| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2023/04361/И |
| Дугаар | 181/ШШ2024/00911 |
| Огноо | 2024-03-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 181/ШШ2024/00911
| 2024 03 05 | 181/ШШ2024/00911 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, шүүгч Б.Билгүүн, Н.Гантуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, Лийн М /РД:/,
Хариуцагч: .... тоотод оршин суух, Шын Р /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 24,129,050 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Т,
Хариуцагч Ш.Р,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Л.Мэ нь хариуцагч Ш.Рид холбогдуулан гэм хорын хохиролд 24,129,050 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.
Үүнд: Хариуцагч Ш.Р нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тоёото приус 20 маркийн 81-52 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас Тоёото аллион маркийн 82-22 УНР дугаарын автомашин жолоодон явсан Л.Мийн тээврийн хэрэгслийг мөргөж, түүний биед гавлын суурь ясны их бага далавч, суурийн хөндий рүү үргэлжилсэн хугарал, их тархины зүүн чамархайн дэлбэнгийн эдийн дотор цусан хураа, зүүн хацрын ясны нуман хугарал, эрүү ясны хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, сээрний 11-р нугалмын арын сэртэнгийн хугарал, зүүн дээд 1, 3, 4-р шүд, доод зүүн 5-р шүд, доод баруун 7-р шүдний эмтрэл, тархи доргилт зэрэг амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан болно.
Энэ нь Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12763 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдоно. Шийтгэх тогтоолын 4 дүгээр нүүрний 7 дахь мөрөнд шинжээчийн дүгнэлтийг бичсэн байна.
Ийнхүү хариуцагч Ш.Ренчиндорж нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэний улмаас 2021.04.01-ний өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад Ш.Р нь эмчилгээний зардал 3.540.611 төгрөгийг төлж, үлдэх 912.917 төгрөгийг шийтгэх тогтоол гарснаас хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулж авсан.
Л.Мий биед дээрх авто ослын улмаас үүссэн олон тооны гэмтлүүд нь бөөр доргиж, хараанд өөрчлөлт орж, улмаар гавлын суурь ясны их бага далавч, суурийн хөндий рүү үргэлжилсэн хугарал нь их хүнд гэмтэл учраас эдгэрэх магадлал бараг байдаггүй, амь насанд аюултай тул болгоомжтой, эмнэлгийн байнгын хяналтад байхыг эмч нар зөвлөж байгаа бөгөөд одоо мэдрэлийн эмнэлгийн хяналтад, өрхийн эмчид байнга үзүүлдэг.
Л.Мэ нь Монгол улсын өсвөрийн болон залуучуудын буудлагын спортын аврага, буудлага спортын 1 дүгээр зэрэгтэй тамирчин бөгөөд тэрээр энэ спортоор ирээдүйтэй, бэлтгэгдсэн тамирчин байсан. Түүний эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас цаашид ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, спортоор амжилт олох бүхий л боломжоо алдсан.
Ослын дараа ГССҮТөв эмнэлгийн эрүү нүүрний тасагт эрүү нүүрний хагалгаанд орж, 60 гаруй хоног ам нь чивтэй, ам ангайх боломжгүй, шүдэнд нь төмөр бэхэлж, битүү 50-60 резинээр амыг нь тэвхдэж, ангайх, ярих, хоол идэх боломжгүй, зөвхөн шингэн зүйл ууж байсан.
2021 оны 12 сард Улсын Гуравдугаар төв эмнэлэгт гэмтлийн дараах архаг толгой өвдөлт, бөөрний сувганцарын завсрын эдийн архаг нефрат намжмал үе оноштой уламжлалт эмчилгээний тасагт сэргээн засах эмчилгээг хэвтэж эмчлүүлсэн.
