Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 92

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Б.Батхишиг,

шүүгдэгч Г.Лхавгадорж, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар  зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар Баатар Содномуд овогт Ганхүүгийн Лхавгадоржид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 201624001057 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 16-нд өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Монгол улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт 15-р гудамжны 9 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Баатар Содномуд овогт Ганхүүгийн Лхавгадорж /РД:ЙЗ88042012/

 

Шүүгдэгч Г.Лхавгадорж нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны орой 20 цагийнн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эрдэм  Транс ХХК-ийн урд талын замд 93-94 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөний дүрмийн 7.17-д заасан Бусдын хөдөлгөөнд саа учруулахгүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчин явган зорчигч Н.Оюунчимэгийг мөргөж биемахбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.5 Зам тээрийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт: хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Лхавгадорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 11 дүгээр сарын 30-ны орой таксинд явж байгаад Эрдэм транс ХХК-ийн дэргэд хүн буулгаад тэндээ жоохон зогсож байгаад ухрах үйлдэл хийж зам руу орох гэтэл ард нэг зүйл ток гээд дуугарсан. Тэгээд хүн байх гэж бодоод айж сандарсандаа бууж үзэлгүй явсан. Иргэний нэхэмжлэгч Оюунчимэгийн нэхэмжилсэн 700.000 төгрөгийг төлсөн. Тэрээр одоо гомдол, саналгүй гэсэн” гэв .

Шүүгдэгч Г.Лхавгадорж нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны орой 20 цагийнн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эрдэм  Транс ХХК-ийн урд талын замд 93-94 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа явган зорчигч Н.Оюунчимэгийг мөргөж биемахбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл. /хэргийн 5-8 дугаар хуудас/

Компакт дискний бичлэгт үзлэг хийсэн тухай “... 20:09:01 цагт эхлэхэд Эрдэм Транс ХХК-ний хашаан доторх болон урд талын зорчих хэсгийг харуулж байв. Бичлэгт замын урд талд хар бараан өнгийн хувцастай явган зорчигч зогсож байсан байв. 20:09:25 секундэд саарал өнгийн Т.Приус 20 маркийн автомашин нь ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй ухарч байснаа 20:09:31 секундэд тээврйн хэрэгсэл түр зогсоод 20:30:33 секундэд дахин ухарч машины ар талд зогсож байсан хар бараан өнгийн хувцастай явган зорчигчийг машиныхаа хойд хэсгээр мөргөж газар унагаад машин зогссон 20:09:47 секундэд машин хөдлөөд зүүн зүг рүү явсан” гэсэн тэмдэглэл. /хэргийн 21 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч Н.Оюунчимэгийн “2016 оны 11 дүгээр сарын 30-ны орой 20 цагийн орчимд өөрийнхөө ажил болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо Эрдэм Транс ХХК-иас ажлаа тараад замынхаа урд талд автобус хүлээгээд утсаараа оролдоод замынхаа зорчих хэсгээс гараад шороон хэсэг дээр зогсож байтал гэнэт миний баруун гар талаас Тоёота Приус 20 маркийн автомашин нь ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун тийш чиглэлтэй ухарч байгаад намайг машиныхаа хойд хэсгээрээ хүчтэй мөргөж газар унагаасан. Тухайн үед нилээн гайхаж сандараад нүд бүрэлзээд газар сууж байтал нөгөө намайг мөргөсөн машин хэсэг зогсож байснаа хөдлөөд зүүн зүг рүү зугтаагаад явчихсан. Би тэр үед тухайн автомашиныг 93-94 юм уу, 94-93 улсын дугаартай цайвар өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашин байна гэж харсан. Тэгээд би тэндээсээ замын унаанд сууж гэртээ харьсан. Тухайн орой би цагдаагийн байгууллагад 102 дугаарлуу дуудлага өгсөн. Тэгээд тэр орой хэмжилт хийх гэсэн боловч миний гар утасны цэнэг дуусаад цагдаагийн байгууллага дээр очиж чадаагүй. Би гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээгүй байгаа. Замын хөдөлгөөн сийрэг цаг агаар тогтуун, гадаа гэгээ тасарсан, харанхуй, үзэгдэх очин хязгаарлагдмал, зорчих хэсэг гэрэлтүүлэггүй байсан. Би жолоочийг нь ямар хүн байсныг хараагүй. Машины содон шинжийг бол хараагүй. Миний толгой тархи доргиж аарцаг яс, нуруугаар янгинаж өвдөөд байгаа. Одоо бол миний толгой нуруугаар өвдөөд байгаа. Ямар ч дуут дохио өгөөгүй. Тэр автомашин нилээн зайтай зүүнээс баруун тийш чиглэлтэй ухарч ирээд хүчтэй мөргөсөн. Намайг түс тас хийтэл мөргөчихөөд хэсэг хугацаанд зогсож байгаад 20-30 секундын дараа хөдлөөд яваад өгсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 38-39 дүгээр хуудас/

