Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 117

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Л.Соёмбо

шүүгдэгч Э.Амгаланбат, түүний өмгөөлөгч С.Нэргүй нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Их Өөлд овогт Энхжаргалын Амгаланбатад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 201626022927 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Монгол улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Дурсамж Ретро баарны хамаалалтын албаны дарга ажилтай, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22-524 тоотод оршин суух хаягтай, Их Өөлд овогт Энхжаргалын Амгаланбат. /РД:ХД85071511/

Ял шийтгэл:

2000 оны 01 дүгээр сарын 03-ний өдр Чингэлтэй дүүргийн шүүхийн таслын шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жил хойшлуулсан,

2004 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 302 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, мөн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хорих ял,

2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял,

2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дунд шүүхийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ял тус тус шийтгүүлж Баянзүрх, Сүхбаатр, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2015 оны 11-н сарын 06-ны өдрийн 93-ө дугаартай захирамжаар “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдан суллагдсан

 

Шүүгдэгч Э.Амгаланбат нь урьд бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулан гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 28-ны орой 23 цагийн орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дурсамж Ретро нэртэй шөнийн цэнгээний газар ажиллаж байсан Хар Бамбай харуул хамгаалалтын албаны хамгаалагч Н.Тамиртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж улмаар бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Э.Амгаланбатаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 10 дугаар сарын 28-нд амралтын өдөр байсан тул амраад байж байсан. Тэгээд ажил дээрээ яваад очтол Энхбаяр нартай эд хөрөнгийн маргаантай хуулийн байгууллага шийдтэл баарыг хаана гэсэн. Тэгээд 3-4 залуучууд байсан. Энэ баарыг хаана гэхэд Тамир гээд залуу нь бааранд үлдсэн байсан. Тэр гарахгүй гээд маргаад байхаар нь би “чи гараа” гээд түлхсэн. Тэгэхэд миний өөдөөс түлхэхээр нь би зөрүүлээд цохисон. Тэгтэл нөгөө залуу миний шүд уначихлаа гэж хэлсэн. Нэг мэдэхэд алга болсон байсан. Тэгээд гаднаас цагдаа нар ирээд таныг Баянгол дүүрэг дээр шалгах хэрэгтэй байна гээд аваад явсан” гэв.

 

            Шүүгдэгч Э.Амгаланбат нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны орой 23 цагийн орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дурсамж Ретро нэртэй шөнийн цэнгээний газар ажиллаж байсан Хар Бамбай харуул хамгаалалтын албаны хамгаалагч Н.Тамиртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж улмаар түүнийг нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

            Хохирогч Н.Тамирын “Би Хар бамбай хамгаалалтын газар 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр орсон .Тэгтэл тухайн өдөр хамгаалагч Кириш Батттогтох нарын хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Дурсамж Ретро бааранд Энхбаяр гэх хүний хүсэлтээр хамгаалагч хийхээр болсон.

