд өгсөн. Төлбөрийг сар, сард нь төлөхөөр тохиролцсон боловч иргэн Д.******* нь 11 сард төлбөрөө төлөөд үүнээс хойш буюу 12 сараас хойш огт төлөөгүй. Тодруулбал 2022.12 сараас нэхэмжлэл гаргасан 2023.06 сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөр огт төлөөгүй байгаа болно. Д.******* энэ байрны 8 тоотыг эзэмшдэг бөгөөд байрыг Г. гэдэг хүн барьсан гэдгийг энэ Д.*******оос мэдсэн, түүнээс 2 тоот байрыг худалдаж аваагүй, н. гэдэг хүнээс худалдаж авсан, төлбөр тооцоогүй.

Байраа авчихаад очиж үзэхэд Д.******* байхаар нь тухайн үед жижүүр гэж бодсон, өөрөө ч гэсэн тэгж хариулсан.

Энэ байр маань ББСБ-ын барьцаанд 2022.10.18-ны өдрөөс хойш байгаа юм.

Иймд Баянзүрх дүүргийн  тоот, үйлчилгээний зориулалттай, 7,76 мкв байрыг Д.*******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгч, 2022.12 сараас 2023.05 сар хүртэлх 6 сарын хугацааны түрээсийн төлбөр 1,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Д.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Д.******* миний бие нь Ш.*******гийн нэхэмжлэлд ямар ч хамааралгүй. Г. гэдэг хүнд газраа чөлөөлж өгч, байртай болохоор гэрээ байгуулсан. Тэр хүн энэ Ш.*******тай өөрөө учраа олно гэсэн. Миний бие Г.аас 36,000,000 төгрөг авах ёстой учир энэ 2 тоот байранд амьдарч байгаа бөгөөд түүнээс уг мөнгийг авсан тохиолдолд байрнаас гарах болно.

Ш.*******д байр худалдсан Т. нь энэ Г.ы эхнэр юм. Тэдэнд би өөрийн өмчлөлийн 126 мкв газраа худалдахаар гэрээ хийсэн. Тэд энэ жижүүрийн байранд амьдарч бай гэж байснаа энэ хүнд зарахаар боллоо, хаачих тухай асуухад 8 тоотыг ав гэсэн юм. Гэтэл нөгөө 8 тоотод өөр айл байсан, тэр маргаан нь шүүх дээр маргаантай байгаа гэсэн. Хэрэв 8 тоот сулардаг юм бол 2 тоотыг суллаад өгнө. Түрээсийн төлбөр 1,200,000 төгрөгийг зөвшөөрөхгүй, энэ хүнтэй сарын 200,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцоогүй. Л. энэ хүнээс 500,000 төгрөгийн авлагатай түүнийг аваарай гэхэд нь энэ хүнээс аваад буцаагаад өөрт нь өгчихсөн.

Иймд Ш.*******гийн 2 тоот байрыг суллаж өгөхийг зөвшөөрнө, харин түрээсийн төлбөрийг төлөхгүй, гэрээ байгуулагдаагүй гэв.

 

3.Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

3.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ш.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Баянзүрх дүүргийн 1 тоот үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ББСБ ХХК болон Ш.******* нарын хооронд 2022.10.18-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, ихэсгэсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түрээсийн төлбөр төлсөн баримт, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-ийн 2-5,18-22,58-59, 68-69/

3.2. Хариуцагчаас ирүүлсэн: Д.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, 2022.10.22-ны өдрийн Г., Д.******* нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний хуулбар, тэдний иргэний үнэмлэхийн болон Баянзүрх дүүргийн тоот үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 11, 15, 71-72/

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой баримт /хх-ийн 28-56/ зэргийг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх, түрээсийн төлбөрт 1,200,000 төгрөг гаргуулахаар шаардсан, хариуцагч нь байрыг чөлөөлөхийг зөвшөөрч, түрээсийн төлбөрийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч Ш.******* нь  тоот орон сууцыг, сарын 200,000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохирсон, түрээсийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул байрыг чөлөөлүүлэх, 6 сарын хугацааны түрээсийн төлбөрт 1,200,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй гэжээ.

