Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 115/ШШ2023/0013

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цэнд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

                             Нэхэмжлэгч: “С” ХХК,

 

       Хариуцагч: Дорноговь аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нарын  хооронд гарсан хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн газар нутагтай давхцсан гэх асуудалд холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х, хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу хариуцагч тус Хурлын дарга О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

         1. Нэхэмжлэгч “С” ХХК нь Дорноговь аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 03/01 дүгээр тогтоол болон түүний хавсралт дахь нэхэмжлэгч “С” ХХК-д холбогдох хэсгийг буюу орон нутгийн тусгай хамгаалалтад авч шийдвэрлэсэн газар нутгийн байршил, хэмжээнээс “С” ХХК-ийн  ...дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшдэг талбайтай давхцсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гарган, хариуцагч Дорноговь аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан маргаж байна.

 

          2. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “С” ХХК нь Дорноговь аймгийн Х сумын нутаг “...” нэртэй газарт ашигт малтмал хайгуулын ...дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Уг тусгай зөвшөөрөл нь анх Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрээр олгогдсон бөгөөд үүний дагуу жил бүр батлагдсан хайгуулын ажлын төлөвлөгөөний дагуу хайгуул хийж, тайлангаа тухай бүрд өгч, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж байсан.

          Ашигт малтмал газрын тосны газраас манай компанийн ...тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөр дуусгавар болсон гэж үзэн Ашигт малтмал газрын тосны газраас бүртгэж, улмаар “С” ХХК “Ашигт малтмал, Газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст” холбогдуулан “С” ХХК-ийн ашигт малтмал хайгуулын ...тоот тусгай зөвшөөрлийг уул уурхайн кадастрын системд дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, “С” ХХК-ийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй хугацааг хасаж тооцохгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож уг хугацаагаар ...тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 03/06 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж бид эрх, ашгаа хамгаалуулж чадсан.

          Улмаар шүүхийн шийдвэр гарсантай холбоотойгоор бидний зүгээс Ашигт малтмал газрын тосны газарт хүсэлт гаргасан ч огт хариу өгөөгүй бөгөөд 2023 оны 03 сарын 31-ний өдөр тодруулахад бидэнд “Дорноговь аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал танай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан талаар хариуг өгсөн. Ийнхүү мэдсэн даруйдаа эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн бидний зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрээгүй болохыг нотлох зорилгоор Ашигт малтмал газрын тосны газарт хандаж 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хариуг бичгээр авах хүсэлт гаргасан.

         Тус албан бичгийн хариуд “Танай эзэмшлийн Дорноговь аймгийн Х сумын нутаг ... нэртэй 2342.16 гектар ...дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг Дорноговь аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 03/01 дугаартай тогтоолоор давхцуулан орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байх бөгөөд дээрх хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байна” гэжээ.

          Бид Дорноговь аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021.05.12-ны өдрийн 03/01 дугаартай “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэн, ...дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхацсан хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Үүнд:

          -Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй бөгөөд тухайн гарсан шийдвэрийг мэдэгдээгүй тyxaй

         Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ.” гэж тус тус заасан.

         Захиргааны ерөнхий хуулийн 13.3-т заасанчлан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч бид захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд юм. Учир нь “С” ХХК-ийн 2009 оноос хойш эзэмшиж буй бидний тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хамгаалалтад авч цааш үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж буй нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нь гарцаагүй билээ.

         Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ.” гэж заасанчлан шийдвэрээ мэдэгдэх ёстой байсан ч шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг явуулалгүй дур мэдэн шийдэж, түүнийгээ ч эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй бидэнд мэдэгдээгүй байдаг.

 

          - Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/73 дугаар тушаалыг зөрчсөн тухай

         Дээрх 2017.03.16-ны өдрийн А/73 дугаар тушаалаар “Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх заавар”-ыг баталсан байдаг. Тушаалын 2.1-д “Газрын орон нутгийг тусгай хэрэгцээнд авахад дараах үйл ажиллагааг мөрдлөг болгоно” гээд 2.1.1 “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах болсон үндэслэлийг тогтоох” 2.1.2 “Судалгаа хийж, дүгнэлт гаргах” гэж заасан буюу эндээс үзвэл, орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тохиолдолд зайлшгүй тусгай хэрэгцээнд авах үндэслэлийг судалгаа, шинжилгээний үндсэн дээр шийдвэрлэх ёстой байна.

         Мөн тушаалын 4.2-т “судалгаа хийж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг бэлтгэл үе шатанд дараах мэдээ, материалыг бүрлүүлж, дүн шинжилгээ хийнэ” гээд 4.2.14-т “Ашигт малтмал, газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай эсэх лавлагаа” гэж заасан. Гэвч иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь манай компанийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцуулан орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргасан нь энэхүү шийдвэрийг гаргахдаа судалгаа, шинжилгээ хийгээгүй тусгай хэрэгцээнд авах үндэслэлийг тогтоогоогүй болох нь илэрхий байна.

          Дээрхээс үзвэл, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021.05.12-ны өдрийн 03/01 дугаартай тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 4.2.1 “хуульд үндэслэх”, 4.2.4 “үр нөлөөтэй байх”, 4.2.5 “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”,4.2.6 “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.8 “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчимд тус тус нийцээгүй байна.

          Хуульд үндэслэх зарчим нь захиргааны шийдвэр хууль, бусад эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн үндэслэлтэй буюу хүний эрхэд үндэслэлгүйгээр халдахгүй байх утгыг илэрхийлдэг. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/73 дугаар тушаалыг дээр дурдсанчлан дагаж мөрдөөгүй нь хуульд үндэслэх зарчмыг баримтлаагүй болохыг илтгэж байна. Мөн судалгаа, шинжилгээгүйгээр газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч буй нь захиргааны шийдвэр, үйл ажиллагаа үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.

           “С” ХХК нь 2009 оноос хойш хайгуул хийж, тусгай зөвшөөрлийн төлбөр төлж, ихээхэн хэмжээний цаг хугацаа, хөрөнгө зарцуулсан хэдий ч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” шийдвэрийн улмаас бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол хохирч байна. “С” ХХК нь 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 1,713,938,623.00 /Нэг тэрбум долоон зуун арван гурван сая есөн зуун гучин найман мянга зургаан зуун хорин гурван/ төгрөгийн зардал гаргасан бөгөөд Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хайгуулын ...дугаартай газрыг тусгай хамгаалалтад авсан энэ асуудалд “С” ХХК-ийн хууль ёсны итгэл хамгаалагдах ёстой билээ.

           Иймд, Дорноговь аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 03/01 дугаар тогтоолын хавсралтаар баталсан орон нутгийн тусгай хамгаалалтад авах газар нутгийн байршил хэмжээнээс “С” ХХК-ийн эзэмшлийн хайгуулын ...дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхацсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн бөгөөд,

 

    2.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан    тайлбартаа: Нэхэмжлэгч “С” ХХК-аас Дорноговь аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Дорноговь аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 03/01 дугаар тогтоолын хавсралтаар баталсан орон нутгийн тусгай хамгаалалтад авах газар нутгийн байршил хэмжээнээс “С” ХХК-ийн эзэмшлийн хайгуулын ...дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Үүний дагуу Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шүүхээс 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шүүгчийн захирамж гарган захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа ба нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж нэмэлт тайлбаруудаа өгнө.

