Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 221/MA2017/0477

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2017/0477

Улаанбаатар хот

Б.Колягийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Б.Колягийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаар шийдвэрээр: “Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Колягийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Засаг даргын 2017 оны 01 сарын 18-ны өдрийн Б/05 дугаар захирамжийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Б.Коляг Увс аймгийн Өмнөговь сумын ахлах сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Колягаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Коляд олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Б.Коляг хуулиар хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул хариуцагч биелүүлэхийг шаардахаар өөрт нь мэдэгдэхийг, холбоо барихыг удаа дараа оролдсон боловч утас нь холбогдохгүй, ажлын байрандаа байхгүй байсан тул түүнд дамжуулан мэдэгдэж, үр дүнгийн гэрээний биелэлтийн тайланг яаралтай ирүүлэхийг тус сургуулийн менежерээр дамжуулан түүнд мэдэгдсэн. Түүнчлэн ... түүний үр дүнгийн гэрээг дүгнэхэд F үнэлгээ авсан боловч, нэхэмжлэгчийн байдлыг харж үзээд D үнэлгээ авсан тул зохих журмын дагуу хариуцлагыг оногдуулсан болно.

Сонсох ажиллагаанд нэхэмжлэгч Б.Коля өөрийн биеэр ирж оролцож, үр дүнгийн гэрээний биелэлттэй танилцсан нь хэрэгт авагдсан сонсох ажиллагааны тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон.

Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 Нэхэмжлэгч Б.Колягаас “Увс аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай“ Б/05 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Увс аймгийн Өмнөговь сумын ахлах сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Увс аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/750 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нийт сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын 2016 онд аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэсэн бөгөөд тухайн шалгалтаар Өмнөговь сумын ахлах сургуулийн захирал Б.Коляд “хангалтгүй” буюу “F” үнэлгээг өгсөн, улмаар хариуцагч Увс аймгийн Засаг дарга Өмнөговь сумын ахлах сургуулийн захирал Б.Коляг үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ дутагдалтай биелүүлэн “D” үнэлгээ авсан гэж үзэн сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлж, албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй байна.

Хэдийгээр Б.Коля тогтоосон хугацаанд тайлангаа ирүүлээгүй буруутай боловч Увс аймгийн Засаг дарга 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь сумын ахлах сургуулийн захирал Б.Колятай байгуулсан үр дүнгийн гэрээний 4.2-т гэрээний биелэлтийг төсвийн шууд захирагч 2016 оны 12 дугаар сарын 20-ны дотор багтаан тайлагнаж, мөн оны 12 дугаар сарын 25-ны дотор түүний биелэлтийг дүгнэхээр заасныг зөрчиж, Б.Колягаас ирүүлсэн үр дүнгийн гэрээний илтгэх хуудсыг бус тус сургуулийн менежерээс тайланг гаргуулах замаар гэрээний биелэлтийг дүгнэсэн нь Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-ын 2.2 /Төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн оны гэрээний биелэлтийн тайлан болон дараа оны гэрээний төслөө хугацаанд нь ирүүлээгүй төсвийн шууд захирагчид шаардлага тавьж хэрэгжилтийг хангах эрхтэй/, 6.1 /Гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн шууд захирагчтай ярилцлага хийнэ/-д заасныг зөрчжээ.

Нөгөөтэйгүүр, аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнэх ажлын хэсэг Б.Колягийн 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг “F”, аймгийн Засаг дарга “D” гэж зөрүүтэй дүгнэсэн, тухайн үнэлгээг илтгэх хуудаст талууд баталгаажуулаагүй байгаа нь дээрх журмын 6.7 /гэрээний биелэлтийг дүгнэх Илтгэх хуудсанд талууд гарын үсэг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно/-д нийцээгүй байна.

Дээрх нөхцөл байдал нь хариуцагч Увс аймгийн Засаг даргыг Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 /Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсон ажиллагаа гэнэ/-т заасан сонсох ажиллагааг хийгээгүй гэх үндэслэл болно.

Хэдийгээр хариуцагчаас 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цаг 30 минутад тухайн ажиллагааг хийх талаар Б.Коляд мөн өдрийн 12 цаг 30 минутад мэдэгдэх арга хэмжээ авсан боловч энэ нь дээрх хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасан сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байх шаардлагыг хангаагүй, мөн Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр явуулсан биечлэн уулзах ажиллагаанд захиргааны шийдвэр гаргах эрх бүхий этгээд оролцоогүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдалд зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь үндэслэлтэй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                              Д.БАТБААТАР