Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2019/ДШМ/0020

 

          Б.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/122 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Ад холбогдох эрүүгийн 1813003380226 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын орлогч прокурор А.Турдыбек, шүүгдэгч Б.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, орчуулагч, хэлмэрч Б.Раушан нар оролцов.

 

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1972 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Н сумын 7 дугаар багт оршин суух, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, А овогт Б-н А /РД:БЗ00000000/ нь хохирогч К.Р-ийг газрын маргааны улмаас зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/122 дугаар шийтгэх тогтоолоор:

 

“1. Шүүгдэгч А овогт Б-н А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн давж заалдах гомдлын агуулга:Шүүгдэгч Б.А миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг 2019 оны 9 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Монгол Шуудангийн салбараас хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шүүгдэгч Б.А миний бие хохирогч гэх К.Ртэй 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр газрын маргааны улмаас хэрэлдэн маргалдаж, улмаар бие биеэ заамдан авч ноцолдсон. Түүнээс биш Б.А би К.Рийг зодсон, толгойн хэсэгт цохисон, толгойг хана мөргүүлж гэмтээсэн зэрэг үйлдэл хийгээгүй бөгөөд тухайн үед үзэж харсан гэрчүүд Б.С, К.С, О нар зодоон болоогүй гэдгийг нотолсон.Тухайн үед хохирогч К.Рийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй болох нь хавтаст хэрэгт байгаа гэрчүүдийн мэдүүлэг, маргааныг зохицуулсан цагдаагийн албан хаагчдын тайлбар тэмдэглэлээр батлагдаж байна.

2. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 478 тоот шинжилгээний дүгнэлт нь үндэслэлгүй, илт хууль зөрчсөн, хууль бус болох нь дараах байдлаар нотлогдсоор байтал, зөвхөн тухайн шинжээчийн 478 тоот дүгнэлтийг үндэслэж, Б.А намайг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон явдалд гомдолтой. Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 478 тоот дүгнэлтэд “Хохирогч К.Рийн өөрийн авч ирсэн амбулаторийн карт, рентген зургийг үндэслэн... К.Рийн биед учирсан гэмтэл хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэж заасан. Мөрдөн байцаалтаар хохирогч К.Р нь эмнэлгийн байгууллагад үзүүлж, харуулаагүй, амбулаторийн карт хөтлүүлээгүй, рентген зураг огт авхуулж байгаагүй болох нь нотлогдсон байна. Энэ нь Шүүхийн шинжилгээний албаны 478 тоот дүгнэлт хууль бус болохыг нотолж байна.

3. Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 167/265 тоот тушаалаар баталсан “Гэмтлийн зэргийг тогтоох шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний заавар”-ын 2 дугаар хавсралтын 1.3.1-т “Эмнэлгийн бичиг баримт (өвчний түүх амбулаторийн карт), гэмтлийн шинж, эмчилгээний явц, шинжилгээний материал зэргийг үндэслэж гэмтлийн зэрэг тогтоох , мөн зааврын 2.1-т “Эрүүл мэндийг сарниулсан хугацаа, энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдсан хэмжээг хувиар, гэмтлийн хор уршиг”, мөн зааврын 2.1.2-т “Эрүүл мэндийг түр сарниулсан хөнгөн гэмтэл нь 4 долоо хоног хүртэл байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж шүүх шинжилгээний албаны 478 тоот дүгнэлт гаргахдаа ямар ч эмнэлгийн бичиг баримтгүй, хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээг тогтоогоогүй, шинжилгээ, эмчилгээ хийгдээгүй байхад шинжээч эмч үзэмжээр дүгнэлт гаргасан.

4. Гэмтлийн зэрэг тогтоох шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний зааврын 1.3.5а-д “Эрүүл мэндийг сарниулаагүй, энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулаагүй гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоохгүй” гэж заасан. Хохирогч К.Рийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг тогтоогоогүй тул хөнгөн гэмтэл гэж тогтоосон Шинжээчийн 478 тоот дүгнэлт үндэслэлгүй.

5. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Дахин шинжилгээ хийлгэх тухай” 5/06 тоот тогтоолоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн багийг томилж, 4 тооны асуулт тавьж, дүгнэлт гаргахыг даалгасан боловч тогтоолын 2.2 дахь хэсэгт заасан “дүгнэлт үндэслэлтэй бол хөдөлмөрийн чадвар хэдэн хувиар алдсангэх асуултад, мөн 2.4-д заасан ”тархины доргилт авсан өвчтөн яаж эмчлүүлэх эсэх, эмчилгээ хийлгээгүй нөхцөлд хүндрэх эсвэл эдгэрэх магадлал байгаа эсэх“ гэсэн дахин шинжилгээний 2 асуултад хариу өгөөгүй, шинжээчийн дүгнэлтийг дутуу хийсэн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмэлт шинжилгээ хийх үндэслэл болохыг анхан шатны шүүх анхаарч, хүлээж аваагүй.

