Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
Хэргийн индекс | 111/2023/0068/З |
Дугаар | 111/ШШ2023/0149 |
Огноо | 2023-06-26 |
Маргааны төрөл | Газар, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 111/ШШ2023/0149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “******* *******” *******ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан “******* сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
1. “******* *******” ******* нь “Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгох”-оор маргасан.
2. Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар захирамжаар “******* *******” *******ны газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.
Нэхэмжлэгч нь тус шүүхэд 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“******* Цагаан” ******* нь ******* суманд Уурын зуухаар дулаан үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж, сумын Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 59 дүгээр захирамжаар, нэгж талбарын дугаар 6403000150 газрыг эзэмшиж байсан. Дээрх нэгж бүхий газрын кадастрын зургийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас хийж 2019 оны 6 сарын 24-ний өдөр Газрын харилцааны цахим программд оруулснаас хойш 2022 оны 4 дүгээр сар хүртэл хэрэгцээ шаардлага гарсан тухай бүр удаа дараа хэвлэн авч хэрэглэдэг байсан. Гэтэл ******* сумын Засаг дарга ын аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2022 оны 09 сарын 27-ны өдрийн 147 тоотоор “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичигт “******* *******” *******ны газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” гэсэн 2017 оны 11 сарын 24-ний өдрийн ******* захирамжийг үндэслэж манай газар эзэмших эрхийг 2022 оны 9 дүгээр сард цуцалсныг миний бие 2022 оны 11 сарын 28-ны өдөр олж мэдлээ. Энэ захирамж нь өмнөх Засаг даргаар ажиллаж байсан Д.Цэдэнсодномын гаргасан захирамж болж харагдаж байгаа боловч захирамж гарсаныг манайд албан ёсоор мэдэгдэж, гардуулж өгч байгаагүй, уг захирамжийн үндэслэл нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад газрын төлбөр төлөөгүй хэмээн заасныг үндэслэсэн нь огт үндэслэлгүй худлаа юм.
“******* *******” ******* нь 2015, 2016, 2017 оны газрын төлбөрийг урьдчилан 2015 онд төлсөн байдал нь Татварын Ерөнхий газрын татвар төлөлтийн программаас бүрэн харагдаж байгааг хэвлэн нотлох баримтаар хавсаргав. Засаг дарга нь 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “Скайл” ХХК-тай уурын зуух шинээр барих гэрээг хийхдээ “******* Цагаан *******”-ны газар эзэмших гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар захирамж гэх хууль бус захирамжаар хүчингүй болгосныг хууль бус гэж үзээд дээд шатны байгууллагад гомдол гаргасныг аймгийн Засаг даргын 2022 оны А/617 дугаар захирамжаар 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ******* суманд очиж ажилласан ажлын хэсгийн хяналт шалгалтын дүгнэлтэд эрх зүйн зөрчилгүй захиргааны акт гэж үзэж 2022 оны 12 сарын 27-ны өдрийн Б/2308 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн боловч үнэн зөв шийдвэрлээгүй хууль бус шийдвэр гэж үзэж байна. Учир нь 2017 оны 11 сарын 24-ний өдрийн ******* дугаартай захирамжаар хүчингүй болгосон тухай гомдол гаргасан байтал уг албан бичигт сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2018 оны 3 сарын 31-ний өдрийн 11/01 дүгээр тогтоол, мөн сумын Засаг даргын 2018 оны 5 сарын 31-ний А/77 дугаар захирамжийг дурдаж эрх зүйн зөрчилгүй актууд хэмээсэн нь шалган тогтоох ажлын хэсэг шударгаар шийдвэрлээгүй байна. Мөн “******* *******” *******ноос 2021 оны 12 сарын 21-нд газрын гэрээний хугацаа дуусах тул газар эзэмших гэрээг сунгуулах тухай хүсэлтийг 2021 оны 8 сард албан бичгээр гаргаж өгснийг шийдвэрлэж хариу ирүүлээгүй байна. ******* сумын Засаг дарга Д.Цэдэнсодномын 2017 оны 11 сарын 24-ний өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгох, “******* Цагаан” *******ны газар эзэмших эрхийг сэргээж өгөхийг хүсэж энэ нэхэмжлэлийг гаргаж байна.” гэв.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““******* *******” ******* нь 2006 оноос эхлэн Баянхонгор аймгийн ******* сумын Тамгын газрын эзэмшлийн орон нутгийн өмчит төвлөрсөн халаалт бүхий уурын зуухыг ажиллуулж эхэлсэн. Тэгээд 2006 оны 11 сарын 25-ны өдөр тус тамгын газартай газар эзэмших гэрээгээ байгуулсан. Уг газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан. Ингээд газрын төлбөрийг 2016 оныг дуустал төлж тайлан мэдээг хугацаанд өгч байсан. 