2016 оны 10 дугаар сарын 28-ны орой 22 цагийн орчим би Криш Баттогтох нарын хамт ажлынхаа байран дээр байсан. Тухайн өдөр Шүр, Энхбаяр нар баарны үйл ажиллагааны талаар маргаж Энхбаяр цагдаад хандана гээд явсан. Харин бааранд Шүр, Оюунчимэг, Энхбаярын эхнэр Энхбаяр, Шүрийн талаас хамгаалагч болох нэг залуу байсан. Шүр, Оюунчимэг нар нь баарыг хаана мөн хаалганы цоожны гол солилно гэж хэлэхээл нь 2 хамгаалагчдаа хүнтэй маргаан зодоон хийж болохгүй би захирал Энхбаяртай утсаар холбогдоно гэж хэлэн эрэгтэй захирал Энхбаярын гар утас руу залган энэ хүмүүс цоожны гол солино гээд байна гэж хэлсэн чинь та нар цоожны гол солиулж болохгүй эндээс цагдаа аваад очно хамгаалалт сайн хийгээрэй гэж хэлсэн. Гаднаас Шүрийн нөхөр гэх Амгаланбат согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн орж ирсэн. Энэ үед би текний хажуу талын сандал дээр сууж байсан. Амгаланбат баарны үүдэнд байрлах буйдан дээр суусан. Гэтэл Шүрийн хамгаалагч залуу цоожны голыг солих гээд мөн баар хаана та нар гар гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа иртэл цоожны голыг солихгүй гээд зогсож байтал Амгаланбат чи гар л даа бид нар цоожны гол сольчихоод баараа хаамаар байна гэж хэлэхээр нь би ажлаа хийж байна цоожны гол сольж болохгүй гэж хэлсэн чинь Амгаланбат миний уруул хэсэг рүү гараараа нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би баарнаас гаран Энхбаяр луу залгаж Амгаланбат гэх залуу намайг зодчихлоо гэхэд тэгвэл цагдаа дээр ирж өргөдлөө өг гэж хэлсэн. Би цагдаагийн 1-р хэлтэс дээр очиж өргөдлөө бичээд сууж байтал Шүрээ Оюунчимэг нар ирэн битгий өргөдөл өгөөч гэж гуйсан. Тухайн үед доод уруулын дотор тал язарсан, доод 4 шүд хөдөлсөн, цус гарсан. Мөн дээд хиймэл шүд алга болсон байсан. Бодвол хугараад унасан байх. 

Амгаланбат намайг цоожний гол солиулахгүй мөн баарнаас гарахгүй байна гэж хэлэн нэг удаа нүүрэн тус газар цохьсо”, /хэргийн 29-30 дугаар хуудас/

“Эмчилгээний зардал болох 200.000 төгрөг төлөөд өгвөл гомдол санал нэхэмжлэх зүйл алга”,

“Би Амгаланбаттай сайн дурын үндсэн дээр эвлэрч хохирлын мөнгө болох 200.000 төгрөгийг хүлээн авсан тул цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болно”  гэсэн мэдүүлэг. /хэргийн 31 дүгээр хуудас/

 

            Гэрч Д.Тэгшбаярын “2016 оны 10 дугаар сарын 28-ны орой цагийг нь сайн санахгүй байна. Би ажил дээр захирал Шүр, Оюунчимэг нар байсан. Энхбаяр нь Шүр, Оюунчимэг нар луу та нар манай баарнаас гар гэж хэлэн хоорондоо хэрэлдээд байсан. Хэрүүлээс болон цагдаа дуудсан ба цагдаа нар нь Энхбаяр, Шүр нарыг аваад явсан ба цагдаа нар баараа ажиллуулж болохгүй гэсэн үүрэг өгсөн. Гаднаас Шүрийн хамтран амьдрагч Амгаланбат согтуу орж ирсэн. Энхбаярын эхнэр баараа ажилуулна гэж хэлээд гаднаас үйлчлүүлэгч нарыг оруулсан. Гэтэл Шүр гаднаас орж ирээд хүн оруулж болохгүй, баар миний нэр дээр байгаа Энхбаяр баарны нэг түлхүүрийг өгөхгүй байгаа учир цоожны голыг соль гэж хэлэхээр нь цоожны голыг солих гэтэл Энхбаярын хамгаалалтын албаны дарга Тамир солиулахгүй цагдаагаас бичиг авчир гэсэн. Цагдаагаас баараа хаа гэсэн тул баараа хаая гэхэд бүгд гарч байсан ба Тамир би гарахгүй гээд баарны үүд хэсэгт зогсож байсан чинь Амгаланбат чи гар гээд нэг удаа цохих шиг болсон тэгтэл Тамир гүйгээд гарсан” /хэргийн 33 дугаар хуудас/

 