Тийнхүү ослоос үүдэлтэй эрүүл мэндэд учирсан гэм хор арилаагүй, үргэлжилсээр байгаа тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй учраас 2020 оны 11, 12-р сарын х 420 000 төгрөг = 840.000 төгрөг
2021 он 12 cap х 420.000 төг = 5.040.000 төгрөг
2022 он 12 cap х 420.000 төг = 5.040.000 төгрөг
2023 он 1-9 cap х 550.000 төг = 4.950.000 төгрөг
Нийт 15.030.000 төгрөг, мөн шүдний имплантын зардал 6.219.000 төгрөг, эм тариа, эрүүл мэндэд зарцуулсан зардал 2.880.050 төгрөг, бүгд 9.099.050 төгрөг+15.030.000=24.129.050 төгрөгийг Ш.Роос гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Ш.Р нь 2020 оны 10 сарын 31 нд осол гаргасан нь үнэн. Нэхэмжлэгч Л.Мэ-д эмчилгээний зардал 3,540,611 төгрөг, мөн 20221/ШЦТ/210 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдааны үед Л.Мэ- н гаргаж ирсэн 6,162,968 төгрөгийн баримтаас нотлох баримтын шаардлага хангасан 912,914 төгрөгний баримтыг үндэслэн тооцоог хийсэн бөгөөд 5,250,051 төгрөгийг цаашид гарах гэм хорны хохиролд нэхэмжилсэн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна гэж тогтоол гарсан. Түүнчлэн Л.Мэ-н унаж явсан 3222 УНР улсын дугаартай Toyota Alion маркын авто машины гэмтэлийн төлбөр болох 5.806.000 төгрөгийг төлж нийт 10.259.525 төгрөгийг төлж шууд хохиролыг барагдуулсан болно. Мөн ХУДЭХАШШ-н 2021/ШЦТ/210 дугаартай тогтоол дээр Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол төлснийг дурдаж нийт гэм хорын хохиролд 24,717,611 төгрөгийг шүүгдэгчийн зүгээс төлсөн байх тул хохирол төлбөр барагдуулсан гэж үзэв гэсэн тогтоол гарсан. Миний бие Л.Мэ-д тухайн үед хэрэг бүртгэлийн хавтаст хэрэгт байсан бүх хохиролыг барагдуулсан гэж үзэж байна. П.Мийн нэхэмжилж байгаа 24,129,050 төгрөг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Л.Мэ хөдөлмөрийн чадвараа алдаагүй, мөн дээрээс нь тухайн эмийн сангаас авсан эм тариа болон автомашины шатахуун авсан баримтууд хэн худалдаж авсан нь тодорхойгүй байна гэж үзэж байна гэжээ.
3.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ:
Нотлох баримт давхацсан байж болзошгүй тул ослын улмаас үүдэн гарсан эмчилгээний зардлыг үнэн зөвөөр нь тогтоож Ш.Роос гаргуулах нь зөв гэж үзэж байна гэжээ.
4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Т.Ариунзаяад олгосон итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.04.01-ний өдрийн 2021/ШЦТ/210 дугаартай шийтгэх тогтоол, нэмэгдсэн өртгийн албан татварын баримтууд, мөнгөн шижлүүлгийн баримт, Л.Мийн эмнэлэгт хэвтсэн тэмдэглэл, Тэрмэстий өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, Лазер мед эмнэлгийн компьютерт томографийн шинжилгээ, Басхүү имплант клиник шүдний эмнэлгийн тодорхойлолт, эмчилгээний цаг захиалах хуудас, эмчилгээ баталгаажуулах хуудас, Л.Мийн амбулториор эмчлүүлэгчдийн карт, Л.Мийн буудлагын спортын 1, 2 дугаар зэргийн үнэмлэхийн хуулбар, Л.Мийн авч байсан өргөмжлөл, медаль, талархалын фото зургийн хуулбарууд, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018.08.19-ний өдрийн 05 дугаар, 2022.05.04-ний өдрийн 10 дугаартай тогтоолын хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.10-ны өдрийн 183/ШШ2023/01109 дүгээр шийдвэр, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023.09.06-ны өдрийн 28иб3/3388 тоот албан бичиг зэргийг гаргаж өгсөн.
