Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2016/00855

 

Б.Жаргалдуламын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 111 дүгээр шийдвэртэй,

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 72 дугаар магадлалтай,

Б.Жаргалдуламын  нэхэмжлэлтэй

Булган аймгийн Булган сумын Эрдмийн өргөө цогцолбор сургуульд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Жаргалдулам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Баасан, хариуцагчийн төлөөлөгч Н.Янжмаа, хариуцагчийн өмгөөлөгч Н.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймгийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн захирлын 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 69 тоот тушаал нь эрх зүйн үндэслэлгүй. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэж ажлаас халсан нь ажлаас халах биш чөлөөлөх гэсэн заалт байгаа өөрөө хуулийн заалт зөрчсөн. Мөн амьдрах чадвар хичээлийг анги удирдсан багш нар заах ёстой гэж миний хичээлийн цагийг өөр багш нарт тараан өгч үүнийгээ чиний ажлын байр цомхтголд орж байна гэж тайлбарласан. 2014-2015 оны хичээлийн жилд технологийн багш нарын цаг хүрэлцэхгүй амьдрах чадварт суралцах хичээлийн цагийг анги удирдсан багш нар заах ёстой гэсэн дээд байгууллагын заавар тушаал ирсэн тул ажлаас чинь халж байна, ямар ч боломжгүй болсон тул чамайг чөлөөлж байна гэж хэлдэг ч Амьдрах чадварт суралцах хичээлийн цагийг 7 хоногт нэг удаа орно гэж менежерийн хурлын тэмдэглэлд тусгачихаад үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрөөд байсан. Ийм боломж байсаар байтал ямар ч боломжгүй гэж тайлбарлаад байна. Тус сургууль нь 13 бүлэгтэй, үүнд нийт 39 цагийн хичээл байгаа. Багш нарын цалин хөлс тооцох журамд 19 цаг түүнээс дээш бол багшид цалин хөлс олгоно гэсэн байдаг. Мөн байгууллагын дотоод журмын 8.9.2-т зааснаар надад тэтгэмж олгосон гэж байна. Ажлаас чөлөөлөгдсөн хүнд энэ тэтгэмжийг олгодоггүй. Захирал Н.Янжмаа нь тушаал гаргахдаа хууль дүрмээ судалдаггүй байдлаас хүнийг хохироож байгаад гомдолтой, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Жаргалдулам 2007 онд манай сургуульд технологийн багшаар ажилд орж, 2013 оноос мэргэжлийн технологийн багшийн цаггүй болсон хэдий ч өмнөх сургуулийн захирал маань бусад багш нарын цагаас 1/2 цаг авч байж ажлаас халалгүй үлдээж түүнд багшид боломж олгож 2 жил ажиллуулсан. Би тус сургуулийн захирлаар томилогдож ажиллаж байхад шалгалт ирж амьдрах чадварт суралцах хичээлийн цагийг хичээлээс гадуур боловсролын цаг тул анги удирдсан багш нараар заалгах нь зүйтэй гэснийг Б.Жаргалдулам багш өөрөө ч мэдэж байгаа. Энэ анги бүлэг болгонд заагдах хичээл тул нүсэр ажил. Б.Жаргалдулам багш тэр нүсэр ажлыг ганцаараа хийх боломжгүй. Мөн удирдамжиндаа багш нар баг болж ажиллана гэж заасан. Амьдрах чадварт сургах үйл ажиллагааг сургуулийн захирал, болон багш нар багаар ажиллана гэсэн байгаа. Амьдрах чадварт суралцах үйл ажиллагааны цагийг зөвлөн туслах мониторнгийн баг ирж хуралдаад энэ хичээлийг анги удирдсан багш нар заах нь илүү үр дүнтэй гэсэн. 2013 оноос хойш технологийн багшийн орон тоо байхгүй тул багш нар гэрээгээ жил жилээр сунгаж явсан. Би ганцаараа шийдвэр гаргаагүй, хамт олонтойгоо хамтарч шийдсэн шийдвэр. Мөн хүүхдүүдээс судалгаа авахад технологийн хичээлийг хүүхдүүд сонгоогүй. Б.Жаргалдулам багшийг тэтгэмжээ авч Солонгос явъя гэхэд нь би хүлээж аваад 3 сарын цалинтэй тэмцэх хэмжээний тэтгэмж олгосон, тушаал дээр 2015 оны 04 дүгээр сард хамт олноороо баталсан дотоод журмыг давхар барьсан. Иргэний боловсрол хичээл дээр 1/2 цаг тавьчихаад байгаа. Яагаад гэхээр энэ хичээлийг түүх нийгмийн багш нар олон жилийн өмнөөс заагаад хэвшчихсэн. Би бусад газруудыг судлахад ихэнх сургуулиуд энэ хичээлийг түүх нийгмийн багшаар заалгадаг юм билээ. Б.Жаргалдулам багш надад хүсэлт гаргахдаа технологийн багшаараа ажиллах хүсэлт өгч байсан. Би багш нарын зөвлөлөөр оруулж шийдсэн ч технологийн багшийн орон тоо байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 111 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Жаргалдуламын Булган аймгийн Булган сумын Эрдмийн-Өргөө цогцолбор сургуулийн амьдрах ухаан технологийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 72 дугаар магадлалаар Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 111 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Жаргалдуламыг Булган аймаг дахь Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн технологийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 132 хоногийн цалинтай тэнцэх нөхөн олговорт 5 855 510 төгрөгийг гаргуулан Б.Жаргалдуламд олгож, хуульд заасан журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн захиргаанд даалгасугай.” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн захиргаанаас улсын тэмдэгтийн хураамжид 108 638 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай гэсэн заалтыг нэмж, 2 гэж дугаарласныг 3 гэж дугаарлаж, шийдвэрийн 3, 4 гэж дугаарласныг 4, 5 гэж дугаарлаж өөрчлөн, шийдвэрийн бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, Нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн  болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Магадлалд хууль буруу хэрэглэсэн тул гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өөрийг нь бүрэн төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар итгэмжлэлийг М.Мандалд олгож, 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.” гэжээ. Нэхэмжлэгч нь 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр М.Мандалд өөрийгөө бүрэн төлөөлөх үүний дотор “Нэхэмжлэх гаргах”  итгэмжпэл олгоод 09 дүгээр сарын 13-ны өдөр БНСАУ руу ажил хийхээр явсан. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч тайлбарлахдаа Солонгос явахаасаа өмнө гарын үсгээ хоосон цагаан цаасан дээр зурж үлдээсэн, Солонгост байхдаа буюу 2015 оны 09 дүгээр сарын  21-ний өдөр нэхэмжлэлийг өөрөө бичиж интернет шуудангаар илгээсэн гэх мэтээр тайлбарласан ч энэ тайлбараа баримтаар нотлоогүй тул өөрийн нэрээр нэхэмжлэл гаргасан нь тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарласанчлан шүүх хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Анх 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэх үед Жаргалдуламыг хэзээ Солонгос явсан тухай нотлох баримт ирээгүй, гэтэл дахин нэхэмжлэл өгөхөд нь түүнийг хэзээ хил гарч хэзээ орж ирсэнийг тодруулах шаардлагатай болсон тул нотлох баримт гаргуулахад 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Солонгос улс руу явж 2015 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр Монголд буцаж ирсэн нь тогтоогдсон. Энэ нотолгооны үндсэн дээр нэхэмжлэлийг хэн хэзээ өгсөн талаар маргаан үүссэн. Анхан шатны шүүх хуралд Солонгос явахдаа нэхэмжлэлээ бичиж өгөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн атлаа давж заалдах гомдолдоо би 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэл бичин итгэмжпэлд нэхэмжлэл гаргах эрх олгосон, шүүхийн үйл ажиллагаанд оролцох итгэмжлэлийг өөрийн эх М.Мандалд үлдээсэн үйл ажиллагааг миний нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарласан дүгнэлт хийсэн гэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т заасны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл гаргах үүргээ биечлэн гүйцэтгэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгочихоод өөрөө гадаад оронд байж нэхэмжлэл гаргасан гэж мэтгэлцээд байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэх үндэслэл болж байгаа тул давж заалдах шатны шүүх үүнийг анхаарч үзэлгүй хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэнгүй. Давж заалдах шатны шүүхийн БСШУС-ын “Сургалтын төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай” 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/320 дугаар тушаал түүний хавсралтаар багшийн орон тоо хасагдсан, цөөрүүлсэн талаар дурдаагүй, тухайн багшийн зааж байсан цагийг анги удирдсан багш нарт хувааж өгсөн нь орон тоо хасагдсан цөөрсөн гэх үндэслэлд хамааралгүй тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй болжээ” гэсэн дүгнэлт Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, , БСШУ, НХХ, СС-ын 2007 оны хамтарсан 307/91/237 тоот тушаалаар баталсан Цэцэрлэг, ЕБС-ийн багшийн ажлын норм тогтоох, багш зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам”-ын 1.2-т боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан сургалтын төлөвлөгөө, Засгийн газраас тогтоосон бага, дунд боловсролын норм, нормативыг үндэслэн тухайн хичээлийн жилд ажиллах багшийг орон тоог захирал, эрхлэгч тогтооно гэж заасантай нийцээгүй дүгнэлт. Дээрх журамд сургуулийн багш 7 хоногт 34 цагтай тэнцэх стандартыг хэрэгжүүлэх ажил гүйцэтгэнэ. Стандарыг хэрэгжүүлэх ажилд ногдох 34 цагийн 19 цаг нь хичээл заах цагт зориулагдана гэж заасан. Дээрх журмын дагуу багшид мэргэжлийн 19 цагийн хичээл заах нөхцөл бүрдэж байж үндсэн буюу орон тооны багшаар ажиллана. 2015-2016 оны хичээлийн жилийн бүх мэргэжлийн багшийн цагийн тооцоог хийж цаг хүрэлцэхгүй багш нарт мэдэгдэл өгсөний дотор технологийн багш нэхэмжлэгч хамрагдсан. Ингээд нэхэмжлэгч нь технологийн багшаараа ажиллах хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтэндээ 2013-2014 онд технологийн багшийн цаг хүрэлцэхгүй болж хичээлийн зохицуулагч хийснээ хүлээн зөвшөөрч тайлбарласан ба хичээлийн зохицуулагчаасаа өөрийн хүсэлтээр больж амьдрах ухааны багш хийж байснаа тайлбарласан. Гэтэл шүүх технологийн багшаар тогтоосон магадлал гаргасан. Аль 2013-2014 оны хичээлийн жилд тэр ажил байхгүй болсон нь нотлогдож байхад шүүх анхаарч үзээгүй. 2015-2016 оны хичээлийн жилд амьдрах ухааны багшаар ажиллах боломжгүй болсон байдлыг өөрөө хүлээн зөвшөөрч технологийн багшаар ажиллах хүсэлт гаргаж байсныг нотлох дээрх баримтыг шүүх анхаарч үзээгүй. 2013-2015 оны хичээлийн жилд 6 багш байснаас тухайн жилд 3 багш болтол цаг нь цөөрсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлд нийцнэ. Энэ талаарх нотлох баримт хэрэгт гаргаж өгсөн. Магадлалд технилогийн багшаар ажиллуулахаар шийдвэрлэсэн нь технологийн нэг ч цагийн хичээл заах боломжгүй, амьдрах чадварын хичээл заах багшийн орон тоо байхгүй, нийт цаг нь 19 цаг хүрэхгүй байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Жаргалдуламыг 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл БНСАУ-д ажилласан байхад ажилгүй байсан хугацааны олговрыг 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажлын 132 хоногоор бүрэн тооцож олгохоор заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүлийн 69.1.2-т нийцэхгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна. Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу шийдвэрлэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй болсон байх ба магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт нэмж оруулах шаардлагатай гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.Жаргалдулам Булган аймгийн Булган сумын Эрдмийн өргөө цогцолбор сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ажил олгогчийн 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 69 тоот тушаалыг тухайн өдөр нь гардаж авснаас хойш шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан шаардлагад нийцэж буй эсэх талаар хоёр шатны шүүх хоёр өөр дүгнэлт хийж, анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй  болгосон, давж заалдах шатны шүүх гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэснээс гадна ажил олгогчийн тушаал хуульд нийцээгүй гэж үзэж, нэхэмжлэлийг хангасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заажээ.

