| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2023/03783/И |
| Дугаар | 181/ШШ2024/00393 |
| Огноо | 2024-01-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2024/00393
| 2024 01 30 | 181/ШШ2024/00393 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: .... тоотод оршин байрлах, ....ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ....8 тоот хаягт оршин суух .... Б /РД:../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Барьцаат зээлийн гэрээний үүрэгт 4,824,538 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь хариуцагч Ц.Бад холбогдуулан барьцааны зээлийн гэрээний үүрэгт 4,824,538 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Иргэн Ц.Б, А.А нар нь тус компанитай 2021 оны 02-р сарын 10-ны өдрийн №2100130110002068 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 14,400,000 төгрөгийг 1 сарын 2,9%-ийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд иргэн Ц.Б нь Нийслэлийн тойргийн нотариатч Б.Бын гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлд шилжүүлсэн ... УНӨ улсын дугаартай ... арлын дугаартай, мөнгөлөг өнгөтэй NISSAN TEANA маркийн автомашиныг Б ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлэн барьцаалсан байдаг.
Зээлдэгч Ц.Б, А.А нар нь анх зээлийн гэрээ байгуулахад талууд харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулан хийгдсэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийхдээ эхний жилдээ буюу 2022 оны 02-р cap хүртэл цөөхөн хоног хуацаа хэтэрч зээлээ төлдөг байгаад сүүлдээ 2022 оны 03-р сараас эхлэн орлого муу байна шалтгаанаар cap болгоны төлөлтөө олон хоногоор хугацаа хэтрүүлж гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүгийн өр үүсгэн төлдөг болсон. Ингээд 2022 оны 11-р сараас хойш нэг ч төлөлт хийгээгүй болно.
Зээлдүүлэгч байгууллагын зүгээс Ц.Бын ажлын байр болох Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 9-р хороонд байрлах түрээслэж байсан цайны газар нь удаа дараа очиж уулзаж, зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлэхийг шаардсан, мөн удаа дараа мэдэгдэх хуудас гардуулан зээлээ цаг хугацаанд төлөөд явахыг сануулсан. Мөн анх тус байгууллагад бүртгүүлсэн өөрийн гар утас руу байнга залгахад: -Удахгүй төлнө, орлого муу байна, тэгж байгаад гүйцээж төлнө, мөнгө орж ирэхээр төлнө гэх мэт хариуг удаа дараа өгсөөр өнөөдрийг хүрсэн. Сүүлдээ залгахаар утсаа авахгүй, утасны дугаараа хүртэл сольсон, холбогдож чадахаа больсон.
Хамтран үүрэг гүйцэтгэгч А.Атай мөн адил утсаар холбогдсон боловч төлөлт хийх оролдлого хийгээгүй, ээжид хэлье гэхээс өөр зүйл хэлдэггүй. Ингээд байгууллагын зүгээс барьцааны гэрээний дагуу 2022 оны 12-р сарын 30-ны өдөр зээл төлөгдөхгүй байсан учраас өөртэй нь уулзаж, барьцаа хөрөнгийг гэрийнх нь гаднаас авч явж зогсоолдоо түр байршуулсан, барьцаа хөрөнгө нь гаднах өнгө үзэмж чанар байдлаа алдсан байсан. Зээлийн гэрээнд зээлдэгч зээлийг төлөхгүй хугацаа хэтрүүлбэл мөн барьцаа хөрөнгийн чанар байдал алдагдсан тохиолдолд зээлдүүлэгч зээлийн гэрээг дангаар цуцлах тухай заалттайгаар гэрээ байгуулсан бөгөөд зээлдэгч нь тэгж байгаад зээлээ төлчихнөө гэж явсаар байгаад өнөөдрийг хүрсэн ч төлөөгүй, зээлдүүлэгч зээл төлөх боломжит хугацаа өгч хүлээсэн ч мөн төлөхгүй байгаа тул дээрх заалтын дагуу гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн.