Хариуцагч талаас нотлох баримтаар: Г.Сувдаад олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн, өөр баримт гаргаагүй.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
5.Нэхэмжлэгч Л.Мэ нь хариуцагч Ш.Рид холбогдуулан ослоос үүдэлтэй эрүүл мэндэд учирсан гэм хор арилаагүй үргэлжилсээр байгаа тул 2021 оны 11, 12 сарын х 420.000 төгрөг = 840.000 төгрөг,
2021 оны 12 сарын х 420.000 төгрөг = 5.040.000 төгрөг,
2022 оны 12 сарын х 420.000 төгрөг = 5.040.000 төгрөг,
2023 оны 1-9 сарын х 550.000 төгрөг = 4.950.000 төгрөг, нийт 15.030.000 төгрөг,
мөн шүдний имплантын зардал 6.219.000 төгрөг, эм тариа, эрүүл мэндэд зарцуулсан зардал 2.880.050 төгрөг, нийт /9.099.050+15.030.000/ 24.129.050 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлсон.
6.Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...шийтгэх тогтоолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол төлснийг дурдаж, нийт гэм хорын хохиролд 24,717,611 төгрөгийг төлсөн байх тул хохирол төлсөн гэж үзэв гэсэн тогтоол гарсан. Бүх хохирлыг барагдуулсан учир нэхэмжлэл нь үндэслэлгүй, Л.Мэ хөдөлмөрийн чадвараа алдаагүй, эмийн сангаас авсан эм тариа, автомашины шатахуун авсан баримтууд хэн худалдаж авсан нь тодорхойгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Харин Басхүү эмнэлгийн шүдний эмчилгээний зардал 5,250,000 төгрөгийг зөвшөөрнө гэх тайлбар гаргасан.
7.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нотлох баримт давхацсан байж болзошгүй тул ослын улмаас үүдэн гарсан эмчилгээний зардлыг үнэн зөвөөр нь тогтоож Ш.Роос гаргуулах нь зөв гэж үзэж байна гэсэн дүгнэлт гаргасан.
8.Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
8.1 Нэхэмжлэгч Л.Мэ нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бүртгэлийн 0039 дугаарын итгэмжлэлээр Ш.Рид холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүх шатны шүүхэд бүрэн төлөөлөн нэхэмжлэл гаргах, ...бүхий л эрх, үүргийг эдлэхээр Т.Ариунзаяад олгосноор түүний өмнөөс уг нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.3, 62.4 дэх хэсэгт заасанд нийцнэ./хх-ийн 4-р тал/
8.2 Хариуцагч Ш.Р нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний шөнө 00 цаг 10 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зайсангийн гүүрний замд, Тоёота приус-20 маркийн 81-52 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан заалтыг зөрчсөний улмаас Тоёота аллион маркийн 82-22 УНР, Тоёота приус-20 маркийн 19-57 УБА, Субару Форестер маркийн 11-78 УНҮ, Субару Форестер маркийн 95-10 УБЕ улсын дугаартай нийт 4 тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Э.Цогтбаярын эрүүл мэндэд хөнгөн, жолооч Л.Мийн эрүүл мэндэд хүнд, зорчигч Б.Амарзаяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан байна./хх-ийн 5-9-р тал/
8.3 Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолд ...Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээний 12763 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ...Л.Мийн биед гавлын суурь ясны их бага далавч, суурийн хөндий рүү үргэлжилсэн хугарал, их тархины зүүн чамархайн дэлбэнгийн эдийн дотор цусан хураа, зүүн хацрын ясны нуман хугарал, эрүү ясны хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, сээрний 11-р нугалмын арын сэртэнгийн хугарал, зүүн дээд 1, 3, 4-р шүд, доод зүүн 5-р шүд, доод баруун 7-р шүдний эмтрэл, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо... тус гэмтэл нь хүнд зэрэгт хамаарна гэжээ.
8.4 Дээрх шийтгэх тогтоолоор ...Шүүгдэгч Ш.Рийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар Шоовдорын Рийг хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж, Иргэний хуулийн 497 дугаарзүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Роос 912.917 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Мэд олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул шүүх эрүүгийн хэрэгтэй холбоотой үйл баримтын талаар дахин дүгнэлт хийхгүй.
