| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2022/04288/И |
| Дугаар | 181/ШШ2024/00838 |
| Огноо | 2024-03-01 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 181/ШШ2024/00838
| 2024 03 01 | 181/ШШ2024/00838 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: .... тоотод оршин суух Шийн Ш /РД:.../-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... давхарт байрлах, М ХК /РД:.../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт зээлийн үлдэгдэл төлбөр 40,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ш.Шн,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ш.Ш нь хариуцагч М ХХК-д холбогдуулан Даатгалын нөхөн төлбөрт зээлийн үлдэгдэл төлбөр 40,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Иргэн Ш.Ш би нөхөр Б.Аын хамт 2018.01.04-ний өдөр Голомт банкнаас 85.200.000 төгрөгийг 25 жилийн хугацаатайгаар, ЗГ2105119108 дугаарын зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж, ипотекийн зээлээр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 52 дугаар байрны 36 тоот хаягт байрлах 2 өрөө 62,33 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авсан бөгөөд одоо зээлийн үлдэгдэл төлбөр нь 80.000.000 төгрөг байгаа болно.
Энэхүү зээлийг авахад банкнаас тавьсан шаардлага, зээлийн гэрээнд заасны дагуу Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ-г М ХК-тай байгуулж, жил бүр даатгалын гэрээгээ сунгуулж, төлөх ёстой төлбөрөө cap бүр төлж ирсэн.
Миний нөхөр Б.А нь зүрхний шигдээс өвчний улмаас 2022.05.28-ний өдөр гэнэт нас барсан тул М ХК-д гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай хүсэлт гаргахад 2022.06.28-ны өдрийн 22/668 дугаартай нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариу өгсөн ба уг хариуг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд хандсан. Гэвч Санхүүгийн зохицуулах хороо нь 2022.08.09-ний өдрийн 9/3072 дугаарын албан бичигтээ М ХК-ний нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Даатгуулагчийн нас барсан шалтгаан нь даатгалын гэрээнд заасан гэнэтийн ослын эрсдэлд хамаарахгүй гэж үзэхээр байна. Шийдвэрийг эс зөвшөөрвөл иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгсөн учраас шүүхэд хандаж байна. Зүрхний шигдээс өвчин өмнө нь мэдэгдэх боломжгүй, гэнэт тохиолддог учраас ердийн өвчин гэдэг шалтгаанаар даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл болохгүй хэмээн үзэж байгаа болно.
Иймд М ХК-аас Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийг үндэслэн бидний зээлийн үлдэгдэл төлбөр болох 80.000.000 төгрөгнөөс 40.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Ш.Шнаас М ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасны дагуу дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн 12105119108 тоот даатгалын гэрээний даатгуулагч Б.А нь 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нас барснаас даатгалын нөхөн төлбөр гаргуулах хүсэлтийг түүний төлөөлөгч Ш.Шнаас ирүүлсэн нөхөн төлбөр олгох хүсэлт, түүнд холбогдох материалуудыг судлаад дараах шийдвэрийг гаргасан.
Үүнд: Даатгуулагч Б.А нь 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нас барсан бөгөөд Нас барсны гэрчилгээнд Булган аймаг, Могод сумын нутагт 121.9 оношоор нас барсан гэж дурдсан байх бөгөөд энэхүү онош нь Олон улсын өвчний ангилалд Зүрхний шигдээс өвчнийг тэмдэглэсэн тэмдэглэгээ юм. Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Зүрхний төвийн эмнэлгээс гарах үеийн дүгнэлтэд даатгуулагч нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 09-ний хооронд зүрхний эмчилгээ хийлгэж байсан, түргэн тусламжийн дуудлагын хуудсанд гэнэт ухаан алдсан зэрэг баримтаас үзэхэд даатгуулагчийн зүрхний өвчин сэдэрч нас барах шалтгаан болсон байна.
Даатгалын гэрээний амь насны даатгал хэсэгт Даатгуулагч дараах эрсдэлүүдийн улмаас амь насаа алдах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийг даатгана:
-Үйлдвэрлэлийн осол
-Ахуйн осол
-Зам тээврийн осол
-Байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол
-Гуравдагч этгээдийн санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол гэж заасан бөгөөд даатгуулагчийг нас барахад хүргэсэн шалтгаан, нөхцөл нь даатгалын гэрээнд тусгасан эрсдэлд хамаарахгүй юм.
