Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2023/05579

 

 

 

 

 

 

 

 

2023 12 13 101/ШШ2023/05579

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг,  тоот хаягт оршин суух ******* овогт ******* *******/*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах, ******* ******* өмчлөгчдийн холбоонд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 14,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Э.*******,

Хариуцагчийн төлөөлөгч *******,

Хариуцагчийн өмгөөлөгч Ю.******* //,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.*******нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :

Э.*******миний бие нь 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ******* ******* СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүн н. болон Л. нартай хөдөлмөрийн гэрээ байгуулж, гүйцэтгэх захирлаар томилсон тушаал гарсан. Уг томилгоог харъяа дүүрэг албан ёсны батламжилсан. Ингээд дээрх хоёр хүний заавар, зөвлөмжийн дагуу ажиллаж байсан.

Гэтэл ажиллаж байх хугацаанд ******* ******* СӨХ-ийн удирдах зөвлөлийн дарга Л. нь СӨХ-ийн дотоод дүрэм зөрчиж өөрийн дансанд 2 удаа 160,000 төгрөгийг шилжүүлж авсан тул хэний зөвшөөрлөөр энэ мөнгийг олгох тухай зохих шаардлагатай баримтыг шаардахад над руу уурсаж Би чамайг ажилд авч болсон, халахад амархан гэсэн.

Гэтэл ******* ******* СӨХ-ны удирдах зөвлөлөөс 2022.12.24-ний өдөр эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, ёс зүйн алдаа гаргасан гэж намайг ажлаас халсан шийдвэртэй санал нийлэхгүй байгаа учраас нэхэмжлэл гаргасан.

Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, өмчлөгчдийн холбооны дотоод дүрмийн дагуу сууц өмчлөгч ******* айлын эрх ашигийг хамгаалж, түүнийг төлөөлан, 3 ажилтандаа хяналт тавьж, ажиллаж байсан. Ажлаас халах болсон шалтгаан нь :

1. Удирдах зөвлөлөөс 1 ажилтанг ажлаас халах чатыг удирдах зөвлөлөөс ирүүлснийг ажлаас халах тушаал гарга гэж ойлгосон. ******* ******* СӨХ-ны үйл ажиллагааг сайжруулахын тулд өмнө явагдаж байсан ажиллагаанаас өөр хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, оршин суугчдын эрх ашгийн төлөө цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулах санал гаргаж, өөрийн эрх мэдлийн хүрээнд ажилчидтайгаа ярилцахад ажилчид хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйгээс болсон юм уу надтай санал нийлэхгүй, ажлаасаа гарна гэж тэр өдөр ажил хийлгүй явсан. Харин нөгөө хоёр ажилтан үлдэж, ажлаа хийсэн.

Үүнийг ажилтанг дур мэдэн ажлаас халсан гэж ажлаас халах үндэслэлээ болгосон байсан.

2. Миний бие ажил үүргээ ******* ******* СӨХ-ны дотоод дүрэм, журамд гүйцэтгэх захирал нь хуульд зааснаар ажил үүргээ хэрэгжүүлэх, эрх үүргээ хэрэгжүүлнэ гэж заасны дагуу шууд удирдлага дор байгаа ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажлаа сайн явуулахын тулд тэдэнд үүрэг даалгавар өгөх ёстой гэж ойлгосон.

Тэгтэл 1 ажилтан нь гэнэт ажлаа хийхгүй гэж явсан, өөр ажилтан байхгүй тул оршин суугчдын тав тухтай байдал, тохитой цэвэрхэн байдлыг хангахын өөрийн охинтой хамжаад 4 орцыг чадахаараа цэвэрлэсэн. Тэгэхдээ охиндоо ...ажил хийх гэж байгаа хүн хөдөлмөрийн аюулгүй дүрэм сахих, ажил хийх бол гэрээ, контракт байгуулдаг гэж эх хүний хувьд зөвлөгөө өгч, ажлын байран дээрх ноорог гэрээг харуулсан. Уг гэрээнд байгууллагын тамга, тэмдэг дараагүй, энэхүү гарааг ашиглаагүй, өөрийн хүүхдийг өөрийн эрх мэдлээ ашиглаж дур мэдэн ажилд авсан зүйл байхгүй.