4. Хариуцагч нь орон сууцыг чөлөөлж өгөхийг зөвшөөрч, түрээсийн гэрээ байгуулагдаагүй тул түрээсийн төлбөрийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

5. Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн  тоот хаягт байршилтай, 7.76 мкв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр ******* *******г бүртгэж, түүнд дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг 2022 оны 09 сарын 24-ний өдөр олгожээ. /хх-ийн 50/

 

6. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 10 сараас эхлэн, сарын 200,000 төгрөгийн төлбөртэй түрээслүүлэхээр хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгсөн,

хариуцагч уг хөрөнгийг мөн үеэс эхлэн өөрийн эзэмшил, ашиглалтад хүлээн авсан, тэрээр түрээсийн төлбөрт 2022 оны 10, 11 сарын төлбөрт 400,000 төгрөг төлсөн, 2022 оны 12 сараас хойших хугацааны түрээсийн төлбөрийг төлөөгүй үйл баримт тогтоогдож байна.

7. Нэхэмжлэгчээс ирүүлсэн, 2022.11.26-ны өдрийн түрээсийн төлбөрт 200,000 төгрөг төлсөн баримт дээрх гарын үсгийг хариуцагч нь өөрийнх биш гэж тайлбарласан боловч дээрх тогтоогдож буй үйл баримтыг баримтаар няцаасангүй. /хх-ийн 68/

8. Талууд түрээсийн гэрээ байгуулагдсан эсэх талаар маргасан боловч нэхэмжлэгч нь гэрээг амаар байгуулсан гэж тайлбарлаж байх ба уг үл хөдлөх эд хөрөнгөнд түрээсийн гэрээ бүртгэгдээгүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар тогтоогдсон. /хх-ийн 28-56/

 

9. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус зааснаас үзэхэд түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр байх шаардлагыг хангана.

 

9.1.1. Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн  тоот хаягт байршилтай, 7.76 мкв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Ш.******* болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байгаагаас үзэхэд гэрээний зүйл нь өмчлөх эрхийн гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгө гэж үзэхээр байна.

 

9.1.2. Иргэний хуулийн 43 дугаар 43.2.3-д: Хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн байхыг шаардсаны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээний үндсэн шинж нь мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар тодорхойлогдоно.

 

Үүнээс үзэхэд түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй нь мөн хуулийн 318.4-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдлыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т тус тус зохицуулсан учир мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар тэдний хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж давхар тооцох үндэслэлгүй гэж үзэв.

 

10. Талуудын хооронд 2022 оны 10 дугаар сард байгуулагдсан түрээсийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул талууд гэрээний дагуу өгсөн авсан зүйлээ харилцан буцаах учиртай.

 

Түрээсийн гэрээ анхнаасаа хуульд заасан шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус байсны улмаас талууд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах үүрэгтэй боловч хариуцагч Д.******* нь түрээсийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Ш.*******гаас хүлээн авч, тодорхой хугацаанд өөрийн эзэмшил, ашиглалтад байлгасан байх ба ийнхүү байлгасны төлбөрийг төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч Д.******* нь бусдын эд хөрөнгийг үндэслэлгүй ашиглаж, үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус болсны улмаас үүсэх үр дагаврыг шийдвэрлэх нь зүйтэй байх тул түүнээс 2022 оны 12 сараас 2023 оны 6 сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 1,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******д олгох нь зүйтэй юм.

 

12. Иймд хариуцагч Д.*******оос 1,200,000 төгрөг гаргуулах, түүний эзэмшил, ашиглалтад буй Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн  тоот хаягт байршилтай, 7.76 мкв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Ш.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

13. Нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул хариуцагч Д.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 103,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т тус тус зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 10 сард байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, Иргэний хуулийн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан,

хариуцагч Д.*******т Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн  тоот хаягт байршилтай, 7.76 мкв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхийг даалгаж, хариуцагч Д.*******оос 1,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Д.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 103,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