Иймд Даатгуулагч Баасанжав овогтой Атай байгуулсан 12105119108 тоот Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний 7.3-д Амь нас эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөл, 7.3.1-д Аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан 7.3.14-д Даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл шалтгааны улмаас учирсан хохирол болон Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.5-д Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно, 8.5.3-т Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэх заалтуудыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна.
Иймд даатгагчийн гаргасан нөхөн төлбөрийн шийдвэр үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 357,950 төгрөг төлсөн баримт, М ХХК-ийн 2022.06.28-ны өдрийн 22/668 дугаартай Ш.Шд хүргүүлсэн албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны 2022.08.09-ний өдрийн 9/3072 тоот албан бичиг, Б.Аын нас барсны гэрчилгээний хуулбар, Ш.Шгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2020.05.15-ны өдрийн Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ, 2018.01.04-ний өдрийн ЗГ2105119108 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, 2018.01.04-ний өдрийн ЗБ2105119108 дугаартай Ипотекийн гэрээ, 2020.05.15-ны өдрийн ЗГ2105119108 зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, ЗГ2105119108 тоот зээлийн гэрээний Эргэн төлөлтийн график, өмгөөлөгч Н.Бг оролцуулах хүсэлт, Б.Аын урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ, Голомт банк дахь 2105119108 тоот Зээлийн дансны хуулга зэргийг гаргаж өгсөн байна.
Хариуцагч талаас нотлох баримтаар: Э.Од олгосон итгэмжлэл, М ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг гаргаж өгсөн байна.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд: Б.Атай холбоотой өвчний түүхийн хуулбар, УНТЭ-ийн Зүрхний төвийн эмчийн бичсэн Эмнэлгээс гарах үеийн дүгнэлт, Б.Аын 2022.05.28-ны өдрийн түргэн тусламжийн хуудас, нас барсны гэрчилгээ зэрэг авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүх, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
5.Нэхэмжлэгч Ш.Ш нь хариуцагч М ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 40,00,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба нэхэмжлэгч нь ...талийгаач Б.Аыг зүрхний шигдээс өвчний улмаас гэнэт нас барсан, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасан даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээний 7.3.1-т заасан Аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан, даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд даатгалын тохиолдол бий болсон байхад уг гэрээний 6.2.2-т зааснаар даатгалын нөхөн төлбөрийг... зээлдэгчийн төлбөр хариуцах хувиар олгоно гэж заасныг үндэслэн маргаж, эрсдэлийг даатгалын гэрээний дагуу 40.000.000 төгрөг гаргуулахаар шаардаж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
6.Хариуцагчийн зүгээс татгалзлын үндэслэлээ ...даатгуулагчийг нас барахад хүргэсэн шалтгаан, нөхцөл нь даатгалын гэрээнд тусгагдсан эрсдэлд хамаарахгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
7.Даатгуулагч Б.А зүрхний шигдээс өвчний улмаас нас барсан нь даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол мөн эсэхэд талууд маргаж байна.
8.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.
-Хэрэгт нэхэмжлэгчээс, Б.А, Ш.Ш нарын Голомт банктай 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 23 жилийн хугацаатай байгуулсан 82,021,015 төгрөгийн ЗГ2105119108 дугаартай орон сууцны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн БГ2105119108 дугаартай ипотекийн гэрээ, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ЗГ2105119108 зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, эргэн төлөлтийн график, зээлийн дансны хуулга, Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээний хуулбар, М ХК-иас даатгуулагч Ш.Шгийн хүсэлтийг шийдвэрлэсэн нөхөн төлбөрийн шийдвэрийн тухай 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 22/668 дугаартай албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооноос иргэн Ш.Шд Даатгалын нөхөн төлбөрийн тухай 20212 оны 08 дугаар сарын 09-ны өдөр 9/3072 тоот хариу албан бичиг, 000619398 дугаарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ш.Шгийн иргэний үнэмлэхний болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанууд, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтууд ирүүлсэн нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, үнэлэх боломжтой байна./хх 4-21/
-Хариуцагчаас тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, төлөөлөгчид олгосон итгэмжлэлийг ирүүлсэн, мэтгэлцээнд ач холбогдол бүхий нотлох баримтыг холбогдох эмнэлгийн байгууллагаас гаргуулах хүсэлт гаргаснаар шүүхээс холбогдох баримтуудыг гаргуулсан бөгөөд нэхэмжлэгчээс ирүүлсэн баримттай хариуцагч тал маргаагүй.
