| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхөө |
| Хэргийн индекс | 161/2019/0000/Э |
| Дугаар | 2019/ДШМ/0019 |
| Огноо | 2019-10-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Б |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2019/ДШМ/0019
Е.А нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/129 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Е.А, Б.Д нарт холбогдох эрүүгийн 1913002420165 дугаартай, 1 хавтастай хэргийг хохирогч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүх, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Нургайып, хохирогч И.А, түүний өмгөөлөгч С.Алтай нар оролцов.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1993 оны 5 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, ам бүл-7, эцэг, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Т сумын 5 дугаар багт оршин суух, дээд боловсролтой, цэргийн бэлтгэлийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овгийн Б-ын Д /РД:БЙ00000000/
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 2000 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, ам бүл-3, эцэг, эхийн хамт Баян-Өлгий аймгийн А сумын 4 дүгээр багт оршин суух, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Е-ий А /РД:БА000000000/ нар нь Баян-Өлгий аймгийн А сумын төвд тус сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамал ажилтай И.Аг 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Е.Ад “хашаагаа зөвшөөрөлгүйгээр томсгож татаж болохгүй” гэж шаардлага тавихад эсэргүүцэж, эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулж, бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/129 дүгээр шийтгэх тогтоолоор:
“1. Шүүгдэгч Х овогт Б-ын Д, Ш овогт Е-ий А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь бүлэглэн зодож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Е.А нарыг тус бүр 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Е.А нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Е.А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч И.Ан нэхэмжилсэн 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлээс 899.500 /найман зуун ерэн есөн мянга таван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч Б.Д, Е.А нараас тэнцүү хуваан гаргуулж хохирогч И.А-д олгуулж, 600.500 /зургаан зуун мянга таван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Д, Е.А нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн хамт шүүгдэгч нарын хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.” гэж шийдвэрлэжээ.
Хохирогч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлтэй гомдол гаргаж байна.
1. Намайг албан үүргээ гүйцэтгэж байхад Б.Д, Е.А нар зодож биед минь гэмтэл учруулсан хэргийн улмаас надад учирсан хохирол болох 15.000.000 /давж заалдах гомдолд бичсэнээр/ төгрөгийг шүүхээс нотлогдсонгүй гэж үзэж нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийн 600.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдоно. Надад эрүүл мэндийн үзлэгт хамарсан, Алтай сумаас Өлгийд ирж мэдүүлэг өгөх, шинжилгээ эмчилгээ дүгнэлт гаргуулах зэргээр олон удаа замын такси, өөрийн унаанд мөнгө шатахуун хийж ирсэн, эмнэлэгт гэмтлийн улмаас хэвтэж эмчлүүлсэн үед эмнэлэгт төлсөн мөнгө, үзлэг хийхэд төлсөн үнэ хөлс зэрэг нийт 12 ширхэг тасалбарыг нотлох баримт болгон хавтаст хэрэгт хавсаргахаар өгсөөр байхад шүүх нотлох баримтаар үнэлэлгүй, хэрэг дотроос тусад нь салгаж надад өөрт минь шүүх хурлын дараа буцаан өгч 900.000 төгрөгийн бодит учирсан хохирлыг минь ялтнуудаар төлүүлж өгсөнгүй. Одоо энэ баримт нотолгоо өөрт минь байгаа болно. /Шүүх хуралд үзүүлж харуулна./
2. Хэргийг буруу зүйлчилж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Намайг Б.Д Е.А нар нь зүгээр байхад маргааны улмаас, өс хонзон санасны учраас, таарамжгүй харьцаанаас болж тохиолдлоор зодоогүй. Би албан үүргээ гүйцэтгэж байсан үедээ 2019 оны 6 дугаар сарын 20-ны ажлын өдөр, ажлын цагаар Б.Д, Е.А нарт хашаа, сунгаж, хууль зөрчиж байсан газарт нь амаар сануулан хэлээд явсан. Тэгээд хэд хоноод амралтын өдөр байсан ч гэсэн сануулсны дараа 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Е.А-ын гэрийн хажуугаар хяналт хийгээд очиход тэд албан ёсоор авсан хэмжээт газраа улам томсгон тэлж, хашаагаа татаж байсан тул дахин сануулж, улмаар албан газарт очиж тэдэнд зөрчлөө зогсоох тухай албан шаардлагыг бичиж буцаад ирж өгсөн. Энэ үед Б.Д, Е.А нар нь миний шаардлагыг эсэргүүцэж улмаар бүлэглэн зодож биед минь гэмтэл учруулсан. Ялтан Б.Д, Е.А нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.7.1-т заасан зүйлчлэлийг зөрчсөн явдал болсон гэж үзэж байна. Зүйлчлэлийн талаар мөрдөгчид удаа дараа хэлж, прокурорт амаар гомдлоо гаргахад өөрчлөх болсон гэж итгүүлж хэлээд хэргийг шүүхэд шилжүүлчихсэн. Шүүх хуралд би учраа ололгүй байхад тогтоол гарчихсан.