Энэ бол зөвхөн өөрийнхөө охинд анхан шатны ойлголт өгөх, гэрээ байгуулах талаарх ойлголт өгөх зорилготой. Түүнээс гадна миний суудаг өрөөнд удирдах зөвлөлийн гишүүд орж гардаг учраас ширээн дээр ил тавьчихсан байсан, ноорог хөдөлмөрийн гэрээг Чи хүүхдээ ажилд авсан, эрх мэдлээ ашигласан гэж ажлаас халах үндэслэл болгож байгааг зөвшөөрөхгүй. Уг гэрээний дагуу өөрийн хүүхдэд цалин мөнгө олгож байгаагүй, түүнийг үйлчлэгчээр ажилд авсан зүйлгүй.

Тухайн цаг үед цэвэрлэгээ хийсэн талаарх зургийг хотхоны группт тавьсан, мөн цэвэрлэгчийн ажилтан ажилд авах зарыг байршуулсан.

3. Өмнөх СӨХ-ны дарга ажлаа хийж чадаагүй байсан учир ******* ******* СӨХ-ны мөнгийг хуримтлуулах зорилгоор ******* ******* СӨХ-ийн засвар үйлчилгээтэй холбоотой мөнгийг өөрийн Төрийн банкны дансандаа хийсэн. Тэгээд энэ ажилд орохоос өмнө 2022 оны 11 дүгээр 05-ны өдөр ******* ******* СӨХ-ны дансанд 506,000 төгрөгийг байрны 69 тоотын 11 сарын төлбөр гэсэн утгаар төлсөн.

Гэтэл СӨХ-ны мөнгийг авдаг Төрийн банк хуулганд манайхыг өртэй гаргаад байдаг байхаар нь лавлахад ...сар бүрээр нь нэг бүрчлэн программд өөрчлөлт оруулдаг учраас нэг ч мөнгөн дүн зөрүүлж болохгүй тул энэ харагдаж байгаа мөнгөн дүнгээр албан тоот бичнэ... гэсэн. Үүний дагуу Төрийн банкинд хүсэлтээ бичиж өгсөн болохоос буцааж олгох талаар хүссэн зүйлгүй. Үүнийг ******* ******* СӨХ-ны удирдах зөвлөлөөс намайг эрх мэдлээ ашиглаж СӨХ-д төлсөн мөнгөө эргүүлж авахыг оролдсон гэж гүтгэсэн.

4. Түүнээс гадна тухайн үед өөрийгөө жирэмсэн гэдгийг удирдах зөвлөлийн дарга Л.ид хэлж байсан, мөн групп чатад бичсэн байсныг устгасан байсан.

5. Удирдах зөвлөлийн дарга Л.ийн зааварчилгааны дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн. Цас орсон учраас үүдэндээ шалавч авч дэвссэн нь 4 ажилчдынхаа ажлыг ойлгож ачааллыг нь хөнгөвчлөх зорилготой байсан. Цаг агаарын гэнэтийн нөхцөл байдлаас болоод авах шаардлагатай байна гэж хэд хэдэн удаа хандсан. Өмнө нь худалдан авалт хийхэд татгалздаггүй байсан байж энэ шалавч дээр л удаа дараа хойшлуулж байсан. Тэгэхээр нь би захиалгаар шалавч худалдаж авч, ийм зүйл авсан гэдгээ тайлбарлаж танилцуулаад оршин суугчдад ч гэсэн таалагдсан учраас төлбөрийг нь шилжүүлсэн. Үүнийг дур мэдэж мөнгө гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас халсан гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй.

Өөрийн дансаар худалдан авалтыг хийсэн гэж байна, гэтэл худалдан авах зүйлс аль болохоор хамгийн хямд өртөг багатай, хамгийн хямд газраас авах хэрэгтэй гээд худалдан авалт хийх тутам Л. дарга хамт явдаг байсан мөртлөө эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэснийг зөвшөөрөхгүй.

Иймд ******* ******* Өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх 10 сарын хугацааны үндсэн цалин 800,000 төгрөгх10сар=8,000,000 төгрөг, нэмэгдэл 100,000 төгрөгх10 сар=1,000,000 төгрөг, энэ хугацаанд төлөгдөх байсан нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар 192,000 төгрөгх10 сар=1,920,000 төгрөг, амаржихаас өмнөх 2 сарын, төрсний дараах 2 сарын тэтгэмж 800,000 төгрөгх4 сар =3,200,000 төгрөг, нийт 14,120,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 

2. Хариуцагч ******* ******* сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлийг гүйцэтгэх захирал Б.*******, өмгөөлөгч Ю.******* нар дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :

Э. нэхэмжлэлтэй ******* ******* СӨХ-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Э.*******тэй 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан гүйцэтгэх захирлаар ажиллуулах болсон.