8.1.2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр иргэн Б.А, Ш.Ш, хариуцагч М ХК нарын хооронд 12105119108 дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ байгуулагдсан, даатгалын хамгаалалтад даатгуулагч амь насаа алдах эрсдэлийг тохиролцсон, гэрээнд даатгалын нөхөн төлбөрийг зээлийн төлбөрийн 50 хувийг Б.А, 50 хувийг Ш.Ш нар тус тус тооцон хариуцахаар харилцан тохиролцсон байна.
8.2.Даатгалын гэрээ байгуулсны дараа даатгуулагч Б.А 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр эмнэлгийн тусламж авч чадалгүй Булган аймгийн Могод сумын 1-р багт зүрхний цочмог шигдээс, тодорхойгүй I21.9 өвчнөөр нас барсан үйл баримт бий болсон, энэ талаар талууд маргаагүй./хх 151-152/
8.3.12105119108 дугаартай ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2043 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаатай, зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн болон барьцаа хөрөнгийн даатгал гэсэн бүтээгдэхүүний төрлүүдийг сонгон, зээлийн үлдэгдэл 82,021,015 төгрөг, зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үнэлгээг 82,021,015 төгрөгөөр, барьцаа хөрөнгийн даатгалын үнэлгээг 124,660,000 төгрөгөөр тохирч тус тус даатгуулсан, даатгуулагчийн амь насны даатгалын хураамжид даатгуулагч нар 82,021 төгрөг, барьцаа хөрөнгийн даатгалд 149,592 төгрөг, нийт 231,613 төгрөг төлж гэрээг бичгээр үйлдсэн нь талуудын хооронд Иргэний хуулийн 431 дугаар зүйлийн 431.1-т Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан сайн дурын даатгалын гэрээний агуулга шинж бүхий талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн хуулийн хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн байна.
8.4. Иргэний хуулийн431 дүгээр зүйлийн 431.2-т Даатгалын зүйл нь эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд, түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол байна. гэж зааснаар зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээний зүйл нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд байна.
8.5.Даатгуулагч Б.А, Ш.Ш нар гэр бүл, түүний эхнэрийн хувьд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч эсэх дээр хариуцагч маргаагүй бөгөөд гэрлэлтийн гэрчилгээгээр мөн байх тул нэхэмжлэгч нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-т зааснаар хариуцагч буюу даатгагч М ХК-аас даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй гэж үзлээ.
8.6.Нэхэмжлэгч нь даатгалын гэрээний 1.4-т заасны дагуу даатгагчид хугацаанд нь бүрэн мэдээлэл баримтаа өгсөн, энэ талаар талууд маргаагүй.
