Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2026/ШЦТ/181

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн, 

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Хохирогч Б.П (цахимаар),

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дгийн Гт холбогдох эрүүгийн 2638000000135 дугаартай хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М овогт Дгийн Г,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь Хөвсгөл аймгийн ***** сумын **** дугаар багийн ***** гэх газарт байх Э.Г-ийн гэрт 2025 оны 11 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.П-тэй маргалдаж, улмаар зүүн гарын алга, баруун гарын шуу хэсэгт нь хутгалж, эрүүл мэндэд нь баруун шуу, зүүн сарвуунд шархны сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч Ж.Тийн нэхэмжлэл (хх-ийн 81-р хуудас),

Хохирогч Б.П-ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны шатанд өгсөн:  “...Миний хувьд гомдолтой байна. Өрөөсөн гар одоо болтол хөдөлж болохгүй байна. Дунд гурван шөрмөс бяцарсан байна гэж гарч байна. Би шөрмөсөө залгуулах гэхээр боломж бүрдэж өгөхгүй мөнгөний асуудал гарахгүй гомдолтой байна...Би нийт 7 сая төгрөг нэхэмжилж байгаа үүнээс 3,000,000 төгрөгийг өгсөн. Одоо 4 сая төгрөг өгөхөөр тохиролцсон...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шөнө хүмүүс чанга дуугарах чимээ гадаа босоод ирэхэд Пгийн гараас цус гарсан байсан. Г хутга барьсан зогсож байсан. Би босч очоод Гыг барьж аваад дарж унагааж ноцолдсон. Би хутгыг нь салгаж авах гэж байгаад өөрийнхөө гуя руу хутгаар чичүүлсэн. Тэр үед П гэрээс гараад явсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 20-21-р хуудас),

Гэрч Э.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэнэт Г шууд Пгийн гар руу хутгалчихсан байсан. Би тэр хоёрыг загнаад байж байхад М босч ирээд Гыг дарж байгаад хутгыг нь гараас нь салгаж авсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-25-р хуудас),

Шүүгдэгч Д.Гын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...нутгийн дүү П бид хоёр хоорондоо маргалдаад миний нүүр тус газар 1 удаа цохиод авахаар уур хүрээд мах идэж байсан хутгаараа ширвэхэд зүүн гарыг нь зүссэн байсан...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх  мэдүүлэг,

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 105 дугаартай: “...Б.Пгийн биед баруун шуу, зүүн сарвуунд шархны сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 31-32-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Д.Г нь хохирогч Б.Пгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Хохирогч Б.П нь шүүх хуралдаанд “...Д.Гаас 3,000,000 төгрөгийг авсан, 4,000,000 төгрөгийг өгөхөөр болсон. Гарны шөрмөсөө залгуулна” гэх мэдүүлэг өгсөн ба шүүгдэгч Д.Г нь үлдсэн 4,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Д.Гаас 4,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Пд олгох нь зүйтэй байна.

Хохирогч Б.П нь гарны шөрмөсөө залгуулна гэж байх боловч хэрэгт баримт байхгүй байх тул хохирогч Б.П нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Гаас нэхэмжлэх эрх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хохирогч Б.П нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн тусламж үйчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас 417,388 төгрөгийн зардал гарсан ба уг хохирлыг шүүгдэгч Д.Г нь төлсөн болох нь Хаан банкны 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн банк хоорондын шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Гыг Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар

Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.Г нь хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Г нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Дгийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Дгийн Гыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч  Д.Гаас 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Пд олгосугай.

6. Эрүүгийн 2638000000135 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.П нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Д.Гаас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.УУГАНБАЯР