| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 2012000000103 |
| Дугаар | 2022/ДШМ/03 |
| Огноо | 2022-01-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2022/ДШМ/03
Б.Б, Д.Д нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, ерөнхий шүүгч Т.Д, шүүгч Д.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Б.Б
Нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулан
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/278 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Насанжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Б, Д.Д нарт холбогдох 2112000000254 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн Арбулаг гэх газар оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б.Б
Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн Арбулаг гэх газар оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д.Д
Шүүгдэгч Д.Д нь Б.Бтой бүлэглэж, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр орчимд Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг дэвсгэр Ар булаг гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу төрсөн дүү Д.Бийг өвөлжөөний ойролцоо өвс хадсан гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь баруун хөмсөгний гадна буланд язарсан шарх, зүүн шууны гадна дунд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Б.Б нь Д.Дтай бүлэглэж, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр орчимд Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг дэвсгэр Ар булаг гэх газарт хохирогч Д.Бийг өвөлжөөний ойролцоо өвс хадсан гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь баруун хөмсөгний гадна буланд язарсан шарх, зүүн шууны гадна дунд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Архангай аймгийн Прокурорын газраас Б.Б, Д.Д нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/278 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Д.Д-ыг бүлэглэж, гэр бүлийн харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Б-ыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Бод 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь торгох ялын 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Б.Б нь торгох ялын 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д, шүүгдэгч Б.Б нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 55 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий мотоциклийг буюу түүний үнийг шүүгдэгч Б.Боос гаргуулж улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д, шүүгдэгч Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгч, хохирогч нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Д, шүүгдэгч Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Н-ын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь шүүгдэгч Д.Дын үйлдэл нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх бөгөөд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх хохирогч Д.Б, гэрч Б.Ц, Д.Б нарын мэдүүлгээр Д.Дыг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэж дүгнэсэн нь буруу болжээ. Бүлэглэж зодсоныг шүүгдэгч нар болон өмгөөлөгч зөвшөөрдөг. Хохирогчийн биед хөнгөн гэмтлийг дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгээр Д.Д учруулаагүй болох нь нотлогддог. Иймд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолын Д.Дд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б, Д.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож тэдгээрт торгох ял оногдуулсан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг зөв үнэлж үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Н-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Д нь Б.Бтой бүлэглэж, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр орчимд Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг дэвсгэр Ар булаг гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу төрсөн дүү Д.Бийг өвөлжөөний ойролцоо өвс хадсан гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь баруун хөмсөгний гадна буланд язарсан шарх, зүүн шууны гадна дунд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч Б.Б нь Д.Дтай бүлэглэж, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр орчимд Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг дэвсгэр Ар булаг гэх газарт хохирогч Д.Бийг өвөлжөөний ойролцоо өвс хадсан гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь баруун хөмсөгний гадна буланд язарсан шарх, зүүн шууны гадна дунд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан шүүгдэгч Д.Дын бүлэглэж, гэр бүлийн харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Бын бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд тус тус үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь зөв байна.
Нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна.
Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/278 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Насанжаргалын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч ... бүлэглэж зодсоныг шүүгдэгч нар болон өмгөөлөгч зөвшөөрдөг. Хохирогчийн биед хөнгөн гэмтлийг дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгээр Д.Д учруулаагүй болох нь нотлогддог. Иймд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолын Д.Дд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү... гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Дын үйлдсэн гэмт хэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгчид оногдуулсан ял түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.
Мөн шүүгдэгч түүний өмгөөлөгч нар бүлэглэж зодсон тухайгаа хүлээн зөвшөөрч байгаагаа давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгчөөр дамжуулж гаргасан гомдолдоо дурдсан атлаа шүүгдэгч Д.Дыг цагаатгах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй, гомдолд дурдсан Д.Д хохирогчид гэмтэл учруулаагүй тул цагаатгах гэсэн үндэслэлээ няцааж байна гэж үзэх боломжтой юм.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/278 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.Ц
ШҮҮГЧИД Т.Д
Д.Б