Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 111/ШШ2023/0148

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа даргалж, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *******гийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагч талаас шүүх хуралдаанд бичгээр гаргасан “Эвлэрлийн гэрээ”-нд: “Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар харилцан тохиролцоод дараах байдлаар эвлэрэхээр боллоо. Үүнд:

1.*******гийн үндсэн цалин болох 1.182.508 төгрөгөөр тооцон 3, 4, 5, 6 дугаар сарын үндсэн цалинг олгох, түүнд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх, нөхөн бичилт хийх,

2. 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Гурванбулаг сумын сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож томилох,

3. Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Засаг даргын 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Б/08 дугаар захирамжийг хүчингүй болгохоор эвлэрлийн гэрээ байгуулав.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Засаг даргад холбогдуулан “Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Засаг даргын 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Б/08 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагч талууд эвлэрч түүнийгээ бичгээр илэрхийлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.4-т нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул *******гийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан *******гийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ц.СУВДМАА