“С” ХХК нь Дорноговь аймгийн Х сумын нутаг “...” нэртэй газарт ашигт малтмал хайгуулын ...дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Уг тусгай зөвшөөрөл нь анх Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрээр олгогдсон бөгөөд үүний дагуу жил бүр батлагдсан хайгуулын ажлын төлөвлөгөөний дагуу хайгуул хийж, тайлангаа тухай бүрд өгч, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж байсан. 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байна гэж үзээд Ашигт малтмал газрын тосны газраас хүчингүй болгуулахаар бүртгүүлсэн үйл баримт болсон. Үүнтэй холбогдуулаад “С” ХХК “Ашигт малтмал, Газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст” холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Учир нь ковидын нөхцөл байдалтай холбогдуулан давагдашгүй нөхцөл байдал бий болж үүний дагуу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг Монголын худалдаа Аж үйлдвэрийн танхимаас гаргуулж энэ хугацаанд үйл ажиллагаа явуулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Тийм учраас энэ хугацааг сунгаж өгнө үү гэдэг үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

   Үүний дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж үзэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах шаардлагатай байна гэсэн шийдвэрийг гаргасан.  Тухайн шийдвэрийг үндэслэж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2 сар 7 хоногийн хугацаагаар сунгасан. Тухайн хугацаанд компанийн зүгээс эрдэс баялгийн нөөцийг батлуулах ажлыг хийж эрдэс баялгийн зөвлөлөөр хайгуулын нөөцөө батлуулсан.

   Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө гэсэн хуулийн зүйл заалттай нийцэж байгаа буюу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө тухайн хайгуулын нөөцөө эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулсан гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байгаа. Үүнийхээ дагуу хайгуулын тусгай зөвшөөрлөө ашиглалтын болгохоор холбогдох байгууллагуудад хүргүүлэхэд Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсээс Дорноговь аймгийн Х сумын Иргэдийн төлөөлөгчдийн тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан байна гэсэн тайлбарыг өгсөн.

  Үүнийг мэдсэн даруй манай зүгээс цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байгаа. Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэсэн хуулийн зохицуулалттай.

  Өөрөөр хэлбэл 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тухайн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарч байх үед буюу 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг хуульд заасан үндэслэлээр сунгасан. Энэ хугацаанд газар нутгийн орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргаж манай тусгай зөвшөөрлийг кадастрын хэлтэс дээр тусгай хэрэгцээнд авсан байдлаар бүртгэж байгаа нь Монгол улсын Шүүхийн тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.2 дахь заалтыг зөрчиж байгаа үйлдэл буюу шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа үйлдэл гэж үзэж байгаа.

         Тийм учраас Дорноговь аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 03/01 дугаар тогтоолын хавсралтаар баталсан орон нутгийн тусгай хамгаалалтад авах газар нутгийн байршил хэмжээнээс “С” ХХК-ийн эзэмшлийн хайгуулын ...дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхацсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

   Хариуцагчийн зүгээс манай гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг няцааж байгаа үндэслэлээ Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 08/2424 дугаартай системд бүртгэж авлаа, давхцалгүй байсан гэсэн бичиг гарсан. Тийм болохоор манай шийдвэр хууль ёсны гэсэн тайлбарыг хэлсэн. Тэгэхээр энэ бичигтэй холбогдуулан тайлбар хэлэхэд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гарсан. Тэр шийдвэр гарсан даруй хуулийн хүчин төгөлдөр болохгүй ба хуулийн хүчин төгөлдөр болох хугацаатай байдаг.

  Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн дагуу Ашигт малтмал газрын тосны газрын геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 197 дугаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу 2 сар 7 хоногийн хугацаагаар давагдашгүй хүчин зүйлийн нөлөөтэй гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн. Иймд хариуцагчийн хэлж байгаа тайлбар үндэслэлгүй. Яагаад гэвэл хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарч, хүчин төгөлдөр болсон тухайн хугацаанд манай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа хүчинтэй хэвээр үйлчилж байсан гэв.

 

   2.2 Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нэгдсэн байр суурьтай байгаа учраас нэг дүгнэлт хэлье. Нотлох баримт шинжлэн судалсантай болон цаг хугацаатай холбоотой асуудлуудыг тодруулж тайлбарлах нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. “С” ХХК нь 2009 оноос хайгуулын тусгай зөвшөөрлийг хуульд тогтоомжид заасны дагуу эзэмшсэн. Энэ тал дээр нэхэмжлэгч, хариуцагч талууд маргахгүй байгаа. 2009 оноос хойш хайгуулын үйл ажиллагааг хийж Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг тухай бүрд нь сунгуулан ажиллаж байсан.

   Гэтэл 2020 онд ковид цар тахалтай холбоотойгоор хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгох процесс ажиллагаа удааширсан бөгөөд гэтэл хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан учраас Ашигт малтмал газрын тосны газраас тусгай зөвшөөрлийг цуцалсан. Иймд тусгай зөвшөөрлийг цуцалсан үйлдэл нь хууль зөрчсөн гэж үзэж шүүхэд маргаж, тухайн шийдвэрийг хууль зөрчсөн байна гэдгийг шүүх тогтоосон. Энэ дагуу шүүхээс тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээсэн хүчинтэй байх хугацаанд нэхэмжлэгчээс Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан үндэслэлээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж Ашигт малтмалын газарт албан бичгээр хандаж, мөн хайгуулын нөөцийн тайланг гаргаж эрдэс баялгийн зөвлөлөөр баталгаажуулсан. Эрдэс баялгийн зөвлөл нь Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Монгол улсын хэмжээнд байгаа нөөц, судалбар, давхарга байгаа эсэхийг үндэслэж судалгааны ажлын тайланг баталж, тухайн хайгуулын талбай дээр ямар хэмжээний баялаг хэдий хэмжээтэй байгааг тогтоодог.

   Ингээд нөөцийн тайланг батлуулж үүнийгээ Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу техник эдийн засгийн үндэслэл буюу ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг гаргасан. Нотлох баримт шинжлэн судлах шатанд шүүхээс мөн тодруулсан. 2021 оны 07 дугаар сард энэ хүсэлтийг гаргасан. Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох хүсэлтийг гаргахад шаардлагатай, орон нутгийн буюу сумын Засаг даргаас ирүүлэх байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ болон холбогдох баримтуудыг баталгаажуулж өгөхгүй байсан тул Засаг даргын энэ үйлдэлтэй нь холбогдуулан мөн Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлж байсан. Эдгээр баримтууд дээр үндэслэж техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж, хуульд заасан арга хэмжээ, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, хамгаалалтын захиргаа болон орон нутгийн байгууллагуудтай холбоотой хуульд заасан бусад баримт бичгүүдийг  бүрдүүлж өгснөөр Ашигт малтмал газрын тосны газарт өргөдлийн бүрдүүлбэрийг хангаж ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох явцад Ашигт малтмал газрын тосны газрын геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргаас, Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор тусгай хамгаалалтад авсан газар нутагтай давхцаж байна гэж албан бичгээр мэдэгдсэн боловч тухайн газар нь хэдий хэмжээтэйгээр авагдсан, мөн нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөлтэй талбай бүхэлдээ, эсвэл хэсэгчилж давхцсан юм уу гэдэг үйл баримтууд тодорхойгүй, энэ талаар огт мэдэгдэж байгаагүй, хариуцагчийн төлөөлөгч мөн мэдэгдээгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлгийн шатанд дурдсан гэдгийг хэлмээр байна.

   Иймд нэхэмжлэгчээс сумын Засаг дарга болон Ашигт малтмал газрын тосны газарт албан бичиг явуулж энэ давхцалыг чөлөөлж өгөх талаар хариуцагчид хандаж өгөөч гэсний дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2023 оны буюу энэ оны 1 дүгээр улирлын ээлжит хуралдаанаар хэлэлцэх дараалалд оруулсан гэдгээ мэдэгдсэн. Ингээд хүлээж байтал тухайн асуудлыг тус хуралдаанаар биш дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн гэдэг хариуг өгөөд хэлэлцэж шийдвэрлээгүй. Энэ нь хөрөнгө оруулагч хуулийн этгээдийн маш их хэмжээний хөрөнгө оруулагдсан төсөл, үйл ажиллагаа болохын хувьд эдийн засаг, цаг хугацаагаар хохироож байгаа үйлдэл бөгөөд гурав дахь жилдээ, гурав дахь шүүхээр орж  байгаа нь хохиролтой байх тул Ашигт малтмалын тухай хуульд заасан эрхийнхээ дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх, өргөдөл гаргах эрх хэмжээгээ сэргээлгэх, мөн хуульд зааснаар захиргааны тусгай чиг үүргээ захиргааны анхан шатны нэгж буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлэхгүй байна гэж үзэж, энэ үндэслэлээр холбогдох хууль болон журмыг зөрчиж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарсан байна гэсэн үндэслэлээр эрхээ сэргээлгэх зорилгоор тус захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан.

  Тухайн Хуралд хэлэлцүүлсэн баримтуудыг харахаар нэг баримт нь бүхэлдээ миний үйлчлүүлэгч компанийн хайгуулын зөвшөөрөл эзэмшиж байсан үйл ажиллагаатай холбоотой баримт бичгүүд дээр үндэслэсэн харагддаг. Өөрөөр хэлбэл тухайн үндэслэл нь “С” ХХК-ийг хэрхэн яаж хууль зөрчсөн болгож харагдуулах вэ, мөн тусгай зөвшөөрлийн хугацааг хэрхэн дуусгавар болсон болгож харагдуулах вэ гэдэг талаас л баримтыг бүрдүүлсэн байдаг ба гэтэл тэдгээр баримтуудыг бүрдүүлэхдээ захиргааны байгууллагын зүгээс бүрдүүлээгүй Х сумын иргэн гэх Л.Б гэж хүний анх Байгаль орчин аялал жуулчлалын яаманд болон бусад газруудад хандаж гаргасан өргөдөл, хүсэлттэй холбоотой ирүүлсэн хариу хариу албан бичгүүдэд үндэслэсэн байдаг.

   Тэдгээрт дандаа миний үйлчлүүлэгч компанийн нэрийг дурдсан, хайгуулын тусгай зөвшөөрлийн нэгж талбарын дугаар, хугацааг дурдсан баримтууд байдаг ба үүнээс үзэхэд “С” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлууд яригдах нь тодорхой байгаагаар компанийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэдэг нь илэрхий байхад тухайн Хуралд тус компанийг оролцуулаагүйгээр шийдвэрлэсэн. Мөн хоёрдугаарт өнөөдрийн шүүх хуралдаанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж оролцож байгаа иргэн Б-ийн төрийн байгууллагууд руу гомдол, хүсэлт гаргаж байсан албан бичгүүдийг үндэслэл болгосон атлаа тухайн иргэнийг ч оролцуулаагүй шийдсэн байна.

         Иймд сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурал нь ямар баримтыг үндэслэж, хэнд хамаатай шийдвэр гаргах гэж  байгаагаа ойлгоогүй, эсвэл илтэд ойлгохыг хүсээгүйгээр уг Хурал зарласан гэж үзэхээр байгаа тул хууль зүйн үндэслэлгүй. Шийдвэрийг зөвхөн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйл, 8.1.2 –ийн “к” –г үндэслэж гаргасан байдаг ба гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд хууль тогтоогчоос захиргааны байгууллагад тусгайлан үүрэг болгосон захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааг хэрэгжүүлэлгүйгээр шийдвэр гаргасан тус хуульд заасан үүргээ биелүүлээгүй  гэж үзэх үндэслэл болно.

  Хэдийгээр иргэн Л.Б нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар иргэнийхээ хувьд эдлэх эрх, үүрэгтэй боловч мөн хуулийн 17 дугаар зүйлд зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь байгаль орчныг хамгаалах талаар тусгайлан олгогдсон чиг үүрэгтэй субъект юм. Хэрвээ уг асуудлыг үнэхээр хуулийн хүрээнд авч үзэж, мөн байгаль орчныг хамгаалах гэж байгаа бол хуульд заасны дагуу Хурал өөрөө холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэх буюу тухайн байгууллагуудад албан ёсоор хандах, оролцогч этгээдүүдэд мэдэгдэх, зорилго ,үр дагаврыг нь тодорхойлох ажиллагаануудыг зайлшгүй хийх ёстой. 

  Хариуцагч нь шийдвэрийн гол үндэслэлээ Д гэж хүний албан бичгийг үндэслэл болгосон гэж тайлбартаа дурддаг бөгөөд энэ албан бичгээс харахад “С” ХХК нь хууль ёсны тусгай зөвшөөрөлтэй этгээд гэж харагдаагүй гэж өнөөдрийн шүүх хуралдаанд тайлбарлаж байна. Иргэн Б-өөс мөн энэ талаарх тайлбарыг бичиж шүүхэд ирүүлсэн байсан. Гэтэл тус албан бичиг нь мэдээллийн санд үзлэг хийж, хайлт хийх явцад мэдээллийн санд гарсан илэрц ийм байна гэдгийг иргэн Б-д хүргүүлсэн биш Ашигт малтмалын газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт уламжилсан албан бичиг байна. Тэгэхээр захиргааны актын үр дагаврыг хариуцагч нь бодитой шинжлэн судалсан гэж үзэхэд эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдалд хүргэж байна. 

   Нөгөө талаар шүүх хуралдааны явцад болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлсэн албан бичгүүд нь дандаа иргэний зүгээс буюу иргэн Б гэж хүнээс гаргасан баримтууд байдаг ба иргэн Б нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас түүний томилсноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг төлөөлж байгаа боловч, асуудалд одоог хүртэл иргэнийхээ хувиар хандаж  төлөөллийг хэрэгжүүлж байх ба шүүх хуралдааны явцад ч мөн ийм байдлаас тайлбарлаж байна. Гэтэл тус маргаан нь хоёр хариуцагчтай биш юм, хэрэв иргэдийн Төлөөлөгчийн Хурлыг хууль ёсоор төлөөлж байгаа бол тухайн Хурлын шийдвэрийг хамгаалж, түүний хууль зүйн үндэслэлийг тайлбарлаж ярих ёстой байтал ямар ч баримтаар тогтоогдоогүй зүйлүүдийг тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй байна. 

   Ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээдүүдийг байгаль орчинд нөхөн сэргээлт хийдэггүй, унаган байдлыг нь алдагдуулдаг зэргээр ярьж хэвшсэнээс болж эдгээр аж ахуйн нэгжүүдийг буруутай харагдуулах, өөрсдөө улс эх орныхоо төлөө тэмцэж байгаа юм шиг ойлгуулсны үр дүн ийм байдлаар илэрч гарч байна.

   Ийм учраас өмгөөлөгчийн зүгээс эцсийн тайлбар хэлэхэд нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироож байгаа үндэслэл нь илэрхий бөгөөд тодорхой, энэ нь баримтаар тогтоогдож байна. Хариуцагчийн гаргаж буй хууль зүйн үндэслэл нь буруу тухайлбал, захиргааны акт гаргаж байгаа байгууллага өөрөө захиргааны үйл ажиллагаатай холбоотой тусгай чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс болж ийм шийдвэр гаргасан бөгөөд тус шийдвэр нь миний үйлчлүүлэгч компанийн зохих ёсоор татвараа төлж, тайлангаа тавьж байгаа үйл ажиллагаанд саад учруулж байна. Ялангуяа энэ давхцалаас болж өнөөдрийг хүртэл ашиглалтын тусгай зөвшөөрөл авч чадаагүй нөхцөл байдал үүсээд байна.

          Тиймээс энэ зөрчигдөөд байгаа эрхийг сэргээлгэх зорилгоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж буюу Дорноговь аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 03/01 дугаар тогтоолын хавсралтаар баталсан орон нутгийн тусгай хамгаалалтад авах газар нутгийн байршил хэмжээнээс “С” ХХК-ийн эзэмшлийн хайгуулын ...дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхацсан хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна. Бид тус тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулна гээгүй, зөвхөн өөрийн давхцалтай хэсгээ чөлөөлүүлье, давхцалтай газраа давхцалаас нь гаргуулъя гэж байгаа юм. Үлдсэн га талбай нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлсэн гэж буй асуудалд хамаарч байгаа учраас, иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

                                              

         3. Хариуцагч Дорноговь аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “С” ХХК нь Дорноговь аймгийн сумын Элст багийн нутагт 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ...дугаар бүхий “...” нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшсэн бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаатай сунгуулсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусгавар болсон.

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 /к/, (шинэчилсэн найруулга орохоос өмнө хэрэгжиж байсан заалт), Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн хүсэлтийн дагуу 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар төлөөлөгчдийн олонхын шийдвэрээр 03/01 тоот тогтоол гаргаж Дорноговь аймгийн Х сумын Элст багийн нутаг дэвсгэрт хамаарах “...” орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар 15 жилийн хугацаатайгаар 23634,82 гектар талбайгаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан.

         Тус нутаг дэвсгэрийн орон нутгийн тусгай хамгаалалтад авах үндэслэлийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 03/01 тоот тогтоолд хавсаргасан.

         Сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаас өмнө тухайн талбайд ямар нэг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл давхцал үүсээгүй байна гэдгийг сумын иргэн Б холбогдох байгууллагуудаас тодруулсан болно. Үүнд:

        -Монгол Улсын Байгаль орчин аялал, жуулчлалын яаманд хүргүүлсэн Дорноговь аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын 2021 оны 27 дугаар албан тоот, Л.Бийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хүсэлт,

        -Монгол Улсын Байгаль орчин аялал, жуулчлалын яамны байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э-өөс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байгаль орчин, геологи, уул уурхай хяналтын газрын дарга Б-т хүргүүлсэн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 06a/880 албан тоот,

         -Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байгаль орчин, геологи, уул уурхай хяналтын газрын дарга Б нь Ашигт малтмал, газрын тосны газрын геологи уул уурхайн кадастрын хэлтэст хүргүүлсэн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 09/629 дугаар албан тоот,

         -Ашигт малтмал, газрын тосны газрын геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байгаль орчин, геологи уул уурхай хяналтын газрын дарга Н.Батбаярт 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 8/1376 дугаар албан тоот,

         -Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байгаль орчин, геологи уул уурхай хяналтын газрын дарга Б нь Дорноговь аймгийн Х сумын иргэн Л.Б-д 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 097786 дугаар албан тоотуудаар нотлогдож байна.

         Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 03/01 дүгээр тогтоолыг хуулийн дагуу сумын Засаг дарга Э 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 01/161 дүгээр албан тоотоор Ашигт малтмал газрын тосны кадастрын хэлтэст хүргүүлэв.

          Ашигт малтмал, газрын тосны газрын геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б нь 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Дорноговь аймгийн Х сумын Засаг дарга Э-т хүргүүлсэн албан бичигтэй ... нэртэй 23629,73 га газрыг ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14,3 заасны дагуу геологи уул уурхайн кадастрын бүртгэлийн системд бүртгэж авлаа гэсэн албан тоотыг ирүүлсэн.

         Мөн https://cmcs.mrpam.gov.mn цахим хуудсаар нэвтрэн хайлт хийж үзэхэд RSPT-03109 дугаартай орон нутгийн тусгай хэрэгцээний төрлөөр байгалийн нөөц газрын ангиллаар 2021 оны 05 сарын 12-оос 2036 оны 05 дугаар сарын 12-ыг хүртэл 23634,82 га газрын бүртгэж авсан гэсэн мэдээлэл илэрч байна. Иймд дээрх бүх нотлох баримтыг үзэхэд манай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын гаргасан 03/01 тоот тогтоол нь хууль зүйн зөрчилгүй ямар нэг иргэн, аж ахуй нэгжийн эрх ашигт халдаагүй сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэж байна.

          Мөн С ХХК нь нэхэмжлэлдээ хайгуулын ажлын төлөвлөгөөг жил бүр батлуулдаг төлөвлөгөөний дагуу хайгуулын ажлаа хийдэг тайлангаа хүргүүлдэг гэж худал мэдээлсэн байна.

          С ХХК тусгай зөвшөөрөлтэй талбайд болон оролцоо жилийн 4 улиралд мал аж ахуйгаа маллан амьдарч байгаа малчдаас мэдээлэл авахад тухайн С ХХК нь 2012 онд ирж хайгуулын ажил хийж гэр барьж байгаад буцахдаа гэрээ айлын гражид хийгээд явсан 2015 онд эргэж ирж гэрээ авсан 2019 онд өрөм тавих гэж ирээд иргэдийн эсэргүүцэлтэй тулаад буцсан бусад хугацаанд талбай дээрээ ирж ажил хийж байгаагүй гэсэн мэдээлэлтэй байна. 2016 онд :

                 1. 1°5” E  4°1” N

  2. 1°5” E  4°1” N

  3. 1°5” Е 4°1”  N гэсэн солбилцолд цэгүүдэд тус бүр 100 метр урт 2 метр өргөн 2 гүн 400 м3 нийт 1200м3 талбайд малталт хийж мөн хэмжээний 1200 м3 булалт хийн байгаль орчны нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэсэн, 2018 онд 580м3 суваг малтаж 600м3 эргүүлэн булалт хийн 28 байршилд сорьцалт явуулсан гэх мэтээр хуурамч тайлан бичсэн. Дээрх ажил гүйцэтгэсэн гэх талбайд 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн мэргэжлийн хяналтын газрын геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Б хяналт шалгалт хийж 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр аймгийн мэргэжлийн хяналтын газрын 3/562 дугаартай албан бичгийг нотлох баримтын хамт Ашигт малтмалын газарт хүргүүлсэн.

С ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр нэхэмжлэлийн дагуу 0306 дугаартай шийдвэр гаргуулсан уг шүүхийн үйл явцыг, шүүхийн шийдвэр гарах үед хэргийн хууль ёсны гуравдагч этгээдэд мэдэгдээгүй Х сумын Засаг дарга, түүний Тамгын газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь шүүх хурал хийх гэж байгааг мэдээгүй тул гуравдагч талын эрх ашгийг хангаагүй болно. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 03/01 дүгээр тогтоолын хавсралтаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан “...” нэртэй газар нутаг ямар нэг кадастрын давхцалгүй болохыг дээрх нотлох баримтын үндсэн дээр хариу тайлбар хүргүүлэв, гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд,

 

          3.1 Хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу хариуцагч тус Хурлын даргаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК нь Дорноговь аймгийн Х сумын нутаг “...” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрээр авсан. Үүнээс хойш гурав, гурван жилээр хуулийн дагуу хугацаагаа сунгаж яваад 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хугацаа нь хуулийн хүрээнд дуусгавар болсон гэж үзэж байгаа.

          Монгол улсын Засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хуулийн /одоо хүчингүй болсон/ 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн “к”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т заасан заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 03/01 тоот тогтоол гаргаж Х сумын Элст багийн нутаг , ... нэртэй газрын орчимд, газар  нутгийг байгалийн нөөц баялгаар 15 жилийн хугацаатай, 23723,44 га талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан тогтоол гарсан.

         Аймаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2020-2024 оны мөрийн хөтөлбөр дээр аймаг сумын орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн зорилт тавьсан байгаа. Үүний хүрээнд Х сумын Засаг дарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дээрх талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад авах саналыг хэлэлцүүлэхээр оруулж, тухайн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар хамгаалалтад авах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Орон нутгийн тусгай хамгаалалтад авах нь хуулийн хүрээнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд байгаа хэдий ч үүнийг зайлшгүй иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ямар нэгэн кадастрын зөрчилгүй гэсэн албан тоот гарсны дараа шийдвэрлэгддэг.

          Хэрэв өөр ямар нэгэн кадастрын давхцалтай тохиолдолд Ашигт малтмал, Газрын тосны газраас энэ давхцалыг арилгаж дахин тогтоол ирүүлнэ үү гэсэн бичиг тоот ирдэг.  Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ээлжит бус 3 дугаар хуралдаанаа хийж 3/01, 3/02 гэсэн тогтоолуудыг гаргаж, сумын Засаг дарга  Энхбаярт хүргүүлсэн. Хуулийн дагуу Засаг дарга нь Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтэст Дорноговь аймгийн Х сумын нутаг дэвсгэр дэх 23723,44 га талбай бүхий газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 03/01 дүгээр тогтоолыг хүргүүлэв, кадастрын нэгдсэн бүртгэлд оруулж өгнө үү. гэсэн албан бичиг бүхий 14 хуудас материалыг явуулсан.

          Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 08/2424 тоот албан бичгээр тус сумын ... нэртэй 23629,73 га газрыг Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу геологи уул уурхайн кадастрын бүртгэлийн системд бүртгэж авлаа гэсэн, хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б гэж хүний гарын үсэгтэй албан тоот ирснээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 03/01 дүгээр тогтоол хүчин төгөлдөр болсон гэж үзэж байгаа гэв.

 

  3.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:  Б миний бие “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 52 дугаар зүйлийн 521-д заасныг үндэслэн танай байгууллагад дараах тайлбарыг хүргүүлж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлд: Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон тухайн талбайн гектар тутамд дараах хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажлыг жил бүр хийж гүйцэтгэнэ.

             33.1.1 тусгай зөвшөөрлийн 2-3 дахь жилд 0.5 ам.доллар

             33.1.2 тусгай зөвшөөрлийн 4-6 дахь жилд 1 ам.доллар

             33.1.3 тусгай зөвшөөрлийн 7-9 дэх жилд 1.5 ам доллар

             33.1.4 тусгай зөвшөөрлийн 10-12 дахь жилд 10 ам.доллар

  31 дүгээр зүйлийн 31.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална.”, 56 дугаар зүйлийн 56.1.4-т тухайн жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардал нь энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс бага бол “цуцлахаар” заасан болно.

Гэтэл “С” ХХК-ийн хайгуулын үйл ажиллагаа огт явагдаагүй байхад,  хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлагдаагүй байгааг бодит байдал дээр нь хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах шаардлагатай байна. Б миний бие энэ байдлын талаар аймгийн Цагдаагийн газрын “Эрүүгийн цагдаагийн алба”-нд гомдол гаргаснаар, Экологийн цагдаагийн ажилтан  У бодит байдал дээр хяналт, шалгалт хийж, дүгнэлт гарган Дорноговь аймгийн Прокурорын газрын прокурор А-д хянуулахаар хүргүүлээд байгаа тул тэрхүү материалтай танилцах боломжтой хэмээн үзэж байна.

“С” ХХКомпани 2015, 2016, 2017, 2018, 2019 онуудад Геологи хайгуулын үйл ажиллагаа явуулсан мэтээр “Худал хуурмаг” тайлан бичиж Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлснийг, тус газрын Геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн Б, төрийн захиргааны удирдлагын мэргэжилтэн Б нарын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Х сумын Засаг даргад хүргүүлсэн 160 дугаартай албан тоот,  Геологи хайгуулын хэлтсийн дарга С-ийн Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн 2020  оны 07 сарын 28-ны өдрийн  5/3388 дугаартай албан тоотуудаар нотлогдож байгаа болно.

Дорноговь аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 05 сарын 12-ны өдрийн хуралдааны Газар нутгийн орон нутгийн хамгаалалтад авах тухай 03/01 дугаар тогтоолыг Ашигт малтмал газрын тосны газар хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг үндэслэн  2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2036 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 15 жилийн хугацаагаар Байгалийн нөөцийн газрын зориулалтаар орон нутгийн тусгай хамгаалалтад оруулж, Геологи уул уурхайн кадастрын бүртгэлийн системд бүртгэж авсан тухайн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Х сумын Засаг дарга Э-т хүргүүлсэн 8/2424 дугаартай албан тоотоор баталгаажуулсан болно.

 “С” ХХКомпанийн эзэмшиж байгаа  “...” нэртэй 014660 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл “цуцлагдах” нөхцөл бүрдсэн талаар Дорноговь аймгийн Х сумын Засаг дарга Н.Энхбаярын Ашигт малтмал газрын тосны газрын Геологи хайгуулын хэлтэст хүргүүлсэн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 5/177 дугаартай албан тоот,  Дорноговь аймгийн Засаг дарга Э-гийн Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х-д хүргүүлсэн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/950 дугаартай албан тоотуудад “С” ХХКомпанийн эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийн “цуцлагдах” болсон нөхцөл байдлыг тодорхой бичсэн байгаа болно. Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул, уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б-н 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын газрын дарга Б-т хүргүүлсэн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 8/1376 дугаартай албан тоот “С” ХХКомпанийн эзэмшиж байсан “...” нэртэй ашигт малтмалын 014660 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг нотолж байгаа болно.

  2019 онд цуцлагдсан байх ёстой болон 2021 оны 01 дүгээр сарын 20-нд эзэмшлийн хугацаа нь дуусгавар болсон хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар “С” ХХКомпани захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг олон талаас нь сайтар хянан тогтоож нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхээс татгалзахыг эрхэмлэх хүсэж, энэхүү тайлбарыг хүргүүлж байна.” гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд,

 

 Тэрээр шүүх  хуралдаанд тайлбарлахдаа: “С” ХХК нь нэгдүгээрт, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших хугацаандаа тусгай зөвшөөрөлтэй талбай дээрээ геологи хайгуулын үйл ажиллагаа огт хийгээгүй.

  Хоёрдугаарт, “С” ХХК нь 2016-2018 онуудад геологи хайгуулын үйл ажиллагаа явуулсан мэтээр бичигдсэн гүйцэтгэлийн тайлангийн дагуу мэргэжлийн хяналтын байгууллагаас бодит байдал дээр хяналт шалгалт хийхэд хайгуулын үйл ажиллагаа огт хийгдээгүй нь тогтоогдсон.

  Гуравдугаарт, тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 08 дугаар сард бүр мөсөн дуусгавар болж, Х сумын Элст багийн нутаг дэвсгэр дээр “С” ХХК-ийн хамааралтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл байхгүй болсон.

  Дөрөвдүгээрт, “С” ХХК-ийг хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай дээрээ ирж хийсэн ажлаа нотлон батлахыг удаа дараа шаардсан боловч хүрэлцэн ирээгүй.

  Тавдугаарт, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр сумын Засаг дарга Э-аар байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх тухай бичиг тоот хийлгэж, 2017 оны гүйцэтгэлийн худал хуурмаг тайландаа хавсаргаж зөвхөн 01 гэсэн тоог эргүүлэн 10 болгож тус тоотыг хуулбарлан хуурамч бичиг баримт бүрдүүлэн 2018 оныхоо гүйцэтгэлийн тайланд хавсарган Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлсэн.

          Зургаадугаарт, 2016-2019 онуудад бичсэн гүйцэтгэлийн тайлангаар эрдэс баялгийн нөөцийн тайланг боловсруулан Монгол улсын эрдэс баялгийн зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар үр дүнгийн тайланг хэлэлцүүлж дэмжлэг авсан.

  Долоодугаарт,  “С” ХХК-ийн захирал Н нь хайгуулын талбай дээрээ цөөхөн удаа үзэгдсэн. Тус газрын хүмүүс орон нутагт ирж байгаагүй атлаа одоогийн гүйцэтгэх захирлаас Х сумын Засаг дарга Э-т хүргүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай албан тоотдоо эрдэс баялгийн тайлан дэмжигдсэн нь сум орон нутгийн төрийн захиргааны байгууллага болон нутгийн ард иргэдтэй харилцан ойлголцож, нягт хамтран ажиллаж байсан үр дүн билээ гэсэн огт болоогүй зүйлийг бичсэн.

  Наймдугаарт, “С” ХХК нь 2021 оны 08 дугаар сард суваг малтаж, цооног өрөмдлөгийн үйл ажиллагаа 7 хоног хийснээс өөр геологи хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй атлаа 2010-2022 оныг дуустал 13 жил дараалан жил бүр 7,300,000-539,160,000 төгрөгийн зардал гаргасан гэх тайланг гаргасан байна.

  Есдүгээрт, Б миний бие “С” ХХК-ийн 2016-2018 онд хийж гүйцэтгэсэн гээд байгаа геологи хайгуулын гүйцэтгэлийн тайланд тусгагдсан ажлуудыг бодит байдал дээр нь хяналт шалгалт хийх хүсэлт тавьсан ч яамны салбар хяналтын газарт хүсэлтээ тавь гэсэн хариуг өгсөн. Хариу өгсний дагуу яамны салбар хяналтын газарт хүсэлт тавихад эргүүлээд бичиг өгсөн. Энэ бичгийн дагуу удаа дараа хүсэлт тавьсан ч хийгдэхгүй байсаар байгаад сая энэ оны 08 дугаар сарын 21-ний өдөр Х сумын Элст багийн нутагт “С” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байсан талбай дээр “С” ХХК, нутгийн иргэдийн төлөөлөл хүрэлцэн очсон.

 Ингээд 2016-2018 онд хийсэн ажлаа тайлагна гэсэн боловч “С” ХХК-аас ирсэн гурван хүн бид  2021 оноос эхэлж ажиллаж байгаа гэсэн боловч тус компани нь огт хайгуулын ажил хийгээгүй байж хийсэн гэж ярьдаг. Эцэст нь хэлэхэд Х сумын малчид, иргэд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан эрхээ эдэлж, Х сумын Элст багийн нутаг дэвсгэр дээр “С” ХХК –ийг ашиглалт болон олборлолтын үйл ажиллагаа явуулахгүй гэдгийг шүүх хуралдаанд хариуцлагатайгаар хэлж байна гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

         1. Шүүх, нэхэмжлэгч “С” ХХК-аас Дорноговь аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 онд батлан гаргасан захиргааны актад холбогдуулан маргаж буй нэхэмжлэлд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Захиргааны хэрэг үүсгэх тухай” захирамж /1 дэх х.х-ийн 44-46 дахь тал/-д заасан үндэслэл буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2 дахь зүйлүүдэд заасан үндэслэлээр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

 

          2. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тэдгээрийг эс зөвшөөрч хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, нотлох баримтаар шинжлэн судалж, үнэлж, дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            3. Талуудаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон түүнийг эс зөвшөөрч  гаргаж буй үндэслэлүүдийг дараахь байдлаар тодорхойлбол:

           3.1  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл дэх тайлбар /1 дэх х.х-ийн 40-43 дахь тал/-аас үзвэл, “С” ХХК нь Дорноговь аймгийн Х сумын нутаг дахь “...” нэртэй газарт ...дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг, гэтэл Ашигт малтмал, Газрын тосны газраас уг тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөр  дуусгавар болсныг бүртгэсэн, иймд тухайн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүх 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 03/06 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн тухайн шийдвэр гарснаар тус талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан боловч хариу өгөхгүй байсныг тодруулахад, “Танай эзэмшлийн ...дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг Дорноговь аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 03/01 тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газар нутагтай давхцуулан шийдвэрлэсэн тул тус талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй” гэсэн хариуг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр амаар, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр албан бичгээр тус тус авсан.

         Энэ дагуу Дорноговь аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 03/01 дүгээр тогтоол болон түүний хавсралт дахь нэхэмжлэгч “С” ХХК-д холбогдох хэсгийг буюу орон нутгийн тусгай хамгаалалтад авч шийдвэрлэсэн газар нутгийн байршил, хэмжээнээс “С” ХХК-ийн  ...дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшдэг талбайтай давхцсан хэсгийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд маргаж буй үндэслэлээ:

         Хариуцагч нь газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т зааснаар тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох “С” ХХК-д мэдэгдээгүй, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь зүйлд заасан сонсох ажиллагааг хийгээгүй, улмаар тус шийдвэр гарсныг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасны дагуу мэдэгдээгүй,

          Мөн уг шийдвэрийг гаргахдаа судалгаа шинжилгээ хийж, тусгай хэрэгцээнд авах үндэслэлийг  Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн газрын  даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/73 дугаар тушаалаар батлагдсан “Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх заавар”-ын 2.1, 2.1.1, 2.1.2, 4.2, 4.2.14-т заасны дагуу хэрэгжүүлээгүй зэрэг байдлуудаар хууль тогтоомж зөрчиж гарснаар, Захиргааны ерөнхий хуульд заасан зарчим буюу мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1, 4.2.4, 4.2.5, 4.2.6, 4.2.8 дахь зүйлүүдэд заасан зарчим алдагдаж, улмаар тус шийдвэрийн улмаас “С” ХХК нь цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүрснээр эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна, гэсэн агуулгаар,

 

          3.2 Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд бичгээр гаргасан тайлбар /1 дэх х.х-ийн 214-216 дахь тал/ дахь үндэслэлээс үзвэл, Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Дорноговь аймгийн Х сумын нутаг дэвсгэр дэх “...” орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, 15 жилийн хугацаатай, 23634,82 гектар талбай бүхий хэмжээгээр орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 03/01 дүгээр тогтоолыг төлөөлөгчдийн олонхын саналаар, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь зүйлийн “к”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалтуудыг үндэслэн гаргасан бөгөөд тухайн нутаг дэвсгэрийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах шаардлагатай болох тухай үндэслэлийг  уг тогтоолд хавсаргасан.

 Тухайн шийдвэрийг гаргах үед “...” нэртэй газар нь ямар нэг кадастрын давхцалгүй байсан болох нь тус сумын иргэн Б-ийн холбогдох байгууллагуудад хандаж байсан албан бичгүүдээр нотлогдсон бөгөөд, мөн холбогдох цахим хуудсанд хайлт хийж үзэхэд тус 23634,82 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээний төрлөөр, байгалийн нөөц газрын ангиллаар 2021 оны 05 дугаар сарын 12-оос, 2036 оны 05 дугаар сарын 12-ныг хүртэл хугацаатай бүртгэж авсан мэдээлэл илэрч байгаа тул 03/01 дүгээр тогтоол нь хууль зүйн зөрчилгүй, ямар нэг иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашигт халдаагүй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж гаргасан шийдвэр болно, гэсэн агуулгаар тус тус тодорхойлон маргаж байна.

 

          4. Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг хянаж үзвэл:

 

         4.1 Нэхэмжлэгч “С” ХХК нь Дорноговь аймгийн Х сумын нутаг дэвсгэр дэх “...” нэртэй газарт ...дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг болох үйл баримт нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 03/06 дугаар шийдвэр /1 дэх х.х-ийн 232-240 дэх тал/ дэх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарууд болон тус шийдвэрийн “үндэслэх” хэсэгт дурдагдаж буй байдлуудаар нэгэнт тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу тухайн асуудлыг буюу нэхэмжлэгчийн уг тусгай зөвшөөрлийн эзэмшлийн талаар дахин нотлох шаардлагагүй байна.

           4.2  Харин холбогдох эрх бүхий этгээдээс нэхэмжлэгчийн эзэмшлийн дээрх тусгай зөвшөөрлийг түүний хүчин төгөлдөр байх хугацаа дууссан үндэслэлээр  дуусгавар болгон бүртгэснийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 03/06 дугаар шийдвэр /1 дэх х.х-ийн 237-240 дэх тал/-ээр хүчингүй болгож, уг шийдвэрээр тогтоогдсон хүндэтгэн үзэх шалтгаантай байсан хугацаагаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн ...дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг тус холбогдох этгээдэд даалгаж шийдвэрлэснээр болон,

 

           4.3  Шүүхийн дээрх шийдвэрийг үндэслэн Ашигт малтмал, Газрын тосны газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” 197 дугаар шийдвэр /2 дахь х.х-ийн 104 дэх тал/ -ээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцон сунгаж, энэ дагуу уг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд өөрчлөлт оруулахыг холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад даалгаж тус тус шийдвэрлэснээр нэхэмжлэгч “С” ХХК-ийн ...дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эзэмших эрх сэргэсэн байна.

 

            4.4  Гэтэл нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг сэргээсэн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дээрх шүүхийн шийдвэр гарахаас нэг хоногийн өмнө буюу 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч Дорноговь аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 03/01 дүгээр тогтоол болон түүний 1 дүгээр хавсралт /1 дэх х.х-ийн 192, 193 дахь тал/-аар тус сумын “Элст” баг, “...” нэртэй газарт 23723,44 га хэмжээ бүхий талбайг нөөц газрын ангиллаар орон нутгийн тусгай хамгаалалтад авч шийдвэрлэснээр, тус шийдвэр дэх 23723,44 га бүхий газар нутгийн хэмжээнд нэхэмжлэгч “С” ХХК-ийн ...дугаар тусгай зөвшөөрлөөр эзэмшдэг ашигт малтмалын хайгуулын талбай багтан орж, давхацжээ.

 

           4.5 Ийнхүү шийдвэрлэсэн хариуцагчийн дээрх 03/01 дүгээр тогтоол болох захиргааны актын улмаас нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу сэргэсэн эрх буюу ...дугаар тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын хайгуулын талбайд үйл ажиллагаа явуулах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон нь нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд одоо гаргаж буй маргааны үндэслэл болжээ.

 

           5. Нэхэмжлэлийн зүйл болох хариуцагчийн 03/01 дүгээр тогтоол нь холбогдох хууль болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх тухайд:

 

5.1 Хариуцагч Дорноговь аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь маргаан бүхий захиргааны акт болох 03/01 дүгээр тогтоолыг гаргахдаа хэдийгээр хуульд заасан эрх хэмжээ буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль /2006 оны/ дахь “Сум, дүүргийн Хурлын бүрэн эрх”-ийг зохицуулсан 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь зүйлийн “к”-д “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх”, мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль дахь “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх”-ийг зохицуулсан 28 дугаар зүйлийн 3-т “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох” гэж тус тус заасан бүрэн эрхэд үндэслэж, тэдгээрийг баримтлан гаргасан байх боловч, тухайн шийдвэрийг гаргах үйл ажиллагаа нь холбогдох бусад хууль, хуулиар тогтоосон журам, зааварт заасны дагуу хэрэгжээгүй болох нь дараахь байдлуудаар тогтоогдож байна.

 

          5.2  Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль дахь “Газрын кадастр эрхлэх байгууллага, түүний чиг үүрэг”-ийг зохицуулсан 10 дугаар зүйлийн 10.2-т “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ;” гэж зааснаар тухайн төрийн захиргааны байгууллага нь мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.5-д заасны дагуу “газрын кадастрын талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох журам, заавар, аргачлалыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах”-аар,

Мөн Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 (тус заалтад нэмэлт өөрчлөлт оруулсан 2022 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн болон 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн өмнөх хуулиар) –т “Аймаг, нийслэл, сум, дүүрэг энэ хуулийн 16.1.1, ...-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно.” гэж тус тус заасан бөгөөд хуулийн дээрх зохицуулалтуудын хүрээнд Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн газрын даргын 2017 оны А/73 дугаар тушаалаар “Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх заавар”-ыг батлан гаргасан байна.

 

          5.3 Энэ дагуу дээрх зааврын  1 дүгээр зүйлийн 1.1-д “Газрын тухай хуулийн 16.2-т заасны дагуу аймаг, нийслэл, сум, дүүрэг дараах зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахад энэхүү зааврыг ашиглана.”, мөн зааврын 1.1.1-д “орон нутгийн тусгай хамгаалалттай газар:” гэж тус тус заасан байгаагаар тухайн “сум”-ын нутаг дэвсгэр дэх газар нутгаас орон нутгийн тусгай хамгаалалтад авах үйл ажиллагаанд “Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх заавар”-ыг баримтлан, хэрэгжүүлэхээр нарийвчлан зохицуулсан байхын хамт,

 

5.4 Тус зааврын 4 дүгээр зүйлийн 4.1-д “Тухайн шатны Засаг дарга газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах судалгаа хийж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг (цаашид “Ажлын хэсэг” гэх) томилно.” гэж байгаагаар мөн зааврын 4.1.2-т заасан “Сумын түвшинд” томилогдсон ажлын хэсэг нь тус зааврын 4.2-т заасны дагуу хийж хэрэгжүүлэхээр зохицуулсан бэлтгэл үйл ажиллагааны дотор,

 

5.5 Хүчин төгөлдөр ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн болон тухайн газар нь иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын газартай давхцалтай эсэх талаарх судалгаануудыг тус зааврын 4.2.8, 4.2.12-т заасны дагуу хийх, мөн Ашигт малтмал, газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай эсэх лавлагааг тус зааврын 4.2.14-т заасны дагуу гаргуулан  авах үйл ажиллагааг тус тус хэрэгжүүлэхээр зохицуулагдсан байна.

 

5.6  Гэтэл хариуцагч Дорноговь аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэрийг гаргахдаа, тус сумын Засаг даргын зүгээс дээрх зааврын дагуу хийж хэрэгжүүлээгүй буюу тухайн асуудлаар сумын түвшинд ажиллах ажлын хэсгийг томилсон эсэх нь тодорхойгүй, улмаар тус этгээдүүдээс дээр дурдсан зааврын 4.2.8, 4.2.12, 4.2.14 дэх зүйлүүдэд заасан үйл ажиллагааг гүйцэтгээгүй байхад тухайн асуудлыг тус Хурлаар хэлэлцүүлж, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшдэг ашигт малтмалын хайгуулын талбайг орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт хамааруулсан байх бөгөөд,

 

5.7 Энэ нь 03/01 дүгээр тогтоолд хавсаргасан хаанаас, хэрхэн хийгдэж, ямар судалгаанд үндэслэсэн нь тодорхойгүй “Дорноговь аймгийн Х сумын Элст багийн нутаг дэвсгэрт байрших гурван ...н ойр орчмын газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах үндэслэл” гэх баримт /1 дэх х.х-ийн 194-196 дахь тал/, мөн хариуцагчаас шүүх хуралдааны явцад гаргасан “... тухайн шийдвэрийг 03/01 дүгээр тогтоолд хавсаргасан “Дорноговь аймгийн Х сумын Элст багийн нутаг дэвсгэрт байрших гурван ...н ойр орчмын газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах үндэслэл”-ийн дагуу хэлэлцсэн, өөр байдлаар Хурлын зүгээс албан ёсоор тодруулсан зүйл байхгүй.” гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байхын хамт,

 

            5.8  Мөн хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар /1 дэх х.х-ийн 214-216 дахь тал/-таа “...” нэртэй газарт ямар нэг кадастрын давхцалгүй болох нь иргэн Л.Бийн тодруулснаар  холбогдох байгууллагуудаас гаргасан албан бичгүүдээр нотлогдоно” гэж байгаа нь дээрх хуулиудад заасантай болон хуулиар тогтоосон заавар, журамд нийцэхгүй байна.

 

           6. Нөгөө талаар хариуцагч тус Хурал нь 03/01 дүгээр тогтоолыг “Дорноговь аймгийн Х сумын Элст багийн нутаг дэвсгэрт байрших гурван ...н ойр орчмын газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах үндэслэл” гэх баримтыг үндэслэж гаргасан гэж тайлбарладаг, гэтэл тус баримтанд “...С” ХХК-ийн Дорноговь аймгийн Х сумын Элст багийн нутаг дэвсгэрийн 10637,03 га талбайд “...” нэртэй ...дугаартай зөвшөөрөл ...” -тэй холбоотой асуудлууд дурдагдаж байгаагаас үндэслэн хариуцагчийн зүгээс тухайн үед нэхэмжлэгч “С” ХХК-д мэдэгдэж, улмаар түүнийг тус шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцуулах боломжтой байсан байна.

 

           6.1 Үүнээс үзэхэд хариуцагчийг 03/01 дүгээр тогтоолыг гаргах захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явуулаагүй буюу мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь зүйлүүдэд заасан оролцогчийг сонсох болон сонсох ажиллагааг явуулах, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх зүйлд заасан захиргааны актыг мэдэгдэх зэрэг үүргийг биелүүлж, хэрэгжүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байх тул энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан төрийн үйл ажиллагаанд баримтлах үндсэн зарчим буюу мөн хуулийн  4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” болон 4.2.5-д заасан “ ... шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг алдагдуулсан байна.

7. Дээрх нөхцөл байдлуудаас үндэслэн дүгнэвэл хариуцагч Дорноговь аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 03/01 дүгээр тогтоолыг хэлэлцэн баталж, гаргахдаа холбогдох хууль болон хуулиар тогтоосон журмыг зөрчсөн нь тогтоогдож байх бөгөөд, уг хууль бус захиргааны акт гарснаар нэхэмжлэгч “С” ХХК нь тус сумын нутаг дэвсгэр дэх ...дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй үр дагаварт хүргэж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

            8. Иймд маргаан бүхий захиргааны акт болох хариуцагч тус Хурлын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 03/01 дүгээр тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг буюу тус тогтоолын  хавсралт дахь орон нутгийн тусгай хамгаалалтад авч шийдвэрлэсэн газар нутгийн байршил, хэмжээнээс “С” ХХК-ийн эзэмшдэг ...дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

9. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бөөс нэхэмжлэгч “С” ХХК-ийг тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй атлаа хуурамч тайлан бичиж хүргүүлдэг, нэхэмжлэгчийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсноор цуцлагдах нөхцөл бүрдсэн гэх агуулга бүхий үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй талаар гаргаж буй “Лавлагаа”, “Мэдээлэл”, “Мэдэгдэл” гэсэн нэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд ирүүлсэн тайлбарууд болон холбогдох баримтууд, мөн тус этгээдээс уг үндэслэлүүдээр шүүх хуралдаанд гаргаж буй тайлбар зэрэг нь нэхэмжлэгчийн маргаж буй тухайн маргааны үндэслэлд хамааралгүй байх тул тэдгээр тайлбар, баримтуудыг шүүх хүлээн авах боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь зүйлд заасныг удирдлага болгон

 

          ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь зүйлийн “к”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 (тус заалтад нэмэлт өөрчлөлт оруулсан 2022 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн болон 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн өмнөх хуулиар), Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 43 дугаар зүйлийн 43.1 дэх зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дорноговь аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 03/01 дүгээр тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг буюу тус тогтоолын хавсралт дахь орон нутгийн тусгай хамгаалалтад авч шийдвэрлэсэн газар нутгийн байршил, хэмжээнээс “С” ХХК-ийн эзэмшдэг ...дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд давхцсан хэсгийг хүчингүй болгосугай.

.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба гомдлыг мөн хуулийн 114.2 дахь зүйлд зааснаар шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг тайлбарласугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Б.ЦЭНД