Нэхэмжлэгч Б.Жаргалдулам тушаалыг 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гардаж аваад 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд хандсан, түүнээс олгосон итгэмжлэлээр ээж М.Мандал нь шүүхэд төлөөлж байхдаа нэхэмжлэлийг татан авах хүсэлт гаргасныг Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1504 дүгээр шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн, үүнээс хойш Б.Жаргалдулам шүүхэд 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргаснаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3.-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн, уг хугацааг сэргээн тогтоох боломжтой гэж үзэх үндэслэл тогтоогдсон байна. Иймээс шүүхэд гомдол гаргах хугацааг сэргээж, шийдвэрлэх нь зөв бөгөөд энэ талаар магадлалд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

Түүнчлэн ажил олгогчийн тушаалын үндэслэл болох орон тоо хасагдсан гэх үндэслэл тогтоогдоогүй, тухайн байгууллагын орон тоо бүтцэд зохих ёсоор өөрчлөлт ороогүй байх тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүх холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй болжээ.

Иймд хариуцагчийн төлөөлөгч Н.Янжмаагийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 72 дугаар магадлалын тогтоох хэсгийн

1 дэх заалтад “Монгол Улсын...” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан талаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоож...” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Н.Янжмаагийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Н.Янжмаагийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108 638 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.         

 

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                         П.ЗОЛЗАЯА