Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 205

 

“Д  б х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,Татварын ерөнхий газрын

 Улсын төсвийн орлого,хяналтын газрын Хяналт шалгалтын

 хэлтсийн татварын улсын байцаагч Ц.С, Х.Н нарт холбогдох

захиргааны хэргийн тухай  

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Х.Батсүрэн, 

Шүүгчид:                   Л.Атарцэцэг,

                                    Г.Банзрагч,

                                    Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:         Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох.

Нэхэмжлэлийн шаардлага: “...улсын байцаагчдын 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0003801 тоот актыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0732 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0043 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Ч.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б,

Хариуцагч Х.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нар.

Нэхэмжлэгч “Д  б х” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр

1. Нийслэл  дэх  Захиргааны  хэргийн  анхан  шатны  шүүхийн  2017  оны  10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0732 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3.2, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Д  б х” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчдын 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0003801 тоот актаар тогтоосон 472,098.9 мянган төгрөгийн нөхөн татварын төлбөрөөс 236,049.45 мянган төгрөгийн төлбөрийг хасч, 141,629.7 мянган төгрөгийн торгууль, 62,128.2 мянган төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлж, төлбөрийн хэмжээг 236,049.45 мянган төгрөгөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0043 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 732 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “...Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүх магадлалынхаа “хянавал” хэсэгт Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг дурдаад, “өөрийн тусгай зөвшөөрөл бүхий уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлөх үүрэг хүлээлгэсэн зохицуулалт гэж ойлгоно” хэмээн зөв дүгнэсэн байтлаа, “Д  б х” ХХК нь 2012 онд ...хайлуур жонш экспортод гарган борлуулж ...орлого олсон атлаа ...борлуулалтын орлогод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж тайлагнаагүй гэж үзсэн байгаа нь шүүх энд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийг орлогын албан татвартай адилтган андуурч байгааг харуулж байна.

4. Манай тохиолдолд, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар 1.ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, 2.өөрийн уурхайгаас олборлож, 3.худалдсан зэрэг нөхцөлийг зэрэг хангасан субъект л АМНАТ төлөх хуулийн зохицуулалттай учраас “Д  б х” ХХК ч тэр /татварын улсын байцаагчийн акт тавигдсан 2012 онд өөрийн уурхайгаас ашигт малтмал олборлоогүй/, түүнд жонш худалдсан нөхөрлөлүүд ч АМНАТ төлөх үүрэг бүхий субъект биш тул татварын улсын байцаагчийн акт нь огт үндэслэлгүй тавигдсан байгаа юм.

5. “Д  б х” ХХК нь өөрийн лицензит талбайгаас жонш олборлох боломжгүй байгааг нотлох баримтуудыг шүүхэд хангалттай гаргаж өгсөн байгаа. Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бүрэн гүйцэд үнэлж, хэргийг шийдвэрлэх ёстой. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн /2001 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.4-д “анхан шатны баримт гэж ажил гүйлгээ гарсныг нотолж, бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоо” гэж заасныг үзвэл, анхан шатны баримтыг зөвхөн ажил гүйлгээ гарсныг нотолж, бичгээр бүрдүүлсэн баримтаар хязгаарлалгүйгээр зааж өгсөн байна. Гэтэл давж заалдах шатны шүүх Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн /2001 оны/ 7 дугаар зүйлийг зааж, бусадтай байгуулсан гэрээ болон гарал үүслийн бичиг зэрэг нь “бусад нотолгоо” гэдэгт хамаарахгүй гэж хуулийг буруу тайлбарлалаа. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхээс “Д  б х” ХХК-ийг өөрийн уурхайгаас ашигт малтмал олборлоогүй гэдгийг батлах нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр шийдвэрлэсэн нь буруу юм. Иймд татварын улсын байцаагчийн 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0003801 тоот актыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

6. Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нар “Д  б х” ХХК-ийн 2012 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0003801 дүгээр актаар 2012 онд 21,320.1 тонн жоншийг экспортод гарган борлуулснаас 853,502.0 мянган төгрөгийн орлогод 85,350.2 мянган төгрөгийг төлж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар 4,720,989.3 мянган төгрөгийн орлогод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж тайлагнаагүй, төсөвт төлөөгүй зөрчилд 472,098.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 141,629.7 мянган төгрөгийн торгууль, 62,182.2 мянган төгрөгийн алданги, нийт 675,856.8 мянган төгрөгийг төлүүлэхээр тогтоосон байна. 