8.7.М ХК нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гаргасан Ш.Шгийн даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай өргөдөлд, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 22/668 дугаар албан бичгээр, ...даатгуулагч Баасанжав овогтой А нь 2022 оны 05 сарын 28-ны өдөр нас барсны улмаас Голомт банкин дахь зээлийн үлдэгдлийн ногдох хэсэгт нөхөн төлбөр олгох хүсэлт ирүүлснийг судлаад нөхөн төлбөр олгох боломжгүй гэж үзлээ. Бидэнд ирүүлсэн материалаас үзэхэд нас барсны гэрчилгээнд Булган аймаг, Могод сумын нутагт I21.9 оношоор нас барсан гэж дурдсан байх бөгөөд энэхүү онош нь Олон улсын өвчний ангилалд Зүрхний шигдээс өвчнийг тэмдэглэсэн тэмдэглэгээ юм. Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Зүрхний төвийн эмнэлгээс гарах үеийн дүгнэлтэд даатгуулагч нь 2022.05.03-09-ний хооронд зүрхний эмчилгээ хийлгэж байсан, түргэн тусламжийн дуудлагын хуудсанд гэнэт ухаан алдсан зэрэг баримтаас үзэхэд даатгуулагчийн зүрхний өвчин гэнэт сэдэрч нас барах шалтгаан болсон байна. Даатгалын гэрээний амь насны даатгал хэсэгт Даатгуулагч дараах эрсдэлүүдийн улмаас амь насаа алдах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийг даатгана:
-Үйлдвэрлэлийн осол
-Ахуйн осол
-Зам тээврийн осол
-Байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол
-Гуравдагч этгээдийн санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол гэж заасан бөгөөд даатгуулагчийг нас барахад хүргэсэн шалтгаан, нөхцөл нь даатгалын гэрээгээр хамгаалагдсан эрсдэлд биш юм. Иймд даатгуулагч Баасанжав овогтой Атай байгуулсан 12105119108 тоот Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний 7.3-д Амь нас эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөл, 7.3.1-д Аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан 7.3.14-д Даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл шалтгааны улмаас учирсан хохирол болон Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.5-д Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно, 8.5.3-т Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэх заалтуудыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна. гэжээ.
8.8.Санхүүгийн зохицуулах хороо 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 9/3072 тоот албан бичгээр ...гомдлын дагуу М ХК-аас даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан шийдвэрийн талаарх тайлбарыг нотлох баримтын хамт гаргуулан хянахад, даатгагчийн зүгээс зээлдэгчийн нас барсан шалтгааныг даатгалын гэрээнд заасан эрсдэлд хамаарахгүй гэж үзэн даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.1-т Аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсхүл хөдөлмөрийн чадвараа алдсан, 7.3.14-т Даатгалын гэрээнд тусгагдаагүй эрсдэл шалтгааны улмаас учирсан хохирол, Даатгалын тухай хуулийн 8.5-д Даатгагч дараах үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно, 8.5.3-т Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж тус тус заасныг үндэслэн нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 210 дугаар тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 2 дугаар зүйлийн 2.1.1 заасан үндсэн эрсдэлийн дагуу даатгагчтай харилцан тохиролцож гэрээг байгуулсан байх ба мөн даатгуулагчийн нас барсан шалтгаан нь даатгалын гэрээнд заасан гэнэтийн ослын эрсдэлд хамаарахгүй гэж үзэхээр байна...гэжээ.
8.9.Энэ нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс Санхүүгийн зохицуулах хороонд хандахад М ХК-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэгчид хариу өгсөн байх тул хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан гэж үзнэ.
8.10.Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 1.1-т Энэ журмын зорилт нь даатгалын гэрээний дагуу даатгагч нь орон сууцны ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд болон орон сууцанд даатгалын тохиолдол учрахад учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг эрх бүхий этгээдэд төлөх нөхцөл бүхий Ипотекийн даатгал-ын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2.1-т Ипотекийн даатгал нь сайн дурын даатгалын тусгайлсан бүтээгдэхүүн бөгөөд ипотекийн барьцаа хөрөнгийн даатгал болон ипотекийн зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээж зээлийн дүнг хүлээж авсан этгээдийн амь нас, эрүүл мэндийн даатгал гэсэн 2 тусдаа даатгалын бүтээгдэхүүнээс бүрдэнэ.
2.2-т Даатгагч нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалаар дараах үндсэн эрсдэлийг даатгана.