Гэтэл тэрээр ажиллах хугацаандаа өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зохицуулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хууль, дүрэм зэрэг олон хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн тул 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Удирдах зөвлөлийн хурлаар гүйцэтгэх захирал Э. үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоол гаргасан. Ийнхүү түүнийг үүрэгт ажлаас чөлөөлсөн хууль зүйн үндэслэл нь дараах шалтгаантай. Үүнд:

1. өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12.4.3-т холбооны мөнгөн хөрөнгийг түүний зорилго, үйл ажиллагааны чиглэл, бүх гишүүдийн хурлын шийдвэрт нийцүүлэн энэ хууль, хууль тогтоомжийн бусад акт болон холбооны дүрмээр олгосон эрх хэмжээний дотор зөвхөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, бусад нийтлэг зардалд зориулан захиран зарцуулах гэж заасны дагуу мөнгөн хөрөнгийг зарцуулах ёстой байтал хуурамч баримт бүрдүүлэн хувьдаа мөнгө завшсан.

Мөн СӨХ-ны бараа бүтээгдэхүүний худалдан авалтын НӨАТ-ын баримтыг байгууллагын регистрээр бүртгүүлэхгүй, хувь хүнээр бүртгүүлдэг зөрчил удаа дараа гаргаж байсан.

2. Э.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3-д хамт олны уур амьсгалыг хэвийн байлгах, дэг журмыг хангаж ажиллах үүрэгтэй гэсэн заалтыг удаа дараа зөрчиж, "******* *******" СӨХ-д ажиллаж байсан ажилтнуудтай зүй бусаар
харьцдаг, худал зүйл зохион ярьж хамт олны уур амьсгалд сөргөөр нөлөөлдөг, элдэв зүйлээр дарамталж ажлын байрны дарамт үзүүлдэг зэрэг байдал нь ёс зүйн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан.

Тус Өмчлөгчдийн Холбооны 3 /гурав/ үйлчлэгчийг хууль бусаар ажлаас халж, энэ хугацаанд байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан бөгөөд энэ талаар үйлчлэгч нь Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлд хандаж гомдол гаргасан. Тэднийг ажлаас халсан гэх хуульд заасан шаардлага хангасан тушаал шийдвэр байхгүй, ийм тушаал гаргаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т хэл амаар доромжлох, нэр төр, алдар хүндийг гутаах-ыг хориглоно гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч 3 үйлчлэгчийг хэл амаар доромжлох, ажлын байрны дарамтанд оруулдаг байсан.

Мөн хуулийн 7.3Ажилтан, ажил олгогч, гуравдагч этгээд ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтад өртсөн гэж үзвэл гомдлоо тухайн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, дээд шатны албан тушаалтан, холбогдох төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэл, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага, хууль хяналтын байгууллага, хөдөлмөрийн хяналтын байгууллага, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, шүүхэд тус тус гаргаж болно. Гомдлыг хүлээн авах байгууллага, албан тушаалтны нэр, хаяг, харилцах утас, цахим шуудангийн хаягийг ажил олгогч нийт ажилтанд харагдахуйц газар байршуулах үүрэгтэй гэж заасны дагуу 3 үйлчлэгч гомдол гаргасан.

Үйлчлэгч байхгүй, ажиллах хүн байхгүй хугацаанд өөрийн төрсөн охин болох насанд хүрээгүй О. хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулан ажиллуулж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 142 дугаар зүйлд зааснаар хүүхэд 13 нас хүрээгүй тохиолдолд хөдөлмөр эрхлүүлэхийг хориглох сон гэсэн заалтыг ноцтой зөрчсөн бөгөөд үүнийг удирдах зөвлөл мэдээгүй байсан бол цаашид цалин олгох асуудал яригдах байсан, мөн хөлсөөр ажиллах гэрээ үргэлжлэх байсан.

Үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.9-т хүүхдийн хөдөлмөрийг хориглох, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

3. Гүйцэтгэх захирлын эрхээ урвуулан ашиглаж, өөрийн амьдардаг байрны  тоотын СӨХ-ийн төлбөр болох 2022 оны 1-12 сар хүртэлх хугацааны төлбөрийг төлөөгүй байсан ба энэ 558,608 төгрөгийг хасалт хийлгэхээр Төрийн банкинд хүсэлт илгээж, буцаан авахыг завдсан зэрэг санхүүгийн луйврын шинжтэй ёс зүйгүй үйлдэл гаргасан.

4. Нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...эрх, үүргээ хэтрүүлэн ашигласан, ёс зүйн алдаа гаргасан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоол гаргасан, ажиллах хугацаанд хөдөлмөрийн гэрээнд заасанчлан сануулгын арга хэмжээ гэхчилэн шат дараатай хандалгүй хөдөлмөрийн гэрээг цуцалсан... гэж дурьдсан.

Энэ нь тэрээр өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэлбэр, нөгөө талаас Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т сахилгын зөрчлийн шинж, үр дагаварыг харгалзан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж заасан тул сахилгын шийтгэлийг шат дараатай хэрэглэнэ гэсэн үг биш юм.

5. Хөдөлмөрийн тухай хууль болон гэрээнд ажлын цагийг 7 хоногт 40 цаг байхаар тусгасан боловч шаардлагатай тохиолдлоос бусад үед ажлын байран дээр байдаггүй нь СӨХ-ны үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн. Энэ талаар ажилчид болон оршин суугчид гомдол гаргаж байсан.

өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.9-д гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай удирдах зөвлөлийн шийдвэр гарвал уг шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан холбооны тамга тэмдэг болон бусад зүйлсийг удирдах зөвлөлд хүлээлгэн өгөх үүрэгтэй атал тамга тэмдэг өгөхгүй 2 сар болж, СӨХ-ны үйл ажиллагаа доголдсон. Энэ хугацаанд СӨХ болон оршин суугчдын эрх ашиг зөрчигдөж, ажилчдын цалин хөлс, тог цахилгаан, хог, цэвэрлэгээний материал, нийгмийн даатгал, татвар, улирлын тайлан гэх мэт тогтмол хийгддэг ажлууд бүрэн зогссон.

Түүнчлэн жилийн эцсийн татварын тайлангийн хугацаа хэтэрч, торгуулах хэмжээнд очсон. Учраа хэлж тайлангийн хугацааг сунгуулж байж энэ хүндрэлээс гарсан. Тогтмол зардлаас бусад худалдан авалт, ажил үйлчилгээний төлбөрийг Удирдах зөвлөлийн дарга, гишүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр шийдэж байх гэдэг шаардлагыг зөрчин, дур мэдэн худалдан авалтуудыг хийсэн.

Удирдах арга барил эзэмшээгүй, удирдуулах зарчимд суралцаагүй, ёс зүйн төлөвшилгүй, хувийн эрх ашгийг албаны эрх ашгаас дээгүүрт тавьдаг, ажлын туршлага муу, дураараа авирладаг зэрэг дутагдал гаргадаг.

Эдгээр байдлаас болж Э.*******тэй ******* ******* СӨХ цаашид хамтран ажиллах боломжгүй, ёс зүйн болон ур чадварынхаа хувьд тэнцэхгүй гэж үзэж 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, 80.1.5 дахь заалт болон хөдөлмөрийн гэрээний 5.2-д зааснаар гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Э. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. 3. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

3.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн:тус шүүхийн шүүгчийн 2023.01.27-ны өдрийн дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хорооны хуралдааны 2023.02.20-ны өдрийн №26 дугаартай тэмдэглэл, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн хорооны 2022.08.17-ны өдрийн №12 дугаартай Хороо байгуулах тухай тогтоол, ******* ******* Суцц өмчлөгчдийн холбооны дарга Л. болон Э.*******нарын хооронд 2022.11.06-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ******* ******* өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №5 дугаартай СӨХ-ны гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоол, С. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянзүрх дүүрэг, тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, ******* ******* өмчлөгчдийн холбооны Төрийн банкщ ХК дах харилцах дансны харилцагчийн хуулга, гүйцэтгэх захирал Х. 2022 оны №01 тоот тушаал, Б.*******тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ, СӨХ болон хөлсөөр ажиллагч нарын хэлэлцээр, гүйцэтгэх захирал Х. 2018.01.01-ний өдрийн №03 дугаартай тушаал, Т. байгуулсан хөлсөөр ажиллуулах гэрээ, СӨХ болон хөлсөөр ажиллагч нарын хэлэлцээр, Б. байгуулсан хөдөлмөрийн гэрээ, гүйцэтгэх захирлын 2019.06.01-ний өдрийн №06 тоот Б.*******г үйлчлэгчээр ажилуулах тухай тушаал, нэхэмжлэгчийн эмнэлэгт үзүүлсэнтэй холбоотой баримтууд, ******* ******* СӨХ-нд олгосон батламж, өмчлөгчдийн холбооны Төрийн банк ХК дах харилцах дансны харилцагчийн хуулга /хх-ийн 2-12,50,55-78,95-91/,