3. Яллагдагчид өмгөөлөгч авчихсан байхад би мөрдөгчид энэ хэрэг дээр би ч гэсэн өмгөөлөгч авна гэж хэлэхэд “Чиний хэрэг тодорхой байгаа. Дээр нь гарсан хохирлыг чинь бүгдийг төлүүлж өгнө. Мөн зүйлчлэлийг нь өөрчилнө өмгөөлөгчийн шаардлагагүй” гэж хэлж итгүүлэн өмгөөлөгч авах эрхийг минь хангаагүй. Гэтэл яллагдагчид өмгөөлөгч авч улмаар тэдгээр өмгөөлөгчдийн зөвлөснөөр Б.Д, Е.А нар болон тэдний талыг төлөөлсөн гэрчүүд нь миний эсрэг худал мэдүүлэг өгч намайг Б.Д, Е.А нарыг зодсон болгож гэрчлээд улмаар зөрчлийн хуулиар намайг торгож шийтгүүлсэн. Мөрдөгч нь элдэв байдлаар намайг сүрдүүлж торгуулийн мөнгийг хийлгүүлж хохироосон. Гэтэл би дээрх хоёр этгээдийг зодоогүй, гар хүрээгүй бөгөөд энэ талаар мэдүүлэгтээ тодорхой хэлсэн байхад мөрдөгч нь гүтгэгчдийн үгэнд итгэж намайг шийтгэж, торгосонд гомдолтой байна. “Зөрчлийн баримт материалыг энэ хэрэгт хавсаргаж өгнө үү” гэж мөрдөгчид болон хяналтын прокурорт амаар хүсэлт гаргахад хангаж өгөөгүй. Энэ бүхэн нь өмгөөлөгч авч хэрэгт хууль зүйн туслалцаа аваагүйгээс, мөрдөгчийн дарамт шахалтад орж мэхлэгдсэний улмаас болсон гэж бодож байна.
4. Намайг зодуулж байсныг үнэн зөвөөр гэрчилсэн хүн бол А.А бөгөөд энэ хүн нүдээрээ харснаа тодорхой мэдүүлсэн. Намайг А.А салгаагүй бол алуулах байсан. Харин ялтан нарын эцэг эх ах дүү нар нь намайг гүтгэж худал мэдүүлэг өгөөд байхад хяналтын прокурор, мөн мөрдөгч нь хэргийн байдалд бодитоор дүгнэлт хийлгүй, ач холбогдол өгөлгүй бусдын үгэнд итгэж хэргийг үнэн мөнөөр шалгаж өгөөгүй. Тэр ч байтугай яллагдагч нарын ах дүү төрөл, садангийн хэдэн хүнээс миний эсрэг мэдүүлэг, тодорхойлолт авч ач холбогдолгүй баримт гэгчийг миний эсрэг нотлох баримт болгон хэрэгт хавсаргасан байгааг эрхэм шүүх бүрэлдэхүүн хэргээс уншиж танилцсан байх гэж бодож байна.
