| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/02751/И |
| Дугаар | 184/ШШ2024/02562 |
| Огноо | 2024-05-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 184/ШШ2024/02562
| 2024 05 09 | 184/ШШ2024/02562 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, ХА хотхон, 104 дүгээр байр, 30 тоот хаягт оршин суух Гэгээн Бямба овогт Бямбын Батсайхан /РД:ЧА74100419/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 34 дүгээр хороо, Хилчний 98 дугаар гудамж, 25 тоот хаягт оршин суух Боржигон овогт Чинзоригийн Эрдэнэ-Очир /РД:РЭ95011314/-д холбогдох,
16,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонгыг суулцуулан, гэрч Х.Баатархүү оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Бямбаа овогтой Батсайхан би Ч.Эрдэнэ-Очирын хүсэлтээр 2022 оны 5 дугаар сарын 27-нд Замын-Үүдийн Тагнуулын ерөнхий газрын барилга 1 давхартай 320 м.кв талбайтай м.кв-ийг 30,000 төгрөгөөр тохирч краказ угсралтын ажил тохиролцож ажлыг хийж гүйцэтгэсэн. Миний хийсэн ажил 640 м.кв 2 давхрын ажлыг хийж 640 м.кв*30,000=19,200,000 төгрөг. Үүнээс 2,300,000 төгрөг авсан. Одоо авах ёстой мөнгө 16,900,000 төгрөг юм. Ч.Эрдэнэ-Очир нь хаяг тодорхой бус эрэн сурвалжилж байгаад өдий хүрсэн. Иймд хариуцагч Ч.Эрдэнэ-Очироос би болон миний хүмүүсийн ажлын хөлс 16,900,000 төгрөг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Чинзориг овогтой Эрдэнэ-Очир 2022 оны 5 дугаар сарын сүүлээр ДГА-ын Замын-Үүд сумын ТЕГ-ын барилгын ажлыг О.Ганзориг болон Батсайхан гэх хүмүүстэй нийлж хийсэн билээ. Тухайн үед Ганзориг Замын-Үүд дахь барилгын ажлыг хариуцан хийж байсан. Батсайхан нь мужааны ажлыг хийсэн. Ажлын явцад Батсайхан ажлын байран дээр архи ууж цутгалт авах болгонд хариуцсан хүмүүстээ битгий ажилдаа гар би ажлаа хаяад явлаа гэх зэргээр харилцааны доголдол болон цутгалт авсан нь арматур төмөр нь арзай гарсан, 1 багана нь 12 см савсан байсан. Тийм учраас Ганзориг Батсайханы ажлын хөлсийг өгөөгүй. Ажил үүрэг гүйцэтгэхэд ажлын хариуцлага гэж бий. Тухайн үед Эрдэнэ-Очир миний бие Улаанбаатар хотод байсан” гэв.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Нэхэмжлэл /хх1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх2/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх3/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 28з2-3/3820 дугаартай албан бичиг /хх4/, ХААН банкны депозит дансны хуулга /хх5-9/, зураг /хх48-50/
3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: хариу тайлбар /хх21/, зураг /51-80/,
3.3 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтгүй болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Батсайхан нь хариуцагч Ч.Эрдэнэ-Очирт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 16,900,000 /арван зургаан сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ч.Эрдэнэ-Очир нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хариуцагч Ч.Эрдэнэ-Очиртой 2022 онд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Тагнуулын хэлтсийн 2 давхрын барилгын мужаан карказ угсралтын 640 м.кв ажлыг 1 м.кв 30,000 төгрөгөөр тооцон 19,200,000 төгрөгөөр тохирсон, үүнээс 2,300,000 төгрөгийг авч үлдэгдэл 16,900,000 төгрөгийг аваагүй тул 16,900,000 төгрөгийг гаргуулна хэмээн тодорхойлдог.
Хариуцагч Ч.Эрдэнэ-Очир нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Б.Батсайхан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Тагнуулын хэлтсийн 2 давхрын барилгын мужаан карказ угсралтын ажлыг гүйцэтгэхээр амаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Б.Батсайхан нь 1 давхрын ажлыг эхлүүлж байхдаа архи уусан, барилга угсралтын ажлыг чанар муутай хийж гүйцэтгэсэн тул ажлыг зогсоож түүнийг ажил хийлгээгүй, түүнд одоо өгөх мөнгө төгрөг байхгүй. Хийсэн ажилд нь тааруулж мөнгийг нь өгсөн... гэж маргадаг.
3. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасантай нийцэж байна.