2023 оны 08-р сарын 05-ны өдрийн байдлаар 285 хоног хугацаа хэтэрсэн ба зээлдэгчийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 8,349,043 төгрөг + үндсэн хүү 2,300,235 төгрөг + нэмэгдүүлсэн хүү 460,000 төгрөг + бусад авлага 915,260 төгрөг. Нийт 12,024,538 төгрөгийг зээлдэгч Ц.Б, А.А нар нь зээлийн гэрээний үүргийн дагуу төлөхөөр байна. 2023 оны 08-р сарын 05-ны өдөр зээлдэгчийн хүсэлт, барьцааны гэрээ зэргийг үндэслэн ... УНӨ улсын дугаартай, ... арлын дугаартай, мөнгөлөг өнгөтэй NISSAN TEANA маркийн автомашиныг мэргэжлийн үнэлгээний компаниар үнэлүүлэн (хавсралтаар үнэлгээний тайланг хавсаргав) зах зээлийн үнэлгээ болох 7,200,000 төгрөгөөр худалдан борлуулсан.
Иймд нийт үүссэн өрийн дүн болох 12,024,538 төгрөгөөс барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан мөнгө болох 7,200,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 4,824,538 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.
Нийт үүссэн өрийн дүн болох 12,024,538 төгрөгийн задаргааг дараах байдлаар харуулж байна.
Үндсэн хүүгийн бодолт:
Үндсэн зээлийн үлдэгдэл болох 8,349,043 төгрөг сарын хүү *2.9 хувь= 242,122 төгрөг /энэ нь 1 сарын хүү/. Нэг сарын хүү буюу 242,122 төгрөг/30 хоног * 285= 2,300,235 төгрөг)
Нийт алданги буюу гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүгийн бодолт:
2023 оны 08-р сарын 05-ны өдрийн байдлаар: Нэмэгдүүлсэн хүүг тооцохоор: үндсэн хүү 2,300,235.27*20% /8,349,043*2,9%/30хоног*20%*285хоног/ нийт 460,000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүтэй болно.
Бусад зардал: 2021, 2022, 2023 онуудын тээврийн хэрэгслийн албан татвар нийт 298,260 төгрөг, торгууль 385,000 төгрөг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ гээгдүүлсний торгууль, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хураамж 42,000 төгрөг, бензин 70,000 төгрөг, угаалга 30,000 төгрөг, тээврийн хэрэгслийн хөрөнгийн үнэлгээний тайлан 90,000 төгрөг нийт 915,260 төгрөг болсныг зээлдүүлэгч байгууллага зээлдэгч нарын өмнөөс урьдчилан төлсөн. (баримтуудыг хавсаргасан)
Иймд гүйцэтгээгүй үүргийн үнийн бүгд дүн 4,824,538 (дөрвөн сая найман зуун хорин дөрвөн мянга таван зуун гучин найм) үүрэг гүйцэтгэгч Ц.Б, А.А нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж, Б ББСБ ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
1.1.Нэхэмжлэгч 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Бичил глобус ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Б, А.А нарт холбогдох хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Халиунаа би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу дараах хүсэлтийг гаргаж байна. Энэ хэргийн хариуцагч Ц.Б нэхэмжлэлийн хувийг гардаж авсан харин хариуцагч А.А нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваагүй байх тул нэхэмжлэгчийн зүгээс хамтран хариуцагч А.Агаас татгалзаад, хариуцагч Ц.Бад холбогдуулан гэрээний үүргийг гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлсон бөгөөд энэхүү үндэслэлээ шүүх хуралдаанд дэмжинэ гэжээ.