Гэрч Х.Мөнгөншагайгийн “2016 оны 11 дүгээр сарын 30-ны орой 20 цаг 30 минутын орчимд би Хино ренэлер маркийн 10-70 УБЧ дугаартай ачааны автомашиныг жолоодож Төв аймгийн Бүрэн сумаас хот руу чиглэлтэй 4 дүгээр цахилгаан станцын урд замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй саппоро орох гээд Хөсөг трейд буюу Баянголын оношлогооны төвийн хажуугийн замаар явж байхад миний зүүн гар талаас Т.Приус 20 маркийн саарал өнгийн 93-94 УБХ дугаартай автомашин нь гэнэт мөргөх шахаад их хурдтай ороод ирсэн. Тухайн үед би тэр машины замыг чөлөөлөөд баруун талруугаа хашлага даваад миний урдхан талд гараад зогсчихоод, машинтайгаа хажууд нь зэрэгцэж зогсоод црнхоороо яаж яваад байнаа гэж асуухад Т.Приус 20 маркийн автомашины жолооч болох 30-35 орчим насны эрэгтэй хүн нилээн согтуу машиндаа ганцаараа байсан. Тэгсэн тэр жолооч машиныхаа хүрдийг дэрэлчихсэн байсан. Гурвалжингийн гүүрний тэндээс дахин хөдлөөд гурвалжингийн гүүрний урд уулзвар чиглээд яваад өгөхөөр нь би шууд өөрөө 99963363 дугаарын утсаар 102 дугаарт залгаж согтуу жолооч яваад байна гэж дуудлага өгсөн. Би осол болохыг хараагүй. Замын хөдөлгөөн хэвийн бөглөрөөгүй гадаа гэгээ тасраад машинууд гэрлээ асаасан байсан. Агаар тогтуун хэвийн байсан. Миний машиныг мөргөж шүргэсэн зүйл байхгүй. Би 30-35 орчим насны туранхай бор царайтай хүн байна л гэж харсан. Одоо харвал бараг танихгүй байхаа. Тухайн үед хальт харсан. Одоо харвал танихгүй байх. Приусны жолооч юманд хөөгдөж байна уу гэмээр их хурдтай миний машины хажуугаар мөргөх шахаад орж ирсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 41-42 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 16324 дугаартай:

“1. Оюунчимэгийн биед тархи доргилт, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энэ гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 50 дугаар хуудас/

 

Замын цагдаагийн албаны шинжээчийн 721 дугаартай:

“ … 93-94 УБХ улсын дугаартай Т.Приус 20 маркийн автомашины жолооч Г.Лхавгадорж нь Монгол улсын замын хөдөлгөний дүрмийн 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саа учруулахгүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөн”, “... Явган зорчигч Н.Оюунчимэг нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт /хэргийн 59-60 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Иймд Шүүгдэгч Г.Лхавгадорж нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа явган зорчигч Н.Оюунчимэгийг мөргөж биемахбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөн, дээрх зам тээврийн ослыг гаргаад осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд уг гэмт хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар 216.2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Лхавгадорж нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 100 дугаар хуудас/ Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвийн ял шийтгэлийн хуудсанд  бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэлээ.

 

Иргэний нэхэмжлэгч Н.Оюунчимэг нь “... эмчилгээний мөнгө 700.000 төгрөг авсан. Одоо миний бие гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй” /хэргийн 105 дугаар хуудас/ гэсэн хүсэлт хэргийн материалд байгааг үндэслэн шүүгдэгч Г.Лхавгадоржоос бусдад учруулсан хохиролд нь нөхөн төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.Лхавгадорж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа ойлгон гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулах хорих ялыг тэнсэж, хянан харгалзах боломжтой байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Баатар Содномуд овогт Ганхүүгийн Лхавгадоржийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар Г.Лхавгадоржийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.Лхавгадоржид оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч Г.Лхавгадорж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хугацаагүй, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураасан В, С, Е ангилалын №529565 дугаартай жолооны үнэмлэхийг Г.Лхавгадоржид буцаан олгож, нэг ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргасугай.

 

6. Мөрдөн байцаалтын явцад Тоёота приус 20 маркийн 93-94 УБХ улсын дугаартай автомашин битүүжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар Г.Лхавгадоржид оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн  Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Лхавгадоржид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт зааснаар тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд, ялтан, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Лхавгадоржид энэ тогтоолоор авсан батлан даалтад өгөх сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