6. Шинжээчийн 478 тоот дүгнэлт хууль бус, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хийсэн “дахин шинжилгээний дүгнэлт” бүрэн биш хийгдсэн тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй” бөгөөд мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй нотлох баримтыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх ёстой байсан. Мөн нотлох баримтаас хасаж тооцох боломжтой байтал нотлох баримтыг буруу үнэлсэн гэж гомдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч Б.Аий давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан зүйл тогтоогдоогүй, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багийн иргэн К.Ртэй газрын маргааны улмаас үүссэн таарамжгүй харьцаанаас үүдэн хоорондоо маргалдан хэрэлдэж, заамдан авч толгойн дагз хэсгээр хана руу цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх эхсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь бүрэн тогтоогджээ.

 

Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Хайратын 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 478 дугаартай: “...Иргэн К.Рийн биед тархины доргилттой, дагзны дээд хэсэгт хавдартай, дагзны дунд хэсэгт хавдартай, хүзүү хоолойд урд болон зүүн хажуу талд бүхэлдээ хамарсан олон тооны замбараагүй байрласан цус хуралттай зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлтээр,

хохирогч К.Рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Бид хоёрын хооронд хэрүүл маргаан гарсан мөн намайг барьж авч заамдаж дэлгүүрийн хана руу шахаж толгойг минь хананд цохьсон юм. Мөн намайг газарт унагаасан, тэр үед бид нарын хажууд байсан хүмүүс салгаж авсан ба миний толгойг дэлгүүрийн хананд цохих үед гэмтэл авсан. ...Зодоон болоогүй гэж худлаа хэлж байна. Тухайн үед харсан гэрч нарыг худлаа хэлсэн гэж хэлж байна. Би тухайн үед ирээд эмчилгээ хийлгэсэн.” гэх мэдүүлгээр,

гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тэгээд К.Р, Б.А хоёр газраас болж хоорондоо маргалдсан. Тэгж байхад нэг нэгнийгээ заамдаж барьж авч ноцолдсон юм. Тэр үед бид нар салгаж авсан.  К.Рийн хүзүүнээс жоохон цус гарсан ба тэгж байхад цагдаа нар ч ирсэн тэгээд хоёулаа маргалдаж байж байгаад хоёр тийшээ явчихсан.” гэх мэдүүлгээр,

гэрч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тэр хашаанд Б.А эхнэртэйгээ хамт байсан ба Р, А хоёр газраас болж хоорондоо маргалдсан. Тэгж байхад нэг нэгнийгээ заамдаж барьж авч дэлгүүрийн хажууд ноцолдсон юм. Тэр үед бид нар салгаж авсан. Тэр хоёр нэг нэгнийгээ заамдаж аваад хана руу шахаж ноцолдож байсан.” гэх мэдүүлгээр,

гэрч С.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр өдөр А манай хашаанд ирээд манай нөхөртэй газрын асуудлаас болж маргалдсан юм. Тэгээд нэг нэгнийгээ барьж аваад ноцолдож А хэд хэдэн удаа манай нөхрийг гараар цохиж дэлгүүрийн хана руу шахаж заамдаж аваад толгойг хана руу хэд хэдэн удаа цохисон. Тэгээд нэг удаа татаж газар унагаасан ба тэр үед чулуутай газарт унасан байсан. Мөн чамайг ална, худалдаж авна гээд олон юм ярьж хэл амаар доромжилсон болно. Тэгээд манай нөхөр цагдаад хандсан. Уг зодоон 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед болсон байсан. Урд өгсөн мэдүүлэгт 10 дугаар сарын 13-ны өдөр гээд буруу хэлсэн байна. Тэр өдөр  би сургуульд очиж хичээл орох ёстой байсан ба очиж чадаагүй юм.” гэх мэдүүлгээр шүүгдэгч Б.Аий үйлдэл холбогдол хийгээд мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны явцад эдгээр нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлууд бүрэн, хангалттай нотлогдон тогтоогджээ.

           

Шүүгдэгч Б.Аий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул анхан шатны шүүхээс түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.А нь “К.Рийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй, шинжээчийн дүгнэлт илт хууль зөрчсөн, эргэлзээтэй дүгнэлтийг нотлох баримтаас хасаж тооцож, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой байсан” гэж давж заалдах гомдол гаргасан боловч түүний гомдол нотлох баримтад үндэслэгдээгүй, гомдолд дурдсан үндэслэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Чимэд-Очир, Т.Сэлэнгэ, М.Аригуунтөгс нарын хамтран гаргасан 919 дугаартай шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Аий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн боловч хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх үед тухайн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Аий үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарах ба мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэж хуульчилжээ. Түүнчлэн мөн зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэж заажээ.

Шүүгдэгч Б.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хуульд заасан нэг жилийн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход, 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр түүний үйлдсэн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, тухайн хэргийг давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хэргийг хөөн хэлэлцэх нэг жилийн хугацаа өнгөрсөн нь тогтоогдож байна. Энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, прокурорын дүгнэлт үндэслэлтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тул мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Ад холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.-т заасныг тус тус удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/122 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Ад холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ад урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

                                                                                                Д.МӨНХӨӨ