2.Хариуцагч Ц.Бад 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариу тайлбар, холбогдох бичгийн баримтыг гаргаж өгөөгүй байна.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 92,143 төгрөг төлсөн баримт, Б ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г.Халиунаа, Ж.Ганбаяр нарт олгосон итгэмжлэл, 2021.02.10-ны өдрийн 2100130110002068 дугаартай Зээлийн гэрээ, 2021.02.10-ны өдрийн 2100130110002068 дугаартай Барьцааны гэрээ, шилжүүлгийн баримт, Б ББСБ ХХК-ийн зээлдэгч Ц.Бтын зээлийн эргэн төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, Тэнцвэр-Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Ц.Бын 2023.03.24-ний өдөр Б ББСБ ХХК-д гаргасан хүсэлт, И-баримтууд, тооцооны хуудас, мэдэгдэх хуудас хүлээн авсан тухай тэмдэглэл, шилжүүлгийн мэдээлэл, Б ББСБ ХХК-ийн 2023.03.31-ний өдрийн 001773 дугаартай Автотээврийн үндэсний төвд гаргасан хүсэлт, Б ББСБ ХХК-ийн 000005309 дугаартай салбарын гэрчилгээний хуулбар, автотээврийн шилжилт хөдөлгөөний баримт, төлбөрийн баримт, 2023.08.07-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, Хаан банкны депозит дансны хуулга зэргийг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь анх тус шүүхэд хариуцагч Ц.Б, А.А нарт холбогдуулан барьцаат зээлийн гэрээний үүрэгт 4,824,538 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагч А.Агаас татгалзаж, хариуцагч Ц.Бад нэхэмжлэлийн шаардлагаа холбогдуулсан бөгөөд шүүх хуралдаанд үүнийгээ дэмжсэн.
5.Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь хамтран зээлдэгч А.Ануужингийн хаяг тодорхойгүйн улмаас түүнээс зээлийн төлбөрийг шаардаагүй гэж тайлбарлан, зээлийн төлбөрийг зээлдэгч Ц.Баас гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д заасантай нийцсэн байна. Тодруулбал, Үүрэг гүйцэтгүүлэгч нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн буюу хариуцагч Ц.Бын хүлээсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.
6.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Зээлдэгч У.Б, А.А нар нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №2100130110002068 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 14,400,000 төгрөгийг 1 сарын 2,9 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлсэн, Барьцаанд өөрийн өмчлөлийн ... УНӨ улсын дугаартай, Ниссан теана маркийн автомашиныг тус компанийн нэр дээр шилжүүлсэн барьцаалсан боловч зээлээ төлөхийг удаа дараа шаардахад төлөөгүй тул барьцааны гэрээнд зааснаар 2022.12.30-ны өдөр өөртэйн уулзаж, барьцааны хөрөнгийг гэрийнх нь гаднаас авч явж зогсоолд түр байршуулсан, 2023.08.05-ны өдрийн байдлаар 285 хоногийн хугацаа хэтэрсэн, зээлийн үлдэгдэл үндсэн зээл 8,349,043 төгрөг + үндсэн хүү 2,300,235 төгрөг + нэмэгдүүлсэн хүү 460,000 төгрөг + бусад авлага 915,260 төгрөг нийт 12,024,538 төгрөгийг хариуцагч төлөхөөр байсан тул барьцааны гэрээг үндэслэн Ниссан теана маркийн автомашиныг үнэлгээний компаниар үнэлүүлэн зах зээлийн үнэлгээ болох 7,200,000 төгрөгөөр худалдан борлуулж, төлөх ёстой үнийн дүнгээс хасахад 4,824,538 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.
7.Шүүхээс, хариуцагч Ц.Бад нэхэмжлэлийн хувийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гардуулан өгсөн боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны тов мэдэгдсэн байтал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгч түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж зааснаар хариуцагчийн эзгүйд, хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
8.1.Б ББСБ ХХК-тай Ц.Б, А.А нар нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зээлийн 2100130110002068 дугаартай гэрээ байгуулж, 36 сарын хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэй, 14,400,000 төгрөгийг автомашин худалдан авах зориулалтаар зээлж авсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбараар тогтоогдож байна.
8.2.Мөн нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь хариуцагч Ц.Бтай 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Барьцааны гэрээ /фидуци/ байгуулан дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 6589 УНӨ улсын дугаартай Nissan teana маркийн автомашиныг Б ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгсөн байна.
8.3.Дээрх гэрээгээр зээлдүүлэгч Б ББСБ ХХК нь зээлдэгч Ц.Бад 14.400.000 төгрөгийг шилжүүлэн өгч, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээж, үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгө автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгч Б ББСБ ХХК-ийн эзэмшилд шилжүүлжээ.
8.4.Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1.-д Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна гэж заасны дагуу 6589 УНӨ улсын дугаартай Nissan teana маркийн автомашинын эзэмших эрхийг барьцаалсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл барьцааны зүйл нь ...бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх байж болох тул 6589 УНӨ улсын дугаартай Nissan teana маркийн автомашиныг эзэмших эрхийг барьцаалсан байна.
8.5.Талууд дээрх гэрээнүүдийн дагуу зээлсэн мөнгөний дүн болон гэрээнүүдийн хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй бөгөөд зээлийн гэрээний дагуу төлбөр тооцоо дуусаагүй гэж нэхэмжлэгч шаардлага гаргажээ.
Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэж 6589 УНӨ улсын дугаартай Nissan teana маркийн автомашиныг эзэмших эрхийг барьцаалсан байна.
8.6.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1.-т Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсан.
8.7.Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэг юм. Тодруулбал талуудын хооронд 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ /фидуци/ байгуулагдаж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох фидуцийг сонгон авсан байна.
8.8.Дээр дурдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг зохигч талууд бичгээр байгуулж, гарын үсэг зурсан байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэж үзлээ.
8.9.Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр байх тул гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч нар биелүүлэх үүрэгтэй.
8.10.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу хугацаа хэтэрсний хүү төлөх үүргийг хүлээхээр хуульд заасан тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг хариуцагч Ц.Баас шаардах эрхтэй байна.
8.11.Зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1.1-т ....нэмэгдүүлсэн хүүг Монгол Улсын Иргэний хуулийн 452.2-т зааснаар зээлийн хүүгийн 20%-иар тооцон/
1.1.6-д Зээлийг эргэн төлөх нөхцөл: хавсралт 1 (зээлийн график, сунгалт) -д заасан хуваарийн дагуу төлөх ба графикийг зөрчсөн нь гэрээг зөрчсөнд тооцогдоно.
1.5-д Зээлийн төлбөрийг эхний ээлжинд нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлнө.
1.7-д Зээл төлөх хугацааг 10 хоног хэтрүүлэх мөн гэрээг цуцалснаас хойш ажлын 5 хоногт Зээлдэгчийн эзэмшлээс тээврийн хэрэгслийг хураан авч, зээлдүүлэгчийн зогсоолд байрлуулж, Зээлдэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах талаар бичгээр мэдэгдэл /Мэдэгдэх хуудас/ хүргүүлнэ.
1.8-д Гэрээнд заасан мэдэгдэх хуудсыг авснаас хойш Зээлдэгч нь 15 хоногийн дотор зээл төлөх ямар нэгэн үйлдэл хийгээгүй бол Барьцааны гэрээний дагуу шүүхийн бус журмаар барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулна.
1.9-д Барьцаа хөрөнгийг хураан авах зорилгоор эрх, хайх, тээвэрлэх, зогсоолд байрлуулахтай холбоотой гарсан зардлыг зээлдэгч бүрэн хариуцна.