Учир нь нэхэмжлэгч Б.Батсайхан нь хариуцагч Ч.Эрдэнэ-Очиртой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Тагнуулын хэлтсийн 2 давхар барилгын мужаан карказ угсралтын ажлыг гүйцэтгэхээр амаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаар зохигчид аль аль нь хүлээн зөвшөөрдөг тул зохигчдын хооронд дээрх амаар байгуулагдсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
4. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр тул гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үр дагаврыг шаардах эрхтэй бөгөөд зохигчид ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулаагүй тул Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт “Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө” гэж, 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт “Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө” гэж зааснаар зохигчдын амаар тохирсон ажил гүйцэтгэх гэрээгээр 1 м.кв ажлыг 30,000 төгрөгөөр тохирсон гэж гэрч О.Ганзориг шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо мэдүүлснийг нэхэмжлэгч Б.Батсайхан үгүйсгээгүй. Харин 640 м.кв барилгын мужаан карказ угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн гэж нэхэмжлэгч шүүхэд тайлбарладаг боловч үүнийг нотолсон барилгын ажил дүгнэх актыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй, мөн ажил гүйцэтгэсэн талаарх бусад нотлох баримтыг шүүхэд өгөөгүй болно. Барилга угсралтын ажил явагдаж байгаа талаарх гэрэл зургийн хуулбар хувь нь дангаараа нэхэмжлэгчийг 640 м.кв барилгын мужаан карказ угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй байна.
Хариуцагч Ч.Эрдэнэ-Очир болон гэрч О.Ганзориг, Х.Баатархүү нарын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, тайлбарт....Б.Батсайхан нь барилгын мужаан карказ угсралтын ажлыг барилгын чанар стандартын дагуу хийгээгүй тул барилга угсралтын ажлыг зогсоож, түүнд хийсэн ажилд нь тааруулан хөлс болох 2,700,000 төгрөгийг дансаар болон бэлнээр өгсөн гэдэг нь нэхэмжлэгч Б.Батсайханы ХААН банкны дансанд 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Ч.Эрдэнэ-Очирын ХААН банкны 5033433281 тоот данснаас 100,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Ч.Эрдэнэ-Очирын ХААН банкны 5033433281 тоот данснаас 600,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Ч.Эрдэнэ-Очирын ХААН банкны 5033433281 тоот данснаас 1,000,000 төгрөг шилжүүлсэн банкны депозит хуулга, шүүх хуралдаанд гэрч О.Ганзориг, Х.Баатархүү нар ....Б.Батсайханд Х.Баатархүү 1,000,000 төгрөг бэлнээр өгсөн...гэсэн мэдүүлэг, уг мэдүүлгийг нэхэмжлэгч Б.Батсайхан өөрөө шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч ...Х.Баатархүүгээс 1,000,000 төгрөгийг бэлнээр авсан... гэх тайлбараар тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Батсайханыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Тагнуулын хэлтсийн 2 давхар барилгын мужаан карказ угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр тус барилгын талбайд 2022 оны 05 дугаар сарын 20-иос хойш 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд ажилласан, ийнхүү ажиллахдаа 150 м.кв талбай бүхий ажлыг чанар стандартын шаардлага хангаагүй гүйцэтгэсэн тул барилгын ажлыг зогсоосон... гэж гэрч О.Ганзориг шүүх хуралдаанд мэдүүлсэн, мөн ...О.Ганзориг, Ч.Эрдэнэ-Очир нарын туслах ажилтнууд барилгын мужаан карказ угсралтын ажлыг чанар муутай гүйцэтгэсэн тул барилга угсралтын ажлыг зогсоосон... гэж гэрч Х.Баатархүү шүүх хуралдаанд мэдүүлсэн тул нэхэмжлэгч Б.Батсайхан нь тус барилгын талбайд барилгын мужаан карказ угсралтын ажлыг барилгын талбайд 20 гаруй хоног ажиллахдаа барилгын чанар стандартыг хангаагүй, ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийг зөрчил дутагдалтай гүйцэтгэж ажилласан гэж шүүхээс дүгнэв.
5. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 343.2 дахь хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Батсайхан нь амаар байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг чанар стандартын шаардлага хангаагүй гүйцэтгэсэн тул хариуцагч Ч.Эрдэнэ-Очир ажил гүйцэтгэх гэрээг дүгнэн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, түүнд хийсэн ажлын хөлсийг бүрэн төлсөн байна.
Нэхэмжлэгчээс Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Тагнуулын хэлтсийн 2 давхар барилгын 640 м.кв мужаан карказ угсралтын ажлыг бүрэн гүйцэтгэсэн, гүйцэтгэхдээ барилгын норм, дүрэм чанарын стандартыг хангалттай гүйцэтгэсэн гэсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй, өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгчийн хариуцагчаас зээлийн ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлд нэхэмжилсэн 16,900,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Эрдэнэ-Очирт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 16,900,000 /арван зургаан сая есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Батсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД