Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/04

 


        Д.Б-т холбогдох эрүүгийн 
      хэргийн тухай


 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Б даргалж, ерөнхий шүүгч Т.Д, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй, прокурор С.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А, шүүгдэгч Д.Б, нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулж нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/296 дугаар шийтгэх тогтоолтой Д.Бт холбогдох эрүүгийн 2112000000281 дугаартай хэргийг хохирогч, шүүгдэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, малчин, Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Будант гэх газар оршин суух, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 248 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Д.Б

    Д.Б нь 2021 оны 05 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Баянбулаг хороололд, 2021 оны 09 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд тус аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Будант гэх газар эхнэр Д.Дг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт нүүдэл хийж байхдаа хохирогч Д.Дг хөргөгч оруулаад өгөөч гэж гуйхад нь “өөрөө оруулахгүй юу, чадахгүй, чиний боол юм уу” гэж маргалдан, улмаар түүний бөгсөн тус газар нь өшиглөж, ахар сүүл орчим зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/296 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт заасныг журамлан 450 000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 төгрөгийг нэг хоногоор тооцож, түүнд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн 7 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна. 

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Д.Б гаргасан гомдолдоо: “2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр би архи уусны улмаас эхнэр Д.Дтай гэр бүлийн маргаан хийсэн. Тэгэхэд хэн хэн нь ойлголцоогүйдээ харамсаж байна. Эхнэр, хоёр хүүхэд минь хэцүү байна. Бага хүү минь тархины саажилттай болохоор бүр хэцүү байдаг. Эхнэр минь ажилгүй бөгөөд хүүхдээ хардаг. Ядаж байхад хоёр хүүхдийн минь мөнгө миний нэр дээр байдаг болохоор хэцүү байна. Би бас өөрөө унаж татдаг, мөн хөл хугарч байсан болохоор бие өвдөөд хэцүү байна. Би дахиж ийм хэрэг хэзээ ч гаргахгүй. 5 сард банкны зээлтэй болохоор ажил хийхгүй бол хэцүү байна. Иймд надад оногдуулсан ялыг хөнгөлж өгөхийг хүсэж байна.” гэжээ. 

Давж заалдах шатны шүүхэд хохирогч Д.Д гаргасан гомдолдоо: “Миний нөхөр Даваасүрэнгийн Баатарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Д.Быг хоригдсоноос хойш хохирогч Д.Д миний хувьд 4-6 настай хүүхдүүдтэйгээ 20 гаруй хоног амьдарлаа. Энэ хугацаанд надад маш хүнд хэцүү байна. Миний бага хүүхэд Б.А нь тархины саажилт, татах өвчтэй. Том охин Б.А нь 6 настай бөгөөд сургуульд 1 дүгээр ангид сурдаг. Би ажил хийдэггүй болохоор одоо хүүхдүүд болон гэр орноо авч явж чадахгүй байна. Надад туслах хүн байхгүй. Би түлээ модоо ч хөрөөдөж чадахгүй үнэхээр хэцүү байдалтай байна. Д.Б нь гарын дүйтэй бөгөөд архи уугаагүй үедээ гэр орноо анхаарч, биднийг тэжээн тэтгэж байдаг. Би Д.Быг хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа гэж бодож байна. Ар гэрийн нөхцөл байдал болон хүүхдийн эрүүл мэндийг сайн мэдэж байгаа өрхийн тэргүүний хувьд дахиж ийм хэрэг хийхгүй байх гэдэгт итгэж байна. Бидний амьдрал ахуйг харгалзан үзэж Д.Бт хорих ялаас өөр ял шийтгэл оногдуулж өгнө үү. Д.Б бид хоёр малчны зээл авч хүүхдээ эмчлүүлж байгаа ба одоо зээл эргэн төлөх хугацаа болж байна. Д.Б нь хана, унь зэрэг гэрийн мод хийж, түүнийгээ зарж борлуулан зээлээ төлдөг ба амьдралаа залгуулж явдаг юм. Иймд хорих ялаас өөр ял оногдуулж өгнө үү. Хүүхэд 1 дүгээр сард Улаанбаатар хот руу эмчилгээндээ явах хугацаа нь болж байна. Д.Быг хоригдсоноос хойш хүүхдүүд болон би давхар хоригдож байгаа мэт маш хэцүү байна. Би шүүх хуралдаанд оролцохгүй.” гэжээ. 

Прокурор С.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэрээ хоёр удаа зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. Дээрх гэмт хэрэгт анхны шатны шүүхээс түүнд 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн дагуу гарсан учраас тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч болон шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүгдэгч Д.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрдөг. Шүүгдэгчийн ар гэрийн нөхцөл байдал хүнд байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б болон хохирогч Д.Дгийн гаргасан гомдлуудыг үндэслэн Д.Бт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Д.Б нь 2021 оны 05 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Баянбулаг хороололд, 2021 оны 09 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд тус аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Будант гэх газар өөрийн эхнэр Д.Дг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг, 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэрт өөрийн эхнэр Д.Дтай маргалдаж, улмаар түүний бөгсөн тус газарт өшиглөж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна. 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Бын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг тайлбарлан зүйлчилж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн холбогдох хэм хэмжээ, тэдгээрийн агуулгыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт  хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно. 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон хохирогчийн гаргасан “... оногдуулсан ялыг хөнгөлж өгөхийг хүсэж байна” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон             
                                                        
                                                       ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/296 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б болон хохирогч Д.Д нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 36 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Д.Б

             ШҮҮГЧИД                 Т.Д

                             В.Ц