7. Нэхэмжлэгч “Д  б х” ХХК нь дээрх, татварын байцаагчдын 0003801 дүгээр актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “тус компани 2012 онд өөрийн уурхайн талбайгаас жонш олборлоогүй, бичил уурхай эрхлэгчдээс худалдан авч экспортолсон тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй, төлбөрийн хэмжээг гэрээгээр тохиролцсон үнийг баримтлах ёстой байхад жишиг үнийг хэрэглэсэн нь хууль бус” гэж маргажээ.

8. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэж заасан.

9. Хуулийн энэ зохицуулалтаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн уурхайн эдэлбэрээс ашигт малтмал олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлөхөөр хуульчилсан байна. 

10. Нэхэмжлэгч “Д  б х” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас олгосон Хэнтий аймгийн Дархан сумын “Бор хужир” нэртэй газар орших 30 га талбайд ашигт малтмал ашиглах 14272А дугаар бүхий аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй байх бөгөөд Татварын өрөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар ашигт малтмалын нөөц ашигласнаар татвар төлөх үүрэг хүлээсэн, татвар төлөгч хуулийн этгээд байна.

11. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ, 2012 онд өөрийн уурхайгаас жонш олборлоогүй, бичил уурхай эрхлэгчдээс худалдан авсан гэж тайлбарлах боловч энэ үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгчээс, жоншийг бусад этгээдүүдээс худалдан авсныг нотлох баримт хэмээн Хэнтий аймгийн Норовлин, Баян-Адрага, Хэрлэн сумын нөхөрлөлүүдээс 2012 онд худалдан авсан хайлуур жоншны гарал үүслийн бичиг, тус сумдын Засаг дарга нараас мөн онд жонш олборлогч иргэн, аж ахуйн нэгжид олгосон гарал үүслийн бичиг, хамтран ажиллах гэрээ зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн боловч эдгээр баримтууд нь тус компанийг өөрийн тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас олборлолт хийгээгүй гэдгийг нотлохгүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан санхүүгийн анхан шатны баримтад хамаарахгүй байна.

12. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.3-т энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээ, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг тодорхойлон заажээ.

13. Татварын улсын байцаагч нар “Д  б х” ХХК-ийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар 4,720,989.3 мянган төгрөгийн орлогод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж тайлагнаагүй зөрчилд акт ногдуулахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 47.3.2, 47.4-т заасныг зөрчсөн гэж дүгнэн, 472,098.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 141,629.7 мянган төгрөгийн торгууль, 62,182.2 мянган төгрөгийн алданги ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-т заасантай нийцсэн байна.

14. Шүүхүүд актаар тогтоосон төлбөрөөс хариуцлага болох 141,629.7 мянган төгрөгийн торгууль, 62,182.2 мянган төгрөгийн алдангийг өршөөлд хамруулсан нь хуульд нийцсэн, харин анхан шатны шүүх нөхөн татварын 236.049.45 мянган төгрөгийг хасч тооцсон тухайд шүүхийн шийдвэрт хариуцагч нараас гомдол гаргаж маргаагүй, зөвшөөрч байх тул давж заалдах шатны шүүхийн, шүүхийн шийдвэрийн бусад үндэслэлийн талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна.

15. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0732 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0043 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Х.БАТСҮРЭН

                         ШҮҮГЧ                                                                       Б.МӨНХТУЯА