2 дугаар зүйлийн 2.1.1-д ...ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн ослын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 хувь түүнээс дээш хувиар алдалт,
4.1-т Даатгагч нь даатгуулагчтай байгуулах ипотекийн даатгалын гэрээнд даатгалын зүйл, даатгалын үнэлгээ, даатгалын хураамжийн хувь, даатгалын хураамжийн хэмжээ, хураамж төлөх нөхцөл, даатгалын нөхөн төлбөр олгох, нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл, даатгагч, даатгуулагч харилцан тохиролцож тодорхойлсон даатгалын хугацаа, түүнийг сунгах нөхцөл, даатгагч, даатгуулагчийн эрх, үүрэг, гэрээг дүгнэх, цуцлах нөхцөл, хуульд заасан бусад зүйлсийг заавал тусгана гэж,
4.2-т Даатгагч даатгалын гэрээнд нөхөн төлбөр олгох, нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцлийг тодорхой, хоёрдмол утга санаагүй, бусдад шууд ойлгогдохоор үг хэллэгтэй байхаар тусгах бөгөөд нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцлөөс бусад тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж үл болно.,
4.4.1-т Зээлдэгчид даатгалын эрсдэл, даатгагчаа сонгох эрхийг олгох,
4.5-д Даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загвар-ын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна.,
5.4.2-т Даатгагч энэ журмыг зөрчиж ипотекийн даатгалын гэрээ байгуулснаас үүдэн даатгуулагч хохирсон нөхцөлд хохирлыг даатгагчаар төлүүлэх гэж тус тус зохицуулсан байна.
8.11.Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 3 дугаар хавсралтад, 3.Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал.
Үндсэн эрсдэл сонгох;
А. Гэнэтийн ослын улмаас нас барах, эрсдэл.
Б. Аливаа шалтгааны улмаас нас барах, эрсдэл гэж заажээ.
8.12.Талуудын хооронд 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 12105119108 дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээний нийтлэг үндэслэл хэсгийн 2.1-д энэхүү гэрээгээр нэг талаас даатгуулагч нь энэ гэрээний мэдүүлгийн маягтад дурьдсан даатгалын зүйлийг даатгуулж, даатгалын хураамж төлөх, нөгөө талаас даатгагч нь даатгалын тохиолдол болсон нөхцөлд даатгалын зүйлд учирсан хохирлыг гэрээний дагуу даатгуулагчид нөхөн төлөх харилцааг зохицуулна, 2.2-т Даатгуулагчийн гарын үсэг бүхий мэдүүлгийн маягт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг бөгөөд хамтдаа хүчин төгөлдөрт тооцогдоно, 2.4.5-д даатгалын зүйл гэж амь нас эрүүл мэндийн даатгалын хувьд даатгуулагчийн амь нас, эрүүл мэндийг, 2.4.7-д даатгалын тохиолдол гэдэг нь даатгуулсан зүйлд даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг, мөн гэрээний 7.3-т Амь нас эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөл-д 7.3.1-т Аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан ... гэж тус тус зааж тохиролцжээ.
8.13.Гэрээнд үйлдвэрлэлийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол гэж даатгалын хамгаалалт хэсэгт дурджээ.
8.14.Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгохоор заасан.
8.15.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4-т зааснаар даатгалын гэрээнд тусгах нөхцлийг 431.4.1-т даатгалын зүйл, 431.4.2-т даатгалын эрсдэлийн төрөл, 431.4.3-т даатгалын үнэлгээний хэмжээ, 431.4.4-т даатгалын хугацаа, түүнийг дахин сунгах нөхцөл, 431.4.5-д даатгалын хураамжийн хэмжээ, түүнийг төлөх хугацаа, 431.4.6-д даатгагч, даатгуулагчийн эрх, үүрэг, хариуцлага, 431.4.7-д гэрээг дүгнэх, цуцлах, түүнд өөрчлөлт оруулах нөхцөл. гэж нарийвчлан заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан 12105119108 дугаартай гэрээнд даатгалын зүйлийг зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд гэж тодорхойлон, харин даатгалын эрсдэлийн төрлийг гэрээний 2.2-т Даатгуулагчийн гарын үсэг бүхий мэдүүлгийн маягт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг бөгөөд хамтдаа хүчин төгөлдөрт тооцогдоно., 2.4.5-д даатгалын зүйл гэж амь нас, эрүүл мэндийн даатгалын хувьд даатгуулагчийн амь нас, эрүүл мэндийг..., 2.4.6-д мэдүүлгийн маягт нь гэрээний салшгүй нэг хэсэг бөгөөд даатгуулагч, даатгалын зүйлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан ба даатгуулагч агуулагдсан мэдээлэл нь үнэн зөв гэдгийг зөвшөөрч гарын үсгээр баталгаажуулсан, даатгагчийн тамга тэмдэг бүхий хуудас буюу гэрээний нэгдүгээр зүйлийг... гэж тохиролцсоны дагуу Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 3 дугаар хавсралтад заасан, Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэл болох А.Гэнэтийн ослын улмаас нас барах эрсдэл, Б.Аливаа шалтгааны улмаас нас барах, эрсдэл-үүдээс даатгуулагч өөрөө сонголт хийж баталгаажуулсан мэдүүлгийн маягт гэрээний салшгүй хэсэг байхаар зохицуулагдсан, талууд гэрээнд энэ талаар нарийвчлан зааж тохиролцсон байна.