2017 оны жилийн эцэст газрын төлбөрөө төлөхөөр болоход татварын байцаагч “нэхэмжлэхийн дугаар үүсэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд намайг газрын даамлаас асуугаарай гэсэн. Тухайн үед газрын даамал ажиллахгүй байсан. Үүний учрыг олохгүй байсан. Тэгээд үүнийг мэдээгүй байтал 2022 оны 10 сард Баянхонгор аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалт руу хүсэлт явуулсан. Тухайн байгууллагаас “газар эзэмших эрх цуцлагдсан байна” гэх хариуг ирүүлсэн. Тэгээд Баянхонгор аймгийн Засаг даргад гомдлоо гаргасан. Баянхонгор аймгийн Засаг даргаас 2023 оны 04 сарын 05-ны өдөр хариу мэдэгдэх хуудсыг авсан. Ингээд 2023 оны 04 сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би хуулийн хэлтсийн мэргэжилтнээс мэдэгдэх хуудсыг өөрөө гардаж авсан” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар сум дүүргийн засаг дарга, аймаг нийслэлийн засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгоно гэж заасан байдаг. Тэгэхдээ газрын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар “газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгож болно гэж заасан байдаг. Тэгэхээр уг үндэслэлийг захирамждаа зааж өгсөн. 2017 он хүртэл “******* *******” ******* нь газрын төлбөрийг төлж байсан. Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн захирамж гаргах ёстой. Уг шаардлагыг Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын гаргасан захирамж хангаагүй. Захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн. Тухайн нөхцөл байдлыг Засаг дарга судлаагүй. 2006 оноос эхлэн одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байсан бусдын эрх ашиг зөрчигдөж байгааг судлаагүй. Захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагаа хийгдээгүй. Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангаагүй. Тэгээд дараагийн үйл ажиллагаа явуулах уурын зуухыг сонгон шалгаруулсан. Засаг даргын захирамж бол бодит байдлаас зөрөөтэй, илт хууль бус гарсан тул уг захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Засаг даргын захирамж бусад этгээдийн эрхийг зөрчсөн сөрөг захиргааны акт гэж үзэж байна. Яагаад гэвэл Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд зааснаар захиргааны акт гаргах ажиллагаа эхэлбэл хэн нэгний эрх ашиг хөндөгдөж байгаа нөхцөл байдлыг судлах ёстой. Үүнийг судалбал тодорхой байгууллагын эрх ашиг зөрчигдөж байхад уг актыг гаргасан. Нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн сөрөг захиргааны акт юм. Анх газар олгох журамдаа “******* *******” ******* гэж заагаад газар олговол төсөл сонгон шалгаруулалтаар олгох ёстой байсан. Харин аж ахуйн нэгжийн зориулалтаар газар олгохдоо тухайн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулна гэж Газрын тухай хуульд заасан байдаг. Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 59 дүгээр захирамж гаргахдаа уурын зуухны зориулалтаар 1 га газрыг эзэмшүүлэхээр болсон байдаг. Тухайн үед менежментийн гэрээгээр ажиллах болсон. Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэхдээ газрын даамал газрын гэрчилгээ олгосон байдаг. Газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлдэг. Тухайн гэрээний нэг хэсэгт газрыг зориулалтын бусаар ашигласан гэх зэрэг нөхцөлүүд байдаг. Тэгтэл газрын төлбөрөө цаг хугацаанд төлөөгүй гэх ганцхан үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан. Газрын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэл нь 2016 оныг дуустал газрыг төлбөрийг төлж байсан. 59 дүгээр захирамжаар бүхий л аж ахуйн нэгжид газрыг олгосон байдаг. Уг газрыг газар эзэмших гэрээгээр эзэмшиж байсан. Уг захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй. 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангах ёстой. Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний ******* дугаар захирамж нь хууль бус захирамж учраас хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Тус сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгож, “******* *******” *******ны газар эзэмших эрхийг сэргээж өгөхийг хүссэн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэл гаргагч “******* *******” ******* нь тус суманд 2006 оноос эхлэн дулаан үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. ******* сумын Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 59 дугаар захирамжаар газар эзэмших эрх үүссэн гэх боловч уг 59 дугаар захирамжийн хавсралтаар газар эзэмших аж ахуйн нэгжийн жагсаалтын 10-т “Уурын зуух” аж ахуйн нэгжид 1 га газрыг уурын зуухны зориулалтаар гэж гарсан байна. Захирамжийн хавсралтаас харахад “******* *******” *******нд газар эзэмшүүлэх шийдвэр нэр заан гараагүй, “******* *******” ******* нь уг 1 га газрыг эзэмшигч байсан бол дээрх ******* сумын Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 59 дүгээр захирамжид нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл шинээр захирамж гарган газар эзэмших эрхийг хангаж өгөх байсан.