3.2.Хариуцагчаас ирүүлсэн: Хариуцагчийн хариу тайлбар, 2022.11.06-ны өдрийн ******* ******* СӨХ-ны дотоод дүрэм, ******* ******* өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №5 дугаартай СӨХ-ны гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоол, уг тогтоолын хавсралт, хөлсөөр ажиллуулах гэрээ, месеенжер чат дах зар, ******* ******* СӨХ-ны 2022.12.11-ний өдрийн Төрийн банкинд хүсэлт гаргах нь албан бичиг, төлбөрийг хасалт хийлгэх хүсэлтийн хуулбар, Удирдах зөвлөлд Б., Т., Б.******* нарын гаргасан хүсэлт, 2023.03.29-ний өдөр өмгөөлөгч Ю.*******тэй байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Удирдах зөвлөлийн 2023.07.2-ны өдрийн №07 дугаартай Гүйцэтгэх захирлыг түр орлох тухай тогтоол, ******* ******* өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, 2023.02.16-ны өдөр Д. гүйцэтгэх захирлаар ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ, 2023.07.22-ны өдрийн Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын протокол, ******* ******* өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, Л.оос 50,000 төгрөг төлсөн баримт, Б.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, удирдах зөвлөлийн хурлын 2023.10.11-ний өдрийн тогтоол, протокол /хх-ийн 20-36, 102-107,111-113,138-144/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.*******нь хариуцагч ******* ******* өмчлөгчдийн холбоонд холбогдуулан Гүйцэтгэх захиррлын ажилд эргүүлэн тогтоолгох, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, амаржсаны болон төрсний дараа тэтгэмж зэрэгт нийт 14,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь зөвшөөрөхгүй маргасан.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

3. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.а. Нэхэмжлэгч Э.*******нь 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс ******* ******* өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Л.той 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан, тус өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан болох нь тэдний хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-ийн 7-8,11/

3.б. ******* ******* өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 5 дугаартай тогтоолоор Э. өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.3-т заасан холбооны мөнгөн хөрөнгийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, ёс зүйн ноцтой алдаанууд гаргасан гэж үзэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 12 сарын 27-ны өдрөөр дуусгавар болгон ажлаас нь чөлөөлжээ. /хх-ийн 25-26/

3.в. Тус шүүх Э., Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023.01.20-ны өдөр хүлээн аваад Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, тодруулбал Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороонд хандсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримтгүй гэж үзэн шүүгчийн 2023.01.27-ны өдрийн дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан байна. /хх-ийн 2-4/

 

3.г.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5-т Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороогоор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй бол энэ талаар тэмдэглэл үйлдэж талууд гарын үсэг зурснаар маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ дуусгавар болно гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хорооны хуралдааны 2023 оны 02 сарын 20-ны өдрийн №26 тэмдэглэл гарснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон гэж үзнэ. /хх-ийн 5-6/

 

3.д. Нэхэмжлэгч нь дээрх шийдвэрийг хүлээн авснаас хойш 2023 оны 02 сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-т Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш,... ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасантай нийцсэн гэж үзнэ. /хх-ийн 1/

4. Хариуцагч нь 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 5 дугаартай тогтоолд Э.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй байх боловч татгалзлын үндэслэлийг холбооны мөнгөн хөрөнгийг хуурамч баримт бүрдүүлэн хувьдаа мөнгө завшсан, дур мэдэн худалдан авалт хийсэн, ёс зүйгүй авирлаж 3 үйлчлэгчийг ажлаас халсан, насанд хүрээгүй хүүхдээр орц цэвэрлүүлэн, түүнтэй хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулсан, СӨХ-ны төлбөрийг буцаан авахыг завдсан гэж тайлбарласан.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохыг заасан, 80.1.4ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан; 80.1.5ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж тус тус заасан.