8.16.Талуудаас хэрэгт энэхүү мэдүүлгийн маягтыг ирүүлээгүй, маягт үйлдэгдсэн эсэх талаар хэн аль нь тайлбар гаргаагүй тул маягтыг үйлдээгүй байна гэж үзнэ.
8.17.Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.1-т Даатгагч нь гарын үсэг зурсан даатгалын баталгааг даатгуулагчид гардуулах үүрэгтэй, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д Даатгалын баталгааг гэрээнд заасан хугацаанд даатгуулагчид олгох, 9.1.6-д Даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцлийг даатгуулагчид танилцуулах гэж даатгагчид үүрэг болгон тус тус тогтоосон, мэдүүлгийн маягтыг Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 4.5-д Даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загвар-ын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна. гэж тус тус зааснаар даатгагч М ХК нь гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлагаа даатгуулагчид ойлгуулж танилцуулах, загвар бүхий мэдүүлгийн маягт хуудас баримтыг баталгаажуулан үйлдэх хуулиар хүлээсэн болон гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй, зөрчсөн байна.
8.18.Иймд нэхэмжлэгч талын ...маягтын дагуу амь насны даатгалын үндсэн эрсдэлээс сонголт хийлгээгүй, ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээг байгуулсан, даатгуулагч бид өөрийн ашиг сонирхолын төлөө амь нас эрүүл мэндээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан... гэж маргаж байгаа үндэслэлийг нь хариуцагчийн тайлбар, гэрээний заалт няцаах үндэслэл болохгүй байна.
8.19.Энэ нь, зээлдэгчийн хуулиар олгогдсон амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлийн сонголт хийх эрхийг нь эдлүүлэлгүй, даатгуулагчид гэрээний заалт агуулгыг тайлбарлан ойлгуулаагүй, амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлүүдээс сонголт хийлгэх эрхийг нь эдлүүлээгүйд даатгуулагчийг буруутгах үндэслэл болохгүй, харин даатгагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн буруутай гэж үзэх тул даатгуулагчийн даатгалын зүйл болох амь насаа өвчний улмаас алдсан эрсдэлийг даатгалын тохиолдол биш гэж үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд даатгуулагчийг хохироолгүй, хохирлыг даатгагч хариуцан төлөх үүрэгтэй байна гэж шүүх дүгнэлээ.
9.Дээрхээс дүгнэхэд, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, Даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь хэсгийн А-д тус тус заасны дагуу даатгагч М ХК нь зээлдэгчийн амь насаа алдах эрсдэлийн даатгалын үнэлгээг 82,021,015 төгрөгөөр тохиролцсон дүнд багтаан, даатгуулагч Б.Аыг нас барах үеийн зээлийн үлдэгдэл 81,912,720.72 төгрөг байсан болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч 80,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан гэж нэхэмжлэлээ тодорхойлж даатгуулагч Б.Ат ногдох 40,000,000 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулахаар шаардсан тул энэхүү даатгалын нөхөн төлбөрийг хууль ёсны өвлөгч болох даатгуулагч Ш.Шд хариуцан төлөх үндэслэл тогтоогдож байна.
10.Иймд гэрээний үндсэн үүрэгт шаардсан 40,000,000/дөчин сая/ төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул улсын тэмдэгтийн хураамж 357,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар хариуцагч М ХК-иас 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Шд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 /гурван зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 357,950/гурван зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Шд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