3.2.2-т Зээлийг олгохтой холбоотой болон зогсоолын зардал, Гэрээний 4.3-т заасны дагуу үүргээ биелүүлээгүйгээс үүдэн гарч буй бүх зардлыг нөхөн төлөх
3.2.10-т Гэрээний хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбоотой бусад зардлыг бүрэн барагдуулаагүй тохиолдолд зээлдүүлэгч нь барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийг хураан авах, үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэмжээ авахад саад учруулахгүй байх,
3.2.1-т Тээврийн хэрэгсэл эвдэрч гэмтэж чанар өнгө үзэмжээ алдсанаас тухайн эд хөрөнгийг зах зээлд худалдах бодит үнэ үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг хангахгүй болсон тохиолдолдүндсэн зээл, хүүгийн төлбөр, бусад зардлыг өөрийн бусад хөрөнгөөр бүрэн хариуцан төлөх гэж тус тус зааж, харилцан тохиролцож, тус гэрээнд талуудын хэн алин гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажигдсан бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болжээ.
9.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн нь тогтоогдсон тул тэрээр төлөгдөөгүй зээлийн үлдэгдлийг буцаан төлөхийг шаардах эрхтэй.
9.1.Хэрэгт авагдсан бичгийн баримтаар барьцааны гэрээний зүйл болох ...6589 УНӨ улсын дугаартай Nissan teana маркийн автомашиныгхөрөнгийн үнэлгээний эрх бүхий зөвшөөрөлтэй Тэнцвэр-эстимэйт ХХК-иар 2023.08.04-ний өдөр зах зээлийн үнийг 7.150.000 төгрөг болохыг тогтоолгон үнэлүүлсэн бөгөөд улмаар уг автомашиныг 7.200.000 төгрөгөөр худалдан борлуулж, хариуцагчийн төлөх төлбөрөөс гэрээнд заасны дагуу үүссэн үндсэн зээлийн үлдэгдэл 8.349.043 төгрөг + үндсэн хүү 2.300.235 төгрөг + нэмэгдүүлсэн хүү 460.000 төгрөг + бусад авлага 915.260 төгрөг, нийт төлбөрийн дүн болох 12.024.538 төгрөгөөс барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан 7.200.000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 4.824.538 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн байна.
9.2.Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол үүрэг дуусгавар болохоор заасан, хэргийн баримтаар хариуцагч зээлийг бүрэн төлсөн байдал тогтоогдоогүй, дээр дурдснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй болох нь тогтоогдож байна. Иймд шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзнэ.
9.3.Хэргийн үйл баримтаар хариуцагч Ц.Б зээлийн гэрээг байгуулж, 14,400,000 төгрөгийн зээлийг хүлээн авсан боловч зээлийн гэрээний үүргийг графикаар тохиролцсон хугацаанд биелүүлээгүй болох нь нотлогдож байх тул түүнээс гэрээний үүрэгт төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 2.064.303 төгрөг, үндсэн хүү 2.300.235 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 460.000 төгрөг, нийт 4.824.538 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
9.4.Нэхэмжлэгч нь зээлдэгч буюу хариуцагчаас гаргуулах төлбөрийн шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 2.064.303 төгрөг, үндсэн хүү 2.300.235 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 460.000 төгрөг, нийт 4.824.538 төгрөгийг гаргуулахыг шаардаж тус нэхэмжлэлийг 2023 оны 8 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэлээр тогтоогдож байна.
9.5.Гэрээний үүргийн дагуу тооцоолсон нэхэмжлэгчийн гаргаж өгсөн дээрх зээлийн гэрээний үндсэн үүргийн төлөгдөөгүй үнийн дүнгийн тооцоололтой хариуцагч тал маргаагүй тул нэхэмжлэгчийн үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор шаардсан 4.824.538 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
10.Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг үндэслэн гэрээний үүргийн дагуу гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нийт 4.824.538 төгрөгийг хариуцагч Ц.Баас гаргуулж нэхэмжлэгч Б ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.
11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92.143 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул улсын тэмдэгтийн хураамж 92.143 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Баас 4.824.538 /дөрвөн сая найман зуун хорин дөрвөн мянга таван зуун гучин найман/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ББСБ ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92.143 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ц.Баас улсын тэмдэгтийн хураамж 92.143 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