Иймд ял шийтгэгдсэн Б.Д, Е.А нарт холбогдох хэргийг хянаж зүйлчлэлийг 23.7.1 болгон өөрчилж дахин шалгуулахаар хэргийг прокурорт буцааж өгөхийг хүснэ. Ингэж буцсанаар зөрчлийн хэргээр хилс торгогдсон байдлыг сэргээн шалгуулна. Хохирлыг бодит тогтоолгоно. Одоо бие минь зодуулсны улмаас зовуурьтай байгаа тул дахин нэмж шинжээчийн дүгнэлт гаргуулна. Хэргийг үнэн зөв бодит байдлаар шалгуулах боломж гаргуулна гэж бодож байна.” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан хохирогч И.А, хохирогчийн өмгөөлөгч С.Алтай нарын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан зүйл тогтоогдоогүй, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Прокурорын 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 120 дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч Е.А, Б.Д нар нь Баян-Өлгий аймгийн Алтай сумын төвд тус сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамал ажилтай И.Аг 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Е.Ад “хашаагаа зөвшөөрөлгүйгээр томсгож татаж болохгүй" гэж шаардлага тавихад эсэргүүцэж, эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж, бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Х овогт Б-ын Д, Ш овогт Е-ий А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь бүлэглэн зодож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэжээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн онцлог нь эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах байдлаар илэрдэг бөгөөд санаатай гэм буруугийн хэлбэртэй байх шинжийг бүрэн агуулдаг.
Шүүгдэгч Б.Д, Е.А нарын үйлдсэн гэмт хэрэг нь Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Хайратын 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 272 дугаартай “...Иргэн И.Агийн биед тархины доргилт, зулай хэсэгт духны зүүн талд зулгарсан, бүсэлхий орчим баруун өвдгөнд, зүүн гарын бугуй орчим шархтай зөөлөн эдийн бэртэл, бүсэлхийнээс доошоо хөдөлгөөн хязгаарлагдсан зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо. Иргэн И.Агийн биед үүссэн гэмтэл эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Иргэн И.Агийн бүх гэмтэл нь 1-7 хоногт үүссэн, гэмтлүүд нэг хугацаанд үүссэн шинэ гэмтэл болно.” гэсэн шинжээчийн дүгнэлтээр,
хохирогч И.Ан мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би мотоциклийг унаж сууж байхад намайг Е.А өшиглөсөн. Б.Д цаана нь уйлаад сууж байсан. Яагаад уйлаад сууж байсныг би мэдэхгүй. Би тэгээд мотоциклоос буугаад данхраат тулж байхад Е.А, Б.Д нар намайг өшиглөж эхэлсэн. Би өөрөө ганцаараа байсан. Надад ямар нэгэн боломж олгоогүй. Е.А ганцаараа байсан бол би өөрөө барьж авч аргалах байсан. Ажлын гуталтайгаа намайг өшиглөж эхэлсэн. Тэгээд нэг ухаан ороход хөрш А.А харж байсан болохоор “Намайг энэ 2 залуу алах гэж байна. Намайг авраач” гэж орилсон. Тэр үед Е.Аын ээж нь харсан. Е.А болон Б.Д хоёр нэг нь миний толгой руу чулуугаар цохисон үед юм уу, эсвэл өшиглөсөн үед байсан уу би ухаан алдаж газарт унасан. Тэгээд дүү маань ирээд намайг гэрт хүргэсэн байна. ...2 дахь удаа мэдэгдэх хуудас өгөх үед эдгээр залуучууд бүлэглэж намайг өшиглөж, зодсон нь үнэн.” гэсэн мэдүүлгээр,
гэрч А.Аийн “...Тэгэхэд И.А унасан газраас босоод гэр лүүгээ явах гэсэн боловч нөгөө А, түүний хүргэн ах нь хоёр араас нь хөөж ирээд дахин өшиглөж зодох үед И.А надыг дуудаж “намайг харсан уу, би энэ хүмүүст хашаагаа зөвшөөрөлгүйгээр битгий барь гэснээс болж надыг зодлоо” гэж хэлсэн. Миний үзэж харсан зүйл И.Аг араас нь хөөж ирээд А, түүний хүргэн ах нь гэсэн хоёр өшиглөж байсныг нүдээр үзэж харсан” гэх мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Д, Е.А нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул тэднийг “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хохирогч И.Аг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж хэргийн үйл баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн нотлох баримтууд, энэ хэрэгт хамаарал бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудад үндэслэсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэж байна.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.4-т заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүхээс төлүүлэхээр тогтоосон хохирлыг нөхөн төлж өгөх болно гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байгаа зэргийг харгалзан шүүгдэгч тус бүр ижил хэмжээгээр буюу 450 нэгжээр торгох ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд үйлдсэн гэмт хэрэгт нь тохирчээ.