Гэвч ямар нэг эрх зүйн актгүйгээр сумын Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 59 дүгээр захирамжийг үндэслэн газар эзэмшиж байсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгох эсэх асуудлаар гаргасан нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан бөгөөд нэхэмжлэгч уг маргаан бүхий захиргааны актыг Аймгийн Засаг даргад урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандаж, хариуг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр авсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, албан бичгийг хүргүүлсэн баримт зэргээр нотлогдож байх тул хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргажээ.
2. “Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгох” шаардлагатай нэхэмжлэл үндэслэлтэй байна.
3. Маргаан бүхий захиргааны акт болох Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар захирамжаар Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг үндэслэн ...Уурын зуухны зориулалтаар газар эзэмшиж байсан боловч Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээг зөрчиж газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тул “******* *******” *******ны газар эзэмших эрхийг хүчингүй болгосугай... гэжээ.
4. Хариуцагч тал ...“******* *******” *******нд газар эзэмшүүлэх шийдвэр нэр заан гараагүй, “******* *******” ******* нь уг 1 га газрыг эзэмшигч байсан бол дээрх ******* сумын Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 59 дүгээр захирамжид нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл шинээр захирамж гарган газар эзэмших эрхийг хангаж өгөх байсан. Гэвч ямар нэг эрх зүйн актгүйгээр сумын Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 59 дүгээр захирамжийг үндэслэн газар эзэмшиж байсан нь хууль бус. Иймд захирамжийг хүчингүй болгосон 2017 оны ******* дугаар захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргасан.
Баянхонгор аймгийн ******* сумын 2005 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Иргэн аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх тухай” 59 дүгээр захирамжаар иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлж, гэрээ байгуулан гэрчилгээ олгохыг сумын газрын даамалд даалгасан байна.
Энэ захирамжийг үндэслэн уурын зуухны зориулалтаар 1 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр “******* *******” *******ны гүйцэтгэх захирал *******тай байгуулсан Газар эзэмшүүлэх гэрээ, түүнд олгосон 0070637 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, уг гэрчилгээнд “******* *******” *******ны 330001093 гэсэн улсын бүртгэлийн дугаар, 2397048 гэсэн улсын бүртгэлийн регистрийн дугаар зэргийг бичилт хийж тус *******г хамтран эзэмшигчээр бүртгэсэн, мөн газрын төлбөр төлсөн баримт зэргээс харахад ******* сумын Засаг даргын 2005 оны 59 дүгээр захирамжийн дагуу “******* *******” *******нд уурын зуухны зориулалтаар газар эзэмших эрх олгосон, тус ******* газар эзэмшиж байсан нь нотлогдож байна.
5. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж, 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох гэж хуульчилжээ.
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ...******* сумын Засаг даргын 2005 оны 59 дүгээр захирамжийг үндэслэн “******* *******” *******нд газар эзэмших эрхийг олгож, гэрээ байгуулж, гэрчилгээ олгож, хамтран эзэмшигчээр бүртгэсэн. Газрын төлбөр төлөөгүй гэдэг огт үндэслэлгүй худлаа, “******* *******” ******* нь 2015, 2016, 2017 оны газрын төлбөрийг урьдчилан 2015 онд төлсөн байдал нь Татварын Ерөнхий газрын татвар төлөлтийн программаас бүрэн харагдаж байгаа, газрын төлбөрөө бүрэн хугацаанд нь төлж байсан... гэх тайлбар, Аймгийн Татварын хэлтэсийн “******* ******* *******”-ны газрын төлбөр төлсөн мэдээлэл зэргээс харахад тус ******* нь газрын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
6. Хариуцагч захирамжаа гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах, 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулах, хувийн хэрэг бүрдүүлэх зэрэг ажиллагааг хийгээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон энэ талаарх баримт байхгүй зэргээр тогтоогдсон.
7. Түүнчлэн маргаан бүхий захирамжаар “******* *******” ******* нь хэд хэдэн оны ямар хэмжээний татварыг төлөөгүй болох, мөн тус *******нд хэзээ, эрх олгосон ямар шийдвэр, ямар гэрчилгээг хүчингүй болгож байгаа зэргийг тодорхой заагаагүй байна.
Дээрх нөхцөл байдлуудын улмаас дүгнэхэд Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны ******* дугаар захирамж нь Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн байх тул хүчингүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “******* *******” *******ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга /Тамгын газар/-аас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.СУВДМАА