 

5.а.Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т Энэхүү гэрээний 2.3 заасан зөрчил гаргасан ажилтантай байгуулсан гэрээгээ хуулийн дагуу цуцална, 2 дугаар зүйлийн 2.3-т Албан тушаалаа ашиглан оршин суугчдад хохиролтой шийдвэр гаргах, гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэжээ. /хх-ийн 7-8/

 

5.б. ******* ******* өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2022.12.24-ний өдрийн 5 дугаартай тогтоолын 2-т чөлөөлөгдөх болсон үндэслэлүүдийн жагсаалт, ажилчдын гомдлыг тогтоолд хавсаргах, 3-т уг мэдэгдлийг 2022 оны 12 сарын 27-ны өдрийн дотор хүргүүлэн ...ажлын 3 хоногийн хугацаанд ажлаа бүрэн хүлээлгэн өгөхийг шаардах, 4-т ажилласан хугацааны санхүүгийн орлого, зарлагын тайланг сонсож, худалдан авсан эд хөрөнгийг бүртгэл, дансны сүүлийн дүнг нийлж тулгах, 5-т хүлээлцэх ажлыг дарга болон гишүүдийн төлөөлөлтэй хийхээр шийдвэрлэсэн байна. /хх-ийн 25-26/

 

Үүнээс үзэхэд ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа үндэслэлээ ажилтанд тайлбарлаж танилцуулсны үндсэн дээр түүний ажлыг Удирдах зөвлөлийн дарга, гишүүдийн төлөөлөлийг байлцуулан хүлээлцэх, ийнхүү хүлээлцэх явцад санхүүгийн орлого, зарлагын тайланг хэлэлцэж, худалдан авсан эд хөрөнгийн бүртгэл, дансны дүнг нийлж тулгах үүрэгтэй.

 

5.в. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-т ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах, 83 дугаар зүйлийн 83.3, 83.4-т ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заах, уг шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулах, шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгөх нь ажил олгогчийн үүрэг болохыг заасан байна.

5.г. Хариуцагчаас татгалзлын үндэслэл болгож буй Хөлсөөр ажиллуулах гэрээ, фэйсвүүк мессенжер, огноо, тамга, гарын үсэггүй Төрийн банк-нд гаргасан хүсэлт, Б., Т., Б.******* нарын гомдол зэрэг баримтаар ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгааг түүнд танилцуулсны үндсэн дээр ажил хүлээлцсэн, ийнхүү хүлээлцсэний дагуу холбооны мөнгөн хөрөнгийг хуурамчаар баримт бүрдүүлж завшсан, түүнчлэн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг дур мэдэн худалдан авалт хийсэн, зориулалтын бусаар хөрөнгийг зарцуулсан болохыг тогтоосон баримт гэж үзэх боломжгүй байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь холбооны мөнгөн хөрөнгийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, зориулалтын бусаар зарцуулсан гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

6. Иймд дээр дурдсан үндэслэлээр Э., ******* ******* өмчлөгчдийн гүйцэтгэх захирал ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, түүнийг уг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

7. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговрыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх 10 сарын хугацаагаар тооцож үндсэн цалин 8,000,000 төгрөг /800,000 төгрөгх10сар/, нэмэгдэл хөлс 1,000,000 төгрөг /100,000 төгрөгх10 сар/, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар 1,920,000 төгрөг /192,000төгрөгх10сар/, амаржихаас өмнөх 2 сарын, төрсний дараах 2 сарын тэтгэмж 800,000төгрөгх4сар=3,200,000 төгрөг, нийт 14,120,000 төгрөг нэхэмжилсэн.

 

7.а. Талуудын хооронд 2022.11.06-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 1.4-т сарын үндсэн цалин хөлсний хэмжээг 800,000 төгрөг байхаар тохиролцсон байх тул Э. ажилгүй байсан 2023.01.01-ний өдрөөс 2023.10.30-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговорт 7,636,230 төгрөг /800,000:21=36,363х210хоног/-ийг хариуцагч ******* ******* өмчлөгчдийн холбооноос гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,483,770 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов. /хх-ийн 11/

7.б. Ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7,636,230 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан олгож, 6,483,770 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож байх тул нэхэмжлэгчийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, бичилт хийхийг хариуцагч ******* ******* өмчлөгчдийн холбоонд даалгах нь зүйтэй гэж үзэв.

8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул хариуцагч ******* ******* өмчлөгчдийн холбооноос нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр тооцож, улсын тэмдэгтийн хураамжид төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э., ******* ******* өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал-ын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.5-т тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ******* өмчлөгчдийн холбооноос ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,636,230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгож, хариуцагч ******* ******* өмчлөгчдийн холбоонд олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлж, нөхөн бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,483,770 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйин 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Э. нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурьдаж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******* ******* өмчлөгчдийн холбооноос 137,129 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