Хохирогч И.А давж заалдах гомдолдоо “албан үүргээ гүйцэтгэж байхад Б.Д, Е.А нар зодож, надад учирсан хохирол болох 1.500.000 төгрөгөөс 600.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон, хэргийг буруу зүйлчилж шийдвэрлэсэн дахин шалгуулахаар прокурорт буцааж өгөх, нэмж шинжээчийн дүгнэлт гаргуулна” гэжээ.
1. Хохирогч И.А нь “ажил албан үүргээ гүйцэтгэж байхад миний эрх чөлөөнд халдсан” гэх бөгөөд Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтныг заналхийлэх” гэмт хэрэг нь тодорхой шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргахгүй байх, үйл ажиллагаа явуулахгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэсэн үйлдэл хамаарахаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Д, Е.А нарын үйлдлийн улмаас нийтийн албан тушаал эрхэлж байх үйл ажиллагаанд нь хандаж шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулахгүй байхыг шаардсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх хэргийг зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
2. Анхан шатны шүүхээс хохирогчийн нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлээс 899.500 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж 600.500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хохирогч И.Ан гаргаж өгсөн хохирлын талаарх 12 ширхэг нийт 1.151.500 төгрөгийн баримт, үүнээс 252.000 төгрөгийн баримт нь түүний эрүүл мэндэд учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой эсэх болон юунд хэрхэн яаж зарцуулсан баримт болох нь тодорхой бус, мөн үлдсэн 348.800 төгрөгийн талаар ямар нэгэн баримт байхгүй тул шүүгдэгч Б.Д, Е.А нараас 899.500 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж, хохирогч И.Ад олгож, үлдсэн 600.500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3. Анхан шатны шүүх хохирогч И.Ан хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэжээ. Энэ байдал нь шүүгдэгч Е.Аын “...И.А намайг зүүн талын хөлөөрөө миний давсаг тус газарт нэг удаа өшиглөхөд би уйлаад хашхирсан ба И.Аг гараараа заамдаж барьж авсан. Тэгэхэд хажууд хүргэн ах байсан ба И.А бид хоёрыг салгаж аваад зогсож байхад И.А зүүн талын гараа хагас атгаж авч манай хүргэн ахын баруун чихэн тус газарт нэг удаа гараараа цохиж авсан. ...Гэрт ирэхэд манай хүргэн ахын баруун чихнээс жаахан цус гарч байсан. Иргэн И.А эхлээд өөрөө хүний биед халдсан мөн зодооныг өөрөө эхэлсэн юм.” гэсэн мэдүүлэг,
шүүгдэгч Б.Д-н “...Тэгэхэд авч ирсэн “албан бичиг”-г ав гэхэд би авахгүй наадах бичгийг аавд өгөөрэй гэж хэлсэн чинь “чи яагаад авахгүй” гэж хэлээд Е.А-ыг газрын даамал ажилтай гэсэн залуу И.А зүүн хөлөөрөө Е.А-ын давсаг тус газарт нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд би салгаж аваад эргэж харах үед надыг ч гэсэн аль гараар цохисныг санахгүй байна миний баруун чихэн тус газарт нэг удаа нударгаараа цохиж авсан. ...Тэгээд ирээд намайг болон хадам дүүгийн эрх чөлөөнд халдсанаас болж зодоон гарсан нь үнэн.” гэх мэдүүлэг,
шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Хайратын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 278 дугаартай “...Иргэн Б.Д-н биед баруун чихний сувгийн гадна бага зэрэг хавантай гэмтэл тогтоогдлоо. Иргэн Б.Д-н биед үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн давтамжтайгаар үүссэн болно. Иргэн Б.Д-н биед үүссэн гэмтэл эрүүл мэндийг сарниулахгүй, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтыг агуулах гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт зэргээр хохирогчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдож байна. Хохирогч И.А-н өөрийнх нь хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэхэд шалтгаалсан гэж үзсэн нь бодит үнэнд нийцжээ.
Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дугаар заалтаар иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэхдээ хууль хэрэглээгүй алдаа гаргасныг зөвтгөж өөрчлөлт оруулж шийдвэрлэв
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/129 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг баримтлан” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Д.КӨБЕШ
Д.МӨНХӨӨ