            Гэрч Н.Оюунчимэгийн “... Тэгээд Тэгшбаяр цоожны гол сольж дуусаад баараа түгжээд гарах гэсэн чинь Тамир нь баарнаас ямар шалтгаанаар болохыг мэдэхгүй байна гарахгүй байсан. Тэгтэл үүдний буйдан дээр сууж байсан Амгаланбат босож ирээд чи гар манайх хаах гээд байна гээд байна цагдаагийнхан хаа гэсэн үүрэг өгсөн гэж хэлэн нүүрэн тус газар луу нь гар гэж хэлэн нэг удаа цохьсон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 36 дугаар хуудас/

           

            Гэрч Ж.Энхбаярын “… Дахин Тамир залгаж Шүрээ гэх эмэгтэй нөхөр Амгаланбат намайг зодчихлоо гэхээр нь би өөр юу болсон талаах асуухад Тамир би цагдаа дээр очиж өргөдөл гаргана шүд хугарчихлаа гэж хэлсэн. 10 минутын дараа Тамир цагдаагийн хэлтсийн хүлээлгийн зааланд орж ирэхээр нхь би Тамирын нүүрийг харахад уруул нь хавдсан байсан бөгөөд надад уруулынхаа дотор талыг харуулсан чинь уруулын дотор тал нь язарсан байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 43 дугаар хуудас/

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14900 дугаартай:

1. Н.Тамирын биед тархи доргилт, уруулд няцарсан шарх, доод үүдэн 4 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэн шинэ гэмтлүүд байна.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 50 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92 дугаар зүйлд заасан “Нотлох баримтыг цуглуулах”, 93 дугаар зүйлд заасан “Нотлох баримтыг бэхжүүлэх” зэрэг хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан тул хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

           

Шүүгдэгч Э.Амгаланбат нь урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэхь хэсэгт зааснаар2 сар баривчлах ял шийтгүүлж байжээ.

Уг тогтоолд Э.Амгаланбатын урьд 2012 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь  хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 2 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 4 сар 10 хоног хорих ял шийтгүүлжээ.

 

Дээрх ялаас 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 93-ө дугаартай шүүгчийн захирамжаар Э.Амгаланбатын эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 1 хоногийн хорих ялыг Анхны ардчилан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэхь хэсэгт зааснаар өршөөн хэлтэрүүлсэн байна.

 

Энэ үеэс Э.Амгаланбатын ялгүй болох хугацаа аль хүнд ялтай хэрэгтээ ялгүй болох хугацаа дуустал аль  алинд нь ялтайд тооцогдох тул урьд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэхь хэсэгт заасан хэрэгтээ мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хэрэгтээ ялгүй болох хүртэл хугацаа дуустал ялтайд тооцогдож байна.  

 

Иймд Э.Амгаланбатыг урьд бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгтээ ялтайд тооцох хугацаа дуусаагүй байхдаа 2016 оны 10 дугаар сарын 28-ны орой 23 цагийн орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дурсамж Ретро нэртэй шөнийн цэнгээний газар ажиллаж байсан Хар Бамбай харуул хамгаалалтын албаны хамгаалагч Н.Тамиртай “баар хаах гэж байна гар” гэсэн шаардлага тавьж улмаар түүний нүүрэн тус газар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай гэмт хэрэг үйлдсэн тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Н.Тамирын “Би Амгаланбаттай сайн дурын үндсэн дээр эвлэрч хохирлын мөнгө болох 200.000 төгрөгийг хүлээн авсан тул цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болно”  гэсэн мэдүүлгийг /хэргийн 31 дүгээр хуудас/ үндэслэн шүүгдэгч Э.Амгаланбатаас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол тооцож гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Э.Амгаланбат нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг байдлыг харгалзан түүнд ял хөнгөрүүлэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд заасан хөнгөн ял болох албадан ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Их Өөлд овогт Энхжаргалын Амгаланбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Амгаланбатыг 251 /хоёр зуун тавин нэг/ цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар Э.Амгаланбат нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл түүний эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1 дэх хэсэгт зааснаар Э.Амгаланбат нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Амгаланбатад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Амгаланбатад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.АЛТАНХУЯГ