9. Хариуцагч Л.Р нь зам тээврийн ослын улмаас гарсан бүх хохирлыг барагдуулсан, Л.Мэ хөдөлмөрийн чадвараа алдаагүй, эмийн сангаас авсан эм тариа, автомашины шатахуун авсан баримтууд хэн худалдаж авсан нь тодорхойгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж марган, Басхүү эмнэлгийн шүдний эмчилгээний зардал 5,250,000 төгрөгийг зөвшөөрнө гэх тайлбар гаргасан.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй, 505.2 дахь хэсэгт Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж тус тус заажээ.
Хариуцагч Ш.Р нь Л.Мийн биед хүнд хохирол учруулсан болох нь тогтоогдсон, уг хохирлын улмаас Л.Мийн эрүүл мэндэд гэм хор учирсан байх тул шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээд дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хохирогч буюу нэхэмжлэгч Л.Мэд бодитой учирсан хохиролд:
1.Шүдний эмчилгээ хийлгэсэн Басхүү эмнэлгийн имплант эмчилгээний зардалд нийт төлсөн 6,219,700 төгрөгийг, /хх-ийн 15, 31-33, 39-41-р тал/
2.Улсын гуравдугаар төв эмнэлгийн Уламжлалт эмчилгээний тасагт 2021.12.20-ны өдрөөс 2021.12.27-ны өдрийг хүртэл 8 өдрийн эмчилгээ хийлгэж, 2021.12.27-ны өдөр 200,000 төгрөг төлсөн талаар баримт /хх-ийн 25-26-р тал/ авагдсан байх тул нийт 6,419,700 төгрөгийг хангаж, үлдэх 2,679,350 төгрөг гаргуулах шаардлагатай холбогдох бичгийн баримт болох Л.Мийн амбулториор эмчлүүлэгчдийн картад ...2022.01.12-ны өдөр ӨЭМТ-ийн эмч н.Батзаяад үзүүлсэн ба эмчийн заалт зөвлөмж хэсэгт бичигдсэн эмчилгээнүүдийг хэдийд, хэрхэн авсан талаарх цаг хугацааны баримт хэрэгт авагдаагүй, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх бөгөөд бусад бичгийн баримтаар давхар нотлогдоогүй гэж дүгнээд энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох,
3.Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т зааснаар гэм хор учруулах үед хохирогч Л.Мэ цалин хөлс, орлогогүй байсан болох нь тогтоогдсон тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөрийг шаардах эрхтэй учир нэхэмжлэгчийн тодорхойлсон 2020 оны 11, 12 сарууд х 420,000 төгрөг = 840,000 төгрөг, 2021 оны 1-12 сарууд х 420,000 төгрөг = 5,040,000 төгрөг, 2022 оны 1-12 сарууд х 420,000 төгрөг = 5,040,000 төгрөг, 2023 оны 1-9 саруудын х 550,000 төгрөг = 4,950,000 төгрөг, нийлээд 15,030,000 төгрөг гэснийг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Эдгээрийн нийлбэр /84.000+5.040.000+5.040.000+4.950.000/ нийт 15.870.000 төгрөг болж байх боловч шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлагын хэмжээнээс хэтрүүлэх хууль зүйн боломжгүй.
Дээрхийг нэгтгэхэд, нэхэмжлэлээс /6,149,700 + 15,030,000/ нийт 21,449,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 2,679,350 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч, хариуцагч өөрөө нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр баримтаар нотлоогүй, хариуцагч татгалзлаа нотлоогүй байна.
8.Иргэдийн төлөөлөгчийн хэргийн үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт нь дээрх байдлаар шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй нийцэж байна.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар гэм хорын хохирол шаардсан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Ш.Роос улсын тэмдэгтийн хураамж 12,650 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Роос 21.449.700 /хорин нэгэн сая дөрвөн зуун дөчин есөн мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Мэд олгож, нэхэмжлэлээс 2.679.350/хоёр сая зургаан зуун далан есөн мянга гурван зуун тавь/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Ш.Роос 265.198 /хоёр зуун жаран таван мянга нэг зуун ерин найм/ төгрөг гаргуулж, улсын төсвийн орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.БИЛГҮҮН
Н.ГАНТУЯА